| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 105/2017/0943/Э |
| Дугаар | 199 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 199
М.Ут холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор О.Багшбаяр,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 877 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Багшбаярын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр М.Ут холбогдох 1706023580311 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овогт М.У, 1991 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ах, эгчийн хамт амьдрах, “Нисдэг машин” төвд оёдолчин ажилтай, ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................/,
М.У нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо “Golden pen” төвийн урд иргэн А.О-ийн “Samsung Note 3” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг, бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ут хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, өөрийн зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, М.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, М.Ут хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Прокурор О.Багшбаяр бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж тус тус заажээ.
М.У нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэсэн 2 гэмт хэргийг санаатай үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон улмаар дээрх гэмт хэргүүдэд шүүх гэм буруутайд тооцсон.
Гэтэл шүүх шүүгдэгч М.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, өөрийн зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэж байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 877 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.
М.У нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр өөр төрлийн гэмт хэргийг санаатай үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, прокуророос түүний гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь болон анхан шатны шүүхээс М.Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг, бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуулийн үндэслэлтэй болжээ.
Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ут хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, өөрийн зан үйлээ засах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэх заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Түүнчлэн М.Ут зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахдаа Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлалгүй орхигдуулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг цаашид анхаарвал зохино.
Иймд прокурор О.Багшбаярын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 877 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 877 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Ут холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол М.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Д.ОЮУНЧУЛУУН