Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2018/ДШМ/19

 

 

 

 

 

2018 оны 02  сарын 27 өдөр                          

       2018/ДШМ/19                                                              Зуунмод

 

Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь даргалж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан,Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                  Г.Энхмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Ц.Раашзэвэг

Хохирогчийн өмгөөлөгч                                    Д.Бум-Аюуш

Нарийн бичгийн дарга                                         А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 389 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Б-д холбогдох 1734000000094 дугаартай 1 хавтас 91 хуудас бүхий эрүүгийн хэргийг  хохирогчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн. хэрэг хариуцах чадвартай, Б.Б , /рд:ЧК84060812/.

 

Яллагдагч Б.Б нь согтуугаар Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг Холбоогийн ар гэх газарт 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр В.Түмэн-Өлзийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2017 оны 11 сарын 06-ны өдөр 272 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 389 дугаар шүүхийн тогтоолоор: 

Шүүгдэгч Б.Б г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б  торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

 Шүүгдэгч Б.Б  цагдан хоригдсон хоноггүйг. хохирогч В.Түмэн-Өлзийд эмчилгээний зардалд 1.112.100 /нэг сая нэг зуун арван хоёр мянга нэг зуу/ төгрөг төлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б гаас 135.450 /нэг зуун гучин таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч НФ61032511 дугаарын регистртэй, Баргилт овгийн Ванчинсүрэнгийн Түмэн-Өлзийд олгож,

Хохирогч В.Түмэн-Өлзий нь авах ёстой байсан цалин хөлс 5.000.000 /таван сая/ төгрөг нэхэмжилснийг энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа тус тус бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг, мөн өмгөөллийн хөлс 800.000 /найман зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 Хохирогч В.Түмэн-Өлзийгийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш нь давж заалдах гомдолдоо: В.Түмэн-Өлзий нь 2017 оны 09-р сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг Холбоогийн ар гэх газарт Б.Б д зодуулж, эрүүл мэнддээ хүндэвтэр хохирол авсан болно.

Шийтгэх тогтоолтой танилцаад өмгөөлөгч миний бие нь дараах гомдлыг гаргаж байна.

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 29-нийөдөр 390 дугаартай шийтгэх тогтоол 5-р тал буюу ТОГТООХ нь хэсэгт “мөн өмгөөллийн хөлс 800 000 /найман зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдсугай" гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл 2.3, 2.4. 36.8 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс хэрэгсэхгүй болгож байгаа бол хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ заавал дурдах ёстойгоор хуульчилсан байна. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал болох хохирогчийн өмгөөлөгчийн зардлыг ямар хуулийн ямар зүйл, ямар ундэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар дурдаагүйгээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2-р зүйлийн 1-т хохирогч нь өөрийгөө өмгөөлөх. өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж заасан төдийгүй мөн хуулийн 11.4-р зүйлийн 1.1 -т хохирогч түүний өмгөөлөгчид төлөх зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд багтаж мөн хуулийн 11.6 дугаар зүйл 1-т заасны дагуу холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэнэ гэж тодорхой заасан байхад хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр ямар ч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2. 1.3-1 заасан үндэслэлүүд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн өмгөөлөгчийн хөлстэй холбоотой хэсгийг олгохоор шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж егнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Төв аймгийн Прокурорын газраас Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2017 оны 11 сарын 06-ны өдөр 272 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг Холбоогийн ар гэх газарт 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр В.Түмэн-Өлзийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

- хохирогч В.Түмэн-Өлзийгийн: “...Анхаа Б.Б  2-ыг салгах гэтэл Б.Б  хайруулын тавгаар миний нүүрэн тус газар 1 удаа цохиод, би газар унасан чинь баруун эгэм мөр хавьцаа өшиглөсөн” /хх-3-5/ гэх,

 

- гэрч Г.Отгонжаргалын: “...Анхбаатарыг ширээн дээр хөлөө тавьсан гээд Б.Б  зодсон чинь Түмэн-Өлзий ах “чи яагаад хүн зодоод байгаа юм бэ” гэтэл Б.Б  "чамд хамаагүй” гээд хайруулын тавгаар Түмэн-Өлзий ахын нүүрэнд нэг удаа цохисон. Түмэн-Өлзий ахыг газарт унахад Б.Б  цээж рүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн” /хх-8-9/ гэх,

 

            - шүүгдэгч Б.Батсайханы: “...ажилчдын вагончикт бүгдээрээ архи уугаад, Анхбаяртай маргалдаж байхад Түмэн-Өлзий ах дундуур орж ирээд харуулын тавгаар нүүрэн тус газар нь цохисон” гэх,

- Түмэн-Өлзийгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан талаарх  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12199 дүгнэлт /хх-14/ болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Өмгөөлөгчийн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд багтаж байгаа хэдий ч мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батлахаар хуульчлагджээ.

Өмгөөлөгч Д.Бум-Аюуш нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр хохирогч В.Түмэн-Өлзийд эрх зүйн туслалцаа үзүүлж ажилласан зардлаа нэхэмжилснийг гэмт хэргийн улмаас гарах зайлшгүй зардалд тооцох үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Б.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хэрэгт авагдаагүй, яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд Б.Б г “ял шийтгэлгүй” гэсэн байх боловч хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагаас авсан лавлагааны ял шийтгэлийн  дэлгэрэнгүй мэдээлэлд “07.4.19 СХД шүүх 215-2. 1 ж тэнсэв” /хх-24/ гэсэн байна.

Үүнээс үзвэл Б.Б урьд ял шийтгүүлсэн байх боловч энэ нь тухайн хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлөхгүй гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-дзаасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн “өмгөөллийн хөлс 800.000 төгрөг гаргуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ТЭГШСУУРЬ

                                          ШҮҮГЧИД                          Н.БАТСАЙХАН

                                                                                     Г.БОЛОРМАА