Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 318

 

Л.Байгалмаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зоригт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Орхон, Л.Пүрэвням, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жанчив нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 486 дугаар магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор Л.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 293 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1, 19.3, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан Л.Байгалмаагийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 28/6 хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203014770, Ү-2203014771, Ү-2203014772, Ү-2203014773, Ү-2203019776, Ү-2203014777, Ү-2203014778, Ү-2203014779, Ү-2203014781, Ү-2203010534, Ү-2203010541, Ү-2203010774, Ү-2203010775, Ү-2203010780 дугаарт бүртгэлтэй барилгын өмчлөгчийн маргаан дуусаагүй байхад "Моннис пропортиес" ХХК-иас Б.Адъяасүрэнд, Б.Адъяасүрэнгээс "Бишрэлт пропертиз" ХХК-д тус тус өмчлөх эрх шилжсэнийг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үйлдлийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 486 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 293 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, өмгөөлөгч Г.Орхон нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Л.Байгалмаа нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн үзэж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байдаг. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар өөрийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулж анхан шатны шүүх хурлыг нийт 14 удаа хойшлуулсан. 

Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа саад учруулж байсан болох нь шүүх хуралдаан хойшлуулсан шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн тогтоол зэргээс тодорхой харагдаж байгаа болно.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэж байж хэргийг шийдвэрлэх ёстой.

Гэтэл давж заалдах шатны шүүх "анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хурлын товыг хэзээ мэдэгдсэн нь тодорхойгүй мөн уг баримтын болон шүүх хуралдаан болох өдрийн огноо засвартай байхаас гадна уг шүүх хуралдааныг хэрхэн товлосонтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй зэргээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд байлцуулахгүй хэргийг шийдвэрлэж "мэтгэлцэх зарчим"-ыг хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна..." хэмээн дүгнэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 30 дугаар зүйлийн 30.1. 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2016 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3-д заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь анхан шатны шүүх хэргийн оролцогчдод шүүх хурлыг товыг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдсэн болох нь /хх 173/ авагдсан шүүх хурлын тов мэдэгдсэн баримт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон төлөөлөгч нарын шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлт зэргээс тодорхой харагдаж байгаа мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны 49 дүгээр зүйлийн 49.3-д "Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ" гэж заасны дагуу хэргийн оролцогч шүүх хурлын товыг лавлах үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зоригт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагт хуралдахаар товлогдсон шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хурлыг хойшлуулах гэж байгаа нь тодорхойгүй хүсэлтэд хавсаргасан нисэх онгоцны тасалбар нь хуулбар, гадаад хэл дээр хэвлэгдсэн зэрэг нь хуулиар тогтоосон нотлох баримтын шаардлага хангахгүй байсан учир шүүх тухайн баримтыг үнэлэх ямар ч боломжгүй байсан.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригт 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагт хуралдахаар товлогдсон шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн бөгөөд хамгийн гол нь ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Эрдэнэт хот руу явахаар болсон нь тодорхойгүй ба түүнтэй холбоотой ямар нэг баримт шүүхэд ирүүлээгүй. Мөн тухайн хүсэлтэд хавсаргасан Улаанбаатар төмөр замын зорчих эрхийн тасалбар нь Отгонханд гэх иргэний нэр дээр байгаа зэрэг нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч үнэхээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байхад давж заалдах шатны шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байна хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгч нарын анхан шатны шүүхэд ирүүлсэн хурал хойшлуулах хүсэлтэд хавсаргасан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Түүнчлэн давж заалдах шатны анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтад "Моннис пропортиес" ХХК болон иргэн Б.Адъяасүрэн нарын хооронд байгуулсан Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч бэлэг хүлээн авагчид шилжүүлсэн 14 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаар тодорхой байгаа тус гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгөө Б.Адъяасүрэн "Бишрэлт пропертиз" ХХК-д худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн болох хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа болно. Давж заалдах шатны шүүх ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдөхөд тухайн үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаар өөрчлөгддөггүй болохыг анхаарч үзэлгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан техникийн шинжтэй алдаанд ач холбогдол өгч үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаар өөр байгааг нэхэмжлэгчээс тодруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийж байгаа үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас ирсэн гэрчилгээнүүдийн хуулбартай танилцсан бөгөөд энэ талаар ямар нэг маргаан, тайлбар гаргаагүй гэдгийг анхаарч үзсэнгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.Байгалмаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан улсын бүртгэлийн дугаар бүхий 14 ширхэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж бүртгэсэн үйлдэл илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудал маргаантай хэвээр байхад өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хууль бус” хэмээн тодорхойлжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр бусдад шилжиж байгаа бол уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх ба маргаан бүхий бүртгэлийг үйлдэх үед захиргааны байгууллагаас бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй байсан талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн байна.

Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаар тогтоол, мөн иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 552 дугаар тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэж, нэхэмжлэгч Л.Байгалмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчээс Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгчид хандаж, нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх гомдол гаргасанд, 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 6-3011 дугаар албан бичгээр шийдвэрлэж, гомдлыг хангахгүй орхисон байна. Өөрөөр хэлбэл, өмчлөлийн маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн “өмчлөлийн маргааныг бүрэн шийдэж дуусаагүй” тухай тайлбар үндэслэлгүй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/24745 дугаар албан бичгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээх тухай Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “энэхүү албан бичиг үйлдэгдэхээс өмнө 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг “Моннис Пропертиес” ХХК-иас Б.Адъяасүрэнд бэлэглэх гэрээ байгуулсан нь хууль бус” гэж маргажээ.

Гэвч “Моннис Пропертиес” ХХК болон Б.Адъяасүрэн нарын хооронд байгуулсан гэрээний асуудал нь захиргааны байгууллагын шийдвэрт хамааралгүй, захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг захиран зарцуулах эрхийг сэргээж, холбогдох бүртгэлийг үйлдсэн байх тул дээрх тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн “анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ холбогдох баримтын хамт өгсөн байхад хүсэлтийг аваагүй” гэх тухайд:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах эрхтэй болохоос ямар шалтгаантай нь тодорхойгүйгээр, нэгэнт товлосон шүүх хуралдаанд оролцолгүй, өөр орон нутаг явсан байдал, тухайлбал нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “ойн арга хэмжээнд оролцохоор явсан” тухай тайлбарыг “хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй” гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл уг хэргийг хянан шийдвэрлэж болохоор зохицуулжээ.

Иймээс шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд, нотлох баримтыг захиргааны шүүх өөрөө цуглуулах чиг үүргийн дагуу, өмнө нь шүүх хуралдаан нэхэмжлэгч талын хүсэлтээр 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нийт 14 удаа хойшилж байсан нөхцөл байдлыг харгалзан, нэхэмжлэгч талыг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байгаа нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчөөгүй байна. 

Шүүх хуралдааныг хойшлуулах эрх нь хэргийн оролцогчийн хязгааргүй эрх биш бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд шүүх хуралдаанд оролцох, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх нь ялангуяа тухайн хэргийг мэдүүлсэн нэхэмжлэгчийн хувьд зүй ёсны асуудал болно.

“Мэтгэлцэх зарчим” нь хэргийн оролцогчдод маргааны үйл баримтыг нотлох болон үгүйсгэх, шүүх хуралд оролцох, тайлбар өгөх, нотлох баримт гаргах тэгш эрхийг олгодог болохоос шүүх хуралдаанд заавал байлцуулах тухай хуулийн ойлголт биш юм. 

Үүний зэрэгцээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч Хонконг улс, Эрдэнэт хот руу явах тасалбарыг хавсаргаж, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасныг шүүхээс мөн өдрийн 16 цаг 45 минутад хүлээн авчээ.

Шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад нэхэмжлэгчид хэдний өдрийн, хэдэн цагт хурлын тов мэдэгдсэн тухай огноог тодорхой бичээгүй байгаа нь буруу боловч зөвхөн энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс тухайн цаг хугацаанд анхан шатны шүүхэд “хуралдааны товыг хангалттай хугацааны өмнө мэдэгдээгүй” гэж маргаагүй, зөвхөн хурал хойшлуулах хүсэлт гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс анхаараагүй буруутай байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “2016 оны 4 дүгээр сарын 19-нд хурлын товыг мэдэгдсэн” тухай тайлбарласан ба энэ хугацаанаас хойш анхан шатны шүүхэд өөрт нь “хуралдааныг боломжит хугацаанд товлоогүй” тухай тайлбар гаргах эрх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид байсан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй, энэ хүрээнд өөрийн ажлыг төлөвлөх, үнэхээр хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон бол түүнийгээ нотлох  бүрэн боломжтой байсан.  

Давж заалдах шатны шүүхээс “шүүх хуралдааныг хэрхэн товлосонтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхээс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүх хуралдаан товлон зарлах тухай захирамж гаргасан байгааг анхаараагүй байна.

Түүнчлэн “нэхэмжлэлд дурдагдаж буй захиргааны актууд хэрэгт авагдсан захиргааны актаас зөрүүтэй” хэмээн хэргийн оролцогчийн маргаагүй, маргааны үйл баримтад шууд нөлөөлөхгүй, ач холбогдолгүй асуудлаар, чухам ямар байдлаар зөрсөн тухай тодорхой үндэслэл бичилгүйгээр хэргийг буцаахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Дээрх үндэслэлүүдээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 486 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар 50.3-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ