| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 176/2017/0209/Э |
| Дугаар | 2018/ДШМ/17 |
| Огноо | 2018-02-27 |
| Зүйл хэсэг | 261.1., 17.1.2.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2018/ДШМ/17
| 2018 оны 02 сарын 27 өдөр | 2018/ДШМ/17 Зуунмод |
Э.Э, Б.А нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь даргалж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Г.Энхмаа,
Шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг,
Шүүгдэгч Э.Э , түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,
Нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргалын даргалж, шүүгч Ж.Мөнхтуяа, Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Э.Э, Б.А нарт холбогдох 201619000726 дугаартай 3 хавтас 664 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Э ын өмгөөлөгч Ц.Раашзэвэг, шүүгдэгч Б.А нарын давж гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн 1995 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, ээж, ахын хамтаар Төв аймгийн Зуунмод
тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Э.Э , /регистрийн дугаар Н6/.
Монгол улсын иргэн 1998 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч нарын хамтаар Төв аймгийн Эрдэнэсант сумын
лзат гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Б.А , /регистрийн дугаар Н9/
Шүүгдэгч Э.Э нь давтан үйлдлээр, иргэний нэхэмжлэгч Э.Баттогтохын эзэмшлийн улсын номер дугааргүй мотоцикль хэрэглэн,
- Төв аймгийн Эрдэнзсант сумын 4 дүгээр багийн нутаг "Угалзат" гэх газраас 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Э.Болдбаатарын эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж, 1.200.000 төгрөгийн,
- Тус аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн нутаг "Түрүүний ус" гэх газраас 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ц.Түвшинбаярын 36 тооны адууг хулгайлж, 34.900.000 төгрөгийн,
- Мөн өдөр тус сумын 2 дугаар багийн нутаг "Бадын гол" гэх газраас С.Түмэнжаргалын 2 тооны адууг хулгайлж, 950.000 төгрөгийн,
- Тус аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Энхтайваны 11-12 тоотод оршин суух Ц.Даваадоржийн гэрт 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хаалганы цоожийг эвдэн, нэвтрэн орж, 1.067.000 төгрөгийн эд зүйлийг нь хулгайлж, бусдад нийт 37.117.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
- Шүүгдэгч Э.Э, Б.А нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний 23 цаг 40 минутын үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо 11 дүгээр байрны урд иргэн Х.Цолмонгэрэлийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн, бие махбодид нь хүнд гэмтэл учруулан дээрэмдсэн,
Мөн эрүүгийн 201619000762 дугаартай хэрэгт шалгагдан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 28-наас 2017 оны 01 дүгээр сарын 04-ний хооронд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 393 дугаар шүүхийн тогтоолоор: 2015 оны Шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар өөрчилж, мөн шүүгдэгч Э.Э , Б.Алтансүхийг нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,
Шүүгдэгч Э.Э ыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг шүүгдэгч Б.А , Э.Э ыг нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Э ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.А , Э.Э ыг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаан/ жилийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А эд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, Э.Э од оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э , шүүгдэгч Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Э.Э ын цагдан хоригдсон 159 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шүүгдэгч Э.Э, Б.А нарын ял эдлэх хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Э оос хохирогч Н.Цолмонгэрэлд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг, хохирогч С.Түмэнжаргалд 152.500 /нэг зуун тавин хоёр таван зуун/ төгрөгийг, хохирогч Э.Болдбаатарт 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг, хохирогч Ц.Түвшинбаярт 8.355.000 /найман сая гурван зуун тавин тав мянган/ төгрөгийг, ялтан Б.А-с 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг хохирогч Х.Цолмонгэрэлд тус тус гаргуулж олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн 201619000726 дугаартай хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-оор битүүмжлэгдсэн Э.Баттогтохын Даюун маркийн хятад улсад битүүмжлэгдсэн мотоцикль, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-оор битүүмжлэгдсэн "Хитачи" нэртэй өнгөт телевизор, "Самсунг" нэртэй хөргөгчийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид буцаан олгож,
Эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдаж,
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн тусах Э.Жаргалбаярт дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авснаас хойш Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурьдаж,
Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Э.Э, Б.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.А нь давж заалдах гомдолдоо: “ Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 393 тоот шийтгэх тогтоолоор миний бие 2 жилийн хорих ял авсан юм. Би хийсэн гэмт хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, хүлээсээр ирсэн. Энэ байдлыг минь шүүх дүгнэж хамгийн бага хорих ялыг оногдуулсан болохыг ойлгож ухамсарлаж байгаа. Хохирогчид төлөх төлбөр дутуу байснаас болж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй байсныг өмгөөлөгчөөр тайлбарлууж ойлгосон. Одоо төлбөрийг бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж, хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү. Эхнэр маань төрсөн. Нялх хүүхэдтэй болсныг, миний гэмшиж байгаа үнэн байдлыг үнэлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Э.Э ын өмгөөлөгч Ц.Раашзэвэг нь давж заалдах гомдолдоо: “ ...Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцаад зарим заалтыг дор дурьдсан үндэслэлээр давж заалдаж байна. Үүнд:
1. Э.Э нь Э.Болдбаатрын 2 тооны адуу, Түвшинбаярын 4 тооны адуу, Түмэн жаргалын 2 тооны адуу бүгд 8-н тооны адуу хулгайлсныг 2015 оны Эрүүгийн хуулийн 17-12-дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх байтал Түвшинбаярын 36-н тооны адууг хулгайлснаар дүгнэлт хийж мөн хуулийн 17.12-дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Э.Э Түвшинжаргалын 4-н тооны адууг хулгайлж бусад 32 тооны адууг нь бэлчээрт нь буцаан явуулснаар түүний хулгай төгссөн байна. харин уг азаргатай адууг тууварлаж явах замдаа цагдаад буюу эзэнд нь баригдсан тохиолдолд Э.Э чухам хэдэн тооны адууг хулгайлах гэж байгаа. Санаа зорилго нь тогтоогдоогүй нь үйлдэл нь төгсөөгүй байх тул нийт тууварлаж яваа адуугаар нь гэмт үйлдлийг нь зүйлчилдэг практик бий. Тэгвэл Э.Э 4-н тооны адууг хулгайлахын тулд уг адууг бэлчээрээс нь 10-иад км газраас тууварлаж Эрдэнэ-сант сумын төвд аваачин өөрийн хүсэл зорилгоо хэрэгжүүлж 4-н тооны адууг нь авч бусдыг нь эргүүлж явуулснаар уг адуунууд бэлчээртээ буюу эзэн дээрээ очсоноор түүний субъектив ба объектив шинж нь тогтоогдож тодруулбал Түвшинбаярын 36-н тооны адуу биш 4-н адуу хулгайлагдсан нь нотлогдоно. 8-н тооны адуу хулгайлсан нь олон тоонд хамаарахгүй болно. Монгол улсын Дээд шүүхийн 1997 оны 02-дугаар сарын 26-ний өдрийн 74 дугаар тогтоолын 15-д "олон тооны мал хулгайлсан" гэдгийг нэг буюу хэд хэдэн удаагийн үйлдлээр 8 бод, 25 бог буюу түүнээс дээш тооны мал хулгайлсныг ойлгоно гэсэн хуулийн заалттай байхад 8-н бод олон тоонд ордог байсан бол 2015 оны эрүүгийн хуулийн 17.12-дугаар зүйлийн тайлбарт "Энэ зүйлд заасан "олон тооны мал" гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно."гэж 8 бодоос дээш 9 буюу түүнээс олон тооны малыг хулгайлсаныг олон тоонд оруулахаар маш тодорхой заасан тул Э.Э ын 8-н бод хулгайлсан үйлдлийн 2015 оны эрүүгийн хуулийн 17.12-дугаар зүйлийн 1-дэх хэсэгт хамаарах болно. Хэрвээ Э.Э олон тооны мал хулгайлсан байлаа гэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 145-дугаар зүйлийн 145.2 болохоос биш 2015 оны эрүүгийн хуулийн 17-дугаар зүйлийн 17.12-ийн 2 болгон хүндрүүлж болохгүй билээ.
Э.Э нь Ц.Даваадоржын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсныг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1-дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчилсэн нь шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулж 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9-дэх заалтыг ноцтой зөрчсөн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 145-дугууар зүйлийн 145.2-дах хэсгээр малын хулгайтай хамт зүйлчлэгдэх боломжтой юм. Ийм ч учраас би анхан шатны шүүх хуралдаан дээр Э.Э ын малын хулгай орон сууцны хулгай хоёрыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145-дугаар зүйлийн 145.2 дах хэсгээр зүйлчилж өгөхийг хүссэн юм. Гэтэл шүүх энэ хоёр үйлдлийг тус тусад нь зүйлчилснээр ялтны хувийн байдал хүндэрч байгаа болно.
Дээрмийн хэргийг А санаачилсан төдийгүй тухай хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан нь хохирогч Х.Цолмонгэрэл, гэрч Мөнхбат,Барсболд нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож А-н гэмт үйлдэлээ миний үйлчлүүлэгч Энхтогтох руу чихсэн нь няцаагдаж байна. хохирогчийн толгой руу удаа дараалан өшиглөснөөс уг тархинд нь гэмтэл үүссэн нь тов тодорхой билээ. Тодруулбал Х.Цолмонгэрэлийн биед хүнд гэмтэл учруулсан нь А-н үйлдэл мөн болох нь Х.Цолмонгэрэлийн урьдчилсан мөрдөн байцаалтанд хамгийн сүүлд өгсөн мэдүүлэгтээ Э намайг зодоогүй гэсэн мэдүүлгээр нотлогдоно.
4. Энхтогтохын урьдчилан хоригдсон хоног 159 гэсэн нь дутуу бүгд 230 хоног цагдан хоригдсоныг зөвтгөх шаардлагатай байна. Үүнд:
• 2016 оны 10 сарын 07-ны өдрөөс 2016 оны 10 сарыы 20 хүртэлх 13хоног
• 2017 оны 01 сарын 13-ны өдрөөс 2017 оны 07 сарын 27 хүртэлх 06 cap 14 хоног
• 2017 оны 11 сарын 08-ний өдрөөс 2017 оны 11 сарын 30 хүртэлх 22 хоног тус тус хоригдсон ба нийт 244 хоног хоригдсон байгаа болно.
Иймд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу Энхтогтохын мал, гэрийн хулгай хоёрыг 2002 оны Эрүүгийн хуулийн 145-дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчилж 2 жилээс дээшгүй, мөн дээрмийн хэргийг нь хохирлоо төлж хохирогчоос удаа дараа уучлал гуйсан тул 1 жилээс дээшгүйгээр нийт 3 жилээс дээшгүйгээр ял ногдуулах буюу дутуу тооцогдсон урьдчилан хоригдсон хоногийг нь зөвтгөж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялтанд ашигтай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож миний үйлчлүүлэгч Э.Э -д ашигтай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.
Шүүгдэгч Э.Э нь давж заалдах гомдолдоо: “Миний бие 2016 оны 09 сарын 29-ний өдрөөс эхлэн Төв аймгийн цагдаагийн газарт малын хулгайн хэргээр мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байсан. 2016 оны 10 сарын 29-ний орой Галсанцэрэн овогтой Мягмардалай нь надруу яриад бид хоёр 21 цагийн орчимд уулзаад Мягмардалайгийн найз Ганзоригийнд очиж хоёр шил архи уусан. Уугаад байж байтал хажуу талын айлын залуу Цэрэнбаатар орж ирсэн. Мягмардалай тэр залуутай зодолдоод цагдаад баригдаад явсан. Мягмардалай цүнх үүрцэн явж байсан. Хулгай хийчихсэн байсан байна лээ. Би тухайн үед мэдээгүй. Цагдаад баригдаад очихдоо хэргээ хүлээсэн байсан. Эрүүгийн төлөөлөгч Даваадондогт шалгагдаж байгаад Төв аймгийн цагдан хорих төвд 2016 оны 10 сарын 30-ны орой хоригдож 72 цаг сууж байцаагч Эрдэнэбилэг дээр 2016 оны 11 сарын 02-ны өдрөөс эхлэн Мягмардалай хулгай хэргээр шалгагдаж байсан. 2016 оны 01 сарын 04-ний өдөр миний өмгөөлөгч болох Ц.Раашзэвэг Мягмардалай бид хоёрыг өрөөндөө 14 цагийн үед дуудсан. Өрөөнд ортол туслах нь, Мягмардалайгийн хэрэг хам Бат-Эрдэнэ нар байсан. Өмгөөлөгч Ц.Раашзэвэг Э.Э чи анхны хэрэгтэй, хулгай зүйл ангитай юм чинь Мягмардалайгийн хулгай хэргийг чи авчих Мягмардалай 181 ээр эрүү үүсгэн прокурорын шатанд шалгагдаж байгаа. Тийм болохоор ял авах гээд байна. Мягмардалай чиний хохирлоос төлөлцөж би шүүх дээр ял өгүүлэхгүй гэхээр нь би өмгөөлөгч Ц.Раашзэвэгт итгэж энэ хэргийг даасан. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Э.Э ыг давтан үйлдлээр, бусдын эзэмшлийн мотоциклийг хэрэглэн, орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Э.Э, Б.А нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, бие махбодид нь хүнд гэмтэл учруулан, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.Э од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Э, Б.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1514 дугаарт шинжээчийн дүгнэлтэд: хохирогч Х.Цолмонгэрэлийн биед дагз ясны хугарал, тархи доргилт, 2 нүдний зовхи. нүдний алимны салстын цус хуралт, зүүн шанаа, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дагз ясны хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна / хавтас 2, хуудас 79/ гэжээ.
Хохирогч Х.Цолмонгэрэлийн биед учирсан дээрх гэмтлүүд нь шүүгдэгч Э.Э, Б.А нарын үйлдлийн улмаас учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх тэднийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж, энэ гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүнд гэмтэл учруулсан үйлдлийг орхигдуулан шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг шүүхэд буцаасан тул шүүгдэгч Э.Э , Б.А, шүүгдэгч Э.Э ын өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 357 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Э, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Э.Э, Б.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Г.БОЛОРМАА