Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 123/2015/0020/з |
Дугаар | 320 |
Огноо | 2016-10-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 320
“Хос богд” ХХК-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Хос богд” ХХК-ний захирал Ч.Билэгбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хүрэлбаатар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхбат нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2016/0525 дугаар магадлалтай, “Хос богд” ХХК-ний нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хүрэлбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн “е”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрийн “Шанд” гэдэг нэртэй 6226.43 гектар талбайд ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн 32 дугаар саналыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 525 дугаар магадлалаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...”Очир гео” ХХК...” гэснийг “...”Хос богд” ХХК...” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хүрэлбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Хос богд” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 221/МА2016/0525 тоот магадлалыг хүлээн аваад хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан гэж үзэж бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Гомдолын үндэслэл:
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Үүнээс захиргааны акт нь а) захиргааны байгууллагаас гаргасан байх, б) тодорхой нэг тохиолдолыг зохицуулсан, в) нийтийн эрх зүйн хүрээнд гарсан, г) гадагш чиглэсэн, д) эрх зүйн үр дагавар бий болгосон, е) захирамжилсан зэрэг 6 шинжийг агуулж байх ёстой. Гэтэл Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 15-ны 32 тоот санал нь дээрх 6 шинжээс 1) эрх зүйн үр дагавар бий болгосон, 2) захирамжилсан гэсэн хоёр шинжийг агуулахгүй байна. Ер нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүлйин 19.4-д заасан аймгийн Засаг даргын санал нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаарх эцсийн шийдвэр болдоггүй. Аймгийн Засаг даргын саналыг аваад Ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эцсийн шийдвэрийг нь гаргадаг.
Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга хичнээн “дэмжихгүй” гэсэн санал өгсөн ч хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох эрх зүйн үндэслэл байдаг. Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 203 дугаар тушаалын Хавсралтаар “Тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааны заавар”-ыг батлагдсан бөгөөд тус зааврын 4.10 дугаар зүйлд “аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, мэдэгдлийн төсөл хариуцсан мэргэжилтэн нь ажлын 5 өдөрт багтааж, хайгуулын түсгай зөвшөөрөл олгох шийдвэр, төлбөр төлөх мэдэгдлийг боловсрүулж ...мэдэгдлийг өргөдөл гаргагчид хүргүүлнэ” гэж заасан. Бодит байдал дээр аймаг, нийслэлийн Засаг дарга дэмжээгүй санал өгсөн ч хайгуулийн тусгай зөвшөөрлийг олгох тохиолдол олон байдаг. Эндээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход засаг даргын санал нь шууд нөлөөлдөггүй гэдэг нь харагдаж байна.
Өөрөөр хэлбэл аймаг, нийслэлийн Засаг даргын санал нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, мөн ашигт матлмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, олгохгүй талаар захирамжилдаггүй зэргээс Захиргааны актын шинжийг агуулахгүй байна.
Нэгэнт захиргааны актын шинжийг агуулахгүй байх тул Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны 32 тоот санал нь Захиргааны хэргийн шүүхийн маргааны зүйл болохгүй.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Төв аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал” нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 30 дугаар зүйлийн 30.1.13-т заасныг тус тус зөрчсөн талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шийдвэр, магадлалын энэ үндэслэлд холбогдуулан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул уг асуудлаар хяналтын шатны шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Засаг даргын санал нь ... захиргааны акт биш, ... захиргааны хэргийн шүүхийн маргааны зүйл болохгүй” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан, уг гомдлыг дараах үндэслэлээр хүлээж авах боломжгүй байна.
Хариуцагчаас 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар “санал” гаргах үед болон анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай (2002) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “... захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг … хамааруулах”-аар, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох”-оор тус тус зааснаас үзэхэд “захиргааны акт” нь төрийн байгууллага, албан тушаалтнаас гадагш чиглэсэн, үр дагавар үүсгэх, захирамжилсан, амаар болон бичгээр гаргасан шийдвэрийг ойлгохоор байна.
Төв аймгийн Засаг дарга нь “харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч” бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.“е”-д зааснаар “нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх” эрх бүхий албан тушаалтан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “аймаг...-ийн Засаг дарга ... мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум...-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг...-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.5-д “аймаг...-ийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно”, 19.6-д “аймаг...-ийн Засаг дарга ... саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд Засаг даргын “санал” нь албан тушаалтны хувийн санаа, бодол биш бөгөөд хуульд тусгайлан заасан журмаар гаргах, хуульд заасан хугацаанд заавал гаргах, төрийн байгууллагын шийдвэрийн үндэслэл болох албан тушаалтны “шийдвэр” байна.
Тодруулбал, аймгийн Засаг дарга “санал” гаргахдаа тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “санал”, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “санал”-ыг заавал авах үүрэгтэй, эдгээр саналаас өөр санал бие даан ирүүлэх эрхгүй, Засаг даргын “санал”-ыг авахгүйгээр Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, Засаг даргын “зөвшөөрсөн санал” ирсэн тохиолдолд Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийг олгох шийдвэр гаргах үүрэгтэй байхад Засаг даргын “санал нь үр дагавар үүсгэхгүй” гэж үзэх боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Түүнчлэн, “санал нь захирамжилсан шинжийг агуулахгүй” гэх боловч тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн эсхүл дэмжээгүй талаарх хуульд заасан журмын дагуу, хуульд заасан үндэслэлээр гаргасан Засаг даргын “санал” нь тухайн нутаг дэвсгэртээ заавал биелэгдэх, “захирамжилсан” агуулгатай бөгөөд “дэмжээгүй санал”-ыг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгох эсхүл олгохгүй талаар шийдвэр гаргахтай холбоотой харилцаа нь Засаг дарга “хуульд заасан журмын дагуу эрх, үүргээ хэрэгжүүлсэн эсэх” маргааны үйл баримтад хамааралгүй байна.
Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 525 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА