Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2022/0359

 

“М и” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнэ,

Нэхэмжлэгч: “М и” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “М и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах“,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2021/0557/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “М и” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “М и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “М и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл “М и” ХХК нь 16 давхар барилгын ажил эрхлэхээр төлөвлөсөн байгааг анхан шатны шүүх газрыг ашиглахын тулд тодорхой үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байна, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж болох нөхцөлүүдийг заасан бөгөөд хуулийн 12 дугаар зүйлд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 16 давхар орон сууцны барилга барихыг хориглосон болно.

Гэтэл анхан шатны шүүх “Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх” гэрээ, “Х” ХХК-тай байгуулсан гэрээ, “Э” ХХК-тай байгуулсан гэрээ, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ГБМЗХ2020/28-004 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт зэргийг харгалзаж үзээд зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, дээрх баримтуудаар 16 давхар барилгын ажил гүйцэтгэх нь тодорхой харагдах бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөгдөх дэглэмд нийцэхгүй гэдэг нь тодорхой харагддаг.

Мөн газар ашиглах гуравласан гэрээний 2.3-д төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдөр төлнө гэж заасан ба Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16/2286 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтаас хугацаандаа төлсөн биш нөхөж төлсөн байдаг. Хэдийгээр газрын төлбөрийн үлдэгдэлгүй байгаа хэдий ч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөх гэсэн нөхцөлийг хангахгүй юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалаар “М и” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газарт 5 жилийн хугацаатайгаар газар ашиглах эрх олгосон ба сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “М и” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүйд тооцож, буцаж 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр газар ашиглах эрхийг сэргээсэн. Үүнээс нэхэмжлэгч газар ашиглах эрх авсан өдрөөс эхлэн дээр дурдсан түр хугацаанд хүчингүй болсон 5 сараас бусад хугацаанд буюу 3 жил 2 сарын хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглах эрхтэй байсан. Иймд шүүх холбогдох нотлох баримтыг буруу үнэлсэн бөгөөд хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 189 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “М и” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “М и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргажээ.

2.Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/59 дүгээр тушаалаар нэхэмжлэгч компанид Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд, 3.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгож, газар ашиглах гэрчилгээг[1] олгосон байна.

3.Уг газар ашиглах эрхийг  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон.

4.Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/819 дүгээр тушаалаар[2] “А/355 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрч газар ашиглах эрхээ хуульд нийцүүлэн авах албан хүсэлт ирүүлсэн” үндэслэлээр маргаан бүхий Арцатын аманд байрлах 3.5 га газрыг “аялагч, зөвшөөрөл бүхий бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалтаар “М и” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээж шийдвэрлэжээ.

5.Харин маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар[3] “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “М и” ХХК-ийн Арцатын аманд байрлах 3.5 га газрыг ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

6.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж,

Газрын тухай хуулийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж,  

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.  

7.Нэхэмжлэгч компаниас маргаан бүхий Арцатын аманд байрлах 3.5 газрыг ашиглах эрхийг анх авсан 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс хойш “Х” ХХК, “Ашид талст” ХХК, “Э” ХХК, “Б” ХХК-тай хамтран аялал жуулчлалын цогцолбор барихаар “В” ХХК-тай “Зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх” гэрээ[4], “ХХХК-тай “Ажил гүйцэтгэх” гэрээ, “Э” ХХК-тай “Хөрөнгө оруулж хамтран ажиллах” гэрээг[5] байгуулж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт[6] гаргуулж, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний ажлын тайланг[7] эрх бүхий этгээдээр батлуулсан.

Мөн хариуцагчаас нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг сэргээснээс хойших буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш маргаан бүхий акт гарсан 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх 1 жил 2 сар гаруйн хугацаанд бусад “Х” ХХК, “А” ХХК, “Э” ХХК, “Б” ХХК-тай хамтран аялал жуулчлалын цогцолбор барихаар “барилгын ажлын зөвшөөрөл /2020.04.28/[8], архитектур төлөвлөлтийн даалгавар /2020.06.26/[9], аялал жуулчлалын цогцолбор загвар зураг[10], цахилгааны дэд өртөө барьж байгуулсан, барилгын материалуудыг хадгалах, барилгын ажилтнуудын хоол хийх, хувцас солих зорилгоор чингэлэг /контейнер/-үүд байрлуулсан болох нь шүүхээс хийсэн газрын үзлэг[11], сансрын зургууд[12], бусад баримтуудаар тогтоогдож байна.

8.Эдгээр нэхэмжлэгч компаниас өөрийн ашиглах эрхтэй газар дээрээ байгаль орчны болон барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, зураг төсөл, техникийн нөхцөлүүдийг эрх бүхий байгууллагаас гаргуулсан, цахилгааны дэд өртөө барьж байгуулсан зэрэг нэхэмжлэгчид ач холбогдолтой бодит нөхцөл байдлыг хариуцагч захиргаанаас судлан тогтоолгүйгээр “газраа хоёр жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-т заасныг зөрчсөн, хуульд нийцээгүй шийдвэр болжээ.

9.Түүнчлэн, нэхэмжлэгч компани нь  газар ашиглах эрхийн гэрчилгээнд заасан “аялал жуулчлалын зориулалт”-аар барилга байгууламж барихаар төлөвлөж, уг төлөвлөлтийн дагуу ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь дээр дурдсан хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй гэж ... хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ... баримтуудаар 16 давхар барилгын ажил гүйцэтгэх нь тодорхой харагдах бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөгдөх дэглэмд нийцэхгүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

10.Дээрхээс гадна “М” ХХК-иас Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны дансанд “газрын төлбөр” нэрээр төлсөн төлбөрийн даалгаврууд[13]  болон  “М” ХХК-иас газрын төлбөр төлсөн талаарх Монголын татварын албаны цахим сангаас авсан төлбөрийн баримтууд[14]-аас үзэхэд нэхэмжлэгч компани нь маргаан бүхий акт гарахаас өмнө газрын төлбөрийг хугацаандаа төлж байсан гэдэг нь тогтоогдов.

Мөн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 16/2286 дугаар албан бичиг[15], 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №820200343 дугаар Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар[16] нэхэмжлэгч “М и” ХХК нь 2017, 2018, 2019, 2020 оны газрын төлбөрийг бүрэн төлсөн, газрын төлбөрийн үлдэгдэлгүй болох нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлээр хүчингүй болгосон маргаан бүхий акт нь мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-т заасныг зөрчсөн, хуульд нийцээгүй бөгөөд “газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй байна.

11.Дүгнэхэд, хэрэгт авагдсан баримтуудаас маргаан бүхий А/79 актаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон “үйл ажиллагаа явуулаагүй”, “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, “газрын төлбөрөө хугацаанд бүрэн төлөөгүй” зэрэг үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгч компаниас газраа ашиглахаар “байгаль орчны болон барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн, зураг төсөл, техникийн нөхцөлүүдийг эрх бүхий байгууллагаас авсан, цахилгааны дэд өртөө барьж байгуулсан, газар дээрээ барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа” бодит нөхцөл байдлыг судлан тогтоолгүйгээр ашиглалтын газар дээр үйл ажиллагаа явуулаагүй, газраа хоёр жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзсэн,

 Мөн нэхэмжлэгч компаниас “газрын төлбөрөө хугацаандаа, бүрэн төлсөн” нөхцөл байдлыг судлан тогтоолгүйгээр газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэж үзсэн нь тус тус “захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, нэхэмжлэгчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох” хуулиар хүлээлгэсэн үүргээ хариуцагч захиргаанаас  биелүүлээгүй, хуульд нийцээгүй акт гаргасан бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

12Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий А/79 дүгээр тушаалын нэхэмжлэгч “М и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт маргааны үйл баримтад холбогдох хуулийн заалтыг оновчтой, зөв хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дүгээр сарын 16-ны өдрийн 189 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “М и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн А.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 9 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 21 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 94 дэх тал                                                                                     

[4] Хэргийн 1 дүгээр хавтас 152-154 дэх тал

[5] Хэргийн 1 дүгээр хавтас 238 дахь тал

[6] Хэргийн 1 дүгээр хавтас 239, 240 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 42-79 дэх тал

[8] Хэргийн 1-р хавтас 156 дахь тал

[9] Хэргийн 1 дүгээр хавтас 157 дахь тал

[10] Хэргийн 1 дүгээр хавтас 173-184 дэх тал

[11] Хэргийн 1-р хавтас 200-213 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 217-220 дахь тал

[13] Хэргийн 1-р хавтас 24-26 дахь тал

[14] Хэргийн 1-р хавтас 27-40 дэх тал

[15] Хэргийн 1-р хавтас 150 дахь тал

[16] Хэргийн 1-р хавтас 236 дахь тал