Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 737

 

 

 

 

 

 

 

2020           6             04                                           2020/ДШМ/737

 

Б.Ст холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ю.Батсүх,

хохирогч Г.Уийн өмгөөлөгч Д.Батхуяг,

цагаатгагдсан этгээд Б.С, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ЦТ/655 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ю.Батсүхийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 41 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Б.Ст холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Бын С, 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “...” хотхоны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .../;

Б.С нь Г.Уээс 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр авсан мөнгөний барьцаанд тавьсан өөрийн “Mitsubishi Outlander” загварын, ... УНӨ улсын дугаартай автомашиныг зарж борлуулаад үлдэгдэл мөнгийг төлж барагдуулж өгье гэж 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч зээлж авсан мөнгөө өгөхгүйгээр хуурч мэхлэх аргаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 14.780.800 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ст прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Б.Сийг цагаатгаж, Б.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ю.Батсүх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Гэрч нарын мэдүүлгээс үзэхэд, “Б.Ст Г.Уээс зээл авч машин авах шаардлага байхгүй, аль хэдийн өөрөө машин авчихсан байсан байна гэж шүүх үзэв” гэжээ. Шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэл болгосон гэрч нар болох гэрчийн мэдүүлэг өгсөн Н.Саранцэцэг нь шүүгдэгч Б.Сийн ээж, гэрч Д.Болдбаатар нь шүүгдэгч Б.Сийн нөхөр, гэрч Д.Б нь шүүгдэгч Б.Сийн нөхөр Д.Болдбаатарын төрсөн дүү буюу ойр дотно, гэр бүлийн харилцан хамааралтай түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулиар өөрийн гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг анхаараагүй байна. 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Г.У Б.Ст ямар нөхцөлтэй, хэдий хугацаатай, хэдэн төгрөг эсвэл хэдэн доллар өгсөн талаараа зөрүүтэй мэдүүлгүүд өгч байгаа байдал, мөн мөнгө зээлсэн гэх хугацаанаас хойш 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл Б.С нь нэг ч төгрөгийн хүү, зээл төлөөгүй машинаа өөрөө унаад явж байсан байна гэжээ. Хохирогч Г.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “... анх Н.Саранцэцэг /2000 оноос хойш/ мөнгө зээлүүлж эхэлсэн үеэс төгрөгийн ханш уналтаас сэргийлэн АНУ-ын мөнгөн тэмдэгт болох ам.доллараар тооцож Монгол төгрөг, АНУ-ын мөнгөн тэмдэгт болох доллараар зээлийг өгч, хүүг тооцож ирсэн. Үүний адилаар шүүгдэгч Б.Ст 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 20.100.000 төгрөгийг 15.000 долларт тооцож өгсөн. Шүүгдэгч Б.Сээс шилжүүлсэн 5.319.000 төгрөгийг ам.долларт бодож 3.000.000 ам.доллар хасаж тооцоод үлдэгдэл мөнгийг залилсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад анх гаргаж шалгуулж эхэлсэн ба энэ мэдүүлгээ өгсөн байхад төгрөг, доллар аль нь болох нь зөрүүтэй байна гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна. Өөрөө бизнес хийх гээд эргэлтийн мөнгө хэрэг болсон үед өөрийн машинаа нэр дээрээ шилжүүлж авах үед нь энэ 12.000 ам.доллар зээлсэн гэх асуудал гарч ирсэн нөхцөл байдал харагдаж байна. Энэ нь Б.Ст “Г.У эгч намайг ээжийнхээ зээлийн хүү 12.000 ам.долларыг төлнө гэж бичиг хийж өгвөл машиныг чинь нэр дээр чинь шилжүүлж болно” гэж хэлсний дагуу уг бичгийг хийж өгөөд ээжийн өмнөөс мөнгө төлсөн гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан мөнгө төлсөн баримт зэргээр залилсан гэх үндэслэл үгүйсгэгдэж байна гэжээ. Шүүгдэгч Б.Сийн дээрх өгсөн мэдүүлгийг үндэслэл болгон мөнгө зээлсэн талаар 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр бичиж өгсөн нотлох баримт болох “Б овогтой С миний бие Г.У эгчээс 12.000 ам.доллар зээлсэн болно. Мөн ээж Саранцэцэгийн 65.000 төгрөгийг хамтран барагдуулах болно гэх бичгийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй байна. Шүүгдэгч Б.Сийн боловсрол, ажиллаж байсан байгууллага зэргийг шүүх бүрэлдэхүүн нь авч үзэлгүйгээр хохирогчийн хэлсний дагуу дээрх бичгийг бичиж өгсөн гэж өрөөсгөл дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хэргийн болсон үйл баримт болон цугларсан нотлох баримтуудад бодитой үнэлэлт, дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 655 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Батхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, нотлох баримтыг үнэлж дүгнээгүй учир цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй. Б.Сийг ямар нотлох баримтад үндэслэж цагаатгаж байгаа нь тодорхойгүй, зөвхөн “Г.У машин авах шаардлага байхгүй, аль хэдийн өөрөө машин авчихсан байна гэж шүүх үзэв” гэх дүгнэлт хийсэн. Мөн зээлтэй холбоотой дүгнэлт хийхдээ “олон удаа авсан зээлээ бүрэн төлж барагдуулаагүй зэрэг нь дахин зээл авахад хүндрэлтэй байсан байж магадгүй” гэх таамаглал төдий байдлаар дүгнэлт хийж шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн. Хавтас хэрэгт Б.Сийг гэм буруутай болохыг нотлох хангалттай баримт авагдсан. Жишээлбэл, Б.Сийн гарын үсэг бүхий “12.000 долларыг зээлж авлаа” гэх бичмэл нотлох баримт. Үүнийг нотолсон Б.Сийн ээжийнх нь “охин бид хоёрын зээлж авсан 12.000 доллар болон үүнээс гадна зээлсэн 65.000 долларыг төлж барагдуулна” гэх баримт байгаа. Мөн уг баримтуудыг давхар нотолсон буюу мөнгөний эх сурвалжийг нотолсон баримтууд хавтас хэрэгт байгаа. Шүүх эдгээр баримтуудыг ямар баримтаар үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, ямар ч дүгнэлт байхгүй. Зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгээр хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Хохирлын тухайд Б.Сийн зээлж авсан 12.000 долларыг үндэслэж хохирлыг тооцож байгаа. Тухайн 12.000 доллароор Б.С машин авсан уу, үгүй юу гэдэг нь хохирогчид хамааралгүй. Б.С тухайн үедээ хохирогчид “машин авах гэсэн юм” гэж хуурч мэхлэн мөнгө авсан. Анхан шатны шүүхээс “машин авчихсан байсан байна. Тэгэхээр машин авах шаардлагагүй байсан байна” гэж дүгнэсэн. Тэгвэл машин авах шаардлагагүй байж яагаад хохирогчид “машин авах гэсэн юм” гэж худал хэлж мөнгө авсан юм бэ. Үүнд шүүх буруу дүгнэлт хийсэн. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Би 2012 оны 9 дүгээр сард “Subaru impreza” гэх цэнхэр өнгийн автомашинтай байсан. Манай гэр 11 дүгээр хороололд байдаг. Тэгээд доод талынхаа “Auto plaza”-д ажилладаг Сайнхүү гэж хүнээс машинаа жаахан томруулах зорилгоор “Mitsubishi outlander” загварын машиныг “1 сарын хугацаанд багтааж төлье” гээд авсан. Тухайн машины мөнгийг сарын хугацаанд төлөөд дууссан байсан. ...” гэв.

Цагаатгагдсан этгээлийн өмгөөлөгч Д.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Анхан шатны шүүх хавтас хэрэгт байгаа бүхий л нотлох баримтыг үндэслэж, түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг үндэслэж хангалттай тайлбарлан цагаатгах тогтоолыг бичсэн гэж үзэж байна. 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөнгө зээлсэн гэх асуудал яригдсан. Гэтэл уг өдөр хэдэн төгрөг зээлсэн талаар Г.У “10.000 доллар, 15.000 доллар, 10.000.000 төгрөг” гэж зөрүүтэй мэдүүлдэг. Б.Сийн ээж Саранцэцэг гэрчээр  мэдүүлэг өгөхдөө 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөнгө зээлсэн талаар үнэн зөв мэдүүлж байсан. Мөн гэрч Саранцэцэг анх өгсөн мэдүүлэгтээ “10.000 долларыг би зээлсэн юм. Миний охин зээлээгүй” гэж мэдүүлсэн. Гэтэл хохирогч хоёрдахь мэдүүлгээсээ эхлэн 15.000 доллар зээлсэн гэж мэдүүлсэн. Хохирогч анх гомдол гаргахдаа хэдэн төгрөг гэж байсан, дараа нь мэдүүлэг өгөхдөө яагаад мэдүүлэг нь зөрүүтэй байгаад байна вэ. Мөрдөгчийн зүгээс мэдүүлгүүд зөрүүтэй байсан учраас Саранцэцэг, Г.У, Б.С нарыг нүүрэлдүүлэн байцаасан. Энэ мэдүүлгээс бүх нөхцөл байдал тодорхой харагддаг. Үүнийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж үзэж байна. Үүний дараа хохирогч мэдүүлэг өгөхдөө дахин мөнгөний хэмжээг зөрүүтэй, эргэлзээтэй байдлаар мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд Б.С нь уг мөнгийг аваагүй гэдгээ тогтвортой мэдүүлдэг. 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б.С нь Г.Уээс мөнгө авсан байсан бол тухайн өдрөөсөө эхлэн Б.Сээс мөнгөө шаардах ёстой. Гэтэл Б.С нь 2014 оноос эхэлж ээжийнхээ зээлийг төлж эхэлсэн. 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр тээврийн хэрэгслийг шилжүүлж авсан. Б.С машинаа авахын тулд Г.Ут баталгаа бичиж өгсөн. Тэгэхээр хэрэг гарсан хугацааг яллах дүгнэлтэд бичсэнээр 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэж үзэх юм уу, эсхүл машин шилжсэн хугацааг гэж үзэх юм уу. Хэрэв мөнгийг авсан гэж үзвэл хохирлын хэмжээг заавал тодорхойлох шаардлагатай. Хавтас хэрэгт авагдсан Б.С, Саранцэцэг нарын мэдүүлгээр хэзээ, хэнээс тухайн машиныг аваад, ямар хугацаанд мөнгөө хувааж төлсөн талаар нотолж мэдүүлсэн. Анхан шатны шүүх эдгээр үйл баримтыг үнэн зөв дүгнэж, гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

Б.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үзэхэд, хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлэх замаар хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр “...Б.С нь Г.Уээс 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр авсан мөнгөний барьцаанд тавьсан өөрийн автомашиныг “Зарж борлуулаад үлдэгдэл мөнгийг төлж барагдуулж өгье” гэж 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч зээлж авсан мөнгөө өгөхгүйгээр хуурч 14.780.800 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна... Г.У нь Б.Ст 15.000 ам.доллар зээлсэн гэж байгаа боловч энэ нь тогтоогдохгүй байна... Б.Ст Г.Уээс зээл авч машин авах шаардлага байхгүй, аль хэдийн өөрөө машин авчихсан байсан байна... Гэрч Н.Саранцэцэг нь нэмж зээл авахын тулд “Охиндоо машин авч өгөх гэсэн юм” гэж хэлсэн байхыг үгүйсгэхгүй... дахин зээл авахад хүндрэлтэй байсан байж магадгүй...” гэх зэргээр таамаглалд үндэслэсэн байдлаар бичсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, хэргийн холбогдогч болон хохирогч нарын хувийн байдал, тэдний харилцаа холбоо зэрэг нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Б.С нь энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Саранцэцэгийн охин, Г.У нь Н.Саранцэцэгтэй худ ургийн холбоотой, эртнээс хэн хэнийгээ таньж мэддэг, яллах дүгнэлтэд дурдсан 2012 оны 11 дүгээр сараас өмнө олон удаа зээл өгч, авалцаж байсан, Г.Уийн мэдүүлэг тайлбарт дурдсан 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлдүүлсэн гэх мөнгө, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлж өгсөн гэх автомашиныг эзэмших, захиран зарцуулсан гэх байдлын талаар харилцан өөр байр суурьтай байсан нөхцөл байдлуудын талаарх баримтат мэдээлэл хэрэгт авагдсан байна.

Түүнчлэн залилж авсан гэх тээврийн хэрэгслийг автомашины худалдаа эрхэлдэг Л.Сайнхүү нь Б.Ст худалдсан, 2012 оны 11 дүгээр сард бүртгэлийг нь Г.Уийн нэр дээр хийлгэсэн боловч бодит байдал дээр Б.С эзэмшиж, ашиглаж байсан, улмаар автомашины бүртгэлийг өөрчлөх асуудлыг Г.У нь мэдэж, өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр Б.Ст шилжүүлэх үйлдэл хийсэн, Б.С нь бодит байдал дээр Г.Уээс бэлэн мөнгө, зээл авсан эсэх нь тодорхойгүй, прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хохирлын дүн болох 14.780.800 төгрөг нь Г.Уээс Б.С залилсан гэх мөнгөний дүн, эсхүл шилжүүлж авсан автомашины үнэлгээгээр хохирлыг тооцсон эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлтээс зөрүүтэй байна.

Гэтэл гэмт хэргийн субъектив шинж буюу гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд онцгой ач холбогдолтой байж болох энэхүү нөхцөл байдлыг тодруулах мөрдөн шалгалтын ажиллагаа хангалтгүй хийгдсэн, нотлох баримтууд харилцан зөрүүтэй, уг зөрүүтэй байдлыг арилгаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.   

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын хүрээнд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлон тогтоогоогүй байхад хэргийг хүлээн авч, эцэслэн хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзлээ.

Анхан шатны шүүх Б.Ст холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дараах нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Тухайлбал, Б.С нь анхнаасаа Г.Уээс хүүтэй мөнгө зээлэх байдлаар авч хуурсан уу, эсхүл тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан бодит байдлыг нуун бусдыг төөрөгдөлд оруулж залилсан буюу гэрээний харилцаагаар халхавчлан залилсан уу, тээврийн хээгслийг өөрийн нэр дээр шилжүүлсэн нь барьцаалсан хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болгосон уу, Б.Ст зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг байсан уу гэх нөхцөл байдлуудыг дахин шалгаж, хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай байжээ. Хэрэв 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээгээр халхавч хийн бодит байдлыг нуун бусдыг төөрөгдөлд оруулж, залилсан гэж үзвэл “Мицубиши Оутландер” загварын ...УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээг хийлгэх шаардлага үүсэхийг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан тул прокурор Ю.Батсүхийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаартай “Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулга бүхий прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ЦТ/655 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Ст холбогдох 1806016162366 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ