Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 201

 

    Б.Чт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор М.Мөнхцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Х , түүний өмгөөлөгч А.Э,

цагаатгагдсан этгээд Б.Чийн өмгөөлөгч Ч.О, С.Д,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Л.Оюун, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Х, түүний өмгөөлөгч А.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Чт холбогдох 201726020645 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Х овогт  Б.Ч, 1970 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Барс” зах дээр хүнсний ногоо зардаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .............................../,

          Б.Ч нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-1” худалдааны захын 7 дугаар зоорин дотор Т.Тыг “хайрцагтай сармис хулгай хийлээ” гэх шалтгаанаар зодсоноос Т.Т нь “цээжний  хэсгийн гол судасны цүлхэн хагарч, үнхэлцэгийн хөндийд цус хуралдсанаас зүрхний дарагдалт үүссэн гэмтлийн улмаас газар дээрээ нас барсан” гэмт хэрэгт холбогджээ.

          Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.          

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Чийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Чт холбогдуулан үйлдсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 273 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, Б.Ч нь энэ хэрэгт 30 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Б.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор М.Мөнхцэцэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн цагаатгах тогтоолд “... эдгээр нотлох баримтуудыг улсын яллагч үндэслэн Б.Чийг хохирогч Б.Т.Тыг алсан гэж яллаж байгаа боловч энэхүү баримтуудын агуулгаас дүгнэхэд гэрчийн мэдүүлэг өгсөн этгээдүүдээс хэн нь ч Б.Ч нь хохирогч Т.Тыг зодсон талаар мэдүүлээгүй, энэ талаар ач холбогдолтой нөхцөл байдлыг тодорхой мэдэхгүй, зөвхөн талийгаач Т.Тыг хана налаад хэвтэж байхад нь олсон тухайгаа мэдүүлжээ. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Чийн яллагдагчаар өгсөн “зүүн талын шилбэ бүдүүн гуя руу тус бүр нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлгийг Т.Тыг зодож алсан гэх гэмт хэрэгт яллах үндэслэлүүдийн нэг болгожээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад зааснаар “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг” нь дангаараа түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж зааснаар энэ мэдүүлгээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй... шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээс харахад талийгаач нь ямар шалтгааны улмаас нас барсан болохыг тогтоосон ажиллагаа бөгөөд энэ нь шүүгдэгч Б.Чийг хүн алсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан бөгөөд Б.Чт холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх тул хуулийн шаардлага хангасан нотлох баримтууд юм. Иймд эдгээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудыг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар “шүүх прокурор, мөрдөгч нь эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу үнэлэх боломжтой байх бөгөөд шүүхээс Б.Чт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудаас ямар нэг нотлох баримтыг хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж эргэлзээгүй, нотлох баримтаар тооцохгүй байх шийдвэр гаргаагүй юм.

Гэрч Д.Э, А.А, Э.Д нарын мэдүүлгээр талийгаач Т.Т нь 17 цаг өнгөрч байх үед эдгээр хүмүүсээс салж явсан байдаг ба гэрч Ю.Б, Д.Т, Х.З, Н.П нарын мэдүүлгээр Т.Т нь 18 цагийн үед Б.Чийн зоорины гадна “хана налан толгой нь гулдайсан байдалтай сууж байсан” болох нь тогтоогддог. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 598 тоот дүгнэлт, хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчдийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 599 тоот дүгнэлт болон шинжээч эмч Ц.Эрдэмболор, Т.Амартүвшин нарын мэдүүлгээр Т.Т нь цээжний хэсгийн гол судасны цүлхэн хагарч үнхэлцэгийн хөндийд цус хуралдсанаас зүрхний даралт үүсч нас барсан ба цээжний хэсгийн гол судасны цүлхэнгийн хагарал нь цээжний хэсэг болон нурууны дээд  хэсэгт хүчтэй цохисны улмаас болон унах, доргих үед үүсэх боломжтой, уг гэмтлийг аваад ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй, шууд нас барна гэдэг нь нотлогдож байна.

Эдгээр нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд Т.Т нь 17 цаг 30 минутаас 18 цагийн хооронд амь хохирсон байх үндэслэл тогтоогдож байх ба энэ хугацаанд Б.Чийн зоорь луу ороод улмаар уг зоорины гадна ухаангүй байдалтай олдсон байдаг. Т.Тын биед учирсан цүлхэнгийн хагарал гэмтэл нь гадны хүч үйлчилсэний улмаас үүснэ гэдгийг шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг нотлох ба Б.Ч нь Т.Тыг өөрийн зоорь луу оруулж биед нь халдсан талаар мэдүүлдэг. Иймд прокуророос Б.Чийг дан ганц өөрийнх нь мэдүүлгээр бус бусад нотлох баримтуудтай уялдуулан харьцуулсны үндсэн дээр Т.Тын нас барсан нь Б.Чийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн болно.

Шүүхийн цагаатгах тогтоолд “...нотлох баримтуудын агуулгаас дүгнэхэд гэрчийн мэдүүлэг өгсөн этгээдүүдээс хэн нь ч Б.Ч нь хохирогч Т.Тыг зодсон талаар мэдүүлээгүй, энэ талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой мэдэхгүй...” гэж дүгнэн цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийг заавал шууд үзсэн харсан гэрчтэй байхыг шаардаж байгаа нь “нотлох баримтыг тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн журмыг зөрчиж байна.

Мөн “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд нь талийгаач ямар шалтгааны улмаас нас барсныг тогтоох ажиллагаа бөгөөд энэ нь Б.Чийн хүн алсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлож байгаа гэж үзэхгүй” гэсэн нь ойлгомжгүй байна. Шинжээчийн дүгнэлтүүд нь талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон бөгөөд уг гэмтлийг хэн учруулсан болон шалтгаант холбоотой эсэхийг бусад нотлох баримттай харьцуулан үнэлэлт дүгнэлт өгөх нь мөрдөгч, прокурор, шүүгчийн чиг үүрэг учраас “шинжээчийн дүгнэлт гэмт хэрэг үйлдсэнийг нотлохгүй байна” гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн ...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний дүү Т.Т нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бусдад зодуулан амиа алдсан. Тухайн өдөр 11-12 цагийн хооронд найз Алтантүлхүүр, Эрболд, Сүхээнээ нар “Барс” худалдааны төв дээр хүрээд ир гэж дуудаад манай дүү явсан. Гэтэл орой нь 19 цагийн үед А над руу залгаад Т.Таа “Барс” дээр хүнд зодуулсан байна гээд энэ цагдаатай ярь гэсэн. Гэтэл цагдаа нь “дүү чинь нас барсан байна” гэж хэлсэн. Миний дүү гэрээсээ гарахдаа оймс, турсик, гадуур хувцас нь бүгд шинэ байсан. Гэтэл амиа алдахдаа малгайтай, битүү энгэртэй цамцных нь энгэр урагдсан, бүх хувцас нь нойтон, шороотой байсан. 2017 оны 3 дугаар сарын 14-ний хүйтэн өдөр гудамжаар явж байгаа хүн дээр ямар ч шалтгаангүйгээр ус асгахгүй нь ойлгомжтой учир уг хэрэгт холбогдолтой Б.Ч гэгч нь миний дүүг 2 удаа өшиглөн амиа алдсаныг нь мэдэлгүй, ухаан алдсан гэж бодоод ус асгасан гэж үзэж байна. Байцаалтын эхний мэдүүлэгтээ Б.Ч нь Лхагвасүрэн гэж хүнийг өшиглөсөн гэж хэлсэн боловч 2 дахь мэдүүлэгтээ би 2 удаа өшиглөсөн гэж мэдүүлсэн байдаг. Мөн шүүх хуралдаанд ч би 2 удаа өшиглөсөн гэдгээ баталж хэлсэн. Мөрдөн байцаалтыг явуулахдаа Б.Чийг цагдан хориогүй, гадуур жил гаран байцаалтад байлгасан нь бусад хүмүүстэй үгсэн тохирч, хэргээс мултрах боломжийг олгож өгсөн гэж үзэж байна. Б.Ч нь гэрч Эг “тэр хүнийг амьд байна уу, үхсэн байна уу” үзчихээд ир гэж хэлсэн байдаг. Гэтэл шүүх хуралд гол гэрчийг оруулаагүй. Б.Ч тухайн үедээ маш их сандарсан байсан гэж хохирогч хэлсэн. Шинжээч эмч миний дүүг үзээд газар дээрээ нас барсан гэж хэлсэн. Шүүх эмнэлгийн эмч хүчтэй цохилтын улмаас зүрх дагасан судас буюу цүлхэн 28мм урагдсаны улмаас газар дээрээ нас барсан гэж дүгнэлт гаргасан. Иймд миний дүүгийн үхлийн шалтгаан нь Б.Чоос болсон гэж үзэж байна. 

Мөн байцаагч, хошууч Б нь намайг очих болгонд үл ойшоож, анхны прокурор Н.Мөнхцэцэг нь янз бүрийн хууль ярьж дарамталдаг байсан учир өмгөөлөгчөөр дамжуулан зохих журмын дагуу Н.Мөнхцэцэг прокурорыг солиулж, М.Мөнхцэцэг прокурор хүлээж авсан. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эхний шүүх хуралдаан болоход гэрч дутуу гэсэн үндэслэлээр хойшлуулсан.

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаанд Б.Чийн ахын эхнэр Энхтуяа гэгч гэрчээр орсон. Х.З , Н.П нар нь олон жил “Барс” худалдааны төвийн зооринд хамт ажилласан бие биетэйгээ хамаатан шахуу хүмүүс тул эдгээр хүмүүсийн мэдүүлгийг үнэлмээргүй байна. Гэр бүлийн хүмүүсийг гэрчээр оруулахгүй гэж хуульд заасан байдаг.

Анхнаасаа Б.Чийг хорьж мөрдөн байцаалт явуулъя гэсэн хүсэлт өмгөөлөгч гаргасан боловч уг саналыг хүлээж авалгүй, гадуур байцаалт явагдсан. Шүүх хуралдаан дээр прокурор болон иргэдийн төлөөлөгч нар Б.Чийг яллах үндэслэлтэй байна гэсэн боловч шүүгч нар ямар нэгэн ял өгөлгүй шүүх хурлыг дуусгасан. Анхнаасаа хэргийн материал бүрдүүлсэн байцаагч, хошууч Батсайхан, прокурор М.Мөнхцэцэг, шүүгч  А.Алтанхуяг нарыг уг хэргийг дутуу дулимаг, хэн нэгэн мөнгөтэй хүний талд орж шийдсэнд хохирогч миний бие маш их харамсаж, сэтгэл санаа, уй гашуу, хагацлыг үзэн хохирч байна. Иймд хэргийг дахин хянан шалгаж, үнэн зөвөөр, шударга шийдэж, манай гэр бүлийн гомдлыг барагдуулж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Х-ийн өмгөөлөгч А.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэл нь “.. яллагдагч, шүүгдэгчийн өөрөө хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг, мөн шүүх шинжилгээний 599 тоот дүгнэлт нь талийгаачийг ямар шалтгааны улмаас нас барсан болохыг тогтоосон ажиллагаа болохыг заасан болохоос нотлох баримт болж чадахгүй гэсэн хууль зүйн үндэслэлээр хэмээн заасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Үүнд,

Яллагдагч, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг, гэм буруугүй  болох, хэргийн талаар нотлох үүрэггүй. Өөрөөр хэлбэл, худлаа ч ярьж болох бөгөөд түүний анхны болон удаа дараагийн мэдүүлгүүд “... талийгаачийг татаж, чирч оруулаад хөл болоод бөгсөн бие рүү нь 2 удаа өшиглөсөн, дараа нь зүүн талын гуя руу 2 удаа өшиглөсөн, мөн зүүн шилбэ бүдүүн гуя руу 2 удаа өшиглөсөн” гэх боловч энэ нь цогцосны гадна үзлэг болон шүүх шинжилгээний дүгнэлтээр илэрч тогтоогдоогүй. Талийгаачийг тэрээр хүчээр зоорь луу чирч оруулсан боловч гараад алхаж явсаныг хэн ч хараагүй харин түүнийг зоорь налуулаад орхисон байхыг олсон. Тэр ч байтугай гэрч гэх хүмүүс харсан, өшиглүүлж байсан гэх,

Талийгаачийн “өмссөн цамц дээшээ сойгдсон, хувцас нь норсон, зах нь урагдсан, татсан ором үрчийсэн овойсон, хумхигдсан өвдөг, гутлын хоншоор шороо болсон” зэрэг нь талийгаач өөрөө гарч яваагүй болох, унаж ойчихоор нь ус асгасан, түүнийг гадагшаа буюу зоориноосоо холдуулж чирч гаргаад гэх мэт баримтууд авагдсан байхад,

Шинжээчийн 599 тоот дүгнэлтээр “... цүлхэнгийн хагарал нь цээжний хэсэг болон нурууны дээд хэсэгт хүчтэй цохисны улмаас болон унах, доргих үед үүсэх, хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, талийгаач уг гэмтлийг аваад ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй шууд нас барна”. Өөрөөр хэлбэл ганц цохисноос бус түүнээс болж унаж доргисон, биеэ хамгаалж чадахгүй байхад, өмдөндөө шээс алдтал нь зодож цохисноос үүдэлтэй... цүлхэн хагарч, зүрхний дарагдалт үүсч нас барсан... гэсэн нь хэргийн талаарх дээрх нотлох баримтууд нь яллагдагч, шүүгдэгчийн үйлдэл талийгаачийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг тогтоосон яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж чадаагүй гэдгээр цагаатгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, шударга ёсны зарчимтай үл нийцэх бөгөөд хүний эрх, эрх чөлөөнд халдаад зогсохгүй, амь насыг нь бүрэлгээд үхсэн хойно нь ч “хулгайч байсан, хэзээ мөдгүй үхэх” гэж байсан мэтээр нэр төрд нь халдсан    мэдүүлгийг эхнэр Ю.Болормаа, түүний найз худалдагч  нар  өгсөн нь  Б.Чийн үйлдлийг хүний амь настай зүйрлүүлж зөвтгөөд байгаа нь хохирогч нарыг илтэд доромжилж, сэтгэл санааны хүнд байдалд улам оруулсан, энэ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаарх цуглуулсан нотлох баримт хангалттай бөгөөд түүнийг зохих хэмжээ, хязгаарын дотор үнэлж дүгнэх нь хуульд заасны дагуу шүүх, прокурор, мөрдөгчийн үүрэг юм. Мөн хэрэгт ач холдбогдол бүхий дээрх нөхцөл байдал болон бусад нотлох баримтыг орхигдуулсан, үгүйсгэсэн зэргээр хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.  

Цагаатгагдсан этгээд Б.Чийн өмгөөлөгч Ч.О , С.Д нар тус шүүх хуралдаанд хамтран гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр цагаатгах тогтоол үндэслэл бүхий гарсан. Учир нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Туяа, Заяабаатар, Пүрэвсүрэн нар хэрэг болсон өдрийн 18.00 цагийн үед талийгаач хана налаад сууж байсныг мэдүүлдэг. Үүнээс гадна мөрдөн байцаалтын шатанд Б.Чийн мэдүүлгээр хохирогч сармис хулгайлж байгаад дахин 10 гаруй минутын дараа гарч ирэхээр нь зоориндоо оруулж ирээд “яагаад хулгай хийгээд байна вэ гээд зузаан гуя руу нь 2 удаа өшиглөсөн” гэж мэдүүлдэг. Үүнээс хойш хохирогч гараад явсан. Ингээд хохирогч шатны хажууд сууж байсныг гэрч Заяабаатар, Пүрэвсүрэн, Туяа нар мэдүүлдэг. Тэгэхээр Б.Чийн өшиглөсөн үйлдлээс болж хохирогчийн амь нас хохирсон гэж үзэхгүй байна. Үүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 598, 599 дүгээр дүгнэлтүүдээр талийгаачийн цээжний хэсгийн гол судасны цүлхэнгийн хагарал нь хөл болон, бөгсөн хэсэг рүү өшиглөхөд үүсэхгүй гэсэн байдаг. Шинжээч эмч Эрдэнэболорын дүгнэлтэд цүлхэнгийн хагарал нь өөрөө аяндаа хагарч болно гэсэн.  Шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Амартүвшин “ердийн явцаар цүлхэн хагарах боломжтой”, учир нь цүлхэнгийн судас нь нарийссан учраас энгийн явцад хагарч болно гэж тайлбарладаг. Мөн шинжээчийн 599 дугаартай дүгнэлтийн 9 дэх хэсэгт “талийгаач уг гэмтлийг аваад ямар нэг үйлдэл хийх боломжгүй, шууд нас барна” гэсэн байдаг. Хэрвээ Б.Ч талийгаач хоёрын хоорондын шалтгаант холбоо байсан бол талийгаач ямар нэг үйлдэл хийхгүйгээр зоорин дотор нас барах боломжтой байсан. Харин талийгаач зоориноос гарч яваад хаалганы үүдэнд байхад нь Лхагвасүрэн гэх хүн өшиглөсөн. Ингээд хохирогчийн цүлхэн хагарч нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байна. Прокурор, хохирогчийн өмгөөлөгч нар хохирогчийг зоориноос чирж гаргаад хана түшүүлж суулгасан гэж хэлээд байна. Гэтэл үүнийг харсан гэрч байхгүй. “Барс” зах 18.00 цагийн үед хаадаг ба зах учраас хөл хөдөлгөөн ихтэй, бужигнадаг тул хэрвээ Б.Ч өргөж гаргасан бол харсан хүн байх ёстой гэж ойлгож байна. Иймд хохирогчийг өргөж гаргасан хүн байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

                                              ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Чийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх Б.Чт холбогдох хэргийн хэмжээний дотор хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн үйл баримтад тал бүрээс нь бодитой, хуулийн үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт өгч чадсан байна.  

Баянгол дүүргийн прокуророос Б.Чийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-1” худалдааны захын 7 дугаар зоорин дотор Т.Тыг “хайрцагтай сармис хулгай хийлээ” гэх шалтгаанаар зодсоноос Т.Т нь “цээжний  хэсгийн гол судасны цүлхэн хагарч, үнхэлцэгийн хөндийд цус хуралдсанаас зүрхний дарагдалт үүссэн” гэмтлийн улмаас газар дээрээ нас барсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн боловч хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаас дүгнэн үзэхэд түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай нотолж тогтоогоогүй байна.

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэнд дурдагдсан яллах талын нотлох баримтууд нь цагаатгагдсан этгээд Б.Чийн “... би Т.Тыг зүүн талын шилбэ, бүдүүн гуя руу нь тус бүр нэг нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /1хх-115/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 599 дугаартай “... цээжний хэсгийн гол судасны цүлхэнгийн хагарал нь цээжний хэсэг болон нурууны дээд хэсэгт хүчтэй цохисны улмаас болон унах, доргих үед үүсэх боломжтой. Талийгаачийн гол судасны өгсөх хэсгийн цүлхэнгийн хагарал нь хөл болон бөгсөн хэсэг рүү өшиглөхөд үүсэхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-83-85/, шинжээч эмч Т.Амартүвшингийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн “... гол судасны хана нимгэрч цүлхэн үүссэн байсан. Гэхдээ энэ тохиолдолд цээжний хэсэгт хүч үйлчилж хагарсан байх боломжтой. Хөл болон гарт хүч үйлчлэхэд цүлхэн хагарахгүй...” гэх мэдүүлэг /2хх-186/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар анхан шатны шүүхээс Б.Чийг цагаатгаж, яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй юм.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж заасан.

Энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хэргийг үргэлжлүүлэн шалгах, нотлох баримтаар хэргийг бүрэн тогтоож чадсан нөхцөлд дахин яллах дүгнэлт үйлдэх боломжтой юм.

Иймд прокурор М.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Х , түүний өмгөөлөгч А.Э нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор М.Мөнхцэцэгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Х , түүний өмгөөлөгч А.Э  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН