Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 330

 

 

 

 

 

 

2020              03             19                                         2020/ДШМ/330                                     

 

 

Г.З-д холбогдох                                                                                                            эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                   

            прокурор Б.Ундрах,

            шүүгдэгч Г.З-ы өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Ундрахын бичсэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Г.З-д холбогдох 190801247112 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г- З- Г, ОХУ-ын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 00а-00 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /Монгол Улсад оршин суух үнэмлэхний дугаар:000000000, паспортын дугаар: 000000000/;

Г.З- нь байнга буюу 2018 оны 10 дугаар сарын 16, 2019 оны 02 дугаар сарын 21, 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 50а-12 тоот гэртээ эхнэр С.С-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт, 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэртээ эхнэр С.С-г “картнаас мөнгө авлаа” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Г.З-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.З-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З-ы цагдан хоригдсон 47 хоногийг 705,000 төгрөгөөр тооцож торгох ялаас хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь тэнсэх, албадлагын арга хэмжээг ерөнхий байдлаар зохицуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт тусгайлан зохицуулсан. Хэрэв шүүхээс шүүгдэгчид тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэсэн зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэх байсан. Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн шүүгдэгчид тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь үндэслэлгүй юм. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/53 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Шүүгдэгч Г.З-ы өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... тэнсэж, албадлагын арга хэмжээ авахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх ёстой гэж прокурор эсэргүүцэл бичсэн нь үндэслэлтэй. Харин шүүгдэгч хоёр гэмт хэрэг санаатай үйлдсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, шүүх хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр тогтоож болохоор заасны дагуу хорих, торгох ялыг тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг өөрчилж, бусдыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Г.З-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Зургадугаар бүлэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар, хэрэг хариуцах чадвар, согтуурсан, мансуурсан хүнд ял оногдуулах журам, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх гэх мэт эрүүгийн хариуцлагатай холбоотой өргөн хүрээний асуудлыг зохицуулсан байх ба үүний нэг хэсэг нь 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаас үзвэл, энэ зүйлд заасан шалгуурыг хангасан хүнийг 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан боловч хэрэглэх журмыг тусгайлан зохицуулаагүй болно.

Харин тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Долдугаар бүлэгт хорих ял оногдуулахгүй тэнсэхээр тодорхой хуульчилсан байх тул энэ бүлэгт заасан журам Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дагуу тэнсэхэд нэгэн адил үйлчлэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.З-д хорих ял оногдуулсанаа тэнсэж, Эрүүгийн хуульд байхгүй журмыг хэрэглэснээр зогсохгүй санаатай хоёр гэмт хэрэг үйлдсэн хүнийг тэнсэхийг хориглосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж, хууль хэрэглээний ноцтой алдаа гаргажээ.

Иймд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй ч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар залруулах боломжгүй байх тул тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.З-д холбогдох хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.З-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл Г.З-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН