| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандашийн Амарсанаа |
| Хэргийн индекс | 135/2016/01769/и |
| Дугаар | 54 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 54
ХААН банкны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2016/01769/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 186 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Боржигон овогтой Л-гийн Б-д холбогдох
“Зээлийн гэрээ хугацаанаас өмнө цуцалж, 16.280.580.97 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн
2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарын захирал С.Энхсувд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох нараас:
Л.Б- нь тус банкны Орхон жимс ногооны салбараас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ/548 тоот гэрээ байгуулж 18.191.986 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан. Гэтэл зээлдэгч нь зээлсэн зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 2.970.899,54 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.834.790,50 төгрөг нийт 4.805.690,04 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн байна. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/548 тоот зээлийн гэрээг цуцлах, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн үндсэн зээлийн төлбөр 15.221.086,02, зээлийн хүүгийн төлбөр 1.052.012,70, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7482,24, нотариатын үйлчилгээний төлбөр 770,00 төгрөг нийт 16.280.580,97 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Л.Б-аас:
Манайх 0,5 га газар түрээслэж ногоо тарьдаг бөгөөд Хаан банкнаас жил бүр 3.000.000 төгрөгийн зээл авдаг. 2016 оны 01 дүгээр сарын 14-нд ээжийн дүү Орхон сумын хүн эмнэлгийн эрхлэгч их эмч Р.Оюунхүү утсаар ярьж банкин дээр ирж цалингийн зээл дээр хоёр гарын үсэг зураад өгөөч гэж хэлсэн. Би очиж гарын үсэг зурсан. Миний хувьд 15.000.000 төгрөг төлөхөд хэцүү Хаан банкнаас авсан өөрийн зээлээ чадан ядан төлдөг. Манай эгч 15.000.000 төгрөгийг амьдралдаа 10 гаруй жил хэрэглэж байна. Тиймээс 2 жилийн дараа эгч тэтгэвэртээ гарахаар цалингийн зээлээ эргүүлж төлнө гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнээс:
2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Л.Б-ы ээжийн дүү нас барсан бөгөөд өмнө зээл авч байх үед төрсөн дүү Р.Оюунхүү хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурдаг байсан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг авахад хариуцагч зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээлийн гэрээний 7.1.3-д зааснаар зээлийн гэрээ 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болох байсан. Зээлийн гэрээгээр 5.000.000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байхад 18.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Энэхүү гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 186 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар, хариуцагч Л.Б- нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Л.Б-аас 16.280.580,97 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1
60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240.123 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210.123 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүйн дээр хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ өмнө нь байгуулсан зээлийн гэрээнүүд хүчингүй болсон яагаад хүчингүй болсон талаар талийгаачийн зээлийн үлдэгдлийг хэн хариуцаж төлөх байсан болон хэрвээ хүчинтэй үргэлжилж байсан бол тухай үед хамтран хариуцагчаар гэрээнд гарын үсэг зурсан Р.Оюунхүү хариуцлага хүлээх ёстой эсэх тал дээр тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн шаардсан зээлийн гэрээ хугацаанаас өмнө цуцалж, 16.280.580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байх тул уг шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг бодитой тогтоож, дүгнэлт хийж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Давж заалдах шатны шүүх хэргийн болсон үйл явдал, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.
Хэрэгт хариуцагчаар татагдан оролцож буй Л.Б- ХААН банкны Орхон жимс ногоо тооцооны төвтэй Р.Оюунхүүгийн байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ/548 тоот барьцаат зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх бөгөөд уг гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 13.191.986 төгрөг дээр нэмж 5.000.000 төгрөг зээлсэн болох нь хэргийн 9 дүгээр талд авагдсан барьцаат зээлийн гэрээний 2.1.1.2 дэх заалтаар нотлогдоно.
Энэхүү гэрээний үндсэн зээлдэгч Р.Оюунхүү өмнө нь тус тооцооны төвөөс 3 удаа буюу анх 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 14.500.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 4.000.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай тус тус гэрээ байгуулан зээлсэн байх бөгөөд эдгээр зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр Р.Оюун оролцож гэрээнд гарын үсгээ зурсан болох нь зээлийн гэрээнүүдээр тогтоогдож байна.
Эдгээр гэрээг байгуулахдаа өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл дээр шинээр олгож буй зээлийг нэмж, зээл буцаан төлөх хуваарийг тухай бүр нь шинэчлэн өөрчилж байжээ.
Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээнүүд нь банкнаас нэг загвараар хийгдсэн стандарт гэрээнүүд байх бөгөөд өмнөх гэрээнүүдийн хугацаа, өөрөөр хэлбэл өмнөх гэрээнүүдийн үүрэг дуусгавар болоогүй байхад дахин нэмж зээлийн гэрээ байгуулж байсан.
Гэрээний гол нөхцлийн талаар хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Б- ойлгоогүй, өөрөөр хэлбэл зөвхөн сүүлчийн гэрээгээр нэмж зээлж буй 5.000.000 төгрөгийн зээлд хамтран зээлдэгч гэж ойлгон гэрээнд гарын үсэг зурсан гэж хариуцагчийн тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй.
Үндсэн зээлдэгч Р.Оюунхүү 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нас барсан бөгөөд үүргийн гүйцэтгэл нь дуусгавар болоогүй гэрээнүүдийн нийлбэрээс төлөх төлбөрийг нэхэмжилж байгаа тохиолдолд өмнө нь хийгдсэн 3 удаагийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон Р.Оюун зээлдүүлэгчийн өмнө ямар хариуцлага хэрхэн хүлээх нь тодорхойгүй.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч Р.Оюуныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах боломжтой байхад оролцуулахгүй хэргийг шийвэрлэсэн нь учир дутагдалтай.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 186 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Л.Б-аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.360 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД С.ОЮУНЦЭЦЭГ
Л.АМАРСАНАА