Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 617

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Д.Доржсүрэн, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, иргэдийн төлөөлөгч Б.Дөлгөөн, Д.Сосорбурам, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-, түүний өмгөөлөгч Б.Мандхай, шүүгдэгч О.О-, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Д.Батбаяр, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Уран боржигин овогт О-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910000000430 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дууны оператор мэргэжилтэй, “Монголика” амралтын газарт зөөгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитатын 16 дугаар гудамжны 183 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 622 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Уран боржигин овогт О-ийн О- /РД: УЗ00230810/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.О- нь 2018 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын автобусны буудлын явган хүний гарц дээр ямар ч шалтаг, шалтгаангүйгээр М.Б-ийг цээж рүү нь өшиглөж, цаасны хутгаар зүүн хацрыг нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ПС молл худалдааны төвийн урд явж байхдаа ямар ч шалтаг шалтгаангүйгээр Ш.А-тай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн, Б.Баярмагнайг мөрлөж, улмаар өмдний тэлээгээр зүүн гар, толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, газарт  унагасан Айфоне 7 загварын гар утсыг нь гишгэж гэмтээж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан, 

2019 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн зүүн хойд хэсэг, Туул голын эрэг орчим Ш.А-, Б.Эрдэнэжаргал, Н.Ганзориг, А.Ариунаа нартай архидан согтуурч, улмаар Ш.А- нь О.О-ыг “А.Ариунааг явууллаа” гэдгээс болж маргалдахад толгой, нүүрэн тус газар нь блокоор олон удаа цохиж, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-: “...2019 оны 5 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед манай хүү А-ыг гэрээс авч гарсан, тэр өдөр хүүгийн маань цалин буусан. ...Энэ хэрэгт эхнээсээ дуустал нь Ганзориг, Эрдэнэжаргал нар О-той хамт байсан. Тухайн үед надад А-ыг цусандаа холилдоод хэвтэж байсан гэж Ганзориг хэлсэн, энэ үед миний хүүхдийг аврах боломжтой байсан, гэтэл хүн чанаргүй зан гаргасан, хүүгээ дахиж харахгүй, тийм болохоор гомдолтой байна. Тухайн үед өөр газар нь цохиж болоогүй юм уу гэж бодож байна. Залуу хүүхдийн мууг нь үзье гэж явахгүй ч хүүдээ харамсаж байна. Миний хүү ар гэрээ тэжээдэг байсан. Тэр үед Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байцаагч Анар хэрэг гарлаа гээд тэр хоёрыг нь явуулаад О-ыг аваад үлдсэн юм билээ, тэр үед надтай холбогдсон бол би хүүгээ аврах байсан. Энэ хэргээс нэг сарын дараа талийгаачийн ах нас барсан, ах нь дүү минь үхэж байхаар би үхэхгүй яав аа гээд солиорч байсан. Тухайн үед Эрдэнэжаргал, Ганзориг нар хүний үнэргүй зан гаргасан. ...Хохиролд 8,500,000 төгрөг авсан. Миний хүү ажил хийж ар гэрээ тэжээдэг байсан. Миний нэг охин аваарт орсон, нөхөргүй, 3 хүүхэдтэй, арвангуравдугаар маягт бичүүлж байсан, толгой тархи нь их өвддөг, би өөрөө 300,000 төгрөгийн тэтгэвэр авдаг, хүү минь өнгөрснөөс хойш амьдрал хэцүү болсон. Сэтгэл санааны хохиролд 30,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөгийг нэхэмжилж байна, цохиулж, зодуулж байгаа хүн зовохгүй үхнэ гэж байхгүй, зовж үзээгүй гэж ярьж байгаа өмгөөлөгч нарыг гайхаж байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.О-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг гаргасан. Баярмагнайг зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Найз Эрдэнэжаргал, Ганзориг нараар дамжуулж, анх Ш.А-тай танилцаж байсан. Тухайн үед намайг цохих гээд байхаар нь айсандаа өөрийгөө хамгаалж цохисон. Бид хоёр Ариунааг явууллаа гэснээс болж маргалдаад над руу чулуу шидэхэд би оногдсон, эргүүлээд блокоор нэг удаа цохисон. Тэр үед гэрч Эрдэнэжаргал, Ганзориг нар хоорондоо зодолдож байсан учир биднийг хараагүй, блок хаана байсныг мэдэхгүй, талийгаач намайг цохих гээд барьчихсан байсан блок байгаа юм. Бид нар нэг шил архи, хоёр шил пиво уусан, би дунд зэргийн согтолттой, өөрийнхөө үйлдлийг мэдэх чадвартай байсан. Хохирогчийн гэмтлийг харилцан зодолдож байгаад учруулсан байх, тухайн үед миний баруун гарын тохой чулуунд оногдсон. ...Хохирогч Баярмагнайд 1,400,000, Б-эд 350,000 төгрөг, хохирогч А-ын ар гэрт  8,500,000 төгрөг өгсөн. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. 2019 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн зүүн хойд хэсэг Туул голын эрэг орчим Ш.А-, Б.Эрдэнэжаргал, Н.Ганзориг, А.Ариунаа нартай архидан согтуурч, улмаар Ш.А- нь О.О-ыг “А.Ариунааг явууллаа” гэдгээс болж маргалдахад түүний толгой, нүүрэнд блокоор олон удаа цохиж, онц харгис хэрцгий аргаар алсан хэргийн талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Гэрэлт-Ертөнц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...Манай дүүг Ш-гийн А- гэдэг. “Био эргэл хайрхан” ХХК-д хавтан хэвлэгч ажил эрхэлж байсан. Би дүүтэйгээ цуг нэг компанид ажилладаг, өчигдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 20-ны орой намайг ажлаас буух үед дүү маань ажлаа хийгээд үлдсэн. Өнөөдөр өглөө ажил дээрээ ирэхэд манай дүү өглөө 04 цагт ажилтай боловч ирээгүй байсан. Би ирэх байх гэж бодоод ажлаа хийгээд байж байхад ээж манай ажил дээр ирээд намайг дуудуулж уулзаад дүү чинь зодуулсан талаар сонслоо гэхээр нь цагдаагийн хэлтэс дээр ирэхэд бусдад зодуулсан байдалтай нас барсан гэж сонссон. Би дүү А-ыг ямар хүмүүстэй нийлж нөхөрлөдөг талаар мэдэхгүй. Манай дүүг үхэлд хүргэх архаг хууч өвчин байхгүй. Манай дүү надад хаашаа явах, ямар хүмүүстэй уулзах талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Өчигдөр манай цалин буусан, тэгээд л хүмүүстэй уулзаж, ууж идсэн юм шиг байна. Би маш их гомдолтой байна. Оршуулгын зардалд гарсан хохирлын баримтыг хагас дутуу өгч байгаа. Цугларсан баримтаар нийт 5,296,840 төгрөгийн хохирол гарсан байгаа, баримтгүй гарсан зардлыг тооцоод үзэхэд 2,000,000 орчим төгрөгийн зардал гарсан, үүнийг нэмэхэд оршуулгын зардалд 8,000,000 төгрөг болж байгаа тул үүнийг нэхэмжилнэ...” /1-р хх-ийн 53-54, 55-56/ гэсэн,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр манай хүү А-ын цалин буусан. Орой 19 цагийн үед ажил нь тараад гарч ирэх үед Ганзориг нэг хүүхэнтэй тосож авсан байсан. Удалгүй тэр гурав манай гэрт орж ирсэн. А- ажлын хувцасаа солиод хоол, цайгаа идэж, уугаад гарсан. Тэднийг гараад 30-40 минут болсны дараа би зээ охинтойгоо гарч дэлгүүр орохоор явж байхад замд Эрдэнэжаргал /Хорлоо/, Болдоо /О-/ нар тааралдсан. Манай зээ охиноос А- ах чинь хаана байна гэж асуусан гэсэн. Тэр үед охин ахаар яах гэж байгаа юм, мэдэхгүй, байхгүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд яаруу сандруу яваад алга болсон. Тэр орой гэртээ ороод амраад хүүгээ хүлээсэн боловч шөнө ирээгүй. Өглөө 04 цагт ажилтай гэж байсан болохоор ажилдаа шууд явчихсан юм болов уу гэж бодоод ажил дээр очиход ажилдаа ирээгүй байсан. ...Тэгээд гэртээ ирээд охиндоо ах чинь алга байна гэж яриад гайхаад байж байтал зээ охин гаднаас орж ирээд гадаа хүн ирчихсэн дуудаж байна гэж ээждээ хэлэхээр нь би гаръя гээд гарахад машинтай хүмүүс ирчихсэн, тэдний дундаас Эрдэнэжаргалын ээж, Эрдэнэжаргал, Ганзориг хоёр цагдаагийн газар байгаа Болдоо, А-ыг чулуу, тоосгоор цохиод алчихсан, тэгээд шөнө ирээд надад хэлсэн, манай хүү зодоогүй шүү гэж хэлсэн. Ганзоригийн аав нь танай хүүг Болдоо зодоод зугтаасан, олдохгүй байна, түүнийг яаж олох вэ гэхээр нь Ганзоригийн аавд нь хандаж танай хүү өчигдөр орой ажлаас нь болон гэрээс нь дагуулаад хамт гарсан, тэгээд хүү маань ирээгүй байна. Одоо хаана байна гэхэд хаана байгааг нь мэдэхгүй байна гэсэн. ...Гэрэлт-Ертөнц ажлынхаа машинтай ирж намайг аваад цагдаагийн хэлтэс дээр ирээд намайг гадна суулгачихаад дотогшоо орж цагдаагийн ажилтантай уулзчихаад гарч ирэхдээ сонин болоод гараад ирэхээр нь манай хүү А- нь бусдад хорлогдсон байна гэж мэдсэн. Талийгаачид архаг хууч өвчин байхгүй. Манайх 2016 онд Улаанбаатар хотод орж ирснээс хойш Эрдэнэжаргал, Ганзориг, О- нартай найзалдаг байсан. Миний хувьд маш их гомдолтой байна...” /1-р хх-ийн 57-58/ гэсэн,

 

Гэрч Ш.Нандинцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байгаад ахын ажил тарах болж байгаа гэж бодоод ахын ажил руу нь явж байтал ах ажлаасаа гарч яваад эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй цуг дэлгүүр лүү ороод гарч яваа харагдсан. Тэгэхээр нь би хойноос нь ахаа гээд дуудсан чинь цааш явж бай, удахгүй харина гэхээр нь би гэрлүүгээ орсон. Тэгээд 10-20 минутын дараа гурвуулаа манай гэрт орж ирсэн, тэр хоёр хүн нь Ганзориг, нэг нь танихгүй эмэгтэй байсан. Ах хоол, цайгаа ууж идээд ажлын хувцасаа солиод цалин 540,000 төгрөг буусан гэж хэлээд ээжид 240,000 төгрөг өгөөд нөгөө хоёртойгоо цуг гарч явсан. Ээж хаачих гээд байгаа юм, амар гэхэд ээж би өглөө эрт ажилтай юм чинь удахгүй гээд гараад явсан. Ганзориг нь хаалгаар эргэж шагайгаад аниа дүү нь удахгүй гэртээ орно, Азаа ахыг явуулчихна гэж хэлээд явсан. Талийгаачид архаг хууч өвчин байхгүй...” /1-р хх-ийн 59-60/ гэсэн,

 

Гэрч Н.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр А- ахтай уулзахад орой 20 цаг өнгөрч байсан. А- ах одоо цалин бууж байна, түр байж байгаарай гэхээр нь Ариунаа бид хоёр нэг цаг гаруй хүлээсэн. Тэгж байгаад А- ах ажлаасаа гарч ирсэн. Гурвуулаа замдаа 4 лааз пиво авч уугаад, А- ах гэртээ ороод хувцасаа солино гээд хамт орсон. Хувцасаа солихоос өмнө авсан пивоо уугаад зогсож байх үед О-, Эрдэнэжаргал хоёр Эрдэнэжаргалын мотоциклтэй хүрээд ирсэн. ...А- ах бид гурав гэрээс нь гараад ирэхэд О-, Эрдэнэжаргал хоёр гадаа байхгүй байхаар нь бид гурав замын унаанд суугаад Нисэхэд ирсэн. Тэгээд “Эм жи” гэсэн нэртэй паб руу ороод гурвуулаа нийт 9 шил 0,5 литрийн савалгаатай нийслэл нэртэй пиво захиалаад уусан. ...Пабаас гараад ирсэн чинь нөгөө хоёр цаана зогсож байсан. Тэр хоёртой очиж уулзаад А- явъя, Био орж ууя гэснээ О-, Эрдэнэжаргал хоёрыг муу хайр даахгүй арчаагүй бацаанууд гэж хэлсэн. Янгир дэлгүүр ороод 0,75 литрийн архи 1 шил, 2,5 литрийн савалгаатай пиво 4 ширхэг, 2 литрийн савалгаатай ундаа нэг ширхэг, тамхи, 5 ширхэг цаасан аяга зэргийг авсан. Мөнгийг нь А- ах төлсөн, гараад 1000 төгрөгөөр Биокомбинат явдаг унаанд О-, Эрдэнэжаргал, Ариунаа, А- ах бид тавуулаа суугаад явсан. Хэдүүлээ гоё салхинд байгаа юм шиг голын эрэг орж ууя гэж ярилцаад Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн чанх хойд талд голын эрэг дээр очсон. Тэндээ мод түүгээд гал түлсэн бөгөөд эхлээд 2 ширхэг пивоо уугаад дуусгасан. ...Эрдэнэжаргал бид хоёр маргалдаад барилцаж аваад ноцолдоод нэгийгээ цохиж эхэлсэн. Нилээд зодолдож байгаад хоёулаа нэгнийхээ гарыг бариад зодолдохоо больё андаа гэж ярилцаад босоод тэврэлдээд байж байтал О- ирснээ мань чинь хүн алчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд А- ах дээр ирсэн чинь доошоо харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд яг толгойных нь дэргэд өнгийг нь сайн хараагүй, ямар ч гэсэн голдоо гурван нүхтэй миний барагцаалсанаар 20х40 см хэмжээтэй блок байсан. Тэр блок нь нил цус болчихсон. А- ахын толгойны ар хэсэг нь цус болчихсон, мөн нуруун дээр нь цусны үсэрсэн толбо байсан. Би хөөе Азаа гэж дуудсан чинь юу ч дуугарахгүй унтаж байгаа хүн шиг хурхираад байсан. Би О-од Азаа ах амьд байна, амьсгалж байна, хурхираад унтаад байгаа юм шиг байна гэж хэлсэн. Тэгсэн чинь О- энэ блокийг аваад хоёулаа гол руу шидье, би энийг дутуу хийчихэж, одоо хоёулаа гүйцээчхье, тэгэхгүй бол энэ бид гурвыг ална шүү дээ гэж хэлсэн. Эрдэнэжаргал миний араас татаад холдуулж байгаад цагдаа дуудъя, наадах чинь хүн алчихлаа шүү дээ гэж хэлсэн. Бид хоёр тэндээс Эрдэнэжаргалын гэрт очсон, ээж нь ганцаараа унтаж байсан. Утсыг нь цэнэглэж байгаад асаагаад 102 дугаарын утас руу залгаад эхлээд “Эрдэнэжаргал манай найз хүн алчихлаа” гэж хэлсэн. Тэгсэн чинь ээж нь сэрсэн бөгөөд “Эрдэнжаргалд миний хүү чи юу яриад байгаа юм бэ, болиочээ” гээд уйлсан. Тэр үед Эрдэнэжаргал шууд утсаа салгачихсан. Би утсыг нь авч гэрээс гараад дахиад 102 руу залгаад Эрдэнэжаргалын гэрийн хаягийг хэлээд, манай найз хүн алчихлаа гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд би нөгөө газраа зааж өгсөн. ...Гурав дахь пиво ууж байхдаа О-, Ариунаа хоёр бид нараас жаахан холдож байгаад хоорондоо маргалдаад Ариунаа уйлаад байсан, юу гэж маргалдсаныг санахгүй байна. Тэгсэн чинь Ариунаа над дээр ирээд чамд 5,000 төгрөг байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлсэн чинь би явлаа гэж хэлээд ганцаараа яваад өгсөн. Зодоон болох үед Ариунаа байгаагүй болохоор хэргийн талаар мэдэхгүй. Бид нар нийтдээ 0,75 литрийн савалгаатай архи нэг шил, 2,5 литрийн савалгаатай пиво дөрвөн ширхэгийг хувааж уусан. Хэн хэн нь нилээд согтсон, сүүлд О- би хүн алчихлаа гэж хэлэхийг нь сонсоод уусан архи гарчихсан...” /1-р хх-ийн 60-65/ гэсэн,

 

Гэрч Б.Эрдэнэжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...О-, Ганзориг, А- гурав дэлгүүр лүү орж  том савтай пиво дөрөв, архи нэг шил, чипс хоёр ширхэгийг аваад гарч ирсэн. Тэгээд тавуулаа Биокомбинат руу 5,000 төгрөгөөр такси бариад 40 дүгээр байран дээр буугаад архи, пиво уух газар олдохгүй болохоор хойшоо гол руу явсан. Модон дунд очоод мод түүж гал түлээд тойрч суугаад архи, пивоо ууцгаасан. Гэтэл Ариунаа агсам тавиад Ганзориг бид хоёрыг маргалдуулчихаад яваад өгсөн. Бид хоёр дээр доороо ороод ноцолдож байгаад Ганзориг андаа уучлаарай, хоёулаа болъё гээд нэг нэгнээсээ уучлалт гуйсан, тэгээд нөгөө хоёр дээр яваад очиход А-ын толгой тархи, нүүр, ам нь битүү цус болчихсон, дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь О-ыг андаа чи хүн алчихлаа ш дээ гэхэд мань чинь угаасаа дүүрсэн хүн, нэг мөсөн гүйцээчихье гээд барьж байсан блокыг толгой дээр нь шидсэн. Тэгээд дахин шидэх гэхэд нь Ганзориг боль гээд өөдөөс нь очоод тэврээд автал Ганзоригийн нуруун дээгүүр нь давуулаад дахин шидсэн. Миний харснаар О- А-ын толгой руу гурван удаа блок шидсэн. А- ямар ч хариу үйлдэл хийгээгүй. Ганзориг бид хоёр О-ыг дараад боль гэхэд та хоёр яв, аль эсвэл би та хоёрыг ална гэхээр нь бид хоёр айгаад зугатаасан. Тэгээд манай гэрт очоод цагдаад дуудлага өгсөн юм...” /1-р хх-ийн 69-72/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч А.Ариунаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ...би тэд нартай хамт Биокомбинат руу яваад модтой хээр тал шиг газар очиж гал түлээд авсан архи, пивоо ууцгаасан. Тухайн үед ...Ганзориг надад аягаар дүүрэн архи хийгээд өгөхөөр нь би уучихсан чинь манараад согтож эхэлсэн. Тэгээд архи уусны дараа согтчихоод О-той маргалдаж эхэлсэн, ...тэгээд уур хүрээд явчихсан. ...Тэд нар үлдээд орилолдоод байсан, би ойлгохдоо нэг нэгэнтэйгээ тоглоом хийгээд байна гэж ойлгосон. ...А- тэд нараас жоохон ах учир О.О-, Б.Эрдэнэжаргал нар руу үг хаяад өдөөд байсан...” /1-р хх-ийн 89-91, 2-р хх-ийн 154/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Хатан-Үжин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрдэнэжаргал, Ганзориг, Ариунаа, О- нар Биокомбинат руу явсан. Тэгээд орой 21 цагийн үед Эрдэнэжаргалтай утсаар ярихад Эрдэнэжаргал, О- хоёр хамт байна, Ариунаа, Ганзориг хоёр нэг ахтай хамт зугтаагаад явчихлаа гэж хэлсэн. ...22 цагийн орчим дахин Эрдэнэжаргалтай ярихад Ариунааг олчихлоо, бөөнөөрөө хамт байна гэж байсан...” /1-р хх-ийн 92/ гэсэн,

 

Шинжээч эмч Ж.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ш.А-ын цогцост гавлын урд хонхрын зүүн хэсэг буюу дух ясны зүүн талаас гавлын дунд хонхрын баруун хэсэг, суурь ясны голоор дайрч, гавлын арын хонхор дагз яс хүрсэн салсан хугарал, дагз яс болон зулай ясны хэлбэр дүрс алдагдаж олон тооны хэлтэрхий үүсгэсэн хугарал, зүүн тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн дотор гадаргуу дахь аалзан хальсны доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн хажуу гадаргуу дахь тархины эдийн тархмал няцрал, бага тархины эд доторхи няцрал, дух, зулай, чамархайн баруун талын хуйхан доорхи цус хуралт, дагз, зулай, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун чихний омогны урд, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт няцарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, дух, хамрын нуруу, эрүүний зүүн булан, хүзүүний зүүн хажуу хэсгийн дээд хэсгийг хамарсан, зүүн мөр, дал хэсгийг хамарсан арьсны зулгаралттай, зүүн мөр, шуу, баруун сарвуу, шилбэний цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үхлийн шалтгаан нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас барсан байсан...” /1-р хх-ийн 112-114/ гэсэн,

 

Шүүгдэгч О.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 20-ны орой ...бид нар пабаас гараад Ганзориг Биокомбинат руу явж архи ууя, болохгүй бол манайд очъё гэхээр нь бид зөвшөөрөөд Янгир нэртэй дэлгүүр рүү А-, Ганзориг хоёр ороод нэг шил 0.75 литрийн архи, 2,5 литрийн савтай дөрвөн пиво, ундаа, чипс, бэлэн идэх юм аваад таксинд сууж Биокомбинат руу явсан. Голын захад очоод гал түлж тойрч суугаад ууж, идсэн. Архи, пиво дуусах дөхөөд ирэхээр нь Ариунааг А- яаж ч магадгүй гэж бодоод албаар хэрүүл өдөж байгаад Ариунааг явуулчихсан. Тэгээд хэсэг сууж байгаад А- охин харамлалаа гэж үгээр идээд надтай хэрүүл хийж байснаа намайг нүүр лүү өшиглөхөөр нь хоёр гарынхаа шуугаар хөлийг нь хаагаад та яагаад байгаа юм гэтэл, чи муу арчаагүй гэсэн. Гэтэл Ганзориг хажуунаас орж ирээд А-ыг өмөөрсөн аястай зүйл ярихаар нь Эрдэнэжаргал намайг өмөөрч Ганзоригтой маргалдаад зодолдоод цааш явсан. Гэтэл А- намайг барьж аваад 2-3 удаа унагаагаад ална гээд муухай орилохоор нь зугтаасан, тэгтэл араас орилж чулуу шидээд байсан, баруун гарын тохойн дээр чулуугаар оногдохоор нь гараа бариад зогсож байтал А- блок ч юм шиг, чулуу ч юм шиг зүйл бариад хүрч ирээд намайг ална гээд цохих гээд далайхаар нь би тэр чулууг нь булааж аваад айсандаа толгой руу нь савчихсан, тэгтэл А- ойчсон, толгойных нь ар хэсгээс их хэмжээний цус гарахаар нь айсандаа блокыг аваачаад гол руу шидсэн. Тэгээд түргэн тусламж дуудахаар яваад гэрт очиход манайхан унтаж байсан, ээж сэрээд хаалга онгойлгохоор нь орж хувцасаа солиод буцаж гараад Эрдэнэжаргалынх руу очиход Эрдэнэжаргалын ээж цагдаа дуудсан гэхээр нь айгаад 120 мянгат руу өвөөгийнх рүү явсан. Би А-ыг нэг удаа чулуугаар толгойн ар дагз хэсэг рүү нь цохисон...” /1-р хх-ийн 201-205, 3-р хх-ийн 180-181/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №1184 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ш.А-ын цогцост гавлын урд хонхрын зүүн хэсэг буюу дух ясны зүүн талаас гавлын дунд хонхрын баруун хэсэг, суурь ясны голоор дайрч, гавлын арын хонхор дагз яс хүрсэн салсан хугарал, дагз яс болон зулай ясны хэлбэр дүрс алдагдаж олон тооны хэлтэрхий үүсгэсэн хугарал, зүүн тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн дотор гадаргуу дахь аалзан хальсны доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн хажуу гадаргуу дахь тархины эдийн тархмал няцрал, бага тархины эд доторхи няцрал, дух, зулай, чамархайн баруун талын хуйхан доорхи цус хуралт, дагз, зулай, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун чихний омогны урд, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт няцарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, дух, хамрын нуруу, эрүүний зүүн булан, хүзүүний зүүн хажуу хэсгийн дээд хэсгийг хамарсан, зүүн мөр, дал хэсгийг хамарсан арьсны зулгаралттай, зүүн мөр, шуу, баруун сарвуу, шилбэний цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн. Дээрхи гэмтлүүд нь хүний хүчнээс давсан хүчээр үүсээгүй болно.

2. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь нас барахад нөлөөлсөн. Талийгаачийн биед учирсан тархины гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.  Биеийн гадна гадаргуу дахь гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь нас барахын өмнө үүссэн гэмтэл болно.

3. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ.

4. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь АВО системээр ВIII бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байна.

7. Талийгаач нас барсан хугацааг жижүүр эмч тогтооно...” /1-р хх-ийн 105-109/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №5/245 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас нь санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн О-ийн О-ын гарын хээний дардас өмнө нь санд MN000120005122, MN000120003709 дугаараар 2 удаа, Бүрэнжаргалын Эрдэнэжаргалын гарын хээний дардас өмнө нь санд MN000120003713, MN000120005231 дугаараар 2 удаа тус тус бүртгэгдсэн байна...”  /1-р хх-ийн 116-121/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №3237 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутанд хийсэн цаасны хэсэг, энгэр хэсэгтээ шар өнгийн зурагтай хар өнгийн куртик, хар өнгийн футболкон дээр хүний цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. 2 ширхэг яс мэт зүйл, чулуун дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 3. Гялгар уутанд хийсэн цаасны хэсэг, энгэр хэсэгтээ шар өнгийн зурагтай хар өнгийн куртик, хар өнгийн футболкан дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай байна. 4. 2 ширхэг яс мэт зүйл, чулуун дээрх цусны бүлгийн харьяалал болон хүн, амьтны аль нь болохийг тогтоох боломжгүй байна.

5. 3 ширхэг лаа, 5 ширхэг тамхины ишин дээр цус болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй...” /1-р хх-ийн 125-126/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №2882 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн хар хүрмэнд 80х98мм хэмжээтэй шинэ ханзралт гарсан байна. Хар футболка гэмтэлгүй...” /1-р хх-ийн 131-132/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №2881 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн хар саарал цамц нь 30мм, 20мм хэмжээтэй татаж, чангаах хүчний үйлчлэлээр тус тус шинэ ханзралтууд, 23х15мм хэмжээтэй дулааны үйлчлэлээр шинэ түлэгдэлт, хар гутал 12х35мм хэмжээтэй эдэлгээний явцад хуучин гэмтэл тус тус гарсан байна. Хар өмд 30х32мм хэмжээтэй хуучин оёдлын нөхөөстэй байна...” /1-р хх-ийн 138-140/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №3238 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн савхин куртик, хар өнгийн урт ноосон цамц, хар өнгийн даавуун өмд, хар саарал өнгийн хос гутал дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.

2. Хар өнгийн урт ноосон цамц, хар өнгийн даавуун өмдөн дээр хүний цус илэрсэн. Энэ нь АВО системээр В /III/ бүлгийн харъяалалтай байна.

3. Хар өнгийн савхин куртик, хар саарал өнгийн хос гутал дээрх цусны хүн, амьтны аль нь болох болон бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна...” /1-р хх-ийн 144-145/ гэсэн,

 

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын эмч О.Баатаржав, Б.Батхишиг, П.Энхчимэг нарын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №800 тоот дүгнэлтэд “...Дүгнэлт 1. О.О- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. О.О- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. О.О- нь юмыг зөвөөр тусган ойлгож зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. О.О- нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ойлгох, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байна.

5. О.О- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /1-р хх-ийн 161-162/ гэсэн дүгнэлтүүд,

 

        - Цагдаагийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас /1-р хх-ийн 7/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 9-25/,

-Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 27-39, 132-136/,

- Илтгэх хуудас /1-р хх-ийн 40/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 41/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 45-50/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /1-р хх-ийн 167-175/,

- Хохирлын баримт /1-р хх-ийн 236-247/ зэрэг бичгийн нотлох баримтууд,

 

2. Шүүгдэгч О.О- нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ПС молл худалдааны төвийн урд явж байхдаа ямар ч шалтаг шалтгаангүйгээр Ш.А-тай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн, Б.Баярмагнайг мөрлөж, улмаар өмдний тэлээгээр зүүн гар, толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, газарт  унагаасан “Айфоне-8” загварын гар утсыг нь гишгэж гэмтээж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Хохирогч Б.Баярмагнай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 5 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед гар утсаа оролдоод явж байсан чинь урдаас гурван залуу гарч ирээд нэг залуу нь шууд намайг чиглээд ирэхээр нь хажуу тийшээ болоод зам тавьж өгсөн. Тэгтэл хэргээр далийж ирээд намайг мөрлөсөн, тэгтэл миний гар утас газар унахаар нь би нөгөө залууд хандаж “чи яаж байгаа юм бэ, гар утас унагаачихлаа” гэж хэлээд эргээд гар утсаа авах гэсэн нөгөө залуутай хамт явж байсан залуу нь миний гар утсан дээр албаар дэвсээд арийн шилийг нь хагалсан, тэгэхээр нь би цагдаа дуудна гэж хэлсэн чинь хамаагүй цагдаагаа дууд гээд байхаар нь би цагдаа дуудсан. Тэгсэн эхэлж намайг мөрлөсөн залуу яваад өгсөн, харин миний гар утсан дээр гишгэсэн залууг би бариад үлдсэн, тэгсэн нөгөө намайг мөрлөдөг залуу ирээд миний барьж байсан залууг тавиулах гээд өмдний тэлээгээр миний зүүн гар луу цохиод дараа нь миний толгой руу цохисон. Миний ухаан балартаад газарт унасан, нэг сэргээд харсан нэг залуу гарч ирээд намайг босгоод нөгөө залуучуудыг барьж аваад цагдаа дуудаж өгсөн. Миний гар утас айфоне-8 маркийн гар утас байсан, арын шилийг нь хагалсан. Мөн би эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн гар хугарсан, би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би гар утсаа Тэди төвөөс зээлээр 3,200,000 төгрөгөөр 2018 оны 9 дүгээр сард авч байсан, одоо арын шилийг нь засуулах гэсэн засах боломжгүй, одоо гар утас 1,800,000 төгрөг гэж байсан. О- гэх өндөр залуу нь барьж явсан том төмөр аралтай тэлээгээр зүүн гарын шууны дээд хэсэг рүү хоёр удаа тэлээнийхээ аралаар цохиход гар өвдөөд эвгүй болсон. Тэгээд дараа нь толгой руу тэлээнийхээ аралаар нэг удаа цохисон. Миний гар утсыг дэвсчихээд явах гээд байхаар нь би явуулахгүй цагдаа дуудсан гэхэд О- гэх залуу нь пизда минь тавь, үхэхийг хүсээд байна уу гээд байсан. Надад нэхэмжлэлийн шаардлага хангасан эмчилгээний баримт гэвэл компьютер томографид харуулсан 100,000 төгрөгний баримт байгаа. Бусад таксины мөнгө, эм тариа авах мөнгө төгрөгийг нийлүүлвэл барагцаагаар 250,000 орчим төгрөгний зардал гарсан. Ингээд гар утасны үнэлгээ 1,800,000 төгрөг болсныг нэмээд бусад урсгал зардлуудтайгаа нийт 3,500,000 төгрөг нэхэмжлэх болно. Миний гар утасны ар тал нь нэлэнхүйдээ хагарсан байгаа. Миний хохирлыг барагдуулчихвал надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” /2-р хх-ийн 22-24, 25-26, 27-28/ гэсэн,

Гэрч Ш.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 5 дугаар сарын 6-ны орой О- нэг залууг мөрлөөд гар утсыг нь унагаасан. Би тэрийг нь мэдэхгүй гар утсан дээр нь гишгээд явсан байсан, нөгөө залуу надад хандаж “та миний гар утсан дээр гишигчихлээ” гэж хэлсэн тэгэхээр нь би харъя гээд гар утсыг нь харсан чинь хойд таг нь хагарсан байсан. Тэгээд би хэрвээ би хагалсан бол төлөөд өгье, гэхдээ одоо надад мөнгө байхгүй байна гэж хэлсэн, нөгөө залуу цагдаа дуудсан байсан. Тэгсэн О-, Отгонжаргал хоёр зугтаасан, би харин зугтаалгүй цагдаа ирэхийг хүлээж байсан. Би гар утсыг нь хэн булаасныг мэдэхгүй байна. О- толгой руу нь цохисон байх, би хараагүй...” /2-р хх-ийн 29-30/ гэсэн,

Гэрч Б.Эрдэнэжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр би О-той уулзах гэж байна гэхэд А- тэгвэл хоёулаа цуг очъё гэж хэлээд явж байтал өөдөөс О- гарч ирээд юм ярьж байхад А- гурвуулаа ахынхаа утсыг авчихаад ирье гэж хэлсэн. Бид гурав хороолол явж хоол идээд, архи уучихаад тооцоогоо хийх гэтэл мөнгө хүрээгүй. Тэгэхээр нь би А-ын гар утсыг ломбарданд тавьчихаад ирж байхад О- нэг залуутай мөргөлдөөд нөгөө залуугийн гар утас газарт унахад А- гар утсан дээр дэвсэж байсан. Би хоолны газар луу ороод тооцоогоо хийгээд ирэхэд А-, О- хоёр уучлалт гуйгаад зогсож байсан...” /2-р хх-ийн 33-34/ гэсэн,

Шүүгдэгч О.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 5 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед Азаа танихгүй залууг санаандгүй мөрлөхөд гартаа барьж явсан гар утас нь газарт унасан. Тэгэхэд А- уг утсыг дэвссэн. Эрдэнэжаргал бид хоёрт хамаагүй гээд цаашаа явж байгаад буцаад Азаа ахыг авах гээд иртэл Азаа ах тэр залуутай зууралдаад зогсож байхаар нь миний халаасанд байсан А-ын хуучин тэлээгээр уг залуугийн гарыг нь тавиулах гээд нэг удаа гарлуу нь, толгой руу нь нэг удаа цохисон. Тэгээд Азаа ахыг аваад явж байгаад буцаж нөгөө залуу дээр очоод уучлалт гуйгаад байж байхад цагдаа нар ирээд бид хоёрыг бариад явсан. Уг залуугийн биед учирсан гэмтлийг би тэлээний аралаар цохиж гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /2-р хх-ийн 35-36/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №5730 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Баярмагнайгийн биед зүүн шуу, богтос ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /2-р хх-ийн 39/ гэсэн дүгнэлт,

 

- “Ашид Билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /2-р хх-ийн 44-46/ гэсэн,

- Хохирлын баримт /2-р хх-ийн 49-53/,

- Өргөдөл /2-р хх-ийн 18/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 98-100/,

- Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /2-р хх-ийн 11/,

- Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3-р хх-ийн 112-114/ зэрэг бичгийн нотлох баримтууд,

 

3. Шүүгдэгч О.О- нь 2018 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын автобусны буудлын явган хүний гарц дээр ямар ч шалтаг, шалтгаангүйгээр М.Б-ийг цээж рүү нь өшиглөж, цаасны хутгаар зүүн хацрыг нь зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн талаар:

 

Хохирогч М.Б-э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шөнө 04 цагийн үед хоёр дүүгээ явуулчихаад явган хүний гарцан дээр зам гарах гээд зогсож байхад нэг туранхай өндөр залуу гүйж ирээд, гартаа шар өнгийн цаасны хутганы ирийг урт гаргасан байсан. Надад нэг үг хэлээд дайрахаар нь би “чи хүн андуураад байгаа юм биш үү” гэж хэлэхэд миний цээж рүү өшиглөөд жийсэн. Хойшоогоо хөл алдахад намайг дахиж цээж рүү өшиглөхөд би замын хажуу талын ногоон хашлага тулаад зогсоход цаасны хутганыхаа ирийг хойш нь татаж богиносгоод над руу дайрч далайх үед буудал дээр хар өнгийн приус 30 маркийн машин зогсоод машин дотроос нэг залуу гарч ирээд явъя гэж тэр залууг хэлсэн. Би тэгэхээр нь наад машины чинь дугаарыг харсан шүү гэж хэлээд утсаа гаргаж ирээд машины дугаарыг тэмдэглэх гэж байхад миний баруун шанаа руу зүүн гараа атгаж байгаад цохиод, баруун гартаа барьсан цаасны хутгаар миний зүүн талын жавж, хацрыг зүсэх үед би доошоо тонгойх гэтэл над руу дайраад миний гар утсыг авах гэж ноцолдоод, авч чадахгүй болохоороо намайг хашлага давуулж түлхэж унагаагаад, зугтаагаад гүйгээд явсан...” /2-р хх-ийн 109-115/ гэсэн,

 

Гэрч М.Ариунтэмүүжин мөрдөн шалгах ажиллааганы явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 8 дугаар сарын 28-ны орой найз О-ын хамт “Рич” нэртэй бааранд 23 цагийн үед хамт орсон. ...Хархорин захын автобусны буудлын явган хүний гарцан дээр О- нэг залуутай зодолдож байсан. Би О-од хандаж юу хийгээд зодоон хийгээд байгаа юм бэ, явъя гэхэд О- гүйж ирээд миний машинд суусан. О- миний машинд суухдаа гартаа хугархай цаасны хутга барьсан байсан. Би О-од хандаж чи наад хогоороо яах гэж байгаа юм бэ гэж асуухад би өөрийнхөө биеийг хамгаалдаг юм гэж хэлж байсан...” /2-р хх-ийн 116-118/ гэсэн,

 

Шүүгдэгч О.О- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хорооллын эцэст явж байгаад найз Ариунтэмүүжинтэй таарсан. Бид хоёр хамт шоудахаар болж “Рич” гэх нэртэй бааранд уулзахаар болсон.  ...Би баарнаас өөрийнхөө цамц, цүнх хоёрыг аваад баарны гадаа гарахад том биетэй 4-5 залуус намайг дээрэлхээд зодох гээд байхаар нь би зугтаагаад баруун тийшээгээ хархорин чигтэй гүйж яваад, 19-ийн буудлын гэрлэн дохиогоор урагшаагаа зам гарах гэж байхад гурван залуу намайг пизда минь нааш ир гэж хэлээд намайг дуудаж зогсоосон. Би тэр гуравт хандаж яах гээд байгаа юм бэ гэж хэлээд зогсож байхад Ариунтэмүүжин автобусны буудал дээр машинтайгаа ирж зогсоод машинаасаа гарч ирээд яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гэж орилхоор нь би зориг ороод тэр гурван залуугийн нэгтэй нь зодолдсон. Би халаасандаа байсан хутгыг гаргаж ирээд нэг залуугийн цээж рүү нь өшиглөж нүүрийг нь цаасны хутгатай гараараа цохиход нүүрийг нь зүсэх шиг болсон. Би тэр залууг харахад хацраас нь цус гарахаар нь сандраад хүний нүүр зүсчихлээ гэж айгаад гүйж очоод Ариунтэмүүжингийн машинд нь суугаад бид хоёр хамт явсан. Би хохирогч Б-ийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /2-р хх-ийн 138-141/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №10647 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б-ийн биед зүүн хацар, уруулын зүсэгдсэн шарх, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна .

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /2-р хх-ийн 132/ гэсэн дүгнэлт,

 

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /2-р хх-ийн 136-137/,

- Эрүүгийн хэргийн нэгтгэх тухай тогтоол /2-р хх-ийн 86/,

- Яллагдагчаар татах тогтоол нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол /2-р хх-ийн 177-179, 3-р хх-ийн 115-117/,

- Өргөдөл /2-р хх-ийн 104, 3-р хх-ийн 16/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 129-130/,

- Шүүгдэгч О.О-ын хувийн байдалтай холбоотой гэрч Б.О-, О.Тэргэл, Б.Ариунболд, Ж.Алтанцэцэг нарын  мэдүүлгүүд /1-р хх-ийн 36-37, 95, 96-97, 102/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 208/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-ийн 209/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 210/, ажлын газрын тодорхойлолт /1-р хх-ийн 213/, шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 156-161/, бусад бичгийн нотлох баримтууд /хх-ийн 1-р хх-ийн 214-232/ болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.О-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.О- нь 2019 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн зүүн хойд хэсэг Туул голын эрэг орчим Ш.А-, Б.Эрдэнэжаргал, Н.Ганзориг, А.Ариунаа нартай архидан согтуурч, Ш.А-тай “А.Ариунааг явууллаа” гэснээс болж маргалдан, улмаар түүний толгойд нь блокоор олон удаа цохиж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-гийн “...2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр манай хүү А-ын цалин буусан. Орой 19 цагийн үед ажил нь тараад гарч ирэх үед Ганзориг нэг хүүхэнтэй тосож авсан байсан. Удалгүй тэр гурав манай гэрт орж ирсэн. А- ажлын хувцасаа солиод хоол, цайгаа идэж, уугаад гарсан. Тэднийг гараад 30-40 минут болсны дараа би зээ охинтойгоо гарч дэлгүүр орохоор явж байтал замд Эрдэнэжаргал /Хорлоо/, Болдоо /О-/ нар тааралдсан. Манай зээ охиноос А- ах чинь хаана байна гэж асуусан гэсэн. Тэр үед охин ахаар яах гэж байгаа юм, мэдэхгүй байхгүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд яаруу сандруу яваад алга болсон. Тэр орой гэртээ ирээд амраад хүүгээ хүлээсэн боловч шөнө ирээгүй. Өглөө 04 цагт ажилтай гэж байсан болохоор ажилдаа шууд явчихсан юм болов уу гэж бодоод ажил дээр очиход ажилдаа ирээгүй байсан. ...Тэгээд гэртээ ирээд охиндоо ах чинь алга байна гэж яриад гайхаад байж байтал зээ охин гаднаас орж ирээд гадаа хүн ирчихсэн дуудаж байна гэж ээждээ хэлэхээр нь би гаръя гээд гарахад машинтай хүмүүс ирчихсэн тэдний дундаас Эрдэнэжаргалын ээж, Эрдэнэжаргал, Ганзориг хоёр цагдаагийн газар байгаа Болдоо А-ыг чулуу, тоосгоор цохиод алчихсан, тэгээд шөнө ирээд надад хэлсэн, манай хүү зодоогүй шүү гэж хэлсэн. Ганзоригийн аав нь танай хүүг Болдоо зодоод зугтаасан, олдохгүй байна, түүнийг яаж олох вэ гэхээр нь Ганзоригийн аавд нь хандаж танай хүү өчигдөр орой ажлаас нь болон гэрээс нь дагуулаад хамт гарсан, тэгээд хүү маань ирээгүй байна. Одоо хаана байна гэхэд хаана байгааг нь мэдэхгүй байна гэсэн. ...Гэрэлт-Ертөнц ажлынхаа машинтай ирж намайг аваад цагдаагийн хэлтэс дээр ирээд намайг гадна суулгачихаад дотогшоо орж цагдаагийн ажилтантай уулзчихаад гарч ирэхдээ сонин болоод гараад ирэхээр нь манай хүү А- нь бусдад хорлогдсон байна гэж мэдсэн. Талийгаачид архаг хууч өвчин байхгүй. Манайх 2016 онд Улаанбаатар хотод орж ирснээс хойш Эрдэнэжаргал, Ганзориг, О- нартай найзалдаг байсан. Миний хувьд маш их гомдолтой байна...” /1-р хх-ийн 57-58/ гэсэн, гэрч Н.Ганзоригийн “...Эрдэнэжаргал бид хоёр маргалдаад барилцаж аваад ноцолдоод нэгийгээ цохиж эхэлсэн. Нилээд зодолдож байгаад зодолдохоо больё андаа гэж ярилцаад босоод тэврэлдээд байж байтал О- ирснээ мань чинь хүн алчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд А- ах дээр ирэхэд доошоо харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд яг толгойных нь дэргэд өнгийг нь сайн хараагүй, ямар ч гэсэн голдоо гурван нүхтэй миний барагцаалсанаар 20х40 см хэмжээтэй блок байсан. Тэр блок нь нил цус болчихсон. А- ахын толгойны ар хэсэг нь цус болчихсон, мөн нуруун дээр нь цусны үсэрсэн толбо байсан. Би хөөе Азаа гэж дуудсан чинь юу ч дуугарахгүй унтаж байгаа хүн шиг хурхираад байсан. Би О-од Азаа ах амьд байна, амьсгалж байна, хурхираад унтаад байгаа юм шиг байна гэж хэлсэн. Тэгсэн чинь О- энэ блокийг аваад хоёулаа гол руу шидье, би энийг дутуу хийчихэж, одоо хоёулаа гүйцээчхье, тэгэхгүй бол энэ бид гурвыг ална шүү дээ гэж хэлсэн. Эрдэнэжаргал миний араас татаад холдуулж байгаад цагдаа дуудъя, наадах чинь хүн алчихлаа шүү дээ гэж хэлсэн. Бид хоёр тэндээс Эрдэнэжаргалын гэрт очсон, ээж нь ганцаараа унтаж байсан. Утсыг нь цэнэглэж байгаад асаагаад 102 дугаарын утас руу залгаад эхлээд “Эрдэнэжаргал манай найз хүн алчихлаа гэж” хэлсэн. Тэгсэн чинь ээж нь сэрсэн бөгөөд “Эрдэнжаргалд миний хүү чи юу яриад байгаа юм бэ болиочээ” гээд уйлсан...” /1-р хх-ийн 60-65/ гэсэн, гэрч Б.Эрдэнэжаргалын “...Тэгээд нөгөө хоёр дээр яваад очиход А-ын толгой тархи, нүүр, ам нь битүү цус болчихсон дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь О-ыг андаа чи хүн алчихлаа ш дээ гэхэд мань чинь угаасаа дүүрсэн хүн, нэг мөсөн гүйцээчихье гээд барьж байсан блокыг толгой дээр нь шидсэн. Тэгээд дахин шидэх гэхэд нь Ганзориг боль гээд өөдөөс нь очоод тэврээд автал Ганзоригийн нуруун дээгүүр нь давуулаад дахин шидсэн. Миний харснаар О- А-ын толгой руу 3 удаа блок шидсэн. А- ямар ч хариу үйлдэл хийгээгүй. Ганзориг бид хоёр О-ыг дараад боль гэхэд та хоёр яв, аль эсвэл би та хоёрыг ална гэхээр нь бид хоёр айгаад зугтаасан...” /1-р хх-ийн 69-72/ гэсэн, шинжээч эмч Ж.Ганцэцэгийн “...Ш.А-ын цогцост гавлын урд хонхрын зүүн хэсэг буюу дух ясны зүүн талаас гавлын дунд хонхрын баруун хэсэг, суурь ясны голоор дайрч, гавлын арын хонхор дагз яс хүрсэн салсан хугарал, дагз яс болон зулай ясны хэлбэр дүрс алдагдаж олон тооны хэлтэрхий үүсгэсэн хугарал, зүүн тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн дотор гадаргуу дахь аалзан хальсны доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн хажуу гадаргуу дахь тархины эдийн тархмал няцрал, бага тархины эд доторхи няцрал, дух, зулай, чамархайн баруун талын хуйхан доорхи цус хуралт, дагз, зулай, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун чихний омогны урд, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт няцарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, дух, хамрын нуруу, эрүүний зүүн булан, хүзүүний зүүн хажуу хэсгийн дээд хэсгийг хамарсан, зүүн мөр, дал хэсгийг хамарсан арьсны зулгаралттай, зүүн мөр, шуу, баруун сарвуу, шилбэний цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Үхлийн шалтгаан нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас барсан байсан...” /1-р хх-ийн 112-114/ гэсэн, шүүгдэгч О.О-ын “...2019 оны 5 дугаар сарын 20-ны орой ...А- охин харамлалаа гэж үгээр идээд надтай хэрүүл хийж байснаа намайг нүүр лүү өшиглөхөөр нь хоёр гарынхаа шуугаар хөлийг нь хаагаад та яагаад байгаа юм гэтэл, чи муу арчаагүй гэсэн. Гэтэл Ганзориг хажуунаас орж ирээд А-ыг өмөөрсөн аястай зүйл ярихаар нь Эрдэнэжаргал намайг өмөөрч Ганзоригтой маргалдаад зодолдоод цааш явсан. Гэтэл А- намайг барьж аваад 2-3 удаа унагаагаад ална гээд муухай орилохоор нь зугтаасан, тэгтэл араас орилж чулуу шидээд байсан баруун гарын тохойн дээр чулуугаар оногдохоор нь гараа бариад зогсож байтал А- блок ч юм шиг, чулуу ч юм шиг зүйл барьж хүрч ирээд намайг ална гээд цохих гээд далайхаар нь би тэр чулууг нь булааж аваад айсандаа толгой руу нь савчихсан, тэгтэл А- ойчсон толгойных нь ар хэсгээс их хэмжээний цус гарахаар нь айсандаа блокыг аваачаад гол руу шидсэн. ...Би А-ыг нэг удаа чулуугаар толгойн ар дагз хэсэг рүү нь цохисон...” /1-р хх-ийн 201-205, 3-р хх-ийн 180-181/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019 оны №1184 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: Ш-гийн А-ын цогцост гавлын урд хонхрын зүүн хэсэг буюу дух ясны зүүн талаас гавлын дунд хонхрын баруун хэсэг, суурь ясны голоор дайрч, гавлын арын хонхор дагз яс хүрсэн салсан хугарал, дагз яс болон зулай ясны хэлбэр дүрс алдагдаж олон тооны хэлтэрхий үүсгэсэн хугарал, зүүн тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн дотор гадаргуу дахь аалзан хальсны доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн хажуу гадаргуу дахь тархины эдийн тархмал няцрал, бага тархины эд доторхи няцрал, дух, зулай, чамархайн баруун талын хуйхан доорхи цус хуралт, дагз, зулай, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун чихний омогны урд, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт няцарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, дух, хамрын нуруу, эрүүний зүүн булан, хүзүүний зүүн хажуу хэсгийн дээд хэсгийг хамарсан, зүүн мөр, дал хэсгийг хамарсан арьсны зулгаралттай, зүүн мөр, шуу, баруун сарвуу, шилбэний цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн. Дээрхи гэмтлүүд нь хүний хүчнээс давсан хүчээр үүсээгүй болно.

Талийгаачийн биед учирсан гэмтэл нь нас барахад нөлөөлсөн. Талийгаачийн биед учирсан тархины гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Биеийн гадна гадаргуу дахь гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь нас барахын өмнө үүссэн гэмтэл болно. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ...” /1-р хх-ийн 105-109/ гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар,

 

Шүүгдэгч О.О- нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ПС молл худалдааны төвийн урд явж байхдаа ямар ч шалтаг шалтгаангүйгээр Ш.А-тай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн, Б.Баярмагнайг мөрлөж, улмаар өмдний тэлээгээр зүүн гар, толгой руу нь цохиж, эрүүл мэндэд зүүн шуу, богтос ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, газарт унагасан Айфоне 8 загварын гар утсыг нь гишгэж гэмтээж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Баярмагнайгийн “...Би 2019 оны 5 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед гар утсаа оролдоод явж байсан чинь урдаас 3 залуу гарч ирээд нэг залуу нь шууд намайг чиглээд ирэхээр нь хажуу тийшээ болоод зам тавьж өгсөн. Тэгтэл хэргээр далийж ирээд намайг мөрлөсөн, тэгтэл миний гар утас газар унахаар нь би нөгөө залууд хандаж “чи яаж байгаа юм бэ, гар утас унагаачихлаа” гэж хэлээд эргээд гар утсаа авах гэсэн нөгөө залуутай хамт явж байсан залуу нь миний гар утсан дээр албаар дэвсээд арын шилийг нь хагалсан, тэгэхээр нь би цагдаа дуудна гэж хэлсэн чинь хамаагүй цагдаагаа дууд гээд байхаар нь би цагдаа дуудсан. Тэгсэн эхэлж намайг мөрлөсөн залуу явчихсан, харин миний гар утсан дээр гишгэсэн залууг би бариад үлдсэн, тэгсэн нөгөө намайг мөрөлдөг залуу эргэж ирээд миний барьж байсан залууг тавиулах гээд өмдний тэлээгээр миний зүүн гар луу цохиод дараа нь миний толгой руу цохисон. Миний ухаан балартаад газарт унасан нэг сэргээд харсан нэг залуу гарч ирээд намайг босгоод нөгөө залуучуудыг барьж аваад цагдаа дуудаж өгсөн. Миний гар утас iphone 8 маркийн гар утас байсан ба арын шилийг нь хагалсан байсан...” /2-р хх-ийн 22-24, 25-26, 27-28/ гэсэн, Ш.А-ын гэрчээ өгсөн “...Би 2019 оны 5 дугаар сарын 06-ны орой О- нэг залууг мөрлөөд гар утсыг нь унагаасан. Би тэрийг нь мэдэхгүй гар утсан дээр нь гишгээд явсан байсан, нөгөө залуу надад хандаж “та миний гар утсан дээр гишгэчихлээ гэхээр нь би “харъя” гээд гар утсыг нь харахад хойд таг нь хагарсан байсан...” /2-р хх-ийн 29-30/ гэсэн, гэрч Б.Эрдэнэжаргалын “...2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ...би А-ын гар утсыг ломбарданд тавьчихаад ирж байхад О- нэг залуутай мөргөлдөөд нөгөө залуугийн гар утас газарт унахад А- гар утсан дээр дэвсэж байсан. Би хоолны газар луу ороод тооцоогоо хийгээд ирэхэд А-, О- хоёр уучлалт гуйгаад зогсож байсан...” /2-р хх-ийн 33-34/ гэсэн, шүүгдэгч О.О-ын “...Би 2019 оны 5 дугаар сарын 05-ны орой 23 цагийн үед Азаа танихгүй залууг санаандгүй мөрлөхөд гартаа барьж явсан гар утас нь газарт унасан. Тэгэхэд А- уг утсыг дэвссэн. Эрдэнэжаргал бид хоёрт хамаагүй гээд цаашаа явж байгаад буцаад Азаа ахыг авах гээд иртэл Азаа ах тэр залуутай зууралдаад зогсож байхаар нь миний халаасанд байсан А-ын хуучин тэлээгээр уг залуугийн гарыг нь тавиулах гээд гар, толгой руу нь нэг нэг удаа цохисон...” /2-р хх-ийн 35-36/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №5730 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.Баярмагнайгийн биед зүүн шуу, богтос ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /2-р хх-ийн 39/ гэсэн дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /2-р хх-ийн 44-46/ зэрэг баримтуудаар,

 

2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 04 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын автобусны буудлын явган хүний гарц дээр ямар ч шалтаг, шалтгаангүйгээр М.Б-ийг цээж рүү нь өшиглөж, цаасны хутгаар зүүн хацрыг нь зүсч эрүүл мэндэд нь зүүн хацар, уруулын зүсэгдсэн шарх, цээжний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Б-ийн “...2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шөнө 04 цагийн үед хоёр дүүгээ явуулчихаад явган хүний гарцан дээр зам гарах гээд зогсож байхад нэг туранхай өндөр залуу гүйж ирээд, гартаа шар өнгийн цаасны хутганы ирийг урт гаргасан байсан. Надад нэг үг хэлээд дайрахаар нь би “чи хүн андуураад байгаа юм биш үү” гэж хэлэхэд миний цээж рүү өшиглөөд жийсэн. Хойшоогоо хөл алдахад намайг дахиж цээж рүү өшиглөхөд би замын хажуу талын ногоон хашлага тулаад зогсоход цаасны хутганыхаа ирийг хойш нь татаж богиносгоод над руу дайрч далайх үед буудал дээр хар өнгийн приус 30 маркийн машин зогсоод машин дотроос нэг залуу гарч ирээд явъя гэж тэр залууг хэлсэн. Би тэгэхээр нь наад машины чинь дугаарыг харсан шүү гэж хэлээд утсаа гаргаж ирээд машины дугаарыг тэмдэглэх гэж байхад миний баруун шанаа руу зүүн гараа атгаж байгаад цохиод, баруун гартаа барьсан цаасны хутгаар миний зүүн талын жавж, хацрыг зүсэх үед би доошоо тонгойх гэтэл над руу дайраад миний гар утсыг авах гэж ноцолдоод, авч чадахгүй болохоороо намайг хашлага давуулж түлхэж унагаагаад, зугтаагаад гүйгээд явсан...” /2-р хх-ийн 109-115/ гэсэн, гэрч М.Ариунтэмүүжингийн “...2018 оны 8 дугаар сарын 28-ны орой ...О- нэг залуутай зодолдож байсан. Би О-од хандаж юу хийгээд зодоон хийгээд байгаа юм бэ, явъя гэхэд О- гүйж ирээд миний машинд суусан. О- миний машинд суухдаа гартаа хугархай цаасны хутга барьсан байсан...” /2-р хх-ийн 116-118/ гэсэн, шүүгдэгч О.О-ын “...Би 2018 оны 8 дугаар сарын 28-ны ...орой Ариунтэмүүжин автобусны буудал дээр машинтайгаа ирж зогсоод машинаасаа гарч ирээд яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гэж орилохоор нь би зориг ороод тэр гурван залуугийн нэгтэй нь зодолдсон. Би халаасандаа байсан хутгыг гаргаж ирээд нэг залуугийн цээж рүү нь өшиглөж нүүрийг нь цаасны хутгатай гараараа цохиход нүүрийг нь зүсэх шиг болсон. Би тэр залууг харахад хацраас нь цус гарахаар нь сандраад хүний нүүр зүсчихлээ гэж айгаад гүйж очоод Ариунтэмүүжингийн машинд нь суугаад бид хоёр хамт явсан...” /2-р хх-ийн 138-141/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №10647 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Б-ийн биед зүүн хацар, уруулын зүсэгдсэн шарх, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /2-р хх-ийн 132/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийн заасан бөгөөд 2.1-д “онц харгис хэрцгийгээр” гэжээ.

Онц харгис хэрцгийгээр гэдэгт “...хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон...” зэрэг үйлдлийг хамааруулж ойлгохоор хуульчилж, тайлбарлажээ.

Шүүгдэгч О.О- нь блокоор амь хохирогч Ш.А-ын толгой, нүүрэнд олон удаа цохиж, гавлын урд хонхрын зүүн хэсэг буюу дух ясны зүүн талаас гавлын дунд хонхрын баруун хэсэг, суурь ясны голоор дайрч, гавлын арын хонхор дагз яс хүрсэн салсан хугарал, дагз яс болон зулай ясны хэлбэр дүрс алдагдаж олон тооны хэлтэрхий үүсгэсэн хугарал, зүүн тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн дотор гадаргуу дахь аалзан хальсны доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн хажуу гадаргуу дахь тархины эдийн тархмал няцрал, бага тархины эд доторхи няцрал, дух, зулай, чамархайн баруун талын хуйхан доорхи цус хуралт, дагз, зулай, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун чихний омогны урд, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт няцарсан шарх, 2 нүдний зовхины цус хуралт, дух, хамрын нуруу, эрүүний зүүн булан, хүзүүний зүүн хажуу хэсгийн дээд хэсгийг хамарсан, зүүн мөр, дал хэсгийг хамарсан арьсны зулгаралттай, зүүн мөр, шуу, баруун сарвуу, шилбэний цус хуралт бүхий гэмтэл учруулсан, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж, амь хохирогчийн үхлийн шалтгаан нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтэл гэсэн шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зурагнууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлж, шүүх хуралдааны явцад үзлэг хийсэн блок зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэлд “онц харгис хэрцгийгээр” гэх тухайн хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангагдаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.О- нь Ш.А-тай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, гудамжаар явж байсан Б.Баярмагнайг О.О- мөрлөж, түүний эд хөрөнгө болох айфоне 8 загварын гар утас газар унахад нь Ш.А- хөлөөрөө дэвсэж, эвдэлж буй гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийн шинжийг,

Улмаар дээрх үйлдлийг хийснийхээ дараа хохирогч Б.Баярмагнай цагдаа дуудсан, Ш.А-ыг явуулахгүй гээд бариад зогсож байхад шүүгдэгч О.О- нь түүний гарыг тавиулах зорилгоор өөрт байсан тэлээ бүсний төмөр толгойгоор Б.Баярмагнайгийн толгой, гарын шуунд цохиж, эрүүл мэндэд зүүн шуу, богтос ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн чамархайн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн М.Б-ийн биед учирсан “...зүүн хацар, уруулын зүсэгдсэн шарх, цээжний цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч О.О- түүний цээж рүү нь өшиглөж, цаасны хутгаар зүүн хацрыг нь зүсэх зэргээр үүссэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус бүр бүрэн хангасан байна. 

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлүүд болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан, хүний  амь нас хохирсон, эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амь нас, эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэд хэдэн удаагийн үйлдлээр халдаж буй гэмт үйлдэл болно.  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.О-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, дээрх зүйл, хэсэг, заалтуудад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас Ш.А-ын амь нас хохирсон, хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Б.Баярмагнайгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан, хохирогч Б.Баярмагнайд эд хөрөнгөд 1,800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч болон түүний ар гэрийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Б-эд 350,000 төгрөг, хохирогч Б.Баярмагнайд 1,000,000 төгрөгийн хохирол төлсөн /3-р хх-ийн 157-158, 4-р хх-ийн 10-11/, хохирогч М.Б-э, Б.Баярмагнай нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,

Амь хохирогч Ш.А-ын хууль ёсны төлөөлөгч Б.Ш-гаас талийгаачийн оршуулгын зардалд 8,300,000 төгрөг /1-р хх-ийн 237-247/, өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30,000,000 төгрөг тус тус нэхэмжилснээс шүүгдэгч, түүний ар гэрийн зүгээс амь хохирогчийн оршуулгын зардалд 8,500,000 төлсөн, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мэдүүлэх /шүүх хуралдааны тэмдэглэлэлд бий/ бөгөөд амь хохирогчийн оршуулгын зардал бүрэн төлөгдсөн байна гэж шүүх дүгнэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-гаас сэтгэл санааны хохиролд 30,000,000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэл санааны ямар эмгэг үүсч, улмаар ямар эмчилгээ сувилгааг ямар хугацаанд хийлгэсэн, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай талаарх тусгай байгууллагын баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдаагүй байх тул шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 500,000 төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 500,000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгохоор хохирол төлбөр байхгүй байна.

 

Шүүгдэгч О.О-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг гарахад амь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол хор уршиг, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 12 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж заажээ.

Шүүгдэгч О.О- урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 622 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О-ийн О-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01  /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан бөгөөд /2-р хх-ийн 160/ тэнссэн нэг жилийн хугацаанд буюу 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, мөн 2019 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн үед санаатай гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 622 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтаас О-ийн О-од холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсантай холбоотой уг шийтгэх тогтоолоос О-ийн О-той холбоотой бусад заалтыг хүчингүй болгож шийдвэрлэхээр тогтов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоохоор,

2 дахь хэсгийн 2.2-т нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногт тооцохоор тус тус заасан тул шүүгдэгч О.О-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 90 хоног,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 60 хоногоор тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ялуудыг тус тус нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг тогтоож, өмнө хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүнд гэмт хэрэг үйлдсэн, мөн хэд хэдэн удаагийн үйлдлээр санаатай гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор заасан бөгөөд шүүгдэгч О.О-ын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс /1-р хх-ийн 190/ өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт 491 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 1910000000430 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг блокийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.О- энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.О-, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр” үйлдээгүй гэж мэтгэлцсэнийг шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2019 оны №1184 тоот дүгнэлт, гэрч Н.Ганзоригийн “...Тэгсэн чинь О- энэ блокийг аваад хоёулаа гол руу шидье, би энийг дутуу хийчихэж, одоо хоёулаа гүйцээчхье, тэгэхгүй бол энэ бид гурвыг ална шүү дээ гэж хэлсэн. Эрдэнэжаргал миний араас татаад холдуулж байгаад цагдаа дуудъя, наадах чинь хүн алчихлаа шүү дээ гэж хэлсэн...” гэсэн, гэрч Б.Эрдэнэжаргалын “...Тэгээд нөгөө хоёр дээр яваад очиход А-ын толгой тархи, нүүр, ам нь битүү цус болчихсон дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь О-ыг андаа чи хүн алчихлаа ш дээ гэхэд мань чинь угаасаа дүүрсэн хүн, нэг мөсөн гүйцээчихье гээд барьж байсан блокыг толгой дээр нь шидсэн. Тэгээд дахин шидэх гэхэд нь Ганзориг боль гээд өөдөөс нь очоод тэврээд автал Ганзоригийн нуруун дээгүүр нь давуулаад дахин шидсэн. Миний харснаар О- А-ын толгой руу 3 удаа блок шидсэн. А- ямар ч хариу үйлдэл хийгээгүй....” гэсэн болон шинжээч эмч Ж.Ганцэцэгийн мэдүүлэг зэргээр няцаагдаж байх тул хүлээн аваагүй, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт О-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө устгах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 622 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О-ийн О-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай” гэсэн заалтыг хүчингүй болгосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-од 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 90 хоног,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож 60 хоногийг тус тус нэмж нэгтгэн, О.О-ын нийт биечлэн эдлэх ялыг 15 /арван тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-од оногдуулсан 15 /арван тав/ жил 01 /нэг/ сарын хорих ял хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ын цагдан хоригдсон 491 /дөрвөн зуун ерэн нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О- хохирогч М.Б-эд 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, хохирогч М.Баярмагнайд 1,000,000 /нэг сая/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-д 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-гийн нэхэмжилсэн 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш- сэтгэл санааны хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тайлбарсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг блокийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комист даалгасугай.

 

10. Эрүүгийн 1910000000430 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.Баярмагнай, М.Б-э нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч О.О- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 622 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн хэсгийн 3, 4 дэх заалтаас шүүгдэгч О-ийн О-той холбоотой хэсгийг хүчингүй болгосугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.О-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.АЛТАНЖИГҮҮР

 

 

 

                                             ШҮҮГЧИД                                           Д.ДОРЖСҮРЭН

 

 

 

                                                                                                               Х.ОДБАЯР