Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 193

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 20 өдөр

       Дугаар 151/ШШ2017/00193

                                              Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум 5-р баг, 4-10 тоотод оршин суух, 46 настай, эрэгтэй, Боржигон овогт Доржсамбуугийн Наранбаатар /НС70051191/-ын,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Төв аймгийн “Төв чандмань” Дулааны эрчим хүчний газарт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Наранбаатар, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, гэрч Ц.Батсүх, Ц.Туяацэцэг, М.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нар оролцов.

                                                                                                                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Д.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн “Төв чандмань” дулааны эрчим хүчний газрын цэвэрлэх байгууламжийн газарт цахилгааны техникч хийдэг байсан. Би энэ байгууллагад 11 жил тасралтгүй ажилласан. Намайг ажлын 5 хоног дараалан ажил тасалсан, ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Би ажлын байранд архи уусан зүйл байхгүй. Шалтгаангүйгээр 5 хоног ажил таслаагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг тогтоогоогүй. Өмнөх өдөр нь би орой дүүгийндээ жаахан согтууруулах ундааны зүйл уусан байсан. 2016 оны 10 дугаар сарын 24-нд инженер Жанчивдоржоос чөлөө авсан. 25-ны өдөр ажилчдын нүүрс авна гээд инженер Туяацэцэгээс чөлөө авсан. 26-ны өдөр намайг халаадаг багаж аваад ир гээд явуулсан. 27-ны өдөр тал ажилласан. Өмнөх өдөр нь нойргүй хоносон байсан учир амрах өрөөнд ороод жаахан амарч байсан. 28-ны өдөр би ажил дээрээ очоогүй. Тасалсан гэж болно. Манайх илүү цагийн мөнгө гэж өгдөггүй. Илүү цагаар ажилласан бол дараа нь ажлын 8 цагт тааруулаад цагаа зохицуулаад амарч болдог. Дотоод журамдаа заасан байдаг. Би тэгж амарч байгаагүй. Намайг захирлын хурлаар ордог өдөр манай 10-р зуухны слесарь залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн шалтгаанаар ажлаасаа халагдсан. Хамт олон нь батлан даалт гаргаж өгөөд ажилд нь эгүүлэн авсан. Намайг манай хамт олон ажилд нь эгүүлэн авъя гээд батлан даалт гаргаж өгөхөд хэрэгсэхгүй болгосон. Ийм учраас би шүүхэд хандсан. Би цалингийн зээлтэй, эхнэр ажилгүй гэртээ байдаг. Ажлаас үндэслэлгүй халагдсанд гомдолтой байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч: Төв аймгийн “Төв Чандмань” дулааны эрчим хүчний газрын гүйцэтгэх захирал Ц.Жамбалсүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь “Төв чандмань” дулааны эрчим хүчний газрын гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 244 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 2в, 3а, б хөдөлмөрийн гэрээний 20 дугаар зүйлийн а, б заалт, захирлын зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд буюу ажлын 5 хоног дараалан ажил тасалсан, ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэж байсан, кип автоматикийн техникч преслэгч Д.Наранбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Д.Наранбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд ажил тасалсан, ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэж байсан бөгөөд энэ байдал нь удаа дараа давтагдсаар байсан. 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Төв Чандмань” дулааны эрчим хүчний газрын цэвэрлэх байгууламжийн ажилчдын хурлын тэмдэглэлээр тус газрын ажилчид Д.Наранбаатарын асуудлыг нээлттэй авч хэлэлцсэн мөн Д.Наранбаатар нь арга хэмжээ авагдсан зөрчлийн бүртгэл, 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн захирлын зөвлөлийн хуралдаанаар Д.Наранбаатарыг зөрчил гаргасан асуудлаар хэлэлцэж, Д.Наранбаатар нь ажил тасалсан, ажлын байранд ажлын цагаар архи уусан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иймд захирлын зөвлөлийн хурлаар ажлаас халахаар шийдвэрлэж, тушаал гарч хөдөлмөрийн гэрээг цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Д.Наранбаатарын гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Наранбаатар нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны олговрыг “Төв Чандмань” дулааны эрчим хүчний газраас гаргуулахаар шүүхэд ханджээ. /хх1-2/

 

Д.Наранбаатар нь Төв аймгийн “Төв Чандмань” дулааны эрчим хүчний газарт кип автоматикийн техникч преслэгчээр ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх 3, 4, 22-24/,

 

Төв аймгийн Төв-Чандмань дулааны эрчим хүчний газар нь Д.Наранбаатарыг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 244 дугаар “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 2в, 3а, б хөдөлмөрийн гэрээний 20 дугаар зүйлийн а, б заалт, захирлын зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн кип автоматикийн техникч преслэгч ажлаас нь 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр чөлөөлсөн байна. /хх 3/

Нэхэмжлэгч Д.Наранбаатар нь Төв аймгийн “Төв Чандмань” дулааны эрчим хүчний газарт холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

            Хариуцагч Төв аймгийн “Төв чандмань” дулааны эрчим хүчний газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “...2016 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд буюу ажлын 5 хоног дараалан ажил тасалсан, ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэж байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 2в, 3а, б хөдөлмөрийн гэрээний 20 дугаар зүйлийн а, б заалт, захирлын зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ажлаас халсан ...” гэж тайлбарлаж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Төв аймгийн “Төв Чандмань” дулааны эрчим хүчний газар нь 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Д.Наранбаатарыг цахилгааны техникчээр авч хөдөлмөрийн гэрээ байгуулснаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд ажил олгогч нь ажилтантай 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, уг гэрээг хугацаагүйгээр байгуулсан байна. /хх 27-28/

 

Хариуцагч талаас гаргаж өгсөн “Төв Чандмань” дулааны эрчим хүчний газрын Захирлын зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 15 цагийн хуралдааны тэмдэглэл нь дээрх газраас 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 113 тоот албан бичгээр ирүүлсэн “2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх цахим бүртгэл” баримттай нийцэхгүй байх бөгөөд, “Д.Наранбаатар нь ...2016 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд буюу ажлын 5 хоног дараалан ажил тасалсан” гэсэн нь үндэслэл нь тус баримтаар үгүйсгэгдэж байх ба тус баримтад Д.Наранбаатар нь “...24-ний өдөр “9:11, 18:6”, 25-ны өдөр “17:41”, 26-ны өдөр “9:8” бүртгэгдсэн байна. /хх 49-50, 77/

 

Мөн түүнчлэн “...2016 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд буюу ажлын 5 хоног дараалан ажил тасалсан”, “...ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэж байсан” гэснийг гэрч Ц.Туяацэцэг шүүхэд “... Д.Наранбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирээгүй залгасан боловч утас нь холбогдохгүй байсан, 25-ны өдөр ажилчдын нүүрс авна гэж чөлөө авсан, 26-нд наадаг багаж хүнээс авна гэж хагас өдрийн чөлөө аваад өдөр нь ирээгүй, 27-нд өдөр ажилтай нь танилцах гээд очиход гадаа машинд унтаж байсан, тэгээд 12 цаг өнгөрч байхад цэвэрлэх байгууламж дээр очиход өглөөнийхөөсөө илүү согтсон байдалтай байсан. Амрах өрөөнд 3 цаг унтаж байгаад сэрсэн, 28-ны өдөр ажилдаа ирээгүй” гэж,

 

гэрч Ц.Батсүх “...захирлын зөвлөлийн хурал дээр өөрөө ажил тасалсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг тийм үү гэхэд, Наранбаатар нь өөрөө хүлээн зөвшөөрсөн”, “... хэдэн өдөр ажил тасалсан юм бэ гэхэд, би сайн мэдэхгүй байна”, ажлын байранд архи уусан талаар та мэдэх үү гэхэд, Цэвэрлэх байгууламж дээр архи уусныг нь хараагүй, хэсгийн инженер нь хэлсэн” гэж,

 

гэрч М.Болормаа “...Наранбаатар нь 2007 оноос хойш ажиллаж байгаа, эхлээд цахилгаанчнаар ажиллаж байсан, цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсноос хойш 2011 оноос кип автоматын техникчээр ажиллаж байгаа. Өмнө нь сахилгын шийтгэл авч байгаагүй, Архи уудаг ажил тасалдаг байсан. Цахилгааны бүх хэрэгслийг хариуцан ажилладаг. Дотоод журам дээр сахилгын зөрчил гаргасан ажилтныг илрүүлсэн албаны дарга нь хурлаар оруулж танилцуулна гэж заасан байдаг. Тэрний дагуу Туяацэцэг инженер танилцуулсан. Наранбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 24-28-ны хооронд ажил тасалсан. Ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн. ... би өөрөө нүдээр хараагүй, хурууны хээний зөрчилтэй гарсан” гэж тус тус мэдүүлж байх боловч мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв, бодит мэдээлэл агуулсан гэж үзэх боломжгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч талаас ирүүлсэн зөрчлийн бүртгэлийн баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна. Учир нь: Зөрчил гаргасан Д.Наранбаатарт танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй байх ба эх баримт гэж үзэх үндэслэлгүй байна. /хх 43-44/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэсэн, татгалзсан үндэслэл тайлбараа нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.

 

Хөдөлмөрийн гэрээний 20 дугаар зүйлийн а-д заасан “Хүндтэй бус шалтгаанаар ажлын 2 өдөр дараалан ажил тасалсан”, б-д заасан Ажлын цагаар ажлын байранд архи ууссан” болох нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 2в, 3а,б-д заасан хөдөлмөрийн гэрээнд ноцтойд тооцохоор нэрлэж хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан сахилгын зөрчил гаргасан, эсхүл давтан гаргасан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй, нэхэмжлэгч Д.Наранбаатарыг ажлаас чөлөөлсөн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 244 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын үндэслэл нь тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл Д.Наранбаатар нь хэзээ, хаана, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тодорхойгүй байна.

 

Иймд Д.Наранбаатарын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд ажил таслаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын  давтан зөрчил гаргасан гэх үйл баримт нотлогдохгүй байх тул түүнийг урд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагын хувьд: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ...-ыг олгоно” гэж заажээ.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд Д.Наранбаатарын үндсэн цалинг 394000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн байдал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны “амралт бодогдсон байх тул” өмнөх 3 сарын дундаж цалингаас тооцож, сарын дундаж цалинг тооцохдоо 0421133 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн 2016 оны 6, 7, 10 дугаар саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 519076 + 891600 + 444200 = 2.166.480 : 3 сар = 618292 : 20 = 30.914 төгрөг байна. Нэхэмжлэгч Д.Наранбаатарын ажилгүй байсан хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 20-ний өдрийг хүртэлх ажлын 77 өдрөөр тооцож олговорт 2.380.424 /хоёр сая гурван зуун наян мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Д.Наранбаатарыг Төв аймгийн “Төв-Чандмань” дулааны эрчим хүчний газрын кип автоматикийн техникч преслэгч ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн “Төв Чандмань” дулааны эрчим хүчний газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх ажлын 77 хоногийн олговорт 2.380.424 /хоёр сая гурван зуун наян мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Наранбаатарт олгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53100 төгрөгийг хариуцагч Төв аймгийн “Төв Чандмань” дулааны эрчим хүчний газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУУЛ