Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01529

 

Ш Е СШ Е Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00663 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1179 дүгээр магадлалтай,

Ш Е СШ Е Сийн нэхэмжлэлтэй

Ж.Цхолбогдох

2015 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн түрээсийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, тус гэрээнүүдийг хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамцын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхмандах, түүний өмгөөлөгч У.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Э.Золбоо нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мөнхмандах нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийгөө Амрита клубын эзэн буюу өмчлөгч Д.Батцэнгэлээс итгэмжлэлтэй, уг клубыг түрээслэх эрхтэй гэж итгүүлэн түрээсийн гэрээ хийж, 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 293 дугаартай Ж.Ц гэх өөрийн танил нотариатчаар түрээсийн гэрээний үнэн зөвийг гэрчлүүлсэн. Ш Е Сд ямар учиртай гэрээ болохыг ойлгуулаагүй, танилцуулаагүй гэрээг батлахдаа орчуулагч оролцуулаагүй. Мөн Д.Мөнхмандах нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээг байгуулахдаа Д.Батцэнгэлээс 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлийг үндэслэн гэрээ байгуулсан бөгөөд уг итгэмжлэлд үл хөдлөх хөрөнгийг түрээслэх эрхийг олгоогүй байхад нотариатч түрээсийн гэрээг баталсан нь хууль бус үйлдэл болсон. Иймд 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээ хууль бус болохыг тогтоон хүчингүйд тооцож өгнө үү. Амрита клубт бүтэн нэг жилийн хугацаанд 699 730 800 төгрөгийн засвар үйлчилгээ хийж дууссаны дараа Д.Мөнхмандах нь энэ хууль бус гэрээг үндэслэн түрээсийн төлбөрөө хугацаа алдаж хоцроосон гэх нэрийдлээр үйл ажиллагаа явуулж байхад 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүч түрэн дайран орж ирэн үйл ажиллагааг зогсоосон. Ингэхдээ клубт үйл ажиллагаа явуулахаар татсан байсан хоол хүнс, архи, пиво зэрэг эд хөрөнгө, мөн түрээсээр ашиглаж байсан тоног төхөөрөмж, техник зэргийг авч хохироон өнөөдрийг болтол буцаан төлөөгүй. Харин өөрсдөө ашиглаж ашиг олох болсонд гомдолтой байна. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээг БНСУ-ын иргэн Ш Е С-тэй Д.Мөнхмандах байгуулсан гэх боловч өөрийн эгч АНУ-ын визэнд орох гэсэн чинь гэрээ хэрэгтэй байна туслаач гэж хууран мэхлэж байгуулсан бөгөөд ингэж байгуулахдаа орчуулагч мөн л байлцуулаагүй. Мөн л өөрийн танил 293 дугаартай Ж.Ц нотариатчаар батлуулсан байдаг. Иймд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээг хууль бус болохыг тогтоон хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, Ц.Одончимэг шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл бүхэлдээ худал, хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс нотариатын үйлдэл хийхдээ хууль зөрчсөн зүйл байхгүй бөгөөд талуудын хүсэл зоригийн дагуу нотариатын үйлдэл хийсэн. Нэхэмжлэгч нь нотариатчтай монгол хэлээр ярьж, бүртгэлийн дэвтэрт "монгол хэл мэддэг, сайн ярьдаг" гэх тэмдэглэлийг өөрийн гараар "монгол хэлээр" үйлдсэн. Д.Мөнхмандах ...түрээсийн гэрээ байгуулахдаа Д.Батцэнгэлээс олгосон итгэмжлэлийг үндэслэн гэрээ байгуулсан боловч тус итгэмжлэлээр үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрх олгоогүй байсан тул нотариатын үйлдэл хууль бус хэмээн тодорхойлсон байна. Итгэмжлэлээр олгосон захиран зарцуулах эрхийг үндэслэн нотариатын үйлдэл хийсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын энэхүү үндэслэл хуульд нийцээгүй байна. Хуулийн дагуу шалгах шаардлагатай асуудлыг тодруулсны үндсэн дээр нотариатын үйлдэл хийсэн тул нэхэмжлэлийн тус үндэслэл мөн хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.Д, Д.Ннарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхмандах, түүний өмгөөлөгч У.Мөнхбат нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш Е Сээс өмнө "Амрита" клубыг н.Ганзориг гэх залуу түрээслэн хэвийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд түүний хүсэлтээр Ш Е С-д 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түрээслүүлсэн юм. Түрээсийн гэрээний төслийг бид биш, тэр өөрөө боловсруулж, илгээсэн ба бараг тэр нөхцөлөөр нь хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан. Энэ утгаараа ямар агуулгатай, ямар нөхцөлтэй гэрээ байгуулах гэж байгаагаа тэр мэдэж байсан бөгөөд түүний хүсэл зориг хангалттай илэрхийлэгдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч манай улсад нэлээд удсан, бизнес хийсэн, монгол хэл мэддэг, чөлөөтэй ярьдаг, ойлгодог хүн. Гэтэл ямар нэг арга саам хэрэглэн түрээсийн гэрээнүүдийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Бидний хувьд нотариатчтай ойр дотно биш, харин баримт бичиг, гэрээ хэлцэл гэрчлүүлэхдээ Ж.Ц нотариатч дээр хаяа очиж хийлгэдэг. Гэхдээ хуулиар тодорхойлсон нотариатын үйлдлийг хийлгэлээ гээд танил тал, ойр дотно гэсэн үг биш болов уу. Нотариатын үйлдлийн хувьд хуульд заасан журмын дагуу гэрчилсэн гэж үзэж байна. Орчуулагч шаардлагатай эсэх талаар асуухад тэр орчуулагч шаардлагагүй, би монгол хэл мэднэ, гэрээг ойлгож буйгаа илэрхийлснээр тухайн гэрээнүүдийг нотариатч гэрчлэх үйлдлээ хийсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00663 дугаар шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасныг баримтлан Ж.Цтод холбогдох 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээнүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн Ш Е СШ Е Сийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1179 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамцын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц хяналтын гомдолдоо: шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. ...Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт итгэмжлэлд заасан “үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, шилжүүлэх, гэрээнд гарын үсэг зурах бусад захиран зарцуулах эрх” гэдэгт түрээслэх эрх хамаарахаар байна. Учир нь итгэмжлэлийн зорилго итгэмжлэлд заасан үл хөдлөх эд хөрөнгийг үр шимийг хүртэх эрхийг Д.Мөнхмандахад шилжүүлэх зорилгыг агуулсан байх тул итгэмжлэлд заагдсан үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслэх эрхийг Д.Мөнхмандахад олгосон нь үндэстэй гэснийг зөвшөөрөхгүй байна. 2013 оны 03 сарын 21 өдрийн итгэмжлэлд Д.Батцэнгэлээс эд хөрөнгийг бусдад худалдах, шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурах, бусад захиран зарцуулах эрхийг олгосон. Энэ итгэмжлэлийн утганд түрээслэх эрхийг олгоогүй байх бөгөөд түрээслэх эрхгүй этгээдтэй түрээсийн гэрээг баталсан нь Нотариатын тухай хуулийн 21.2.5-д заасан Нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлах үүргээ биелүүлээгүй. Учир нь 2013 оны 03 сарын 21 өдрийн итгэмжлэлийг мөн л Ж.Ц нотариат баталсан бөгөөд энэ итгэмжлэлээр түрээслэх эрхийг олгоогүй болохыг мэдэж байсан атал Ш Е Стэй байгуулсан 2015 оны 07 сарын 23 өдрийн түрээсийн гэрээг баталсан. Гэтэл шүүх итгэмжлэлийг тайлбарлахдаа захиран зарцуулах гэдэгт түрээслэх эрх хамаарна гэж тайлбарлахдаа Иргэний хуулийн ямар заалтыг үндэслэн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй. Мөн Нотариатын тухай хуулийн 25.1.1 заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй нэг талыг барьж итгэмжлэлийг шүүх тайлбарлаж байгаад гомдолтой байна. Шүүх 2018 оны 03 сарын 26-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хүсэлтээр С.Ганзоригийг гэрчээр асуухад Ш Е С-г Монгол хэлээр сайн ярьдаг гэж мэдүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ш Е С-ийн гомдлын дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрч С.Ганзоригийг шалгаж байгаа тул шүүхэд үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгсөн. С.Ганзориг нь БНСУ-ын иргэн Ш Е Стэй хувийн өс хонзонтой, үнэн зөв мэдүүлэг өгөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд Ш Е Сийн орчуулагчаар томилогдон оролцож байсан орчуулагч Г.Одгэрэлийг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргахад шүүх хүсэлтийг хүлээн аваагүй нь ИХШХШТХуулийн 25.1.3 заасан эрхийг зөрчсөн. Гэрч Г.Одгэрэл нь хэрэгт чухал ач холбогдолтой гэрч байсан болно. 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээний төслийг нэхэмжлэгч Ш Е С-ын өөрийн хамаарал бүхий Ч.Оюунгэрэлийн фейсбүүк хаягаас Д.Мөнхмандахын фейсбүүк хаягт илгээж байсан болох нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд тэмдэглэгдсэн байна гэснийг зөвшөөрөхгүй. Ч.Оюунгэрэл гэх хүнийг нэхэмжлэгчтэй хамаарал бүхий хүн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ч.Оюунгэрэлийг хамааралтай хүн болох нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүхээс хийсэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг танилцуулаагүйд гомдолтой байна. Шүүх хурал дуусаад хурлын шийдвэрийг шүүх танилцуулсны дараа шүүхийн нарийн бичиг үзлэгийн тэмдэглэлтэй танилцсан баримтанд гарын үсгээ зур гэхэд нь би танилцаагүй байж танилцсан гэж зурахгүй гэсэн. Хэрэв шүүх хурлаас өмнө энэ тэмдэглэлтэй танилцсан бол Ч.Оюунгэрэл гэх хүнээр түрээсийн гэрээг хийлгэсэн эсэх, энэ ямар харилцан хамааралтай хүн болохыг Ш Е Сээс асууж шүүх хуралд мэтгэлцэх, энэ тухай баримтыг гаргаж өгөх боломжтой байсан. Иймд гомдолтой байна. Нэхэмжлэгч Ш Е Сийн хувийн байдлыг нотариатч Ж.Ц Нотариатын тухай хуулийн 21.1.1-т “Нотариатч дараахь эрх эдэлнэ” гэж 21.1.1-т нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээд /цаашид үйлчлүүлэгч гэх У-ийг хувийн байдлыг тогтоох” гэж заасны дагуу нотариатч Ж.Ц хуулиар олгогдсон эрхийн дагуу Ш Е С-ийн хувийн байдлыг тодруулж, Монгол хэл мэддэг болохыг тодруулсан болох нь хэрэгт авагдсан нотариатын бүртгэлийн дэвтрийн 2015 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 283 бүртгэлийн дугаар, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 170 бүртгэлийн дугаар хэсгийн гарын үсэг хэсэгт Shin Eung Suek гэж бичсэний доод, дээд талд тус тус “Монгол хэл мэддэг, сайн ярьдаг” гэж тэмдэглэсэн байна. Нэхэмжлэгч энэхүү тэмдэглэсэн байдлын ар талд Ш Е Сийн гарын үсэг зурагдаагүй байгаа нь Монгол хэл мэддэг, сайн ярьдаг гэж үзэхгүй гэж тайлбарлаж байгаа боловч нотариатч Ж.Цыг Монгол хэл мэддэг сайн ярьдаг гэсний ар талд Ш Е Сээр гарын үсэг зуруулах үүрэг хуулиар хүлээлгээгүй гэсэнд гомдолтой. Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-нд Монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх бол орчуулагч, хэлмэрч оролцуулна гэж заасан. Түрээсийн гэрээ дан ганц Монгол хэл дээр үйлдэгдсэн байсан бөгөөд Ши Еунг Сүек нь БНСУлсын иргэн болох нь гадаад паспортоор нотлогдож байсан. Ши Еунг Сүек нь нас өндөр 66 настай хүн бөгөөд Монгол хэл мэдэхгүй мөн бичиж, уншиж чадахгүй. Гэтэл 2018 оны 03 сарын 05 өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: Ш Е Снь монгол хэл мэддэг, сайн ярьдаг гэх тэмдэглэлийг өөрийн гараар Монгол хэлээр үйлдсэн тул би тэдгээрийг үндэслэн нотариатын үйлдэл хийсэн гэсэн тайлбарыг өгсөн. Харин шүүх хуралдаан дээр уг бичвэрийг нотариат өөрөө бичсэн гэхчилэн зөрүүтэй тайлбарыг өгөхөд шүүх хэргийг эргэлзээгүй үнэн шударгаар шийдвэрлээгүй, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Ш Е Сэнэхүү бичвэрийг бичээгүй. Нэхэмжлэгч Ш Е Снь түрээсийн гэрээг нотариатч Ж.Ц дээр очиж гэрчлүүлэх үед орчуулагч олон газар ажилладаг, ажилтай байсан тул тухайн үед хамт байгаагүй орчуулагчгүй очсон гэж тайлбарлаж байгаагаас үзвэл нотариатч Ж.Ц нь Нотариатын тухай хуулийн 32.1-т Үйлчлүүлэгч хэлгүй дүлий, эсхүл монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулна. Үйлчлүүлэгч нь орчуулагч /хэлмэрч/-ийг өөрөө сонгоно гэж заасныг зөрчөөгүй байна гэсэнд гомдолтой. Энэхүү заалт нь орчуулагчийг сонгох эрхийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл бүсад оролцогчийн сонгосон орчуулагч бус өөрийн сонгосон орчуулагчийг оролцуулж болно. Харин орчуулагч оролцуулж батлах үүрэг нь нотариатад байна. Хэрэв Монгол хэл мэдэхгүй атал орчуулагчгүй бол гэрээг Нотариатын тухай хуулийн 31.1.6-д заасны дагуу татгалзах ёстой атал нэг талын эрхийг зөрчин гэрээг баталсанг шүүх зөвтгөж байгааг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ш Е СМонгол хэл мэддэггүй, зөвхөн Солонгос хэл мэддэг байсан байдлаа Нотариатын тухай хуулийн 32.4-т Үйлчлүүлэгч гарын үсгээ өөрийн мэддэг хэл дээр зурж болно гэсний дагуу түрээсийн гэрээнүүдэд Солонгос хэлээр гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа боловч гэрээнд гарын үсэг зурагдсан хэлийг зөвхөн нэхэмжлэгчийн мэддэг хэл гэж үзэх боломжгүй. Учир нь гэрээнүүдэд зурагдсан нэхэмжлэгчийн гарын үсэг нь аль улсын хэлээр бичигдсэн эсэх нь тодорхойгүй мөн нэхэмжлэгч Ш Е Сийи гарын үсгээр нь зөвхөн солонгос хэл мэддэг гэж тогтоох үндэсгүй ба гарын үсэг зурагдсанаар тухайн нэхэмжлэгчийн ямар хэл мэддэг эсэх, тухайн хэлийг эзэмшсэн түвшин зэргийг тогтоох бололцоо байхгүй гэсэнд гомдолтой. Нотариат ч мөн адил Ши Еунг Сүекийн Монгол хэлний түвшинг сайн мэддэг гэж тогтоохгүй. Харин Монгол хэл мэдэх түвшинг нотолсон баримтыг хавсарган гэрээг Монгол хэл дээр баталж, үүнийг нотолсон баримт байхгүй бол орчуулагч оролцуулах, орчуулагч байхгүй бол гэрээг батлахаас татгалзах үүрэгтэй байсан. Шүүх хуралдааны явцад шүүгч энэ хэрэгт хувийн байдлаар хандаж хэргийг үнэн бодитой шийдвэрлэх боломжгүй байдал тогтоогдсон учир шүүгчээс татгалзах хүсэлтийг ИХШХШТХ-н 92.1 заасны дагуу гаргахад шүүгч татгалзаж байгаа хүсэлтийг хүлээн авахгүй, мөн татгалзаж байгаа үндэслэлийг ч сонсохгүй зөвхөн тайлбар хэл, хуралдааны дэг барихгүй бол хурлын танхимаас гаргана гэж шүүгчээс татгалзсанг хэлэлцээгүй шүүх хурлыг хийж шийдвэр гаргасанд гомдолтой. Хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан. Гэрч оролцуулах хүсэлтийг ч хүлээн аваагүй, үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгтэй танилцуулаагүйд гомдолтой. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нотариатын тухай хуулийн 25.1.1 заалтын баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд дээрхи үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан боловч давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэн хянахдаа анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ гэж үзсэн байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ магадлалын хянавал хэсэгт: Мөн нэхэмжлэгч нь монгол хэл мэддэг болох нь гэрчийн шүүхэд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн хувийн байдлыг нотариатч Ж.Ц Нотариатын тухай хуулийн 21.1.1-т заасны дагуу тодруулж, нотариатын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэсэн байгааг хариуцагч няцааж чадаагүй байна гэсэнг хүлээн зөвшөөрөхгүй энэ нь хэрэглэвэл зохих хуулийн хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүх 2018 оны 03 сарын 26-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хүсэлтээр С.Ганзоригийг гэрчээр асуухад Ш Е С-г Монгол хэлээр сайн ярьдаг гэж мэдүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ш Е С-ийн гомдлын дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрч С.Ганзоригийг шалгаж байгаа тул шүүхэд үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгсөн. С.Ганзориг нь БНСУ-ын иргэн Ш Е Стэй хувийн өс хонзонтой, үнэн зөв мэдүүлэг өгөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд Ш Е Сийн орчуулагчаар томилогдон оролцож байсан орчуулагч Г.Одгэрэлийг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргахад шүүх хүсэлтийг хүлээн аваагүй нь ИХШХШТХуулийн 25.1.3 заасан эрхийг зөрчсөн. Гэрч Г.Одгэрэл нь хэрэгт чухал ач холбогдолтой гэрч байсан болно. 2018 оны 03 сарын 05 өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: Ш Е Снь монгол хэл мэддэг,сайн ярьдаг гэх тэмдэглэлийг өөрийн гараар Монгол хэлээр үйлдсэн тул би тэдгээрийг үндэслэн нотариатын үйлдэл хийсэн гэсэн тайлбарыг өгсөн. Харин шүүх хуралдаан дээр уг бичвэрийг нотариат өөрөө бичсэн гэхчлэн зөрүүтэй тайлбарыг өгөхөд шүүх хэргийг эргэлзээгүй үнэн шударгаар шийдвэрлээгүй, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Ш Е Сэнэхүү бичвэрийг бичээгүй. Нотариатын тухай хуулийн 32.1-нд Монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх бол орчуулагч ,хэлмэрч оролцуулна гэж заасан. Түрээсийн гэрээ дан ганц Монгол хэл дээр үйлдэгдсэн байсан бөгөөд Ши Еунг Сүек нь БНСУлсын иргэн болох нь гадаад паспортоор нотлогдож байсан. Ши Еунг Сүек нь нас өндөр 66 настай хүн бөгөөд Монгол хэл мэдэхгүй мөн бичиж, уншиж чадахгүй. Нотариатч нотариатын үйлдэл хийхдээ хууль зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй. Үзлэг хийх ажиллагаанд хэргийн оролцогч ирээгүй байх нь үзлэг хийхгүй байх үндэслэл болохгүйгээс гадна үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад хөндлөнгийн гэрч оролцуулсан, уг ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэх үндэслэлгүй. Түрээсийн зүйлийг нэхэмжлэгч 2 жил орчин эзэмшин ашиглаж, үйл ажиллагаа явуулсан зэргээс үзэхэд ямар агуулгатай гэрээ байгуулснаа ойлгоогүй, монгол хэл мэдэхгүй хүнийг очуулагчаар хангахгүй хууль зөрчиж нотариатын үйлдэл хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн байна энэ нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 2015 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн түрээсийн гэрээний төслийг нэхэмжлэгч Ш Е С-ын өөрийн хамаарал бүхий Ч.Оюунгэрэлийн фейсбүүк хаягаас Д.Мөнхмандахын фейсбүүк хаягт илгээж байсан болох нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд тэмдэглэгдсэн байна гэж үзсэнийг зөвшөөрөхгүй Ч.Оюунгэрэл гэх хүнийг нэхэмжлэгчтэй хамаарал бүхий хүн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ч.Оюунгэрэлийг хамааралтай хүн болох нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүхээс хийсэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг танилцуулаагүйд гомдолтой байна. Шүүх хурал дуусаад хурлын шийдвэрийг шүүх танилцуулсны дараа шүүхийн нарийн бичиг үзлэгийн тэмдэглэлтэй танилцсан баримтанд гарын үсгээ зур гэхэд нь би танилцаагүй байж танилцсан гэж зурахгүй гэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц би туршилт хийсэн тэмдэглэлтэй танилцаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж шүүх хуралдаанд оролцох эрхтэй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4 дэхь хэсэгт заасан Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн заалтыг зөрчиж гомдолд дурдсан үндэслэлүүдийг хянахгүйгээр зарим үндэслэлүүдийг орхигдуулан магадлал гаргасан байна. Шүүх хуралдааны явцад шүүгч энэ хэрэгт хувийн байдлаар хандаж хэргийг үнэн бодитой шийдвэрлэх боломжгүй байдал тогтоогдсон учир шүүгчээс татгалзах хүсэлтийг ИХШХШТХ-н 92.1 заасны дагуу гаргахад шүүгч татгалзаж байгаа хүсэлтийг хүлээн авахгүй, мөн татгалзаж байгаа үндэслэлийг ч сонсохгүй, хуралдааны дэг барихгүй бол хурлын танхимаас гаргана гэж шүүгчээс татгалзсанг хэлэлцээгүй шүүх хурлыг хийж шийдвэр гаргасанд гомдолтой байгаа. Хуулиар олгогдсон эрхийг хязгаарлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.3, 92.4, 92.5-ийг зөрчиж шийдвэр гаргасан, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг асуудалаар гомдол гаргахад хянахгүй орхигдуулсан байна. Гэрч оролцуулах хүсэлтийг ч хүлээн аваагүй, үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгтэй танилцуулаагүйд гомдолтой байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нотариатын тухай хуулийн 25.1.1 заалтын баримталсан нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ш Е С нь хариуцагч  Ж.Ц холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгуулах, дээрх гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо хариуцагч нь гэрээний учир холбогдлыг тайлбарлаж өгөөгүй, орчуулагчаар хангаагүй, Д.Мөнхмандахад Д.Батцэнгэлээс олгосон итгэмжлэлд үл хөдлөх хөрөнгийг бусдад түрээслэх эрх олгоогүй байхад нягтлан шалгахгүйгээр гэрээг байгуулах эрхтэй гэж үзэж, гэрээг гэрчилсэн гэж буруутгасан байна.

Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 2-д зааснаар “талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг нотариатч нягтлан шалгаж, гэрээг гэрчлэх үүрэгтэй байна.

Ж.Ц нь Ш Е Сболон Д.Мөнхмандах нарын байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 15/02 тоот түрээсийн гэрээ, мөн Ш Е С, нөгөө талаас Д.Мөнхмандах, Д.Нандинцэцэг, Б.Д нарын байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээг нотариатын үйлдэл хийх замаар гэрчлэхдээ монгол хэлээр ярьж, ойлгодог эсэхийг тодруулсан, нэхэмжлэгч Ш Е С нь нотариатчийн бүртгэлийн дэвтэрт “монгол хэл мэддэг, сайн ярьдаг” гэх тэмдэглэлийг өөрийн гараар монгол хэл дээр бичиж өгсөн байна. Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг эзэмшилдээ авч, ашигласан, засвар хийснээс үзэхэд гэрээний агуулга, учир холбогдлыг ойлгоогүй гэж үзэх үндэслэлгүй юм. Д.Мөнхмандах нь Д.Батцэнгэлээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр түүний өмчлөлийн эд хөрөнгийг нэхэмжлэгчид түрээсэлсэн, ийнхүү түрээсэлсэн талаар өмчлөгч Д.Батцэнгэл маргаагүй, нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ. Шүүх нотлох баримтыг бодитой үнэлж чадаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчээр оролцож, хуульд заасан  үйлдэл хийж байгаа тул талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээ байгуулан, уг гэрээг гэрчлүүлж буй үйл баримт нь нотариатын үйлдлээс тусдаа харилцаа болно.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Нотариатын тухай хууль, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00663 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1179 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА