Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 1745

 

2020.10.06                                  2020/ШЦТ/1145

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат, 

улсын яллагч Н.Батсүх,

хохирогчийн өмгөөлөгч Д.Батхуяг,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 01616 2366 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Б овогт Б.С

Шүүгдэгч Б.С нь хохирогч Г.У-т 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр авсан мөнгөний барьцаанд тавьсан “Мицубиши Оутландар” маркийн 12-77 УНӨ улсын дугаартай автомашиныг “зарж борлуулаад үлдэгдэл мөнгийг тань өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч мэхлэх аргаар 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дээрх барьцааны тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн нэр дээр /өмчлөлд/ шилжүүлэн авсан боловч хохирогч Г.У-с зээлж авсан мөнгөний үлдэгдэл болох 14.780.800 төгрөгийг өгөхгүйгээр уг тээврийн хэрэгслийг үрэгдүүлж, 14.780.800 төгрөгийн хохирол учруулсан буюу залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2012 оны 11 дүгээр сарын 13-нд ээлжийн амралтаасаа ирсэн. Тэр өдрөөс өмнө У болон миний ээж С 2 нь хоорондоо зээл өгч авдаг байсан. У эгчээс зээл авч байсан. Үүнийг ерөнхийд нь мэднэ. Өгөөтэй аваатай байж байгаад нэг удаа тэглээд дахиад зээл авсан. Тухайн үед ээжид нь мөнгө хэрэг болоод У эгчээс мөнгө зээлэх гэсэн юм. Машинаа барьцаанд тавих гэсэн чинь барьцаа хөрөнгө хүрэхгүй байна чи машинаа давхар барьцаанд тавьчих гэхээр нь би за тэгье гэж хэлээд ээждээ тус болох үүднээс тухайн үедээ зөвшөөрөөд Баянзүрх дүүргийн нэр шилжүүлдэг газар бид хамт очоод машинаа У эгчийн нэр дээр шилжүүлж өгөөд, ээж бас машинаа шилжүүлж өгөөд У эгчийг багшийн дээдийн буудал дээр буулгаж өгөөд цаашаагаа ажилдаа явсан. Тухайн үед би Голомт банканд ажиллаж байсан. Ээж 10.000 доллар зээлсэн гэж ярьдаг, У эгч 15.000 доллар зээлсэн гэж ярьдаг. Тухайн үед ээжийн дансанд 10.000 доллар 4 хувийн хүүтэй аваад дараа сараас нь У эгчийн данс руу хүү нь орсон байдаг. Ингээд өмнө авсан мөнгөтэйгөө хамтдаа төлөгдөөд явсан. Миний хувьд У эгчээс мөнгө зээлээгүй зөвхөн ээждээ туслах үүднээс өөрийнхөө машиныг тухайн үед барьцаанд тавьсан. Үүний дараа ээж маань Нарантуул зах дээр наймаа хийж байгаад өрийн сүлжээнд ороод надаас ерөнхийдөө 1 хоноод л байнга мөнгө асуудаг ерөнхийдөө хэцүү байдалд ороод байгааг нь би мэдсэн. Тухайн үед би Голомт банкнаас гараад У эгчид бичиг хийж өгсөн гээд байгаа бичгийг би хийж өгсөн. Ямар шалтгаантай вэ гэхээр миний ээж шөнийн зах дотор дотуур хувцасны лангуу ажиллуулж байсан. Барьцаа хөрөнгө эргэлтийн хөрөнгө хэрэгтэй болоод ээждээ туслах хэрэгтэй болоод би тухайн үед У эгчид би өөрийнхөө машиныг барьцаанд тавих хэрэгтэй юм байна гэдэг үүднээс 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр уулзаад энэ 12.000 долларыг өөрийн зээл болгож бичиж өгөх юм бол энэ машиныг чинь нэр дээр чинь шилжүүлнэ гэхээр нь би тэгье гэж хэлээд ээжийгээ өрөнд орсныг мэдэж байсан болохоор ээждээ тусална гэдгийг мэдэж байгаа учраас маргааш нь би Есөн шижир гээд 10 дугаар хорооллын банк бус санхүүгийн байгууллагад машинаа 5.000.000 төгрөгөөр барьцаалаад У эгчид бичиж өгсөн баримтад сар болгоны 6-нд 1.200.000 төгрөг шилжүүлнэ гээд сар болгон шилжүүлсэн байгаа. Би У эгчээс нэг ч төгрөг зээлээгүй. Хэрвээ би зээлсэн бол манай ээж худалдагч байсан одоо ч гэсэн хийж байгаа У эгч С-с ингэж бичиж өгсөн болохоор нь ингэе гэж бодсон уу яасан ингэж гүтгэж байгаа. У эгч ярихдаа манай ээж С анх 10.000 доллар зээлсэн гэдэгт би итгэж байна. Миний хийж өгсөн бичгээр намайг зээл авсан болгож цагдаад өгсөн.” гэв.

Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд: Гэм буруугийн шүүх хуралдаанаар намайг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул хохирол төлбөрийг төлөх завсарлага авах хүсэлтэй байна гэж шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцаа хөрөнгийн Төрийн банк 100900005406 дугаартай дансанд 10.000.000 төгрөгийг хохирол төлбөрт төлөхөөр байршуулсан. Үлдэх төлбөрийг 1 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж байна гэв.

Хохирогч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2012 онд анх машин худалдаж авна гэж С надтай уулзаж гуйсан. Би нилээн бодож байгаад 15.000 доллар зээлснээс 3000 долларыг төлсөн байна. Тэр үед яагаад гомдол гаргаагүй учир нь тухайн худалдаж авсан Оутландер маркийн автомашин миний нэр дээр байсан учраас гомдол гаргаагүй юм. 2015 оны 7 сарын 06-ны өдөр хүртэл миний нэр дээр байж байгаад 12.000 доллар надаас зээлж авсан үнэн гэсэн бичиг хийж өгсөн. Надад энэ машиныг зараад мөнгийг өгье гэсэн. Үүнээс хойш 2015 оны 11 сард мөнгөө нэхэж уулзсан. Тэрнээс хойш таг чиг утсаа авдаггүй. С 2012 оны 11 сард Баянзүрх дүүргийн автовокзалын хажуу талд машины нэр шилжүүлэх газар Сайнхүү гэдэг хүнээс машин шилжүүлж надад өгсөн...С надаас 2012 онд машин авахдаа бэлнээр 15.000 доллар авсны 3000 доллар төлсөн, үлдэгдэл мөнгийг өгөхгүй байгаа учир гомдол гаргасан. 2015  оны 7 сарын 06-ны өдөр 5041352379 дугаартай миний данс руу 1.200.000 төгрөг С шилжүүлсэн. Надад өгөх 3000 долларын үлдэгдэл тэгж орсон.... С-ийг 2000 оноос мэдэх болсон. С-н охин гэдгээр нь мэднэ. С-ийн зээлсэн 65.000 ам доллар нэхэмжлээгүй. Би тэр өдөр нөхөр П-н данснаас 14.000.000 төгрөг гаргаж, өөрт байсан мөнгийг нэмснээр ам доллар болгож өгсөн юм. Анх тэр машиныг авахдаа миний нэр дээр бүртгэлтэйгээр худалдаж авсан. Тэгээд 2015 оны 7 сарын 06-ны өдөр С-ийн гуйлтаар нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгэхдээ баталгаа болгож өөрийн гараар 12.000 ам доллар зээлсэн нь үнэн болно гэж гараараа бичиж өгснийг хэрэгт хавсаргуулахаар өгсөн байгаа болно...” гэх мэдүүлэг /1хх-ийн 51-53/,

Гэрч Д.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2012 оны 12 сарын 13-ны өдөр манай эхнэр У С-д мөнгө хэрэгтэй болчихлоо чи өөрийнхөө данснаас мөнгө аваад өгөөч өөрийн 5031134895 данснаас бэлнээр 14.000.000 төгрөгийг Спортын ордны хажуу талын ХААН Банкнаас авч МУИС-н 3 дугаар байранд эхнэр У-н ажил дээр хүргэж өгсөн. ...С-н охин машин авсан гэж хэлсэн хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 54-55/,

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...10-28 улсын дугаартай 2006 оны субару импреза машиныг 2012 оны 09 дүгээр сард 9.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Ямар ч гэсэн бэлнээр 9.000.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үедээ тэр мөнгийг 2 хуваагаад 1 сарын дотор л төлж барагдуулж байсан. Тухайн үедээ мотоцикл, машин зарсан тэрний мөнгийг өгсөн. Тухайн үед би наймаа хийдэг байсан данс ашигладаггүй хүмүүст бэлнээр зарж бэлэн мөнгийг нь авч өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 56/,

Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надаас 2012 онд машин худалдан авч байсан. Тэр утгаар нь зүс мэднэ. Түүнээс ямар нэгэн харьцаа байхгүй. 2012 оны 09 дүгээр сард 12-77 УНӨ улсын дугаартай мицубиши аутландер маркийн машиныг 17.500.000 төгрөгөөр зарж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 58-59/,

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2012 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Авто плазагийн хажуу талд машин зардаг С гэдэг хүнээс 17.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үедээ С-н унаж байсан субару машиныг 9.000.000 төгрөгөөр зарж, дээр нь цалингийн зээл С авч мөнгийг нь төлж авсан. Тэр үед 15.000 доллар авсан гэдэг нь худлаа. Учир нь энэ машины мөнгийг өгөөд төлөөд дууссан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 60-61/,

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г.У 10.000 долларыг 4 хувийн хүүтэй зээлж наймаа хийх гээд байна гэж ярьсан. Би тухайн үед субару 10-28 улсын дугаартай машинаа Б гэж хүнд 9.000.000 төгрөгөөр зарсан байсан нэмж машин авах гэж байсныг ээж мэдэж байсан болохоор авах машинаа зээлийн барьцаанд барьцаалчих гэж гуйгаад байсан. С гэдэг хүнээс тухайн машиныг 2012.09.25-ны өдөр амаар гэрээ хийгээд 5.000.000 төгрөг өгөөд үлдсэнийг цувуулаад өгнө гээд худалдан аваад С-н нэр дээр байхад нь машинаа унаад явж байсан ба У-н нэр дээр машин шилжүүлэхээс өмнө би машины өр төлбөрөө С-д төлөөд дууссан байсан. Тухайн үед би Голомт банкинд ажиллаж байсан ба өөрийн машины машин зарсан 9.000.000 төгрөг, цалингийн зээл 8.000.000 төгрөг, 500.000 төгрөгийг нь нөхөр Б-с авч нийт 17.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэр өдөр би өөрийн машиныг У-н нэр дээрээс өөрийн нэр рүү шилжүүлж авахдаа ээжийн өмнө авсан зээлийн хүү болох 1.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхэд тэр миний машиныг миний нэр рүү шилжүүлж авсан. Мөн баталгаа болгож өөрийн өр зээлсэн гэж бичээд энэ мөнгийг төлж барагдуул гэсэн учир тэр утгаар бичиг хийж өгсөн. Гэтэл тэр бичгийг үнэхээр би өөрөө мөнгө авсан гэж миний эсрэг ашиглаж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 67-68/,

Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г.У 2010 оноос эхлээд 2014 он хүртэл 30.000 доллар бэлнээр зээлж авсан. 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нийт 10.000 долларт 2 машин барьцаалж зээл авсан. Манай охин С нь У-с нэг ч төгрөг зээлж байгаагүй. Охин С-г ээж нь У-с зээл нэмж авах гэсэн юм ээждээ өөрийнхөө шинээр авсан Мицубиши Оутландэр гэдэг машиныг шууд шилжүүлж өгсөн. Тэр үйлдэл маань одоо буруутаад байна. Би нийт У-с 30.000 доллар увуулж цувуулж авсан боловч одоо надаас 67.800 долларыг нэхэж байгаа гэвч би энэ хүнд 79.200 доллар төлчихөөд байна. Гэвч миний энэ өр байнга өсөж нэмэгдэж байгаад гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 81/,

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С-г Уээс мөнгө авсан талаар мэдэхгүй, харин түүний ээж С нь У-с мөнгө зээлдэг байсан. 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаалиар орж ирсэн Монголд унаагүй Тоёота Клугер маркийн хар өнгийн шинэ машиныг худалдаж авч байсан. Яг хэдэн төгрөгөөр авсныг санахгүй байна. Гэхдээ С-с машиныг мөнгийг авч, миний нэр дээр машиныг авсан. Автомашиныг С бид 2 хоёулаа унаж хэрэглэдэг. ”2012 оны 10 сард  С-н нэр дээр шилжүүлж өгсөн. Тэрнээс хойш холбоогүй байж байгаад С намайг тэр машиныг зараад өг,одоо У-н нэр дээр байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь машиныг С-с аваад Да хүрээ зах дээр очиж 10 сая орчим төгрөгөөр зарж, У-г дуудаад худалдан авч байгаа хүнтэй Тээврийн хэрэгслийн худалдах,худалдан авах гэрээ байгуулсан.С хэлэхдээ машины мөнгийг У-т  өгөөрэй гэж хэлсэн ба тэр үедээ бэлнээр өгсөн машины мөнгийг У аваад явсан. Худалдаж авсан хүнтэй гэрээ байгуулж мөнгийг нь авсан, өөр бичиг баримт үйлдээгүй. Миний бодлоор С нь У-с мөнгө зээлэхдээ автомашинаа барьцаалсан юм шиг байсан У тэр үедээ С-с дахиад мөнгө авах ёстой гэж ярьж байсан. Харин С мөнгө авах ёстой гэж ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 28/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №6783 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилж буй “Баталгаат баримт №1” гэсэн гарчиг бүхий гар бичвэр нь харьцуулах загварт ирүүлсэн Н.С-н гэх бичгийн хэвийн загвартай тохирч байна.

2.  Шинжилж буй “Баталгаат баримт №1” гэсэн гарчиг бүхий гар бичвэр баримтын доод талд Н.С гэсний урд талд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загварт ирүүлсэн Н.С-н гэх гарын үсгийн загвартай тохирч байна. гэх дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 245-249/,

Яллагдагч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өөрийн мөнгөөр авсан машиныг манай ээж С У-с 10.000 доллар зээлэхдээ 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлэхдээ өөрийнхөө машинтай хамт барьцаалж авсан. У манай ээжийг машинаа барьцаалахад барьцаа хүрэхгүй байна гээд миний машиныг давхар барьцаалсан юм. Манай ээж У-с нийтдээ 25.000 долларыг зээлсэн. Гэтэл ээж өнөөдрийг хүртэл У-т 87.000 долларыг төлчихөөд байгаа боловч үндсэн мөнгөнөөсөө хасагдалгүй хүү болон хүүгийн хүүнд төлөгдөөд байсан. У ээжид зээлсэн мөнгөө хүүтэйгээ тооцоод 65.000  доллар гэж ээжээр баталгаа бичүүлсэн байдаг. 65.000 доллараас гадна өмнөх зээлсэн мөнгөний хүүний хүү тооцогдоод 12.000 доллар болсныг У эгч намайг ээждээ туслах үүднээс энийг төлөх юм бол чиний машиныг чиний нэр дээр шилжүүлж өгье гэж хэлснийг зөвшөөрөөд өөрийн машинаа “Есөн шижир” ББСБ-ын барьцаанд 5.000.000 төгрөгөнд тавьж зээл аваад өөрийн эргэлтийн хөрөнгө болгосон. Үүнээс өмнө би ээжийн авсан зээлэнд туслалцаж У-н данс руу нийтдээ 11.000.000 орчим төгрөгийг шилжүүлсэн. Машин шилжүүлж авсны дараа У эгчийн ажил дээр очиж Англи бараа зарж, ээжийн зээлнээс хасаль хийв гэсэн утгатайгаар бичиг хийж өгч байсан. Миний хувьд У-с зээлж авсан мөнгө нэг төгрөг ч байхгүй. 11 дүгээр хорооллын Авто плазагийн С гэж машин зардаг хүнээс 2012 оны 09 дүгээр сард 1 сарын хугацаанд мөнгийг төлж барагдуулна гээд 17.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс 8.000.000 төгрөгийг цалингийн зээл авч, өмнөх Субару маркийн машинаа 9.000.000 төгрөгөөр зараад үлдсэн 500.000 төгрөгөө нөхрөөсөө аваад мөнгийг нь төлсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 76-77/,

Б.С-н 2015 оны 07 дугаар сарын 6-ны өдөр бичиж өгсөн “Б овогтой С миний бие Г.У эгчээс 12.000 доллар зээлсэн болно. Мөн би ээж С-н 65.000 долларын өрийг хамтран барагдуулах болно. гэх баримт /1хх-ийн 16/,  Баталгаагаар баримт №01 гэх бичвэр бүхий бичиг /1хх-49/, ХААН банкны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 29-6321 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэрч Д.П-н 5031134895 дугаартай дансны хуулга. /1хх 55-56/, Мицибуши Оутландар маркийн 12-77 УНӨ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 19/, Автотээврийн газар тээврийн хэрэгсэл бүртгэх маягтын хуулбар /1хх-ийн 220/, Автотээврийн газраас 12-77 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 221/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /1хх-ийн 1/, БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст өргөдөл /1хх-ийн 5/, өмнөх тээврийн хэрэгсэл өмчлөгчдийн жагсаалт /1хх-ийн 7/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 10/, зээлийн гэрээ /1хх-ийн 11/, төлбөр төлж байсан гэх график хүснэгт /1хх-ийн 17/, баталгаат баримт №1 гэх баримт /1хх-ийн 43, 2хх-ийн 2/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /1хх-ийн 47/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 71/, банкны хуулга /1хх-ийн 76/, гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх-ийн 84, 87/, БЗД-ийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Б-т хандан гаргасан өмгөөлөгч Д.Б-н гомдол /1хх-ийн 228-229/, Б.С-н бичгийн хэвийг баримтжуулсан баримт /2хх-ийн 13-14/, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал /2хх-ийн 24/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 150/ иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 148/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-ийн 149/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С нь хохирогч Г.У 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр авсан мөнгөний барьцаанд тавьсан “Мицубиши Аутландер” маркийн 12-77 УНӨ улсын дугаартай автомашиныг “зарж борлуулаад үлдэгдэл мөнгийг тань өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч мэхлэх аргаар 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дээрх барьцааны тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн нэр дээр /өмчлөлд/ шилжүүлэн авсан боловч хохирогч Г.У зээлж авсан мөнгөний үлдэгдэл болох 14.780.800 төгрөгийг өгөхгүйгээр уг тээврийн хэрэгслийг үрэгдүүлж, 14.780.800 төгрөгийн хохирол учруулсан буюу залилсан болох нь

Хохирогч Г.У-н: “...2012 онд анх машин худалдаж авна гэж С надтай уулзаж гуйсан. Би нилээн бодож байгаад 15.000 доллар зээлснээс 3000 долларыг төлсөн байна. Тэр үед яагаад гомдол гаргаагүй учир нь тухайн худалдаж авсан Оутландар маркийн автомашин миний нэр байсан учраас гомдол гаргаагүй юм. 2015 оны 7 сарын 06-ны өдөр хүртэл миний нэр дээр байж байгаад 12.000 доллар надаас зээлж авсан үнэн гэсэн бичиг хийж өгсөн. Надад энэ машиныг зараад мөнгийг өгье гэсэн. Үүнээс хойш 2015 оны 11 сард мөнгөө нэхэж уулзсан. Тэрнээс хойш таг чиг утсаа авдаггүй. С 2012 оны 11 сард Баянзүрх дүүргийн автовокзалын хажуу талд машины нэр шилжүүлэх газар С гэдэг хүнээс машин шилжүүлж надад өгсөн... С надаас 2012 онд машин авахдаа бэлнээр 15.000 доллар авсны 3000 доллар төлсөн, үлдэгдэл мөнгийг өгөхгүй байгаа учир гомдол гаргасан. 2015  оны 7 сарын 06-ны өдөр 5041352379 дугаартай миний данс руу 1.200.000 төгрөг С шилжүүлсэн.Надад өгөх 3000 долларын үлдэгдэл тэгж орсон....С-г 2000 оноос мэдэх болсон. С-н охин гэдгээр нь мэднэ.С-н зээлсэн 65.000 ам доллар нэхэмжлээгүй. Би тэр өдөр нөхөр П-н данснаас тэр өдөр 14.000.000 төгрөг гаргаж, өөрт байсан мөнгийг нэмснээр ам доллар болгож өгсөн юм. Анх тэр машиныг авахдаа миний нэр дээр бүртгэлтэйгээр худалдаж авсан. Тэгээд 2015 оны 7 сарын 06-ны өдөр С-н гуйлтаар нэр дээр шилжүүлж өгсөн” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О нь Б.С-н үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул цагаатгах байр суурьтай оролцож байна гэж мэтгэлцсэн бөгөөд шүүх шүүгдэгч Б.С нь бусдын зээлийн барьцаанд тавьсан тээврийн хэрэгслэлийг барьцаанаас чөлөөлж, худалдан борлуулсны дараа зээлийг төлнө гэж итгүүлэн зээлийн барьцаанаас чөлөөлүүлсний дараа уг зээлийн төлбөрийг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв. Энэ нь урьдны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

Прокуророос шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.С-г урьдны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба тэрээр гэм буруугийн шүүх хуралдаанаас хохирол төлбөрийг төлөхөөр 5 хоногийн хугацаатай завсарлага авах хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.С нь хохирол төлбөр төлөхөөр завсарлага авсан хугацаанд шүүхийн хохирлын данс болох Төрийн банкны 100900005406 дугаартай дансанд 10.000.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд үлдэгдэл хохирол төлбөрийг 1 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдав.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцаа хөрөнгийн Төрийн банкны 100900005406 дугаартай дансанд төлсөн 10.000.000 төгрөгийг хохирогч Г.У олгож, үлдэх 4.780.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага оногдуулахад бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг сайн дураар нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг 1 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Б.С-г урьдны харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.С-т 1 сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.С-с 4.780.800 төгрөгийг гаргуулж хохирогч Г.У-т олгосугай.

5. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцаа хөрөнгийн Төрийн банкны 100900005406 дугаартай дансанд Б.С-н төлсөн 10.000.000 төгрөгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.У олгосугай.

             6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР