Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 67

 

Б.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00010/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 278 дугаар шийдвэртэй,

           Нэхэмжлэгч Совид овогт Б-ы С-гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгт холбогдох   

           “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” иргэний хэргийг

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.С-гаас:

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагт 11 дүгээр цэцэрлэгийн жижүүрийн ээлжинд гарсан юм. Манай ажилчид 17 цаг гээд тарцгаадаг. Би ажил авахаар ангиудаар орж яваад 17 цаг 20 минут орчимд 2 давхарын Батчимэг багшийн ангид орсон. Намайг ороход ангийн цонхон дээр 1 шил дарс 1 ууттай чихэр байсан. Би энэ юу юм бэ гэж асуутал эцэг эхчүүдийн бэлэг гэж хэлсэн. Тэр өдөр Батчимэг багшийн төрсөн өдөр байсан. Батчимэг болон туслах багш Буянзаяа бид хоёрт би энд дарс ууж болохгүй гэдгийг анхааруулж шаардлага тавиад өөрийн ажлын байрлуугаа буюу 1 давхарын жижүүрийн байрандаа очиж цэвэрлэгээ хийсэн. Намайг үүдний шал угаагаад байж байхад нябо Балжинням 2 давхарын шатаар лаазтай пиво барьчихсан бууж ирсэн. Би юун пиво болохыг нь асуухад Батчимэг багш өгсөн юм би хариад ууна гэж хэлсэн.

Би зөрөөд 2 давхарт гарахад тогооч Сэржмаа бага бүлгийн ангид туслах багш Энхжаргалтай хамт лаазтай пиво ууж суусан тэд нарт шаардлага тавихад Сэржмаа эгч надад би боов боорцогоо хийчихсэн тэгээд ч ажлын цаг дуусчихсан байна гэж хэлсэн. Би тэдэнд өөрийн тавих ёстой шаардлага тавьсан.

Тэгээд маргааш өглөө 8 цагт ажлаасаа буухдаа рапортын дэвтэр дээр бичээгүй нь үнэн тэнд архи ууж архидалт болоогүй, урд нь багш нарын баяр эрхлэгчийн төрсөн өдөр зэргээр бид бас дарс задалж ууж байсан болохоор ийм ноцтой зүйл болно гэж бодоогүй. Би хамт олныхоо эв нэгдэл нэр төрийг бодож өглөө эрхлэгчид орж хэлээгүй, болгоомжилсон болно. Тэгтэл эрхлэгч Соёлмаа нь байгууллага дээр архидалт явуулсан намайг оролцсон гэж үзэж үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой байна. Намайг тус цэцэрлэгийн жижүүрийн үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халсан Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр цэцэрлэг  болон хаиуцагчийн төлөөлөгчөөс:

Уг байгууллагын манаач Б.С- нь 2015 оны 09 дүгээр сард ажилд орж манйа байгууллагын манаачаар ажиллаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны орой Б.С- нь манаатай байх хугацаандаа согтууруулах ундаа авч орж ирснийг мэдсээр байж дотогш нэвтрүүлж, ажилчдыг өөрөө дуудан ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрч рапортын дэвтэрт бичиж тэмдэглээгүй удирдлагад мэдээлээгүй, гарсан зөрчлийг нуун дарагдуулж удаа дараа зөрчил гаргаж ажилдаа хариуцлагагүй ажиллаж байсан болно. Мөн Б.С- нь ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дотоод журмыг зөрчсөн хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж удаа дараалан зөрчил гарган хөдөлмөрийн сахилгын шийтгэл 2016 оны 01 дүгээр сарын 22-ны эрхлэгчийн А/02 тоот тушаалаар, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн эрхлэгчийн А/11 тоот тушаалаар тус тус сахилгын арга хэмжээ авагдаж байсан хариуцлагагүй ажилтан юм. Иймд Б.С-г СӨБ-ын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, байгууллагын дотоод журмын 9.1 дэх заалт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны заасан заалтуудыг үндэслэн ажлаас халсан болно. Иймд Б.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 278 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.С-г Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн манаачийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгээс 1,402,632 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож, үлдэх 186,696 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс  2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн  хураамж  төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг

дурдаж, хариуцагч Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 107,592 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга давж заалдсан гомдолдоо:

Б.С- нь удаа дараа сахилгын зөрчил гаргаж байсан. 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 тоот тушаалаар сануулах, 2016 оны 3  дугаар сарын 22-ны өдрийн А/11 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан. Цэцэрлэгчийн эрхлэгч Б.С-г байгууллагын  дотоод журам болон СӨБ тухай хууль, ажлын байрны тодорхойлолтонд зааснаар ажил үүргээ хангалтгүй биелүүлдгийг сануулдаг байсан. Гэвч дээрх зөрчил дутагдал арилгахгүй дахин дутагдал гаргаж байсан тул халсан юм. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв тал бүрээс нь хянаж шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч нь Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.   

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ...тухайн үед ажил дээр ноцтой зүйл болоогүй, намайг гаднаас архи оруулж цуг уусан, нуун дарагдуулсан, рапортын дэвтэр дээр бичээгүй” гэсэн үндэслэлээр ажлаас халсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч... хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлж, удаа дараалан сахилгын зөрчил  гаргаж арга хэмжээ авагдаж байсан учраас ажлаас халсан гэж  мэтгэлцсэн байна.  

          Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Б.С- нь 2015 оны  09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгт жижүүрээр ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтод эрхлэх ажлыг жижүүр гэж тодорхойлсон бөгөөд хэрэгт авагдсан тайлбарууд, ажлын нөхцлийг харгалзан үзвэл тэрээр ээлжинд гардаг жижүүрийн ажил үүрэг гүйцэтгэж байжээ. Ажил олгогч  2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. / х/х-ийн 4, 7 дугаар тал/

            Хариуцагч нь ажлаас халах үндэслэлээ  Б.С- нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/02 тоот тушаалаар хэрэглээний усыг дур мэдэн хулгайгаар бусдад ашиглуулж байсан гэсэн үндэслэлээр, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/11 тоот тушаалаар ажлын байранд ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр удаа дараалан сахилгын зөрчил гаргасан учраас ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа боловч Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн  2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 тоот “ажлаас халах тухай” тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтын хууль зүйн үндэслэлд  хариуцагчийн  татгалзал, тайлбар нийцээгүй байна./ х/х-ийн 24, 25 дугаар тал/

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.5-д “ажил олгогч нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд захиргааны санаачилгаар ажлаас халах” хуулийн зохицуулалт юм.

Гэтэл Б.С- нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий албан тушаалтан биш байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хөдөлмөрийн эрхийн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн нь зөв байна.

 Мөн шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын  дундаж  цалин хөлсөөр тооцож  ажилгүй байсан хугацаанд  бодож нийт   2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс  2017 оны 03 дугаар сарын 10-н хүртэл  / 20.328 нэг өдөрт ногдох цалин х 69 хоног = 1.402.632 / төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцжээ.

 Хариуцагчийн давж заалдсан гомдолд ажилтан нь удаа дараа сахилгын зөрчил гаргаж байсан түүнд арга хэмжээ авч байсан тушаалуудыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй гэсэн  үндэслэл нь дээр дурдсанчлан ажлаас халах хууль зүйн үндэслэл болохгүй боловч дээрх арга хэмжээнүүдийг сахилгын ямар зөрчилд, хэрхэн яаж оногдуулсан энэ талаар хэлэлцэж байсан хурлын тэмдэглэл болон ажилтанд арга хэмжээ авсан тушаалыг танилцуулж байсан эсэх асуудал нь тодорхой бус байгаа нь Хөдөлмөрийн  болон Төрийн албаны тухай хуулийн  төрийн албаны үйл ажиллагаа ил тод байх зарчим, ажилтан ажил олгогчийн шийдвэрт гомдол гаргах эрхийг хангаагүй  байгааг тэмдэглэвэл зохино.

 Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хэвээр үлдээж  харин ажил олгогч ажилтныг ажлаас халсан тушаалдаа жижүүрийн ажлыг хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтын дагуу гүйцэтгэж байсан ажилтныг манаачийн ажлаас халсан байх тул ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, шийдвэрийн тогтоох хэсэгт жижүүр гэж нэмэлт оруулах нь зөв гэж үзлээ.

 Хариуцагч байгууллагаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 278 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын: 

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.С-г Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн манаачийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэснийг

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай “ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, Б.С-г Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн жижүүрийн  /манаач/-ийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэсэн өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

          3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА           

                                                ШҮҮГЧИД                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                       О.НАРАНГЭРЭЛ