Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/01544

 

А.Нн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2018/00342 дугаар шийдвэр,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2018/00008 дугаар магадлалтай,

А.Нн нэхэмжлэлтэй

Т А З Д Ж.Бд холбогдох

Ажлаас халсан Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжийг хүчингүй болгож, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоохыг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, Б.Оюунцэцэг нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байгаад Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар ажлаас халагдсан. Ажлаас халахдаа Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 20.2.12, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Ажлын байрны тодорхойлолтын 1, 2, 3, 4, 5 дугаар үндсэн зорилтууд, Хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 2.3.2, 2.3.6, 2.3.8, 2.3.9, 2.3.12, 2.3.16 заалтууд, Үр дүнгийн гэрээний 1.3.1.2, 1.3.3.1, 1.3.5.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3, 50 дугаар зүйлийн 50.2 дахь заалтыг үндэслэн халсан болно. Ажлаас халахдаа зөрчил гаргасан үндэслэлээ тодорхой дурдаагүй нь сахилгын зөрчил бодитой байх, зөрчил гаргасан хугацаа тодорхойлох боломжгүй тул хуулийн шаардлага хангаагүй, бодит бус үндэслэлээр ажлаас халагдсандаа гомдолтой байна. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэдэг атал мөн хуулийн 131, 50 дугаар зүйлийг үндэслэн халсан нь ... хууль бус байна. Мөн ажлаас халсан захирамж нь иргэдээс ирүүлсэн гэх хуурамч өргөдлийг хэт нэг талыг барьж шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэхдээ ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн тайлбар, санал гаргах боломжийг олгох тухай Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг шууд зөрчиж байгаа юм. Иймд үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааг зохих журмын дагуу үнэлж дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг баримтлаагүй, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн тайлбар, санал гаргах боломжийг алдагдуулан ажлаас халсан нь хууль бус тул Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал А.Н намайг ажлаас халсан Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоохыг ажил олгогчид даалгаж өгнө үү. Д.Мөнхцэцэг даргын хэлсэн зүйл дээр ганц хоёр юм тодруулж хэлье. Сүүлд энэ хүмүүсийн гарын үсгийг цуглуулаад ирлээ гэж байна, би гарын үсэг цуглуулаагүй. Ажлаа буруу хийлээ гэж бид нар бодоогүй шүү гээд ажилчид гарын үсэг зурж өгсөн. Үр дүнгийн гэрээ нөхөж хийсэн зүйл ярьж байна, нөхөж хийсэн байх ямар ч үндэслэл байхгүй. Хүн доромжилсон үйлдэл хийж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Нг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Засаг даргын Б/57 тоот захирамжаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан байдаг ба Хөдөлмөрийн тухай хуулийн яг аль зүйл, заалтыг баримталж халсан нь тодорхойгүй. Ноцтой зөрчил гаргаж байсан талаар мэдэгдэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хэдэн удаа зөрчил гаргаж байсан гээд тодорхой байх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан үндэслэлээр халсан бол энэ нь хөөн хэлэлцэх хугацаа шаарддаг. Гарсан зөрчил нь цаг хугацаатай, бодитой байх ёстой. Засаг даргын захирамжид баахан хуулийн зүйл заалтууд бичсэн байгаа энэ нь хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу мэдэгдэхгүй байгаа. Халсан гэдэг үг байгаа болохоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг зүйлийг баримтална гэсэн Улсын дээд шүүхийн тайлбар байдаг. Ажлаас халсан ямар ч зөрчлийг нэрлэн заагаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлээр арга хэмжээ авсан байж давхардуулсан байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Төв аймгийн Засаг даргын Б/57 дугаар захирамж нь хуулийн шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Аймгийн Засаг даргад 2016 оны 09 дүгээр сарын 23, 2017 оны 03 дугаар сарын 07, аймгийн Засаг даргын тамгын газрын даргад 2017 оны 09 дүгээр сарын 12, ... , Нийгмийн бодлогын хэлтсийн даргад 2017 оны 09 дүгээр сарын 08, ... , БСУГ-д 2014 оны 03 сар, ..., 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд Мөнгөнморьт сумын иргэдээс А.Нтэй холбоотой ... өргөдөл, гомдол ирж байсан тул 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Засаг даргын тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Мөнгөнморьт сумын сургууль дээр ажлын хэсэг очиж ажилласан. ...2017 оны Боловсролын сайдын 293, 299 дүгээр тушаалын дагуу багш, ажиллагсдын үр дүнгийн гэрээг үнэлж, урамшуулал олгох хагас жилийн биелэлтийг харахад ямар ч зүйл хийгдээгүй байсан. Бид нар өнөөдөр хэргийн материалтай танилцахад материалууд нөхөж бүрдүүлсэн байна. Очиж шалгалт хийхэд үр дүнгийн гэрээ байхгүй байсан. Надаас 3 000 000 төгрөг авсан гээд өргөдөл бичээд байсан хүнтэй нь очиж уулзахад тохиролцож өгсөн гэж өмнө нь ярьснаа үгүйсгэж байсан, ...Ажлын хэсгийн дүгнэлтээр А.Н нь сургалтын явцын үнэлгээ, дотоод хяналт-шинжилгээг тогтмол хийдэггүй, арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй, багш нэг бүрийн ажлын үр дүнг тооцон ажиллаагүйгээс ажлын хариуцлага алдагдаж, сургалтын чанар буурсан, сургалтын үйл ажиллагаа хэт урсгалаараа явж байсан, ...Захирал А.Н нь өөрийн нөхөр Я.Болдбаатарыг галчаар томилон ажиллуулсан нь НАНБХАСЗУС /ашиг сонирхлын зөрчлийн/ хуулийн 8.1, 11.1 дэх заалтыг зөрчсөн, ...Боловсрол, шинжлэх ухааны сайдын ... тушаалаар баталсан ... журмын дагуу 5 дугаар ангийн сурагчдын монгол хэлний чадвар эзэмшилтээр шалгалт авахад гүйцэтгэл 46.27 хувь, 9 дүгээр ангийн сурагчдын математикийн хичээлээр шалгалт авахад гүйцэтгэл 39.4 хувь, А.В-ийн эзлэх хувь 0 гэж дүгнэгдсэн, ...сургуулийн машин эвдэрснийг акт тогтоож, засуулаагүй, захирал өөрийн машинаар сургуулийн ажилд бензин хийж явж байгаа нь ашиг, сонирхлын зөрчил үүсгэсэн, гадны баталгаагүй машинаар хүүхэд тээвэрлэж, хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан, ...аймагт тэмцээнд авч явсан 10 хүүхдээ нэг машинд чихэж явуулснаас ...цагдаад баригдаж хариуцлага тооцогдож, энэ дагуу сануулах сахилгын арга хэмжээ авсан. Мөн сургуулийн биеийн тамирын багш хүүхдүүдийг аймаг руу үндэсний бөхийн тэмцээнд авч явахдаа онхолдсон ...энэ нь сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй, ...орон тоо, цалингийн санг батлахдаа хүн бүрээр тооцож гаргаагүй, сургуулийн захирлын үзэмжээр цалин тогтоох нөхцөл байдал үүссэн, ...2013-2014 оны хичээлийн жилээс жилийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөгүй 4 жил явж ирсэн, ...Батцэрэн гэх хүн ... 42 сурагчаас 30 000 төгрөг нийт 1 290 000 төгрөг ном хэвлэнэ гэж авч явсан боловч ном хэвлэгдээгүй, асуудал шийдэгдээгүй нь ... сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, А.Н нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Засаг дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга нарт ирүүлсэн өргөдөлдөө Б/57 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрч, сургуулийн нийгмийн ажилтны сул ажлын байранд шилжүүлж өгөхийг хүссэн байдаг. Дээрх зөрчлүүд нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 20.2.12, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 2.3.2, 2.3.6, 2.3.8, 2.3.9, 2.3.12, 2.3.16 заалтуудыг хангалтгүй биелүүлсэн болон огт биелүүлээгүй байх тул Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. гэжээ.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2018/00342 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар Боржигин овгийн Арсландоржийн Нэргүйг Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Нэхэмжлэгчийн Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШЗ2018/00929 дугаар шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 дугаар данснаас гаргуулж, нэхэмжлэгч А.Нд буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т А З Дас 70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2018/00008 дугаар магадлалаар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2018/00342 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т гэж, тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 5 дугаар заалтын Засаг даргаас... гэснийг Засаг даргын Тамгын газраас... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, Б.Оюунцэцэг нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: магадлалын дүгнэх хэсэгт “ажлын хэсгийн дүгнэлтэнд заагдсан дутагдал, зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй байна” хэмээн дүгнэжээ. А.Нг ажлаас халсан аймгийн Засаг даргын 2017 оны а/57 тоот захирамжийн үндэслэх хэсэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, 131.1.3 дахь заалтыг үндэслэл болгосон бөгөөд уг захирамжийн үндэслэл хэсэгт ...захирал А.Нтэй холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдлийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг ...хэлэлцээд Бага дунд боловсролын тухай хуулийн 20.2.7, 20.2.12, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх заалт, сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 1-5 дугаар заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 2.3.2, 2.3.6, 2.3.8, 2.3.9, 2.3.12, 2.3.16 дахь заалтууд, үр дүнгийн гэрээний 1.3.1.2, 1.3.3.1, 1.3.5.1.в заалтуудыг хангалтгүй биелүүлсэн болон огт биелүүлээгүй ... гэж дурдаж өгсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл нь сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулсан бөгөөд а/57 тоот захирамжаар А.Нг ажлаас халахдаа Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдлүүд нь ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон “сахилгын зөрчил” гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалтыг хэрэглэж ажлаас халсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-131.1.3 дахь заалтуудыг сахилгын зөрчлийн шинж байдалд тохируулан аль тохирох заалтыг хэрэглэх бөгөөд А.Н нь өөрийн нөхрийг тушаалаараа ажилд авсан, сар тутам цалин олгож ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж байгаа үйлдлүүд нь одоо үргэлжилж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх заалтыг зөрчсөн зөрчил бөгөөд мөн хуулийн 29.2.4 дэх заалтад зааснаар ажлаас халах зохицуулалттай байдаг тул 131.1.3 дахь заалтыг давхар хэрэглэсэн. Бага дунд боловсролын тухай хуулийн 20.2.7, 20.2.12 зөрчиж албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлүүд, 2017.10 сарын дундуур биеийн тамирын багш Баярсайхан нь 9-р ангийн 2 сурагчийг /Амаржаргал, Тэргэл/ үндэсний бөхийн тэмцээнд аймаг руу авч явах замдаа Хөгшчүүдийн хорооллын орчимд машинтайгаа онхолдсон талаарх /хх8-14, 32-37, 43-56, 167 талууд, нэхэмжлэгчийн шүүх хуралд гаргасан тайлбараар нотлогдоно/ зөрчлүүд нь ажлын хэсгийнхний шалгалт хийх үед үргэлжилж байсан зөрчлүүд бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтэд дээрх сахилгын зөрчлүүд тодорхой дурдагдсан бөгөөд шалгалтын явцад тогтоогдсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь хэсэгт заасан 6 сарын дотор үйлдэгдсэн зөрчлүүд юм. Гэтэл шүүхээс: ажлын хэсгийн дүгнэлтэнд заагдсан дутагдал, зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй байна хэмээн илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Аймгийн засаг дарга Ж.Б нь олон зуун хүүхдийн амь нас, эрүүл мэнд, мэдлэг боловсролыг хариуцан, сургуулийг оновчтой шуурхай, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах чухал хариуцлагатай албан үүргийг хариуцан ажиллах үүрэгтэй боловч энэ үүрэгтээ илт хариуцлагагүй хандаж, Бага дунд боловсролын тухай хуулийн 20.2.7, 20.2.12, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх заалт, сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 1-5 дугаар заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 2.3.2, 2.3.6, 2.3.8, 2.3.9, 2.3.12, 2.3.16 дахь заалтууд, үр дүнгийн гэрээний 1.3.1.2, 1.3.3.1, 1.3.5.1.в заалтуудыг хангалтгүй биелүүлсэн болон огт биелүүлээгүй нь ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон сургуулийн захирал Д.Нэргүйд харин 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын зөрчилд нь ажлаас халах сахилгын шийтгэлийн хэлбэрийг сонгон хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд магадлал, шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3, 4-р заалтыг хүчингүй болгож, А.Нгийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, зохигчдын мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв сонгож  хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг оновчтой тодорхойлж, хуулийн заалтыг зөвтгөж,  шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/57 дугаар захирамжид ...захирал А.Нтэй холбоотой иргэдээс ирүүлсэн өргөдлийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг аймгийн Засаг даргын зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар хэлэлцээд А.Н нь Бага дунд боловсролын тухай хуулийн 20.2.7, 20.2.12, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтын 1-5 дугаар заалтууд, Хөдөлмөрийн гэрээний 2.3.1, 2.3.2, 2.3.6, 2.3.8, 2.3.9. 2.3.12, 2.3.16 дахь заалтууд, үр дүнгийн гэрээний 1.3.1.2, 1.3.3.1, 1.3.5.1.6 заалтуудыг тус тус хангалтгүй биелүүлсэн, заримыг огт биелүүлээгүй... гэж заажээ.

Уг захирамжид ажилтан хэзээ, ямар зөрчил гаргасан, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацааг баримталсан эсэх үндэслэл тодорхой бус болохоос гадна “...А.Н нь сургалтын явцын үнэлгээ, дотоод хяналт-шинжилгээг тогтмол хийдэггүй, арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй, багш нэг бүрийн ажлын үр дүнг тооцон ажиллаагүйгээс ажлын хариуцлага алдагдаж, сургалтын чанар буурсан, сургалтын үйл ажиллагаа хэт урсгалаараа явж ирсэн, өөрийн нөхөр Я.Болдбаатарыг галчаар томилон ажиллуулсан нь ашиг сонирхлын хууль зөрчсөн, сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, 2017 оны орон тоо, цалингийн санг батлахдаа хүн бүрээр тооцож гаргаагүй, захирлын үзэмжээр цалин тогтоох нөхцөл бүрдсэн, 2013-2014 оны хичээлийн жилээс жилийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөгүй 4 жил явж ирсэн нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон...” гэсэн хариуцагчийн тайлбар А.Нг гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх агуулгатай боловч үр дүнгийн гэрээг дүгнээгүй, ажлаас чөлөөлсөн захирамж хуульд нийцээгүй байжээ.

Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл нь ажлаас халсан захирамжийг хууль бус гэж үзсэн үйл баримт тул нэхэмжлэлд ...захирамжийг хүчингүй болгуулахыг  шаардлага гэж тусгасан хэдий ч энэ нь шаардлага бус нэхэмжлэлийн үндэслэл учир захирамжийг хүчингүй болгох, эсвэл бие даасан шаардлага гэж үзэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр буруу бөгөөд давж заалдах шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Иймд А.Нг Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 223/МА2018/00008 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА