Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 319

 

Н.Наранбилэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцнэцэг, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Н.Наранбилэг, гуравдагч этгээд М.Өлзийбат нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2016/0514 дүгээр магадлалтай, Н.Наранбилэгийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Н.Наранбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан иргэн Н.Наранбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 04 сарын 03-ны өдрийн Иргэдэд газар өмчлүүлэх тухай А/56 дугаар захирамжаас М.Өлзийбатад холбогдох хэсгийг, 2016 оны 02 сарын 04-ний өдрийн Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай А/23 дугаар захирамжийг бүхэлд нь тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 514 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг баримтлан иргэн Н.Наранбилэгийн “Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Иргэдэд өмчлүүлэх тухай” А/56 дугаар захирамжийн М.Өлзийбатад холбогдох хэсгийг, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/23 дугаар захирамжийг бүхэлд нь тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Наранбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Н.Наранбилэг миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2016/0514 тоот магадлалыг гардаж аваад үл зөвшөөрөн дараах үндэслэлээр тус шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр, хавтаст хэрэгт байгаа нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүдэд ач холбогдол өгч дүгнэлт хийгээгүй, гомдолтой холбогдуулан миний гаргасан тайлбарыг судлаж ойлгоогүй, гомдол гаргагчдын гомдлыг илүү үнэлж өрөөсгөл хөнгөн хандаж шийдвэр гаргасан байна.

Тухайлбал: Шүүхийн тогтоох нь хэсэгт Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д заасныг баримталсан нь уг хуулинд байхгүй заалтыг дурдаж хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 22 дугаар зүйлд заасан иргэний газар өмчлөх эрхийг баталгаажуулах гэсэн хуулийн заалтыг огт хэрэглээгүй, Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д зааснаар Засаг дарга аймгийн төвийн сумын Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч шийдвэр гаргах гэсэн хуулийн заалтыг буруу хэрэглэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1 дүгээр заалтыг удирдлага болгон захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Үүнд: 1.Нэхэмжлэгч миний бие анх 2012 онд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Цэнгэлдэхийн хэсэг 6-18 тоотод байрлах 896 м.кв талбайтай хашааг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөн авч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн 000061965 тоот гэрчилгээ авсан билээ. Энэ газар дээрээ өнөөдрийг хүртэл амьдарч байна. Миний хууль ёсны гэрчилгээгээ аваад баталгаажсан газраас 196 м квадратыг нь нэмж авсан байна гэсэн үндэслэлээр аймгийн Засаг дарга захирамж гаргаж хүчингүй болгож улмаар уг газрыг гуравдагч этгээд болох М.Өлзийбат буюу /эхнэр нь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга/-д зөвхөн өөрт нь зориулан аймгийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/56 тоот захирамж гаргасан ба /2012 онд тэр орчмын газар өмчлөгдөөд улсын бүртгэлд бүртгэгдсэн сум багийн хэмжээнд 2004 онд багтаан хашаануудын дэсдугаар олгогдоод цэгцэрчихсан байхад хашааны дугаарыг нь 6-19 гэж манай өмнөх айлын хашааны дугаартай давхардуулан М.Өлзийбатад захирамж гаргачихаад/ ахиад 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/33 тоот захирамжаар М.Өлзийбатын хашааны хаягийг 6-19А болгон залруулсан зэрэг нотлох баримтуудаас харахад цаг хугацааны хувьд ч М.Өлзийбатынд олгосон шийдвэр надад олгосон шийдвэрээс сүүлд байгаа төдийгүй энэ гудамж байсан газрыг М.Өлзийбатад өмчлүүлэхээр хууль бусаар зүтгээд байгаа нь харагдаж байгаа төдийгүй Засаг дарга ямар ч судалгаагүй шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйг анхан шатны шүүхээс хэргийн материалд авагдсан нотлох баримтуудын хүрээнд үнэлээд үндэслэлтэй шийдвэр гаргасаныг давж заалдах шатны шүүх үнэлж үзээгүй байна.

Давж заалдах шатны шүүх болон гуравдагч этгээд 2012 оны 252 захирамжаар надад өмчлүүлсэн 896 м.квадрат газрыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд байна. Энэ захирамжаар иргэдэд өмчлүүлсэн газрын тоо хэмжээ ямар ч өөрчлөлт байхгүй Завхан аймгийн хэмжээнд мөрдөгдсөөр байна. Дээрх захирамжийг залруулсан 2015 оны А/153 тоот захирамж зөвхөн уг захирамжийн утгын алдааг л залруулсан бөгөөд өмнөх захирамжийг хүчингүй болгоогүй хүчинтэй хэвээр байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан байна. Улмаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12.1.4, 28 дугаар зүйлийг газар өмчлөгч миний бие зөрчөөгүй байхад 2012 оноос хойш өмчилж аваад эрхийн улсын бүртгэлд бүртгүүлчихээд нэгэнт өмчлөх эрхийн гэрчилгээ авч баталгаажуулчихаад газраа ашиглаж байхад аймгийн засаг дарга шийдвэр гаргаж миний энэ газраас дур мэдэн хүчингүй болгож тэгэхдээ ганц надад биш 72 иргэний эрх ашигтай холбоотой дээрх захирамжаас зөвхөн миний өмчилсөн газрыг гуравдагч этгээдэд олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх миний эрх ашгийг хөндөгдөхгүй байгаа мэтээр үзэж байгаа нь хуульд нийцэхгүй өрөөсгөлөөр хандсаныг харуулж байна.

2. 2012 оны оны 11 дүгээр сарын 05-ны 252 дугаар захирамжийн хавсралтыг үндэслэн Н.Наранбилэг миний бие нь Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Цэнгэлдэхийн хэсгийн 6-18 тоот хашааны 896 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Г0918002100 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулан 2012 оны 11 дүгээр сарын 22 ны өдөр уг гэрчилгээг авсан. Энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000061965 гэрчилгээгээр нотлогдож байна. Энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд “иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжинд заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулан, Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж заасан хуулийн заалтыг хэрэглээгүй байна. Би улсын бүртгэлийн газарт материалаа бүрдүүлэн өгч хууль журмын дагуу гэрчилгээгээ авсан билээ. Түүнээс биш өөрөө өөртөө олгоогүй гэдэг нь нотлох баримтаар тодорхойлогдож байгаа болно.

3. Би эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн ажил хийж байгаа, гуравдагч этгээдийн үзэж байгаагаар албан тушаалаа ашиглаад бүртгэл хийсэн юм шиг сэдэл төрүүлж хардаад байгаад харамсч байна. Миний бие анх гэр бүлийн зориулалтаар газар өмчилж авахаар хүсэлтээ өгөхдөө л кадастрын зургаа 896 м.квадратаар хийлгэсэн. Би жирийн л төрийн албан хаагч хүн бөгөөд  өөр  эрх мэдэл бүхий дарга, албан тушаалтан биш кадастрын зураг дээр гарын үсэг зурах ёстой хүн нь зурсан байна уу гэдгийг шалгах ч ёсгүй, тухайн газрын тамга тэмдгийг ч хэрэглэх эрх надад байхгүй ийм учир хуурамчаар гарын үсэг зуруулаад, тамгыг даруулаад авсан юм шиг ойлгогдохоор гуравдагч этгээд бичсэн байна. Тэгээд ч уг газрын ажилтан өөрөө манай хэлтсийн бусад мэрэгжилтэн гарын үсгээ зурсан байж магадгүй гэж хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэгтээ гэрчилсэн байсан үүнээс үзэхэд газрын албаныхан нэгнээ орлоод зурдаг болох чь харагдаж байна. Ганц минийх биш тэр үеийн мянганы сорилтын сангаас хийсэн кадастрын зураг ийм л байгаа бөгөөд ганц минийхийг онцгойлон авч үзэх үндэсгүй. Иймд миний нэр дээр гарсан кадастрийн зураг хууль ёсных яах аргагүй л эрх бүхий байгууллагаас нь авсан хөдөлшгүй баримт мөн болно.

4. Тэгээд ч цаг хугацааны хувьд нэхэмжлэгч миний бие залруулга хийгдсэн 2012 оны 252 тоот захирамж, 2012.10.26-ний өдөр хийлгэсэн кадастрын зураг нь гуравдагч этгээдийн газар өмчлөх хүсэлт гаргахаас өмнөх байхад Давж заалдах шатны шүүх үүнийг харгалзаж үзээгүй байна. Учир нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Засаг даргын А/56 тоот захирамжаар М.Өлзийбатад газар өмчлүүлсэн нь Засаг дарга анхнаасаа эрхийн доголдолтой бусдын аль эрт өмчлөөд авсан газар дээр давхардуулан емчлүүлэх захирамж гаргасан нь Газрын тухай хууль зөрчсөн байгааг Давж заалдах шатны шүүхээс анхаарч үзсэнгүй.

5. Гуравдагч этгээд М.Өлзийбат 2004 онд Улиастай суманд газар эзэмших өмчлөх талаар 2 удаа хүсэлт гаргасан боловч одоогийн энэ газрыг үүнд хамарсан мэт гомдолдоо бичжээ. Гэтэл энэ нь үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 3 дугаар сургуулийн нөгөө талд буюу сургуулийн баруун талд зөвшөөрөгдсөн байсан боловч 2013 онд шүүхийн шийдвэрээр өмнө нь хүчингүй болсон газрын зөвшөөрөл байгааг давж заалдах шатны шүүх уг материалыг хугацааны хувьд нь судлан үзээгүй энэ газарт зөвшөөрөл олгосон гэж ташаа ойлголт авч 2 өөр газар болохыг цаашилбал одоогийн энэ маргаад байгаа газар гомдолдоо хавсаргасан зөвшөөрөл, албан тоотод хамаарахгүй газар гэдгийг тодорхойлоогүй байна.

6. Нэхэмжлэгч миний өмчилж авсан газрын кадастрын зургийг аймгийн газрын албанаас шүүхэд хувийн хэргээс албан ёсоор гаргаж өгсөн бөгөөд хүсэлт өргөдөл байхад гуравдагч этгээд буюу М.Өлзийбатад бол бүүр хувийн хэрэг кадастрын зураг ч байхгүй байгааг мөн шүүхээс тодорхойлж үзсэнгүй. /Хавтаст хэргийн 74-р хуудсанд мэргэжилтэн Мөнхбүрэн мэдүүлэгтээ тодорхой хэлсэн байна/

-Мөн аймгийн Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Болортуяа аймгийн Засаг даргын 2012 оны 252 тоот захирамжийн хавсралтанд Н.Наранбилэгт өмчлүүлэх газрын хэмжээг 896 м.квадрат болгох агуулга бүхий залруулга хийгдэхээр мэдээлэл болгож орсон байдаг тухай мэдүүлсэн байна ./79-р хуудас/

-Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ренчинбямбын мэдүүлэгт Наранбилэгт 2012 онд анх кадастр хийхдээ нийт 896 м квадратаар хийгдсэн байсан. Харин М.Өлзийбатад олгосон 510 м.квадрат газрыг кадастрийн бүртгэлийн сангаас харахад Н.Наранбилэгийн өмчилсөн газартай давхцаж байгаа юм гэжээ /81-р хуудас/

-Улиастай сумын газрын даамал Өлзийжаргал иргэдийн газрын асуудлыг өөрчлөлт ороход газар дээр нь очиж үзээд хэмжилт хийж боломтжойг нь шийдвэрлэж кадастрын зургийг гарган өгч байсан бөгөөд нэгдсэн журмаар шийдвэр гарч байсан учир элдэв буруу зөрүү байхгүй тухай мэдүүлжээ. /91-р хуудас/

Мөн М.Өлзийбатынх 2013 онд уг газар зөвшөөрөлгүй хашаа хатгаж цагдаа, газрын албаны бүрэлдэхүүн ажлын хэсгийнхэн очиж уг хашааг буулгаж байсан. Би тэр ажлын хэсэгт орж хашааг буулгалцаж байсан гэж мэдүүлжээ. /92-р хуудас/ Эдгээр нотлох баримт, гэрчийн мэдүүлгээс үзэхэд уг газрыг миний бие М.Өлзийбатаас цаг хугацааны хувьд түрүүлж өмчилж авсан болох нь нотлогдож байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

Хяналтын шатны шүүх миний гомдлыг хянан үзэж Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2016/0514 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/23 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжийн хавсралтын “... Н.Наранбилэгийн 700 м.кв өмчлөлийн газрыг 196 м.кв болгож нэмсэн залруулга”-ыг хүчингүй болгосон, хариуцагч уг шийдвэрийн үндэслэлээ “... иргэнд нэг л удаа газрыг үнэгүй өмчлүүлэх /байтал/... дахин газар өмчлүүлсэн, ... 252 дугаар захирамжаар ... залруулга хийхээр заагаагүй” гэх зэргээр тайлбарласан, нэхэмжлэгч “... хоёр удаа өмчлөөгүй, ... газрын өмчлөл /баталгаажсан байтал/ өмчлөх эрхийг хууль бусаар хүчингүй болгосон” гэж маргажээ.

Завхан аймгийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 180 дугаар захирамжаар Улиастай сумын Богдын гол баг, Цэнгэлдэх хэсгийн 6-18 тоот 700 м.кв газрыг Н.Наранбилэгт өмчлүүлэхээр шийдвэрлэж, мөн аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжаар “...газраа өмчилсөн иргэдийн овог нэр, газрын тайлбайн хэмжээ, оршин суугаа хаяг зөрүүтэй бичсэн зөрчил гарсан” гэх үндэслэлээр дээрх 180 дугаар захирамжаар газар өмчлүүлсэн нэр бүхий иргэдийн газрын хэмжээ, хаягт залруулга хийж, өөрчлөлт оруулсан, тэдгээрийн дотор Н.Наранбилэгийн өмчилсөн газрын хэмжээг “896” м.кв болгон залруулсан байна.  

Хариуцагчаас “...2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 252 дугаар захирамжид ... 2012 оны 180 дугаар захирамжид өөрчлөлт оруулахаар тусгаагүй” гэх боловч уг захирамжаар 2012 оны 180 дугаар захирамжийн үйлчлэлд орсон олон иргэнд холбогдох шийдвэрт өөрчлөлт орсон байхад зөвхөн Н.Наранбилэгт холбогдох хэсгийг хүчингүй болгосон, бусад иргэдийн хувьд уг залруулга хүчинтэй үлдсэнээс үзэхэд, Завхан аймгийн Засаг дарга 180 дугаар захирамжид залруулга хийсэн аймгийн Засаг даргын 2012 оны 252 дугаар захирамжийг бүхэлд нь үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй, анхан шатны шүүх уг асуудлаар зөв дүгнэлт хийсэн байна. 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, аймгийн Засаг даргын 2015 оны А/56 дугаар захирамжаар гуравдагч этгээд М.Өлзийбатад 510 м.кв газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн, уг газар нь байршлийн хувьд Н.Наранбилэгийн өмчлөлийн 896 м.кв газартай 190 м.кв газраар давхцсан, уг давхцалтай хэсэгт М.Өлзийбатын байшин нэг талаараа нэвтэрч орсон,  талууд уг үйл баримттай маргаагүй, нэхэмжлэгч Н.Наранбилэгээс  “... М.Өлзийбат миний өмчлөлийн газарт нэвтэрч байшингаа барьсан, ... байшингийн суурь орсон хэсгийг би түүнд өгье (энэ хэсгээр хүлээн зөвшөөрч байгаа) гэтэл давхцалтай 190 м.кв газрыг бүхэлд нь авна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаснаас үзвэл, нь маргаан бүхий газрын зарим хэсэг дэх М.Өлзийбатын эзэмшлийг Н.Наранбилэг хүлээн зөвшөөрсөн байна.

Гэтэл анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, давхцалтай хэсэг дэх М.Өлзийбатын бодитоор эзэмшсэн, байшингийн суурьтай давхцсан хэсгийн газрын хэмжээг тодруулаагүй, шүүхүүд маргааны үйл баримтад буруу дүгнэлт хийж, анхан шатны шүүх гуравдагч этгээд М.Өлзийбатад 510 м.кв газар өмчлүүлсэн аймгийн Засаг даргын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон, давж заалдах шатны шүүх Н.Наранбилэгийн 190 м.кв газрыг өмчлөх эрхийг бүхэлд нь үгүйсгэсэн нь тус тус үндэслэлгүй болжээ.

Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 514 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА