Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 278

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт 6 дугаар хэсэг, 10 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, Совид овогт Бейсханы Сүнжидмаа /регистрийн дугаар МР87081200, утас 99461340/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр цэцэрлэгт холбогдох,

 

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай ” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Сүнжидмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Сүнжидмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээний болон ажлын байрны тодорхойлолтын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагт 11 дүгээр цэцэрлэгийн жижүүрийн ээлжинд гарсан юм. Манай ажилчид 17 цаг гээд тарцгаадаг. Би ажил авахаар ангиудаар орж яваад 17 цаг 20 минут орчимд 2 давхарын Батчимэг багшийн ангид орсон. Намайг ороход ангийн цонхон дээр 1 шил дарс 1 ууттай чихэр байсан. Би энэ юу юм бэ гэж асуутал эцэг эхчүүдийн бэлэг гэж хэлсэн. Тэр өдөр Батчимэг багшийн төрсөн өдөр байсан. Батчимэг болон туслах багш Буянзаяа бид хоёрт би энд дарс ууж болохгүй гэдгийг анхааруулж шаардлага тавиад өөрийн ажлын байрлуугаа буюу 1 давхарын жижүүрийн байрандаа очиж цэвэрлэгээ хийсэн. Намайг үүдний шал угаагаад байж байхад нябо Балжинням 2 давхарын шатаар лаазтай пиво барьчихсан бууж ирсэн. Би юун пиво болохыг нь асуухад Батчимэг багш өгсөн  юм би хариад ууна гэж хэлсэн. Би зөрөөд 2 давхарт гарахад тогооч Сэржмаа бага бүлгийн ангид туслах багш Энхжаргалтай хамт лаазтай пиво ууж суусан тэд нарт шаардлага тавихад Сэржмаа эгч надад би боов боорцогоо хийчтхсэн тэгээд ч ажлын цаг дуусчихсан байна гэж хэлсэн. Би тэдэнд өөрийн тавих ёстой шаардлага тавьсан ажлын байранд байсан багш Батчимэг, туслах багш Ганчимэг, туслах багш Буянзаяа, багш Мөнхтуяа, туслах багш Батмаа, туслах тогооч Соёлзул, үйлчлэгч Тунгалагтамир, нярав Ариунбилэг зэрэг эдгээр хүмүүс цуваад тарж явцгааж байсан.

Хамгийн сүүлд нябо Балжинням, тогооч Сэржмаа, эмч Батцэцэг нар гарч явсан, туслах багш Энхжаргал нөхрөө хүлээгээд хоёр хүүхэдтэйгээ үүдний коридорт  үлдсэн юм. Архидалт болоогүй болохоор би тэдний үйл ажиллагааг ноцтой зүйл болсон гэж үзээгүй. Тэгээд маргааш өглөө 8 цагт ажлаасаа буухдаа радортын дэвтэр дээр бичигдээгүй нь үнэн тэнд архи  ууж архидалт болоогүй, урд нь багш нарын баяр эрхлэгчийн төрсөн өдөр зэргээр бид бас дарс задалж ууж байсан болохоор ийм ноцтой зүйл болно гэж бодоогүй.  Би хамт олныхоо эв нэгдэл нэр төрийг бодож өглөө эрхлэгчид орж хэлээгүй, болгоомжилсон болно. Тэгтэл эрхлэгч Соёлмаа нь байгууллага дээр архидалт явуулсан намайг оролцсон гэж үзэж үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой байна. Харин эрхлэгч Соёлмаа нь байгууллагын итгэлийг эвдэж өмч хөрөнгийн талаар удаа дараа зөрчил гаргасан байсныг тооллогын комисст орж явсны хувьд би сайн мэднэ. Шүүхэд энэ талаар гэрчлэх болно. Иймд намайг тус цэцэрлэгийн жижүүрийн үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халсан Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө  ” гэв. 

 

Хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр цэцэрлэг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Уг байгууллагын манаач Б.Сүнжидмаа нь 2015 оны 09 дүгээр сард ажилд орж манйа байгууллагын манаачаар ажиллаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой Б.Сүнжидмаа нь манаатай байх хугацаандаа согтууруулах ундаа авч орж ирснийг мэдсээр байж  дотогш нэвтрүүлж, ажилчдыг өөрөө дуудан ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрч рапортын дэвтэрт бичиж тэмдэглээгүй удирдлагад мэдээлээгүй, гарсан зөрчлийг нуун дарагдуулж удаа дараа зөрчил гаргаж ажилдаа хариуцлагагүй ажиллаж байсан болно.

Мөн Б.Сүнжидмаа нь ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журмыг зөрчсөн хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж удаа дараалан зөрчил гарган хөдөлмөрийн сахилгын шийтгэл 2016 оны 01 дүгээр сарын 22-ны эрхлэгчийн А/02 тоот тушаалаар, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн эрхлэгчийн А/11 тоот тушаалаар тус тус сахилгын арга хэмжээ авагдаж байсан хариуцлагагүй ажилтан юм. Иймд Б.Сүнжидмааг СӨБ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, байгууллагын дотоод журмын 9.1 дэх заалт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны заасан заалтуудыг үндэслэн ажлаас халсан болно. Иймд Б.Сүнжидмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.                                

ҮНДЭСЛЭХ нь:

 

       Нэхэмжлэгч Б.Сүнжидмаа нь хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгт холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1,589,328 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно.

 Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч Б.Сүнжидмааг Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14 дугаартай тушаалаар Б.Сүнжидмааг манаачийн ажилд томилсон бөгөөд  тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/02 дугаартай тушаал, 2016 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн А/11 дугаартай тушаалаар тус тус Б.Сүнжидмаад сануулах сахилгын шийтгэл ноогдуулж,  2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар Б.Сүнжидмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, манаачийн ажлаас халаж шийдвэрлэжээ.

Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Соёлмаагийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/02 дугаартай тушаалаар “тус цэцэрлэгийн манаач ажилтай Б.Сүнжидмаа нь ажлын хариуцлага алдаж өөрийн гараан дээр байгууллагын хэрэглээний усыг дур мэдэн хулгайгаар бусдад ашиглуулж зөөвөрлөж байсныг тогооч болон бусад ажилчид нотлосон тул сануулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна” /хх-25/.

Нэхэмжлэгч Б.Сүнжидмаа нь шүүх хуралдаанд “...би 2016 оны 04 дүгээр сард тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Хишигсүрэнгээс зөвшөөрөл авч байгууллагаас 60 л ус авсан. Манайх гэр хороололд амьдардаг бөгөөд тухайн үед худаг хаачихсан байсан болохоор 1 л удаа эрхлэгчийн зөвшөөрөлтэйгээр байгууллагаас ус авсан. Тухайн үед намайг ус авч байхыг өмнөх эрхлэгч А.Соёлмаа нь нөхөрийн хамт явж байгаад харчихаад намайг байгууллагын ус хулгайласан эрхлэгчийн ажилд эргээд орчихоод арга хэмжээ авч ажлаас чинь хална гээд байсан... А/02 тушаал гарсныг би мэдээгүй, энэ тушаалыг эрхлэгч А.Соёлмаа нөхөж гаргасан гэж бодож байна...” гэсэн тайлбарыг гаргасан болно.

Дээрх 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/02 дугаартай тушаалд сахилгын шийтгэл ноогдуулсан үндэслэлээ “...манаач ажилтай Б.Сүнжидмаа нь ажлын хариуцлага алдаж өөрийн гараан дээр байгууллагын хэрэглээний усыг дур мэдэн хулгайгаар бусдад ашиглуулж зөөвөрлөж байсныг тогооч болон бусад ажилчид нотлосон...” гэсэн боловч уг үйл явдал хэзээ болсон нь тодорхойгүй, Б.Сүнжидмаа нь байгууллагын хэрэглээний усыг дур мэдэн хулгайлсан, бусдад ашиглууласан, зөвөрлөсөн үйлдэл гаргасан болон А/02 тушаалыг Б.Сүнжидмаад танилцуулсан эсэх нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байна.

Харин хэрэгт авагдсан гэрч Б.Батчимэгийн  “...2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эрхлэгч Хишигсүрэнг ажлын байран дээр нь байхад зөвшөөрөл аваад Б.Сүнжидмаа 60 литр ус авсан. Тэгсэн чинь эрхлэгч А.Соёлмаа нөхөртэйгөө ирж зураг аваад байгууллагын ус хулгай хийлээ хулгайч гэж доромжилсон. Хишигсүрэнтэйгээ нийлж хулгай хийлээ гэж хэлсэн... Ингээд эрхлэгч Соёлмаа нь 9 сард ажилдаа орж ирээд 4 сард ус авсан шалтгаанаар Б.Сүнжидмаа, Батчимэг хоёртой хамтарч ажиллаж чадахгүй ажлаас хална гэж дарамталж байсан...”гэсэн мэдүүлэгээр Б.Сүнжидмаа нь тухайн үед ажиллаж байсан эрхлэгч С.Хишигсүрэнгийн зөвшөөрлөөр цэцэрлэгээс 60 л ус авч байсан болох нь тогтоогдож байна.

Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Хишигсүрэнгийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/11 дугаартай тушаалаар “ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дахь заалт, 131 дүгээр зүйлийн 1.1 дахь заалт, Боловсрол Соёл Шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалын хавсралтын 2.1.6 дахь заалт, 11 дүгээр цэцэрлэгийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 11 дүгээр цэцэрлэгийн багш ажилчдын хөдөлмөрийн хамтын гэрээний 7 дугаар зүйлийн 4 дахь заалт, 11 дүгээр цэцэрлэгийн багш нарын ёс зүйн дүрмийн 2.1.6 дахь заалтыг үндэслэн ...11 дүгээр цэцэрлэгийн манаач Б.Сүнжидмаа нь 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдөр ажлын байранд ёс зүйн зөрчил гаргасан тул сануулах арга хэмжээ авч шийдвэрлэжээ” /хх-24/.

Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/11 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл авсан гэдгийг Б.Сүнжидмаа нь мэдсэн бөгөөд тэрээр уг тушаалд гомдол гаргаагүй хэдий ч дээрх эрхлэгчийн А/11 дугаартай тушаалд манаач Б.Сүнжидмаагийн ажлын байранд гаргасан ямар ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэл ноогдуулсан нь тодорхойгүй байна.

 

Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгчийн эрхлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар “ Монгол Улсын Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дах заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, цэцэрлэгийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 1 дэх заалт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан заалтуудыг тус тус үндэслэн Тушаах нь

Нэг. Тус цэцэрлэгийн манаач Бейсхан овогтой Сүнжидмаа нь манаатай байх үедээ багш Б.Батчимэг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж байсныг мэдэж байсан хэрнээ удирдлагад мэдээллээгүй нуун дарагдуулсан жижүүрийн рапортын дэвтрийг үнэн зөв хөтөлдөггүй зэрэг ноцтой зөрчил гаргасан тул 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халсугай” гэж шийдвэрлэжээ.

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т “ Эрхлэгч нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй”, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлана”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-т “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж болно”, гэж тус тус заажээ.

Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгчийн эрхлэгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай тушаалын үндэслэл болсон “Тус цэцэрлэгийн манаач Бейсхан овогтой Сүнжидмаа нь манаатай байх үедээ багш Б.Батчимэг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж байсныг мэдэж байсан хэрнээ удирдлагад мэдээллээгүй нуун дарагдуулсан жижүүрийн рапортын дэвтрийг үнэн зөв хөтөлдөггүй...” гэх үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл болохгүй болно.

 Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “Мөнгөн болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэдэгт ажил олгогчийн мэдлийн эд хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгох бөгөөд энэхүү албан тушаалны гаргасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэлхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх ёстой.

Иймд Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн манаачийн албан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “Мөнгөн болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэдэгт хамаарахгүй, мөн манаач Б.Сүнжидмаагийн гаргасан “...багш Б.Батчимэг ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэж байсныг мэдэж байсан хэрнээ удирдлагад мэдээллээгүй нуун дарагдуулсан жижүүрийн рапортын дэвтрийг үнэн зөв хөтөлдөггүй..” гэх үйлдэл нь мөн хуульд заасан “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” гэж үзэх үндэслэл болохгүй болно.

Иймд нэхэмжлэгч Б.Сүнжидмааг Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … олговор олгох … хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Сүнжидмаагийн ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дунджаас нэг өдөрт ногдох цалинг 20,328 төгрөг гэж тооцож, ажилгүй байсан буюу 2016 оны 12 дугаар сарын 01-нээс 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаа нийт 69 хоногийн цалин 1,402,632 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгээс гаргуулж, нэхэмжлэгч Б.Сүнжидмаад олгож, үлдэх 186,696 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Сүнжидмааг Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн манаачийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан  хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгээс 1,402,632 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Сүнжидмаад олгож, үлдэх 186,696 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгт даалгасугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 107,592 /37,392+70,200/  төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА