Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 877

 

Э.Хангалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг  даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00298 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Хангалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Мөнхзулд холбогдох

 

Хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хүүхдийн төрсний гэрчилгээ болон гадаад паспорт гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Хангал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд,

Хариуцагч М.Мөнхзул,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Сэрдамба,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би 2012 оны 1 сард М.Мөнхзултай танилцаж найз нөхдийн хэмжээнд харилцаатай байгаад 2014 оны 6 сарын 19-нд хүү Х.Гүн-Ухаан төрж, хамтран амьдрах болсон. Эхийнх нь хөх сүүгүй болсноор 3 сар хүртлээ хагас дутуу эхийн сүүгээр хооллож бор хоолонд орох хүртлээ хүүхдийн сүүний газрын сүүгээр хооллож, би хүүхдээ төрсөн цагаас нь хойш тусдаа амьдрах хүртлээ 6 сарын турш өдөр бүр өөрөө усанд оруулж үргэлж чих хамрыг нь цэвэрлэж, хумсыг нь авч агаарт гаргадаг байсан. Амьдралын хэрэгцээний түвшинд бүхий л зүйлээр хангаж дутах зүйлгүй байлгахыг хичээж ажилласан. Гэрт хэрэгтэй хоол хүнс болон бусад зүйлсийг /хүүхдийн хэрэглээний бүх зүйлс/ хангалттай хэмжээгээр хангадаг байсан ч түүнийг хоол хүнс, ахуйдаа хэрэглэж чадахгүй залхуурч тэр чигт байлгасаар байгаад муутгаж хаядаг, гэр оронд байж суухын аргагүй бохир заваан, эмх замбараагүй байдал үргэлжилсээр л байсан. М.Мөнхзул нь танилцсан цагаасаа хойш бүхий л зүйлд төлбөр тооцоог Э.Хангал даах ёстой гэсэн бодолтой ханддаг байсан ба хүүхэд төрснөөс хойш өөрийн байр машиныг томсгох үнэтэй болгох талаар ярих болсон, төрсөн хүүхдэдээ анхаарал муу хандуулдаг, худлаа ярьдаг, хөрөнгө мөнгийг чухалчлах байдал байнга ажиглагдаж ирсэн. 2015 оны 1 сард намайг орон гэрээсээ хөөж үүнээс хойш хүүхдийн арчилгаа эрс муудаж бохир заваан хувцас, гар нүүртэй байх, ханиад томуу салахаа байсан. Цаашид хүүхдийнхээ эрүүл мэндэд хамт байж халамжилж санаа тавих боломжгүй нөхцөл байдлаас болж олон улсын эмнэлэгт гишүүнчлэл нээж, 2 дахь жилдээ оношлогоо эмчилгээ хийлгэж, томуу, хатгалгаа болон бусад шаардлагатай бүх төрлийн вакциныг хийлгэж байна. 2016 оны 6 сарын 14-ны өдөр эхийнх нь зусланд очиход хүү Х.Гүн-Ухаан шалдан, нүүр нь амьтанд хазуулсан олон тооны шархтай, маажуулсан олон тооны хумсны шархтай, нүүр гар нь тас халтар ойрын хэд хоног угаагаагүй байдалтай, хөл гар нь цэв хүйтэн, нарнаас хамгаалах малгайгүй байсан. Ганц жишээ дурдахад ийм байдал дүр зураг харагдаж байсныг баримтжуулж зураг бичлэг хийсэн. М.Мөнхзул нь 2 өөр эцгээс хүүхэдтэй, удаа дараа хүү Х.Гүн-Ухааны нэрийг барьж мөнгө нэхдэг, цаашид цэцэрлэг сургуульд хамруулж нийгэмд хэрэгтэй иргэн болгож өсгөж хүмүүжүүлэх чадвар боломж байхгүй, хүүхдийн эрхийг удаа дараа ноцтой зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоож хүүхдийн ирээдүйн эрхийг хамгаалж хүү Х.Гүн-Ухааныг эцэг миний асрамжид боломжит бүх нөхцөл байдлаар хангаж өсгөж чадах эцгийн талд хууль зүйн эрхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчийн гаргасан хариу тайлбартаа: Би Э.Хангалыг нөхрөө, ханилах сайхан хань минь 2 хүүхдийнхээ эцэг гэж амьдарсан. 2012 оны 01 сарын 5-нд Э.Хангалтай танилцан үерхэж хамт амьдрах болсон. Оюутан байхаасаа ажил хийж, мэргэжлээрээ ажиллаж, өөрийн цуглуулсан мөнгөөрөө дэлгүүр ажиллуулж байна. 2016 оны 7 сарын 09-нд олон улсад заах эрхтэй иогийн багшаар ажиллаж, Китчен оллын үйлдвэрт 2016 оны 5 сараас давхар ажиллаж байна. 2013 оны 9 сард жирэмсэн болсноо мэдсэн ч төртлөө, төрсний дараа ч ажлаа хийсэн. Хүүхдээ аваад Бээжингээс бараагаа авч байсан, гэртээ хүүхдээ хараад суухыг Э.Хангал зөвшөөрдөггүй байсан. Хамт амьдарсан хугацаанд бие махбодийн, сэтгэлийн гүн дарамтад орж байсан. Энэ хүн мөнгө ярьж, байр машинаа томсгоод баян тансаг амьдрах сонирхолтой, хувиа бодсон нэр төр хөөгч, хүүхэмсэг эр болохыг сайн ойлгосон. Бид айл шиг айл, сайхан амьдарч, би түүнийг ажиллах бүх боломжоор хангаж, эхнэр хүний үүргийг сайн гүйцэтгэж байсан. Миний зорилго үр хүүхэд болсон. Хүүгээ юугаар ч дутаахгүйн тулд өдөр, шөнөгүй ажиллаж 2011 оны 4 сард Хурд группийн Рапид харш хороололд 2 өрөө байр, машин авсан. Тэр Баянмонгол хороололд байсан 2 өрөө байраа зарж өөрийн бизнестээ оруулж манайд амьдрах болсон. Энэ хүнээс 1 төгрөг гар дээрээ авч байгаагүй, ямар цалин авдаг, хэдэн төгрөг олдгийг нь би мэдэхгүй. Би өөрийн хүү Гүн-Ухаанд бүхнээ зориулж ирсэн ажлаа ч хийнэ, хүүхдээ ч харна. Эх хүний хувьд амьдралын энэ ачааг хэзээ ч хэцүү гэж хойш сууж байгаагүй, бүтнэ, бүх зүйл сайхан болно гэж боддог. Хүүхдээ төрсөн тэр цагаас эхлэн орхиод явах хүртэл 6 сар эцэг хүнийхээ үүргийг хагас дутуу биелүүлж байсан. Төрсний дараа намайг сүү, живхний мөнгөгүй орхиод явснаас хойш би өөрөө бүгдийг болгож 2 хүүгээ хэнээс ч дутуугүй аваад явж байна. Э.Хангал нь чамд хүү байх юм бол өөрөө бүгдийг болго, чи чинь баян биздээ, харин надад хүүгээ өгвөл чамаас 1 ч төгрөг авахгүй өөрөө өсгөнө гэдэг, миний хүү эд бараа биш. Намайг өөрийн ажилтан мэт үзэх, хүүхэд асрагч шиг харьцах, ээж ах, дүү, хамаатан садан, найз нөхдөөр минь доромжлох болж хүүг надаас салгах гэсэн санаа нь илт мэдэгдэх болсон. Ийм хүнд би хүүгээ өгч явуулах нь битгий хэл эцэг нэртэй явуулахыг ч хүсэхгүй. Арьс махаа таслан байж төрүүлсэн 2 үрийг минь өнчрүүлж, 1 хүүхдийг минь салгах гэж байгаад харамсаж байна. Бид хуулиар баталгаажсан гэр бүл биш, хамтран амьдрагсад байсан, би амьдралын баталгаат өмч хөрөнгөтэй, өөрөө эрүүл саруул, хөдөлмөрийн болон өөрийгөө удирдан жолоодох чадвартай, эрх зүйн чадамжтай байхад миний эрхийг зөрчиж албан бус гэр бүлээс гарсан хүүхдийг минь үндэслэлгүйгээр авах гэж эх хүний, эмэгтэй хүний, хүүхдийн, хүүхдүүдийн эрхийг зөрчиж үндэслэлгүй нотолгоогүй нэхэмжлэлийг гаргасан гэж үзлээ. Миний том хүү дүүгээ төрсөн цагаас нь л хайрласан, 2 хүү амь нэгтэй эрүүл саруул өсөж байгаа, 2 хүүдээ бүхнээс илүү хайртай, 2 хүүгээ хосоор нь өсгөнө, нэг эхийн умайнаас цувж төрсөн 2 хүүгээ салгана гэж хэзээ ч бодож байгаагүй, үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Би 2 хүүгээ элэг бүтэн өсгөхийн тулд түүнийг гуйж ая талыг нь харж ирсэн. Миний хүүг бутач, рахиттай гэж хэлж байгаа нь нэхэмжлэгчийн хүүхэдтэй хэрхэн харьцах хандлага нь харагдана. Хүүхэд эхтэйгээ хамт байхдаа илүү тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

           

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний хүү Х.Гүн-Ухааны төрсний гэрчилгээ, гадаад паспортыг надад хэлэлгүй аваад явсан тул Э.Хангалаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Цэцэрлэгт өгье гэхээр хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспорт зэргийг нэхэмжлэгч аваад явсан тул боломжгүй болсон, хүүхдээ эмнэлэгт үзүүлэх, сургах, улсын цэцэрлэгт өгч чадахгүй зэргээр миний болон хүүхдийн эрх, хүүхдийн эрх, ашиг зөрчигдөж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Монгол улсад байсан, миний утасны дугаар болон ажлыг мэдэж байсан байж хүүхдийн бичиг баримтыг өг гэсэн бол өгөх байсан. Мөнхзул өмнө нь хүүхдээ аваад гадаад гарч амьдарна гэж ярьж байсан болохоор нь хүүхдийг нууцаар аваад явж магадгүй гэсэндээ бичиг баримтыг авсан, надад гэрчилгээ, паспорт байгаа. Хүүхдийг гэрчилгээгүйгээс эмнэлэгт үзүүлж, цэцэрлэгт өгч чадаагүй гэдэг нь худал гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Х.Гүн-Ухааныг эцэг Боржигон овогтой Эрдэнэбатын Хангалын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхол харшлахааргүй бол тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуульд заасан эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон байх тул М.Мөнхзулыг эхийн хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь Э.Хангал хориг саад болохгүйг даалгаж,

Хариуцагч М.Мөнхзул нь хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Мөнхзул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдааны хурлын тэмдэглэлийг 2017 оны 2 дугаар сарын 21 өдөр хүлээлгэн өгч миний бие танилцлаа. Үүнд: "Шүүх хуралдааныг даргалагч нээж, Э.Хангалын нэхэмжлэлтэй М.Мөнхзулд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн төрсний гэрчилгээ болон гадаад паспорт гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэнэ гэв. Нэхэмжлэгч Э.Хангалтай нь би гэр бүлийн хуулийн дагуу батлуулан бүртгэгдсэн баталгаа байхгүй нь тодорхой байхад үг хэллэг буруу ашиглаж гэр бүл цуцлах байдлаар хандаж шүүх хурлын тэмдэглэл нь илт нэг талыг барьж гол үг өгүүлбэрийг гээж утга агуулгагүй бичсэн байна. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар би хүү Х.Гүн-Ухааны өмнө хүлээх үүргийг өнөөдрийг хүртэл хангалтай сайн биелүүлж байсан нь миний өмнөх шүүхэд өгсөн нотолгоо баримт болон шинжээчийн дүгнэлт, хуульд заасан хүлээх үүргийн хангалт зэрэг нь маш сайн байна хэмээн нотлогдож байсаар байтал шүүхээс энэ бүхнийг авч хэлэлцэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч Э.Хангал нь хамтран амьдрах хугацаандаа эмэгтэй хүмүүстэй холбогдож гадуурх харилцаа үүсгэж хүү Гүн-Ухааныг минь нялх сартай байхад нь өөрийн хүсэлтээр харж хандах, асрах ажлаас зугтаж хаяж явсан. Хүү өсгөж томрон өнөөдөр өөрөө хооллож, явж, ярьдаг болсон хойно нь гэнэт надаас салгах шийдвэрийг гаргаж байгаа нь Э.Хангал нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, өнөөдрийг хүртэл айх айдасгүй амьдрах тав тухтай байдал, өсөж торних орчинг эвдэж байна хэмээн үзэж өнөөдрийг хүртэл сайхан амьдарч ирсэн бидний амьдралыг тогтворгүй болгож байгаа тул хуулийн дагуу дахин нягтлан шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Сэрдамба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Харицагч ч өөрийн өмчлөлийн орон байртай Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах "Хурд рапид" харшид амьдардаг Э.Хангал нь М.Мөнхзулын opoн сууцад амьдарч байсан, М.Мөнхзул нь өөрийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээгээ хэрэгт хавсаргасан нэхэмжлэгчээс дутүугүй өмч хөрөнгөтэй байхад шүүх Э.Хангал нь орон байртай гэж нэг талыг баримталсан дүгнэлт хийгээд хариуцагч М.Мөнхзулын орон сууцны талаар огт дурдаагүй нэхэмжлэгч Э.Хангалын эдийн засгийн байдлыг давуу болгох гэж буруу дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч М.Мөнхзул нь Х.Гүн-Ухааныг эх хүний алтан хэвлийдээ тээж, төрүүлж ангир уургаа хөхүүлж төрсөн цагаас нь үргэлж хамт байгаа, түүнд анхаарал халамж тавьж эрүүл саруул өсгөж байгаа эх хүний нөр их хөдөлмөрийг огт үнэлэлгүй орхигдуулж Э.Хангалын хүүхэдтэйгээ багахан хугацаанд байсан, хамт авахуулсан хэдэн фото зураг, төрсний гэрчилгээ, СД бичлэгт үнэлгээ өгч илтэд буруу дүгнэлт хийж эх хүний эрхийг зөрчиж байна. Нэхэмжлэгч Э.Хангалыг эдийн засгийн баталгааны хувьд хариуцагч М.Мөнхзулаас одоогийн байдлаар илүү боломжтой гэж юуг үндэслэн дүгнэснээ шүүх тодорхой заагаагүй учир нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Э.Хангал нь шөнийн клубийн үйл ажиллагаа явуулдаг "Тэнүүн-Эрдэнэ" ХХК-д 2014 оны 12 дугаар сарын 3-наас эхлэн гүйцэтгэх захирлаар ажилладаг, сард 3 000 000 төгрөгийн цалинтай гэх мөртлөө тэр хэмжээгээр нийгмийн даатгалд мөнгө төлсөн баримтгүй, 2015 оноос эхлэн 54 315 000 төгрөгийн ногдол ашгийн хуримтлалтай гэх албан бичиг байгаа болохоос Э.Хангалын нэр дээр хаана ямар дансанд байгаагаа нотлоогүй байхад шүүх шууд түүнийг "эдийн засгийн баталгааны хувьд хариуцагч М.Мөнхзулаас одоогийн байдлаар илүү бопомжтой" гэж дүгнэж нэг талыг баримталжээ. Нэхэмжлэгч Э.Хангал нь М.Мөнхзулын дагавар хүү М.Мөнхжинг ад үздэг "бутачийн хүүхэд, том толгойтой, гэр хорооллоос гаралтай гэх мэт" элдэв бүдүүлэг үгээр М.Мөнхзул болон түүний дагавар хүүг дайрсан, доромжилсон баримт шүүхэд бид өгсөн байхад үүнд дүгнэлт хийгээгүй орхисон. М.Мөнхзул нь оюутан цагаасаа эхлэн бэлэн хувцасны наймаа арилжаа хийж, кинонд тоглож цалин мөнгө авч байсан, бизнесийн хамтрагч нартаа бэлэн мөнгө зээлээр өгч энэ сайхан залуу насандаа өөрийн үнэнч хөдөлмөр ухаалаг сэтгэхүйгээр мөнгөн хуримтлал бий болгож өөрийн өмчлөлийн орон сууц, өндөр зэрэглэлийн автомашин, мөн өөрийн өмчлөлийн автомашины гараж зэрэгтэй одоо ч 3 ажил зэрэг эрхэлж байгаагаас үзэхэд хөдөлмөрч эмэгтэй, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө зүтгэж яваа залуу бүсгүй, маш ажилсаг эх хүнийг үнэлэлгүй орхиж шүүх хэт нэг талыг баримталж байна. Хэнд ч гэмгүй зүгээр амьдарч байгаа эх үр 2-ыг хүчээр салгасан шийдвэрийг шүүх гаргаж байна. Тэгээд ч М.Мөнхзул хүү Гүн-Ухааныгаа өөрөө өсгөх гэж төрүүлсэн, Э.Хангал М.Мөнхзул нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хамтран амьдрагч нар байсан.

Ийм тохиолдолд М.Мөнхзул нь эмэгтэй хүний хувьд хүүгээ өөрөө авах, асрах давуу эрхтэй, яагаад гэвэл хамтран амьдрагч нарт зориулсан хууль байхгүй тул Гэр бүлийи тухай хуулийг тэдэнд төлөөлүүлэн хэрэглэж байгаа, тэгээд ч хүүхэд төрүүлсэн эхтэйгээ байх эрхтэй эх нь хууль зөрчиж хүүхдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл хийгээгүй билээ. Нэхэмжлэгч Э.Хангал нь шүүхийн өмнө М.Мөнхзул 2 нас 6 сартай Х.Гүн-Ухааны эрхийг хэрхэн яаж зөрчсөнөө нотлоогүй тул шүүх нэхэмжлэлийн хамгийн чухал хэсэгт үнэлэлт дүгнэлт хийгээгүй, ойлгомжгүй орхисон. Мөн Э.Хангал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "М.Мөнхзул нь 2 өөр эцгээс хүүхэдтэй...” гэж бичсэн нь шүүхэд үүгээр юуг шийдүүлэх гэж буй нь тодорхойгүй байх тул М.Мөнхзулыг эмэгтэй хүний хувьд доромжилсныг анхааран үзнэ үү. Э.Хангал нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн
шүүхэд "Бодит байдал дээр хүүхдийг аль талд нь асрамжлах нь илүү
баталгаатай байх талаар шинжлүүлэх" хүсэлт гаргаж, шинжээчдийн
төлбөрийг төлжээ. Шинжээч томилж "...Х.Гүн-Ухаан зцэг Э.Хангал, эх М.Мөнхзул нарын хэнийх нь асрамжид байлгах нь" хүүхдийн эрх ашигт нийцэхийг тогтоолгохоор Хан-Уул дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвд үүрэг өгчээ. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тус төвийн Шинжээчдийн дүгнэлтээр "Х.Гүн-Ухааныг эцэг эхийнхээ хэнтэй нь амьдрах саналаа илэрхийлэх насанд хүртэлх хугацаанд одоогийн амьдарч буй гэрт, ээж М.Мөнхзулын асрамжид үлдээх" саналыг гаргасан байхад шүүх хөндлөнгийн байгууллага, хүүхэд хамгаалах байгууллагын дүгнэлтэд ямар ч үнэлгээ өгөлгүй шийдвэр гаргаж хэт нэг талыг баримталж эх хүний, эмэгтэй хүний эрхийг зөрчсөн байна.

Шүүх Х.Гүн-Ухааныг эцэг Э.Хангалын асрамжид үлдээж шийдвэрлэсэн гэтэл Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийн хамгийн эхэнд хууль "хүүхдийн нас"-ыг харгалзан үзэхийг заасан байгааг шүүх анхаарч үзээгүйд харамсаж байна. "Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт "Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй" гэсэн заалтыг хэрэглэх ёстой байсан. Энэ заалтыг баримтлан Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн шинжээч нар "Х.Гүн-Ухааныг эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрах саналаа илэрхийлэх насанд хүртэлх хугацаанд одоогийн амьдарч буй гэрт, ээж М.Мөнхзулын асрамжид үлдээх" саналыг гаргасан байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хууль зөрчсөн байна. "Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан
хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, 4.1.2-т заасан төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах үндсэн зарчмыг шүүх баримтлаагүйгээс хүүхдийн эрх зөрчсөн шийдвэр гаргалаа гэж үзэж байна. М.Мөнхзул нь "Хүүхдийн эрхийн тухай" хуулийг биелүүлэн үүргээ
гүйцэтгэдэг сайн ээж, түүнд хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй үр
хүүхдийнхээ төлөө амь амьдралаа зориулж яваа эх хүн тул түүний арьс
махаа таслан байж гаргасан хүүхдийг эхийнх нь асрамжид өгч хэт нэг
талыг баримтлан гаргасан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Э.Хангал нь хариуцагч М.Мөнхзулд холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Х.Гүн-Ухааныг өөрийн асрамжид үлдээхийг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч нь хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспортыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Э.Хангал, М.Мөнхзул нар нь 2012 оны 1 дүгээр сард танилцан, 2012 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүү Х.Гүн-Ухаан төрсөн, тэд 2015 оны 01 дүгээр сар хүртэл хамт амьдарсан, хоорондын таарамжгүй харьцаанаас шалтгаалан тусдаа амьдарч байгаа, хүү Х.Гүн-Ухаан нь 2015 оны 01 дүгээр сараас эх М.Мөнхзулын асрамжид байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр хийгдсэн Хан-Уул дүүрэг, Хүүхэд хөгжлийн төвийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт авагдсан./хх-54-56,148/ Уг дүгнэлтээр ...“Х.Гүн-Ухааныг эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрах саналаа илэрхийлэх насанд хүртэлх хугацаанд одоогийн амьдарч буй гэрт, ээж М.Мөнхзулын асрамжид үлдээх” гэсэн саналыг гаргажээ.

 

 Шүүх шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримт, хэргийн нөхцөл байдалтай харьцуулан үнэлээгүй, дүгнэлтийг өөр баримтаар үгүйсгээгүй, хүүхдийн одоогийн байгаа асрамжийг өөрчлөх бодит нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хүү Х.Гүн-Ухааныг эцэг Э.Хангалын асрамжид үлдээсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд бага насных бөгөөд эхийн асрамж, халамжид өсөж торниж байгаа, энэ орчинг өөрчлөх зайлшгүй шалтгаан нөхцөлийг эцэг нь эхээс эдийн засгийн илүү боломжтой байдал гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдож тогтоогдоогүй, шүүхийн дүгнэлт учир дутагдалтай байна гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Иймд хүү Х.Гүн-Ухааныг одоогийн амьдарч буй өсөж дассан орчин нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаан нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй, эхээс нь салгах, өсч дассан орчныг нь солих нь 2 настай хүүхдийн оюун ухаан, хөгжил, эрүүл мэнд, сэтгэхүйд сөргөөр нөлөөлж болзошгүй тул хүүхдийг эхийн асрамжид үлдээх үндэслэлтэй. Хүү  Х.Гүн-Ухааныг эхийн асрамжид үлдээж байгаа тул түүний төрсний гэрчилгээ, гадаад паспортыг нэхэмжлэгч Э.Хангалаас гаргуулж эх М.Мөнхзулд олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийн талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар зөвтгөн дүгнэж байгаа ба шинжээч дүгнэлт гаргахдаа хууль зөрчсөн, илт нэг талыг баримталсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00298 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Хангалын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн                      Х.Гүн-Ухааныг эцгийн асрамжид үлдээхийг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Х.Гүн-Ухааны төрсний гэрчилгээ, гадаад паспортыг эх М.Мөнхзулд олгохыг Э.Хангалд даалгасугай” гэж,

“2, 3” дах заалтыг хүчингүй болгож, “4” дэх заалтыг “2” гэж, “5” дахь заалтыг “3” гэж  тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ 

                         

                                         ШҮҮГЧИД                                        Ц.ИЧИНХОРЛОО                                                                                                 

                                                                                   

                                                                                                  Б.НАРМАНДАХ                                                                                                                      

 

.