Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/389

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2017              11             23                                               2017/ШЦТ/378                               

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,

улсын яллагч Г.Энхмаа ,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Рашзэвэг,

хохирогч В.Түмэн-Өлзий, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Б.Бд холбогдох эрүүгийн 1734000000049 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Т овгийн Б.Б,

 

Холбогдсон хэргийн талаар

                             /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Б.Б нь согтуугаар Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг Холбоогийн ар гэх газарт 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр В.Түмэн-Өлзийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос  

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Б:

2017 оны 9 сарын 22-ны өдөр Холбооны ар гэх газар ажилчдын вагончик дотор бүгдээрээ архи уугаад Анхбаяртай маргалдаад байж байхад Түмэн-Өлзий ах дундуур орж ирээд харуулын тавгаар нүүр нь тус газар нь цохисон гэв.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч В.Түмэн-Өлзийгийн:

2017 оны 9 сарын 20-ны өдөр манай компани тариандаа гарсан. Тэгээд агаарын саатал болоод ганц шил архи уугаад байж байгаад Анхаа Базаррагчаа 2-ыг салгах гэтэл намайг хайруулын тавгаар цохиод би газар унасан чинь шүүгдэгч намайг өшиглөсөн. Би Базаррагчааг ирэх байх гэж 4 хоног харсан. Энэ талаараа нуугаад надаас уучлалт гуйх байх гэж бодсон боловч ирээгүй өөрөө хот яваад өгсөн байсан. Тэгээд сүүлдээ би гараа даахаа болиод өөрөө эмнэлэгт үзүүлээд Мөнгөн гүүр эмнэлэгт 5 өдөр хэвтсэн. Тэрний  мөнгийг Базаррагчаа төлсөн. Миний хацарт хурсан цусыг хагалж авна гэж байснаа маргааш нь Базаррагчаагийн эхнэр нь ирж эмчдээ уулзаад болиулчихсан. Одоо болтол өвдөөд байгаа. Би улсын аварга тариаланч хүн. Би оюутантай, би ажлаа хийгээд 1 жилд 5.000.000 төгрөг олдог хүн. Би өмнө нь өвчин ярьдаггүй байсан хүн толгой өвддөг, даралт ихдээд байдаг болсон. Би Базаррагчаад ахынхаа намрын цалин болох 5.000.000 төгрөг өгчих гэсэн боловч 500.000 төгрөг өгч байна. Миний эгэм хугарсан жоохон гомдолтой байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан нотлох баримтууд

2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч В.Түмэн-Өлзийгийн:

“...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг Холбооны ар гэх газар тариа хураалт болох ажил дээрээ Вагончиг дотор байж байтал манай ажилтан Анхбаатар хөлөө ширээн дээр тавьтал Базаррагчаа чи миний эгчийн ширээн дээр хөлөө тавьдаг хэн юм гээд уурлаад зодохоор нь би чи болио яагаад хүн зодоод байгаа юм бэ гэтэл Базаррагчаа гал тогооноос хайруулын таваг баруун  гартаа барьж байгаад миний нүүрэн тус газар нэг удаа цохитол би газар шалан дээр унасан чинь баруун хөлөөрөө миний баруун эгэм, мөр хавьцаа нэг удаа өшиглөсөн. Тухайн үед хажууд байсан Анхбаатар, Отгоо, Гантөмөр, Батхуяг нар хориод салгасан...” /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

 

2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Г.Отгонжаргалын:

“...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг Холбооны ар гэх газар тариан талбай дээр вагончин дотор би хоол хийгээд Базаррагчаа, Анхбаатар, Түмэн-Өлзий, Батхуяг, Гантөмөр бид нар байж байтал Анхбаатар ширээн дээр хөлөө тавьсан гээд Базаррагчаа зодсон чинь Түмэн-Өлзий ах унтаж байгаад босч ирээд чи яагаад хүн зодоод байгаа юм бэ гэтэл Базаррагчаа “чамд хамаагүй гээд гал тогооны өрөөнд байсан хайруулын  тавгыг аваад баруун гараараа барьж байгаад Түмэн-Өлзий ахын нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Түмэн-Өлзий ахыг газарт унахад Базаррагчаа цээж рүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Батхуяг босч ирээд Базаррагчааг гадаа аваад гарсан. Түүнээс хойш Базаррагчаа Түмэн-Өлзийг дахиж зодоогүй...” /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Д.Анхбаатарын:

“....2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цагийн үед би Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг тариан талбай дээр воганчиг дотор эхнэр Отгонжаргал, Базаррагчаа, Батхуяг, Гантөмөр, Түмэн-Өлзий нарын хамт байж байгаад ширээн дээр хөлөө тавьтал Базаррагчаа чи миний эгчийн ширээн дээр хөлөө яагаад тавиад байгаа юм бэ гээд намайг баруун гараараа нүүрэн тус газарт цохихоор нь би нүүрээ дараад хэвтээд өгсөн. Тухайн үед би их согтуу байсан болохоор Түмэн-Өлзий ахыг Базаррагчаа нь яаж зодсон талаар мэдэхгүй байна...” /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

 

2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Ж.Гантөмөрийн:

“...Би 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг Холбооны ар гэх газарт байдаг талбай дээр ажилчдын байрладаг байранд 18 цагийн үед унтаж байсан чинь Базаррагчаа, Түмэн-Өлзий ах нар чанга, чанга хоорондоо хэрэлдээд байсан. Би босоод иртэл тэр хоёр хоорондоо зодолдсон юм шиг байсан. Түмэн-Өлзий ахын нүүр нь хавдсан байсан...” /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

2.5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12199 дугаартай дүгнэлтэд:

Түмэн-Өлзийгийн биед тархи доргилт, эгэм, өвчүү ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар, цээж, баруун чихний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-ийн 14 дүгээр хуудас/,

2.6. Мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар мэдүүсэн Б.Бгийн:

“...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг Холбооны ар гэх газар ногоон талбай дээр байж байхад цас ороод агаарын нөхцөл байдал өөрчлөгдөөд манай талбай дээрх ажил зогссон. Манай талбайн ажилчид ажил зогслоо гээд унтаж амардаг вагончиг дотроо Түмэн-Өлзий, Анхбаяр, Батхуяг бид нар 0.75 литрийн архи, нэг шил 0.5 литрийн архи хувааж уусан. Би эхлээд Анхбаяртай хоол иддэг ширээн дээрээ хөлөө тавилаа гээд маргалдаж барьцалдаад авсан. Тэгтэл Түмэн-Өлзий ах дундуур орж ирээд салгах гэж байгаад цохиулсан юм шиг байна лээ. Энэ талаар би сайн санахгүй байгаа. Би Түмэн-Өлзий ахыг хайруулын тавгаар цохиж унагаасан гэсэн. Би өөрөө энэ талаар мэдэхгүй байна. Эмчилгээний зардлыг төлж барагдуулна...” /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд

3.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

3.2. Хохирогч В.Түмэн-Өлзийгийн хохирлын баримтууд /хх-ийн 29-30 дугаар хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн нутаг “Холбоогийн ар” гэх газарт В.Түмэн-Өлзийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, эгэм, өвчүү ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, баруун хацар, цээж, баруун чихний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

хохирогч В.Түмэн-Өлзийгийн...Базаррагчаа гал тогооноос хайруулын таваг баруун  гартаа барьж байгаад миний нүүрэн тус газар нэг удаа цохитол би газар шалан дээр унасан чинь баруун хөлөөрөө миний баруун эгэм, мөр хавьцаа нэг удаа өшиглөсөн...

гэрч Г.Отгонжаргалын...Базаррагчаа “чамд хамаагүй гээд гал тогооны өрөөнд байсан хайруулын  тавгыг аваад баруун гараараа барьж байгаад Түмэн-Өлзий ахын нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Түмэн-Өлзий ахыг газарт унахад Базаррагчаа цээж рүү нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...

гэрч Д.Анхбаярын...тухайн үед би их согтуу байсан болохоор Түмэн-Өлзий ахыг Базаррагчаа нь яаж зодсон талаар мэдэхгүй байна...

насанд хүрээгүй гэрч Ж.Анхбаярын...унтаж байсан чинь Базаррагчаа, Түмэн-Өлзий ах нар чанга, чанга хоорондоо хэрэлдээд байсан. Би босоод иртэл тэр хоёр хоорондоо зодолдсон юм шиг байсан. Түмэн-Өлзий ахын нүүр нь хавдсан байсан...гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12199 дугаартай дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин шүүх Б.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.Түмэн-Өлзий, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нар нь эмчилгээний зардал 581.950 төгрөг, өмгөөллийн хөлс 800.000 төгрөг, авах ёстой байсан цалин 5.000.000 төгрөг, нийт 6.381.950 төгрөг нэхэмжилсэн.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч В.Түмэн-Өлзийд эмчилгээний зардалд болон цалин гэж нийт 1.112.100 төгрөгийг төлсөн байна.  

 

Шүүгдэгч Б.Б нь хавтаст хэрэгт баримтаар авагдсан эмчилгээний зардал болох 665.600 төгрөгөөс 612.100 төгрөгийг төлсөн, үүний зөрүү 53.500 төгрөг,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчид цалин гэж 500.000 төгрөг төлсөн байх бөгөөд уг 500.000 төгрөгийг нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эмчилгээний зардал болох 581.950 төгрөгөөс 500.000 төгрөгийг төлсөн гэж тооцон хасаж, үүний зөрүү 81.950 төгрөг, нийт 135.450 төгрөгийг шүүгдэгч Б.Бгаас гаргуулан хохирогч В.Түмэн-Өлзийд олгохыг,

Харин авах ёстой байсан цалин хөлс 5.000.000 төгрөг нэхэмжилсэнийг энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа тус тус бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

Түүнчлэн өмгөөллийн хөлс 800.000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгосныг,

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч В.Түмэн-Өлзийд эмчилгээний зардалд 1.112.100 төгрөг төлсөнийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6.,

36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,

38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн Б.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Шүүгдэгч Т овгийн Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т овгийн Б.Б цагдан хоригдсон хоноггүйг, хохирогч В.Түмэн-Өлзийд эмчилгээний зардалд 1.112.100 /нэг сая нэг зуун арван хоёр мянга нэг зуу/ төгрөг төлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн Б.Бгаас 135.450 /нэг зуун гучин таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч дугаарын регистртэй, Б овгийн В.Тд олгосугай.

 

7. Хохирогч В.Түмэн-Өлзий нь авах ёстой байсан цалин хөлс 5.000.000 /таван сая/ төгрөг нэхэмжилсэнийг энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа тус тус бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

мөн өмгөөллийн хөлс 800.000 /найман зуун мянга/ төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдсугай.

 

            8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т овгийн Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН