Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 14

 

Ч.Хүрэлбаатарын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд оршин суух Тохир овогт Чимэдийн Хүрэлбаатарын  нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом  сумын 3 дугаар  багт оршин суух, Харагчууд овогт Чулууны Чимэдэд холбогдох иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвдорж, хариуцагч Ч.Чимэд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 102.199.200 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Ч.Чимэд нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний 16 цагийн үед Увс аймаг дахь Увс телевизээр буюу олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг гүтгэсэн хуурамч мэдээлэл тараасан болох нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаар шийтгэвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар магадлалаар тус тус нотлогдсон. Иймд нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын талаар худал мэдээлэл тараасан иргэн Ч.Чимэдээс Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8-д заасан “Сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар хуурамч буюу худал мэдээ, мэдээлэл тараасан, нийтэлсэн, цацсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдвол сонгуульд зарцуулсан хөрөнгийг нь гэм буруутай этгээд нөхөн төлнө.” гэсэн заалтын дагуу 102.199.200 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Миний бие 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагийн орчим сэрэмжлүүлэх мэдэгдэлийг хийсэн ба Ч.Хүрэлбаатарын нэр дэвшсэн Улсын Их Хурлын сонгуулийн 33 дугаар тойргийн телевизийн нэвтрүүлэг үзсэн байж болох Улаангом сумын 4 багийн санал хураалт 16 цагт нийт сонгогчдын 62.8 хувь буюу 3707 сонгогч саналаа өгсөн, 21 цагт энэ тоо өсөж 4767 сонгогч буюу нийт сонгогчдын 80.7 хувь нь санал өгсөн байна. Эндээс харахад мэдэгдэл хийснээр сонгогчдын ирцэд нөлөөлөөгүй ба мэдэгдэл хийснээс хойш санал өгсөн 1060 хүнээс хэд нь мэдэгдлийн нөлөөнд автаж Ч.Хүрэлбаатарт саналаа өгөх гэж байснаа больсон гэдгийг тогтоох боломжгүй юм. Мэдэгдлийг залруулах зорилгоор ямар ажил хийсэн, ямар зардал гарсан нь тодорхойгүй ба нэхэмжилж байгаа мөнгө нь сонгуулийн сурталчилгааны нийт хугацаанд зарцуулсан сонгуулийн зардлын нийт дүн байна. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д заасантай холбогдох дүгнэлтийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 50 тоот магадлалаар тогтоогоогүй. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1,  229.2, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар нэхэмжлэгч тал 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 цагаас хойш яг ямар гэм хор учирсан, түүнийг арилгах талаар ямар хөрөнгө зарсан, түүний хэр хэмжээг нарийвчлан тодорхойлж баримтаар нэхэмжлэх нь зүйтэй болов уу. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 50 дугаартай магадлал гаргахдаа Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4, Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгожээ. Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заахдаа шүүгчийн шийтгэвэр, захирамжид... гэж заасан тул магадлал гаргахдаа тогтоох хэсгийн 3-д Энэ магадлал нь эцсийн шийдвэр болохыг дурдсугай гэж цаашид хяналтын журмаар гомдол гаргах эрхийг хаажээ. Өөрөөр хэлбэл 119.1-д ...шүүхийн магадлалд гэж байхгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зуйлийн 1-д заасныг, мөн Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус зөрчсөн байна. Энэ зөрчлийн улмаас Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан ...эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулхаар шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй гэсэн эрхийг Ч.Чимэд эдлэх боломжгүй болсон. Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д зааснаар  шүүх энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ шударга ёсыг баримтлан Үндсэн хуульд нийцээгүй хууль, хуулийн заалтыг хэрэглэхгүй байж шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Ч.Хүрэлбаатар бусад этгээдийн хандиваар өгсөн мөнгөөр сонгуулийн зардлаа бүрдүүлсэн, түүнээс ямар нэгэн мөнгө гарч, гэм хор учраагүй байх тул Ч.Хүрэлбаатарт учирсан бодит хохирлыг гаргаж өгнө үү.” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 514 дүгээр зүйлийн 514.1, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8-д зааснаар хариуцагч Ч.Чимэдээс гэм хорын хохирол 51.099.600 /тавин нэгэн сая ерэн есөн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51.099.600 /тавин нэгэн сая ерэн есөн мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 668.946 /зургаан зуун жаран найман мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.Чимэдээс 413.448 /дөрвөн зуун арван гурван мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарт олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Увс аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний гаргасан 170 тоот тогтоолд нэхэмжлэгчийн үндэслэл болгон нэхэмжилсэн Сонгуулийн тухай хуулийн 70.8 дугаар заалтын хуулийн хэрэглээг тайлбарлахдаа “...Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлд торгууль буюу захиргааны хариуцлага хүлээлгэн тухайн үйлдлийн улмаас хохирсон хохирлыг холбогдох гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр зохицуулсан" гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан сонгуулийн зардлыг хариуцагчийн торгууль хүлээсэн үйлдэлтэй хамааруулан бодит байдлаар тооцож тогтоосон дүгнэлт гаргаагүй ба нэхэмжлэгч энэ талаар өөрөө нэмэлт тайлбар, зардлын тооцоо гаргаж чадахгүй байгаа зэрэг нь энэ үйлдлийн улмаас нэхэжлэгчид учирсан бодит хохирол байхгүй байгааг харуулж байна. Шүүх энэ нөхцөл байдлыг мэдсээр байж шийдвэрийг үндэслэлгүй гаргасан.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа "ялимгүй буурсан"  хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой гэж дээр дурдсан хариуцагчийн талаар гаргасан "буруугүй" гэж дүгнэсэн үндэслэл, нэхэмжлэгчийн зүгээс хийсэн саналын бодит бууралт байхгүй байгааг тооцоолсон 2008, 2012, 2016 оны сонгуульд өгсөн саналын үр дүнд хийсэн бодит тооцооллын эсрэг утга бүхий зөрчилтэй шийдвэр гаргасан. Дээрх шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, хийгдвэл зохих ажиллагааг хийгээгүй, бодит нөхцөл байдлыг бүрэн судлаагүй буруу, зөрчилтэй дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 56 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Ч.Чимэдийн нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг гүтгэсэн нь Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг эрүүгийн хэргийн анхан  болон  давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон ба Увс аймгийн Ардчилсан намаас даалгасан гэх боловч, Ч.Чимэдийн энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 /Аргагүй хамгаалалт/ болон 11 дүгээр зүйлийн 11.1 /Гарцаагүй байдал/, мөн 12 дугаар зүйлийн 12.1 /Өөртөө туслах/-д заасны алинд ч хамаарахгүй байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Ч.Чимэдийн Ч.Хүрэлбаатарыг гүтгэсэн үйлдлийг Ардчилсан намын даалгавараар хийсэн мэтээр дүгнэсэнд гомдолтой байна. Харин Ч.Чимэд нь намаас ийм үйлдэл хийхийг даалгасан гэдгээ нотолбол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т заасан үндэслэлээр зохион байгуулалттайгаар нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг гүтгэлцсэн нөхдөөсөө нөхөн төлбөрийнхөө тодорхой хувийг тусдаа нэхэмжлэх эрхтэй. Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хохирлын хэмжээг 51.099.600 төгрөгөөр багасаж шийдвэрлэсэн -ь хууль зүйн үндэслэлгүй. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.6-д зааснаар нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар нь сонгуулийн жил буюу 2016 оны 01 сарын 01-нээс хойш санал хурааж дуусах хүртэл өөрийн чансааг (рэйтинг) тогтоосон ямар нэгэн үйлдэл хийгээгүй тул түүнийг  2016 оны УИХ-ын сонгуульд хэдэн хувийн санал авах гэж байгаад хэдэн хувийн санал авсан бэ гэдгийг тогтоох ямар ч боломжгүй юм. Сонгуулийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.8-д нэр дэвшигчийг гүтгэсэн этгээдээс нөхөн төлбөр гаргуулахаар хуульчлахдаа сонгуульд ялсан эсвэл ялагдсанаас болон сонгуульд авсан саналын тоо өссөн, буурснаас үл хамаарч сонгуульд зарцуулсан хөрөнгийг нь нөхөн төлүүлэхээр хуульчилсан. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 16-ны өдрийн 56 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангана уу.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэлгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний болон Сонгуулийн тухай  хуулийн холбогдох зүйл  заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг зөрчжээ.

            Нэхэмжлэгч Ч.Хүрэлбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд нь шүүхэд “...иргэн Ч.Чимэд нь нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарыг гүтгэсэн худал мэдээ, мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж тараасан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8 дахь хэсэгт зааснаар  сонгуульд зарцуулсан 102.199.200 төгрөгийг Ч.Чимэдээс гаргуулах” тухай  нахэмжлэлийн шаардлагыг Ч.Чимэдэд холбогдуулан  гаргажээ.

            Хариуцагч Ч.Чимэд “намайг телевизээр ярилцлага өгч байх үед 16 цаг болж байсан. Сонгуулийн ирц 65 хувьтай байсан. уг мэдээллийн улмаас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарт өгч буй иргэдийн санал ямар хэмжээгээр буурч, түүнд ямар гэм хор буюу хохирол учирсан болохыг тогтоогоогүй, нөгөө талаас энэ мэдээллийг би өөрийнхөө хувь хүн талаасаа биш намаас өгсөн үүрэг даалгаврын дагуу явуулсан үйлдэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.

            Анхан шатны шүүх иргэн Ч.Чимэд нь нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан худал мэдээ мэдээлэл тараасан болох нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаартай шийтгэвэр, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагаас 51.099.600 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51.099.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Чимэд түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар давж заалдах гомдолдоо “...2008, 2012, 2016 оны сонгуульд өгсөн саналын үр дүнд хийсэн бодит тооцооллын эсрэг утга бүхий зөрчилтэй, хуульзүйн үндэслэлгүй, хийгдвэл зохих ажилгааг хийгээгүй, бодит нөхцөл байдлыг бүрэн судлаагүй зөрчилтэй дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.”гэж, мөн УИХ-ын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвдорж давж заалдах гомдолдоо “...нэр дэвшигчийг гүтгэсэн бол түүний  сонгуульд зарцуулсан хөрөнгийг нь нөхөн төлөхийг хууль зөрчигчид даалгасан нэгэн төрлийн хариуцлагын арга хэмжээ болох Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8 дахь хэсэгт зааснаар Ч.Хүрэлбаатарыг нэр дэвшигчийнх нь хувьд гүтгэснийх нь төлөө Ч.Чимэд нь түүний сонгуульд зарцуулсан хөрөнгийг нь бүрэн төлөх үүрэгтэй. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.” гэж  маргажээ.

Анхан шатны шүүх УИХ-ын сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшиж сонгогдсон Ч.Хүрэлбаатарын 2016 онд иргэдээс авсан саналыг 2012 онд иргэдээс авсан саналтай харьцуулан 0.79%-иар буурчээ гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь:

            Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8 дахь хэсэгт заасан зохицуулалтыг  “нэр дэвшигчийн талаар худал мэдээ мэдээлэл тараасан этгээдийн гэм буруутай үйлдлийн улмаас нэр дэвшигчид хохирол учирсан тохиолдолд нэр дэвшигчийн сонгуульд зарцуулсан хохирлыг гэм буруутай этгээд нөхөн төлнө” гэж тайлбарлах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчимтай нийцнэ.

Өөрөөр хэлбэл нэр дэвшигчид учирсан хор уршиг буюу хохирол нь худал мэдээ, мэдээлэл тараасан, цацсан гэм буруутай этгээдийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байхыг шаардана.

            Мөн нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх” нь аливаа этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирсон этгээд  уг хохирлоо нөхөн төлүүлэх, арилгуулах эрх л үүсэхээс бус ашиг хонжоо олох үйлдэл байж болохгүй юм.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “... эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлын талаар нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх үүрэгтэй.

            Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо нотолж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шийдвэрт өөрчлөлт оруулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч түүний өмгөөлөгчийн “шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д    зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 668.946 төгрөгийг шүүгчийн захирамжаар Ч.Чимэдэд буцаан олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413448 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.4-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 56 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8-д заасныг баримтлан  хариуцагч Ч.Чимэдээс гэм хорын хохирол 102.199.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 668946 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 413448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч болон  түүний  өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 668946 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.Чимэдэд буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР                        

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН