Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 1050

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Б.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00726 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Оын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Нт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 43.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Ч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Отгонбаяр нь 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Б.Нтой тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж тухайн үед 35 000 ам.доллараар оруулж ирсэн Pt-cruiser маркийн суудлын автомашиныг 25 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Үнэн хэрэгтээ уг автомашин нь Д.Наранцацрал минийх байсан боловч намайг Монголд байхгүй үеэр манай дүү найздаа зарчих уу гэхэд нь Монголд 2 жил очихгүй юм чинь гараашид байлгаж байхаар зар гэсэн. Ингээд нотариатаар орохдоо татвараас болоод 10 000 000 төгрөгөөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж, мөн 25 000 000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр хэлцэл хийсэн. Үүнээс хойш Б.Н нь янз бүрийн шалтаг хэлж мөнгө өгөөгүй. 2015 онд мөнгөө нэхэхэд Б.Н “гэрээг сунгаад 30 000 000 төгрөг өгье” гэж гуйсан учир 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 30 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 15-ны дотор буцаан төлөхөөр тохиролцсон. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөлгүй байсаар 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Гэрээний үүргээ одоог хүртэл гүйцэтгээгүй учраас 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцоход 14 500 000 төгрөг болсон.  Иймд 30 000 000 төгрөгөөс 1 000 000 төгрөг авсаныг хасч 29 000 000 төгрөг, алданги 14 500 000 төгрөг, нийт 43 500 000 төгрөгийг Б.Ноос гаргуулж өгнө үү. Хариуцагчтай 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хийсэн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг зээлийн гэрээгээр сольсон гэж үзэж зээлийн гэрээний үүргийг шаардаж байна гэжээ.

 

   Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Б.Отай тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулан 2698 УНЧ улсын дугаартай Pt-cruiser маркийн суудлын автомашиныг 25 000 000 төгрөгөөр үнийг тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон. Энэ хугацаанд ар гэрт асуудал гарсаны улмаас төлбөрийг төлж чадаагүй нь үнэн. Мөн автомашиныг худалдаад үнийг нь төлөх гэсэн боловч зарж чадаагүй. Гэтэл Б.О чи мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй тул ахин гэрээ хийнэ гэж 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 30 000 000 төгрөг зээлсэн болгож гэрээ хийсэн боловч цаашид алдангитай гэдгийг ойлгоогүй. Зээл 30 000 000 төгрөгийг аваагүй учир Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Автомашины үнээс төлсөн 1 000 000 төгрөгийг хасч, үлдэх 24 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Ноос 36.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ноос 340.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.От олгож, хариуцагч Б.Н шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхээс Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасныг үндэслэж тайлбарласан нь илт алдаатай байх ба нэхэмжлэгч Б.О надтай автомашин худалдаж авсан төлбөрийн хугацаа дууссан тул баталгаажуулж нотариатаар оръё гэхэд нь, найзууд учраас итгээд мөнгө төлөх хугацаагаа сунгаж байна гэж ойлгосон. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Үүрэг шилжүүлэх тухай тусгаагүй. Үүрэг солих тухай тохиролцоо болоогүй нь нэхэмжлэгч талын анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харагдах ба нэхэмжлэгч Б.Н надад 30 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн мэт бичсэн. Автомашин худалдан авсан тухай огт дурдаагүй. Б.Отай байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

      Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

      Нэхэмжлэгч Б.О нь “худалдах-худалдан авах гэрээний үүргийг сольж зээлийн гэрээ байгуулсан” гэх үндэслэлээр хариуцагч Б.Ноос зээлийн гэрээний үүрэгт 43 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

      Талууд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Б.О нь зээлдэгч Б.Нт 30 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож төлөхөөр тохиролцсон байна. /хх-3 дахь тал/

      Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2013 онд 2698 УНЧ улсын дугаартай, Пт-Крайсер /Pt-Cruiser/ маркийн автомашиныг 25 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, улмаар автомашиныг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч, автомашины үнэд 1 000 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 19-21 дүгээр хуудсанд авагдсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, төлбөр барагдуулах хэлцэл, депозит дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

      Тэрээр хариуцагч Б.Н дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас талууд харилцан тохиролцоод 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 30 сая төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулснаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн үүргийн харилцаа үүсч, өмнөх худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон байна. /хх-3 дахь тал/ Анхан шатны шүүх маргаж буй эрх зүйн харилцааг зөв тодорхойлон Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн нь оновчтой болжээ.

      Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаангүй, харин зээлийн гэрээний алданги тооцох заалтыг ойлгоогүй, мөнгө шилжүүлэн аваагүй учир зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй гэж хариуцагч Б.Н маргадаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсгийн зохицуулалтад хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэж тодорхойлсон ба мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн талд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс ногдуулах анзын хэмжээг тогтоожээ. Талууд гэрээний 3 дахь заалтаар зээлдэгч үүргээ биелүүлэхгүй тохиолдолд хариуцлага ногдуулж алданги тооцохоор тохиролцсон нь хуулийн дээрх заалт,  мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасанд нийцсэн. Өөрөөр хэлбэл Б.О, Б.Н нар өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр хуульд нийцүүлэн гэрээний агуулгыг тодорхойлон зээлийн гэрээ байгуулсан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдаж авсан автомашиныг өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшилдээ авч ашиглаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч, маргаагүй учир Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй.

      Харин талууд худалдах-худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихдоо үүргийн хэмжээг нэмэгдүүлсэн нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Н нь автомашины үнэд 25 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээснээс 30 000 000 төгрөгийг төлөх үүрэггүй байжээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, хариуцагчийн үүргийг 25 000 000 төгрөг гэж тодорхойлон гүйцэтгээгүй үүргээс алданги тооцож төлбөрийн нийт дүнгээс 2017 онд нэхэмжлэгчид төлсөн 1 000 000 төгрөгийг хасч хариуцагчаас 36 500 0000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

      Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийд вэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

      1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00726 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                  ШҮҮГЧИД                                                 Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД