Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 184/2018/00088/и |
Дугаар | 001/ХТ2018/01546 |
Огноо | 2018-11-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2018/01546
“ИИКББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00551 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1143 дугаар магадлалтай,
“ИИКББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй
Г.Тид холбогдох
Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантуяагийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Насантогтох, хариуцагчийн өмгөөлөгч Т.Гүрбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч “ИИКББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01233 дугаартай захирамжаар хариуцагч Г.Тээс 46 875 604 төгрөг гаргуулж манай байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн явагдаж, хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг албадан худалдахаар дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу төлбөр авагч болох манай компанид санал болгосныг хүлээн авсан юм. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар тус байрны өмчлөх эрхийг шилжүүлж, өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн. Хариуцагч Г.Т нь өнөөдрийг хүртэл уг орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Тийн тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц нь хуулийн дагуу ”ИИКББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжсэн, Г.Т нь уг орон сууцыг эзэмших эрхгүй гэдэгт маргах зүйлгүй. Гагцхүү уг орон сууцанд Г.Тийн эхнэр Ц.Мягмаржав хамт амьдарч байгаа тул орон сууцыг чөлөөлж өгөх боломжгүй байна гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00551 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ”ИИКББСБ” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ”ИИКББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1143 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00551 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ИИКББСБ” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг хариуцагч Г.Тийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантуяа хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул энэхүү хяналтын гомдлоо гаргаж байна. Магадлалдаа “...Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв...” гэж дүгнэсэн нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна. Учир нь: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч “Их ирээдүй капитал” ББСБ-ын албан бичгийн хэвлэмэл маягт дээр бичигдсэн 2017 оны 12-р сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, мөн Мөнхбатын Насантогтоход олгосон 12/254 тоот “итгэмжлэл” зэрэгт “гүйцэтгэх захирал” гэж гарын үсэг зурсан Пёнь жи юн нь “Их ирээдүй капитал” ББСБ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээний “Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлт”-ийн 13 дахь хэсэгт орсон “Гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв.” гээд латин цагаан толгойн үсгээр бичигдсэн Pyun овогтой Ji Yong мөн гэдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-ийн Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна.” гэсэн заалтын дагуу тодорхойлогдсон өгүүлбэр, үг, үсэг бүхий нотлох баримтууд хавтаст хэрэгт байхгүй, үүнийг нотлох баримт авагдаагүй байхад “Пёнь жи юн” гэсэн гарын үсэгтэй нэхэмжлэл, итгэмжлэлээр нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзсэн тул гомдолтой байгаагаа анхан шүүх хуралдаан дээр болон давж шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо хангалттай тайлбарлаж, үндэслэлийг нь тодорхойлсон болно. Ийм ч учраас анхан шатны шүүхэд хариуцагчийн зүгээс дээрх тодорхой бус нөхцөл байдлыг тодруулж хуулийн шаардлагыг хангуулахын тулд гаргасан “нэхэмжлэгч Их ирээдүй капитал” ББСБ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувийн байдлыг тодорхой болгох, тус хуулийн этгээдийн “итгэмжлэл”-ийг хуульд нийцүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тодруулж, хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн баримтыг хэрэгт хавсаргаж өгөх хүсэлт”-ийг хүлээж авалгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр болон тэрхүү алдааг нь харгалзан үзэлгүй гаргасан магадлалд гомдолтой байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд “32.1.Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцоно.” гэж, харин 35 дугаар зүйлд “35.1.Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.” гэж тус тус заасан бөгөөд энэ эрхийг эдлэхдээ Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-ын “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, 64 дүгээр зүйлийн 64.2-ын “64.2.1.итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;” гэсэн шаардлагыг хангасан бичгээр олгосон итгэмжлэл байна уу? үгүй юу? гэдгийг шүүх нь харгалзан үзэж байж төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг шийдвэрлэх ёстой. Гэтэл хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь “тухайн хуулийн этгээд”-ийг биш харин “иргэн” болох хувь этгээд өөрийгөө төлөөлөх эрх олгосон итгэмжлэлээр хуулийн этгээдийн нэхэмжлэлтэй хэрэгт төлөөлөгч оролцуулан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаас нэхэмжлэгчийн эрх бүхий байгууллага өөрийгөө итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу Гүйцэтгэх захиралдаа “Гүйцэтгэх захирлын эрх”-ийг бусдад шилжүүлэх эрх олгосныг нотлох нэгээхэн ч баримт харагдахгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн болон давж заалдах шатны шүүхүүдийн дүгнэлтэнд гомдолтой байна. Иймд дээрх зөрчлийг арилгуулахаар шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “ИИКББСБ” ХХК нь хариуцагч Г.Тд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг сууцанд гэр бүлийн бусад гишүүд амьдардаг...” гэсэн үндэслэлээр маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэж, харин шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг агуулгын хувьд найруулж, өөрчлөлт оруулсан байна.
Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглээгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заажээ.
Нэхэмжлэгч “ИИКББСБ” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон ба уг орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэрээр төлбөр төлөгч Г.Тээс төлбөртөө тооцож авсан гэсэн үндэслэлийг нэхэмжлэлдээ дурдсан байна. Хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэлд дурдсан дээрх байдал тогтоогдоогүй байна. Г.Т нь гэр бүлийн гишүүдийн хамт уг орон сууцандаа амьдардаг, тус орон сууцны өмчлөгч байсан тул эзэмшил нь хууль бус байгаагүй юм.
Харин Г.Т нь төлбөр төлөгчийн хувьд үүргээ хэрхэн биелүүлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны шийдвэрээр эсвэл өөрөө төлбөр авагчтай тохиролцож орон сууцны өмчлөх эрхээ шилжүүлсэн эсэх нь тодорхой бус нөхцөлд түүний хууль ёсны эзэмшил хэзээ дуусгавар болсныг тогтоох боломжгүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болсон байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1233 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Т 46 875 604 төгрөгийг “ИИКББСБ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, шийдвэрлэсэн байх боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн явагдсан, шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгчийн борлогдоогүй орон сууцыг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагч “ИИКББСБ” ХХК-д санал болгосон эсэх баримт хэрэгт байхгүй байхад шүүх шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр төлөгчийн орон сууцыг төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгосноор уг орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд шилжиж, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Хэрэгт энэ талаар баримт байхгүй бөгөөд зөвхөн Г.Тийн зүгээс Улсын бүртгэлийн албанд хандаж бичсэн хүсэлт гэсэн баримт байв.
“ИИКББСБ” ХХК нь өмчлөх эрхээ хэрхэн олж авсан, хариуцагч Г.Тийн эзэмшлийг хууль бус гэж үзэх эсэх талаар хэрэгт хангалттай нотлох баримт байхгүй, энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00551 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1143 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА