Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ф”  ХХК-ийн нэхэмжлэлээр,

 Хариуцагч: ЗД-д холбогдуулан үүсгэсэн

Нэхэмжлэлийн шаардлага: ЗД-ын  2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/406 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ф”  ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “Ф”  ХХК нь 2012 онд З сумын нутагт Хөнгөн үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр шалгаран, ЗД-ын  2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр шийдвэрээр нэгж талбарын 1950847802792 тоот бүхий 3,000,000 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар 1 дүгээр баг Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэх талбайн зүүн талд Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах гэрчилгээ авч, гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.

Манай компанийн хэрэгжүүлж буй Хөнгөн үйлдвэрлэлийн төсөл нь Улсын Их Хурлын 2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор “Зийн чөлөөт бүс байгуулах тухай төсөл”, Засгийн газрын 2012 оны 2016 дугаар тогтоолоор “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төсөл”, Засгийн газрын  2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Азийн хөгжлийн банктай байгуулсан санхүүжилтийн гэрээний дагуу хэрэгжүүлэхээр баталсан “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл” болон эдгээрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдтэй шууд уялдаатай хэрэгжих төсөл билээ.

Бид хөнгөн үйлдвэрлэлийн хүрээнд сүү цагаан идээ боловсруулах, оёдол, оёмол бүтээгдэхүүн, чацаргана боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн холбогдох баримт бичгээ бүрдүүлэн ажиллаж байсан. Тухайн үед “Ф”  ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах №А/201203 дугаартай гэрээг байгуулан газрын төлбөрт Төрийн сан дахь 060000900943 тоот дансанд 648000000 төгрөг тушааж газраа зориулалтын дагуу ашиглаж байсан. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу газрын төлбөр улирал бүр 4,050,000 төгрөг, жилд нийт 16200000 төгрөг байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. “Ф”  ХХК нь 2012 оны 11 дүгээр сараас газрын төлбөрт нийт 58,200,000 гаруй төгрөг төлсөн.

Манай компани нь тус газар ашиглах эрхийг авснаас хойш “Геокад” ХХК-иар геодези зураг зүйн зураг, “Экотон” ХХК-иар 2012 оны 08 дугаар сард байгаль орчны төлөв байдлын ерөнхий үнэлгээг тус тус хийлгүүлэн үйл ажиллагаагаа явуулж байсан.

 Мөн манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан нэг шалтгаан нь 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн улс төрийн үйл явдалтай холбоотой гэж үзэж байна. Учир нь тухайн үед газрын наймаа хийсэн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт үндэслэлгүй худал мэдээллийг тарааснаас шалтгаалан манай компанийн хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон билээ. Бид компанийн газар ашиглах эрхийг ямар үндэслэлээр цуцалсан талаар болон цуцалсан захирамжийг бичгээр гаргаж өгөөч хэмээн газрын алба, Засаг даргад хандсан боловч хугацаа авч хойшлуулсаар өнөөдрийг хүртэл захирамж гаргаж өгөөгүй байна.

Түүнчлэн Дорноговь аймгийн Засаг даргаас манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн Гуравдугаар бүлэгт заасан Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг огт баримтлаагүй гэж үзэж байна.

Учир нь манай компанид газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж байгаа талаар огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй. Мөн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонтой холбоотой бичиг баримттай танилцуулалгүйгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байна. Газрын албанаас амаар хариу, тайлбар өгөөд тодорхой захиргааны ажиллагаа хийгдэхгүй байсан тул манай компани 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргад хандан гомдол гаргасан.

Дорноговь аймгийн Засаг даргаас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1970 тоот албан бичгээр “Холбогдох баримтыг шалгаж үзэхэд танай компанид ЗД-ын 2012 оны А/571 дүгээр шийдвэрээр З сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтын журмаар 300 га газар ашиглуулсан боловч газар ашиглах гэрээний нөхцөл болзолыг удаа дараа зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, тухайн газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасны дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна” гэсэн хариуг ирүүлсэн.

Иймд “Ф”  ХХК-д З сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/571 дүгээр шийдвэрээр олгосон нэгж талбарын 1950847802792 дугаар бүхий 3,000,000 м2 газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ЗД-ын  2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/406 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанийн зүгээс хэрэгжүүлэх төсөл нь З суманд чөлөөт бүс байгуулах, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх ложистик төв байгуулах төсөлтэй зайлшгүй уялдаа холбоотой хэрэгжихээр байсан бөгөөд учир нь тус компанийн хувьд шууд дэд бүтэц,  зам, цахилгаан татах боломж байгаагүй, иймд тус ложистик төв байгуулагдсанаар авто гүүр баригдахаар төлөвлөгдсөн байсныг түшиглэн тус компанийн хувьд тээвэрлэлтийн асуудлаа шийдвэрлэх боломжтой гэж үзэж төслөө хэрэгжүүлэхээр анх сонгон шалгаруулалтанд орсон. Иймээс эдний төсөл хэрэгжсэнээр манай компанийн ажил явагдах боломж бүрдэх байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тухайн төслөөр хийгдэх үйл ажиллагаа нь бүрэн хийгдээгүй, тус төвийн авто гүүр нь зөвхөн  энэ жил л ашиглалтанд орж байна. Манай компанийн зүгээс 51%, 49%-ийн хувийн хөрөнгө оруулалттайгаар 2014 оны 03 дугаар улирлаас  үйлдвэр байгуулах төслүүд хэрэгжиж эхлэхээр болж байсан.

Ийнхүү харилцан уялдаатай явагдах байсан хоёр том төслийн нэг нь дээрх байдлаар хэрэгжихгүй удааширсан байдал болон 2016 оны Улсын Их Хурал, Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотойгоор үүссэн улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор буюу тус компанийг тухайн үеийн аймгийн удирдлагатай шууд холбон газрын наймаа хийсэн мэтээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүйгээр гүтгэн, худал мэдээ, мэдээлэл тарааснаас хамтран ажиллахаар төлөвлөсөн хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, хөрөнгө оруулалтаа зогсоосон зэрэг байдлуудаас төслийн үйл ажиллагаа цааш явагдахгүйд хүрсэн нөхцөл байдлыг бий болгосон.

Манай компани нь тухайн үед уг газар дээрээ талбайн байр зүйн геодезийн тоон зураглалыг хийлгэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах, зарим үйлдвэрийг байгуулахаар холбогдох этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулах зэргээр тодорхой ажиллагаануудыг хийж гүйцэтгээд явж байсан гэтэл эдгээр байдлыг харгалзан үзэлгүйгээр татвар төлөгч компаниа дэмжилгүйгээр төр засаг ийм шийдвэр гаргачихсан явж байна. Уг газарт бид тэрбум шахам төгрөгийг төлсөн, гэтэл орон нутгийн захиргааны байгууллагаас тус компанитай зөвхөн газрын төлбөр төлүүлэх асуудлаар л холбогдож байснаас газар эзэмших эрхийг цуцаллаа шүү гэж мэдэгдэж байгаагүй энэ талаар  Б.М захиралтай утсаар ярьж мэдэгдэж байсан гэдэг боловч хэргийн материалтай танилцаж байхад  утсаар ярьсан тухайг тэмдэглэж, баримтжуулсан баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Хариуцагч нь  Газрын тухай хуулийг барьж А/406 дугаар захирамжийг гаргасан, гэтэл Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж мөрдөгдсөн учраас хамааралгүй зүйлийг ярьж байна. Бид ойлгохдоо Газрын тухай хуулиар гэрээгээ зохицуулаад, харин Захиргааны ерөнхий хуулиар захиргааны акт гаргахтай холбоотой асуудал зохицуулагдана гэж ойлгоод байгаа.

Захирамжинд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг  үндэслэл болгож гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж байна. Үүнийг яаж тогтоосон юм бэ, орон нутгийн төрийн байгууллагаас ажлын хэсэг очоод  ноцтой зөрчил гэж  тогтоосон асуудал байгаа юм уу, гэтэл энэ нь ойлгомжгүй байна. Мөн удаа дараа зөрчсөн гэдгийг юу гэж ойлгохоор байгаа нь тодорхойгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг бид ойлгохдоо газрыг бусдад ашиглуулах, барьцаалуулсан зэрэг байдлаар зөрчсөн байхыг ойлгож байгаа, гэтэл манай талаас газар ашиглах эрхээ хэн нэгэнд барьцаалаагүй, ашиглуулаагүй, өөр бусад ямар нэгэн байдлаар  зөрчил гаргаагүй.

Хариуцагч мөн  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр гэрчилгээг цуцалсан. Энэ талаар хариуцагчаас газрын төлбөрийн асуудлыг мэдэгдэж байсан гэх асуудлыг ярьж байна. Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2015 он, 2016 оны 03, 06 дугаар саруудад газрын төлбөрөө төл гэсэн мэдэгдлүүдийг ирүүлж байсан.

Газрын төлбөр төлөх эрх зүйн үндэс нь өөрөө эрх олгосон захирамж болон түүнийг үндэслэн хийгдсэн газар эзэмших, ашиглах гэрээний хүрээнд тухайн газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж нь газрын төлбөр төлөх үүрэг хүлээсэн байдаг. Энэ дагуу “Ф”  ХХК нь З сумын 1 дүгээр баг дахь 300 га газрыг ашиглаж эхэлснээс хойш 2012.11.05-ны өдөр анх байгуулагдсан А/201203 дугаар газар ашиглуулах гэрээг дүгнэсэн, шинэчилсэн зүйл байхгүй байгаагаар тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт заасны дагуу нэг жилийн 16,200,000 төгрөг, улиралд 4,050,000 төгрөгөөр тогтоосон газрын төлбөрийн дагуу төлж явсан ба үүнийг тооцоод үзэхээр 64 сая төгрөгийн төлбөр гарахаар байгаагаас манайхаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар 61 сая төгрөгийн төлбөрийг төлчихсөн байгаа тул  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа шиг төлбөрийн үлдэгдэлтэй асуудал байхгүй.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлтэй холбоотойгоор тайлбарлахад хариуцагчаас дээр дурдсан төсөл хөтөлбөрүүдтэй манай төслийг хамааралгүй болох талаар тайлбарлаж байна. Гэтэл тухайлбал олон тэрбум төгрөгийн хөрөнгөөр хэрэгжих төслөөр хийгдэх авто гүүр баригдсаны дараа манай компанийн тээвэрлэлтийн асуудал шийдэгдэх ёстой байсан. Манай компаниас их хэмжээний мөнгө гарсан, хувь хүн мөнгө гаргаагүй. Бид цаашид энэ их бүтээн байгуулалтыг хийхийн төлөө явж байсан бөгөөд орон нутагт ажлын байр бий болгоё, татвар төлье, улс орондоо хэрэгтэй зүйлийг бүтээе гэсэн чиг хандлагатайгаар анх энэ төсөлд оролцсон.

Төслийн зорилго нь З суман дахь бүс нутгийн ложистикийн төв болон чөлөөт бүстэй уялдуулаад импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Монгол Улсын түүхий эд бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох, дотооддоо аж ахуйн нэгж байгууллагуудад хөрөнгө оруулалт татах, ажлын байраар хангах, татвар төлөх гэсэн зорилгын хүрээнд Монгол Улсын Их хурал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төслүүдэд түшиглэн анхны төслөө бичсэн. Төслийн хүрээнд цэвэр усны болон сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, оёдлын үйлдвэр барих, барилгын материал үйлдвэрлэх мөн дээрээс нь мод үржүүлгийн талбай байгуулах чиглэлүүдээр төслөө бичиж оролцож байсан.

 Эдгээрээс төсөл хэрэгжих үндсэн нөхцөл байдал нь З сумын чөлөөт бүс болон төмөр замын ложистик төвтэй нягт уялдаатай байсан, энэ нь З сумын 1 дүгээр багт оршин Азийн хөгжлийн банкны 400 га газрын хажууд орших 300 га газар гэж байгаагаас ч тодорхой харагдана, тэр 400 га газарт ложистикийн төв байгаа. ЗД-ын 2016-2020 он хүртэлх дэд хөтөлбөрт хүртэл энэ нь тусгагдсан байгаа тул төсөл сонгон шалгаруулалт нь харилцан уялдаа холбоотой зохион байгуулагдсан гэж бид нарын зүгээс харж байгаа юм. Түүнээс хэн ч, юу ч байхгүй тал газар дээр үйлдвэр барина гэсэн уялдаагүй асуудал байж болохгүй байх. Иймд  эдгээр  асуудлууд бүгд хоорондоо уялдаатай байсан шүү гэдгийг шүүхийн зүгээс анхаарч үзэхийг хүсэж байна.

Бид хөрөнгө оруулалтаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын аж ахуйн нэгжтэй хамтраад хөрөнгө оруулалтаа босгоод үйлдвэрлэл үйлчилгээгээ эрхлэх байсан. Төсөл сонгон шалгаруулалтад оролцож 648,000,000 төгрөгөө төлөөд, мөн төслөө хэрэгжүүлэхэд холбоотой байгаль орчны үнэлгээ хийлгэх, газар зүйн тоон зураглал гаргуулах ажиллагаануудыг хийгээд, өнөөдрийн байдлаар өөрийн хөрөнгө оруулалтын зүгээс 800 гаруй сая төгрөгийн ажлыг хийчихсэн байгаа.

Гэтэл төслөө хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлж байх үед  үүссэн улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор 300 га газрыг улс төрийн нөлөө бүхий хүнтэй хамтраад газрын наймаанд оролцсон талаар үндэслэлгүй мэдээ, нийтлэл гарч, тараагдсанаас үүдэн төслийн хамтран ажиллахаар төлөвлөж байсан хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа зогсоосон, нөгөө талаар Ложистикийн төвийг гэхэд л 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 29-ний өдөр Хятадын 21 дүгээр цэргийн анги хүлээлгэж өгч байгаа жишээтэй байна. Одоо ашиглалтанд ороогүй, хүлээж аваагүй. Иймэрхүү нөхцөл байдлуудаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар төслийн хөрөнгө оруулалт зогссон өөрөөр хэлбэл  яг газар дээр бүтээн байгуулалт хийх болоход бусад төслүүд маань зогсчихсон, мөн төмөр замын гүүрэн гарц нь баригдаагүй учраас ажлыг шууд байдлаар хийх боломжгүй байсан.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох А/406 дугаар захирамжийг хүчингүй болгохоор нэхэмжилж байгаа нэг үндэслэлийн хувьд хариуцагч нь захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг явуулах үүргээ хэрэгжүүлэлгүй, захиргааны байгууллагаас итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа. 2016 онд захирамж гарах үед газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар мэдэгдээгүй. Үүнийг З сумын газрын албанаас сонсоод 2018 онд Засаг даргад гомдол гаргахад танайхаас газрын төлбөр төлөөгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдээр газар эзэмших эрхийг цуцалсан гэсэн л хариуг ирүүлснээс хэдэн оны ямар дугаартай эрх зүйн актаар хүчингүй болгоод байгаа талаар тайлбарыг ирүүлээгүй, бид шүүх дээр ирж байж хавтаст хэргийн материалаас тухайн захиргааны актыг бичгийн хэлбэрээр харж, уншиж танилцсан.

Хариуцагчийн зүгээс мөн захиргааны актын хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байна. Газрын тухай хуульд зааснаар 10 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргана гэж заасан байдаг. Гэвч шүүхийн практик болон бодит байдал дээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллагаас гаргаж байгаа шийдвэр, үйл ажиллагааны талаар түүнийг эс зөвшөөрөл дээд шатны байгууллагад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгээд, дараа нь шүүхэд хандахаар зохицуулагдсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар захиргааны актыг мэдсэнээс хойш 10 хоногийн дотор шүүхэд хандана гэсэн зохицуулалтыг хэрэглэхгүй гэж байгаа юм биш, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээд дараа нь шүүхэд хандаж байгаа асуудал юм. Манай зүгээс тухайн захиргааны актаар эрх цуцалсан байна гэдгийг мэдсэнээс хойш гомдлоо гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэнээр Захиргааны ерөнхий хуульд зааснаар 30 хоногийн дотор гомдлоо гаргасан ба шүүх захиргааны хэрэг үүсгэж хянан шийдвэрлэж байгаа.

ЗД-ын  2016 оны А/406 дугаар захирамжийг гарсан гэдгийг  2018 онд мэдсэн байгаа, гэтэл тухайн үеүдэд газрын төлбөрөө төлөөд, судалгаа шинжилгээний ажил хийгдэж байсан. Гэтэл хариуцагч нь  уг захиргааны актыг гаргахдаа сонсох, мэдэгдэх ажиллагааг явуулах ёстой байсан, хариуцагч талаас манай компанид мэдэгдсэн гээд байгаа нь зөвхөн төлбөрөө төлнө үү гэсэн мэдэгдэл л байгаа болохоос танай газар эзэмших эрхийг цуцлах гэж байна, иймд уг шийдвэрийг гаргах ажиллагаанд оролцоно уу гэсэн мэдэгдлийг нэг ч удаа манайд ирүүлж байгаагүй. Мөн тухайн захиргааны актыг байгууллагынхаа веб сайтад тавьсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн, үүнээс хойш 10 хоногийн дараа мэдэгдсэнд тооцно гэж  хариуцагчаас тайлбарлаж байна.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 43 дүгээр зүйлийн 43.5 дахь хэсэгт заасан хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гэдэгт орон нутгийн веб сайтыг ойлгож болохгүй юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсгийн тайлбарт тусгагдсан байгаагаар хэвшмэл журмаар нийтэд танилцуулах хэлбэрт хамаарч байгаа  болохоос хэвлэл, мэдээллийн хэрэгсэл биш. Өдөр дутмын мэдээллийн хэрэгслийн сайт бол хэвлэл мэдээллийн талаар мэдээлэл явуулах өөрийн эрхтэй байдгаар тухайн үйл ажиллагааг явуулдаг энэ нь Монгол Улсын бүх иргэнд хүртээмжтэй байдаг тул орон нутагтаа чиглэсэн орон нутгийн сайтад тавьсанаар мэдэгдсэн гэж ойлгохгүй.

Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааны талаар Газрын тухай хууль хэрэгжиж байсан учраас тухайн асуудлыг уг хуулиар үргэлжлээд, мэдэгдээд явсан гэж байгаагаар Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагаа хийгдсэн гэж яриад байх шиг байна. Захиргааны ерөнхий хуульд бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлага бас тусгагдсан. Гэтэл 2016.09.16-ны өдрийн А/406 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан бичгээр гаргах захиргааны актын шаардлагад нийцсэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Бичгээр гаргасан захиргааны актад энэ шийдвэрийг гаргасны дараа хэд хоногийн дараа хэнд хандах талаар заалт байхаар заагаад өгчихсөн.

 Гэтэл ийм заалт байхгүйгээс гадна хариуцагч маань өөрөө захиргааны акт гаргах Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн байгаа учраас хууль бус болж байгаа бөгөөд иймд дээр дурдсан үндэслэлүүдээр ЗД-ын  А/406 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Ф”  ХХК-иас Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ЗД-ын 2016 оны А/406 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

“Ф”  ХХК нь ЗД-ын 2012 оны А/571 дүгээр шийдвэрээр З сумын нутаг дэвсгэрт 300 га газар үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах эрх үүссэн боловч тус компани нь газрын төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлөөгүй, тухайн газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй зэргээр газар ашиглах гэрээний нөхцөл болзолыг удаа дараа зөрчсөн тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу тус компанид гэрээнд заасан үүргийг хангуулах болон үүрэг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар албан шаардлага, мэдэгдлийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 741, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 235, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 504 тоотоор [email protected] хаяг болон 99151161 дугаар луу ярьж мэдэгдэх зэргээр сонсох ажиллагааг явуулсан.

Дээрх албан шаардлага болон мэдэгдлийн дагуу “Ф”  ХХК нь хариу арга хэмжээг авч ажиллаагүй, холбогдох тайлбарыг ирүүлээгүй тул Монгол улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасны дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээг ЗД-ын 2016 оны А/406 дугаар захирамжаар хүчингүй болгосон ба нэхэмжлэлд дурдагдаж буй газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэрийг авах тухай хүсэлтийг тухайн компаниас 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд аймаг, сумын Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт огт гаргаж байгаагүй болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ф”  ХХК-ийн газар эзэмших эрхийг  ЗД-ын  2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/406 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Нэхэмжлэгчээс энэ захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Гэтэл Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэхгүй байхаар заасан. Харин нэхэмжлэлийн шаардлага нь захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байгаа. Энэ тохиолдолд Газрын тухай хуульд зааснаар тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор, Захиргааны ерөнхий хуульд зааснаар 30 хоногийн дотор эрх нь зөрчигдсөн этгээд шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрх зүйн үндэслэл бүрдэж байгаа.

Энэ асуудлыг хариуцаж байгаа агентлаг, хэлтэс нь тодорхой цаг хугацаанд 2015 оноос эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл шат дараалан, хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 504 тоот албан бичгээр “Ф”  ХХК-д газрын төлбөрөө төлөөгүй тохиолдолд Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэсэн мэдэгдлүүдийг удаа дараа өгч энэ чиглэлээр байгууллагын албан ёсны шуудангийн хаяг, тухайн компанийн захирал Б.М-ын утас, мэйл хаяг руу тухайн цаг хугацаануудад мэдэгдэж байсан байдаг. Гэтэл эдгээрээс хаяг андуурсан буюу бусад байдлаар илгээгч рүү буцаж ирсэн тохиолдол ганц ч байхгүй. Уг асуудлыг шинжлэн судлуулахаар шүүхэд хүсэлт гаргаснаар хийсэн шүүхийн үзлэгийн баримтанд тодорхой тусгагдсан байгаа тийм учраас нэхэмжлэгч талын мэдээгүй болох талаар гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй гэдэг нь үүгээр нотлогдож байгаа гэж үзэж байна.

 Газрын төлбөрийн хувь хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан газрын гэрээгээ дүгнүүлээд, гэрээгээ шинэчлүүлэх талаар албан бичгүүдийг 2016 онд хүргүүлж байсан, гэвч нэхэмжлэгчээс ирж гэрээгээ шинэчилж байгуулсан зүйл байхгүй байна. Гэрээг ямар тохиолдолд цуцлах, газрын төлбөрийг ямар хугацаанд төлөх талаар хоёр тал харилцан тохиролцож 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр газар ашиглуулах гэрээг байгуулсан байдаг. Энэхүү гэрээнд мөн газар эзэмшигчийн эрх, үүрэг, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил ашиглаагүй бол гэрээг цуцлах, гэрээгээ жил бүр дүгнүүлэх, газрын төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцох, энэ нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болж гэрээний ноцтой зөрчилд тооцогдох болох зэрэг нөхцөл байдлууд тусгагдсан. Харин “Ф”  ХХК-иас гэрээг дүгнүүлээгүй.

Нэхэмжлэгч нь төсөл сонгон шалгаруулалтаар анх 2012 онд тухайн газрыг авсан байгаа. Газрыг авахдаа “Ф”  ХХК нь өөрийн хөрөнгөөр санхүүгийн асуудлаа 100% шийдвэрлэх чадамжтай, зээлийн дарамтанд ажиллахгүй нь бидний давуу тал болно гэж төсөл сонгон шалгаруулалтын материал дээр өөрийн давуу байдлыг илэрхийлж бичсэн байдаг. Төслийн дагуу мод үржүүлэг, жимс жимсгэнэ, чацаргана, цэвэр усны талбай, сүү үйлдвэрлэх, оёдлын үйлдвэрлэл зэрэг байгууламжуудыг орон нутагт байгуулна гэж төслөө ирүүлснээр, тухайн цаг хугацаанд сонгон шалгаруулалтыг явуулаад, төр засгаас энэ компанийн үйл ажиллагааг дэмжиж, улмаар газрыг тодорхой цаг хугацаанд ашиглуулахаар шийдвэрлэж өгсөн. Ийнхүү газар авч байгаа бол Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу үүргээ биелүүлэх зайлшгүй шаардлагатай. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ компани нь газрын төлбөрийг төлөөгүй, үлдэгдэлтэй байгаагаар гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй  нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэлд Захиргааны ерөнхий хуулийн дагуу захирамжийг мэдэгдээгүй гэдэг, гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргад хүсэлт ирүүлсний дагуу хариуг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээх ямар ч үндэслэлгүй гэдгийг  хариуцагч талаас илэрхийлж, энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байтал захиргааны хэрэг үүсгэж хянан шийдвэрлэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцахад 2013 оноос 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл олон нийтийн мэдээллийн цахим сүлжээн дээр байгаа мэдээллүүд, өмнөх бүрэн эрхийн хүрээнд ажиллаж байсан Засаг даргатай холбоотой мэдээллүүдэд шүүхийн үзлэг явуулахаар нэхэмжлэгчээс хүсэлт гаргаж үзлэг хийлгэсэн байгаа боловч эдгээр нь газрын гэрчилгээг хүчингүй болгуулахтай ямар ч хамааралгүй, холбогдолгүй байгаа учраас хариуцагчийн зүгээс тайлбар ирүүлээгүй гэдгийг та бүхэнд танилцуулж байна.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу бид нар мэдээгүй, сонсоогүй, өнөөдрийг хүртэл бидний эрх зөрчигдөөд байна гээд байгаа мөртлөө тодорхой хэмжээний төсөл сонгон шалгаруулалтаар, хөрөнгө мөнгөөр энэ газрыг авчхаад яагаад өнөөдрийг хүртэл  газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй юм бэ, мөн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй байлаа гэхэд газрынхаа төлбөрийг хуулийн дагуу төлөөд явах боломжтой байсан, гэтэл нэхэмжлэгчээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 

Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ч гэсэн Газрын тухай хуульд Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан харилцааг өмнө нь зохицуулаад явж байсан учраас мэдсэн, мэдээгүй гэх асуудал ярих шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанид нөхцөл байдлуудын талаар цаг хугацаанд нь мэдэгдэж байсан. Мэдээгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа гэдгийг хэлмээр байна. Газрын тухай хуульд хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болговол тухайн эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдэд заавал мэдэгдэж байхыг хуульчилсан байгаа. Өөрөөр хэлбэл уг асуудлыг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулсан байгаа ч Газрын харилцааны талаар зохицуулсан хуулиар мөн зохицуулагдсан,  үргэлжилсэн шинжтэй харилцаа байгаа учраас сонсоогүй, мэдээгүй гэх үндэслэл байхгүй. Иймд захиргааны байгууллагаас Газрын тухай хуулийн дагуу нөхцөл байдлаа шинэчлэн тогтоосон талаар мэдэгдсэн, сонсгосон учраас захиргааны байгууллагаас шийдвэрээ гаргасан байна.

Засаг даргын захирамжаар 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоод, 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ЗД-ын тамгын газрын веб сайтад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар нийтэд ил тод мэдээлсэн байгаа. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш 10 хоногийн дараа уг актыг мэдэгдсэнд тооцно гэж заасантай нийцэж байгаа. Иймээс 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч компани нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хүчингүй болсон талаар мэдсэн, эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэн тул хөөн хэлэлцэх хугацаан дээр шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй гэж хүсч байна.

Бидний зүгээс хариу тайлбарууд дээрээ Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийг тайлбарласан зөвлөмж, мэдээллийг дурдсан, түүнд ямар тохиолдолд газар ашигласан гэж үзэх вэ, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг ашиглаагүй бол ямар байдалд хүрэх вэ, ямар тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох вэ, удаа дараа, ноцтой зөрчил гэдгийг ямар тохиолдолд ойлгох вэ гэдгийг заагаад өгчихсөн учраас тайлбарлах нь илүүц бөгөөд тухайн асуудалтай холбогдуулаад З суманд газар дээр нь очиж шүүхээс үзлэг хийж нэмэлтээр тодруулсан байгаа тул мөн нэмж тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна.

 Нэхэмжлэгч нь хэрэгжүүлэх төслөө З сумын чөлөөт бүстэй хамааралтай гэдэг тайлбарыг өгч байна, гэтэл газрын төсөл сонгон шалгаруулалт, газрын төслийн баримт бичиг дээр З сумын чөлөөт бүс, ложистикийн төсөл, хөтөлбөртэй хамааралтай гэсэн нэг ч үг, үсэг байхгүй. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Чөлөөт бүсийн тухай хууль, ложистикийн төв нь Зам тээврийн яамнаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа тусдаа эрх зүйн орчноор зохицуулагдаж байгаа учраас энд хамааралгүй юм.

Дээр хэлсэн 2008 оны Улсын дээд шүүхийн  тогтоолд тайлбарласнаар Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах буюу түүний оршин суугаа газрын ажлын хаягаар, баталгаат шуудангаар хүргүүлэх, факс, утас, цахилгаан, имэйл зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулахаар тайлбарласан байгаа.

Үүнтэй холбоотойгоор Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд нь тухайн цаг хугацаанд тодорхой албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан нь шүүхийн үзлэгээс харагдана. Тийм учраас албан бичгүүдийг мэдээгүй гэх үндэслэл байхгүй бөгөөд өнөөдрийг хүртэл харьяа чиг үүргийн байгууллагуудаас хаяг нь тодорхойгүй гэх шалтгаанаар илгээгч байгууллага руу буцаж ирсэн нэг ч тохиолдол байхгүй байна. Мөн газрын төлбөрийг төлсөн, төлөөгүй гэх асуудлын тухайд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар болон Татварын хэлтэс, аймгийн Төрийн санд төвлөрдөг дансны мэдээллүүд хэрэгт авагдсан учраас бид нар дэлгэрэнгүй ярих шаардлагагүй гэж үзэж байна.

Манай Засаг даргын тамгын газрын веб сайтыг албан ёсны биш гэдэг зүйлийг ярьж байна. Ямар нь албан ёсных вэ, ямар нь улсын хэмжээнд байх мэдээллийн хэрэгсэл вэ гэдгийг хуулиараа нэгэнт зохицуулаад өгчихсөн харилцаа байгаа. Орон нутгийнх уу, улсынх уу гэдгийг хуульд заагаагүй. Мэдээллийн хэрэгсэл гэдэгт аль ч цахим хаяг, веб сайт хамаарахаар хуульчилсан байгаа. Тийм учраас хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх нь зүйтэй гэж бодож байна. Газрын төлбөрийг төлнө үү, мөн дээр нь гэрээг дүгнүүлнэ үү, гэрээг дүгнүүлээгүй тохиолдолд газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгоно шүү гэдгийг тодорхой цаг хугацаанд мэдэгдэж, мэдээлж байсан талаар албан бичгүүд нь хэргийн материалд нотлох баримтаар авагдсан учраас үүнийг заавал тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна.

            Энэ хугацаанд “Ф”  ХХК-аас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг гаргуулж авах хүсэлтийг гаргаж байгаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ ЗД-ын захирамжаар олгогдсон бөгөөд сумын Засаг даргын захирамжаар олгогдоогүй. Гэтэл захирамж авах талаар шийдвэр гаргасан этгээддээ хүсэлт гаргахаар байтал сумын Засаг даргын тамгын газраас асууж тодруулаад байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч компани нь 2015 оноос эхлэн газрын төлбөрийг төлөөгүй асуудлыг гаргасан бөгөөд 2015 оны байдлаар 18 сая төгрөгийн, 2016 оны байдлаар 12 сая төгрөгийн төлбөртэй үлдэгдэлтэйгээр өр авлага үүссэн байгаа. Үүний дагуу аймгийн Засаг даргаас 2016 онд төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй тул газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчээс гаргаж буй мэдэгдээгүй гэх тайлбарыг няцаах гол тайлбар нь тухайн компани татварынхаа өр авлагын тайланг гаргаж тайлагнаж байх ёстой. Энэ дагуу тухайн компанийн газрын төлбөртэй холбогдсон өр, авлагын талаар хэрхэн тусгаж байсан талаар аймгийн Татварын хэлтсээс гаргуулж авсан. Үүнд нэхэмжлэгч компани 2015 оны татварын тайланг тайлагнаж, мөн 2016 оны байдлаар 18 сая төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй талаар тайлагнасан байсан ба гэтэл 2016 оны байдлаар 18 сая төгрөгийн өр авлага үүссэн байсныг 2017 онд “Ф”  ХХК тайлагнахдаа өр авлага байхгүй гэж тайлагнасан байдаг.

Иймд өр авлагагүй байхгүй гэдэг нь газар эзэмших, ашиглах эрх нь дуусгавар болсон тохиолдолд газрын төлбөрийн ногдлоос дээрх өр авлага нь хасагдаж  тооцогдож байгаа, тиймээс нэхэмжлэгч компани шийдвэрийн талаар тодорхой хэмжээгээр мэдээд өр, авлагыг хасч тайлагнасан байгааг шүүхээс анхаарч үзэх байх гэж бодож байна.

Нэхэмжлэгч талаас гаргасан газрын төлбөр төлсөн баримтуудаас 3 удаагийн газрын төлбөр төлсөн баримт Төрийн сангийн газрын төлбөр төвлөрдөг дансанд орж ирээгүй байсан. Энэ талаар аймгийн Төрийн сангаас холбогдох хуулгыг авч шүүх хуралдаанд нотлох баримтаар өгсөн байгаа. Тухайлбал 2013 оны 01 дүгээр сарын 10-ны 4,050,000 төгрөг,  2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1950000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 6,000,000 төгрөгүүд нь тус тус газрын төлбөр төвлөрдөг дансанд огт төвлөрөөгүй.

Мөн нэхэмжлэгчтэй байгуулсан 2012 оны газар ашиглуулах гэрээний 2.5-д эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсон тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна гэж, мөн гэрээ шинэчлүүлээгүйтэй холбогдон гарсан зардлыг газар ашиглагч хүлээнэ гэж заасан байгаа. 2013 онд З сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар З сумын нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоохоор болсон бөгөөд үүнтэй холбоотойгоор Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зүгээс 2014.04.08-ны 318 дугаартай албан бичгийг “Ф”  ХХК-д хүргүүлсэн гэтэл үүнээс хойш гэрээг цуцлах хүртэл гэрээг шинэчлэх талаар ажиллагааг хийгээгүй. Гэрээнд зааснаар газрын төлбөрийг шинэчилсэн хувь хэмжээгээр тогтоож, нэхэмжлэгч талд төлбөрийн нэхэмжлэхийг тухай бүр хүргүүлж ажилласан. Үүний дагуу нэхэмжлэгч тал тодорхой төлбөрийг тодорхой хугацаанд төлж барагдуулж байсан боловч харин гэрээнд заасан цаг хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй.

Нэхэмжлэгчээс 2012 онд тухайн жилд ногдох газрын төлбөрт 3,550,685 төгрөг ногдуулсныг барагдуулсан, 2013 оны газрын төлбөрийг 2012 онд байгуулсан гэрээний дагуу 16,200,000 төгрөгийг төлж барагдуулсан. 2014 оноос газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулаагүй ба 2014 оны жилийн эцсийн байдлаар 6 сая төгрөгийн өр авлага үүсэж, 2015 онд 2 удаагийн төлөлт хийгдэж, хийгдээгүй хугацааны газрын төлбөрт 12,000,000 төгрөг, 2016 оны төлөгдөөгүй газрын төлбөр 18,000,000 болж, нийт 2014, 2015, 2016 онуудын газрын төлбөр 36 сая төгрөгийн үлдэгдэл үүссэн байгаа бөгөөд нэхэмжлэгчээс улиралд 4,050,000 төгрөгөөр тооцож газрын төлбөрөө тооцож төлж байсан гэдэг нь үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дүгээр зүйл дэх гэрээнд заагдсан нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн гэдгийг юугаар нотолж байгаа юм бэ гэхээр төлбөр төлөх нөхцөл болзол гэрээнд давхар явж байгаа бөгөөд гэрээнд тусгагдсан бүх асуудлууд нь нөхцөл болзол гэдэгт хамаарна. Тодруулбал түүнд тусгасан газар ашиглагчийн эрх, үүрэг болон үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээхээр байгаа зэрэг нь нөхцөл болзол болж байгаа болно. Манайхаас зөвхөн төлбөр төлөх талаар шаардлагыг хүргүүлж байсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч өгч байна, гэтэл төлбөр төлүүлэх албан бичгүүд дээр гэрээнд заагдсан тодорхой хэмжээний хариуцлага хүлээхийг тусгаж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас хүргүүлж байсан. Энэ нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 984, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 235 дугаар албан бичгүүдээр төлбөрийг тодорхой хугацаанд төлөх, төлөөгүй тохиолдолд холбогдох арга хэмжээг авах талаар мэдэгдлийг хүргүүлж байснаас харагдана.

Иймд гэрээнд зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүйд хариуцлага тооцох талаар мэдэгдэж байсан удаа дараагийн энэ шаардлагуудыг биелүүлэхгүй  байсан тул 2016 онд ЗД-ын А/406 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Хамгийн сүүлд Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж эхэлсний дараа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор газрын төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд хариуцлага тооцох тухай мэдэгдлийг  мөн хүргүүлж байсан гэв.

 

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, уг ажиллагааны явцад хавтас хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, мөн шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үнэлж дүгнэн доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Маргааны зүйл болох ЗД-ын  2016 оны А/406 дугаар захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх болон уг захиргааны актын хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргаж буй хариуцагчийн тайлбарын тухайд:

Нэхэмжлэгч “Ф”  ХХКомпани нь түүний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн ЗД-ын  2016 оны захиргааны актад холбогдуулан 2018 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгчийн зүгээс тухайн захиргааны актыг З сумын газрын албанаас амаар хэлсний дагуу мэдсэн болохыг дурдаж, улмаар уг актыг эс зөвшөөрч Дорноговь аймгийн Засаг даргад хандаж гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гомдол /хх-ийн 9-р хуудас/-ыг хариуцагч ЗД-ын зүгээс хянан шийдвэрлэж, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1970 дугаар албан бичиг /хх-ийн 10-р хуудас/-ээр хариу өгснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.

Энэ дагуу шүүх нэхэмжлэгчийг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг  биелүүлж, улмаар нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа болон үндэслэлийг  зааж, зохицуулсан 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн” үндэслэлээр мөн зүйлийн 14.1 дэх зүйлд заасан 30 хоногийн хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна гэж үзэж захиргааны хэрэг үүсгэн /хх-ийн 46,47-р хуудас/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хуульд нийцэж байгаа болно.

Гэтэл тухайн захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актад хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу захиргааны байгууллагын хувьд ЗД-ын  2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/406 дугаар захирамжийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ЗД-ын  Тамгын газрын албан ёсны цахим хаяг болох www.dornogovi.gov.mn –д байршуулснаар тус захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “...хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдсэн бөгөөд тухайн хугацаанаас хөөн хэлэлцэх хугацаа тоологдох болохыг шүүхээс анхаарах талаар тайлбарлаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас үзлэг хийлгэх талаар шүүхэд ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Тайлбар, хүсэлт гаргах тухай” албан бичгийн дагуу шүүхээс дээр дурдсан цахим хаягт хийсэн үзлэг /2-р хх-ийн 24,25-р хуудас/-ээр ЗД-ын  2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/406 дугаар захирамжийг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дээрх цахим хаягт байршуулсан болох нь тогтоогдож байгаа хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь зүйлд зааснаас үзэхэд “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд” гэж байгаагаар зөвхөн тухайн тохиолдлуудын аль нэг байдал бий болсон нөхцөлд захиргааны актыг мөн зүйлд заасны дагуу мэдэгдсэнд тооцохоор зохицуулжээ.

Гэтэл уг байдлыг тодруулж  шүүхээс асуусны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж буй “хуульд заасан тухайн нөхцөл байдлууд нэхэмжлэгчийн хувьд байгаагүй” гэх тайлбараар захиргааны актыг мэдэгдэх үед нэхэмжлэгчээс шалтгаалсан нөхцөл байдал буюу Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь зүйлд заасан тохиолдлууд байгаагүй болох нь тогтоогдож байх ба харин хариуцагчийн зүгээс дээрх цахим хаягт уг захирамжийг байршуулсан болохыг тухайн үед нэхэмжлэгчид мэдэгдэж, энэ тухайг баримтжуулж  байсан асуудал  хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “ ... захиргааны актыг... цахим ... хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.” гэж заасан үүргийг хэрэгжүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, ...ийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ... этгээдэд мэдэгдэнэ.” гэж заасныг  үндэслэн гаргасан захиргааны акт болон түүнийг мэдэгдэх үүргээ Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.”  гэж тус тус заасны дагуу хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас бичгээр ирүүлсэн тайлбар дахь “...Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийж, хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт заасны дагуу ЗД-ын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/406 дугаар захирамжийн хувийг ЗД-ын тамгын газрын цахим хаягт байршуулснаар Фамин энд гоби индастри ХХК-д мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй” гэх тайлбарыг болон мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн захиргааны акт дахь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар гаргаж буй тайлбаруудыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дахь маргаанд холбогдох үйл баримтын тухайд:

            Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь зүйлд “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, ...ийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, ...ийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”-аар заасан аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхийн хүрээнд батлан гаргасан З сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаар /2-р хх-ийн 77,78-р хуудас/, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаар тогтоол /1-р хх-ийн 201,206-р хуудас/-уудаар  2012 оны Дорноговь аймгийн газар зохион байгуулалтын болон тус аймгийн З сумын газар зохион байгуулалтын нэмэлт өөрчлөлт оруулах тухай төлөвлөгөөнүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж, ашиглуулах газрын хэмжээ, байршил, зориулалтыг баталсны дотор З сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэх 400 га газрын зүүн талд байрлалтай, 300 га хэмжээтэй газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахаар тусгаж баталжээ.

            Газар зохион байгуулалтын дээрх төлөвлөгөөг баталсан сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Дорноговь аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх зүйлд “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” нийтлэг бүрэн эрхийн хүрээнд, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дээрх байдлаар тусгагдсан газар болох З сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэх 400 га газрын зүүн талд байрлалтай, 300 га хэмжээтэй, үйлдвэрлэлийн зориулалт бүхий газрыг “Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах” эрхийг зохицуулсан 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь зүйлд заасныг үндэслэн төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэж энэ дагуу 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай” А/446 дугаар /1-р хх-ийн 180,182-р хуудас/, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн төсөл сонгон шалгаруулалт зохион байгуулах “Комисс томилох тухай” А/514 дүгээр захирамж /1-р хх-ийн 183-р хуудас/-уудыг гаргасан байна.

            Дээрх шийдвэрүүдийг үндэслэн 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан төсөл сонгон шалгаруулалтын төслийн үнэлгээ /1-р хх-ийн 71-77-р хуудас/-гээр “Ф”  хамтарсан компанийн төсөл /1-р хх-ийн 78-159-р хуудас/ шалгарч, улмаар тус компани нь анх төсөл сонгон шалгаруулалтын урилга /1-р хх-ийн 66,67-р хуудас/-д тусгагдсан үнэ буюу тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2003  оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 9 дүгээрт заасан төсөл шалгаруулалтаар эзэмшүүлэх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ болох 648,000,000 төгрөг /зургаан зуун дөчин найман сая/-ийг 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймаг дахь Төрийн сангийн холбогдох дансанд /1-р хх-ийн 192,193-р хуудас/ төлжээ.

            Ийнхүү төсөл сонгон шалгаруулалтын дээрх үр дүнгийн дагуу Газрын тухай хуулийн холбогдох заалтыг  үндэслэн Дорноговь аймгийн Засаг дарга нь 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” А/571 дүгээр захирамж, түүний хавсралтын 6 дахь заалтаар нэхэмжлэгч “Ф”  ХХК-д З сумын нутаг дэвсгэрт, Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэх 400 га газрын зүүн талд байрлалтай, 300 га хэмжээтэй газрыг, 15 жилийн хугацаагаар, үйлдвэрлэлийн зориулалттай ашиглуулахаар шийдвэрлэж, тухайн шийдвэрийн дагуу захиргааны байгууллагын зүгээс 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ”-г нэхэмжлэгчтэй байгуулж, улмаар мөн өдөр Газар ашиглах эрхийн 0341605 дугаартай гэрчилгээг нэхэмжлэгчид олгосноор /1-р хх-ийн 11-16, 160-164,168-р хуудас/ “Ф”  ХХК-д уг газрыг хууль ёсоор ашиглах эрх үүссэн байна.

            Гэтэл хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/406 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн дээрх газрыг ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл болж, улмаар тухайн захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

 

            3. Нэхэмжлэгчээс дээрх захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж болон хариуцагчаас түүнийг эс зөвшөөрөн маргаж буй талуудын тайлбарын үндэслэлийг авч үзвэл:

            Нэхэмжлэгч нь түүний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр болох А/406 дугаар захирамжинд үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг нэхэмжлэгчийн зүгээс зөрчсөн зүйлгүй буюу ашиглаж буй газрын гэрчилгээгээ хэн нэгэнд ашиглуулсан, шилжүүлсэн, барьцаалсан зүйлгүй, гэрээнд заасан зориулалт бусаар ашигласан асуудалгүй, өөр ямар нэгэн байдлаар зөрчил гаргаагүй,

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрийн хувьд 2012 онд анх байгуулсан газар ашиглах гэрээнээс өөр гэрээ байхгүй бөгөөд уг гэрээгээр газрын төлбөрийг нэг улиралд 4,050,000 төгрөг /дөрвөн сая тавин мянга/-өөр буюу жилд 16,200,000 төгрөг /арван зургаан сая хоёр зуун мянга/-өөр төлж байхаар тохиролцсон гэрээний заалтын дагуу газрын төлбөрөө төлж байсан ба уг тооцоогоор нийт 64,000,000 төгрөг /жаран дөрвөн сая/ төлөгдөхөөр байгаагаас шүүхэд өгсөн баримтаар 61,000,000 төгрөг /жаран нэгэн сая/-ийн төлбөр төлөгдсөн бөгөөд хариуцагчийн гаргасан тооцоон дахь хэмжээний газрын төлбөрийн үлдэгдэл байхгүй,

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн хувьд тус компанийн хэрэгжүүлэх Хөнгөн үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл нь “З” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын 2004 оны 17 дугаар тогтоол, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 62 дугаар тогтоол, мөн “Сайншанд” Аж үйлдвэрийн цогцолбор төслийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2012 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан мастер төлөвлөгөөний дагуу ЗД-ын  2012 оны А/503 дугаар захирамжаар батлагдсан “Дорноговь аймагт үйлдвэр хөгжүүлэх дэд хөтөлбөр /2012-2021/” зэрэг төр, засгийн бодлого, шийдвэрүүдийн хүрээнд, тэдгээртэй нягт уялдаа холбоотойгоор хэрэгжих шаардлагатай бөгөөд мөн  дээрх хүрээнд ялангуяа зэргэлдээ орших газарт хэрэгжих төсөл болох Азийн хөгжлийн банктай байгуулсан санхүүжилтийн гэрээний дагуу хийгдэх “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх” төсөл хэрэгжсэнээр манай төсөл хэрэгжих боломжтой, учир нь манай компани шууд дэд бүтэц буюу зам, цахилгаан татах боломж байгаагүй тул Азийн хөгжлийн банкны ложистик төвтэй холбоотойгоор баригдах авто гүүрэнд түшиглэж тээвэрлэлтийнхээ асуудлыг шийдэх боломжтой байсан, гэтэл тус төсөл өнөөдрийг хүртэл хэрэгжиж дуусаагүй ба авто гүүр нь дөнгөж энэ жил ашиглалтанд орж байгаа,

Нөгөө талаар харилцан уялдаатай явагдах байсан хоёр том төслийн нэг нь дээрх байдлаар хэрэгжихгүй удааширсан байдлаас гадна манай компанийн үйл ажиллагаа цаашид явагдах боломжгүйд хүрсэн нэг шалтгаан нь 2016 оны Улсын Их Хурал болон Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотойгоор үүссэн улс төрийн нөхцөл байдалтай холбоотой. Учир нь тус компанийг тухайн үеийн аймгийн удирдлагатай шууд холбон газрын наймаа хийсэн мэтээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүйгээр гүтгэн, худал мэдээ, мэдээлэл тарааснаас хамтран ажиллахаар төлөвлөсөн хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, хөрөнгө оруулалтаа зогсоосон.

Дээрх шалтгаан нь тус компанийн хүсэл зоригоос үл шалтгаалсан өөрөөр хэлбэл төр, засгийн бодлого шийдвэрийн хэрэгжилт муу байгаагаас, түүнчлэн сонгуультай холбоотой улс төрийн үйл ажиллагаа нөлөөлснөөр хөрөнгө оруулалт зогсож газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүйд хүрсэн, нөгөө талаар  хариуцагч аймгийн Засаг дарга нь газар ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны актыг гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн Гуравдугаар бүлэгт заасан “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”-ны журам буюу шийдвэр гаргахаас өмнө захиргааны зүгээс хэрэгжүүлэх сонсох ажиллагааны талаар мэдэгдэх болон сонсох ажиллагааг явуулалгүйгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг  шууд хүчингүй болгосон нь тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр гэсэн агуулгаар,

Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь анх төслийн баримт бичигтээ тухайн компанийн зүгээс хэрэгжүүлэх төслийг 100% өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр байгаа нь тус компанийн давуу тал болохыг тодорхойлсон байдаг, гэтэл одоо хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар болон түүний хэрэгжүүлэх төсөлд хамааралгүй бусад төсөл, хөтөлбөр буюу тусгай хууль, эрх зүйн зохицуулалтаар явагдаж буй чөлөөт бүс, ложистикийн төв байгуулах асуудлууд хэрэгжээгүйгээс газраа ашиглаагүй талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед нэхэмжлэгчийн төсөл нь уг төсөл, хөтөлбөрүүдтэй холбогдон хэрэгжих  талаар нэг ч үг, үсэг тусгагдаагүй байсан.

Харин нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан газар ашиглуулах гэрээнд газрын төлбөрийг ямар хугацаанд төлөх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг тохиолдлуудад гэрээний нөхцөл, болзол зөрчигдсөнд тооцож, гэрээг цуцлах талаар тодорхой зааж тусгасан, түүнчлэн газрын төлбөрийн хувь хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан гэрээгээ дүгнүүлж, шинэчлэн байгуулахыг шаардаж, биелүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухайг удаа дараа албан бичгээр мэдэгдсээр байхад нэхэмжлэгч нь одоо ч төлөгдөөгүй газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс гэрээ дүгнүүлж, газрын төлбөр төлөх тухай шаардлагуудыг биелүүлээгүй, улмаар тухайн газар дээр хийгдсэн бүтээн байгуулалт одоо хүртэл байхгүй байгаагаар гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчиж байх тул ЗД-ын 2016 оны А/406 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй юм.

 Харин тухайн шийдвэр гарах үед Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байсан ч тус хуулиар зохицуулагдах харилцаа өмнө нь Газрын тухай хуулинд зохицуулагдсаны дагуу гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг  нэхэмжлэгчид тодорхой цаг хугацаанд албан бичгээр удаа дараа мэдэгдэж байсан тул Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгдээгүй гэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл уг хуульд заасан мэдэгдэх ажиллагааг Газрын тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн  гэсэн агуулгаар тус тус тайлбарлан маргаж байна.

 4. Дээрх тайлбаруудад үндэслэн ЗД-ын  2016 оны А/406 дугаар захирамж дахь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэхэд баримталсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтуудын үндэслэлийг  хянаж үзвэл:

  - Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч ... газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа ... зөрчсөн” гэх үндэслэлийн талаар:

               Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дахь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргаж буй тайлбарт  “... тус компани нь газрын төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлөөгүй, тухайн газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй зэргээр газар ашиглах гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн ...” гэж /1-р хх-ийн 54-р хуудас/ байгаагаар тухайн захиргааны актад заасан бусад үндэслэлүүд болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь зүйлүүдэд заасан хоёр үндэслэлийг “газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн” гэх үзэх үндэслэл болгон тайлбарлажээ.

            Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг тухайн тохиолдол бүрээр буюу тус тусад нь зүйлчлэн хуульчилсан байгаагаас үзвэл уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх зүйлд заасан үндэслэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 - 40.1.6 дахь зүйлд зааснаас бусад хэлбэрээр буюу тухайлбал, газар ашиглах эрхийн гэрчилгээгээ бусдад ашиглуулах, шилжүүлэх, барьцаалахдаа уг асуудлуудыг зохицуулсан хуульд заасан журмыг зөрчсөн, мөн газрыг анх олгосон зориулалтаас өөр байдлаар ашигласан зэрэг байдлуудаар дээрх зүйл, заалтад зааснаас өөр үндэслэлүүдээр гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгохоор заасан байх тул хариуцагчаас нэхэмжлэгчийг буруутгаж буй тухайн үндэслэл нь  дээрх хуульд заасантай нийцэхгүй байна.

            Мөн тухайн үндэслэлд холбогдох зөрчлийг нэхэмжлэгч “Ф”  ХХКомпанийн зүгээс гаргасан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргаж буй тайлбар нь үндэслэлтэй байна.

- Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн талаар:

Газар ашиглагчаас төлөх газрын төлбөртэй холбоотой асуудлуудыг нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд анх байгуулсан 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Газар ашиглуулах гэрээ /1-р хх-ийн 13,14, 161-164-р хуудас/-нд, тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтаар газрын төлбөрийн хэмжээг нэгж үнэ 5,4 төгрөг /тав аравны дөрвөн төгрөг/-өөр тооцон зааж, нэг жилд нийт 16,200,000 төгрөг /арван зургаан сая хоёр зуун мянга/ байхаар, түүнийг нэг улиралд 4,050,000 төгрөг / дөрвөн сая тавин мянга/-өөр тэнцүү хуваан, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тогтоож, газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн тохиолдолд гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна ...” гэж заасны дагуу шийдвэрлэхээр тус тус зохицуулжээ.

Дээрх үндэслэлд холбогдуулан нэхэмжлэгч нь 2012 оны анхны гэрээг дүгнэж шинэчилсэн асуудал байхгүйгээр гэрээ хэвээр байгаа тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг үндэслэн газрын төлбөрийг улиралд 4,050,000 төгрөг /дөрвөн сая тавин мянга/-өөр тооцон төлж явсан ба тухайн хугацаанд нийтдээ газрын төлбөрт 64,000,000 төгрөг /жаран дөрвөн сая/-ийг төлөх ёстойгоос нийт 61,750,685 төгрөг /жаран нэгэн сая долоон зуун тавин мянга зургаан зуун наян тав/-ийг төлсөн байгаа гэж,

Харин хариуцагч нь мөн үндэслэлд холбогдуулж тайлбарлахдаа газрын төлбөрийн хэмжээг өөрчлөн тогтоосон шийдвэр гарснаар төлбөрийн хэмжээ нэг улиралд 6,000,000 төгрөг /зургаан сая/ болж өөрчлөгдсөнийг, улмаар 2012 оны газар ашиглах гэрээг дүгнүүлэх, тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д заасныг үндэслэн гэрээг шинэчлэхийг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж байсан ба газар ашиглаж байсан хугацаанд нэхэмжлэгчээс газрын төлбөрт нийт 49,750,685 төгрөг /дөчин есөн сая долоон зуун тавин мянга зургаан зуун наян тав/-ийг төлж, 36,000,00 төгрөг /гучин зургаан сая/-ийн үлдэгдэлтэй байгаа талаар дурдан маргаж байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн  нотлох баримтууд буюу газрын төлбөрийн талаар талуудаас гаргасан тооцоо, холбогдох бусад баримтуудыг хянаж үзвэл:

Нэхэмжлэгч нь 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Газрын төлбөр ногдуулсан мэдэгдэл №12” дугаартай баримтын дагуу 2012 оны газрын төлбөрт анх 3,550,685 төгрөг /гурван сая таван зуун тавин мянга зургаан зуун наян тав/-ийг /1-р хх-ийн 173, 2-р хх-ийн 35-р хуудас/, 2013 оны газрын төлбөрт нэг улиралд 4,050,000 төгрөг /дөрвөн сая тавин мянга/-өөр, тухайн жилд нийт 16,200,000 төгрөгийг 2012 онд байгуулсан Газар ашиглах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь зүйлд заасан хэмжээ, хугацааны дагуу төлсөн нь нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргасан тооцоо, уг тооцоонд үндэслэл болгож мөн нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Хаан банкны орлогын болон мөнгөн шилжүүлгийн хуулбар бүхий 2013 оны 01 дүгээр сарын 10, 2013 оны 04 дүгээр сарын 03, 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрүүдийн баримт, мөн Голомт банкны 2013 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн кассын орлогын баримт /1-р хх-ийн 38-40-р хуудас/-уудын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчээс 2014 оны газрын төлбөрийг төлөхдөө нэг улиралд 6000,000 төгрөг /зургаан сая/-өөр тооцон төлж эхэлсэн нь талуудаас шүүхэд гаргаж өгсөн газрын төлбөрийн талаарх тооцоо /1-р хх-ийн 238, 2-р хх-ийн 35-р хуудас/, мөн нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлснээр хавтаст хэрэгт авагдсан банкнуудын мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлгийн болон ордерын баримтын хуулбар /1-р хх-ийн 38-44-р хуудас/-уудаар тогтоогдож байна.

 Газрын төлбөрийн хэмжээ дээрх байдлаар 6,000,000 төгрөг /зургаан сая/ болон нэмэгдэх болсон үндэслэлийг хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тайлбар болон түүнд хавсарган ирүүлсэн баримт /1-р хх-ийн 212, 226,227-р хуудас/ болох З сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Үнэлгээний бүсчлэлийн газрын зааг хязгаарыг тогтоож, төлбөрийн хэмжээг батлах тухай” 33 дугаар тогтоол, түүний хавсралт зэргээс үзвэл нэхэмжлэгчийн ашиглаж байсан З сумын 1 дүгээр багт байрлалтай 300 га буюу 3,000,000,4 /гурван сая дөрөв/ м.кв хэмжээтэй газарт төлөгдөх газрын төлбөрийн хэмжээ дээрх тогтоолын 2 дугаар хавсралт /1-р хх-ийн 227-р хуудас/-д “1-р баг 1 м2  үнэлгээ 8,0 төгрөг” байхаар тогтоогдсны дагуу нэхэмжлэгчээс нэг жилд төлөх тухайн газрын төлбөрийн хэмжээ /3000000,4 м2 х 8,0 төг = 24,000,003 төг/ 24,000,000 төгрөг /хорин дөрвөн сая/ болж, улмаар нэг улиралд 6,000,000 төгрөг /зургаан саян/-өөр тэнцүү хуваагдан төлөгдөхөөр өөрчлөгджээ.

Гэтэл газрын төлбөрийн хэмжээ ийнхүү өөрчлөгдсөн, түүнийг  2014 оноос эхлэн мөрдөхөөр болж байгааг, түүнчлэн газрын төлбөрийг тухайн өөрчлөгдсөн хэмжээгээр, дурдсан хугацаанд төлөх, улмаар гэрээг дүгнүүлж, шинэчлэх, хэрэв газрын төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай асуудлыг нэхэмжлэгч “Ф”  ХХК-д  Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2014 оны 318 /1-р хх-ийн 228/ дугаар, 2015 оны 741, 984 /1-р хх-ийн 187,189-р хуудас/ дүгээр, 2016 оны 235, 504 /1-р хх-ийн 188,220-р хуудас/ тоот албан бичгүүдээр мэдэгдэж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дээрх албан бичгүүд, мөн тэдгээр албан бичгийн заримыг нэхэмжлэгчид цахим хаягаар хүргүүлж байсан нь хариуцагчийн хүсэлтийн дагуу хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл /2-р хх-ийн 48-50-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байгаагаар нэхэмжлэгчийн хувьд тухайн асуудлыг мэдсэн гэх  үндэслэлтэй байна.

Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд анх байгуулсан 2012 оны Газар ашиглуулах гэрээг, тус гэрээн дэх “Газар ашиглуулагчийн эрх, үүрэг”-ийг зохицуулсан 4 дүгээр зүйлийн 4.4-т “газар ашиглах гэрээг жил бүр дүгнэх”-ээр заасан хариуцагчаас хэрэгжүүлэх үүргийн дагуу захиргааны зүгээс жил бүр дүгнэж, шинэчилсэн асуудал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх боловч газрын төлбөрийн хэмжээг өөрчилсөн эрх бүхий этгээдийн шийдвэр гарсантай холбогдуулан үүнийг хариуцагчаас нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, энэ дагуу нэхэмжлэгч нь газрын төлбөрийг өөрчлөгдсөн хэмжээгээр төлж байсан талаар дээр тогтоогдож буй байдлаас үндэслэн  дүгнэвэл  тухайн  гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д “Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна.” гэж заасны дагуу уг гэрээний газрын төлбөрийн хэмжээг зохицуулсан 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг дэх газрын төлбөрийн өмнөх хэмжээг өөрчлөн тогтоосноор 2012 оны Газар ашиглуулах гэрээнд өөрчлөлт орсон байна гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч  талын тайлбарлаж буй 2012 оны анхны гэрээг дүгнэж шинэчилсэн асуудал байхгүйгээр гэрээ хэвээр байгаа тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг үндэслэн газрын төлбөрийг улиралд 4,050,000 төгрөг /дөрвөн сая тавин мянга/-өөр тооцон төлж явсан гэх тайлбар үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

Харин нэхэмжлэгч нь гэрээнд дээрх байдлаар орсон өөрчлөлтийн дагуу 2014 оноос эхлэн газрын төлбөрийг нэг улиралд 6,000,000 төгрөг /зургаан сая/-өөр төлөхдөө, уг төлбөрийг дараах байдлаар буюу төлбөрийн хэмжээг өөрчилж тогтоосон З сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тогтоол гарсны дараа, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 4,050,000 төгрөг /дөрвөн сая тавин мянга/-ийг эхэлж, үлдэгдэл 1,950,000 төгрөг /нэг сая есөн зуун тавин мянга/-ийг  2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр /1-р хх-ийн 41,42-р хуудас/ тус тус төлж, бүгд 6,000,000 төгрөг /зургаан сая/ -ийг төлсөн бөгөөд, улмаар 2014 оны 03 дугаар сарын 27, 2014 оны 04 дүгээр сарын 01, 2014 оны 08 дугаар сарын 11, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд  тус бүр  6000,000 төгрөг /зургаан сая/-өөр нийт 5 удаагийн төлөлтөөр бүгд 30,000,000 төгрөг /гучин зургаан сая/-ийг тухайн оны газрын төлбөрт төлсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан болон Голомт банкны мөнгөн шилжүүлэг, орлогын мэдүүлгийн баримт /1-р хх-ийн 41-44-р хуудас/-уудаар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 07, 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрүүдэд нийт 12,000,000 төгрөг /арван хоёр сая/-ийг газрын төлбөрт төлсөн байгаагаар тухайн оны зөвхөн 1, 2 дугаар улирлын газар төлбөр төлөгдсөн нь хэрэгт авагдсан нотлох баримт болох Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер баримт /1-р хх-ийн 38,41-р хуудас/-уудаар  нотлогдож байна.

Гэтэл нэхэмжлэгч нь 2014 оны газрын төлбөрт бүгд 4 улиралын хугацаанд буюу жилдээ нийт 24,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөс 30,000,000 төгрөг /гучин сая/-ийн төлөлт хийснээр тухайн жилд нэг улирлын хугацааны газрын төлбөрийг илүү төлсөн нь тогтоогдож  байх тул илүү төлөгдсөн газрын төлбөр 6,000,000 төгрөг /зургаан сая/-ийг 2015 оны 3 дугаар улиралд төлөгдөх газрын төлбөрт шилжүүлэн тооцох нь Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөр төлөгч нь ... дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасанд нийцэж байх тул нэхэмжлэгчийг 2015 оны 3 дугаар улирлын газрын төлбөрийг урьдчилан төлсөнд тооцох үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч нь 2015 оны 3, 4 дүгээр улирлын болон 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/406 дугаар захирамж гарах хүртэл хугацаанд  буюу тухайн оны 1-3 дугаар улирлын газрын төлбөрүүдийг төлсөн талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байгаагаар нэхэмжлэгч нь тухайн хугацааны газрын төлбөрүүдийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд газрын төлбөр төлөлтийн талаар дээр тогтоогдож буй нөхцөл байдлуудаас үндэслэн тооцоход нэхэмжлэгч “Ф”  ХХК-ийг 2012-2015 оныг хүртэл хугацаанд  нийт  61,750,685 төгрөг /жаран нэгэн сая долоон зуун тавин мянга зургаан зуун наян тав/-ийг ашиглаж байсан газрын төлбөрт төлсөн, харин 2014 оны газрын төлбөрийн нэг улирлын хугацааны илүү төлөлтийг 2015 оны 3 дугаар улирлын газрын төлбөрт шилжүүлэн тооцсоноор, нэхэмжлэгч нь 2015 оны  4 дүгээр улирлын газрын төлбөрт 6,000,000 төгрөг /зургаан сая/-ийн, 2016 оны 1-3 дугаар улирлын газрын төлбөрт бүгд 18,000,000 төгрөг /арван найман сая/, нийт 24,000,000 төгрөг /хорин дөрвөн сая/-ийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Харин хариуцагчаас нэхэмжлэгчийг газрын төлбөрт нийт 49,750,685 төгрөг /дөчин есөн сая долоон зуун тавин мянга зургаан зуун наян тав/-ийг төлж, 2012, 1013 онд төлбөрийн үлдэгдэлгүй, 2014 онд 6,000,000 төгрөг /зургаан сая/, 2015 онд 12,000,000 төгрөг /арван хоёр сая/, 2016 онд 18,000,000 төгрөг /арван найман сая/-ийн нийт 36,000,000 төгрөг /гучин зургаан сая/-ийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэх тооцоо /2-р хх-ийн 35,37-р хуудас/-г гаргаж, улмаар шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн тооцоон дахь 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4,050,000 төгрөг /дөрвөн сая тавин мянга/, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1,950,000 төгрөг /нэг сая есөн зуун тавин мянга/, мөн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 6000,000 төгрөг /зургаан сая/ буюу бүгд 12,000,000 төгрөг /арван хоёр сая/-ийн газрын төлбөрүүд нь зохих дансанд ороогүй талаар тайлбарлаж, энэ талаарх нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргасан боловч тухайн баримт /2-р хх-ийн 71-76-р хуудас/-ууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан “Бичмэл нотлох баримт”-ын шаардлагыг хангаагүй тул шүүх тэдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

            Иймд нэхэмжлэгчийн зүгээс 2012 оны Газар ашиглуулах гэрээний өөрчлөлтийн дагуу тухайн хугацаануудад буюу 2015, 2016 онуудад төлөх газрын төлбөрийг, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т “Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар ашиглуулагчийн ... дансанд шилжүүлж байна” гэж заасан хугацаанд төлөөгүй буруутай үйлдэл нь Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөр төлөгч нь газар ..., ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх ...”-өөр заасныг зөрчиж байх тул нэхэмжлэгч “Ф”  ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь зүйлд зааснаар “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж үзэх үндэслэлтэй байна.

 

- Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн талаар:

 

Тухайн үндэслэлтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчийн хэрэгжүүлэх төсөлд түүний хөрөнгө оруулалттай холбоотой асуудал болон Зийн чөлөөт бүс, ложистикийн төв байгуулах төсөл, хөтөлбөрүүд хамааралгүй бөгөөд, уг газар дээр хийгдсэн ямар ч үйл ажиллагаа байхгүй нь шүүхээс тухайн газарт хийсэн үзлэгээр тогтоогдож байгаа гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх боловч нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны акт дахь түүний ашиглаж байсан газарт анх зохион байгуулагдсан төсөл сонгон шалгаруулалтаар шалгарсан төсөлд тусгагдсан байгаагаас үзвэл нэхэмжлэгч “Ф”  ХХК нь БНХАУ-ын “Т” групптэй хамтарснаар ямар нэг зээл, тусламж авахгүй 100 хувь өөрийн хөрөнгөөр, тус аймгийн З сумыг хилийн гол боомт болохын хувьд газар зүйн тохиромжтой уг байрлалд түшиглэн Улсын Их Хурлаас 2004 оны 17 дугаар тогтоолоор “З” эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулсантай холбогдон тус суманд эдийн засаг болон бизнесийн таатай нөхцөл байдал үүссэнд тулгуурлан З суманд Мод үржүүлгийн газар, жимс, жимсгэнэ, чацарганы тариалалт, Цэвэр усны үйлдвэр, Сүү боловсруулах үйлдвэр, Оёдлын үйлдвэр, Барилгын материалын үйлдвэр барьж байгуулах чиглэлээр Хөнгөн үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх /1-р хх-ийн 80-82, 85-159-р хуудас/-ээр зорьжээ.

Дээрх төслөөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбар /1-р хх-ийн 232-235-р хуудас/, түүнд хавсарган ирүүлсэн нотлох баримт болох Дорноговь аймгийн Засаг даргаас 2012 оны А/503 дугаар захирамжаар батлан гаргасан “Дорноговь аймагт үйлдвэр хөгжүүлэх дэд хөтөлбөр /201-2021/” дэх “Сайншанд” аж үйлдвэрийг дагалдан хөгжүүлэх жижиг, дунд үйлдвэрүүдийг сумын хөгжлийн бүсчлэлээр хөгжүүлэхээр тусгасны дагуу тогтоосон “дөрөвдүгээр бүс”-д З, Эрдэнэ сумуудад эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр ложистикийг хөгжүүлэх, мөн З суманд экспортын чиглэлийн хөнгөн үйлдвэрлэлийн цогцолбор, барилгын материалын жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, Зийн боомтод экспортын зориулалттай хөнгөн үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн цогцолбор байгуулах, Экспортын баримжаатай болон импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, мөн дэд хөтөлбөрийн “Гурав” дугаар бүлэг дэх “Дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний 10.14-т “Зэд экспортын чиглэлийн хөнгөн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах” /1-р хх-ийн 243, 245, 247-250-р хуудас/-аар тус тус тусгаж баталсан үйл ажиллагаануудад нийцэж байгаагаар захиргааны зүгээс тухайн газарт зохион байгуулсан төсөл сонгон шалгаруулалт нь ЗД-ын  баталсан дээрх дэд хөтөлбөр, түүнд үндэслэл болгон баримталсан  “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2012 оны 216 дугаар тогтоол болон Улсын Их Хурал, Засгийн газраас аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр батлан гаргасан  холбогдох бусад тогтоол, шийдвэр /1-р хх-ийн 246,247-р хуудас/-ийг тухайн бүс нутагт хэрэгжүүлэх зорилгын хүрээнд явагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Уг төсөл хэрэгжих газар буюу нэхэмжлэгчийн дээрх зорилгоор ашиглахаар эзэмшиж байсан газарт шүүхийн явуулсан үзлэг /2-р хх-ийн 18-21-р хуудас/-ээр төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой хийгдсэн бүтээн байгуулалт, баригдсан барилга байгууламж байхгүй байгаагаар нэхэмжлэгчийн зүгээс тухайн газрыг бодитоор ашиглаагүй байдал тогтоогдож байгаа хэдий ч тэрээр газрыг ашиглаж эхэлсэн хугацаанд 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Геокад” ХХК-тай байгуулсан “Геодези, зураг зүйн ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ашиглаж буй газар болох З суман дахь 300 га газрын талбайн байр зүйн тоон зураглалыг хийж гүйцэтгэн, холбогдох тайланг /1-р хх-ийн 19-32-р хуудас/ гаргасан, Байгаль орчин, ногоон хөгжлийн Яамны 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт” /1-р хх-ийн 175-179-р хуудас/-ээр нэхэмжлэгчийн хэрэгжих төсөлд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэнээр нарийвчилсан үнэлгээ хийх үндэслэл, хуваарь, чиглэлийн дагуу 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “ЭКОТОН” ХХК-тай “Байгаль орны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тухай гэрээ” /1-р хх-ийн 17,18-р хуудас/, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Жинг Гү Юань” ХХК-тай “Барилгын материал, хаалга цонхны үйлдвэр барьж, ашиглах чиглэлээр хамтран ажиллах гэрээ” /1-р хх-ийн 60,61-р хуудас/, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “АТТА ЧР” ХХК-тай “Бетон зуурмагийн үйлдвэр байгуулах төсөлд хамтран ажиллах гэрээ” /1-р хх-ийн 58,59-р хуудас/ зэргийг тус тус байгуулан төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай урьдчилсан нөхцөлүүдийг хэрэгжүүлж эхлэн ажиллаж байсан байна.

Гэтэл хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/406 дугаар захирамжаар нэхэмлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгч “Ф”  ХХК-ийн хэрэгжүүлэх төсөл цаашид хэрэгжих боломжгүй болжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх захирамжаар түүний ашиглаж байсан газрыг хүчингүй болгосон нэг үндэслэл болох тухайн газрыг 2 жил дараалан ашиглаж чадаагүй болох үндэслэлээ түүний ашиглаж байсан газартай хил залгаа газарт хэрэгжих Азийн хөгжлийн банктай байгуулсан санхүүжилтийн гэрээний дагуу хийгдэх “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх” төслийн хүрээнд баригдах авто гүүрэнд түшиглэж тус компанийн тээвэрлэлтийн асуудал шийдэгдэх байсантай салшгүй уялдаа холбоотой, нөгөө талаар 2016 оны Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой үүссэн улс төрийн нөхцөл байдал буюу тухайн газартай холбоотойгоор газрын наймаа хийсэн мэтээр худал мэдээ, мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараагдсанаас хамтран ажиллахаар төлөвлөсөн хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, хөрөнгө оруулалт зогссон зэрэг өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэн, тайлбарлаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан үзлэг хийлгэх тухай хүсэлтийн дагуу, уг хүсэлтэд дурдагдсан нэр бүхий цахим хаягуудад хийсэн  шүүхийн үзлэг /2-р хх-ийн 64-66-р хуудас/-ээр тухайн хаягуудад бичигдсэн нийтлэлүүдэд нэхэмжлэгч “Ф”  ХХК-ийн нэр болон түүний ашиглаж байсан 300 га газрын талаар дурдагдсан байдал тогтоогдож байх бөгөөд гэтэл үүний улмаас нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан төсөл хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчдын зүгээс нэхэмжлэгчид үл итгэх байдал үүсэж, улмаар хөрөнгө оруулахаас татгалзсан нөхцөл байдал бий болсныг үгүйсгэхээргүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн ашиглаж байсан тухайн газрыг байрлалын хувьд дээр дурдсан “Дорноговь аймагт үйлдвэр хөгжүүлэх дэд хөтөлбөр /201-2021/” дэх З суманд тээвэр ложистикийн цогцолбор төв байгуулах /1-р хх-ийн 249-р хуудас/-аар тусгагдсаны дагуу хийгдэх Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл” /1-р хх-ийн 65-р хуудас/ хэрэгжих газрын зүүн талд, тус газартай хил залгаа олгохоор анх төлөвлөж, улмаар энэ дагуу шийдвэрлэж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан 2012 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө /1-р хх-ийн 201, 206, 2-р хх-ийн 77,78-р хуудас/-нүүд болон нэхэмжлэгчид уг газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн ЗД-ын  2012 оны А/571 дүгээр захирамж /1-р хх-ийн 11,12,184/-д зааснаар тогтоогдож байх ба үүний дагуу нэхэмжлэгчийн хэрэгжүүлэх  “Хөнгөн үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл”-ийн хүрээнд хийгдэх үйл ажиллагаа нь түүний зүгээс Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй дээрх төсөлд түшиглэн, харилцан уялдаа холбоотой хэрэгжихээр төлөвлөгдөж, улмаар нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар тухайн төслийн хүрээнд хэрэгжих үйл ажиллагаа нь бүрэн хийгдэж дуусаагүй байдал нөлөөлсөн байж болохоор байна.

Иймд дээрх нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн хувьд тухайн газраа хуульд заасан хугацаанд, гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүйд хүргэсэн хүндэтгэн үзэх шалтгаан байж болох үндэслэлтэй байх бөгөөд харин хариуцагчийн зүгээс түүний газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүй” гэх нөхцөл байдлыг хэрхэн нягтлан шалгаж, тогтоосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Гэтэл хариуцагч нь доор тогтоогдож буй үндэслэл болох шийдвэр гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс буюу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн зүгээс тайлбар, санал гаргах боломж олгоогүйгээс нэхэмжлэгч нь газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүйд хүргэсэн дээрх хүндэтгэн үзэх шалтгааны талаар шийдвэр гаргахаас өмнө холбогдох нотлох баримт, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгч, зохих тайлбарыг гаргаж чадаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгчээс маргаж буй захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжилж буй нэг үндэслэл болох хариуцагчаас шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Захиргааны Ерөнхий хуульд заасан журмыг баримтлаагүй гэх үндэслэлийн талаар:

 

Хариуцагчийн гаргасан А/406 дугаар захирамж дахь нэхэмжлэгчийг буруутгасан Газрын тухай хуульд заасан үндэслэл тус бүрээр тогтоогдож байгаа дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч “Ф”  ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй буруутай болох нь тогтоогдож байгаа хэдий ч хариуцагчаас тухайн үндэслэлээр болон хуульд заасан бусад үндэслэл болох газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захиргааны актыг батлан гаргахын өмнө хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ... г  батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг  тайлбар, санал гаргах боломжоор хангаж байсан болон мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан сонсох ажиллагааг, уг хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан, түүнчлэн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3-т заасан сонсох ажиллагааны мэдэгдлийг мөн зүйлийн 27.3.2-т зааснаар “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт” нэг бүрчлэн  тусгаснаар мэдэгдэж, хүргүүлж байсан талаарх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Гэтэл хариуцагч ЗД-ын  газар ашиглагчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт нь нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөллийг үүсгэсэн захиргааны акт болохын хувьд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”-аар заасан зарчмын хүрээнд тухайн захиргааны шийдвэрийг гаргах ажиллагааны талаар нэхэмжлэгчид заавал урьдчилан мэдэгдэж, тайлбар, саналыг авч сонсох ажиллагаа явуулсны дараа шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлэхээр байна.

Уг асуудалтай холбогдуулан хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргаж буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн  741, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 235, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 504 тоот албан бичгүүдээр нэхэмжлэгчид гэрээнд заасан үүргээ биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг мэдэгдэх зэргээр Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг Газрын тухай хуулиар зохицуулсны дагуу хэрэгжүүлсэн хэмээн тайлбарлаж байна.

Гэтэл дээрх тайлбарт дурдагдаж буй албан бичиг /1-р хх-ийн 187, 188, 220-р хуудас/-үүдээр холбогдох этгээдээс Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлэхээс өмнө нэхэмжлэгчид зөвхөн газрын төлбөрийн асуудалтай холбогдуулан газрын төлбөрийг албан бичигт заасан хугацаанд төлөх, төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухайг мэдэгдэж байсан ба гэтэл энэ нь хариуцагчаас Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлснээс хойш хоёр сарын дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан А/406 дугаар захирамжийг батлан гаргахаас өмнө  Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан сонсох ажиллагааг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3 дахь зүйлд заасан журмын дагуу мэдэгдэхээр зохицуулсан байгаатай нийцэхгүй байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Мөн тайлбарт дурдагдаж байгаагаар хариуцагч нь сонсох, мэдэгдэх ажиллагааг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь зүйлд заасны дагуу хэрэгжүүлсэн гэж байх боловч хуулийн дээрх заалт болох 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэсэн байгаагаас үзвэл түүнд заасан мэдэгдэх ажиллагаа нь зөвхөн захирамж гарсан тухайг мэдэгдэхээр, улмаар тухайн ажиллагаа нь  захирамж гарсны дараа хийгдэхээр тус тус ойлгогдож байна.

 Гэтэл Захиргааны ерөнхий хуулиар захиргааны актыг батлан гаргахаас өмнө тухайн шийдвэрийг гаргах асуудалтай холбогдон хийгдэх сонсох ажиллагааг явуулах талаар оролцогчид мэдэгдэх асуудлыг мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар, харин захиргааны акт гарсны дараа түүнийг холбогдох этгээдэд мэдэгдэх ажиллагааг мөн хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу тус тус хэрэгжүүлэхээр зохицуулсан байгааг хариуцагчаас анхаарах нь зүйтэй байгааг, гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны акт болох А/406 дугаар захирамж гарсан тухайг мэдэгдэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй нь энэ талаар өмнө дүгнэсэн байдлаар тогтоогдож байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх байдлуудаас үндэслэн дүгнэхэд хариуцагч нь тухайн шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах сонсох ажиллагааг мэдэгдэх, явуулах үүргээ тус хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн  зүгээс захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тайлбар, саналаа гаргах эрх буюу Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх зүйлд зааснаар хэрэгжүүлэх “Оролцогчийн эрх” зөрчигдсөн байх тул хариуцагч ЗД-ын  2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/406 дугаар захирамж нь нэхэмжлэгч “Ф”  ХХК-ийн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхийг болон улмаар Газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж үзэж тухайн захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч “Ф”  ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг  хүчингүй болгосон захиргааны акт болох хариуцагч ЗД-ын  А/406 дугаар захирамжийг хүчингүй болгосноор мөн тухайн захирамжаар бүхэлд нь хүчингүй болгосон ЗД-ын  2012 оны А/571 дүгээр захирамж /түүний хавсралтын 6 дахь заалт/-ийн зөвхөн нэхэмжлэгчид холбогдох хэсэгт заасан газар эзэмших эрх хэвээр үлдэх бөгөөд харин А/571 дүгээр захирамжаар бусад иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгож шийдвэрлэсэн байсныг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 27.3.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Фамин энд гоби индастри ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар ашиглуулах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/406 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хурааамжинд 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114. 1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЦЭНД