Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 817

 

 

 

 

 

 

 

   2020        10          13                                     2020/ШЦТ/817

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Ц.Батбямба,

            шүүгдэгч Л.Т   /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан үхэрт овгийн Л.Т  д холбогдох эрүүгийн 1811028440726 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Цагаан үхэрт овгийн Л.Т  , 1982 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, .. аймгийн ... сумын нутагт ... уурхайд малтагч ажилтай, ам бүл 1, ганцаараа,  Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай боловч .. аймгийн ... оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 463 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хорих ял, 241 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил, 6 сарын хорих ял дээр 6 сарын хорих ялын 2 сарын нэмж нэгтгэн нийт 1 жил, 8 сарын хорих ялаар шийтгэж, 2001 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн шүүгчийн захирамжаар 7 сар, 26 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 324 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 2 сарын хорих ялаар шийтгэж, 2003 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар 1 сар, 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 4-ны өдрийн 516 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил, 2 сарын хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусаж 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр суллагдсан, регистрийн дугаар,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Л.Т   нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт модны үзэсгэлэн худалдааны хүлэмжээс иргэн Т.М-ийн эзэмшлийн голт бор мод 40 ширхэг, бөөрөлзгөнө мод 200 ширхэг, эмэгтэй хүний куртик 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Т   нь мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуульд заасан хариуцлага хүлээхэд бэлэн...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-28/,

Эд зүйлийн “...ягаан өнгийн эмэгтэй хүний хавар, намрын куртик, голт бор мод, бөөрөлзгөнө нийт 1.060.000 төгрөг...” үнэлгээ /хх 29/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 48/,

Хохирогч Т.М- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2018 оны 10 дугаар сарын 7-ны орой 18 цаг 30 минутаас 19 цаг 30 минутын хооронд манай эхнэр Г.Б- барилгачдын талбайд байрлах модны суулгацын хүлэмжээ цоожлон .. бөмбөгөр худалдааны төв орсон.Тэндээс гэр ахуйн хэрэгсэл худалдаж аваад буцаад хүлэмж рүүгээ явж байхад урт цагааны гол хавьд манай эхнэрийн куртиктэй ижил куртик өмссөн, 2 боодол мод барьсан 5 эрэгтэй 1 эмэгтэй хүнтэй тааралдсан. Манай эхнэр тэр куртик болон барьж байсан моднуудыг өөрийн эзэмшлийнх гэдгийг мэдээгүй байсан ба хүлэмждээ ирэх үед манай хүлэмжийг зүсэн орж, дотор байсан 4 боодол мод /голт бор 20 ширхгээр 2 боодол, бөөрөлзгөнө 100 ширхгээр 2 боодол/ нийтдээ 2 төрлийн 240 ширхэг мод алдсан...” гэх мэдүүлэг /хх 35-36/,

Гэрч Г.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 7-ны орой 18 цагийн орчим нөхөр Т.М-ийн хамт модны хүлэмжээ цоожлоод Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. бөмбөгөр худалдааны төв ороод гэртээ ойр зуурын юм аваад орой 19 цаг 20 минутын орчим буцаад мод зардаг хүлэмж рүүгээ явж байхад Урт цагааны орчим 5 эрэгтэй 1 эмэгтэй дундаа нэг боодол мод тавьсан байхаар нь тухай үедээ хэний модыг хулгайлсан юм бол гэж бодоод хурдан очоод хүлэмжээ үзэхэд манай хүлэмжийг зүсээд 4 боодол мод авсан байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ингээд цагдаа нар хулгай хийсэн гэх 3 хүнийг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тухай 3 хүн нь манай модыг хулгайлсан хүн мөн байсан. Миний алдсан моднууд нь голт бор мод нийт 40 ширхэг, 2 боодол, нэг бүрийн үнэ нь 8000 төгрөг, бөөрөлзгөнө мод 200 ширхэг нэг бүрийн үнэ 5000 төгрөгийн үнэтэй...” гэх мэдүүлэг /хх 37/,

Шүүгдэгч Л.Т   нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар  мэдүүлэхдээ: “…2018 оны намар байх яг хэзээ гэдгийн сайн санахгүй байна. Чингэлтэй дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэр .. ойролцоо байрлах нэг хүнсний дэлгүүрээс “Түмний ..г” нэртэй 1 шил архи худалдаж авч ганцаараа түүнийгээ уучхаад эргээд шил, лааз түүж яваад Чингэлтэй дүүргийн.. дугаар хороо, Барилгачдын талбай дээр ирсэн. Барилгачдын талбай дээр явж байхад талбайн шатны хажууд хана түшүүлээд тавьчихсан доороо гялгар уутаар үндсийг нь боосон байдалтай моднууд байхаар нь авч яваад түүнийг Урт цагааны алт, мөнгөний дарханы газрын Н гэх залууд 10.000 төгрөгөөр зарах гэж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх 46-47/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 66/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 51/, шүүгдэгч Л.Т  д холбогдох шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 69-74/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Т   нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 18-19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт модны үзэсгэлэн худалдааны хүлэмжээс иргэн Т.М-ийн эзэмшлийн голт бор мод 40 ширхэг, бөөрөлзгөнө мод 200 ширхэг, эмэгтэй хүний куртик 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 25-28/, эд зүйлийн “...ягаан өнгийн эмэгтэй хүний хавар, намрын куртик, голт бор мод, бөөрөлзгөнө нийт 1.060.000 төгрөг...” үнэлгээ /хх 29/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 48/, хохирогч Т.М-ийн “...2018 оны 10 дугаар сарын 7-ны орой 18 цаг 30 минутаас 19 цаг 30 минутын хооронд манай эхнэр Г.Б- барилгачдын талбайд байрлах модны суулгацын хүлэмжээ цоожлон ... бөмбөгөр худалдааны төв орсон.Тэндээс гэр ахуйн хэрэгсэл худалдаж аваад буцаад хүлэмж рүүгээ явж байхад урт цагааны гол хавьд манай эхнэрийн куртиктэй ижил куртик өмссөн, 2 боодол мод барьсан 5 эрэгтэй 1 эмэгтэй хүнтэй тааралдсан. Манай эхнэр тэр куртик болон барьж байсан моднуудыг өөрийн эзэмшлийнх гэдгийг мэдээгүй байсан ба хүлэмждээ ирэх үед манай хүлэмжийг зүсэн орж, дотор байсан 4 боодол мод /голт бор 20 ширхгээр 2 боодол, бөөрөлзгөнө 100 ширхгээр 2 боодол/ нийтдээ 2 төрлийн 240 ширхэг мод алдсан...” гэх мэдүүлэг /хх 35-36/, гэрч Г.Б-ын “...2018 оны 10 дугаар сарын 7-ны орой 18 цагийн орчим нөхөр Т.М-ийн хамт модны хүлэмжээ цоожлоод Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. бөмбөгөр худалдааны төв ороод гэртээ ойр зуурын юм аваад орой 19 цаг 20 минутын орчим буцаад мод зардаг хүлэмж рүүгээ явж байхад Урт цагааны орчим 5 эрэгтэй 1 эмэгтэй дундаа нэг боодол мод тавьсан байхаар нь тухай үедээ хэний модыг хулгайлсан юм бол гэж бодоод хурдан очоод хүлэмжээ үзэхэд манай хүлэмжийг зүсээд 4 боодол мод авсан байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ингээд цагдаа нар хулгай хийсэн гэх 3 хүнийг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Тухай 3 хүн нь манай модыг хулгайлсан хүн мөн байсан. Миний алдсан моднууд нь голт бор мод нийт 40 ширхэг, 2 боодол, нэг бүрийн үнэ нь 8000 төгрөг, бөөрөлзгөнө мод 200 ширхэг нэг бүрийн үнэ 5000 төгрөгийн үнэтэй...” гэх мэдүүлэг /хх 37/, шүүгдэгч Л.Т  гийн “…2018 оны намар байх яг хэзээ гэдгийн сайн санахгүй байна. Чингэлтэй дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэр Баянбүрдийн ойролцоо байрлах нэг хүнсний дэлгүүрээс “Түмний хишиг” нэртэй 1 шил архи худалдаж авч ганцаараа түүнийгээ уучхаад эргээд шил, лааз түүж яваад Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Барилгачдын талбай дээр ирсэн. Барилгачдын талбай дээр явж байхад талбайн шатны хажууд хана түшүүлээд тавьчихсан доороо гялгар уутаар үндсийг нь боосон байдалтай моднууд байхаар нь авч яваад түүнийг Урт цагааны алт, мөнгөний дарханы газрын Н гэх залууд 10.000 төгрөгөөр зарах гэж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх 46-47/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Л.Т   нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Л.Т  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч Т.М- нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Л.Т  г бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Т  д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх, шүүгдэгч Л.Т  д ял шийтгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо төлсөн, хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Т   нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх нийт 14 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаан үхэрт овгийн Л.Т  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Т  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т  д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Т  гийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 14 /арван дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Т   нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т  д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН