Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2017/00298

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү 2222 хороолол, 115 дугаар байр, 203 тоотод оршин суух, /РД:УШ83101011/, Боржигон овогтой Эрдэнэбатын Хангалын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хурд рапид 5А байр, 46 тоотод оршин суух, /РД:ХД85120300/, Халх овогтой Мандуулын Мөнхзулд холбогдох,

 

хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн үндсэн, хүүхдийн төрсний гэрчилгээ болон гадаад паспорт гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Хангал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, хариуцагч М.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч Д.Сэрдамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 оны 1 сард М.Мөнхзултай танилцаж найз нөхдийн хэмжээнд харилцаатай байгаад 2014 оны 6 сарын 19-нд хүү Х.Гүн-Ухаан төрж, хамтран амьдрах болсон. Эхийнх нь хөх сүүгүй болсноор 3 сар хүртлээ хагас дутуу эхийн сүүгээр хооллож бор хоолонд орох хүртлээ хүүхдийн сүүний газрын сүүгээр хооллож, би хүүхдээ төрсөн цагаас нь хойш тусдаа амьдрах хүртлээ 6 сарын турш өдөр бүр өөрөө усанд оруулж үргэлж чих хамрыг нь өөрөө цэвэрлэж, хумсыг нь авч агаарт гаргадаг байсан. Амьдралын хэрэгцээний түвшинд бүхий л зүйлээр хангаж дутах зүйлгүй байлгахыг хичээж ажилласан. Гэрт хэрэгтэй хоол хүнс болон бусад зүйлсийг /хүүхдийн хэрэглээний бүх зүйлс/ хангалттай хэмжээгээр хангадаг байсан ч түүнийг хоол хүнс, ахуйдаа хэрэглэж чадахгүй залхуурч тэр чигт байлгасаар байгаад муутгаж хаядаг, гэр оронд байж суухын аргагүй бохир заваан, эмх замбараагүй байдал үргэлжилсээр л байсан. М.Мөнхзул нь танилцсан цагаасаа хойш бүхий л зүйлд төлбөр тооцоог Э.Хангал даах ёстой гэсэн бодолтой ханддаг байсан ба хүүхэд төрснөөс хойш өөрийн байр машиныг томосгох үнэтэй болгох талаар ярих болсон, төрсөн хүүхэддээ анхаарал муу хандуулдаг, худлаа ярьдаг, хөрөнгө мөнгийг чухалчлах байдал байнга ажиглагдаж ирсэн. 2015 оны 1 сард намайг орон гэрээсээ хөөж үүнээс хойш хүүхдийн арчилгаа эрс муудаж бохир заваан хувцас, гар нүүртэй байх, ханиад томуу салахаа байсан. Цаашид хүүхдийнхээ эрүүл мэндэд хамт байж халамжилж санаа тавих боломжгүй нөхцөл байдлаас болж олон улсын эмнэлэгт гишүүнчлэл нээж, 2 дахь жилдээ оношлогоо эмчилгээ хийлгэж, томуу, хатгалгаа болон бусад шаардлагатай бүх төрлийн вакциныг хийлгэж байна. М.Мөнхзул нь хүүхдийнхээ эрүүл мэндэд огт анхаарал хандуулдаггүй, өвчин тусахад эцэгт нь өгч эдгэнгүүт нь өөр дээрээ байлгана гэж аваад эхийнхээ хүйтэн байранд олон хоногоор орхин явж баталгаагүй хоол хүнсээр хооллож, бохир заваан орчинд байлгаж байгаа нь өвчин тусах эх үүсвэрүүдийг бий болгосон, хүүг өөрийн эх дээр байлгаж байна. 2016 оны 6 сарын 14-ны өдөр эхийнх нь зусланд очиход хүү Х.Гүн-Ухаан шалдан, нүүр нь амьтанд хазуулсан олон тооны шархтай, маажуулсан олон тооны хумсны шархтай, нүүр гар нь тас халтар ойрын хэд хоног угаагаагүй байдалтай, хөл гар нь цэв хүйтэн, нарнаас хамгаалах малгайгүй байсан. Ганц жишээ дурдахад ийм байдал дүр зураг харагдаж байсныг баримтжуулж зураг бичлэг хийсэн. М.Мөнхзул нь 2 өөр эцгээс хүүхэдтэй, удаа дараа хүү Х.Гүн-Ухааны нэрийг барьж мөнгө нэхдэг, цаашид цэцэрлэг сургуульд хамруулж нийгэмд хэрэгтэй иргэн болгож өсгөж хүмүүжүүлэх чадвар боломж байхгүй, хүүхдийн эрхийг удаа дараа ноцтой зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоож хүүхдийн ирээдүйн эрхийг хамгаалж хүү Х.Гүн-Ухааныг эцэг миний асрамжид боломжит бүх нөхцөл байдлаар хангаж өсгөж чадах эцгийн талд хууль зүйн эрхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхийн асрамжид байхдаа хүүхдийн өсөж торних нөхцөл эцгийн зүгээс хангалтгүй санагдах байдал удаа дараа гарч байсан, нэхэмжлэгчтэй хүүхдийг уулзуулахгүй байсан учраас нэхэмжлэл гаргасан. Шалтгаан нь зуны турш хамаатныдаа орхисон, эх хүүхдээ өөрөө асарч хүмүүжүүлэх ёстой. Хүүхдийг хэн дээр нь байхад илүү сайн байх талаас нь шүүхээс харж үзээсэй гэж хүсэж байна. Энэ нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч ганц хүүгээ өөрөө асрамжлах, хүүхдийнхээ төлөө гэсэн үүднээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчид том хүү нь байгаа. Өнгөрсөн гэхээсээ хүүхдийн ирээдүй нь илүү чухал байгаа тул хүүхдэд илүү цаг гаргаж хамт халамжилж байх хэрэгтэй. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн гэр бүлийн байдлын нөхцөл нь зөрүүтэй, асуудал ихтэй болж байгаа нь эргээд үр дагавар ихтэй байгаа юм. Асрагч багштай нь уулзаж байхад нүд нь өвддөг байсан ба хүүхэд өсөх таатай орчин гэж үзэхгүй байгаа. Хүүхдийн хүмүүжих цэцэрлэгийг хүүхэд харах үйлчилгээнээс илүү дээр гэж үзэж байна. Хүүхдийг төлөвшихөд нь сургууль болон их сургууль зэрэгт эдийн засгийн нөөц бололцоо шаардлагаас нь ч гэсэн, мэдлэг бололцооны тал дээр ч гэсэн би өөр дээрээ байлгасан нь дээр гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар хэн нэгэнтэй хамт амьдрал зохиох бодол байхгүй, хүүхдийн төлөө анхаарах боломжтой гэж үзэж байна. 2 хүүхэд гэж яриад байгаа нь доромжилсон зүйл биш, хүүхдийг адилхан анхаарах талаар ярьж байгаа. Хүүхдийн стандарт нөхцөл нь дутагдалтай байна гэж үзэж байна. Хүүхэд асрах хүүхдийн хүмүүжих газрын цэцэрлэгийг хүүхэд харах үйлчилгээнээс илүү дээр гэж үзэж байна. Эдийн засаг талаар нь хараад байна гэж байх шиг байна. Гэхдээ би бол амьдарлаа хүүхдийн эрхийг зөрчихгүй байхаар боломжийн орлого ордог болсон гэж бодож байгаа юм. Харин эцэг нь тэнд боломжтой байхад энд 2 хүүхдийг эх нь асарч байх нь тохиромжгүй гэж үзэж байгаа юм. Сүүлд нь хэлэхэд хүүхдийн эрх ашиг ирээдүйг бодож хэлж байгаа гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Э.Хангалыг нөхрөө, ханилах сайхан хань минь 2 хүүхдийнхээ эцэг гэж, гэртээ амьдарсан. 2012 оны 1 сарын 5-нд Э.Хангалтай танилцан үерхэж хамт амьдрах болсон. Оюутан байхаасаа ажил хийж, мэргэжлээрээ ажиллаж, өөрийн цуглуулсан мөнгөөрөө дэлгүүр ажиллуулж байна. 2016 оны 7 сарын 9-нд олон улсад заах эрхтэй иогийн багшаар ажиллаж, Китчен оллын үйлдвэрт 2016 оны 5 сараас давхар ажиллаж байна. 2013 оны 9 сард жирэмсэн болсноо мэдсэн ч төртлөө, төрсний дараа ч ажлаа хийсэн. Хүүхдээ аваад Бээжингээс бараагаа авч байсан, гэртээ хүүхдээ хараад суухыг Э.Хангал зөвшөөрдөггүй байсан. Хамт амьдарсан хугацаанд бие махбодийн, сэтгэлийн гүн дарамтанд орж байсан. Энэ хүн мөнгө ярьж, байр машинаа томсгоод баян тансаг амьдрах сонирхолтой, хувиа бодсон нэр төр хөөгч, хүүхэмсэг эр болохыг сайн ойлгосон. Бид айл шиг айл, сайхан амьдарч, би түүнийг ажиллах бүх боломжоор хангаж, эхнэр хүний үүргийг сайн гүйцэтгэж байсан. Миний зорилго үр хүүхэд болсон. Хүүгээ юугаар ч дутаахгүйн тулд өдөр, шөнөгүй ажиллаж 2011 оны 4 сард Хурд группын Рапид харш хороололд 2 өрөө байр, машин авсан. Тэр Баян монгол хороололд байсан 2 өрөө байраа зарж өөрийн бизнесдээ оруулж манайд амьдрах болсон. Энэ хүнээс 1 төгрөг гар дээрээ авч байгаагүй, ямар цалин авдаг, хэдэн төгрөг олдгийг нь би мэдэхгүй. Би өөрийн хүү Гүн-Ухаанд бүхнээ зориулж ирсэн ажлаа ч хийнэ, хүүхдээ ч харна. Эх хүний хувьд амьдралын энэ ачааг хэзээ ч хэцүү гэж хойш сууж байгаагүй, бүтнэ, бүх зүйл сайхан болно гэж боддог. Хүүхдээ төрсөн тэр цагаас эхлэн орхиод явах хүртэл 6 сар эцэг хүнийхээ үүргийг хагас дутуу биелүүлж байсан. Төрсний дараа намайг сүү, живхний мөнгөгүй орхиод явснаас хойш би өөрөө бүгдийг болгож 2 хүүгээ хэнээс ч дутуугүй аваад явж байна. Э.Хангал нь чамд хүү байх юм бол өөрөө бүгдийг болго, чи чинь баян биздээ, харин надад хүүгээ өгвөл чамаас 1 ч төгрөг авахгүй өөрөө өсгөнө гэдэг, миний хүү эд бараа биш. Намайг өөрийн ажилтан мэт үзэх, хүүхэд асрагч шиг харьцах, ээж ах, дүү, хамаатан садан, найз нөхдөөр минь доромжлох болж хүүг надаас салгах гэсэн санаа нь илт мэдэгдэх болсон. Ийм хүнд би хүүгээ өгч явуулах нь битгий хэл эцэг нэртэй явуулахыг ч хүсэхгүй. Арьс махаа таслан байж төрүүлсэн 2 үрийг минь өнчрүүлж, 1 хүүхдийг минь салгах гэж байгаад харамсаж байна. Бид хуулиар баталгаажсан гэр бүл биш, хамтран амьдрагсад байсан, би амьдралын баталгаат өмч хөрөнгөтэй, өөрөө эрүүл саруул, хөдөлмөрийн болон өөрийгөө удирдан жолоодох чадвартай, эрх зүйн чадамжтай байхад миний эрхийг зөрчиж албан бус гэр бүлээс гарсан хүүхдийг минь үндэслэлгүйгээр авах гэж эх хүний, эмэгтэй хүний, хүүхдийн, хүүхдүүдийн эрхийг зөрчиж үндэслэлгүй нотолгоогүй нэхэмжлэлийг гаргасан гэж үзлээ. Өвдөхгүй хүүхэд байтугай хүн гэж байхгүй, хэн ч өвддөг. Зун агаарт би ээжийнхээ хяналт, асрамжид хүүхдүүдээ хааяа гаргадаг. Миний хүү 2 гэрийн дунд явбал ааш зан нь муудаж, хүмүүжилд нь муугаар нөлөөлөх байдал ажиглагдсан, том хүүгийн сэтгэл санаанд их хүндээр нөлөөлж байгааг хараад түүнтэй хүүгээ уулзуулахгүй байхаар шийдсэн. Миний том хүү дүүгээ төрсөн цагаас нь л хайрласан, 2 хүү амь нэгтэй эрүүл саруул өсөж байгаа, 2 хүүдээ бүхнээс илүү хайртай, 2 хүүгээ хосоор нь өсгөнө, нэг эхийн умайнаас цувж төрсөн 2 хүүгээ салгана гэж хэзээ ч бодож байгаагүй, үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Би 2 хүүгээ элэг бүтэн өсгөхийн тулд түүнийг гуйж ая талыг нь харж ирсэн, нэхэмжлэлийг уншаад үр хүүхдээ уулзуулах хүсэл алга гэв.

 

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ганцаараа орлого олдог байсан гэж байгаа нь худал, ажил ихтэй байдаг тул гэртээ байдаггүй байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь худал байгаа юм. Би хүүхдэдээ хангалттай анхаарал тавьж өсгөж байгаа. Миний хүүг бутач, рахиттай гэж хэлж байгаа нь нэхэмжлэгчийн хүүхэдтэй хэрхэн харьцах хандлага нь харагдана. Би хүүгээ аавтай нь уулзуулаагүй шалтгаан нь түүний байхгүйд ч гэсэн хүүхдээ өсгөж чадна гэдгээ харуулах гэж тэгсэн юм. 7 хоногийн 3 өдөр нь уулзуулж байя гэж бодож байсан, харин одоо бол сардаа л нэг уулзуулна. Би дээрээ 5 ахтай миний хүүхэд аавтайгаа уулзахгүй байх үедээ ч гэсэн ямар нэгэн байдлаар аавыгаа санасан зүйл байхгүй, халуун гэр бүлд амьдардаг. Эх хүний хувьд мөнгө биш илүү чухал зүйл байдаг гэдгийг хүүхдэдээ сургана, хүүхдийн хамгийн сайн хүмүүжил бол хайр байдаг гэж хэлмээр байна. Эх хүн хүүхдүүдээ адилхан хайр халамжийг мэдрүүлдэг, адилхан анхаарал тавьдаг болох нь харагдах байх. Хүүхдүүдийн хэрхэн өсөж байгаа болоод хүүхдийн хүмүүжил ямар байгаа зэргээс шалтгаалж энэ бүхэн харагдах байх, хүүхэд эхтэйгээ хамт байхдаа илүү тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний хүү Х.Гүн-Ухааны төрсний гэрчилгээ, гадаад паспортыг надад хэлэлгүй аваад явсан тул Э.Хангалаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Цэцэрлэгт өгье гэхээр хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспорт зэргийг нэхэмжлэгч аваад явсан тул боломжгүй болсон, хүүхдээ эмнэлэгт үзүүлэх, сургах, улсын цэцэрлэгт өгч чадахгүй зэргээр миний болон хүүхдийн эрх, хүүхдийн эрх, ашиг зөрчигдөж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол улсад байсан, миний утасны дугаар болон ажлыг мэдэж байсан байж хүүхдийн бичиг баримтыг өг гэсэн бол өгөх байсан. Мөнхзул өмнө нь хүүхдээ аваад гадаад гарч амьдарна гэж ярьж байсан болохоор нь хүүхдийг нууцаар аваад явж магадгүй гэсэндээ бичиг баримтыг авсан, надад гэрчилгээ, паспорт байгаа. Хүүхдийг гэрчилгээгүйгээс эмнэлэгт үзүүлж, цэцэрлэгт өгч чадаагүй гэдэг нь худал гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, сөрөг нэхэмжлэл, СД, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Хангал нь М.Мөнхзулд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг, хариуцагч нь хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспортыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн маань ирээдүй илүү чухал байгаа, сурах, боловсрох, хүүхдэд илүү цаг гаргаж хамт халамжилж байх, таатай нөхцөлд амьдруулах бүх боломжийг хангаж чадах эдийн засгийн боломж нь байгаа учраас хүүгээ өөрийнхөө асрамжид авна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь 2 үрийг минь өнчрүүлж, 1 хүүхдийг минь салгах гэж байгаад харамсаж байна, би амьдралын баталгаат өмч хөрөнгөтэй, өөрөө эрүүл саруул, хөдөлмөрийн болон өөрийгөө удирдан жолоодох чадвартай, эрх зүйн чадамжтай байхад хүүхдийг минь үндэслэлгүйгээр авах гэж эх хүний, эмэгтэй хүний, хүүхдийн, хүүхдүүдийн эрхийг зөрчиж байна гэсэн тайлбар өгч маргажээ.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн болохыг тодорхойлсон байна.

 

Э.Хангал, М.Мөнхзул нар нь 2012 оны 1 дүгээр сард танилцан, 2012 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүү Х.Гүн-Ухаан төрсөн, тэд 2015 оны 1 дүгээр сар хүртэл хамт амьдарсан байна.

 

Тэдгээрийн хоорондын таарамжгүй харьцаанаас шалтгаалан хүү Х.Гүн-Ухаан нь 2015 оны 1 дүгээр сараас эх М.Мөнхзулын асрамжид байгаа, 2015 оны 8 дугаар сар хүртэл эцэгтэйгээ уулзах үед эцэг нь асрамжилж байсан болох нь зохигчийн тайлбар, төрсний гэрчилгээ, СД зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, 25 дугаар зүйлийн 25.1-д хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ гэж, 25.3-т эцэг, эх нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэжээ.

 

Хан-Уул дүүрэг, Хүүхэд хөгжлийн төвийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр “Х.Гүн-Ухааныг эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрах саналаа илэрхийлэх насанд хүртэлх хугацаанд одоогийн амьдарч буй гэрт, ээж М.Мөнхзулын асрамжид үлдээх” саналыг гаргажээ.

 

Уг дүгнэлтийн ээж М.Мөнхзулд аав, хүүгийн харилцаанд хүндэтгэлтэй хандаж, хүү Х.Гүн-Ухааныг өөрийн асрамж халамжаар дутаахгүй, өсгөн хүмүүжүүлэхийг үүрэг үүрэг болгосон байх бөгөөд эцэг, эх нар нь хүүг асран халамжлах, хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхдээ бие биедээ хүндэтгэлтэй хандахыг санал болгосон байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж, 26.2-т эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэйг зохицуулсан ба эцэг, эх тусдаа амьдрах болсон байдал нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн /2016.02.05/ 10 дугаар зүйлийн 10.1-д хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх нь хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэх, хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэг хүлээнэ гэжээ.

 

Хүүхдийн асрамжийг шүүхээс тогтоох явдал нь төрүүлсэн эцэг, эхийн үүргийг хуваарилах зорилготой ба шийдвэрлэхдээ тухайн хүүхдийн өсөж бойжих орчин, хүүхдэд хандах эцэг, эхийн халамж, анхаарал, тэдгээрийн эдийн засгийн байдал, ёс суртахуун зэргийг харгалзан үзэх учиртай.

 

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч Э.Хангал нь хүүхдэдээ хандах анхаарал халамж сайн, орон байр, эдийн засгийн баталгааны хувьд хариуцагч М.Мөнхзулаас одоогийн байдлаар илүү боломжтой байгаа зэрэг нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн бага насны хүү Х.Гүн-Ухааныг эцэг Э.Хангалын асрамжид үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхол харшлахааргүй бол тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуульд заасан эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон байх тул М.Мөнхзулыг эхийн хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь Э.Хангал хориг саад болохгүйг даалгах нь зүйтэй.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан эрхийн хүрээнд хүүхдийн төрсний гэрчилгээ болон гадаад паспорт гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг асрамжийн асуудал шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Х.Гүн-Ухааныг эцэг Боржигон овогтой Эрдэнэбатын Хангалын асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхол харшлахааргүй бол тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуульд заасан эцэг, эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон байх тул М.Мөнхзулыг эхийн хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь Э.Хангал хориг саад болохгүйг даалгасугай.

 

3. Хариуцагч М.Мөнхзул нь хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ