Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 06

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 139/ШШ2017/00041 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т хариуцагдах үндсэн зээл 9600000 төгрөг, алданги 5499900 төгрөг, нийт 15099900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02  дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 8 сарын 11-ний өдөр иргэн О.Мөнхжаргалаас би 11  сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлүүлж, 2015 оны 8 сарын 12-нд *******ын эхнэр *******эд 11 сая төгрөгийг зээлж бэлнээр хүлээлгэж өгсөн. Үүнээс 1100000 төгрөгийг тухайн сарын хүүнд тооцон  хасаж надад өгсөн. 9900000 төгрөгийг хариуцагч авсан. Хүүгээ урьдчилж өгсөн л гэсэн үг. Тухайн үед аман гэрээгээр мөнгө зээлүүлсэн. Хугацаагаа хариуцагч оноос өмнө өгнө, 11 сарын 26-нд Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж үүгээр зээл маань тодорхой болно. Тэгэхээр байрныхаа зээлийг хөөцөлдөөд эргүүлээд өгнө гэж хэлээд хариуцагч мөнгө зээлсэн болно. Тэгээд 11 сард өгнө гэж авсан боловч өгөхгүй байхаар нь гэрээ байгуулсан нь зөв юм байна гэж ойлгоод 2015 оны 12 сарын 17-ны өдөр хариуцагч *******тай зээлийн гэрээ байгуулсан. Үүнийг хариуцагч хариу тайлбар гаргахдаа хүлээн зөвшөөрсөн байсан. Үүнээс өмнө нь хүүний хувьд ямар ч асуудал байхгүй. Би зөвхөн гэрээний хугацаанд нэхэмжлэл гаргасан. Нөхөр бид хоёр мөнгө хүүлж ашиг хонжоо олдог хүмүүс биш. Зүгээр л найзууддаа тусалж хүнээс мөнгө зээлж авч өгсөн. Нотариат дээр очоод хугацаагаа өөрсдөө тодорхойлдог юм байна лээ. Хариуцагчаас хэзээ өгөх боломжтой вэ гэж асуухад 6 сараас өмнө барагдуулчихсан байна байх гэж хэлсэн учраас хагас жилийн хугацаа өгсөн. 2015 оны 12 сарын 17-ноос 2016 оны 12 сарын 17-ныг хүртэл хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний хувьд хариуцагч эхний 3 сар хүртэл хүүгээ өгч байсан. Хамгийн сүүлд 3 сарын               30-нд мөнгө өгсөн байгаа. 6 сарын 11-нд 2500000 төгрөг өгсөн. Гэрээ дуусаад 7 сарын 17-н билүү 18-нд би эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаад хариуцагч тал өөрсдөө эвлэрээгүй. 10 сарын 15-ны өдөр зээл авах боломжтой болоод тал хувийг нь ч гэсэн өгнө гэж хариуцагч хэлсэн. Гэхдээ би тэр саналыг нь хүлээж аваагүй. Дараа дараачийнх нь шатанд хандана гээд татгалзсан. Тэгээд ямар ч данс хөдөлгөөгүй яваад байхаар нь би 2016 оны 11 сарын 4-нд Хаан банкнаас 16 сая төгрөгийн зээл авч уг мөнгөөрөө би хариуцагч талын өмнөөс 15990900 төгрөгийг 2017 оны 1 сарын 7-ны өдөр О.Мөнхжаргалд өгч зээлийг нь барагдуулсан. Миний өмнөх 2016 оны 12 сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлд үндсэн зээл болох 11000000 төгрөгийг 9600000 төгрөг мэт ойлгогдохоор бичсэн байна. Үүнийг задруулж харуулбал: Үндсэн зээл 11000000 төгрөг болон түүний 7,8,9,10-р сарын хүүд 4100000 төгрөг төлсөн болно. Ийм учраас хариуцагч *******аас хуульд заасан үндсэн зээлийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.2%-ийн алданги тооцож 3344000 төгрөг, үүнээс үлдсэн зөрүү мөнгө болох 755900 төгрөгийг хохирлоор гаргуулж өгнө үү. Учир нь нэхэмжилсэн 15099900 төгрөгийн нийт дүнд өөрчлөлт ороогүй болно гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 8 сарын 12-нд эхнэр бид хоёр байранд орох гээд урьдчилгаа мөнгө хайж байсан. Эхнэр бид хоёр нэхэмжлэгчтэй найз, нөхөд байгаа юм. Тэгээд 12-ны өдөр манай эхнэр ******* нь нэхэмжлэгч дээр очиж 11 сая төгрөгийг зээлсэн байсан. Мөнгө зээлэхэд би байгаагүй. 11 сая төгрөгөөсөө 1100000 төгрөгийг хүүнд нь суутгаад бэлнээр 9900000 төгрөгийг авсан. Хугацаандаа хүүг нь төлж байсан. Нэхэмжлэгч надтай 2015 оны 12 сарын 17-нд 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар анх 8 сард авсан зээлийн үнийн дүн болох 11 сая төгрөгөн дээр нөхөж гэрээ байгуулсан. 6 сард 2500000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхдөө үндсэн мөнгөнөөс хасаад өгөөрэй гэж өгсөн. Тэгээд эхнэр бид хоёр нийт 8800000 төгрөгийг хүүнд нь өгчихсөн байгаа юм. 7 сард эвлэрүүлэн зуучлагчаар ороод хугацаан дээрээ тохиролцож чадаагүй учраас нэхэмжлэгч дараачийн шатанд нь өргөдөл гаргана гээд гарсан. Нэхэмжлэгчид хүүнд 8800000 төгрөг, үндсэн зээлд 2500000 төгрөг, нийт 11300000 төгрөг төлсөн учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

 

Анхан шатны шүүх:

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 9600000 төгрөг, алданги 5499900 төгрөг, нийт 15099900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх ******* миний нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан, хэт нэг талыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөнгө зээлсэн асуудалд эхнэр, нөхөр хоёр, хоёулаа холбоотой, зээлсэн мөнгийг хоёулаа хэрэглэсэн байхад шүүх нэгээр нь гэрчлүүлж шийдвэр гаргаж байгаа нь зальтай хүмүүсийг өөгшүүлсэн шударга бус явдал боллоо. ******* нь мөнгийг эхнэр ******* авсан гэдгийг хэлсээр байхад шүүх мөнгийг *******т шилжүүлээгүй гэсэн дүгнэлт  хийсэн нь буруу дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгч нь 2015 онд 11000000 төгрөгийг *******т бодитоор шилжүүлж өгсөн гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэсэн мөртлөө *******, ******* нар мөнгө төлсөн гэдгийг юугаар нотолж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн мөнгө авсан нэг гэр бүлийн хүмүүсийн  нэгээр нь гэрчлүүлж, гэрчийн мэдүүлгийг үндэслэж шийдвэр гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15.099.900 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Г.Чагнаадоржийн Хаан банктай хийсэн барьцаат зээлийн гэрээ, Хаан банкны зарлагын мэдүүлэг, 2015 оны 8 сарын 11-ний өдөр *******, Мөнхжаргал нарын хооронд бичгээр үйлдэгдсэн баримт зэрэг нотлох баримтыг үндэслэсэн бөгөөд шүүх хуралдааны үед шинжлэн судалсан тухай хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Давж заалдах шатны шүүхийн нотлох баримт шинжлэн судлах ажиллагааны явцад нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 7 хуудас бүхий нотлох баримтыг шинжлэн судлуулах хүсэлт гаргасны дагуу уг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд энэ баримтууд дотроос 2015 оны 8 сарын 11-ний өдөр *******, Мөнхжаргал нарын хооронд бичгээр үйлдэгдсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа нь тогтоогдов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж Давж заалдах шатны шүүхээс дүгнэх эрх зүйн боломжгүй байна.

Нэхэмжлэгч *******тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу, гэрээний нэг талын үүргийн зөрчлөөс учирсан хохирлыг арилгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээ *******, ******* нарт Мөнхжаргал гэгчээс 10 хувийн хүүтэй мөнгийг өөрийн нэрээр зээл авч өөрөө хохирсон талаар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа  удаа дараа дурдсан байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтыг үзлэг хийлгэж шаардлагаа нотлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Гэтэл хүсэлтээр хийгдэх ажиллагаа нь тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн  шүүгчийн захирамжийн үндэслэл нь тодорхойгүй байна.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Нэхэмжлэгч ******* нь *******, түүний эхнэр ******* нартай 11 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, ... төгрөгийг тус тус төлсөн ... зохигчдын тайлбар давхар гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.“ гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг маргааны бодит байдлыг тогтоох, түүнтэй холбоотой үйл баримтыг мэдэх хэн ч гэрч байж болох боловч шүүхээр хянан хэлэлцэгдэж буй хэрэгт гэрч ямар нэгэн сонирхолгүй байх ёстой.

Гэтэл гэрээ хэлцлийн нэг тал буюу зээлдэгч болсон этгээдийг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, уг гэрчийн мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргадаг, нэхэмжлэгч тал гэрээний үүргийн гүйцэтгэл эсхүл гэрээг зөрчсөнөөс учирсан хохирлын алийг шаардаад байгаа нь тодорхой бус байхад эдгээр үйл баримтанд шүүхээс дүгнэлт хийлгүй, шаардлагыг тодруулалгүй шийдвэрлэсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан гэрээ байгуулагдсан гэж үзсэн атлаа нэхэмжлэгч ямар үндэслэлээр  шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд маргааны үйл баримт тодорхойгүй, анхан шатны шүүхээс гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, залруулж шийдвэрлэх эрх зүйн боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дугаар сарын 31-ний өдрийн 139/ШШ2017/00041 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233450 / хоёр зуун гучин гурван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Т.БЯМБАЖАВ

                    ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР

                                                              Ц.ОТГОНЦЭЦЭГ