Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 095

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаанытанхимд нээлттэй хийж, С.Банзрагчийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* овгийн *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1976 онд 8-р анги төгсөөд Яруу сумын ******* нэгдлийн ******* бригадад дизелийн моторчиноор орж ажиллаад 1978 оны 01-р сарын 01-нээс тус бригадынхаа тракторын жолооч болсон. Тракторын жолоочоор 1992 оны 01-р сард нэгдэл тартал ажилласан. Би энэ онуудаа хөдөлмөрийн дэвтэрт бичүүлж байсан ч нэгдэл тарах үед дэвтэр маань үрэгдсэн учраас надад ирээгүй. Өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох болоод ******* нэгдэлд моторчин болон тракторын жолоочоор ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд миний Завхан аймгийн Яруу сумын ******* нэгдэлд 1977 оны 4-р сарын 1-нээс 1978 оны 1-р сарын 1-н хүртэл дизелийн моторчин, 1978 оны 1-р сарын 1-ний өдрөөс 1992 оны 1-р сарын 1-н хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овгийн *******ын ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай нөхөр 1961 онд төрсөн. Ахтайгаа хамт сургуульд суугаад 1976 онд 8 дугаар анги төгсөөд Ар хустайн трактор комбаний курст явж ирээд моторчин хийж байгаад тракторын жолооч болсон гэж ярьдаг юм. Манайх 1985 онд айл болсон. Тэгэхэд бичиг баримтууд нь бүрэн байсан. 1992 онд нэгдэл тартал ажилласан. 1988 онд Автын курст сууж байсан юм. 1984 онд манай нэгдлийн архив шатаж байсан юм. Тэгэхэд бичиг баримтууд нь устаж алга болсон гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

С.Банзрагч 1977 оны 4-р сарын 01-нээс 1992 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Яруу сумын ******* нэгдэлд моторчин, тракторын жолоочоор ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч С.Банзрагч Завхан аймгийн Яруу сумын ******* нэгдэлд 1977 оны 04-р сарын 01-нээс 1978 оны 01-р сарын 01 хүртэл дизелийн моторчиноор, 1978 оны 01-р сарын 01-нээс 1985 оны 01-р сарн 01-н, 1985 оны 03-р сарын 01-нээс 03-р сарын 30-н хүртэл, 1985 оны 08-р сарын 01-нээс 1990 оны 02-р сарын 01-н, 1991 оны 01-р сарын 01-нээс 1991 оны 12-р сарын 31-н хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь 1977 оны 4-12-р саруудад авч байсан цалингийн жагсаалт, 1978 оны 07-р сарын 12-ны өдөр, 1979 оны 12-р сарын 31-ний өдөр, 1981 оны 07-р сарын 12-ны өдөр шагнуулсан баярын бичгүүд, 1983 оны 02-р сарын 16-ны өдөр шагнуулсан аваргын диплом, 1987, 1988, 1990, 1991онуудад цалин хөлс олгосон тухай архивын баримтууд, Завхан аймгийн Яруу сумын ******* нэгдлийн даргын 1992 оны 02-р сарын 01-ний өдрийн албан тушаалтнуудыг ажлаас халсан тухай 45 дугаартай тушаал, 1989 оны 12-р сарын 06-ны өдөр шагнуулсан 8-р таван жилийн гавшгайчийн үнэмлэх, Завхан аймгийн архивын тасгийн 2017 оны 03-р сарын 09-ний өдрийн А/247 дугаартай 1985 оноос 1991 онуудад авч байсан цалин хөлсийг жагсаасан лавлагаа, зэргээр тогтоогдож байна. Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2017 оны 03-р сарын 07-ны өдрийн 3/47 дугаартай тодорхойлолтоор тус сумын захиргааны байранд 1984 онд гал гарч архивын бичиг баримт устсан гэж үзэх үндэстэй байна. Иймд 1980 оноос 1984 онуудын баримт шатсан байх магадлалтай тул нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Т.*******ын ... Банзрагч бид 2 1976 онд 8-р анги төгссөн. Тэгээд Банзрагч тракторын курст явж би 1976 оны 10-р сард Яруу сумын нэгдэлд цэвэрлэгчээр ажилд орж байсан. Тэгээд 1977 онд Банзрагч ирээд Яруу сумын ******* нэгдэлд моторчиноор ажилд орж байсан. Гэрэл асаадаг моторчин байсан. Мотороо нэг их удаан асаагаагүй, удалгүй тракторын жолооч болсон. Тэгээд нэгдэл тартал тракторын жолооч хийсэн... гэсэн, гэрч М.Цанжидын ...Банзрагч 1976 онд 8-р анги төгсөөд ТМС-д явсан байх. 1978 онд тракторын жолооч болсон байсан. Тэгээд нэгдэл тартал надтай хамт тракторын жолооч хийсэн. ... гэсэн, гэрч Х.гийн ...Банзрагч 8-р анги төгсөөд трактор комбайны курст сууж ирээд 1978 оноос трактор барьсан. Моторчин хийж байгаад тракторын жолооч болсон. 1992 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж байгаад хувьчлал тарсан. Түүнээс хойш хувиараа ажилласан. ... гэсэн, гэрч Х.Балдан-Очирын ...Завхан аймгийн Яруу сумын ******* нэгдэлд 1978 оноос эхэлж тракторын жолоочоор ажиллаж байсан. Техникт их сайн хүн байсан. Манайхан хамар хашаанд байдаг байсан... гэсэн, гэрч Ж.Гармаабазарын ... 1977 оноос манайхан хамар хашаанд байсан болохоор сайн мэднэ. Нэгдэл 1991 онд хувьчлагдах хүртэл хамт ажилласан. Би нэгдлийн халуун усанд Банзрагч нэгдэлд тракорын жолоочоор ажилладаг байсан. Сургуулиа төгсөөд тракторын жолоочийн курст явсан. Курс төгсч ирээд л нэгдэлд трактор барьсан. Тракторын жолооч болоогүй байхдаа хэдэн сар моторчин хийсэн... гэсэн мэдүүлгүүдээр С.Банзрагчийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН 

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ийн Банзрагчийг Завхан аймгийн Яруу сумын ******* нэгдэлд 1977 оны 04-р сарын 01-нээс 1978 оны 01-р сарын 01 хүртэл дизелийн моторчиноор, 1978 оны 01-р сарын 01-нээс 1985 оны 01-р сарн 01-н, 1985 оны 03-р сарын 01-нээс 03-р сарын 30-н хүртэл,1985 оны 08-р сарын 01-нээс 1990 оны 02-р сарын 01-н, 1991 оны 01-р сарын 01-нээс 1991 оны 12-р сарын 31-н хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Нэхэмжлэгч тус шүүхийн 2017 оны 01-р сарын 30-ны өдрийн 225 дугаартай шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ