Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01592

 

“М К”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00796 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1251 дүгээр магадлалтай,

“М К”ХХК-ний нэхэмжлэлтэй

Г.Нд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 17 250 840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Нгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цолмонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.Н нь ”М К”ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй зээлж авсан. Энэхүү зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 3 600 000 төгрөг нийт 23 600 000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дотор төлөх байсан боловч уг үүргээ бүрэн гүйцэтгээгүй байна. Тодруулбал, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 7 627 000 төгрөг буцаан төлж үүнээс хойш ямар ч төлөлт хийгээгүй. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13 533 000 төгрөг, хүү 2 440 000 төгрөг, уг зээлийн төлбөрийг төлөлгүй 2018 оны 01 дүгээр сарын 09-нөөс 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 16 хоногийн хугацаа хэтрүүлсний алданги 1 277 840 төгрөг, нийт 17 250 840 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгчид зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг удаа дараа сануулж, шаардаж ирсэн боловч хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Г.Нгээс 17 250 840 төгрөгийг гаргуулж ”М К”ХХК-д олгож өгнө үү. Хариуцагч төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасны дагуу Бараа материалын жагсаалтад дурдсан бараа материал, түүнээс олсон орлого зэрэг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Н нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20 000 000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулагдсан.Зээлийг бодсон аргачлалыг харсан, зөв шаардсан байсан. Барьцааны гэрээгээр дэлгүүрийн бараа, орлогыг барьцаалсан байдаг. Хариуцагч нь одоо дэлгүүрээ ажиллуулж байгаа боловч орлого нь ихээхэн муудаж, дэлгүүрийн үйл ажиллагаа нь доголдож байгаа гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00796 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Г.Нгээс 17 250 840 төгрөгийг гаргуулж ”М К”ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Н нь зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох дэлгүүрийн бараа, түүнийг худалдсанаас олсон орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ”М К”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 410 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Нгээс 314 410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”М К”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1251 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00796 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Н хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 сарын 28- ны өдрийн Дугаар 1251 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна. “М К”ХХК-ний зээлийн үүрэгт 17.250.840 төгрөг гаргуулах нэхэмжлэлд Г.Н миний бие хариуцагчаар оролцсон билээ. 2018 оны 1 сарын 7-ны өдөр мини кредитэд зээлийн буцаалт гэж 3.000.000 төгрөг өгсөн байснаа итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө хэлээгүй орхигдуулсан байсны улмаас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ. Давж заалдах шатны шүүхэд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч хурлаасаа хоцорсон тул амжиж оролцож чадаагүй. Хурлын товыг 7 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ үү. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 сарын 28-ны өдрийн 1251 тоот магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж мини кредитийн нэхэмжилсэн 17.250.840 төгрөгөөс 3.000.000 төгрөг хасуулах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх “М К”ХХКомпанийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан, зохигчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадсан байна.

Харин хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, уг алдааг зөвтгөх боломжтой байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгч “М К”ХХК нь хариуцагч Г.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 250 840 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон бусад хөрөнгөөс хангуулах хоёр шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч зээл төлөхийг маргаагүй боловч, барьцааны зүйл болох дэлгүүрийн бараа, орлого муудаж доголдсон гэснээс гадна 3 000 000 төгрөг төлснийг орхигдуулсан байна гэж давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурьджээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигч талуудын байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн гэрээг зээлийн гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсгийг зөрчсөн байна. Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага бүрийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг  хийж чадаагүй байв.

Улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл “М К”ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, уг үйл ажиллагааны хүрээнд Г.Нтэй гэрээ байгуулж, дэлгүүрийн бараа, олох орлогыг барьцаалжээ.

Иргэний хуульд зээлдүүлэгч буюу субьектээс нь хамаарч зээлийн гэрээний төрлийг тодорхойлсон байдаг ба барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн харилцааг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан байна. Барьцаалан зээлдэх газар болох “М К”ХХК нь Г.Нд зээл олгох, зээлийн үүргийг хангуулахаар хөдлөх хөрөнгө барьцаалж, зээлийг хүүг тохирч, гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй, гэрээ хүчин төгөлдөр тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй юм.

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох харилцааны бусад зээлийн гэрээний төрлөөс ялгагдах гол шинж нь барьцаалан зээлдэх газар нь зээлдэгчид зээл олгох, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулах, зээлдэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг хуульд заасан журмаар худалдан борлуулж, үүргийг хангуулдаг онцлогтой байдаг. Барьцааны зүйл нь хөдлөх хөрөнгө, ирээдүйд бий болох хөрөнгө байж болох боловч барьцаалан зээлдүүлэх газрын хувьд барьцааны зүйл нь тодорхой, биет хөдлөх эд хөрөнгө байх ёстой байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-т “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй.”, 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.” гэж тус тус зааснаас үзвэл барьцааны зүйл нь барьцаалан зээлдэх газрын эзэмшилд байх, эзэмшилдээ байлгаж байгаа  учир өөрөө худалдан борлуулж үүргийг хангуулах боломжтой байдаг байна.

“М К”ХХКомпанийн барьцаалсан хөрөнгө нь түүний мэдэлд байхгүйгээс гадна дэлгүүрийн бараа, орлого нь бодитой, ямар хэмжээнд байгаа эсвэл байхгүй аль нь тодорхой бус байгаагаас үзэхэд хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд улмаар барьцаалан зээлдүүлэх газрын хуульд заасан үйл ажиллагааны зарчим алдагджээ. Барьцааны зүйл байхгүй болсноор барьцаалан зээлдүүлэх газар нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болжээ.

Иймд “М К”ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон бусад хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг нь хангах үндэслэлгүй болохыг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 286.1,286.3-т заасан зохицуулалтын дагуу дүгнэж чадаагүй тул зөвтгөх нь зүйтэй гэж үзэв. Барьцаалан зээлдүүлэх газар нь зээлдэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулдаг хуулиар тогтоосон журамтай тул барьцааны зүйл байхгүй тохиолдолд  үүрэг хангагдах боломжгүй, алданги тооцох үндэслэлгүй байна.

Хариуцагч Д.Ннь 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 90 хоногийн хугацаагаар  зээлж авсан, буцааж 7 627 000 төгрөгийг төлсөн, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь тогтоогджээ.

Гэрээний дагуу үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 3 600 000 төгрөг, нийт 23 600 000 төгрөгийн үүргээс хариуцагчийн төлсөн 7 627 000 төгрөгийг хасч, хариуцагчаас 15 973 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, харин барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагчийн хяналтын гомдолд дурдсан 3 000 000 төгрөгийг хасуулахыг хүссэн  үндэслэл тогтоогдоогүй боловч гомдлын хүрээнд төлбөрийн хэмжээнээс хасагдаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж байгаа тул гомдлын зарим хэсгийг хангагдсан, хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1251 дүгээр магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00796 дугаар  шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2 дах хэсгийг баримтлан хариуцагч Д.Нгээс 15 973 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М К”ХХКомпанид олгож, нэхэмжлэлээс үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон бусад хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг хүчингүй болгож, 3 дах заалтад ...хариуцагч Д.Нгээс 314 410 төгрөгийг ...гэснийг хариуцагч Д.Нгээс 237 815 ...төгрөгийг” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. .

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА