Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1067

 

 

 

                           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Б.Ундрах,

хохирогч С.С,

орчуулагч Г.Д,

шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн Г З Г, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр /ҮД:1778/, С.Чинзориг /ҮД:2707/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г З Гид холбогдох эрүүгийн 1908012471112 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Оросын холбооны Улсын иргэн, 1970 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Оросын холбооны улсад төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Г З Г /Монгол улсад оршин суух үнэмлэхийн дугаар:..., гадаад паспорт дээрх регистр дугаар:..., паспортын дугаар:..../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г З Г нь 2018 оны 10 дугаар сарын 16, 2019 оны 02 дугаар сарын 21, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Сг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.Сг виза картанд байсан 30.000 төгрөгийг авлаа гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г З Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би бүгдийг сайн ойлгож байгаа. Энэ талаар маргахгүй, зөвтгөхгүй. Нэг л зүйлийг хүсэх гэсэн юм. Өөрийн хайртай гэр бүлээ ингэсэндээ гэмшиж байна. Энэ гэр бүлтэй 15 жилийн хугацаанд хамт амьдарч байна. Таарч тохирохгүй байсан бол аль эрт л салах байсан. Манай гэр бүлд маргаан болох шалтгаан нь дараах зүйлээс шалтгаалсан. Би уулын хүн учир түргэн ууртай. Энэ нь нэгдүгээрт нөлөөлсөн байх. Бид 2 бие биедээ  таалагдахгүйгээс, заримдаа хүүхдүүдээс болж маргаж, муудалцдаг” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Хохирогч С.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...Г.З бид хоёрын маргаан явган хэрүүлээс үүдэлтэй. Гэр бүлийн хүчирхийллийн энэ хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш Г.З нь орилж хашхирахаа больсон, тайван хүлээцтэй болсон. Би 2 хүүхдээ хараад гэртээ байдаг. Манай нөхөр Г.З нь ажил эрхэлдэг. Г.З нь заримдаа эрүүл үедээ, заримдаа согтуу үедээ намайг зоддог байсан. Би хааяа архи дарс уудаг. Тэгэхээр намайг цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд өгчихдөг. Яагаад ингээд байгаа юм бол гэж бодоод л яваад байсан юм. Тэгсэн санаа нь миний эх байх эрхийг хасуулах л гэж тэгээд байсан юм билээ” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн зөрчлийн талаар гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 7х/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /1хх-ийн 11-14х/, хохирогч С.Сгийн мэдүүлэг /1хх-ийн 32х, 89-90х, 172х, 235х, 2хх-ийн 58х/, гэрч Б.Мийн мэдүүлэг /1хх-ийн 71-72х/, гэрч Л.Мын мэдүүлэг /1хх-ийн 73х/, гэрч Б.Мгийн мэдүүлэг /1хх-ийн 75х/, гэрч Э.Бийн мэдүүлэг /1хх-ийн 95-96х/, гэрч З.Хын мэдүүлэг /1хх-ийн 109-110х/, насанд хүрээгүй гэрч С.Т, С.М нарын мэдүүлэг /1хх-ийн 81-82х, 91-92х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9283 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 160х/, гэрч Д.Мийн мэдүүлэг /1хх-ийн 206х/, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэргийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны “эхнэр агсан тавиад байна” гэх хуудас /1хх-ийн 226х/, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн аюулын зэргийн үнэлгээний эрсдэлийн түвшин өндөр гэх маягт /1хх-ийн 230-231х/, гэрч М.Эын мэдүүлэг /2хх-ийн 34х/, гэрч Х.Ц мэдүүлэг /2хх-ийн 50х/, гэрч Б.Гын мэдүүлэг /2хх-ийн 52-53х/, ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлагын лавлагаа /1хх-ийн 56-57х/, нийслэлийн цагдаагийн удирдах газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн түр хамгаалах байранд хохирогч С.С байрласан талаарх мэдээлэл /2хх-ийн 68-87х/, Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлагын лавлагаа /2хх-ийн 93-97х/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 25х/, Г.Зы Монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар /1хх-ийн 28х/, Г.Зы зүрх судасны эмчийн хяналтад байдаг талаарх эмчийн магадалгаа /2хх-ийн 3х/, Г.Зы хохирогчоор өгсөн мэдүүлэг /2хх-ийн 31х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1226 дугаартай дүгнэлт /2х-ийн 60х/, цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт /2хх-ийн 101х/, С.Сгийн өргөдөл /2хх-ийн 102х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-ийн 137-138х/, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны консулын хэлтсээс ирүүлсэн хүсэлт /3хх-ийн 29-30х/ зэргийг шинжлэн судлав.

Нэг. Гэм буруугийн дүгнэлтийн тухайд:

1. Шүүгдэгч Г З Г нь 2018 оны 10 дугаар сарын 16, 2019 оны 02 дугаар сарын 21, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух гэртээ эхнэр С.Сг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь:

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан “...манай нөхөр намайг зодоод, агсам тавиад байна...” гэх тэмдэглэл /1хх-ийн 7х/,

Хохирогч С.Сгийн: “...Г З  бид 2 дундаасаа хоёр хүүхэдтэй. Манай бага охин М 2008 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрөөд би эмнэлгээс гарч гэртээ ирсэн. Тэр шөнө нь хэрүүл хийгээд намайг анх зодож байсан. Тэр цагаас хойш намайг байнга зодож дарамталдаг болсон. Би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Тэр цагаас хойш өдөр болгон хэрүүл хийж, намайг сардаа 3-4 удаа гар хүрч зоддог болсон. Мөн өмнө нь намайг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зодож байсан. Дараа нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би гадуур явж байгаад орой 18 цагийн орчимд гэртээ орж иртэл нөхөр Г З  намайг чи хаагуур яваад ирж байгаа юм. Янхандаж байгаад ирэв үү гэж хэл амаар доромжлоод зүүн гар луу гараараа цохиж, хана руу шахан гараа далайн айлган сүрдүүлсэн. Тэгснээ гараас зуурч чирэн гэрээсээ зайл гэж хөөн чирч орцонд гарган хаалгаа түгжсэн. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ...намайг авгай минь зайл гээд гэрээсээ хөөсөн...цагдаад намайг согтуу агсан тавиад байна гэж хэлээд худлаа дуудлага өгсөн. Би ямар ч архи уугаагүй гэртээ эрүүл байж байсан. Миний эх байр эрхийг хасуулах л гэж ингээд байсныг сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 32х, 89-90х, 229х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

Насанд хүрээгүй гэрч С.Тгийн: “...ээж аавыг хэрэггүй юманд мөнгө үрлээ гээд хэрүүл хийхээр аав зодчихдог юм... ...ээж зодуулаад уйлдаг гэхдээ удахгүй гайгүй болчихдог юм, ээж аавыг зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 81-82х/,

Насанд хүрээгүй гэрч С.Мгийн “...тэр хоёр гэртээ бол байнга хэрэлдээд байдаг. Би юунаас болж хэрэлддэг талаар нь бол мэдэхгүй байна. Манай аав З нь ээж Сг алгадаад үснээс зулгаагаад юм барьж байгаад зодож цохиод, өшиглөөд байдаг. Манай ээж аавд зодуулснаас болж хөл, гар нь хөхөрч, гар нь хүртэл маажуулсан, хамарнаас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 92-94х/,

Гэрч Б.Мийн: “...би Оросын холбооны улсын иргэн Зыг Сгийн нөхөр гэдэг утгаар нь таньдаг юм. Би энэ айлын гэр бүлийн харилцааны талаар мэднэ. Манай найз Сгийн нөхөр З маш зэрлэг зантай санагдсан. Ямар ч байсан 3-4 удаа хувцсаа аваад манай гэрт хөөгдөөд ирж байсан. Одоо би он, сар, өдрийг нь санахгүй байна. Жил болгон шахуу л хөөгдөөд ирж байсан. Манай гэрт ирэхдээ зодуулсан байдалтай, гар, хөл нь хөхөрсөн байдалтай ирдэг байсан. Ер нь бол байнгын зодоон цохион хийгээд орилж чарласан айл байдаг юм билээ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 71-72х/,

Гэрч З.Хын: “...би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... байрны ... тоотод 3 жил амьдарч байна. Манай байрны ... тоотод Орос хүн эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг юм. Энэ байранд орсон цагаасаа хойш ойролцоо давтамжтай Орос залуу эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаж байдаг. Заримдаа байнга хэрэлдэж зодолдоод байдаг. Манайх энэ талаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Тухайн үед эхнэр гэх эмэгтэй нь трусик, левчиктэйгээ намайг алах гээд байна гээд манай хаалгыг тогшихоор нь дуудлага өгч байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 109-110х/,

Гэрч Б.Мгийн: “...миний хариуцдаг 50а байрны 12 тоотод ... З эхнэр, 2 охины хамт амьдардаг... ... тоотод байдаг айл маш их чимээтэй, нөхөр нь эхнэрээ байнга зоддог, та нар арга хэмжээ аваач гэж хэлдэг. Би оршин суугч нартаа хорооны цагдаад өргөдөл бичээд өгчих гэж зөвлөдөг. Тэр айл шөнийн цагаар чимээ их гаргаж, нөхөр нь эхнэрээ зоддог гэж оршин суугчид ярьж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 75х/,

Гэрч Л.Мын: “...Тус байрны 12 тоотод ОХУ-ын иргэн З Монгол эхнэр хүүхдийн хамт 2018 оны эхнээс түрээсэлж амьдарч байгаа. Уг байранд түрээсээр суудаг Орос улсын иргэн нь их муухай зан ааштай, байнгын бусдыг зүхэж харааж байдаг. Гэр бүлийн харьцааны хувьд эхнэрээ байнга зоддог гэсэн, байрны зарим хүмүүс их шуугиантай, байнгын зодоон цохион хийдэг гэж ярьдаг юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 73х/,

Гэрч Э.Бийн: “...би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. 2019 оны 02 сард хүчирхийлэл үйлдэгдсэн талаар эхнэр С нь ирж гомдол гаргаж байсан. Би нэг удаа ажлын шугамаар гэрт нь ороход Г З гэх хүн юун хүмүүс яах гэж яваа юм гээд их ширүүн ааштай хүн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 95-96х/,

Гэрч М.Эын: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 08 цаг 30 минутаас 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 30 минутын хооронд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “...” дахь цагдаагийн хэсэгт жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд дуулгат-10 буюу хэлтсийн жижүүрийн утаснаас 19 цаг 39 минутад ... дугаар хорооны ... байрны ... тоотод эхнэр агсам тавиад байна гэх дуудлагын дагуу хамт үүрэг гүйцэтгэж байсан а/а Цын хамт уг хаяган дээр очиход ОХУ-ын иргэн гэх З нь шууд бид хоёр луу орилоод пизданууд минь хаалга өшиглөж орж ирэв үү гээд дайрсан, тэгсэн чинь эхнэр С нь сандал суугаад мах билүү ногоо хэрчээд сууж байсан. Гэтэл З нь энэ пиздаг аваад яв, согтуу хүүхэн гээд орилоод байсан. Тэгэхээр нь Ц бид 2 Сг нь аваад гарах үед буцаагаад явуулбал би наадахыг чинь ална гэх зэргээр Монгол хэлээр орилоод дундуур нь орос хэлээр бас орилоод байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 34х/,

Гэрч Х.Цын: “...2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын иргэн Г Зы өгсөн дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод 14 минутад амжиж очиход 102 руу 2, 3 удаа дуудлага өгсөн байсан. Очоод хаалгыг тогшиход З хаалгаа онгойлгосноо пизду, наахуунууд гэж оросоор хараагаад, энэ янхан гичийгээ ав, үүнийг чинь авч явахгүй бол би ална шүү, хэлсэн шүү гэх зэргээр орилсон. Тэгэхэд эхнэр С нь би архи уугаагүй гээд байсан. Тэгээд Сг авч гараад таныг өөр газар аваачиж хамгаалалтад авахгүй бол болохгүй байна. Таныг ална тална гээд байгааг харж байна гэх зэргээр аргадаж байгаад хэлтэс дээр аваачаад жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Атой зөвлөлдөөд хамгаалах байр руу хүргэхээр шийдвэр гаргаж хамгаалах байранд дэд ахлагч Эын хамт хүргэж өгсөн. Ер нь бол ОХУ-ын иргэн Г З эхнэр Сгаа гудамжны янхан байхад өөднө татсан, чи надгүйгээр амьдарч чадахгүй гэх мэтээр байнгын дарамталж, харааж дайрч байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 52-53х/,

Гэрч Б.Гын: “... би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн офицероор тус ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Миний мэдэхээр 2018 оноос хойш байхаа, ОХУ-ын иргэн Г З түүний эхнэр Монгол улсын иргэн С.С гэх иргэдийг цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг болсноор мэддэг болсон. Дуудлагын дагуу яваад очихоор эхнэрийгээ маш муухайгаар пизда минь чи манайхаас зайл, чамайг би тэжээдэг Орост янхан хийгээд явж байхад өөднө татаж аваад суусан биздээ гэх зэргээр доромжлоод наад согтуу авгайгаа аваад яв надад агсан тавиад байна гэдэг. ...Миний одоо санаж байгаагаар 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр С нь дуудлага өгөөд яваад очиход З нь эхнэрийнхээ нүдийг хөхөртөл цохиж гэмтэл учруулсан байсан, тэгээд би хохирогчоор мэдүүлэг аваад аюулын зэргийн үнэлгээг хийж, өргөдлийг нь бичүүлж аваад материалжуулж Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 54-55х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Хохирогч С.С, шүүгдэгч Г З нар нь хоёр хүүхэдтэй, 2015 онд гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, гэрлэлтийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон байна. Иймд тэдгээрийг эхнэр, нөхөр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэж үзнэ.

Хэргийн байдлаас үзвэл, шүүгдэгч Г.З нь хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг 3-аас дээш удаа үйлдсэн, тэрбээр хохирогчийг гэрээсээ хөөж гаргах, элдэв хараалын буюу ёс бус, бүдүүлэг үгээр дайран давшлах, дээрэнгүй хандах, гутаан доромжлох, басамжлахад чиглэгдсэн үг хэллэг хэрэглэдгээс гадна хохирогчийн эсрэг тухай бүр хүч хэрэглэж зодсон үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлсэн байх тул Г.Зы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга зодсон” гэсэн гэмт хэргийн шинжээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч Г Зы гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрээ байнга зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1  дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

2. Шүүгдэгч Г З нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух гэртээ эхнэр С.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тухай үйл баримт нь:

2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэргийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны “намайг зодсон хүн орос машинтай улаан машин унаад явсан” гэх хуудас /1хх-ийн 155х/,

Хохирогч С.Сгийн: “......2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр З цагдаагийн газар очиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаараа орчуулагч, өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгсөн, тэгээд гэртээ ирээд надад хандаж “чамайг би ална, чиний өмгөөлөгч, гэрчүүдийг бүгдийг чинь би байхгүй болгоно, харж байгаарай” гээд над руу Монголоор орилж чарлаад бид хоёр муудалцсан. Миний гарыг мушгиад, нэг гараараа миний толгой руу цохисон. Тэгээд ширээн дээр байсан утсыг аваад цагдаа дуудчихаад гэрээс гараад зугтаачихсан. ...зодуулснаас болж миний толгой өвдөөд байсан болохоор шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 172х/,

Гэрч Д.Мийн: “...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчимд ...дуудлагын дагуу очиход С гэгч нь 2 охинтойгоо байсан ба нөхөр З намайг зодчихоод орос дугаартай машинтай яваад өгчихлөө гэж хэлсэн. Тухайн үед нөхөр З нь гэртээ байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 163х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9283 дугаартай шинжээчийн: “...С.Сгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 160х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.З нь өөрийн эхнэр хохирогч С.Сг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Г.З нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн шинжтэй, уг үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г З гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрээ зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал: Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.С нь шүүгдэгч Г.Заас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Г Зыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: Шүүгдэгч Г.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр: “...Г.З нь өөрийн холбогдсон хэргийг үнэн зөв мэдүүлсэн. Шүүгдэгчийг зөвхөн яллах зорилгоор нотлох баримтыг бүрдүүлсэн. Гэмт хэрэг гарах шалтгаан нь хэн хэндээ буулт хийгээгүйгээс шалтгаалсан. Г.З нь зүрх судасны өвчтэй болох нь эмчийн магадалгаагаар тогтоогдсон. Иймд дээрх байдлыг харгалзан прокуророос гаргаж байгаа ялын саналыг хамгийн доод хэмжээгээр нь оногдуулж, ялуудыг багтааж шийдвэрлэж өгнө үү” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг: “...Хэрэг хянан шийдвэрлэх явцад гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байх асуудлыг гаргаагүй. Үр хүүхдүүдээ зодох зэргээр хүчирхийллийн асуудлыг гаргаж байгаагүй тул үүнийг харгалзан үзэх хэрэгтэй. Мөн хөнгөн хэрэг дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацааны талаар ярих хэрэгтэй байна. Учир нь, хөнгөн хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхаар байгаа. Түүнчлэн прокуророос оногдуулах ялыг багасгаж тал хувиар нь оногдуулах бололцоотой юм. Энэ байдлуудыг харгалзан үзнэ үү” гэсэн,

Шүүгдэгч Г З: “...Би бүхнийг ойлгож байна. Би арайхийж 1 компанитай болсон. Өөрийн гэсэн орон байртай болохыг хүссэн. Өсвөр насандаа явж байгаа хүүхдүүдтэй зэрэг байдлыг харгалзан надад хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтүүдийг гаргасан болно.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүгдэгч Г.З, түүний өмгөөлөгч нараас гаргасан: “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хөнгөн ялыг хүндэд нь багтаах,  хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох гэсэн үндэслэлүүдийг шүүхээс хүлээн авч хангах боломжгүй гэж үзсэн. Учир нь,

Шүүгдэгч Г.Зы үйлдсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүнийг тэнсэхийг хориглосон заалтад хамаарч байх тул шүүгдэгч Г.Зд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Г.З нь 2018 оны 10 дугаар сарын 16, 2019 оны 02 дугаар сарын 21, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд эхнэр С.Сг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр эхнэр С.Сг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Г.Зд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь хохирогчийг дахин зодсоноор тасарч сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс буюу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс гэмт хэрэг тус бүрд шинээр тоологдож эхэлсэн, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж, мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэсэн байх тул дээрх хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа аль аль нь өнгөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй, иймд Г.Зд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн агуулгаас үзвэл хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор зохицуулсан, харин “хөнгөн ялыг хүндэд нь багтаах” гэсэн ойлголтыг хуульчилж өгөөгүй тул шүүгдэгч Г.Зд ял оногдуулахдаа тус хуульд байхгүй нэр томьёог хэрэглэх боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүн ...ийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Зы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрбээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрийнхээ эсрэг байнгын шинжтэй бие махбодын хүчирхийлэл үйлддэг, хохирогчид хөнгөн хохирол учруулсан, хохирол, хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч байгаагүй, мөн шүүгдэгч Г.Зы хувийн байдал буюу эрүүл мэндийн байдал /зүрхний эмчийн хяналтанд байдаг/ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон /320:8=40 хоног/ буюу 01 сар 10 хорих ялыг нэмж нэгтгэн Г.Зы биечлэн эдлэх ялыг 07 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г З нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Шүүгдэгч Г Зд хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон холбогдох байгууллагад мэдэгдэж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Оросын Холбооны Улсын иргэн Г З Гийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г З Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г З Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 (гурван зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 40 (дөч) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хорих ялын хугацааг 7 (долоо) сар 10 (арав) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г З Гид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г З Гийн цагдан хоригдсон  47 (дөчин долоо) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт устгах комиссод даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г З Гид урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдсүгэй.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г З Гид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ