Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 403

 

185/2020/0060/Э

 

 

 

  2020           04            02                                         2020/ДШМ/403    

 

Т.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЗ/380 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайгийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаартай эсэргүүцлээр Т.Т-д холбогдох эрүүгийн 201625020432 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т-,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;

Т.Т- нь 2015 оны 2 дугаар сард иргэн Б.Г-т өөрийн өмчлөлийн бус, гэмт хэргийн замаар олж авсан эд хөрөнгө болох 16-66 УБӨ улсын дугаартай “Audi А-8” загварын автомашиныг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 50.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Blue mon” төвд урьдчилгаа 20.000.000 төгрөг, 880.500 төгрөгийн үнэ бүхий “Sony Playstation” тоглоом зэргийг авч, уг автомашинаа “засуулаад буцааж өгнө” гэж хуурч залилан авч 20.880.500 төгрөгийн хохирол,

2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр иргэн П.Ц-ын эзэмшлийн 83-86 УНС улсын дугаартай “Mercedes Benz G500” загварын автомашиныг 65.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 35.823.723 төгрөгийг төлж, “удахгүй үлдэгдэл 30.000.000 төгрөгийг төлнө” гэж хуурч, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн газарт өөрийн нэр дээр шилжүүлэн залилан авч, бусдад зарж борлуулан 19.176.277 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 40.056.777 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Т-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Т-ийг 2015 оны 2 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн танил иргэн Б.Г-т “Audi А8” загварын автомашиныг 50.000.000 төгрөгөөр зарж, урьдчилгаанд 20.000.000 төгрөг, 1.500.000 төгрөгийн үнэ бүхий “Sony Playstation” тоглоомыг авсан, уг автомашинаа засуулаад буцааж өгнө гэж хууран авчихаад автомашин болон мөнгийг өгөөгүй, итгэл эвдэн залилсан гэх 201625020432 дугаартай хэргийг Л.Бат-Эрдэнийг хуурч 16-66 УБӨ дугаартай “Audi А8” загварын автомашин, 4.700.000 төгрөгийг залилан авсан 201625021709 дугаартай хэрэгт нэгтгэн шалгах тухай 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол гарсан байх бөгөөд 201625021709 дугаартай хэргээс дээрх 201625020432 дугаартай хэргийг тусгаарласан тухай тогтоол хэрэгт авагдаагүй байна.

Мөн шүүгдэгч Т.Т-ээс тус “Audi А8” загварын автомашины хохиролд 38.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Бат-Эрдэнэд олгосон  2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 157 дугаартай шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол хавтаст хэргийн 173-174 дүгээр талд авагдсан байх бөгөөд шүүгдэгч Т.Т- 2015 оны 2 дугаар сард иргэн Б.Г-т 16-66 УБӨ улсын дугаартай “Audi А8” загварын автомашиныг 50.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Blue mon” төвд урьдчилгаа 20.000.000 төгрөг, 880.500 төгрөгийн үнэ бүхий “Sony Playstation” тоглоом зэргийг авч, автомашиныг хохирогч Б.Г-т хүлээлгэн өгсөн боловч уг автомашин эвдрэл, доголдолтой байсан учир автомашиныг засуулах, зарах талаар хохирогч, шүүгдэгч нар харилцан тохиролцсон тухай тус тус мэдүүлж байна.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй субъектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй нь тогтоогдсон байх ёстой.

Түүнчлэн 83-86 УНС улсын дугаартай “Mercedes Benz G500” загварын автомашины эзэмшигч, өмчлөгч нь хохирогч П.Ц- мөн эсэхийг тодруулах нь зүйтэй гэх үндэслэлээр шүүгдэгч Т.Т-д холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Т.Т-ийг 2015 оны 04 сард П.Ц-ын эзэмшлийн 83-86 УНС улсын дугаартай “Mercedes Benz G500” загварын автомашиныг 65.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 35.000.000 төгрөгийг төлж, удахгүй үлдэгдэл 30.000.000 төгрөгийг төлнө гэж хуурч уг автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж бусдад зарж борлуулж П.Ц-т 30.000.000 төгрөгийн хохирол,

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Л.Бат-Эрдэнэд Үндэсний баялаг ББСБ-ын зээлийн барьцаанд тавьсан 77-79 УБП улсын дугаартай “Range rover” загварын автомашиныг өгч Л.Бат-Эрдэнийн эзэмшлийн 16-66 УБӨ дугаартай “Audi А8” загварын автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч хууран Л.Бат-Эрдэнэд 40.000.000 төгрөгийн хохирол,

2016 оны 2 дугаар сард иргэн Б.Г-т 16-66 УБӨ дугаартай “Audi А8” загварын автомашиныг 50.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож урьдчилгаа 20.000.000 төгрөг, 1.500.000 төгрөгийн үнэ бүхий “Sony Playstation”тоглоомыг авч уг автомашинаа засуулаад өгнө гэж авч хууран Б.Г-т 21.500.000 төгрөгийн хохирол, нийт 91.500.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулсан.

Мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтаар яллагдагч Т.Т- нь хохирогч П.Ц-т 30.000.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Г-т 21.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэж үзэж прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 201625020432 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан ба уг тогтоолыг эрүүгийн 201625021709 дугаартай хэргээс 201625020432 дугаартай хэргийг тусгаарласан тогтоол гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар Т.Т- нь иргэн Л.Бат-Эрдэнээс залилж авсан 16-66 УБӨ улсын дугаартай “Audi А8” загварын автомашиныг хохирогч Б.Г-т урьдчилгаа 20.000.000 төгрөг, 1.500.000 төгрөгийн үнэ бүхий “Sony Playstation” тоглоом авч зарсан ба тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл, доголдол илрэх үед тээврийн хэрэгслийг засуулаад өгнө гэж хэлж авсан, улмаар тээврийн хэрэгслийг засварлах явц удааширч Т.Т- нь 16-66 УБӨ улсын дугаартай “Audi А8” загварын автомашиныг зарж борлуулж Б.Г-аас авсан мөнгийг буцааж өгөхөөр Б.Г-тай тохиролцсон боловч тээврийн хэрэгслийг засуулсны дараа 20.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж мөнгийг хувьдаа зарцуулсан, улмаар “Audi А8” загварын автомашиныг зарж борлуулах талаар идэвхтэй үйлдэл хийлгүйгээр зээлийн барьцаанд хураалгасан үйл баримт тогтоогдсон. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, Т.Т- нь хохирогч Б.Г-т 16-66 УБӨ улсын дугаартай “Audi А8” загварын автомашиныг засуулсны дараа буцааж өгөх, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээлсэн мөнгөөр Б.Г-аас автомашины төлбөрт авсан мөнгийг буцаан төлөх, тээврийн хэрэгслийг зарж борлуулан хохирогчийн хохирлыг барагдуулах зэрэг боломж байсан хэдий ч хохирогч Б.Г-аас авсан мөнгийг буцааж өгөөгүй буюу н.Таванбаяр гэх хүн худалдаж авахаар тохирч аваад мөнгөө өгөлгүй алга болсон мэтээр хохирогчийг төөрөгдөлд оруулсан үйлдэл нь түүний залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг харуулж байна.

Түүнчлэн 83-86 УНС улсын дугаартай “Mercedes Benz G500” загварын автомашин нь хохирогч П.Ц-ын эзэмшлийнх болох нь хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 35 дугаар хуудаст авагдсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, 2 дугаар хавтасны 238 дугаар хуудаст авагдсан кассын орлогын ордер, яллагдагч Т.Т-, хохирогч П.Ц- нарын мэдүүлэг, тухайн тээврийн хэрэгслийг барьцаалж зээл олгосон Банк бус санхүүгийн байгууллагаас тээврийн хэрэгслийг Т.Т-ий нэр дээр ямар нэгэн маргаангүй шилжүүлж өгсөн үйл баримт зэргээр тогтоогдсон, тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийг тогтоох нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Т.Т-ий өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамж, прокурорын эсэргүүцлийн 1 дэх агуулгын хувьд: Хэрэгт тусгаарласан тогтоол авагдаагүйг прокурор эсэргүүцэлдээ дурдсан. Харин 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 201625020432 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан ба уг тогтоолоор эрүүгийн 201625021709 дугаартай хэргээс 201625020432 дугаартай хэргийг тусгаарласан тогтоол гэж үзэх боломжгүй.

Энэ тогтоолоос өмнө /2хх 33/ Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 201625020432 дугаартай тогтоолоор Б.Г- хохирсонтой холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дах хэсэгт зааснаар Т.Т-д эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл П.Ц- хохирсонтой холбоотой тусдаа дугаартай хэрэг огт байдаггүй. Харин /2хх 8/ Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 201525051746 дугаартай тогтоолоор Т.Т- 30.000.000 төгрөг өгөхгүй байна гэх Б.Ганбаяр хохирсон хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Т.Т-д эрүүгийн хэрэг үүсгэснийг харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлж, улмаар /2хх 11/ 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 29 дугаартай мөрдөгчийн тогтоолоор 201301042365 дугаартай хэргийг 201525051746 дугаартай хэрэгт нэгтгэжээ. Үүний дараа 2016 оны 6 дугаар сард /2хх 16/ мөрдөгчийн тогтоолоор “Магнай трейд” ХХК хохирсон 201301042365 дугаартай хэрэгт Б.Г- хохирсон 201625020432 хэргийг нэгтгэсэн атал 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 29 дугаартай мөрдөгчийн тогтоолоор “Магнай трейд” ХХК хохирсон 201301042365 дугаартай хэргийг Б.Ганбаяр хохирсон 201525051746 дугаартай хэрэгт нэгтгэсэн тогтоолыг өөрчлөлгүйгээр Б.Г- хохирсон 201625020432 дугаартай хэргийг “Магнай трейд” ХХК хохирсон 201301042365 хэрэгт нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Б.Ганбаяр хохирсон 201525051746 дугаартай хэргийг огт орхигдуулсан байна. Тэгсэн атал 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн /2хх 14/ мөрдөгчийн тогтоолоор Л.Бат-Эрдэнэ хохирсон 201625021709 хэрэгт Б.Г- хохирсон 201625020432 дугаартай хэргийг дахин нэгтгэжээ.

Хэргийг нэгтгэх явц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг удаа дараа зөрчиж нэгтгэсэн хэргээс тусгаарлалгүй дахин нэгтгэхдээ нэгтгэснийг биш нэгдсэнийг нэгтгэж байгаа нь хууль зөрчсөн байна. Мөрдөн байцаалтын явцад мөрдөгчийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолоор /2хх 240/ 201625021709 дугаартай хэрэгт Т.Т-ийг “Магнай трейд ХХК” хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, П.Ц-, Г.Бат-Эрдэнэ, Б.Г- нар хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан хэрэгт тус тус яллагдагчаар татсан. Мөн /2хх 245/ 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмж ял өөрчлөх тогтоолоор өмнө сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг дээр 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нэмж ял сонсгосон атал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ялыг яаж шийдвэрлэсэн, ямар үндэслэлээр цагдан хорьсон тухай баримт хэрэгт огт авагдаагүйг шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан билээ. Эдгээр баримтыг судлаж үзээд өмгөөлөгч би 201625021709 дугаартай хэргээс Б.Г- хохирсон 201625020432 дугаартай хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцаасан, П.Ц- хохирсон дугаартай хэрэг огт байхгүй, Б.Ганбаяр хохирсон 201525051746 дугаартай хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй гэж дүгнэлтдээ дурдсан. Хууль ёсоор бол Б.Ганбаяр хохирсон 201525051746 дугаартай хэрэгт хохирогчоор Б.Ганбаярыг тогтоосон /2хх 214/ тогтоолыг хүчингүй болгож байж П.Ц-ыг хохирогч гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ хэрэгт хоёр хохирогч байгаагаар харагдаж байгаа. Б.Ганбаяр хохирогчийн байр сууринаас биш гэрчийн байр суурьтай энэ хэргийн оролцогч байх ёстой. Үүнээс Б.Ганбаярыг хохирогчоор тогтоосон тогтоолыг хэрхэн дүгнэх талаар эргэлзээ төрнө. Сүхбаатар дүүргийн прокурорын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 172 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтэд буцаасан 201625020432 дугаартай хэрэгт /2хх 136/ Б.Г- хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Т-ийг яллагдагчаар татаж ажиллагаа явуулсан. Харин 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 242 дугаартай /3хх 203-205/ прокурорын яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолоор П.Ц- хохирсон үйлдлийг нэмж оруулсан байна. Тэгвэл 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд явуулсан хохирогч Б.Ганбаяр, П.Ц- нарыг байцаасан байцаалт, мэдүүлгийг хэрхэн үнэлэх талаар эргэлзээ төрнө. Иймд 201625021709 дугаартай хэргээс 201625020432 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахдаа 201525051746 дугаартай хэргийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэж шүүгчийн захирамжийн энэ агуулгыг дэмжинэ.

Шүүгчийн захирамж, прокурорын эсэргүүцлийн 2 дах агуулгын хувьд:

Хохирогч Б.Г-, шүүгдэгч Т.Т- нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр “Audi-А8” загварын автомашин худалдах, худалдан авахаар тохирсон, хохирогч эзэмшилдээ байлгах явцдаа ашиглалтын буруугаас эвдрэл үүссэн, автомашиныг засуулах талаар талууд тохиролцсон байх хугацаандаа хохирогч гэрээнээс татгалзаж мөнгөө буцааж авахаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгч машиныг өөр этгээдэд шилжүүлэх үед хохирогч машин авахгүй, мөнгөө авна гэдэг хүсэл зоригоо илэрхийлсэн байсан зэрэг нь хуурч мэхлэх, залилах гэмт хэргийн санаа зорилго агуулаагүй гэж дүгнэхээр нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Хэрэгт байгаа процессын алдааг залруулсны дараа энэ талаар дүгнэлт хийх, хууль хэрэглээний шийдэл саналаа илэрхийлэх боломжтой. Харин хэрэгт авагдсан баримтаар гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ.

Шүүгчийн захирамж, прокурорын эсэргүүцлийн 3 дахь агуулгын хувьд:

Хэрэгт авагдсан 3 дугаар хавтасны 33-35 дугаар хуудаст байгаа лавлагааны хувьд дараах тайлбарыг гаргаж байна. Мөрдөн байцаалтын явцад авагдсан Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа 2 гэсэн дардастай 2015 оны 11 дүгээр сарын 18 гэсэн бичилттэй 33, 34, 35 дугаар хуудаст байгаа баримт байна. 33 дугаар хуудаст байгаа баримтын мэдээллээр 83-86 УНС улсын дугаартай, “Mercedes Benz G500” загварын WDCYR49Е85Х157010 арлын дугаартай, 2005 онд үйлдвэрлэсэн, мөнгөлөг өнгөтэй автомашины одоо эзэмшигч нь “ЖИ ЭС БИ КАПИТАЛ ББСБ”, 34 дүгээр хуудаст байгаа баримтын мэдээллээр 2015 оны 5 дугаар сарын 4-нөөс 2015 оны 5 дугаар сарын 5-ны хооронд Т.Т-ий, 2012 оны 4 дүгээр сарын 11-нээс 2015 оны 5 дугаар сарын 4-ний хооронд Б.Наранхүүгийн, 2011 оны 10 дугаар сарын 31-нээс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний хооронд “Бичил Глобус”-ийн тус тус эзэмшилд байсан. 35 дугаар хуудаст байгаа баримтын мэдээллээр 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр П.Ц-ын эзэмшилд байсан байна. Эдгээр 3 хуудаст байгаа мэдээллээр шүүгдэгчийн эзэмшилд очихоос өмнө Б.Наранхүүгийн эзэмшилд байсан гэсэн мэдээллээс үзвэл хохирогч П.Ц-т хамааралгүй, “Есөн шижир ББСБ” ХХК-д барьцаанд байсан гэх мэдүүлэг, баримт үгүйсгэгдэж байна.

Иймд хэрэг гарсан гэх цаг хугацаанд эрх бүхий этгээдэд бүртгэлтэй байсан эзэмшигч Б.Наранхүүгээс тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч хэн байсан, яагаад хохирогчоор П.Ц- тогтоогдсон талаар асууж тодруулах зайлшгүй шаардлагатай. Энэхүү ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлэх явцад нөхөн гүйцээх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна. ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ, прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлбэл зохино.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Шүүгчийн захирамжид заасан “...201625021709 дугаартай хэргээс дээрх 201625020432 дугаартай хэргийг тусгаарласан тухай тогтоол хэрэгт авагдаагүй, 83-86 УНС улсын дугаартай “Mercedes Benz G500” загварын автомашины эзэмшигч, өмчлөгч нь хохирогч П.Ц- мөн эсэхийг тодруулах...” гэх асуудлын тухайд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай “яллагдагч Т.Т-д холбогдох эрүүгийн 201625021709 дугаартай хэргийг 201625020432 дугаартай хэргээс тусгаарласан” тогтоол 2 дугаар хавтас хэргийн 18-19 дүгээр талд, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа 3 дугаар хавтас хэргийн 35 дугаар талд тус тус авагджээ.

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Т.Т-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЗ/380 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Т.Т-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН