Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01258

 

Х банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 24 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Х банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Б, Р.О нарт холбогдох,

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 18 596 405,42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлмаагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, хариуцагч Р.О, хариуцагч Л.Б-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Л.Б, нь тус банкны Орхон жимс ногоо тооцооны төвөөс 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ/548 тоот гэрээ байгуулж 18 191 986 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 2 970 899,54 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 834 790,50 төгрөг нийт 4 805 690,04 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

Иймд 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Г/548 тоот зээлийн гэрээг цуцлах, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр гаргуулах, үндсэн зээлийн төлбөр 15 221 086,02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 052 012,70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7 482.24 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 770.00 төгрөг нийт 16 280 580,97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Б-аас зээлийн төлбөрийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээлдэгч нас барсантай холбоотойгоор тухайн барьцаат зээлийн гэрээнүүдэд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж гарын үсэг зурсан хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрээс нь хүлээсэн үүргийн хэмжээнд зээлийн төлбөрийг доорх байдлаар шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа бөгөөд мөн нэмэгдүүлж байна. Учир нь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ-3400 дугаар бүхий барьцаат зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээр Р.Охүү, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Р.О нар орж 16 390 325 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ-548 дугаар бүхий барьцаат зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээр Р.Охүү, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Л.Б, нар орж 5 000 000 төгрөгийн зээлийг тус тус авсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хамтран үүрэг гүйцэтгэгч нар болох Л.Б, Р.О нарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн нийт 16 280 580,97 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү өдрийн байдлаар нэхэмжлэлийн үнийн дүнг дараах байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна.

Үүнд 2016 оны 12 дугаар сарын 12-ноос 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт Л.Б-аас зээлийн хүү 786 470,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 113,53 төгрөг нэмж нэхэмжилсэн нийт зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 796 583,99 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 12-ноос 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг Р.Оаас нэмж гаргуулах зээлийн хүү 1 789 535 16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24 561,31 төгрөг, нотариатын төлбөр 5 000 төгрөг нийт 1 819 096,47 төгрөг, Л.Б, Р.О нараас 2016 оны 12 дугаар сарын 12-оос 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн хүү 2 576 005,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34 674,84 төгрөг, нотариатын төлбөр 5 000 төгрөг нийт 2 615 680,46 төгрөгийг тус тус 2017 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар нэхэмжилж байна. Мөн Л.Б-аас үндсэн зээлийн төлбөр 4 153 092 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 107 612,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11 783,77 төгрөг нийт 5 272 488,34 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар Р.О-аас үндсэн зээлийн төлбөр 10 769 963,31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2 518 580,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 30 373,31 төгрөг, нотариатын төлбөр 5 000 төгрөг, нийт 13 323 917,08 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Б, шүүхэд гаргасан тайлбартаа: 

Манайх 0,5 га газар түрээслэж ногоо тарьдаг. Х банкнаас жил бүр 3 сая төгрөгийн зээл авдаг. 2016 оны 01 дүгээр сарын 14-нд ээжийн дүү Р.О хүү утсаар ярьж банкин дээр ирж цалингийн зээлд 2-р гарын үсэг зураад өгөөч гэж хэлсэн. Би гарын үсэг зурсан. 6 жилийн өмнө нөхөр нь нас барж эгч маань 2 охинтойгоо үлдсэн юм. 2016 оны 07 дугаар сарын 24-нд эгч маань нас барсан. Энэ ажил явдлаас хойш 9-р сар гарснаар цалингийн зээл яригдаж эхэлсэн. Орхоны Х банкны эдийн засагч нь цалингийн зээлийн талаар ярьж, эвлэрлийн гэрээ, бас хүүг зогсоох талаар ярьж байсан. Би Х банкны зээлээр ногоо тарьдаг ч ашиг багатай. Манай гэр бүлийн тогтмол орлого болох 4 хүүхдийн халамжийн мөнгө 80 000 төгрөгөөр амьдардаг. Тарьсан ногоогоор зээлээ төлж, амьдралаа зохицуулахад маш хүнд. Банк, ажилтан хоёрын итгэлцлээс болж би хэлмэгдэх гэж байна. Тэр 15 000 000 төгрөгийг эгч маань 10 гаруй жил ажил амьдралдаа хэрэглээд л ирсэн. Хамтран үүрэг гүйцэтгэгч гэх миний хувьд хамтран үүрэг гүйцэтгэхэд шууд боломжгүй юм.

Иймд шүүх үнэн зөвийг шүүж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.О шүүхэд гаргасан тайлбартаа: 

Р.О Х банктай 3 удаагийн зээлийн гэрээ байгуулсан гэж байгаа боловч зээлийн гэрээнд тусгагдсан эд хөрөнгө буюу мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэсэн Иргэний хуулийн зохицуулалттай нийцүүлээгүй. Учир нь зээл байгуулсан гэж яриад байгаа хэдий ч Р.О-д зээлийн гэрээнд тусгагдсан мөнгийг шилжүүлж өгөөгүй. Үүнээс үзэхэд Р.О Х банкны өмнө үүрэг гүйцэтгэх эрх зүйн үр дагавар бий болоогүй гэж үзэж байна. Анх шүүхэд нэхэмжлэлийг Дархан Х банкны салбарын захирал С.Энхсувд гаргасан байсан. Гэтэл С.Энхсувд нэхэмжлэл гаргах эрх зүйн субъект биш. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар итгэмжлэлийг гуравдагч этгээдэд шилжүүлэх бүрэн эрх нь олгогдоогүй. Мөн Р.О-д Х банкны зүгээс мөнгийг шилжүүлж өгөөгүй учраас Р.О нь Х банкны өмнө үүрэг хүлээх үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Батлан даалтын гэрээг бичгээр байгуулна гэж заасан байхад Х банкны шүүхэд гаргаж өгсөн гэрээ нь барьцаат зээлийн гэрээ гэж байгаа. Зээлийн гэрээ гэж үзэх үү гэдэг нь ойлгомжгүй байна. Барьцаат зээлийн гэрээгээр хуульд заасан гэрээний стандарт нөхцлийг ойлгох уу эсвэл манай зээл олгосон гээд дайраад байгааг ойлгохгүй байна. Гэтэл Р.О тэтгэвэрт байдаг. Тэтгэвэр нь Х банкны барьцаанд байгаа.

Иймд Х банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль эрх зүйн үндэслэлтэй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч Л.Б-аас 5 272 488 төгрөг, хариуцагч Р.О-аас 13 323 917 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х банкны Дархан салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296 153 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 24 дүгээр магадлалаар Х банкны Дархан-Уул аймаг салбарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323 880 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Р.О, Л.Б, нар нь Х Банкнаас Р.Охүүг зээл авахад нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр орохыг хүлээн зөвшөөрч цаашид уг зээлийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд гарсан аливаа эрсдлийг бүрэн хариуцаж дуусгах үүрэг хүлээсэн бөгөөд зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болсон тул зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Зээлийн гэрээний 4.3-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь Зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг бөгөөд Р.О, Л.Б, нарын хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохгүй, гарын үсэг зурахгүй эрх нь байсан тэгэхээр өөрсдөө үр дагаврыг нь ойлгож, харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Иймд, Л.Б, Р.О нар нь гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн тул зээлийн гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна

Түүнчлэн зээлдэгч Р.Охүү нас барснаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн тул гэрээний үүрэг зөрчсөнөөс хамтран үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг Х Банк Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасны дагуу шаардах эрхтэй юм. Зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох тохиролцоо гэрээнд байхгүй. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд ...үүрэг гүйцэтгэгч нас барсан бол түүний үүрэг дуусгавар болох тухай хуулийн заалтыг тухайн маргаантай харилцаанд буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Х банкны Дархан салбар зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Р.О-аас 13 323 917 төгрөг, хариуцагч Л.Б-аас 5 272 488 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нар шаардлагыг эс зөвшөөрч, зээл аваагүй, харин талийгаач Р.Охүүгийн банкнаас авсан цалингийн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хариуцагч Р.О-ы дүү, хариуцагч Л.Б-ны нагац эгч болох Р.Охүү нь Орхон сумын эмнэлгийн эрхлэгч, их эмчээр ажиллаж байхдаа Х банкны Дархан салбарын Орхон жимс, ногоо тооцооны төвөөс 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 14 500 000 төгрөгийн, 36 сарын, жилийн 16,8%-ийн хүүтэй, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 4 000 000 төгрөгийн,  36 сарын, жилийн 16,8%-ийн хүүтэй, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөгийн, 36 сарын, жилийн 19,2%-ийн хүүтэй, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөгийн, 36 сарын, жилийн 19.2%-ийн хүүтэй цалингийн зээл авсан байна. Дээрх зээлийн эхний гуравт хамтран үүрэг гүйцэтгэгчээр Р.О, сүүлийн гэрээнд Л.Б, гарын үсэг зуржээ. Зээлийн мөнгө Р.Охүүгийн дансанд  орсон байх ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны зүйл нь Р.Охүүгийн авах цалин байна.        

Дээрх гэрээний төлбөрт 5 035 564 төгрөг төлөгдсөн ба Р.Охүү нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нас баржээ.

Зээлийн гэрээ бүрт тухайн зээл нь банкны “цалингийн зээл” төрлийн бүтээгдэхүүн болох талаар тодорхой заасан байна. Хэрэгт авагдсан Х банкны “Хэрэглээний зээлийн журам”-ын 2.1.-д “хэрэглээний зээл нь үндсэн орлого бүхий иргэний хэрэгцээнд зориулагдах, ирээдүйн орлого, хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө зэргийг дангаар болон хослуулан барьцаалж олгох зээл юм” гэжээ. Мөн журмын 2.2.-т хэрэглээний зээл нь тэтгэврийн, хадгаламжийн, цалингийн, өрхийн, хэрэглээний лизинг гэх төрлүүдтэй бөгөөд “цалингийн зээл” гэж “банктай цалингийн зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан хуулийн этгээдэд тогтвор суурьшилтай ажиллаж буй ажилтан, албан хаагчдад зориулсан зээл” гэж тодорхойлсон байна.

Талийгаач Р.Охүүтэй байгуулсан зээлийн гэрээнд түүний цалингаас гадна хөргөгч, зурагт гэх хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан, хариуцагч Р.О, Л.Б, нарын цалин, орлого, эд хөрөнгө тухайн гэрээнд барьцаалагдаагүйгээс гадна тэдгээр нь хэдий хэмжээний ямар орлоготой болох нь тусгагдаагүй байна.

Бусдын цалингийн зээлийн гэрээнд банкны шаардлагаар хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан явдал нь хариуцагч Р.О, Л.Б нарыг цалингийн зээлийн төлбөр төлөгч гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өндөр насны тэтгэвэр авдаг Р.О, эрхэлсэн тодорхой ажилгүй Л.Б, нар нь цалингийн зээлийн үүрэг гүйцэтгэгч байх боломжгүй болно.

Х банкны “Хэрэглээний зээлийн журам”-ын 5.1.5.-д зааснаар цалингийн зээлийн зээлдэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байхыг эрмэлзэх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээл хүсэгчийн гэр бүлийн хүн байх, гэр бүлийн хүнгүй тохиолдолд санхүүгийн чадвар бүхий төрөл садангийн хүн байх ёстой ажээ. Банк нь гэр бүлийн хүнгүй, эсхүл санхүүгийн чадвар бүхий төрөл садангийн хүнгүй зээл хүсэгчээс хамтран үүрэг гүйцэтгэгч шаардахгүй байхаар журмын 5.1.6.-д заасан байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэн  нас барснаар тухайн үүрэг дуусгавар болдог байна. Ирээдүйд авах хөдөлмөрийн хөлсөөр төлбөр хийхээр банктай тохиролцсон зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийг тухайн цалинг авдаггүй этгээдэд хамааруулах боломжгүй.

Нэхэмжлэгч банк нь зээлийн гэрээнд гарын үсэг зуруулснаар хариуцагч нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзсэн, тэдгээрийн эд хөрөнгө, орлогын байдлыг тогтоогоогүй, зээлийн эрсдлийг урьдчилан тооцох хуульд заасан арга хэрэгслийг ашиглаагүй /үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа, даатгал г.м./, талийгаач Р.Охүүгийн ажиллаж байсан байгууллагатай хамтран ажиллах гэрээтэй болохоо нотлоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 24 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /224 570+99 310/ нийт 323 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                       Ц.АМАРСАЙХАН