Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01179

 

Ш /S/-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00663 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш-ийн /S/нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж.Ц-т холбогдох

2015 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн түрээсийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн түрээсийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, тус гэрээнүүдийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ё, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М түүний өмгөөлөгч У.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ё шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Э.З нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийгөө Амрита клубын эзэн буюу өмчлөгч Д.Бээс итгэмжлэлтэй, уг клубыг түрээслэх эрхтэй гэж итгүүлэн түрээсийн гэрээ хийж, 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 293 дугаартай Ж.Ц гэх өөрийн танил нотариатчаар түрээсийн гэрээний үнэн зөвийг гэрчлүүлсэн. Шд ямар учиртай гэрээ болохыг ойлгуулаагүй, танилцуулаагүй гэрээг батлахдаа орчуулагч оролцуулаагүй. Мөн Д.М нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээг байгуулахдаа Д.Бээс 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлийг үндэслэн гэрээ байгуулсан бөгөөд уг итгэмжлэлд үл хөдлөх хөрөнгийг түрээслэх эрхийг олгоогүй байхад нотариатч түрээсийн гэрээг баталсан нь хууль бус үйлдэл болсон. Иймд 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээ хууль бус болохыг тогтоон хүчингүйд тооцож өгнө үү. Амрита клубт бүтэн нэг жилийн хугацаанд 699 730 800 төгрөгийн засвар үйлчилгээ хийж дууссаны дараа Д.М нь энэ хууль бус гэрээг үндэслэн түрээсийн төлбөрөө хугацаа алдаж хоцроосон гэх нэрийдлээр үйл ажиллагаа явуулж байхад 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүч түрэн дайран орж ирэн үйл ажиллагааг зогсоосон. Ингэхдээ клубт үйл ажиллагаа явуулахаар татсан байсан хоол хүнс, архи, пиво зэрэг эд хөрөнгө, мөн түрээсээр ашиглаж байсан тоног төхөөрөмж, техник зэргийг авч хохироон өнөөдрийг болтол буцаан төлөөгүй. Харин өөрсдөө ашиглаж ашиг олох болсонд гомдолтой байна. 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээг БНСУ-ын иргэн Ш-тэй Д.М байгуулсан гэх боловч өөрийн эгч АНУ-ын визэнд орох гэсэн чинь гэрээ хэрэгтэй байна туслаач гэж хууран мэхлэж байгуулсан бөгөөд ингэж байгуулахдаа орчуулагч мөн л байлцуулаагүй. Мөн л өөрийн танил 293 дугаартай Ж.Ц нотариатчаар батлуулсан байдаг. Иймд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээг хууль бус болохыг тогтоон хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, Ц.О шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлл бүхэлдээ худал, хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагчийн зүгээс нотариатын үйлдэл хийхдээ хууль зөрчсөн зүйл байхгүй бөгөөд талуудын хүсэл зоригийн дагуу нотариатын үйлдэл хийсэн. Нэхэмжлэгч нь нотариатчтай  монгол хэлээр ярьж, бүртгэлийн дэвтэрт "монгол хэл мэддэг, сайн ярьдаг" гэх тэмдэглэлийг өөрийн гараар "монгол хэлээр" үйлдсэн. Д.М ...түрээсийн гэрээ байгуулахдаа Д.Б-ээс олгосон итгэмжлэлийг үндэслэн гэрээ байгуулсан боловч тус итгэмжлэлээр үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрх олгоогүй байсан тул нотариатын үйлдэл хууль бус хэмээн тодорхойлсон байна. Итгэмжлэлээр олгосон захиран зарцуулах эрхийг үндэслэн нотариатын үйлдэл хийсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын энэхүү үндэслэл хуульд нийцээгүй байна. Хуулийн дагуу шалгах шаардлагатай асуудлыг тодруулсны үндсэн дээр нотариатын үйлдэл хийсэн тул нэхэмжлэлийн тус үндэслэл мөн хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Б.Д, Д.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, түүний өмгөөлөгч У.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш-ээс өмнө "Амрита" клубыг н.Ганзориг гэх залуу түрээслэн хэвийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд түүний хүсэлтээр Ш-д 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн түрээслүүлсэн юм. Түрээсийн гэрээний төслийг бид биш, тэр өөрөө боловсруулж, илгээсэн ба бараг тэр нөхцөлөөр нь хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан. Энэ утгаараа ямар агуулгатай, ямар нөхцөлтэй гэрээ байгуулах гэж байгаагаа тэр мэдэж байсан бөгөөд түүний хүсэл зориг хангалттай илэрхийлэгдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч манай улсад нэлээд удсан, бизнес хийсэн, монгол хэл мэддэг, чөлөөтэй ярьдаг, ойлгодог хүн. Гэтэл ямар нэг арга саам хэрэглэн түрээсийн гэрээнүүдийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Бидний хувьд нотариатчтай ойр дотно биш, харин баримт бичиг, гэрээ хэлцэл гэрчлүүлэхдээ Ж.Ц нотариатч дээр хаяа очиж хийлгэдэг. Гэхдээ хуулиар тодорхойлсон нотариатын үйлдлийг хийлгэлээ гээд танил тал, ойр дотно гэсэн үг биш болов уу. Нотариатын үйлдлийн хувьд хуульд заасан журмын дагуу гэрчилсэн гэж үзэж байна. Орчуулагч шаардлагатай эсэх талаар асуухад тэр орчуулагч шаардлагагүй, би монгол хэл мэднэ, гэрээг ойлгож буйгаа илэрхийлснээр тухайн гэрээнүүдийг нотариатч гэрчлэх үйлдлээ хийсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасныг баримтлан Ж.Цтод холбогдох 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээнүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн Ш /S/-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ё давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт итгэмжлэлд заасан “үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, шилжүүлэх, гэрээнд гарын үсэг зурах бусад захиран зарцуулах эрх” гэдэгт түрээслэх эрх хамаарахаар байна. Учир нь итгэмжлэлийн зорилго итгэмжлэлд заасан үл хөдлөх эд хөрөнгийг үр шимийг хүртэх эрхийг Д.Мад шилжүүлэх зорилгыг агуулсан байх тул итгэмжлэлд заагдсан үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслэх эрхийг Д.Мад олгосон нь үндэстэй гэснийг зөвшөөрөхгүй байна. 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлд Д.Бээс эд хөрөнгийг бусдад худалдах, шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурах, бусад захиран зарцуулах эрхийг олгосон. Энэ итгэмжлэлийн утгад түрээслэх эрхийг олгоогүй байх бөгөөд түрээслэх эрхгүй этгээдтэй түрээсийн гэрээг баталсан нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д заасан Нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлах үүргээ биелүүлээгүй. Учир нь 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэл мөн л Ж.Ц нотариатч баталсан бөгөөд энэ итгэмжлэлээр түрээслэх эрхийг олгоогүй болохыг мэдэж байсан атал Штэй байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээг баталсан. Гэтэл шүүх захиран зарцуулах гэдэгт түрээслэх эрх хамаарна гэж тайлбарлахдаа ямар заалтыг үндэслэн тайлбарласан нь ойлгомжгүй. Мөн Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй нэг талыг барьж итгэмжлэлийг шүүх тайлбарлаж байгаад гомдолтой байна. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хүсэлтээр С.Ганзоригийг гэрчээр асуухад Ш-г монгол хэлээр сайн ярьдаг гэж мэдүүлсэн. Гэтэл Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гэрч С.Ганзоригийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу шалгаж байгаа тул шүүхэд үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгсөн. С.Ганзориг нь нэхэмжлэгчтэй хувийн өс хонзонтой, үнэн зөв мэдүүлэг өгөөгүй. Шийн орчуулагчаар томилогдон оролцож байсан орчуулагч Г.Одгэрэлийг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргахад шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Гэрч Г.Одгэрэл нь хэрэгт чухал ач холбогдолтой гэрч байсан болно. 2015 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн түрээсийн гэрээний төслийг нэхэмжлэгч Ш-ын өөрийн хамаарал бүхий Ч.Оюунгэрэлийн фейсбүүк хаягаас Д.Мын фейсбүүк хаягт илгээж байсан болох нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд тэмдэглэгдсэн байна гэснийг зөвшөөрөхгүй. Ч.Оюунгэрэл гэх хүнийг нэхэмжлэгчтэй хамаарал бүхий хүн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ч.Оюунгэрэлийг хамааралтай хүн болох нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүхээс хийсэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг танилцуулаагүйд гомдолтой байна. Шүүх хурал дуусаад хурлын шийдвэрийг шүүх танилцуулсны дараа шүүхийн нарийн бичиг үзлэгийн тэмдэглэлтэй танилцсан баримтанд гарын үсэг зур гэхэд нь би танилцаагүй байж танилцсан гэж зурахгүй гэсэн. Хэрэв шүүх хурлаас өмнө энэ тэмдэглэлтэй танилцсан бол Ч.Оюунгэрэл гэх хүнээр түрээсийн гэрээг хийлгэсэн эсэх, энэ ямар харилцан хамааралтай хүн болохыг Ш-ээс асууж шүүх хуралд мэтгэлцэх, энэ тухай баримтыг гаргаж өгөх боломжтой байсан. S гэж бичсэний доод, дээд талд тус тус “монгол хэл мэддэг, сайн ярьдаг” гэж тэмдэглэсэн байна. Нэхэмжлэгч энэхүү тэмдэглэсэн байдлын ар талд Ш-ийн гарын үсэг зурагдаагүй, гарын үсэг зуруулах үүрэг хуулиар хүлээгээгүй гэсэнд гомдолтой. Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт монгол хэл мэдэхгүй бол нотариатын үйлдэл хийх бол орчуулагч, хэлмэрч оролцуулна гэж заасан. Түрээсийн гэрээ дан ганц монгол хэл дээр үйлдэгдсэн байсан бөгөөд Ш нь БНСАУ-ын иргэн болох нь гадаад паспортоор нотлогдоно. Нэхэмжлэгч нь нас өндөр, 66 настай хүн бөгөөд монгол хэл мэдэхгүй мөн бичиж, уншиж чадахгүй. Харин шүүх хуралдаан дээр уг бичвэрийг нотариатч өөрөө бичсэн гэхчилэн зөрүүтэй тайлбарыг өгөхөд шүүх хэргийг эргэлзээгүй үнэн шударгаар шийдвэрлээгүй, нэг талыг барьсан.  Нэхэмжлэгч нь энэхүү бичвэрийг бичээгүй.Түрээсийн гэрээг нотариатч дээр очиж гэрчлүүлэх үед орчуулагч ажилтай байсан тул тухайн үед хамт байгаагүй орчуулагчгүй очсон гэж тайлбарласан. Бусад оролцогчийн сонгосон орчуулагч бус өөрийн сонгосон орчуулагчийг оролцуулж болно. Харин орчуулагч оролцуулж батлах үүрэг нь нотариатад байна. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6-д заасны дагуу татгалзах ёстой атал нэг талын эрхийг зөрчин гэрээг баталсныг  шүүх зөвтгөлөө. Шүүгчийн татгалзсан үндэслэлийг ч сонсоогүй, шүүгчээс татгалзсан хүсэлтийг хэлэлцээгүй шийдвэр гаргасанд гомдолтой. Хуулиар олгосон эрхийг хязгаарласан. Гэрч оролцуулах хүсэлтийг ч хүлээн аваагүй, үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг хэрэгтэй танилцуулаагүйд гомдолтой. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ш /S/нь нотариатч Ж.Ц-т холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгуулах, гэрээнүүдийг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч Ш-ийн /S/ Д.Мтай 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 15/02 дугаартай түрээсийн гэрээг, мөн Д.М, Д.Н,Б.Д нартай байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээний үнэн зөвийг Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Ж.Ц гэрчилсэн үйлдэл хийжээ. / хх-ийн 32-35, 38-41 дүгээр хуудас/

 

Дээрх нотариатын үйлдэл хийхдээ тус нотариатч нь гэрээний учир холбогдлыг тайлбарлаж өгөөгүй, орчуулагчаар хангаагүй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч няцааж нэхэмжлэгч үйлдэл хийлгэх үедээ монгол хэлээр ярьж, бүртгэлийн дэвтэрт "монгол хэл мэддэг, сайн ярьдаг" гэх тэмдэглэлийг өөрийн гараар монгол хэлээр үйлдсэн, Д.М-ад Д.Б-ээс олгосон итгэмжлэлд захиран зарцуулах эрхийг олгосныг үндэслэн нотариатын үйлдэл хийсэн, хуулийн дагуу шалгах шаардлагатай асуудлыг тодруулсан гэж татгалзжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд Б.Б-ээс Д.М-ад олгосон захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэлээр түрээсийн гэрээ байгуулагдаж, гэрээг нотариатч гэрчилсэн үйл баримт тогтоогджээ./ хх-ийн 32-35 дугаар хуудас/

 

Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар итгэмжлэлээр олгосон "үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, шилжүүлэх, гэрээнд гарын үсэг зурах, бусад захиран зарцуулах эрх" гэдэгт түрээслэх эрх хамаарах бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасан эд хөрөнгийг 2 жилийн турш эзэмшиж ашиглаж байсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Мөн нэхэмжлэгч нь монгол хэл мэддэг болох нь гэрчийн шүүхэд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн хувийн байдлыг нотариатч Ж.Ц Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т заасны дагуу тодруулж, нотариатын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэсэн байгааг хариуцагч няцааж чадаагүй байна.

 

Нотариатч нотариатын үйлдэл хийхдээ хууль зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй. Үзлэг хийх ажиллагаанд хэргийн оролцогч ирээгүй байх нь үзлэгийг хийхгүй байх үндэслэл болохгүйгээс гадна үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад хөндлөнгийн гэрч оролцуулсан, уг ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэх үндэслэлгүй. Түрээсийн зүйлийг нэхэмжлэгч 2 жил орчим өөрийн эзэмшилд ашиглаж, үйл ажиллагаа явуулсан зэргээс үзэхэд ямар агуулгатай гэрээ байгуулснаа ойлгоогүй, монгол хэл мэдэхгүй хүнийг орчуулагчаар хангахгүй хууль зөрчиж нотариатын үйлдэл хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ё-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                   ШҮҮГЧИД                                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД