Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 00388

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн  дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай  тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Үлэг гүрвэлийн төв музей” улсын төсөвт үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо, Горькийн  тоотод оршин суух, Ихэс тойн овогт Т.Ц,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн  дугаар хороо,  дүгээр байр  тоот хаягт оршин суух Ч.Д

 

10,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, хариуцагч Т.Цэрэндолгор, хариуцагч Ч.Даариймаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, гэрч н.Солонго, С.Батсолонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов. 

           

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч “Үлэг гүрвэлийн төв музей” улсын төсөвт үйлдвэрийн газрын төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үлэг гүрвэлийн төв музей 2013 онд үүсгэн байгуулагдсан улсын төсөвт үйлдвэрийн газар бөгөөд шүүхийн шийдвэрээр хуучнаар Ленины музейн байрыг МАН-аас хүлээн авсан. МАН тухайн обьектын өмчлөгч байхдаа “Инишлпойнт” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, музейн барилгын баруун талыг өөрийн хөрөнгөөр тохижуулж сар бүр 1,300,000 төгрөгийг түрээсийн төлбөр төлдөг байсан байна. Нэгэнт МАН-аас ҮГТМузейд Ленины музейн барилга шилжин ирсэн тул “Инишлпойнт” ХХК нь манай байгууллагатай гэрээгээ үргэлжүүлэх хүсэлт тавьсан. Төрийн өмчийн хорооны 2015 оны 6 дугаар 12-ны өдрийн 16/1778 тоот “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр түрээсийн гэрээг “Инишлпойнт” ХХК-тай үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон. ҮГТМ-н захирал н.Жавзмаа миний бие ҮГТМ-г үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд анхны захирлаар томилогдож 2014 онд ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, 2016 оны 5 сард Нийслэл захиргааны хэргийн анхан шатны шүүхээр ажилдаа эгүүлэн томилогдсон. Н.Жавзмаа миний бие ҮГТМ-н захирлын ажилдаа эргэн орж ирэхэд “Инишлпойнт” ХХК-иас түрээсийн гэрээг байгуулан ус, цахилгаанаа залгуулж бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах хүсэлт гаргасан. Манай байгууллага “Инишлпойнт” ХХК-ийн захирал С.Солонгод төлбөр тооцоогоо бүрэн барагдуулвал дээд байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гэрээ байгуулж болох тухай 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 134 тоот албан бичгээр хариу өгсөн. Гэтэл “Инишлпойнт” ХХК-ийн захирал н.Солонго нь 2015 оны 7, 8, 9, 10, 11, 12 сарын түрээсийн төлбөрийг захирлын нарийн бичгийн дарга Т.Цэрэндолгорт бэлнээр өгч байгууллагын тамгыг дардаг байсан болох нь тодорхой боллоо. Манай байгууллагын кассанд нэг ч төгрөг орж ирээгүй бөгөөд манай санхүүгийн бүртгэлд ч ямар нэгэн түрээсийн төлбөр орсон гэх нотлох баримт архивлагдан хадгалагдаагүй байх бөгөөд “Инишлпойнт” ХХК -иас доорхи баримтуудыг гаргаж өгсөн болно. 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1.300.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны 1.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 938.750 төгрөгийн баримтуудыг манай ҮГТМузейгээс түрээслэгч С.Солонго мөнгөний баримт болгон шаардаж авсан гэх ба бусад мөнгө төлсөн баримтыг Т.Цэрэндолгор “дараа бичиж өгнө” гэж хэлээд өгөөгүй байна. Нарийн бичгийн дарга Т.Цэрэндолгор нь түрээсийн төлбөрийг өөрөө бэлнээр хүлээж аваад ҮГТМ-н захирал асан захирал Ч.Даариймаад дамжуулан өгдөг байсан эсэх нь эргэлзээтэй тул “Инишлпойнт” ХХК-ийн захирал С.Солонгын хэлж байгаагаар Т.Цэрэндолгороос шаардан гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн 2016 оны 3, 4, 5 дугаар сард мөнгөний баримт нэхлээ хэмээн “Инишпойнт” ХХК-ийн ус, цахилгааныг Ч.Даариймаа захирал нь таслуулсан байсан. Иймд “Инишлпойнт” ХХК-иас авсан 2015 ны 7, 8 ,9 ,10, 11, 12 дугаар сар 2016 оны 1, 2 дугаар сар нийт 8 сарын төлбөр 10.400.000 төгрөгийг гаргуулж улсыг хохиролгүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Цэрэндолгор шүүхэд гаргасан тайлбартаа: Түмэнжаргал овогтой Цэрэндолгор нь 2014 оны 11 дүгээр сарбн 10-ныөдөр “Үлэг гүрвэлийн төв музейд архив, бичиг хэргийн ажилтнаар орж ажилласан ба 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн захирлын Б/15 тоот тушаалаар музейн үзвэр харагчаар томилогдон ажилласан. 2016 оны 6 дугаар сарбн 07-ны өдрийн захирлын Б/40 тоот тушаалаар ажлаас халагдсан. Захирлын хэлсэнээр 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Чингис лоунж орж тухайн үед зөөгчөөр ажиллаж байсан нэрийг нь үл мэдэх залуугаас 1.300.00 төгрөг хүлээн авч, захиралд хүлээлгэн өгсөн. Үүнээс өөр миний бие Чингис лоунжаас дахин мөнгө аваагүй. 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр уг 1.300.000 төгрөгийг авахдаа кассын орлогын ордерыг миний бие бичиж өгсөн. Уг мөнгийг байгууллагад зарцуулсан эсэхийг би мэдэхгүй. Захирал, нягтлан нар мэдэх байх. Миний ажил үүргийн хуваарьт мөнгө төгрөг хамаагүй. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01, 02 дугаар бэлэн мөнгөний орлогын баримтыг би бичээгүй. Миний бичиг биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Хариуцагч Ч.Даариймаа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 5 дугаар сард Төрийн албаны төв зөвлөлөөс зарласан Үлэг гүрвэлийн төв музейн захирлын сонгон шалгаруулалтад тэнцэн мөн оны 10 дугаар сард захирлаар томилогдсон. 2016 оны 5 дугаар сард төрийн захиргааны байгууллагын буруу сонгон шалгаруулалтын улмаас ажлаас чөлөөлөгдсөн. Чингис лоунж ХХК-ийн захирал Солонгын хүсэлтээр шаардлагатай засвар үйлилгээ хийж, туршилтын журмаар ажиллуулж үзье гэж тохиролцон 1.300.000 төгрөгийг авсан. Миний бие нэхэмжлэлд дурдсан мөнгийг болон, сар бүрийн түрээс гэж мөнгө авч байгаагүй, тус музейн захирал Н.Жавзаа намайг үндэслэлгүйгээр гүтгэсэн байна. Мөн 2016 оны 3, 4, 5 дугаар сард мөнгөний баримт нэхлээ гэж ус, цахилгааныг таслаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                       

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Үлэг гүрвэлийн төв музей” УТҮГазар Т.Цэрэндолгорт холбогдуулан “Инишлпойнт” ХХК-ийн түрээсийн төлбөрт 10.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Ч.Дариймаа, Р.Алтантуяа нарыг хамтран хариуцагчаар татах хүсэлт өгч, шүүх 2017.05.17-ны өдөр тэднийг хэргийн оролцогч гэж үзэн хариуцагчаар татаж, улмаар 2017.09.11-ний өдөр хариуцагч Р.Алтантуяад холбогдох 1.938.750 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталж, /хх-ийн 69 дүгээр тал/ Т.Цэрэндолгор, Ч.Дариймаа нараас 8.461.250 төгрөгийг нэхэмжлэгч шаарджээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Хариуцагч Ч.Дариймаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл “Инишлпойнт” ХХК-ийн түрээсийн төлбөрт 2015.07.30-ны өдрийн 1.300.000 төгрөгийг авсан, уг мөнгийг урсгал засварт зарцуулсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

 

Хавтаст хэргийн материалд “Инишлпойнт” ХХК буюу Чингис лоунжаас 2015.07.30-ны өдөр 1.300.000 төгрөг, 2015.09.02-ны өдөр 1.300.000 төгрөгийг Үлэг гүрвэлийн төв музей хүлээн авсан баримт авагдсан ба захирал Дариймаа гэж гарын үсэг зурсан, уг гарын үсгийг тухайн үед захирлын нарийн бичиг байсан Т.Цэрэндолгор зурсан болохоо хүлээн зөвшөөрч, 2015.07.30-ны өдрийн төлбөрийг Т.Цэрэндолгор хүлээн авч, захирлдаа шилжүүлж өгсөн, 2015.09.02-ны өдрийн баримтын мөнгийг хүлээн аваагүй, захирал кассын баримт бичиж өг гэсний дагуу бичиж өгсөн гэжээ.

Т.Цэрэндолгор тухайн үед буюу 2015.01.14-ний өдрөөс тус музейн бичиг хэрэг, архивын ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтод “захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд туслах...” ажлын үндсэн зорилттой /хх-ийн 108 дугаар тал/ ба захирлын шууд удирдлага дор ажилладаг байжээ.

 

Тэрээр захирлын өгсөн үүрэг даалгаварыг хэрэгжүүлж, тухайн баримтуудыг үйлдсэн гэж үзэж, Т.Цэрэндолгорт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2.-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамрагдах бөгөөд тэрээр санхүүгийн анхан шатны баримтгүй, төсвөөс гадуур эд хөрөнгийн захиран зарцуулалт хийх эрхгүй юм.

Нэхэмжлэгч байгууллага уг түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д зааснаар шаардах эрхтэй байна.

Ч.Дариймаа уг түрээсийн төлбөрөөс 2.600.000 төгрөгийг хүлээн авч юунд зарцуулсан талаар баримтаар нотлоогүй бөгөөд 5.861.242 төгрөгийг Ч.Дариймаа авсан гэх байдал баримтаар нотлогдохгүй байх тул уг хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар хариуцагч Ч.Дариймаагаас 2.600.000 төгрөг гаргуулан Үлэг гүрвэлийн төв музей улсын төсөвт үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.861.242 төгрөг, Т.Цэрэндолгор нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар хариуцагч Ч.Дариймаагаас 56.550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, Үлэг гүрвэлийн төв музей улсын төсөвт үйлдвэрийн газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.СОЛОНГО