Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 223/МА2017/00012

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Наранбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар  сарын 20-ны өдрийн 151/ШШ2016/00193 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Наранбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв чандмань, дулааны эрчим хүчний газарт холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан  давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Наранбаатар, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн “Төв чандмань” дулааны эрчим хүчний газрын цэвэрлэх байгууламжийн газарт цахилгааны техникч хийдэг байсан. Би энэ байгууллагад 11 жил тасралтгүй ажилласан. Намайг ажлын 5 хоног дараалан ажил тасалсан, ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Би ажлын байранд архи уусан зүйл байхгүй. Шалтгаангүйгээр 5 хоног ажил таслаагүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг тогтоогоогүй. Өмнөх өдөр нь би орой дүүгийндээ жаахан согтууруулах ундааны зүйл уусан байсан. 2016 оны 10 дугаар сарын 24-нд инженер Жанчивдоржоос чөлөө авсан. 25-ны өдөр ажилчдын нүүрс авна гээд инженер Туяацэцэгээс чөлөө авсан. 26-ны өдөр намайг халаадаг багаж аваад ир гээд явуулсан. 27-ны өдөр тал ажилласан. Өмнөх өдөр нь нойргүй хоносон байсан учир амрах өрөөнд ороод жаахан амарч байсан. 28-ны өдөр би ажил дээрээ очоогүй. Тасалсан гэж болно. Манайх илүү цагийн мөнгө гэж өгдөггүй. Илүү цагаар ажилласан бол дараа нь ажлын 8 цагт тааруулаад цагаа зохицуулаад амарч болдог. Дотоод журамдаа заасан байдаг. Би тэгж амарч байгаагүй. Намайг захирлын хурлаар ордог өдөр манай 10-р зуухны слесарь залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэсэн шалтгаанаар ажлаасаа халагдсан. Хамт олон нь батлан даалт гаргаж өгөөд ажилд нь эгүүлэн авсан. Намайг манай хамт олон ажилд нь эгүүлэн авъя гээд батлан даалт гаргаж өгөхөд хэрэгсэхгүй болгосон. Ийм учраас би шүүхэд хандсан. Би цалингийн зээлтэй, эхнэр ажилгүй гэртээ байдаг.

Ажлаас үндэслэлгүй халагдсанд гомдолтой байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.

 Хариуцагч: Төв аймгийн “Төв Чандмань” дулааны эрчим хүчний газрын гүйцэтгэх захирал Ц.Жамбалсүрэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь “Төв чандмань” дулааны эрчим хүчний газрын гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 244 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 2в, 3а, б хөдөлмөрийн гэрээний 20 дугаар зүйлийн а, б заалт, захирлын зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд буюу ажлын 5 хоног дараалан ажил тасалсан, ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэж байсан, кип автоматикийн техникч преслэгч Д.Наранбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Д.Наранбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд ажил тасалсан, ажлын байран дээр архи согтууруулах ундаа хэрэглэж байсан бөгөөд энэ байдал нь удаа дараа давтагдсаар байсан.

2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Төв Чандмань” дулааны эрчим хүчний газрын цэвэрлэх байгууламжийн ажилчдын хурлын тэмдэглэлээр тус газрын ажилчид Д.Наранбаатарын асуудлыг нээлттэй авч хэлэлцсэн мөн Д.Наранбаатар нь арга хэмжээ авагдсан зөрчлийн бүртгэл, 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн захирлын зөвлөлийн хуралдаанаар Д.Наранбаатарыг зөрчил гаргасан асуудлаар хэлэлцэж, Д.Наранбаатар нь ажил тасалсан, ажлын байранд ажлын цагаар архи уусан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иймд захирлын зөвлөлийн хурлаар ажлаас халахаар шийдвэрлэж, тушаал гарч хөдөлмөрийн гэрээг цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Д.Наранбаатарын гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Д.Наранбаатарыг Төв аймгийн “Төв-Чандмань” дулааны эрчим хүчний газрын кип автоматикийн техникч преслэгч ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн “Төв Чандмань” дулааны эрчим хүчний газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх ажлын 77 хоногийн олговорт 2.380.424 /хоёр сая гурван зуун наян мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Наранбаатарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53100 төгрөгийг хариуцагч Төв аймгийн “Төв Чандмань” дулааны эрчим хүчний газраас гаргуулан улсын орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга давж заалдах гомдолдоо: “... А.Мөнхтулга миний бие Д.Наранбаатарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн “Төв чандмань” Дулааны эрчим хүчний газарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 151/ШШ2017/00193 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Захирлын зөвлөлийн ... хуралдааны тэмдэглэл нь ... цахим бүртгэлийн баримттай нийцэхгүй байх бөгөөд Д.Наранбаатар нь ... 2016 оны 10 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд буюу ажлын 5 хоног дараалан ажил тасалсан гэсэн үндэслэл нь тус баримтаар үгүйсгэгдэж байх ба тус баримтад ... 24-ны өдөр 9:11 18:6, 25-ны өдөр 17:41, 26-ны өдөр 9:8 бүтгэгдсэн байна /хх-49-50, 77/” гэжээ. Захирлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд Д.Наранбаатар нь архи уусан, ажил тасалснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Цахим баримтаар хэдийгээр 24-ны өдөр 9:11-д ирж 18:6-д тарсан мэт харагдаж байгаа боловч нэхэмжлэгч энэ өдөр ажилдаа ирээгүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг, 25-28-ны өдрүүдэд ажлаа хийгээгүй ажлын байран дээрээ байгаагүй гэдгийг ажилчдын хурлын тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, өөрийнх нь тайлбараар тогтоогдож байхад 5 хоног дараалан ажил тасалсан нь тогтоогдохгүй байна гэсэн нь Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Мөн “гэрчийн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв, бодит мэдээлэл агуулсан гэж үзэх боломжгүй байна” гэж шүүхээс үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргасан, бодит байдлыг дутуу үнэлсэн, гэрчийн мэдүүлэг нь дангаараа  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан хэргийн нотлох баримт гэдэг талаас нь үнэлэх байсан.

Хөдөлмөрийн гэрээний 20 дугаар зүйлийн а, б-д “хүндтэй бус шалтгаанаар ажлын 2 өдөр дараалан ажил тасалсан, ажлын цагаар ажлын байранд архи уусан” бол хөдөлмөрийн сахилыг ноцтой зөрчил гаргасанд тооцож, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцож, хөдөлмөрийн гэрээг  шууд цуцлах, Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 2в, 3а, 3б-д “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна, хүндтэй биш шалтгаанаар ажлын 2-3 өдөр дараалан ажил тасалсан, ажлын цагаар ажлын байранд буюу хуулиар хориглосон орчинд архи, тамхи хэрэглэсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх буюу гэрээ цуцлах” гэснийг шүүх “хөдөлмөрийн гэрээнд ноцтойд тооцохоор нэрлэж хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан сахилгын зөрчил гаргасан ... нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй” гэсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар ойлгомжтой тодорхойлсон байхад зөрчил давтан гаргасан бол гэдэг ойлголтоор буруу тайлбарлаж хэрэглэсэн.

“... Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан сахилгын давтан зөрчил гаргасан гэх үйл баримт нотлогдохгүй байх тул ... ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ” гэсэн нь уг маргааны хувьд сахилгын давтан зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулаагүй харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан “...эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн юм. Сахилгын давтан зөрчил гаргасан эсэх асуудал энэ маргаанд хамааралгүй байхад үнэлгээ дүгнэлт өгч маргааны үндсэн шалтгааныг зөв тогтоогоогүй хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 151/ШШ2017/00193 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Хариуцагч Төв аймгийн “Төв чандмань” дулааны эрчим хүчний газар нь  давж заалдах журмаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Наранбаатартай эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийг батлуулж, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргажээ.

Энэхүү гэрээнд:

“1. Нэхэмжлэгч Д.Наранбаатар нь Төв аймаг дахь сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 151/ШШ2017/00193 дугаар шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болох 2 380 424 төгрөгийг авахаас татгалзаж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох.

2. Хариуцагч Төв аймгийн “Төв чандмань” дулааны эрчим хүчний газар нь Д.Наранбаатарыг ажилд нь эгүүлэн авч, анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан  ажилгүй байлгасан хугацааны цалинтай тэнцэх олговор 2 380 424 төгрөгийг өгөхгүйгээр харилцан тохиролцлоо” гэжээ.

Талууд гэрээг бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан байх ба хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн болохоо шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

Зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй байх ба ийнхүү эвлэрсний эрх зүйн үр дагаврыг талуудын хэн аль нь ойлгосон байх тул эвлэрлийг баталж, Д.Наранбаатарын нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2., 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 151/ШШ2017/00193 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Төв аймгийн “Төв чандмань” дулааны эрчим хүчний газраас Д.Наранбаатарыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авах, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2 380 424 төгрөгийг олгохгүй байх, нэхэмжлэгч Д.Наранбаатар Төв аймгийн  “Төв чандмань” дулааны эрчим хүчний газарт кип автоматикийн техникч преслэгчийн ажилд эгүүлэн  тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 380 424 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзах тухай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123 300  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.          

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

               

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Г.БОЛОРМАА

                                                ШҮҮГЧИД                                   Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                                       Ц.ӨРНӨНДЭЛГЭР