Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0319

 

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0319

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           Ц.Чын нэхэмжлэлтэй 

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Ч

Хариуцагч нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/410 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 131 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Л,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0642/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.Чаас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/410 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 131 дүгээр шийдвэрээр: 

“...Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Чаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” тухай А/410 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1283 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлах 9156 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

3.2.Улмаар нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/410 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2-т заасныг тус тус үндэслэн иргэн Ц.Чын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

3.3.Маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4, 6.2.5-д заасан ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд багтсан, түүнчлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 02-01/1355 дугаар “Арга хэмжээ авах тухай” албан бичигт Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу хүчингүй болгох чиглэл өгсөн тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Чын эзэмших эрхтэй газрыг хүчингүй болгосон, энэ тохиолдол Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалтад хамаарна, мөн анхан шатны шүүх ойн сан бүхий газрын хамгаалалтын зурваст маргаан бүхий газар өртсөн тухайд дүгнэлт хийгээгүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан бичгийг үнэлээгүй тул шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал үүсч байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 131 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, дахин шинээр акт гаргатал маргаан бүхий захирамжийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

1.Анх нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/385 дугаар захирамжаар Ц.Чад орон сууцны зориулалтаар 10.000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлснээс хойш мөн оны 5 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгажих талбайн хэмжээг 2755.6 м.кв гэж тогтоосон, “Х д” ХХК-тай Ажлын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан, 6 дугаар сарын 23-ны өдөр “Г т” ХХК-тай инженер, геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж гэрээний дагуу зохих ажил хийгдэн гэрээ дүгнэсэн, эдгээр гэрээний дагуу төлбөрийг зохих байдлаар төлсөн, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр газрын дуудлага худалдааны анхны үнэ 25.300.000 төгрөг, мөн оны газрын төлбөрт 45 сая төгрөг гэх зэргээр тухайн газарт үйл ажиллагаа явуулахтай холбоотой нийтдээ 436.7 сая төгрөг төлсөн талаарх санхүүгийн анхан шатны баримтууд хэрэгт авагджээ.

2.Түүнчлэн газрын хэмжээг мөн оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/1283 дугаар захирамжаар багасгаж 9156 м.кв болгосон атлаа үүнээс 6 сарын дараа гарсан одоогийн маргаан бүхий захирамжийн үндэслэлдээ “…нэхэмжлэгчид газар эзэмшүүлснээр нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан хориглолтыг зөрчсөн” гэсэн шалтгаанаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх боловч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 1/339 дүгээр лавлагаагаар тус компанийн эзэмшлийн шугам тоноглол байхгүй, хамгаалалтын зурвасын зөрчилгүй гэсэн лавлагаа ирүүлсэн, нэхэмжлэгчийн зүгээс ч бодит байдалд цахилгаан дамжуулах 35 кВ-ын шугамаас эзэмшиж байсан газрын хил хамгийн ойрдоо 20 метрийн зайтай гэж тайлбарласан,

-мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар нэхэмжлэгчид хүргүүлсэн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн мэдэгдэлд “…ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага хэрэгжүүлэх ажиллагааны төлөвлөгөө, Авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан авто замын трасст өртсөн гэсэн боловч шүүхийн үзлэгээр бодит байдалд авто замын трасст орсон гэх үндэслэл тогтоогдохгүй талаар дүгнэжээ.

3.Харин эзэмшил газрын байршил нь ойн сан бүхий газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох боловч дээр дурдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан барилгажих талбай нь ойн сантай давхцалтай эсэх нь тодорхойгүй, мөн маргаан бүхий газрын эргэн тойронд бүхэлдээ суурьшлын бүс үүссэн, барилгажсан байдалтай байгаа энэ тохиолдолд магадгүй нэхэмжлэгчид анхнаасаа уг байршилд газар эзэмшүүлэх бодит боломжгүй байсан гэж үзвэл газар эзэмшүүлснээс үүссэн дээрх хохирлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байдлаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх зөрчигджээ.

4.Иймд хээрийн болон суурин судалгааг дахин хийж, бодит байдалд тухайн байршилд архитектур төлөвлөлтийн даалгаварт заасны дагуу ойн санд хохирол учруулахгүйгээр барилга барих боломжтой эсэхийг тогтоох байдлаар, эсхүл боломжгүй байх тохиолдолд нэхэмжлэгчид газар эзэмшүүлснээс үүссэн хохирлыг нөхөн төлөх асуудлыг нэг мөр шийдвэрлэх байдлаар дахин акт гаргах нь зүйтэй.

Учир нь нийслэлийн Засаг даргаас анх газар эзэмшүүлсэн, улмаар газрын хэмжээг багасгасан, нэхэмжлэгчээс Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлж, газрын төлбөр төлсөн, олгосон газраа зориулалтын дагуу ашиглахаар холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөл, барилга барихтай холбоотой шаардагдах ажиллагаа хийж хэрэгжүүлж байсан болох нь дээрх байдлаар тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй.

5.Иймд “…ойн сантай давхцалтай гэх боловч энэ талаар захирамждаа үндэслээгүй, мөн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны “Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 147 дугаар тогтоолын хавсралтад нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар хамаарахгүй байна…” гэх зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шүүхийн шийдвэрийг дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэвээр үлдээх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 131 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Чаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/410 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хариуцагч нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тохиолдолд 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/410 дугаар захирамжийг хүчингүй болгохыг дурдсугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН