Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01173

 

“Ү ” УТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00388 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 761 дүгээр магадлалтай                                                                                                      

            “Ү ” УТҮГ-ын нэхэмжлэлтэй,

             Ч , Т нарт холбогдох

             10,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагч Ч гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, хариуцагч Т , хариуцагч Ч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: “Ү ” УТҮГ нь 2013 онд үүсгэн байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар бөгөөд шүүхийн шийдвэрээр хуучнаар Ленины музейн байрыг МАН-аас хүлээн авсан. МАН тухайн обьектын өмчлөгч байхдаа “Инишлпойнт” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, музейн барилгын баруун талыг өөрийн хөрөнгөөр тохижуулж сар бүр 1,300,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлдөг байсан. Нэгэнт МАН-аас Ү  УТҮГ-т Ленины музейн барилга шилжин ирсэн тул “Инишлпойнт” ХХК нь гэрээгээ үргэлжүүлэх хүсэлт тавьсан. Төрийн өмчийн хорооны 2015 оны 06 сарын 12-ны өдрийн 16/1778 тоот Санал хүргүүлэх тухай албан бичгээр түрээсийн гэрээг “Инишлпойнт” ХХК-тай үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон. “Инишлпойнт” ХХК-иас түрээсийн гэрээг байгуулан ус, цахилгаанаа залгуулж бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлт гаргасан. “Инишлпойнт” ХХК-ийн захирал С.Солонгод төлбөр тооцоогоо бүрэн барагдуулвал дээд байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гэрээ байгуулж болох тухай 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 134 тоот албан бичгээр хариу өгсөн. Гэтэл “Инишлпойнт” ХХК-ийн захирал н.Солонго нь 2015 оны 7, 8, 9, 10, 11, 12 сарын түрээсийн төлбөрийг захирлын нарийн бичгийн дарга Т т бэлнээр өгч байгууллагын тамгыг дардаг байсан болох нь тодорхой боллоо. Манай байгууллагын кассанд нэг ч төгрөг орж ирээгүй бөгөөд манай санхүүгийн бүртгэлд ч ямар нэгэн түрээсийн төлбөр орсон гэх нотлох баримт архивлагдан хадгалагдаагүй байх бөгөөд “Инишлпойнт” ХХК-иас доорх баримтуудыг гаргаж өгсөн болно. 2015 оны 07 сарын 30-ны өдрийн 1,300,000 төгрөг, 2015 оны 10 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 10 сарын 30-ны өдөр 938,750 төгрөгийн баримтуудыг манай Ү  УТҮГ-аас түрээслэгч С.Солонго мөнгөний баримт болгон шаардаж авсан гэх ба бусад мөнгө төлсөн баримтыг Т дараа бичиж өгнө гэж хэлээд өгөөгүй байна. Нарийн бичгийн дарга Т нь түрээсийн төлбөрийг өөрөө бэлнээр хүлээж аваад Ү  УТҮГ-ын захирал асан Ч д дамжуулан өгдөг байсан эсэх нь эргэлзээтэй тул “Инишлпойнт” ХХК-ийн захирал С.Солонгын хэлж байгаагаар Т оос шаардан гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн 2016 оны 3, 4, 5 дугаар сард мөнгөний баримт нэхлээ хэмээн “Инишлпойнт” ХХК-ийн ус, цахилгааныг Ч  захирал нь таслуулсан байсан. Иймд “Инишлпойнт” ХХК-иас авсан 2015 ны 7, 8 ,9 ,10, 11, 12 дугаар сар 2016 оны 1, 2 дугаар сар нийт 8 сарын төлбөр 10,400,000 төгрөгийг гаргуулж улсыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т ын шүүхэд гаргасан тайлбарт: 2014 оны 11 сарын 10-ны өдөр Ү д архив, бичиг хэргийн ажилтнаар орж ажилласан ба 2016 оны 04 сарын 15-ны өдрийн захирлын Б/15 тоот тушаалаар музейн үзвэр харагчаар томилогдон ажилласан. 2016 оны 06 сарын 07-ны өдрийн захирлын Б/40 тоот тушаалаар ажлаас халагдсан. Захирлын хэлснээр 2015 оны 07 сарын 30-ны өдөр Чингис лоунж орж тухайн үед зөөгчөөр ажиллаж байсан нэрийг нь үл мэдэх залуугаас 1,300,000 төгрөг хүлээн авч, захиралд хүлээлгэн өгсөн. Үүнээс өөр миний бие Чингис лоунжаас дахин мөнгө аваагүй. 2015 оны 07 сарын 30-ны өдөр уг 1,300,000 төгрөгийг авахдаа кассын орлогын ордерыг миний бие бичиж өгсөн. Уг мөнгийг байгууллагад зарцуулсан эсэхийг мэдэхгүй. Захирал, нягтлан нар мэдэх байх. 2015 оны 10 сарын 30-ны өдрийн 01, 02 дугаар бэлэн мөнгөний орлогын баримтыг бичээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч гийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие 2014 оны 5 сард Төрийн албаны төв зөвлөлөөс зарласан Ү  УТҮГ-ын захирлын сонгон шалгаруулалтад тэнцэн мөн оны 10 дугаар сард захирлаар томилогдсон. 2016 оны 5 сард төрийн захиргааны байгууллагын буруу сонгон шалгаруулалтын улмаас ажлаас чөлөөлөгдсөн. Чингис лоунж ХХК-ийн захирал н.Солонгын хүсэлтээр шаардлагатай засвар үйлчилгээ хийж, туршилтын журмаар ажиллуулж үзье гэж тохиролцон 1,300,000 төгрөгийг авсан. Нэхэмжлэлд дурдсан мөнгийг болон сар бүрийн түрээс гэж мөнгө авч байгаагүй, тус музейн захирал Н.Жавзаа үндэслэлгүйгээр гүтгэсэн байна. Мөн 2016 оны 3, 4, 5 дугаар сард мөнгөний баримт нэхлээ гэж ус, цахилгааныг таслаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00388 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Ч гаас 2,600,000 төгрөг гаргуулан Ү  улсын төсөвт үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,861,242 төгрөг, Т нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч гаас 56,550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Ү  улсын төсөвт үйлдвэрийн газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 761 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Би Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.03.23-ны өдрийн 761 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.01-ний өдрийн 102/ШШ2018/00388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгосныг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Ч  надаас 2,600,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байгаа бөгөөд “Инишлпойнт” ХХК-иас түрээсийн төлбөр гэсэн тус бүр 1,300,000 төгрөг, нийт 2,600,000 төгрөгийг намайг хүлээн авсан гэж анхан шатны шүүх дүгнэж надаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Харин давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсгийг үндэслэн дүгнэлт өгсөн атлаа шийдвэрт өөрчлөлт оруулаагүй орхигдуулсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсгийг хоёр өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэл гаргах, шаардах эрхтэй этгээд нь Ү  биш, “Инишлпойнт” ХХК байх ёстой. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Ү ” УТҮГ нь хариуцагч Т , Ч  нарт холбогдуулан 10,400,000 төгрөг гаргуулахаар, нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8,461,250 төгрөг болгон өөрчилж шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, мөнгө аваагүй, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж маргажээ.

“Инишлпойнт” ХХК буюу” Чингис лоунж”-аас 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1,300,000 төгрөгийг “Ү ” хүлээн авсан ба захирал Ч  гэж гарын үсэг зурсан, уг гарын үсгийг тухайн үед бичиг хэрэг, архивын ажилтан байсан Т зурсан болохоо хүлээн зөвшөөрч, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн төлбөрийг Т хүлээн авч, захиралдаа шилжүүлж өгсөн, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн баримтын мөнгийг хүлээн аваагүй, захирал кассын баримт бичиж өг гэсний дагуу бичиж өгсөн үйл баримтыг тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Харин хариуцагч Ч  түрээсийн төлбөр 5,861,250 төгрөгийг авсан гэх үйл баримт нь тогтоогдоогүй боловч тэрээр 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 1,300,000 төгрөгийг түрээсийн төлбөр гэж хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан орлогын баримтаар нотлогджээ.

Мөнгийг бодитоор аваагүй гэж Ч  нь тайлбарласан ч түрээслэгч нараас түрээсийн төлбөр авсан баримтад гарын үсэг зурж орлогын баримт үйлдсэн 2,600,000 төгрөг нь “Ү ” УТҮГ-ын орлогод орох ёстой учир тэрээр уг мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлөх үүрэгтэй тухай анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн гэрээний бус үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцсэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг хэрэглэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу “Инишлпойнт” ХХК-ийг нэхэмжлэгч гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн  гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00388 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 761 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ч гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч Ч гаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 56,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.УНДРАХ

  ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН