Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2022/0402

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бямбаноров

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газар

Гуравдагч этгээд: “О” ХХК, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 дугаар байрны өмчлөгч нар

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/960, А/961 дүгээр захирамжууд,Хот байгуулалт, хөгжлийн газрын “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тухай” урилганы Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 дугаар байрнуудыг буулган шинээр барих байршилтай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хөгжлийн газрын “Х” ХХК-ийн худалдаа, орон сууцны барилгын эскиз зургийг батлахгүй байгаа эс үйлдэхгүй болон гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 168

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд гуравдагч этгээд Л.Н, З.Ө, Ц.М, Г.П, Л.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Д.О, Д.С, Ц.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, гуравдагч этгээд С.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, гуравдагч этгээд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 дугаар байрны өмчлөгч болон гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, “О” ХХК-ийн өмгөөлөгч Л.Б, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2019/0707/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/960, А/961 дүгээр захирамжууд, Хот байгуулалт, хөгжлийн газрын “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тухай” урилганы Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 дугаар байрнуудыг буулган шинээр барих байршилтай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хөгжлийн газрын “Х” ХХК-ийн худалдаа, орон сууцны барилгын эскиз зургийг батлахгүй байгаа эс үйлдэхгүй болон гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 168 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулсан гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тухай” урилганы Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 дугаар байрнуудыг буулган шинээр барих байршилтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 19 дүгээр зүйлийн 19.6, 20 дугаар зүйлийн 20.1.4, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д заасныг тус тус баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газарт тус тус холбогдох Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/960, А/961 дүгээр захирамжууд, Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хөгжлийн газрын “Х” ХХК-ийн худалдаа, орон сууцны барилгын эскиз зургийг батлахгүй байгаа эс үйлдэхгүй болон гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “нэхэмжлэгч нь үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгээгүй, оршин суугчидтай 2, 3 талт гэрээг байгуулаагүй “... оршин суугчдын 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авах боломжгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн” гэж үзсэн нь шударга ёсонд нийцэхгүй байна.

3.2. Нэхэмжлэгч нь дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан хугацааны дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан нь нийслэлийн Засаг дарга, түүний харьяа агентлагууд болох Ерөнхий төлөвлөгөөний газар нь “шаардлагатай баримт бичгийг баталж өгөөгүй, оршин суугчдын зүгээс Ерөнхий төлөвлөгөө болон барилгын эскиз зургийг баталж өгөөгүй хугацаа хоцруулсан, эскиз зураггүй учраас оршин суугчид орон сууцны аль хэсгийг сонгохоо тогтоох боломжгүй, тэд эскиз зургаа батлуулж байж гэрээгээ байгуулна гэж шаардсан зэрэг буруутай үйл ажиллагаанаас болсон” гэж маргаж байхад анхан шатны шүүх уг үйл баримтад дүгнэлт өгсөнгүй, холбогдох нотлох баримтыг цуглуулж, шалгаж тогтоох үйл ажиллагаагаа явуулсангүй.

3.3. Хэрэв хариуцагч манай ерөнхий төлөвлөгөө, барилгын эскиз зургийг өөрөө төлөвлөгөөнд заасан хугацаанд баталсан бол уг хугацаанд багтаж оршин суугчидтай гэрээ байгуулах боломжтой байсан бодит нөхцөлийг анхан шатны шүүх огт дүгнэсэнгүй.

3.4. Дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үйл явцтай холбоотой төсөл хэрэгжүүлэгч, нийслэлийн Засаг даргын төлөөлөгч нарын хооронд хийсэн уулзалтаар манай компанийн үйл ажиллагаанаас хамааралгүй болох талаар зохигчид шүүх хуралдаанд тайлбар гаргасаар байтал анхан шатны шүүхээс үнэлж дүгнэж анхаарал хандуулсангүй.

3.5. Хариуцагчаас “3 талт гэрээг байгуул” гэж шаардсан нь тухайн цаг хугацаанд биелэгдэх боломж огт байгаагүй. Учир нь үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссанаар:

а/ 2018 оны 04 дүгээр сараас гурван талт гэрээ байгуулах;

б/ 2018 оны 07 дугаар сараас орон сууцыг чөлөөлөх;

в/ 2019 оны 01дүгээр сарын 31-ний өдрийн 08/327 дугаар албан бичгээр төслийн явцын талаар уулзалт хийх санал ирүүлж, уулзалт хийсэн;

г/ Дээрх уулзалтаар манай компани нь Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллагуудыг барилгад холбогдох баримт бичгийг хугацаа алдахгүй баталж өгөхийг хүссэн;

д/ 2019 оны 04 дүгээр сараас барилгын ажлыг эхлүүлэх ёстой байсан атал хариуцагч нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 22, 23, 24, 37 дугаар байрны архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан байгаагаас харж болно.

3.6. Мөн анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээр оршин суугчдын 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл аваагүй төсөл гүйцэтгэгчийг сонгож шалгаруулах ёсгүй гэж үзэж байгаа бол манай компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсны дараа “О” ХХК-ийг төслийн хэрэгжүүлэгчээр сонгох үед тус компани нь эдгээр байруудын алинд дээр ч оршин суугчдын 80 хувийн саналыг аваагүй байхад 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсныг зөвтгөж байгаа хууль зүйн үндэслэл, шударга ёсны зарчим нь тодорхой биш байна.

3.7. Өөрөөр хэлбэл, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “О” ХХК дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан өдөр нь тус компани 22, 23, 24, 37 дугаар байрны оршин суугчдын 80 хувьтай нь 2 болон 3 талт гэрээг байгуулаагүй байсан бөгөөд шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн гэрээнүүдээс үзвэл тус компани нь 2020, 2021, 2022 онд оршин суугчидтай гэрээ байгуулснаас харагдана.

3.8. Эндээс үзвэл, манай компанид төсөл хэрэгжүүлэх эрх олгосон шийдвэрээ цуцлах болсон үндэслэлтэй яг адил үндэслэл бүхий “О” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан нь Хот сууриныг газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын холбогдох заалтуудад огт нийцээгүй байхад анхан шатны шүүх уг байдалд огт дүгнэлт хийгээгүй, нэг талыг баримталсан байна.

3.9. Хариуцагч нь манай барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж ирүүлсэн атлаа, мөн оны 01 дүгээр сард баталсан болгосон баримтыг шүүхэд ирүүлсэн байхад анхан шатны шүүх уг үйл баримтыг шалгаж тогтоогоогүй атлаа шууд уг хугацаанд баталсан гэж үзэн нотлох баримтаар үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шүүх нотлох баримт цуглуулах, тал бүрээс нь бодитой үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

3.10. Анхан шатны шүүх ийнхүү нотлох баримтыг буруу үнэлсэн, шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй, хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт өгөөгүй байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 168 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.  

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/960, А/961 дүгээр захирамжууд, Хот байгуулалт, хөгжлийн газрын “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тухай” урилганы Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 22, 23, 24, 37 дугаар байрнуудыг буулган шинээр барих байршилтай холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хөгжлийн газрын “Х” ХХК-ийн худалдаа, орон сууцны барилгын эскиз зургийг батлахгүй байгаа эс үйлдэхгүй болон гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

4.1. Нийслэлийн Засаг дарга болон Хот байгуулалт, хөгжлийн газрын “Х” ХХК-ийн худалдаа, орон сууцны барилгын эскиз зургийг батлахгүй байгаа эс үйлдэхгүй болон гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

4.1.1. Нийслэлийн Засаг дарга, Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан 24, 37 дугаар байрыг буулган шинээр барих үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр эскиз зургийг 2018 оны 01-11 дүгээр сар хүртэл, 22, 23 дугаар байрыг буулган шинээр барих үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр эскиз зургийг 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сард багтаан батлуулахаар тусгасан, нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Тэппэн констракшн” ХХК-тай зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж, эх загвар зургийг хийлгэсэн хэдий ч хариуцагчаас “талбайн болон давхарын хэмжээг дур мэдэн өөрчилсөн” гэсэн үндэслэлээр барилгын эскиз зургийг батлахаас татгалзсан нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.1.2. Гэвч Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.9-д “Шалгарсан төсөл хэрэгжүүлэгч нь (цаашид “төсөл хэрэгжүүлэгч” гэх) хот, суурин газрын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүчин чадлыг хэтрүүлэхгүйгээр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан төслийг боловсруулж, аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагаар хянуулан батлуулна” гэж зааснаар нэхэмжлэгч нь батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүчин чадлыг хэтрүүлэхгүйгээр төсөл болон сонгогдсон талбайд тавигдах шаардлагыг хангасан төслийг боловсруулахаар байх бөгөөд нэхэмжлэгчээс анх сонгон шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн барилгажилтын төслөөс өөрөөр батлуулахаар хүргүүлсэн, ийнхүү хүргүүлэхдээ төлөвлөгөөнд тусгасан хугацаа хэтрүүлж хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байхад хариуцагчийг эскиз зургийг батлахгүй байгаа эс үйлдэхгүй гаргасан гэж буруутгах боломжгүй.

4.1.3. Мөн Нийслэлийн Засаг дарга, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3 талт гэрээг талуудын хооронд байгуулсан 2 талт гэрээ болон эскиз зургийг батлах үйл явц хэрэгжиж, тодорхой үр дүнд хүрсний дараагаар байгуулахаар тусгасан байх бөгөөд нэхэмжлэгч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас эскиз зураг батлуулаагүй байх тул хариуцагчийг мөн 3 талт гэрээ байгуулахаас татгалзсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

4.1.4. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцны 22, 23 дугаар байрыг буулган шинээр барих үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд 2 талт гэрээ байгуулах, 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд эскиз зураг батлуулах, энэхүү 2 ажлыг хийж дууссаны дараа буюу 2018 оны 5, 6 дугаар саруудад 3 талт гэрээ байгуулахаар, 24, 37 дугаар байрыг буулган шинээр барих үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд 2 талт гэрээ байгуулах, 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд эскиз зураг батлуулах, энэхүү 2 ажлыг хийж дууссаны дараа буюу 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд 3 талт гэрээ байгуулахаар тусгагдсан бөгөөд нийт 70 айлаас 10 айлтай 2 талт гэрээ байгуулснаас гадна талбайн болон давхарын хэмжээг дур мэдэн өөрчилсөн байдлаар эскиз зургийг боловсруулан батлуулахаар хүргүүлсэн байхад хариуцагч 3 талт гэрээ байгуулахаас татгалзсан нь үндэслэлтэй.

4.1.5. Тодруулбал, хуульд зааснаар даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчээс хариуцагч захиргаанд буюу шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд тодорхой асуудлаар шийдвэр гаргуулахаар хандсан боловч захиргаа хууль бусаар татгалзсан эсхүл огт шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй гаргасан байх тохиолдол бодитоор бий болсон, шүүх тэрхүү татгалзал, эс үйлдэхүй нь хууль бус түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжтой байна.

4.1.6. Гэтэл нэхэмжлэгчээс “талбайн болон давхарын хэмжээг дур мэдэн өөрчилсөн” гэх хариуцагчийн тайлбарын үндэслэлийг үгүйсгэж маргадаггүй бөгөөд эскиз зураг батлуулах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээ хариуцагчаас эс үйлдэхүй гаргасан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байх тул захиргааг хууль бусаар татгалзсан эсхүл огт шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

4.2. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

4.2.1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/514 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 22, 23 24, 37 дугаар байруудыг ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцны барилгыг дахин барилгажуулах төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэгчээр “Х” ХХК-ийг шалгарсныг батламжилжээ.

4.2.2. Энэ хугацаанаас хойш Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 08/3344 дүгээр албан бичгээр 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх заалтыг хэрэгжүүлж ажиллахыг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 08/3757 дугаар албан бичгээр үйл ажиллагааны төлөвлөгөөг 2017 оны 10 дугаар сарын 25-ны дотор ирүүлэхийг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08/4234 дүгээр албан бичгээр үйл ажиллагааг эрчимжүүлэхийг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 08/4336-4351 дүгээр албан бичгээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлан ирүүлэхийг, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08/508 дугаар албан бичгээр ажил эрчимжүүлэхийг, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 08/1367 дугаар албан бичгээр 2018 оны 05 дугаар сарын 01-ээс өмнө 2 талт гэрээ байгуулахгүй бол төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахыг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08/2887 дугаар албан бичгээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахыг, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08/4141 дүгээр албан бичгээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах болсныг мэдэгдэж, сонсох ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлж буйг, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 08/327 дугаар албан бичгээр уулзалт товлож, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08/517 дугаар албан бичгээр хугацаат мэдэгдэл тус тус нэхэмжлэгчид хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

4.2.3. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/435 дугаар захирамжийн 1 дэх заалтаар төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Х” ХХК нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80 хувиас доошгүй зөвшөөрөл авах боломжгүй болсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 22, 23 24, 37 дугаар байруудыг ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцны барилгыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, 2 дахь заалтаар тухайн байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

4.2.4. Төслийн хэмжээнд батлагдсан ашиглалтын шаардлага хангахгүй болсон байруудыг нурааж дахин барих төлөвлөгөөний дагуу 1-д Хоёр талт гэрээ байгуулах, 2-т Эскиз зураг батлуулах, 3-т Гурван талт гэрээ байгуулах, 4-т Барилгын ажлын зураг батлуулах, 5-т Орон сууц чөлөөлөх, 6-д Барилга, угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах, 7-д Хуучин барилга буулгах ажлыг эцсийн байдлаар 2020 оны 09 дүгээр сар хүртэл хийж дуусгахаар төлөвлөгдсөн.

4.2.5. Нэхэмжлэгч компани төслийг хэрэгжүүлэхээр болсон 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс маргаан бүхий акт гарах хүртэл 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 2 жил 2 сар гаруйн хугацаанд 10 орон сууц эзэмшигч нартай 2 талт гэрээ байгуулсан, “Т” ХХК-тай зураг төсөл боловсруулах тухай гэрээг байгуулж, эх загвар зургийг хийлгэж төслийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний зардал гаргасан ч гэрээнд заасан төлөвлөгдсөн хугацаанд ажлаа гүйцэтгээгүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80 хувиас доошгүй зөвшөөрөл аваагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 22, 23 24, 37 дугаар байруудыг ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцны барилгыг дахин барилгажуулах төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын товч тайлан болон “Х” ХХК-ийн нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд хүргүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 022 дугаар мэдэгдэл, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 08/1367 дугаар мэдэгдэл зэргээр тогтоогдож байна.

4.2.6. Маргааны үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч компанийг буруутгаж байгаа “талбайн болон давхарын хэмжээг дур мэдэн өөрчилсөн” гэсэн үндэслэл болон маргаан бүхий актад дурдсан “төслийн явц хангалтгүй байгаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80 хувиас доошгүй зөвшөөрөл авах боломжгүй болсон” гэх нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.2.7. Учир нь нэхэмжлэгч компани нь төсөл хэрэгжүүлэх 2 жил 2 сар гаруйн хугацаанд дээр дурдсанчлан зөвхөн 10 орон сууц эзэмшигч нартай 2 талт байгуулсан, “Т” ХХК-тай зураг төсөл боловсруулах тухай гэрээг байгуулж, эх загвар зургийг хийлгэсэн, мөн 20-35 давхар барилга бүхий зураг төсөл боловсруулж ажилласан ч нэхэмжлэгч “Х” ХХК төсөл сонгон шалгаруулалтаар орсон тендерийн баримт бичгийн дагуу эх загвар зургийг ирүүлэхгүй талбайн хэмжээг томсгодог, давхарын хэмжээг нэмсэн, 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авах боломжгүй болсон гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

4.2.8. Түүнчлэн нэхэмжлэгчээс “эскиз зургийг баталж өгөөгүй хугацаа хоцруулсан, эскиз зураггүй учраас оршин суугчид орон сууцны аль хэсгийг сонгохоо тогтоох боломжгүй, тэд эскиз зургаа батлуулж байж гэрээгээ байгуулна гэж шаардсан зэрэг хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон” гэж гомдолдоо дурдаж буй үндэслэл нь дээр дурдсан нийслэлийн Засаг даргын оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг эн тэргүүнд хамгаалах арга хэмжээг авах үүрэгтэй этгээд болохынхоо хувьд “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” А/435 дугаар захирамж гаргасныг буруутгах үндэслэл болохгүй.

4.2.9. Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435 дугаар захирамжийг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ хариуцагчаас дахин сонгон шалгаруулалт зарлаж 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/960, А/961 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 22, 23 24, 37 дугаар байруудыг ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцны барилгыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “О” ХХК-ийг шалгаруулсан нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

4.3. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай” А/435 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 22, 23 24, 37 дугаар байруудыг ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцны барилгыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч “Х” ХХК-ийн эрхийг цуцалснаар, шинээр төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах шаардлагатай болсон тул дахин сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтад “О” ХХК төслийн саналаа ирүүлсэн байна.

4.3.1. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.1-д “...аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын алба нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг 14 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, төсөл хүлээн авах ажлыг зохион байгуулна”, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 11.1.1-д “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;”, 11.1.3-д “төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах”, 11.1.4-т “төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах;” гэж тус тус зааснаас үзвэл уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулах эрх үүрэг бүхий этгээдээс хуульд заасан журмын дагуу зарласан, уг сонгон шалгаруулалтад “О” ХХК шалгарч хариуцагчаас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/960, А/961 дүгээр захирамжуудаар “О” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгосон нь хууль зөрчөөгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.3.2. Маргаан бүхий А/960, А/961 дүгээр захирамжууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх энэ тохиолдолд нэхэмжлэгч “Х” ХХК төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсонтой холбоотой хариуцагчаас дахин сонгон шалгаруулалт зарласан нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр барих үйл ажиллагааны журамд нийцсэн бөгөөд энэ сонгон шалгаруулалтад хамгийн сайн үнэлгээ авсан “О” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж гэрээ байгуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

4.3.3. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар маргаан бүхий акт нь хууль бус, эсхүл эрх зүйн илэрхий алдаатай байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлд зааснаар захиргааны акт хуульд нийцээгүй бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол тухайн актыг хүчингүй болгох, эсхүл илт хууль бус болохыг тогтоох шийдвэрийг гаргахаар зохицуулжээ.

4.3.4. Нэхэмжлэгчийн тухайд хэдий 10 орон сууц эзэмшигч нартай 2 талт гэрээ байгуулж, “Т” ХХК-тай зураг төсөл боловсруулах тухай гэрээг байгуулж, эх загвар зургийг хийлгэж, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, төслийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулан ажилласан ч маргаан бүхий А/960, А/961 дүгээр захирамжууд гарснаас хойших хугацаанд “О” ХХК төслийг хэрэгжүүлэх ажиллагааг гардан гүйцэтгэж, барилга буулгалтын ажил хүртэлх буюу хоёр талт гэрээ байгуулах, эскиз зураг батлуулах, гурван талт гэрээ байгуулах, барилгын ажлын зураг батлуулах, орон сууц чөлөөлөх, барилга, угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах зэрэг  төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

5. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/435 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалж, “Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” А/960, А/961 дүгээр захирамжуудаар тухайн төсөл хэрэгжүүлэгчээр “О” ХХК-ийг сонгосон нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагчийн дээрх шийдвэр Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

   

ШҮҮГЧ                                                                        Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                                        Д.БААТАРХҮҮ