Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 20

 

 О.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

   прокурор Х.Эрдэнэтуяа,                            

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шу, түүний өмгөөлөгч Б.Мандхай,

шүүгдэгч О.О-н өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцлээр О.О-д холбогдох эрүүгийн 1910 00000 0430 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

У Б овгийн О-н О, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дууны операторч мэргэжилтэй, “М” амралтын газарт зөөгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........./,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 622 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;

О.О нь 2018 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 04 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын автобусны буудлын явган хүний гарц дээр ямар ч шалтаг шалтгаангүйгээр М.Б-г цээж рүү нь өшиглөж, цаасны хутгаар зүүн хацрыг нь зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Писи молл” худалдааны төвийн урд явж байхдаа ямар ч шалтгаангүйгээр Б.Б-г мөрлөж, улмаар өмдний тэлээгээр зүүн гар, толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн зүүн хойд хэсэг Туул голын эрэг орчим Ш.А, Б.Э, Н.Г, А.А нартай архидан согтуурч, улмаар Ш.А-тай “А.А-г явууллаа” гэх шалтгаанаар маргалдаж, толгой, нүүрэн тус газар нь блокоор олон удаа цохиж, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.О-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн тул хэрэгт дараах нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаажээ. Үүнд:

Прокуророос шүүгдэгч О.О-г 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Писи молл” худалдааны төвийн урд явж байхдаа ямар ч шалтаг шалтгаангүйгээр Б.Б-г мөрлөж, улмаар өмдний тэлээгээр зүүн гар, толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь учир дутагдалтай, хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн, энэ нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, тухайлбал хохирогч Б.Б-н /2 хх 22-24, 25-26, 27-28/, Ш.А мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр /2 хх 29-30/, гэрч Б.Э-н /2 хх 33-34/, шүүгдэгч О.О-н /2 хх 35-36/ мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5730 дугаартай дүгнэлт /2 хх 39/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /2 хх 44-46/ зэрэг баримтуудаар Ш.А, Б.Э, шүүгдэгч О.О нарын үйлдэлд олон нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн үйлдлийг шалгаагүй орхигдуулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд тэлээ хэрэглэсэн тухай үйл баримт байхад энэ асуудлыг шалгаагүй орхигдуулсан, энэ талаар прокурор хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай;

- Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-н биед хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд 1.800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүний эд хөрөнгөнд учирсан хохирлыг хэн хариуцаж, төлж барагдуулах талаар тодорхойгүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй. Дээр дурдсан ажиллагаа нь шүүх хуралдааны явцад илэрсэн бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэн, шүүгдэгч О.О-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ.

Шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн" тогтоох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх ач холбогдолтойгоос гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэн, хэргийг прокурорт очтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг блокыг хэргийн хамт хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хүлээн авах боломжгүй байна.

- О.О-д холбогдох хэрэгт 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 407 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 12-д “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэсэн заалт юм.

Хэрэгт шүүгчийн санаачилгаар, талуудын гомдол, хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй мөртлөө шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох хуралдаанаас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

- Шүүгдэгч О.О-н 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн ПС молл худалдааны төвийн урд явж байхдаа ямар ч шалтгаангүйгээр Б.Б-г мөрлөж, улмаар өмдний тэлээгээр зүүн гар, толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдэл нь Ш.А, Б.Э нартай олон нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэмт хэргийн шинжгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б-н “... ПС молл худалдааны төвийн урд явж байхад 3 залуу гарч ирээд нэг залуу нь шууд над руу чиглээд ирсэн. Би хажуу тийшээ зам тавьж өгөх гэтэл миний мөр лүү зориуд мөргөөд би утсаа газар унагаасан. Гар утсаа газраас авах гэтэл өөр нэг залуу нь утсан дээр минь дэвсээд гишгэсэн байсан, тэгээд тэр 3 залуу явах гэхээр нь би утсан дээр дэвссэн залууг бариад үлдсэн. Миний гар утас “Айфон 8” загварын утас байсан. Гэтэл О.О гээд анх намайг мөргөсөн залуу буцаж хүрч ирээд өмдний тэлээгээр миний зүүн гар, толгой руу цохиход би ухаан балартаад газар унасан. Сэргээд харсан чинь нэг залуу намайг босгоод цагдаа дуудаад нөгөө 3 залууг барьж өгсөн байсан. Би 3.500.000 төгрөг нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулчихвал надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /2 хх 23-28/, гэрч Б.Э-н “... Бид 3 хорооллын тэнд хоол идээд, архи ууж байгаад тооцоо хийх болсон чинь мөнгө дутаад би Ш.А-н утсыг ломбарданд тавиад ирж байхад О.О нэг залуутай мөргөлдөөд нөгөө залуугийн гар утас газар унахад Ш.А гар утсан дээр нь дэвсэж байсан. Тэгээд би хоолны тооцоо хийгээд гарч ирээд ТҮЦ ороод тамхи аваад ирэхэд нөгөө хэд явчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 33-34/, Шүүх эмнэлгийн шинжээчийн “... Б.Б-н биед зүүн шуу, богтос ясны битүү хугарал, тархи доргилт, зүүн чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 5730 дугаартай дүгнэлт /2 хх 39/, “Ашид билгүүн ХХК-ийн гар утсыг 1.800.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /2 хх 46/, яллагдагч О.О-н “... Би хуурай ах Ш.А, найз Б.Э нарын хамт Парадоксын автобусны буудал дээр байдаг “Пирамид” нэртэй бааранд нэг хүний 2 пиво уучихаад гарч явж байгаад Ш.А ах нэг танихгүй залууг санаандгүй мөрлөөд гартаа барьж явсан гар утас нь газар унасан. Тэгээд Ш.А уг утсыг дэвссэн. Б.Э бид 2 цаашаа явах гэтэл Ш.А-г тэр залуу барьж аваад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би Азаа ахыг тавиулах гээд А-н хуучин тэлээгээр нь тэр залуугийн гар болон толгой руу нь нэг нэг удаа цохисон. Гэтэл цагдаа нар ирээд бид 2-ыг авч явж эрүүлжүүлсэн. Би тэр залуугийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, эмчилгээний зардлыг бүрэн төлж хохиролгүй болгоно” гэсэн мэдүүлэг /хх 35-36/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Түүнчлэн шүүгдэгч О.О нь Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулахдаа тэлээ хэрэглэсэн тухай үйл баримтад дүгнэлт хийж яллах дүгнэлтэд “... Б.Б-г мөрлөж, улмаар өмдний тэлээгээр зүүн гар, толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй” гэж бичсэн. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” гэсэн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуульд тусгайлан заагаагүй тул шүүх тэлээ хэрэглэсэн үйлдэлд дүгнэлт хийгээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх хохирогч Б.Б-н эд хөрөнгөд учирсан хохирлыг хэн хариуцаж төлөх талаар тодорхойгүй гэсэн байна.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн “Шударга ёсны зарчим”-ийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Б.Б-н гар утсан дээр Ш.А гишгэж гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх” гэсэн гэмт хэргийн шинжтэй, мөн тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцан төлөх үндэстэй боловч хэрэгт яллагдагчаар татагдвал зохих этгээд болох Ш.А нь 2019 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө нас барсан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан тул Ш.А-г яллагдагчаар татаагүй болно.

Шүүгдэгч О.О-н гэмт үйлдлийн улмаас хохирогч М.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тул О.О нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан төлөх үндэслэлтэй.

Хохирогч М.Б 3.500.000 төгрөгийн төлбөр нэхэмжилсэн ба хохирлын талаарх нотлох баримт нь 2 дугаар хавтас хэргийн 33 дугаар талд шүүх эмнэлэгт үзүүлсэн орлогын ордер 8000 төгрөг, 43 дугаар талд үнэлгээ хийлгэхэд бэлэн мөнгө 10.000 төгрөг төлсөн баримт, компьютер томографийн шинжилгээ, Гэмтэл согогын үндэсний төвийн бичиг 100.000 төгрөг төлсөн баримт, гар утасны баталгаат засварын хуудас, гар утас зээлээр худалдах худалдан авах гэрээ, үнэлгээ зэрэг баримтуудыг гаргаж хэрэгт хавсаргасан байгаа. Шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд иргэний нэхэмжлэлийг гэм буруутай этгээдээс гаргуулан шийдвэрлэх бүрэн боломжтой.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 48 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хүүг хүн амьтнаас зайдуу, гол дээр аваачиж, амь насыг нь санаатайгаар хохироосон гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш-н өмгөөлөгч Б.Мандхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ш.А нас барсан хэргийн зүйлчлэлийн тухайд гомдолтой байна. Гэмт хэрэг үйлдэгдэх үед А.А, Б.Э нар хамт байсан. Эдгээр хүмүүсийг шалгаагүй, ял завшиж үлдэж байна гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч О.О-н өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие уг хэргийг прокурорт буцаалгаж, дахин шалгуулах талаар байр суурийг илэрхийлж оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул тус шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.О-н өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд хохирогч нарын хэн аль нь оролцоогүй, өмгөөлөгчөөр хангагдаагүй. Хохирогч Б нь шүүх хуралдаанд оролцоогүй тул түүнд учирсан хохирлыг хэн хариуцах талаар маргаан үүссэн. Үүнийг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч О.О-н хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгагдаагүй, тогтоогдоогүй асуудлууд их байгаа тул шүүхээс хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд О.О-д холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн заасан бөгөөд О.О-д холбогдох хэрэгт тэдгээр байдлыг хөдөлбөргүй нотолсон гэж үзэх боломжгүй, эргэлзээ бүхий байна.

Тухайлбал, хохирогч Б.Б “... урдаас 3 залуу гарч ирээд нэг залуу нь шууд намайг чиглээд ирэхээр нь хажуу тийшээ болоод зам тавьж өгсөн. Тэгтэл хэргээр далийж ирээд намайг мөрлөсөн, тэгтэл миний гар утас газар унахаар нь би нөгөө залууд хандаж “чи яаж байгаа юм бэ, гар утас унагаачихлаа” гэж хэлээд эргээд гар утсаа авах гэсэн нөгөө залуутай хамт явж байсан нэг залуу нь миний гар утсан дээр албаар дэвсээд арын шилийг нь хагалсан. ...” /2 хх 23-28/ гэж хэргийн нөхцөл байдлын талаар удаа дараа тодорхой мэдүүлжээ.

Гэтэл прокуророос уг үйлдлийг зөвхөн О.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн бөгөөд Б.Б-д хохирол учруулсан гэмт үйлдэлд Ш.А, Б.Э нар оролцсон эсэх, тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэв.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Х.Эрдэнэтуяагаас “... О.О нь хохирогч Б.Б-г мөрлөж, Ш.А нь гар утсан дээр нь гишгэж, эд хөрөнгийг гэмтээсэн. ... Ш.А-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, яллагдагчаар татах үндэслэлтэй байсан хэдий ч тэрээр нас барсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул яллагдагчаар татаагүй. ...” гэсэн тайлбар гаргасныг үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрөл болон хэмжээтэйгээр хуульчлагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй байхаар заажээ.  

Гэтэл прокуророос “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүйн гадна Ш.А-г энэ гэмт хэрэгт холбогдуулан шалгасан болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан бүхий л ажиллагаануудыг хийсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.