Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 11

 

                                        

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                          

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.С даргалж тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /дарга Н.Ч/-д хариуцагдах,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй илт хууль бус болохыг тогтоож, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажил албан тушаалд томилохыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.У, түүний өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч Н.Ч, гуравдагч этгээд Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1.Л.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Л.У миний бие 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс  зохион байгуулсан “Удирдах ажилтны” буюу Эрдэнэдалай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын  сул орон тоонд шалгалт өгч тэнцсэн болно.

Намайг Дундговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөл 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн11 дүгээр хуралдаанаар хэлэлцэж 41 тоот тогтоолыг гаргаж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, санал дүгнэлтийн хамт 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Эрдэнэдалай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 101 тоот албан бичиг болон 20 хуудас шалгалтын материал, нэр дэвшүүлсэн тогтоол №41-ийг 5 хуудас материалын хамтаар хүргүүлсэн байна.

Гэтэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Ч нь ямар ч шалтаг шалтгаангүйгээр нэхэмжлэгч намайг дээрх ажил, албан тушаалд томилгоо хийхгүй байсан тул миний бие хуульд заасны дагуу шаардагдах арга хэмжээнүүдийг авч холбогдох албан тушаалтанд гомдол гаргасан болно.

Улмаар Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Эгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 130 тоот “Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд нэн даруй Төрийн албаны салбар зөвлөлийн 41 тоот тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг шаардсан” агуулга бүхий албан бичгийн хэрэгжилтийг биелүүлэхийг шаардсан шаардлагыг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 23 тоотоор хүргүүлсэн боловч мөн л  өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэр гаргасангүй.

Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн талаар нэхэмжлэгч миний бие 2017 оны 10 дугаар сарын 8 өдөр Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Ст “Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн хүрээнд ажилд нэн даруй томилуулах талаар шийдвэр гаргуулах, буруутай албан тушаалтанд арга хэмжээ авахуулах” агуулга бүхий өргөдөл гаргаж холбогдох хариуг авснаа нэхэмжлэлд хавсаргасан болно.

Мөн миний бие Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлд дахин хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс “Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдүүлэхийг” зөвлөсөн хариу мэдэгдэхийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч надад ирүүлснээр нэхэмжлэл гаргасан.

Иймд Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны  өдрийн 41 тоот тогтоолын биелэлтийг хангаж хэрэгжүүлэхгүй байгаа хариуцагч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Чы эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоож, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд Л.У намайг томилохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.У тайлбарлахдаа: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн албан тушаалд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр  ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан.  Уг шалгалтанд би 1 дүгээр байранд орж тэнцсэн. Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 41 тоот тогтоолоор намайг томилох тухай тоотыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргүүлсэн байдаг. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдөр 101 тоот албан бичгийн мөн хүргүүлсэн байдаг. Энэ хугацаанаас  хойш  чимээгүй байхаар нь би 2017 оны 7 дугаар сарын 17-нд  Н.Ч даргатай очиж уулзаж миний асуудал яаж байна вэ гэхэд би амрах гэж байна амралтын дараа шийднэ, түр хүлээж бай гэж хэлсэн. Н.Ч дарга надад авлигатай тэмцэх газар материалыг чинь явуулъя гээд ашиг сонирхолыг мэдүүлж, төрийн албан хаагчийн анкет авсан. Түүнээс хойш огт чимээгүй байж байгаад 2017 оны 10 дугаар сарын 30-нд авлигатай тэмцэх газар би очоод Эрдэнэдалай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  даргаас танайд бичиг ирүүлсэн байх ёстой гэтэл авлигатай тэмцэх газар манайд бичиг ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Н.Ч даргад энэ тухай хэлэхэд ширээн дээр тавьсан байсан нарийн бичиг өөр газар хийсэн юм шиг байна би нарийн бичигт хүлээлгэж өгсөн гэж хэлсэн. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Ч энэ асуудалд хэтэрхий туулширч хандаж миний эрх, хууль ёсны ашиг сонирхол, ажлын байр, албан тушаал зэргийг хууль бусаар хөндөж байгаа тул Н.Ч даргын намайг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн албан тушаалд томилж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч тайлбарлахдаа:  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргад томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Нэхэмжлэгч Л.Уийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн албан тушаалд томилж  өгнө үү гэв.

2. Хариуцагч Н.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Уийг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга буюу нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байх хэд хэдэн шалтгаан байна. Үүнд:  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт “Хамаарал бүхий этгээд гэж” тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, ах, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг гэж хуулчилсан байдаг. Нэхэмжлэгч Л.Уийн төрсөн эх О.О нь Эрдэнэдалай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Сангийн далай багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, нөхөр С.М нь Эрдэнэдалай сумын Засаг даргын үүрэгт ажлыг гүйцэтгэдэг нь энэ хуулийн заалтаар хамаарал бүхий этгээд ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх хэсэгт “Ашиг сонирхолын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан, сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг гэж заасан нь дээрх хүмүүсийг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын   зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсч байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд Засаг даргын үйл ажиллагаанд буюу төсөв санхүү, нийгмийн хүрээ, хууль эрх зүй, төрийн захиргаа, хөдөө аж ахуй, байгаль орчинд хэрхэн хяналт шалгалт, хийх талаар мэргэжил арга зүйн удирдлага, мэдээллээр хангаж, хяналт шалгалтын ажлын хэсэгт орж ажилладаг ба Л.У нь тухайн албан тушаалд томилогдсоноор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”,  мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэсэн заалт, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэсэн зарчим алдагдана гэж үзэж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба” буюу Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга бүртгэх, хадгалах үүрэг хүлээдэг. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт ”Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий  байгууллага, албан тушаалтан тухайн мэдүүлэг засваргүй бүрэн гүйцэт бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу авлигын шинжтэй зөрчил илэрвэл авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй”, Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба”, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “Хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэт бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд  хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй” гэж заасан байгаа нь нэр дэвшсэн Л.У Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүсч болзошгүй. Л.Уийн төрсөн эх О.О нь Эрдэнэдалай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Сангийн далай багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байгаа ба Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нь багийн Иргэдийн нийтийн хурлын дарга  нарын ажлыг дүгнэж сар бүр урамшуулал олгодог ба энэ нь ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэж тус тус үзэж Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3 дахь хэсгийг зөрчиж байгаа тул тус хуулийн 351 дүгээр зүйлийн 351 .6 дахь хэсгийг тус тус үндэслэн тухайн албан тушаалд томилохоос татгалзаж энэ тухайгаа Л.Ут амаар мэдэгдэж, Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлд албан тоотоор хүргүүлсэн боловч Төрийн албаны салбар зөвлөл нь энэ асуудлыг судалж үзэлгүй Л.Уийг томилуулахаар Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөл, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шаардлага ирүүлж байсан. Иймд Л.Уийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авлигатай тэмцэх газраар хянуулж тус газраас Л.У нь нэр дэвшсэн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд авлигатай тэмцэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны 05/3336 тоот албан бичиг, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3 дахь хэсгийг хэрэгжүүлж Л.Уийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн албан тушаалд томилох үндэслэлгүй гэж Л.Уийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  гэжээ.

3. Шүүх хуралдаанд гуравдагч этгээд Ш.Э тайлбарлахдаа: Хариуцагчийн гаргасан тайлбаруудыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Эрдэнэдалай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын сул орон тооны сонгон шалгаруулалтанд Л.У бид хоёр өрсөлдөөд  Л.У 1-т орж би 2-т орсон. Тэгээд Л.Уийг Эрдэнэдалай сумын Иргэдийн төлөөлөгчдйин хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн үүнийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга 1 удаа татгалзах эрхтэйг үндэслэж татгалзсан байдаг. Дундговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс нэг талыг барьж байгаа нь учир дутагдалтай. Миний эрх ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Л.У Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал /дарга Н.Ч/-д  холбогдох “ албан тушаалд  томилохгүй байгаа эс үйлдэхүй илт хууль бус болохыг  тогтоолгох, ИТХ-ын нарийн бичгийн даргын  ажил албан тушаалд томилохыг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. /хх-1-2/

Шүүхээс хэрэгт цугларсан бичгэн баримтууд  болон хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 5-р сарын 10-ны өдрийн 24 тоот  албан бичгээр  сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  ажлын албаны даргын /ИТХ-ын нарийн бичгийн даргын/  албан тушаалд   ажлын байрны тодорхойлолтын дагуу  шаардлага хангасан удирдах  албан тушаалтныг сонгон шалгаруулж өгнө үү хэмээх хүсэлтийг /хх-57/илэрхийлж  ажлын байрны тодорхойлолтыг хавсаргажээ. /хх-58-61/

Эрдэнэдалай сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2017 оны 5-р сарын 10-ны өдрийн 24 тоот  албан бичгээр  сул орон тоо гарсан тул /хх-38/  сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  ажлын албаны дарга буюу  нарийн бичгийн даргын  албан тушаалд   ажлын байрны тодорхойлолтын дагуу  шаардлага хангасан удирдах  албан тушаалтныг сонгон шалгаруулж өгнө үү  гэх  ажлын байрны захиалга өгсөн   хүсэлтийг /хх- 57/   үндэслэн  Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс  Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн  даргын  албан тушаалд  сонгон шалгаруулалтыг явуулж ,  шалгаруулалтад Л.У -72,51  оноогоор тэнцэж төрийн  захиргааны албан тушаалтны нөөцийн жагсаалтад төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 6-р сарын 28-ны 41 тоот тогтоолоор /хх-125-126/ бүртгэгджээ.

Төрийн албаны салбар зөвлөлөөс  төрийн албаны   шалгалтын материал   /хх-47-60/ болон сонгон шалгаруулах комиссын 02 тоот шийдвэрийг/хх-53/ үндэслэн шалгаруулалтын  нэгд жагссан Л.Уийн  нэрийг  Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн  бичгийн даргын албан тушаалд дэвшүүлэх тухай 2017 оны 06-р сарын 29-ны өдрийн 101 тоот /хх-10/ албан бичгийг   хүргүүлснээр тус хурлаас 2017 оны 9-р сарын 14-ний 31 тоот албан бичгээр /хх-14/ томилох боломжгүйг ,  Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 10 сарын 10-ны 130 тоот албан бичгээр  томилох эсэхийг шаардсан /хх-11, 13/,  Авлигатай тэмцэх газрын 2018 оны 4-р сарын 18-ны өдрийн 05/3336 тоот хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай дүгнэлт ирснээр  /хх-27-28/  уг албан тушаалд томилох эсэх асуудлыг 2018 оны 5-р сарын 25-ны өдрийн тэргүүлэгчдийн  хуралдаанаар   хэлэлцэж    томилох боломжгүйг салбар зөвлөлд   ирүүлснийг  Төрийн албаны тухай хуулийн 16-р зүйлийн 16.2,17 –р зүйлийн 17.3, 17.4, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын  тухай хуулийн  22–р зүйлийн 22.1, 22.1.6 , Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх  тухай хуулийн 23-р зүйлийн 23.7, 24 дүгээр зүйлийн 24.1.4-т тус тус  заасныг   үндэслэн буруутгах  боломжгүй юм.

      2017 оны 1-р сарын 24-ний өдөр боловсруулсан  ажлын байрны шаардлагаар ажлын байрыг шууд  харьяалан удирдах  албан тушаалтан нь ИТХ-ын дарга,  албан тушаалын ангилал –УТАХ ажлын байрны шууд  харьяалан ажиллах албан тушаал- БИНХ-ын дарга нар,  Төрийн үйлчилгээний албан хаагч, ажлын байрны зорилго – нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ИТХ, тэргүүлэгчдээс  тавьсан зорилт  гаргасан шийдвэрийг  ханган биелүүлэхэд үйл ажиллагааг чиглүүлнэ, ИТХ-ын дотоод  үйл ажиллагааг  хэвийн явуулахад туслах, тавигдах ерөнхий шаардлагад- дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байх, төрийн албанд 7-оос доошгүй жил  ажилласан байх, ИТХ-ын  тэргүүлэгчид болон удирдлагуудтай ашиг сонирхлын зөрчилгүй байх,   компьютер хэрэглээний программуудыг  эзэмшсэн байх, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, байгууллагын үнэт зүйлсийг  хайрлан дээдлэх,  төрийн болон хувь хүний  нууцад хамаарах  мэдээ материалын  нууцлалыг чанд хадгалах зэргээр тусгайлсан шаардлагыг тавьжээ. /хх-58-61/

Нэхэмжлэгч Л.У нь D200603439 тоот  дипломын  хуулбараар  Монгол бизнес дээд  сургуулийг 2002-2006 онд  “ Татварын хяналт шалгалтын нягтлан  бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн  удирдлага” мэргэжлээр  төгсч /хх-135-136/, Хүмүүнлэгийн ухааны  их сургуульд “Бизнесийн удирдлагын магистр” зэрэг хамгаалсан/хх-139-142/, Удирдлагын академийн 11907 дугаартай дипломын  хуулбараар /хх-137-138/ Төрийн  удирдлагын  мэргэшүүлэх сургалтын  хөтөлбөрийг  дүүргэж ,  Төрийн удирдлагын  мэргэшилтэй,  2009 оноос хойш өнөөдрийг хүртэл  Эрдэнэдалай сум хариуцсан татварын улсын байцаагчаар   ажиллаж байгаа/хх-119-122/ бөгөөд  ажиллах хугацаандаа ёс зүйн  зөрчил гаргаж байгаагүй,  2009 онд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн болох нь тогтоогддог. 

      Ажлын байрны тодорхойлолтод /хх-58-61/  “ИТХ-ын  тэргүүлэгчид болон удирдлагуудтай ашиг сонирхлын зөрчилгүй байх”-ыг заасныг үндэслэн татгалзаж  байгаагаа  хариуцагч шүүх хуралдаанд  тайлбарладаг ба хариу тайлбартаа мөн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх тухайг/хх- 44-46 / заажээ.

Төрийн албаны тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.11-т” сум дүүргийн ИТХ-ын ажлын албаны удирдах  албан тушаал” гэж зааснаас үзэхэд сумын ИТХ-ын ажлын албаны дарга нь төрийн захиргааны албан хаагч /удирдах/байх бөгөөд 11.4-т “төрийн жинхэнэ албан хаагчийн эрхзүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн  бусад актаар тогтооно”, “16-р зүйлийн   16.2, 16.2.3-т” хууль тогтоомжоор  зөвшөөрснөөс бусад  тохиолдолд  албан  үүргийн хувьд  нэг нь нөгөөдөө шууд захирагдах  буюу  шууд хяналт тавих  албан тушаалтантай гэр бүл,  төрөл садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид  хамт ажиллахаар бол”  төрийн жинхэнэ албан тушаалд авч  ажиллуулахыг хориглоно”  гэж заасныг  болон Авлигатай тэмцэх  газрын 05/3336 тоот дүгнэлт,  нэхэмжлэгч Л.Уийн эх  О.О  Эрдэнэдалай  сумын  /хх-68-70/Сангийн далай багийн ИНХ-ын дарга,  Эрдэнэдалай сумын ИТХ-ын 2016 оны 11-р сарын 06-ны өдрийн 04 тоот “ сумын ИТХТэргүүлэгчдийг  сонгож батлах тухай” тогтоолоор /хх-65-68/, сумын ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгчээр  сонгон батлагдсан, хурлын нарийн бичгийн дарга ИТХТэргүүлэгчдэд  ажил үүргийн хуваарь ёсоор  мэргэжил аргазүйн туслалцаа үзүүлэх,  ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг хүлээн авдаг /хх-32/,  Татварын хяналт шалгалтын нягтлан  бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн  удирдлага” мэргэжилтэй, зэргээр  ажлын байрны тодорхойлолт /хх-58-61/ болон    хуулийн   дээрх заалтуудад  заасан шаардлагыг хангаагүй  ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь  тогтоогдож байх тул   уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн  Л.Уийг сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллуулахаас татгалзан хариуг  хүргүүлсэн  нь  Төрийн албаны тухай хуулийн 17-р зүйлийн 17.6, 16-р зүйлийн 16.2,  16.2.3, 351-р зүйлийн 351.1.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх  тухай хуулийн 23-р зүйлийн 23.7, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22-р зүйлийн 22.1.6, Төсвийн тухай хуулийн  16-р зүйлийн 16.4, 16.4.14, 64-р зүйлийн 64.1.4-т  заагдсан  хуулиар тогтоосон холбогдох ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Л.Уээс манай эх О.О сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчээс  чөлөөлөгдөх хүсэлтээ 2 удаа өгсөн  байдаг гэхдээ ээжийн хариуцлагагүйн улмаас эхний удаад бичгээр өгөөгүй,  харин 2018 оны 5-р сарын 17-нд бичгээр  өгснийг хурал  шийдээгүй байгаа гэж мэдүүлдэг ба О. Оээс сумын тэргүүлэгчээс чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж/хх-99/ сумын иргэдийн хурлын Тэргүүлэгчдээс 2018.06.21-ний өдрийн 25 тоот  албан бичгээр  тус  саналыг тэргүүлэгчдийн  хуралдаанаар хэлэлцэх боломжгүй тул  Иргэдийн төлөөлөгчдийн хурал   хуралдах  үед   хэлэлцэн шийдвэрлэхийг  мэдэгдсэн байх ба /хх-98/ нэхэмжлэгч Л.Уээс төрийн албаны шалгалт өгөх үед О.О сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч байсныг болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолттой танилцсан мэдсэн, гэхдээ төрийн албаны  шалгалтад тэнцсэн учраас томилох эрх бүхий этгээдээс томилох үүрэгтэй гэж тайлбарлаж маргадгийг зөвтгөх боломжгүй.

Түүнчлэн  тус хурлын тэргүүлэгчдээс  2 удаа   хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүй гэж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс  тайлбарладаг  бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн  хурал нь  нутгийн  өөрөө удирдах ёсны байгууллага болохын хувьд    аливаа асуудлыг олонхиор  хэлэлцэнэ,  хурлын чөлөөт цагт тэргүүлэгчид ажиллах   зэрэг  эрхзүйн зохицуулалттай байх тул  Л.Уийг тус албан тушаалд томилох эсэх  асуудлыг огт шийдвэрлээгүй бус харин  шийдвэрлэж татгалзсан  хариу  гаргасан гэж үзэх ба  энэхүү татгалзсан хариуг нэхэмжлэлийн шаардлага болгоогүй /хх-нэхэмжлэлээс/ гагцхүү  хариу өгөхгүй, томилохгүй  байгааг илт хууль бусад тооцож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.3-т “ эс үйлдэхүй гэж иргэн , хуулийн этгээдээс  эрх, хууль ёсны  ашиг сонирхлоо хэрэгжүүлэх,  хамгаалуулахаар  гаргасан өргөдөл, гомдлыг  шийдвэрлэх үүргээ  захиргааны байгууллага  хуульд заасан хугацаанд  биелүүлээгүй , эсхүл  шийдвэрлэхгүй  орхигдуулсныг  ойлгоно” гэж тодорхойлсон агаад  төрийн албаны салбар  зөвлөлөөс сумын  иргэдийн Төлөөлөгчдийн  хуралд  хандсан  Хурлаас салбар зөвлөлд хүргүүлснээр  холбогдох ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд  Л.Уээс тус иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд /даргад/   бичгээр ямар нэгэн  гомдол  өргөдөл  хүсэлт илэрхийлээгүй  болох нь  нэхэмжлэгчийн “ Чулуун даргатай нэг удаа л   уулзсан, тэгэхэд    урьдчилсан мэдүүлэгт  гарын үсэг  зуруулж авсан,   би өөрөөр  бичгээр  гомдол санал  илэрхийлээгүй” гэх ,  хариуцагчийн “ надад төрийн албаны салбар зөвлөлөөс л янз бүрийн байдлаар  хандсанаас  өөрөөр  Уранбилэгээс  ирүүлсэн өргөдөл  гомдол байхгүй”  гэх   шүүх хуралдаанд өгсөн  тайлбараар   нотлогдож байх тул  хуулийн дээрх  заалтаас эс үйлдэхүй үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэнэ.

Шүүхээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн  бичгийн даргаар  ажиллаж буй этгээдийг  гуравдагч этгээдээр  татах захирамж гаргасан /хх-72-73/ бөгөөд Ш.Э  2017 оны 1-р сарын 6-ны өдрийн 01 тоот /хх-81/ тогтоолоор ИТХТэргүүлэгчдийн  нарийн бичгийн  даргын  үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж  байх ба гуравдагч этгээдийн зүгээс бичгээр   тайлбар гаргахаас татгалзаж хүсэлтээ шүүхэд ирүүлсэн/хх-80/,  шүүх хуралдаанд  оролцож “ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй,  анх ИТХ-ын  дарга Н.Ч намайг сумын засаг даргын тамгын газарт ажилтай байхад энэ ажилд дуудаж авсан, би  төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, Төрийн албаны салбар зөвлөл  хэт нэг талыг барьж  асуудалд хандаж байгаа нь миний эрхийг ч бас зөрчиж байгаа, Хурлаас  татгалзсан хариуг нэг удаа  өгөх эрх хуульд  байгаа. Миний эрх ашиг сонирхол зөрчигдөж байгааг шүүх харгалзан үзнэ үү “  гэж  тайлбар гаргажээ.

Шүүх  нэхэмжлэгч /хх-87-88/  хариуцагчийн/хх-106/  шүүхэд бичгээр гаргасан  хүсэлтийг хангасан/хх-90, 93-105,108-113/  бөгөөд  шүүх хуралдаан дээр хэргийн  оролцогчид,  өмгөөлөгч Чимэддулам нарын  зүгээс шүүх хүсэлтийг бүрэн гүйцэд  хангасан гэж тайлбарлав.

Мөн нэхэмжлэгчээс 2018 оны  4-р сарын 23-ны  өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ /хх-1/“ Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 6-р сарын 28-ны 41 тоот  тогтоолын биелэлтийг  хэрэгжүүлэхгүй байгаа  хариуцагч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгдийн хурлын  дарга Н.Чы эс үйлдэхүй нь   хууль бус болохыг тогтоож өгнө үү гэж заасан хийгээд шүүх хуралдаан дээр тодруулж асуухад  нэхэмжлэгчийг  сумын иргэдийн хурлын  нарийн  бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг   хууль бусад тооцуулах гэж ойлгох нь зүйтэй. Дээрх тогтоолоор  хуралд үүрэг болгосон заалтгүй гэж  өмгөөлөгчөөс  тайлбарласан ба уг тогтоол нь 3 заалт бүхий,  нэгт- Эрдэнэдалай сумын ИТХ-ын  нарийн бичгийн  даргын албан тушаалд  томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад Ломбо овогтой Уранчимэг/Уранбилэгийг  буруу бичсэн байх/ 72.51 оноогоор, Шагдарсүрэн овогтой Энхсүх 67.25 оноогоор, ............ тус тус тэнцэж тухайн албан тушаалд тавигдах  ерөнхий болон тусгай шаардлагыг  хангасан тул төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэсүгэй, хоёрт-ажлын байрны шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа Л.Уийг Эрдэнэдалай сумын ИТХ-ын нарийн  бичгийн  даргын албан тушаалд ....... тус тус  нэр дэвшүүлсүгэй, гуравт- Л.У  .... нарыг  дээрх албан тушаалд  томилуулах санал  дүгнэлт шийдвэрийг  томилох эрх бүхий  албан тушаалтанд уламжлахыг  салбар зөвлөлийн ажлын албанд  даалгасугай гэснээс үзэхэд  Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд  үүрэг болгосон , хурлаас хэрэгжүүлэх  ажиллагааг  зааж өгсөн гэж үзэх боломжгүй гагцхүү салбар зөвлөлийн болон түүний  ажлын албатай холбогдох ажиллагааг  заасан байх ба   дээрх ажиллагааг  холбогдох албан тушаалтнууд хэрэгжүүлсэн болох нь  хэрэгт ирүүлсэн төрийн албаны салбар зөвлөлийн  баримтуудаар тогтоогддог бөгөөд нэхэмжлэгчээс төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрт гомдол гаргаагүй болно.

Иймээс нэхэмжлэгчийн  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн  106.3.4-т зааснаар тодорхойлсон    Эрдэнэдалай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Ч  сумын хурлын  нарийн бичгийн даргад  нэр дэвшсэн      намайг   томилохгүй байгаа  эс үйлдэхүйг  хууль  бус болохыг тогтоож өгнө үү гэх шаардлага хангагдах  хууль зүйн үндэслэлгүй,  зөрчигдсөн эрхээ Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхээ эдэлж чадахгүй байна, улмаар ТЗ-6 шатлалаас/татварын улсын байцаагчаас /  ТЗ-7 шатлалаар /хурлын нарийн бичгийн дарга/ албан тушаал  дээшилж цалин өсөх зэргээр  ажиллах боломж алдагдаж байна,  сонгон шалгаруулалтын үр дүнгээр томилогдох эрхтэй гэж  тодорхойлсныг зөрчигдсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн

106.1, 106.2, 106.3, 106.3.14, 106.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 16-р зүйлийн 16.2, 16.2.3,  17-р зүйлийн  17.2, Захиргааны ерөнхий хуулийн  37-р зүйлийн 37.3, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн  нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22-р зүйлийн 22.1, 22.1.6, Нийтийн  албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах , ашиг  сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн 23-р зүйлийн 23.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Уийн    Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Чд   холбогдох “ нэр дэвшигчийг албан тушаалд  томилохгүй байгаа эс үйлдэхүй  хууль бус болохыг  тогтоолгох, Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн  нарийн бичгийн даргын   албан тушаалд томилохыг даалгах тухай”  нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 48-р зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч шүүхийн  шийдвэрийг  гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.С