Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 881

 

 

 

 

 

 

 

 

2020         10          05                                   2020/ШЦТ/881     

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам, 

Хохирогч Б.Гантиг

Шүүгдэгч: Т.Т, түүний өмгөөлөгч Л.Золзаяа нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Тэргүүн Монгол овогт Тэргүүний Т.Тд холбогдох эрүүгийн 201625020432 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 196 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Т.Т

Холбогдсон хэргийн талаар /2019 оны 10 дугаар 16 -ны өдрийн 831 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар /:

Шүүгдэгч Т.Т нь 2015 оны 2 дугаар сард иргэн Б.Гантигт өөрийн өмчлөлийн бус, гэмт хэргийн замаар олж авсан эд хөрөнгө болох 16-66 УБӨ улсын дугаартай Ауди А-8 маркийн автомашиныг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 50.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю Мон” төвд урьдчилгаа 20.000.000 төгрөг, 880.500 төгрөгийн үнэ бүхий Сони плэйстэйшн тоглоом зэргийг авч, уг автомашинаа засуулаад буцааж өгнө гэж хууран авч 20.880.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн П.Цэгцбаатарын эзэмшлийн 55.000.000 төгрөгийн үнэтэй 83-86 УНС улсын дугаартай Мерсидес бенз Жи-500 маркийн автомашиныг 65.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 35.823.723 төгрөгийг төлж, удахгүй үлдэгдэл 30.000.000 төгрөгийг төлнө гэж хуурч, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн газарт өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусдад зарж борлуулан 19.176.277 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 40.056.777 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 201625020432 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Т.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2015 оны 02 дугаар сард машинаа зарахаар болсон. Гантуяа машиныг чинь зараад өгнө гээд маргааш нь над руу яриад Гантигтай уулзуулж миний машиныг 44.000.000 төгрөгөөр авахаар болсон. Надад хүнээс мөнгө зээлээд 20.000.000 төгрөг өгсөн. 3 хоногийн дараа Гантиг машин эвдэрсэн гээд засварын газар руу аваачиж өгсөн. Таван богд компани дээр сэлбэг захиалах гэтэл сэлбэгийг 1 сар гаруй хугацаанд хүлээх болоод тэр хооронд Нарантуул захын урд гараажид машинаа тавьсан. Сэлбэг иртэл машин тэр гараажид байсан. Гантигаас авсан мөнгөө буцааж өгөөд үлдсэн мөнгөө би авна гэж тохироод машиныг зарахаар болоод зар тавьсан. Машинаа янзлуулаад хүмүүст үзүүлээд явж байтал Ганбаяр нь хямдхан зарж байгаа тул уг машиныг худалдаж авна гэсэн. Урьдчилгаа төлбөр гээд банк бус байгууллагаас мөнгө гаргуулъя гэсэн. Банк бус байгууллагад барьцаанд тавиад надад 20.000.000 төгрөг өгөөд үлдсэнийг нь 10 хоногийн дотор өгнө гээд машин аваад 10 гаруй хоног алга болсон. Хавтаст хэрэгт Ганбаяр нь хэдэн сарын хэдний дотор үлдэгдэл мөнгөө өгөх талаар бичиг нь байгаа. Сүүлд 1 жил гаруй хугацааны дараа хэдний дотор машины үлдэгдэл мөнгө төлөх талаарх бичгийг хийж өгсөн. Ганбаяр нь 2015 оны 02 дугаар сарын сүүлээр машин сонирхоод зар үзэж байтал машин зарах гэж байгаа гээд над руу залгасан. Машин нь банк бус байгууллагын барьцаанд байгаа гэхээр нь Цэгцбаатар бид 2 машиныг барьцаанаас нь аваад үлдэгдэл төлбөр дээр зээлийн гэрээ хийсэн. Цэгцбаатар хоригдсон байсан бөгөөд төлбөрөө өгч чадаагүй, мөнгөө эргэлдүүлсэн. Мөнгийг нь төлж барагдуулсан... гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Гантигийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2015 оны 02 дугаар сард машин худалдаж авах гэж хайж байгаад машин байна гэхээр нь Гантуяагийн гэрт очсон. Би Т.Тийг мэддэг байсан. Тухайн өдөр хүнээс мөнгө зээлж аваад тэр өдрийн орой нь Blue mon дотор байрлах The Bull ресторанд хамт хоол идэж байхдаа мөнгөө бэлнээр өгсөн. 1.000.000 төгрөгийг банкаар шилжүүлсэн тухайн үед машиныг асуудалгүй гэж байсан. Тухайн машинаа 2 хоног гадаа хонуулсан. Гэтэл хий муутай машин, хий алдаад доошоо суусан байсан. Машиныг гарааш дотор дулаахан газар байлгаарай гэж байсан. Жижигхэн нүхээр хий алдсан юм шиг байсан. Гарааш дотор хонуулахаар гайгүй байдаг байсан бөгөөд тухайн машиныг засуулахаас өөр аргагүй болсон байсан. Машин гэмтсэн байна гэхэд гадаа машинаа хонуулсан байна гэсэн. Ганбаяр гэх хүүхэд намайг ирж авч байсан. Машин засагдахгүй байгаа гэхээр нь 2, 3 сарын дараа мөнгөө буцааж авъя гэж би хэлж байсан. Мөн уг машинаа зараад мөнгөө хувааж авах талаар бид хоёр ярилцаж байсан. Тэгээд 2015 оны сүүлээр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Одоо хохирол төлбөрөөс төлөгдсөн зүйл байхгүй. Өнөөдөр хохирол төлбөрөө төлж эхэлнэ гээд надтай тохирсон бөгөөд би банкны гүйлгээг хүлээж байна. 20.800.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Гантигийн мөрдөн байцаалтын шатанд “...2015 оны 02 дугаар сарын сүүлээр Т.Т өөрийн Ауди-А8 маркийн автомашинаа зарна гээд намайг авах уу гэж хэлэхээр нь би уулзаад гадна, дотроос нь үзээд 50.000.000 төгрөгөөр тооцон авахаар болж 20.000.000 төгрөгийг нь бэлнээр өгч үлдсэн мөнгийг нь сард 5 000 000 төгрөгийг сар болгон төлж дуусгахаар тохиролцон худалдан авсан юм. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Блю Мон төвийн 3 давхарт Бүлл ресторан дотор мөнгөө өгсөн. Тухайн үед надад 19.000.000 төгрөг бэлэн байсан учраас түүнийгээ өгсөн. Харин 1.000.000 сая төгрөгийг дансаар өгье гэтэл Т.Тд данс байхгүй байсан учраас тухайн үед хамт байсан Гантуяа гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд машинаа унаад явсан. Машинаа авч явахдаа би Т.Тээс машинд чинь ямар нэгэн асуудал, эвдрэл гэмтэл байхгүй биз дээ гэж асуухад, ямар ч асуудал техникийн саатал байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд ямар нэгэн гэрээ хэлцэл хийхгүйгээр итгэж мөнгөө өгсөн. Машинаа гадаа хонуулаад маргааш нь асаах гэтэл машины хий нум нь эвдэрчихсэн, огт ажиллахгүй газарт суучихсан байсан. Тэгээд машиныг унах боломжгүй болсон ба Т.Тий асуудал, эвдрэл гэмтэлгүй гэж надад зарсан нь худлаа болсон. Тэгэхлээр нь би энэ талаар Т.Тд хэлтэл хамт байсан Таваа гэдэг дүүгээ явуулъя гээд нөгөө Таваа нь ирээд үзээд Т.Т рүү утсаар ярихад Таваад өгөөд явуулчих би аваад засаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр Таваад нь машиныг өгч явуулсан. Үүнээс хойш Т.Тээс өдөр болгон ойр ойрхон асуухад Т.Т удахгүй машиныг чинь засуулаад өгнө, засуулж байна гэж худлаа ярьсаар байгаад 2015 оны 12 сараас огт холбоо барихаа больж надаас зугтааж утсаа авахгүй алга болсон. Т.Тд тоглоомыг /play station-4/ нэртэй тоглоомыг 1.500.000 төгрөгт тооцож авах уу гэтэл зөвшөөрч Т.Тд өгч явуулсан гэх мэдүүлэг /2хх-ийн 191-192, 207-210 дугаар хуудас /,

Гэрч Б.Гантуяагийн “...Гантиг, Т.Т хоёр бие биеэ мэднэ. Т машин худалдана гэж надад хэлсэн, Гантиг машин худалдаж авмаар байна гэж хэлэхэд нь би тэр хоёрыг уулзуулж байсан юм. Ингээд 2015 оны 02 дугаар сард байх Т нь Ауди А-8 маркийн машиныг Гантигт худалдсан. Нийт хэдэн төгрөгөөр худалдсаныг санахгүй байна. ...Гантиг надад хэлэхдээ Т-ээс тэр машиныг авсан өдрөө эвдэрсэн гэж ярьсан. Юу нь эвдэрснийг би мэдэхгүй. 3 хоногийн дараа Т машиныг нь засах гэж аваад тэр чигээрээ өгөөгүй гэсэн. Гантиг Т ний араас олон сар хөөцөлдөөд машиныг нь өгөөгүй. Гантиг сүүлдээ мөнгөө авъя гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 225 дугаар хуудас/

Гэрч Н.Таванбаярын “...Ауди А8 маркийн автомашиныг зармаар байна гээд намайг зар тавиад зараад өг гэж гуйж байсан. Тэгээд өөрийн найз Гантиг гэх хүнд Гантуяа гэх эмэгтэйгээр зуучлуулан Ауди А8 машиныг зарахаар болсон. Тэгээд нэг өдөр Ауди А8 машиныг аваад ир гэж намайг дуудаад Блю Мон гэх газрын 2 дугаар давхарт хоол идээд тэгээд би Гантиг гэх хүнийг машиных нь хамт Маршил Таунд аваачиж өгсөн. Хэдэн төгрөгөөр өгч авсныг мэдэхгүй байна Т.Т банкны боолттой гялгар ууттай мөнгөтэй байсан. Хэсэг хугацааны дараа Т.Т над руу залгаад Ауди А8 машин эвдэрсэн байна чи очоод аваад ир гэж хэлсэн. Тэгээд би Маршал Таунаас очоод машиныг аваад Гантиг нь Цуг Улаанбаатар их дэлгүүр дээр ирээд би машиныг аваад Т.Т дээр аваачиж өгсөн. Тухайн үед Ауди А8 машины хийн амаржин нь эвдэрчихсэн байсан учраас Т.Т өөрийн граш руу оруулж болохгүй байсан. Тэгээд намайг Аудиг тавьчих граш олчих гэхээр нь би Нарантуулын зүүн урд талд байрлах гражид машиныг Т.Ттэй аваачиж тавьсан. Тэр үедээ Т.Т нь Цэгцбаатараас авсан Жи класс машиныг зарахаар болсон байсан ба ах нь унах машингүй болчихлоо Ауди А8 машинаа засад уная гэж ярьж байсан. Тэгээд 32 дугаар тойргийн шинэ зам дагуу байрлах засварын газар Баяраа гэх хүнээр машиныг засуулсан. Тэгээд 2008 оны Жи класс машины урьдчилгааг өгөхийн тулд Ауди А8 машиныг Эко капитал ББСБ дээр 20 сая төгрөгийн барьцаанд тавихаар болсон. Миний нэр дээр машиныг барьцаанд тавьсан. Ганц миний нэр дээл зээл гарахгүй гээд Т.Т нь хамтран зээлдэгчээр орсон. Тэгээд ББСБ дээр очсоноос 3 хоногийн дараа зээлийн асуудал шийдэгдээд миний дансанд 18 сая гаран төгрөг орсон. Би тэр мөнгийг орсных нь маргааш 13 дугаар хорооллын Хаан банкны өмнө Т.Т өөрийн саарал өнгийн Жи Класстай надаас ирж авсан. Т.Т нь Ауди А8 машиныг барьцаанд тавьснаас хойш тоохоо больсон ба миний нэрээр барьцаанд тавьсан болохоор нь би эхний 8 сарын мөнгийг би өөрөө тухайн ББСБ-д төлсөн. Тэгээд үргэлжлүүлээд төлөх гэхээр би мөнгөгүй болсон ба хэрэв төлж дуусгавал машиныг хэн авах нь тодорхойгүй байсан учраас би төлөхөө больсон. Тухайн ББСБ-с Т.Т рүү залгахаар би мэдэхгүй Таванбаяртай учраа ол гэж хэлсэн байдаг. Тэгээд ББСБ-с төлбөрөө төлөхгүй болохоор машиныг хурааж авсан” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 124-125, 151-152 дугаар хуудас/

     Хохирогч П.Цэгцбаатарын “...2015 оны 02 дугаар сард байх би зээлээ төлж машинаа авч чадахгүй байсан учир найз Ганбаяраас машинаа зараад зээлээ төлмөөр байна, авах хүн байна уу гэж асуусан. Ганбаяр Т.Т гэдэг хүн манай компаниас чинийх шиг машин авах гэж байгаад амжаагүй, тэр машин нь зарагдсан, тэр залуу чинийх шиг машин авна гэж байсан гэхээр нь би Ганбаярт тэгвэл холбоо бариад өгөөч гэсэн чинь Ганбаяр фэйсбүүкээр нь холбогдсон. Тэгтэл миний зүс таних Т.Т гэдэг залуу байсан. Ингээд Т.Ттэй уулзаад машинаа 65 сая төгрөгөөр худалдахаар тохирсон. Т.Тд би Есөн шижир банк бус санхүүгийн байгууллагад 25 сая төгрөг өгнө гэдгийг хэлсэн ба Т.Т банк бус санхүүгийн байгууллагад цувуулж өгсөөр байгаад 25 сая төгрөгийг төлж дуусгасан байсан. Т.Т надад 10 сая төгрөг өгсөн. Т.Т намайг шалж гуйсаар байгаад нэр шилжүүлж болно гэсэн бичиг хийлгүүлсэн. Би Т.Тд итгээд үлдэгдэл мөнгөө аваагүй байж машины нэрийг шилжүүлсэн боловч мөнгөө өгөхгүй өнөөдөр, маргааш өгнө гэж худлаа хэлсээр байгаад өдий хүрсэн. Т.Т мөнгөө өгөхгүй болохоор нь би машинаа авъя гэсэн чинь маргааш 15 цагт мөнгөө аваад ирье гэж хэлээд тэр чигээрээ алга болсон. ...Би Т.Тд машины мөнгөө өгч дууссаны дараа илүү 2 түлхүүрээ надаас аваарай, цаашаа зарж үрж болохгүй шүү гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг / 2хх-ийн 184-187 дугаар хуудас /

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/03159 дугаартай шийдвэр /3хх-ийн 3-8 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /3хх-ийн 24 дүгээр хуудас/

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /3хх-ийн 31-35 дугаар хуудас/

Дамно ХХК-ийн №СБ1-19-1183 тоот үнэлгээний тайлан /3хх-ийн 181-182 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Т нь  2015 оны 2 дугаар сард иргэн Б.Гантигт өөрийн өмчлөлийн бус, гэмт хэргийн замаар олж авсан эд хөрөнгө болох 16-66 УБӨ улсын дугаартай Ауди А-8 маркийн автомашиныг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 50.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю Мон” төвд урьдчилгаа 20.000.000 төгрөг, 880.500 төгрөгийн үнэ бүхий Сони плэйстэйшн тоглоом зэргийг авч, уг автомашинаа засуулаад буцааж өгнө гэж хууран авч 20.880.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Т. Т.Тий шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б. Гантигийн  “...2015 оны 02 дугаар сарын сүүлээр Т.Т өөрийн Ауди-А8 маркийн автомашинаа зарна гээд намайг авах уу гэж хэлэхээр нь би уулзаад гадна, дотроос нь үзээд 50.000.000 төгрөгөөр тооцон авахаар болж 20.000.000 төгрөгийг нь бэлнээр өгч үлдсэн мөнгийг нь сард 5 000 000 төгрөгийг сар болгон төлж дуусгахаар тохиролцон худалдан авсан юм. ...Тухайн үед надад 19.000.000 төгрөг бэлэн байсан учраас түүнийгээ өгсөн. Харин 1.000.000 сая төгрөгийг дансаар өгье гэтэл Т.Тд данс байхгүй байсан учраас тухайн үед хамт байсан Гантуяа гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд машинаа унаад явсан. Машинаа авч явахдаа би Т.Тээс машинд чинь ямар нэгэн асуудал, эвдрэл гэмтэл байхгүй биз дээ гэж асуухад, ямар ч асуудал техникийн саатал байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд ямар нэгэн гэрээ хэлцэл хийхгүйгээр итгэж мөнгөө өгсөн. Машинаа гадаа хонуулаад маргааш нь асаах гэтэл машины хий нум нь эвдэрчихсэн, огт ажиллахгүй газарт суучихсан байсан. Тэгээд машиныг унах боломжгүй болсон ба Т.Тий асуудал, эвдрэл гэмтэлгүй гэж надад зарсан нь худлаа болсон. Тэгэхлээр нь би энэ талаар Т.Тд хэлтэл хамт байсан Таваа гэдэг дүүгээ явуулъя гээд нөгөө Таваа нь ирээд үзээд Т.Т рүү утсаар ярихад Таваад өгөөд явуулчих би аваад засаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр Таваад нь машиныг өгч явуулсан. Үүнээс хойш Т.Тээс өдөр болгон ойр ойрхон асуухад Т.Т удахгүй машиныг чинь засуулаад өгнө, засуулж байна гэж худлаа ярьсаар байгаад 2015 оны 12 сараас огт холбоо барихаа больж надаас зугтааж утсаа авахгүй алга болсон. Т.Тд тоглоомыг /play station-4/ нэртэй тоглоомыг 1.500.000 төгрөгт тооцож авах уу гэтэл зөвшөөрч Т.Тд өгч явуулсан... гэх мэдүүлэг, гэрч Н. Таванбаярын “...Гантиг гэх хүнд Гантуяа гэх эмэгтэйгээр зуучлуулан Ауди А8 машиныг зарахаар болсон. Тэгээд нэг өдөр Ауди А8 машиныг аваад ир гэж намайг дуудаад Блю Мон гэх газрын 2 дугаар давхарт хоол идээд тэгээд би Гантиг гэх хүнийг машиных нь хамт Маршил Таунд аваачиж өгсөн. Хэдэн төгрөгөөр өгч авсныг мэдэхгүй байна Т.Т банкны боолттой гялгар ууттай мөнгөтэй байсан. Хэсэг хугацааны дараа Т.Т над руу залгаад Ауди А8 машин эвдэрсэн байна чи очоод аваад ир гэж хэлсэн. Тэгээд би Маршал Таунаас очоод машиныг аваад Т.Т дээр аваачиж өгсөн...Тэгээд 32 дугаар тойргийн шинэ зам дагуу байрлах засварын газар Баяраа гэх хүнээр машиныг засуулсан. Тэгээд 2008 оны Жи класс машины урьдчилгааг өгөхийн тулд Ауди А8 машиныг Эко капитал ББСБ дээр 20 сая төгрөгийн барьцаанд тавихаар болсон. Миний нэр дээр машиныг барьцаанд тавьсан. Ганц миний нэр дээл зээл гарахгүй гээд Т.Т нь хамтран зээлдэгчээр орсон. Тэгээд ББСБ дээр очсоноос 3 хоногийн дараа зээлийн асуудал шийдэгдээд миний дансанд 18 сая гаран төгрөг орсон. Би тэр мөнгийг орсных нь маргааш 13 дугаар хорооллын Хаан банкны өмнө Т.Т өөрийн саарал өнгийн Жи Класстай надаас ирж авсан...Тэгээд ББСБ-с төлбөрөө төлөхгүй болохоор машиныг хурааж авсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар,

2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн П.Цэгцбаатарын эзэмшлийн 55.000.000 төгрөгийн үнэтэй 83-86 УНС улсын дугаартай Мерседес бенз Жи-500 маркийн автомашиныг 65.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 35.823.723 төгрөгийг төлж, удахгүй үлдэгдэл 30.000.000 төгрөгийг төлнө гэж хуурч, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн газарт өөрийн нэр дээр шилжүүлэн авч, бусдад зарж борлуулан 19.176.277 төгрөгийн хохирол учруулсан болох шүүгдэгч Т. Т.Тий шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч П. Цэгцбаатарын “ ... Ингээд Т.Ттэй уулзаад машинаа 65 сая төгрөгөөр худалдахаар тохирсон. Т.Тд би Есөн шижир банк бус санхүүгийн байгууллагад 25 сая төгрөг өгнө гэдгийг хэлсэн ба Т.Т банк бус санхүүгийн байгууллагад цувуулж өгсөөр байгаад 25 сая төгрөгийг төлж дуусгасан байсан. Т.Т надад 10 сая төгрөг өгсөн. Т.Т намайг шалж гуйсаар байгаад нэр шилжүүлж болно гэсэн бичиг хийлгүүлсэн. Би Т.Тд итгээд үлдэгдэл мөнгөө аваагүй байж машины нэрийг шилжүүлсэн боловч мөнгөө өгөхгүй өнөөдөр, маргааш өгнө гэж худлаа хэлсээр байгаад өдий хүрсэн...гэх мэдүүлэг, гэрч Б. Ганбаярын “ ...надад 30.000 төгрөгийн өртэй байсан найз Цэгцбаатарын ББСБ-ын барьцаанд байсан 83-86 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг Т. Т.Т нь 65000.000 төгрөгөөр худалдаж аваад тухайн мөнгөнөөс нь надад өрөө цайруулахаар тохирсон байсан юм. Т. Т.Т нь уг машиныг ББСБ-д 25000.000 төгрөгийг төлж чөлөөлж аваад түүнээс хойш 10.000.000 төгрөгийг Цэгцбаатарт өгсөн... тэгээд бид 3 зээлийн гэрээ байгуулахаар болж тээврийн хэрэгслийн нэрийг Т. Т.Тий нэр дээр шилжүүлэхийн тулд Цэгцбаатарын нэр дээр хүсэлт бичүүлж авсан...тэгээд Т.Т нь тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан бөгөөд тэр үеэс хойш хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон...” гэх мэдүүлэг зэрэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Тий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Т.Тийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Залилах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. 

Шүүх шүүгдэгч Т.Тд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас хохирогч П. Цэгцбаатарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар т, хохирогч Б. Гантигт учруулсан хохирлоос  4000.000 / дөрвөн сая / төгрөгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн данс руу шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 16.880.000 төгрөгийг 2021 оны 04 сарын 01-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож, хохирогч Б. Гантиг нь гомдол саналгүй, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн эвлэрлийн гэрээ-г ирүүлснийг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн болно.   

Шүүхээс шүүгдэгч Т.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь хохирогч Б.Гантигт 16.880.000 төгрөг төлөхийг шийтгэх тогтоолд дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т. Т.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь  хэсэгт заасныг журамлан Тэргүүн Монгол овогт Тэргүүний Т.Тийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан   Залилах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тийг 2  / хоёр / жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Тийг  шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг  авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

            5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь Т.Т нь  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.     

            6. Шүүгдэгч  Т.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тээс 16.880.000 / арван зургаан сая найман зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж  хохирогч  Б. Гантигт  олгож, хохирогч П. Цэгцбаатарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч,  улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Тд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН