Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02  сарын 27 өдөр                          

       2018/ДШМ/24                                                              Зуунмод

 

Б.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                      Х.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Л.Ганчимэг                                            

нарийн бичгийн дарга                                  А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолтой Б.Г-д холбогдох 1734000000077 дугаартай 1 хавтас 100 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр  сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Монгол улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Тамирчингийн 7-51 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Г /РД:УЧ00211912/.

 

 Өсвөр насны шүүгдэгч Б.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг Үдлэг гэх газар оршин суух иргэн Н.Тэмүүжингийн байшингийн цонхоор нэвтэрч, мөнгөн гинжтэй савхтай хэт хутга 1 ширхэг, боов чихэр зэргийг хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Г-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Г-г 01 /нэг/ жил 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 01 /нэг/ жил 15 /арван тав/ хоногийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,

Өсвөр насны шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг болохыг тус тус дурьдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ял эдлэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолж,

 Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдаж,

 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо: Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 05-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.1-р зүйлийн 1-т зааснаар давж заалдах гомдлыг гаргаж байна.

Үүнд:

1. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: Өсвөр насны шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялын доод хэмжээгээр оногдуулж мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж хянан шийдвэрлэлээ гэсэн атлаа хорих ялын доод хэмжээг 1 дахин багасгаж 1 жил 15 хоног хорих ял оногдуулж, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

2 Монгол улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2-т хорих ялын доод хэмжээг 2 жил байхаар хуульчилсан. Гэтэл шүүх хорих ялын доод хэмжээг оногдуулж ялыг 2 дахин багасгалаа гэсэн атлаа 1 жил 15 хоног хорих ял оногдуулсан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

3 Мөн шүүх хуралдааныг хаалттай явуулсан атлаа шүүх хуралдааныг нээгттэй явуулсан гэж шийтгэх тогтоол гаргасан байна.

 

4. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 18.2-р зүйлийн 1-д шүүх өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахдаа түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангана гэж заасан. Гэтэл хорих ялыг 2 дахин багасгах байтал 1 дахин багасгаж 1 жил 15 хоног хорих ял оногдуулж, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн байна. Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Г-т оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 8 5 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 дахин багасгаж эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө.” гэжээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх  хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г 2017 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг Үдлэг гэх газар оршин суух иргэн Н.Тэмүүжингийн байшингийн цонхоор нэвтэрч, мөнгөн гинжтэй савхтай хэт хутга 1 ширхэг, боов чихэр зэргийг хулгайлж, бусдад 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 - шүүгдэгч Б.Г-н : " ...би цонхоор ороод авдарных нь цоожийг гараараа татаад авдарнаас нь мөнгөн гэртэй хутга байсныг аваад цонхоор нь буцаад гарсан. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна"  /хх-34-35/ гэх мэдүүлэг,

 

            - хохирогч Н.Тэмүүжингийн: "..манай байшингийн цонхыг онгойлгоод авдранд байсан хэт хутга.чихэр боовыг нь авчихсан байсан. Цагаан мөнгөөр тоноглосон мөнгөн гинжтэй, савхтай хутга байсан, ойролцоогоор 6 лан мөнгө орсон юм. Авдарны цоожийг эвдээд авчихсан байсан”   /хх-14-15/  гэх мэдүүлэг,

 

- насанд хүрээгүй гэрч М.Содбаярын "...бид хоёрыг зооринд оруулж байгаад цагаан металл зүйлээр тоноглочихсон хутга үзүүлсэн манай өвөөгийн хутга байсан"  /хх-16 / гэх мэдүүлэг,

 

-  насанд хүрээгүй гэрч А.Тэмүүлэнгийн: "...маргааш өглөө нь босоод байж байтал Ганбаяр намайг ногоо хураадаг зоорь луу дуудаж оруулаад хутга үзүүлээд манай өвөөгийнх байгаа юм гэж байсан"  /хх-18/ гэх мэдүүлэг,

 

           -хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/, эд зүйлийн үнэлгээ  /хх-22/, шүүгдэгч Б.Г-н  насыг тоолсон тэмдэглэл /хх-38/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

 Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-г “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн  шийдвэрлэсэн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганчимэгийн “...шүүх Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг 2 дахин багасгаж шийдвэрлэлээ гэсэн атлаа 1 дахин багасгаж 1 жил 15 хоног хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ямар  ял оногдуулснаа шийтгэх тогтоолд заалгүйгээр “Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан...1 жил 15  хоногийн  хорих ялаар шийтгэсүгэй” гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Зүй нь шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйлд хэсэгт заасан хорих ялыг  Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар  оногдуулж, харин эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгана гэж ойлгоно.

Гэтэл шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ямар  ял оногдуулсанаа шийтгэх тогтоолд заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээг тусгана”, энэ хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд  дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 398 дугаар шийтгэх тогтоолд:

     а/.  - “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй”,

  -  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн  хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял эдлүүлсүгэй” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

  б/. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг хүчингүй болгосугай.

            в/. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “...01 /нэг/ жил 15 /арван тав/ хоногийн хорих ялыг” гэснийг “1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг” гэж өөрчилсүгэй.

 

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.         

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ

                                                                                   Г.БОЛОРМАА