Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 600

 

 

 

 

 

 

     2020         09         21                                       2020/ШЦТ/600

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,

 

иргэдийн төлөөлөгч Э.Сайнхүү,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

   улсын яллагч П.Даваасүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-,

шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

гэрч Э.А-, Б.С-, 

шинжээч М.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Н-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1832000020253 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

....../.

 

            Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 07 цаг 30 минутын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутагт Халзангийн Даваа гэх газарт амь хохирогч О.У-ыг зодож хамрын дээвэр яс, хамрын ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хананы цөмөрсөн нийлмэг хугаралаас үүссэн амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, өвчүү ясны хөндлөн хугарал, баруун талын 5,6,8,9,10 дугаар хавирга, зүүн талын 5,6,7,11,12 дугаар хавиргыг хугалан хүний биед олон тооны шарх гэмтлийг учруулж, өвтгөн шаналгаж онц хэрцгийгээр санаатай алсан;

-Мөн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Хос мандал” караокед иргэн А.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Б.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 12 дугаар сарын 30-ны өглөө энэ асуудал болсон. Өмнөх шөнө нь Э- ах хотоос ирээд архи уусан. В- талийгаачтай муудалцаад зодолдоод байсан. Би салгах гэж дундуур нь орсон. Тэгээд талийгаач өөр отогт очиж хоносон. Өглөө нь ирээд хот руу явлаа гээд явсан. С- бид хоёр хамт араас нь явсан. Араас нь очих замдаа 1 шил архи уугаад би тасарсан байсан учир болсон зүйлийг сайн санахгүй байсан гэв.

 

   2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би анх ахыгаа хараад таниагүй, цээжинд нь байдаг шивээсээр нь таньсан. Манай ах зодуулж нас барсан гэж бодож байна. Шүүгдэгч нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ахыгаа зодуулаад гэмтэл аваад осгосон байх гэж бодож байна. Оршуулгын зардалд гарсан 3.534.216 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн, нэхэмжилнэ гэв.

 

   3. Гэрч Э.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Б.Н-, В-, талийгаач гурав зодолдоод эргээд эвлэрлээ гээд В- нүүр лүү нь өшиглөсөн. Талийгаач шөнөдөө доод талын отогт очиж хоносон гэсэн. Би 7 цагийн үед босоод харахад талийгаачийн нүүр нилэнхүйдээ хавдсан байсан. Талийгаач хувцсаа аваад явсан. Би буцаж унтаад байж байтал Б.Н- намайг сэрээгээд Талийгаач явчихлаа С- бид хоёр араас нь явлаа гэж хэлсэн. Намайг очиход талийгаач хөнжлөө нөмөрсөн, хувцас нь цус болсон, амьсгалтай байсан. Н-, С- хоёр хажууд нь шоконд орсон байсан гэв.

 

4.Гэрч Б.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Талийгаач өмнөх өдөр нь В-той зодолдсон учир нүд, уруул нь хавдсан байсан. В- толгой руу нь цохиж байсан, зулай хавь руу нь өшиглөсөн . Салгахад толгой руу нь 2 удаа өшиглөсөн. Талийгаачийн араас очоод буцъя гэхэд явахгүй байсан. Талийгаач Н-тай зодолдсон. Талийгаач уначихсан байхад цээж, нуруу, дагз руу нь өшиглөж байсан. Талийгаач хэвтсэн байсан. Зодооныг салгахад толгой руу нь 2 удаа өшиглөсөн. Н- их согтсон, мөлхөөд явж чадахгүй байсан. Н-г явж бай би араас очъё гээд талийгаачийг өргөх гэтэл би ганцаараа даахгүй байсан учир Н-г дуудаад хамт явъя гэсэн. Талийгаач хөнжилдөө толгойгоо хийгээд хэвтэж байхад Н- босоод ир гээд өшиглөөд байсан. Тэгээд би салгаад талийгаачийг харахад нүүр нь нилэнхүйдээ цус болсон байсан. Н- намайг хүн алчихлаа гээд очиж хэл гэсэн. Н- бид гурав байхад И-, В- хоёр араас ирсэн. Би талийгаачийг цохиогүй. Н- хэлэхдээ очоод 2-3 удаа цохино битгий салгаарай гэсэн. Нүүр толгой руу нь цохисон, унахаар нь би салгасан гэв.

 

5. Шинжээч М.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Амь хохирогч нь хамар яснаас цус гараад уушиг руу орсны улмаас нас барсан, шууд үхэлд хүрэх гэмтэл аваагүй. Хохирогч нь согтуу байсан учир дээш нь харуулж хэвтүүлснээс уушиг руу нь цус орж нас барсан. Доошоо харуулаад хэвтүүлсэн бол амь нас нь хохирохгүй байсан. Хамар ясны хугарал авсны дараа тодорхой хөдөлгөөн хийх боломжтой. Амь хохирогч өөрөө унаад хамраа хугалах тохиолдол, боломж байхгүй. Нүүрэнд учирсан гэмтэл нь учрах үедээ дотор салс судас гэмтэнэ. Дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч нь цус гарч, цус нь уушиг руу орсоны улмаас амьсгал нь бүтэж нас барсан байна гэв.

 

Эрүүгийн 1832000020253 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

Хүнийг алах гэмт хэргийн нотлох баримтууд:

1. 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 4-9 дүгээр хуудас/,

 

2. Цогцост болон хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлтүүд /1хх-н 72-77 дугаар хуудас/,

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний ах У- .... төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өрнүүлж тус аймгийн Булган суманд дунд сургуульд суралцаж 8 дугаар анги төгссөн. …Өмнөговь аймгийн цагдА-н газарт цагдаагаар орж 2 жил ажилласан. Өвөрхангай аймгийн нэгэн цэргийн ангид ахлагчаар 2 жил ажилласан. Улаанбаатарт байдаг Амгалан гэх газарт байдаг цэргийн анги руу шилжиж Улаанбаатар хотод амьдрах болсон. Уг газартаа хэсэг ажиллаж байгаад ажлаасаа гарч ажилгүй байх хугацаанд гэмт хэрэгт холбогдож ял эдэлсэн. ...Баянзул гэх эмэгтэйтэй гэр бүл болж амьдарч эхэлсэн. Тухайн цагаас хойш Зүүнхараад амьдардаг болсон. Дундаас нь төрсөн 10 настай охин У.Энххүслэн нь ээжтэйгээ хамт амьдардаг. У- ах эхнэр Баянзултайгаа гэр бүлийн асуудлаас шалтгаалан гэрлэлтээ цуцуулсан. Ял эдэлж гарч ирээд дахин эхнэртэйгээ хамтран амьдарч эхэлсэн. Ер нь архи уухаараа жоохон сахилгагүй талдаа хүн байсан. Эрүүлдээ бол бусадтай нийтэч, сахилгатай, наргиантай, ажилд сайн хүн байсан. 2017 оны 12 дугаар сард хүмүүстэй хамт самранд явсан. Тэгээд зодуулж цохиулсан байдалтайгаар нас бараад ЗүүнхарА-н эмнэлэгт хүргэгдэж ирсэн юм байна. У- ахад надаас өөр ах, дүү байхгүй. Ээж, аав нас барсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. ...” гэх мэдүүлэг /1хх-н 10-11 дүгээр хуудас/,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын дахин өгсөн:

“Сүүлд гарсан 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Миний төрсөн ах У- нь бусдад зодуулсны улмаас амьсгалын замд цус орж сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтийн улмаас нас барсан гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Уг хэрэгт холбогдуулан миний бие маш их гомдолтой байна. Энэ хэрэгт холбогдон гарсан зардал, оршуулгын зардал зэргийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг /1хх-н 95-96 дугаар хуудас/ болон “...2018 оны 09 дүгээр сард Төв аймгийн цагдА-н газарт Н-тай уулзахад миний буруу би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, таны хохирлыг 7 хоногийн дотор барагдуулна, удлаа гэхэд 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж хэлсэн. Тэрнээс хойш хэр их цаг хугацаа өнгөрч байна. Маш их гомдолтой. ...” гэх мэдүүлгүүд /2хх-н101 дүгээр хуудас/,

-Оршуулгын зардал нэхэмжилсэн баримт /1хх-14-20 дугаар хуудас/, хохирлын тооцоолол буюу 3.564.816 төгрөг нэхэмжилсэн тухай /2хх124 дүгээр хуудас/,

 

4. Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би Э- ахын самрын бригадад багтаж 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр явсан, нийт 18 хүн явсан. ...Самар түүгээд ууланд 1 сар орчим болсон. Хоол хүнс дуусаад Э- ах, эхнэр А- болон Ц- эгч нарын хамт Улаанбаатар хот руу хүнсэнд явсан. 5 хоногийн дараа 2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө тэд ирсэн. Э- ах эхнэртээ “энэ хүмүүст хотоос авчирсан архиа гаргаж өг” гэж хэлсэн. А- эгч 750 граммын Хараа архи 2 шилийг гаргасан. Манай отог дотор Э- ах, У- ах, Б- ах, Г- ах, В- /В-/ тухайн шил архийг хувааж уусан. Б- ах, Г- ах, В- нар нөгөө отог руугаа явж амарна гээд отогоос гараад явсны дараа манай отогт байдаг Н- нөгөө отогоос орж ирээд амрахаар зэхсэн. Тэр үед У- ах их согтсон байсан. Согтуудаа Э- ахад “чамайг явсан хойгуур энэ В- чинь хоёр отогийн хүмүүсийг ерөнхийд нь айлгаад, ажил хийлгэхгүй их том юм байна лээ шүү” гэж хэлсэн чинь Н- /Н-/ би таныг В-д хэлнэ гээд отогоос гараад явсан. Би хэсэг хүлээж байгаад Н-гийн араас нөгөө отог руу очиход Н-, В- хоёр надтай зөрөөд отогоос гарч явсан. Би тухайн отог дотор сууж байхад доод отогт хүн орилж хашгирах дуу чимээ гараад байхаар нь юу болж байгааг харахаар очсон. У- ахын дээр В- мордоод суучихсан толгой руу нь гараараа цохиж байсан.  Д- эгч Н- хоёр салгаж байсан. Ингээд салгаад В- өөрийнхөө отог руу  явсан. Тэгээд байж байтал манай отогын жижиг Н- хүрч ирсэн. У- ах жижиг Н-д хандаж “чи миний хөнжил гудсыг өөр отогт хүргээд өгчих, би энд байж чадахгүй юм байна, өөр отогт очиж хонолоо” гэж хэлсэн. Тэгээд хөнжил пүүгээгээ аваад жижиг Н-тай хамт гараад явсан. Маргааш өглөө нь гэгээ орж, 07 цаг өнгөрч байхад Н- бид хоёр босоод гарч түлээ бэлдэж байхад доод самрын отогоос нэг эгч амьсгаадан гүйж ирээд “танай отогоос шөнө манайд ирсэн хүн чинь хот руу явна” гээд алхаад явчихлаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь Н- бид хоёр отог руу ороод Э- ахыг сэрээгээд У- ахыг хэлээд “яах вэ араас нь явах уу” гэж асуусан чинь “яваад аваад ир” гэж хэлсэн. Ингээд бид хоёр У- ахын араас явахдаа машин дотроос 750 граммтай Сархад архи нэгийг аваад явсан. Бид хоёр 30 орчим минут яваад У- ахыг гүйцэж очсон. У- ах нилээд даарчихсан хоёр гараа үлээгээд сууж байсан. Бид хоёр түүнд отог руугаа очъё гэж хэлсэн чинь би буцаж очихгүй гээд байсан. Тэр үед Н- над руу нөгөө архиа гаргаад ир гэж дохисноор би архи гаргаж Н-д өгсөн. Ингээд Н- архиа задлаад таганд нь хийгээд өөрөө эхэлж уугаад дараа нь У- ахад хийж өгсөн. У- ах архинаас нь нэг уусан. Н- надад шилтэй архийг өгөөд тойруулчих гэхээр нь би тэр хоёрт архийг нь аягалж өгөөд байсан. Энэ хугацаанд Н- У- ах хоорондоо “отог руу буцна, буцахгүй” гээд Н- нь аргадаад Ууганаа ах буцаад явъя л даа гээд байсан. Ингээд архи талдаа орж байхад тэр хоёр буцна, буцахгүй гэх асуудлаас болоод босч ирээд хоорондоо барьцалдаад авсан. Н- У- ахыг шанаадахад Ууганаа ах уначихсан. Тэгтэл Н-г хүүе гэхийн завдалгүй түүний дээрээс болон толгой нуруу руу нь хэд, хэдэн удаа өшиглөсөн. Би дундуур нь орж Н-г салгаад чи отог руугаа явж бай, би Ууганаа ахыг араас чинь аваад очъё гэсэн. Тэгэхэд Н- миний үгэнд ороод явсан. Би Ууганаа ахыг босгоход буцаж унаад байсан. Тэгээд Н-гийн араас гүйж очоод Ууганаа ах дээр дагуулж ирэхэд Ууганаа ах хөнжлийнхөө голоор толгойгоо хийчихсэн хэвтэж байсан. Н- согтуу бараг мөлхөж очсон байсан болохоор Ууганаа ахыг “чи битгий баашлаад бай босоод ир явъя” гэхэд Ууганаа ах юу ч дуугарахгүй байсан. Тэгэхэд Н- гараараа Ууганаа ахын нуруу руу хоёр удаа цохисон. Би Н-г татаж холдуулаад “чи хүн алчихлаа шүү дээ” гэхэд Н- Ууганаа ахын дээр мордож байгаад сэргээх гээд алгадаад байсан. Энэ үед цаанаас Б- ах, Игор, В- нар хүрч ирсэн. Тухайн үед Ууганаа ах амьсгаатай байсан, түүний бие нэг л биш болчихсон байсан болохоор Б- ах, Игор хоёр отог руу буцаж очоод машин авчрахаар явсан. В-, Н- бид гурав Ууганаа ахын хажууд үлдээд байж байхад Э- ахын эхнэр А- гүйж ирсэн. Энэ үед В- отог руу буцаж явсан. А- эгч Н- бид гурав гал асаагаад машинаа хүлээсэн. 1 цаг 30 минутын дараагаар “Зил-131” машинтай Б- ах, түүний эхнэр Д-, В- нар хүрч ирсэн. Ингээд Ууганаа ахыг өргөөд машины кабенд оруулсан. В- түүнийг тэврээд отог руу явсан. Отог хүрээгүй байхад өгсүүр хэсэг дээр машин хий эргээд леботек татаж байхад тороос тасраад машин цааш явхааргүй болоод В- Ууганаа ахыг машинаас буулгаж үүрээд дээш өгсөөд хэсэг явж байснаа бид нарыг дуудаад байсан. Бид нар гүйгээд очиход Ууганаа ах нас барчихсан байсан. ...Н- бид хоёр Ууганаа ахын араас очиход Ууганаа ах урд шөнө нь В-д зодуулсан байсан болохоор нүд нь битүү хаван болчихсон дээд уруул нь язраад хавдчихсан их дуу муутай тунирхсан байдалтай байсан. Н- тухайн үед цасны гуталтай байсан. Самарт явж байгаа хүмүүс сүүлийн үед тийм гутал өмсдөг болсон. Ууганаа ах Н-д зодуулаад бараг тэр доороо ухаангүй болчих шиг болсон. Би салгах гэж их оролдсон. Н- надад “чи отог руу очоод Э- ахад дүүг чинь хүн алчихлаа” гээд хэлээдэх гээд байсан. Би тэр хоёрыг орхиод явж болохгүй байсан юм. Нэмж хэлэхэд хэрэг болсны дараа Мандал сум руу ирж явахад Н- надад “...би эхнэр хүүхэдтэйгээ амьдармаар байна. Чи Ууганаа ахыг осгочихсон байсан гээд хэлээрэй, намайг алсан гэж битгий хэлээрэй...” гээд ер нь “чи энэ хэргийг даачих, би ар гэрт чинь мөнгө өгч тусалж байя гэж гуйгаад байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 25-26 дугаар хуудас/,

 

-Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:

“…Тухайн хэрэг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагийн орчим үйлдэгдсэн. Талийгаач У- ухаангүй болсон байсан. Н- бид гурав байж байхад И-, Вика, Б- гурав ирсэн. И-, Б- нар буцаад машин авчирна гээд явсан. В- бид нартай үлдээд талийгаачийн гарыг цасаар үрж байтал А- ирээд гал түлсэн. Н- намайг “чи яваад машинаа хурдлуулаад ирээрэй” гэсэн. Би отог руу гүйгээд явж байтал өөдөөс машин гараад ирсэн. Тус машиныг Б- ах барьж явсан. Ачаан дээр нь Дамдин, жижиг Н- нар суугаад явж байсан. Тэгээд би машины ачаан дээр гараад хамт явж байхад Н- ах толгойгоо куртикаар хучаад доошоо хараад явж байсан. Отог руу өгсөж явах замд машин эвдрээд В- У- ахыг үүрээд явж байгаад буцаж ирээд “талийгаачийг амьсгалахгүй байна” гэхээр нь бид нар очиж үзэхэд нас барсан байсан. Бид нар талийгаачийг буцаж машин дээр авч ирээд машины тэвшин дээр хөнжил пүүгээнд хийж хонуулсан. Бид нар отогт очоод хоёр тээврийн хэрэгслийн эздээс Э- ах асуулгахад нэг машин нь эвдэрсэн, нөгөө машин нь шатахуун байхгүй гээд явж чадаагүй. Тэгэхээр нь нэг машинаас сэлбэг олж аваад 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 07 цагийн орчим машинаа засварлаад өдрийн 11 цаг гэж дуусаад тэндээс талийгаачийн цогцсыг аваад явсан. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлэгт талийгаачийг авч ирсэн. Энэ талаар эмнэлгээс цагдаад мэдэгдсэн байх. Тухайн үед би талийгаачийг ямар нэгэн байдлаар зодож цохисон асуудал байхгүй. Н- талийгаачийн толгой тархи нүүр рүү нь цохиж, цээж нуруу руу нь өшиглөж байсан. Талийгаачийг өөр хэн нэгэн зодож гэмтэл учруулсан зүйл байхгүй. Отог дээр байхад А- эгч доор зодоон болоод байх шиг байна, хоёулаа хамт очъё гэхээр нь би эгчийн хамт очиход В- талийгаачийн дээр гараад толгой руу нь гараараа цохиж байсныг Д- эгч Нямсамуу хоёр салгаж байсан. Дараа нь Н- надтай хамт талийгаачийн араас очиж зодсон. Талийгаач Н-д зодуулаад ухаангүй болоод нас барсан. Миний хувьд талийгаачийг зодсон асуудал байхгүй. Н- талийгаачийг эмнэлэг рүү аваад явах гэж байхад надад хэлэхдээ “чи очоод цагдаад мэдүүлэг өгөхдөө талийгаачийг өөр хүнд зодуулаад осгосон байдалтай байж байхад нь бид хоёр араас нь очсон гэж хэлээрэй. Тэгэх юм бол би чамд сар болгон мөнгө өгч байя” гэж хэлсэн. Мөн надад Н- өөрийгөө хүүхэдтэй гэж хэлсэн болохоор би түүнд санаа зовоод тэгэж хэлэхээр тохиролцоод харин цагдА-н газар ирээд “энэ чинь хүн нас барсан хэрэг шүү дээ” гэж бодоод үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. В-ыг В- гэж дуудаг. Отог дотор У- жолооч Э-ад архи ууж байхдаа энэ В- чинь хүмүүсийг ажил хийлгэхгүй дарамтлаад тамхи нэхээд байна гэхэд Н- унтахаар орондоо ороод хэвтэж байснаа босоод В-т очоод хэлсэн. Тэгээд В-ын уур нь хүрээд талийгаачийг ирж зодсон. Н- талийгаачийн нүүр рүү нь цохиж унагаагаад хүүе гэхийн завдалгүй дээрээс нь хөлөөрөө өшиглөж зодоод байхаар нь би салгаад Н-г чи явж бай гэсэн. Н- талийгаачийг нилээд хэдэн удаа нүүр толгой, цээж, нуруу хэсэг рүү нь өшиглөсөн. Би Н-г салгахад сиймхийгээр л орж ирээд талийгаачийг зодоод байсан. Мөн Н-д талийгаач зодуулаад ухаангүй болчих шиг болсон. Н- мөн тэр үед надад хэлэхдээ Э- ахад дүү чинь хүн алчихлаа гэж хэлээдэх гээд байсан. Талийгаач У- ах бид нартай хамт самранд явж байхдаа надад хэн нэгэнд зодуулсан гэж ярьж байгаагүй. Мөн биеийн байдал нь гайгүй хэвийн байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 108-109 дүгээр хуудас/,

 

5. Гэрч В.В-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Бид нар 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хагийн хар нуур гэх газрын орчимд очиж самар түүсэн. ...Хүнс дуусаад хүнс бэлтгэхээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Э-, эхнэр А- болон Б-гийн эхнэр Д- нар Улаанбаатар хот руу ...явсан. 2017 оны 12 дугаар сарын 29-ний шөнө ...хүнсээ аваад ирсэн. ...Унтах гээд хэвтэж байхад доод отгоос Э- ах Н- хоёр ирсэн. Н- надад “Ууганаа ах чамайг янз бүрээр Э- ахад хэлээд хор найруулаад байна” гэж хэлсэн. Тэгээд би У-тай уулзахаар доод отогт очсон. У- ахад “та юу яриад байгаа юм бэ, би таньд ямар гэм хийсэн юм” гэхэд У- ах над руу дайраад биед хүрэх шиг болохоор нь харсан чинь гартаа отверка барьчихсан байсан. Тэрийг нь Н- гараас нь салгаж авсан. Би У- ахыг орон дээр татаж унагаагаад дээр нь гараад суусан чинь У- ах яаж байгаад ч юм мэдэхгүй Н-гийн чихнээс хазчихсан. Энэ үед Д- эгч орж ирээд салгахад Н- У- ахын дээрээс цохих шиг харагдсан. Ингээд би Д- эгчийн хамт гараад өөрийнхөө отогт очсон. Үүр цайх үеэр У- ахыг доошоо явах гэж байна гэхээр нь отгоос гарсан чинь У- ах отгынхоо үүдэнд нилээд согтчихсон байдалтай хөнжил пүүгээгээ үүрчихсэн явах гэж байхаар нь уулзах гээд явахад Д-, Даваа ах хоёр намайг хориглоод отог руу оруулсан. Өглөө нь гэгээ орж байхад сэрээд доод отог руу Б-гын хамт очсон. ...Б- ах, И- бид гурав 3 шуудай боргоцой машиндаж цайруулаад хоёр хувааж савлаад гэр рүүгээ харихаар явсан. ...Алхаад 3 километр орчим зайд явж байхад замд С-, Н-, У- ах нар байж байсан. У- ах дээшээ хараад хэвтчихсэн, нүүр ам нь хавдаад, чихнээс нь цус гарчихсан, юм ярьж чадахгүй, гар нь даараад бараг хөлдчихсөн юм уу гэмээр цайрч цагаарсан байдалтай байсан. Н- маш их согтолтой байсан. “У- ахыг яагаад ийм болгочихсон юм бэ” гэхэд “та нар зүгээр яв, С-ад ямар ч хамаа байхгүй, би өөрөө У- ахыг ийм болгочихсон юм” гээд байсан. Би Н-, С- хоёрыг уурандаа нэг, нэг удаа цохисон. Би С-ыг “чи эрүүл байж яагаад ийм байдалд хүргэж байгаа юм бэ” гээд загнахад “би салгаж хамгаалж чадсангүй ээ, энэ хоёр нэг шил архи хувааж уугаад маргалдаад, ийм юм болчихлоо” гээд байсан. Тухайн үед надтай хамт явж байсан И-, Б- хоёр дээшээ отог руугаа машин авчрахаар явсан. Удалгүй А- эгч ирсэн. Бид нар У- ахыг сэргээх гэсэн боловч сэргэхгүй, ямар нэгэн эсэргүүцэлгүй зөвхөн амьсгалах төдий байдалтай байсан. Тэгээд отогоос машин ирээд У- ахыг машинд өргөж оруулаад отог руу явж байхад машин эвдрээд би У- ахыг үүрээд явж байхад У- ах бүүр амьсгалахгүй болчихсон. Б- ах И- бид гуравыг очиход У- ахын нүүр нь битүү хавдаад хамрын нүхэнд нь цус нөжирсөн, хоёр чихнээс нь цус гоожиж байсан. Н- дээр нь суучихсан өмссөн цагаан цамцных нь ханцуй цус болоод хөлдчихсөн байсан. Биднийг машин аваад эргээд очиход Н-гийн цагаан цамц нь байхгүй болчихсон байсан. Би архи уусан байсан боловч тийм ч аймар согтуу байгаагүй. Болсон үйл явцыг мэдэж байна. ...” гэх мэдүүлэг /1хх-н 50-51 дүгээр хуудас/,

 

6. Гэрч Б.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр самранд явсан... 2017 оны 12 дугаар сарын эхээр Халзангийн даваа гэх газарт очиж 2 отог барьж байрласан. ...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Э- ах, А- эгч, Д- эгч нар Улаанбаатар хот руу хүнсэнд явсан. ...2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад отогт ирсэн. Намайг унтаж байх хооронд Д- эгч отог дотор орж ирээд бүгдэнд нь чихэр тараасан.  ...Хэвтэж байсан чинь хэсэг унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь В- эхнэр Баасанжаргалтай хэрэлдсэн сууж байсан. ...Н- орж ирээд “доод отогт Ууганаа ах чинь Э- ахад хор цацаад, сумлаад хэтрүүлээд яриад байна” гэж хэлсэн чинь В- ах тоогоогүй. ...В- согтчихсон доод отог руу У-тай уулзана гээд явчихсан байсан. А- эгч удалгүй хашгираад хөөе В-, У- хоёр хоорондоо зодолдоод байна, та нар ирж салгаач гэхээр нь Д- эгч бид хоёр … очсон чинь У- ахын хамраас нь цус гарчихсан, В- хажууд нь сууж байсан. У- ах “В-т чам шиг банди намайг барахгүй шүү” гэж хэлсэн чинь В- ах “та яах гээд байгаа юм бэ” гэхэд Ууганаа ах “чамайг би шоронд дагуулж ороод ална” гэж хэлсэн. В- босч ирээд У- ахын нүүр рүү нь хоёр цохиод авсан. У- ах цохиулчихаад ширээн дээрээс хоолны сэрээ аваад В- луу дайрахаар нь би сэрээг нь аваад салгасан. Тэр хоёр зодолдохоо болихоор нь би тамхи асаагаад сууж байсан чинь Ууганаа ах В- луу дайраад дахиж зодоон болсон. Тэгтэл хажуунаас нь Н-, У- ах руу чи салгаж байхад чинь чих хазчихлаа гэж хэлээд В-той нийлээд У- ахыг зодоод эхэлсэн. Би дундуур нь ороод салгасан. В- тэр зодоон болсон газраас гараад өөрийнхөө отог руу явчихсан. Ууганаа ах тайвшраад, би одоо явлаа, энэ доор отог дээр миний дүү сумын начин байгаа тэрийг авчирч В-ыг зодуулна гээд байсан.

...Маргааш нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өглөө ...11 цагийн орчим ...урд зүг рүү Хагийн хар нуур руу явж байтал С-, Н- сууж байсан. Бид гурав тэр 2 дээр явж очсон чинь газарт У- ах ухааангүй хэвтэж байсан. В- Н- руу дайрч “чи одоо яаж байгаа юм бэ хүн алчихсан байна шүү дээ” гэж хэлээд хоёр алгадсан. Дараа нь С-ыг хавирч унагаагаад “чи харж байсан юм байж яагаад ийм болтол нь зодуулж байгаа юм, энэ хүнийг алчихсан байна шүү дээ” гэж хэлсэн. Б- ах У- ахыг харчихаад “наад хүн чинь бараг үхчихсэн байна шүү дээ, наад гарыг нь харалдаа” гэж хэлсэн. У- ахын хэвтэж байсан газарт зөндөө цус тунараад тогтчихсон байсан. У- ах ямар ч хөдөлгөөн байхгүй, нүүр нь битүү хавдчихсан бага зэрэг амьсгалж байсан. Н- нилээн согтуу, С- харин эрүүл байсан. Н- “одоо оройтсоон, та нар яв” гээд байсан. Б- ах машин авч ирнэ гээд явсан. ...Би Б- ахын араас яваад машиныг нь галлаж асаагаад нэг цаг орчмын дараа эргэж иртэл Э- ахын эхнэр А- эгч тэд нар дээр ирсэн байсан. Ингээд У- ахыг машинд өргөж оруулсан. Отог руугаа явж байтал машин эвдрээд зогссон. У- ахыг В- үүрээд түрүүлээд явсан. Бид хэд машинаа засаад байж байтал В- гүйж ирээд “У- ах амьсгалахаа больчихлоо” гэж хэлсэн. Бид нар очиж үзэхэд У- ах ямар ч амьсгаагүй болчихсон байсан. Бид нар хөнжил пүүгээгээр нь боогоод буцаад машин дээр очиж тавиад 2017 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн орчим үүрээр Зүүнхараа руу гарч 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө ирсэн. Н-, У- ахыг зодчихоод өөрөө шоконд орчихсон байсан. Наашаа ирэх замдаа юу ч ярихгүй шокноосоо гарахгүй байж байгаад ирсэн. С-аас би “яасан бэ юу болсон бэ” гээд асуухад “Э- ах бид хоёрыг У- ахын араас явуулаад очоод аваад ир гэж хэлсэн. Н- бид хоёр цасан доор булчихсан байсан нэг шил архийг аваад У- ахын араас явсан. Тэгээд явж байхад Н- иймэрхүү хүмүүсийн араас явахдаа чанга ярихгүй бол аргадаад ирэхгүй байх гэж ярьсан. Наанаас нь У- ахыг гүйцэж очоод та наранд ч гэсэн битгий шорон санаа гаргаад байгаарай гэж хэлсэн. Тэгээд У- ах Н- бид гурав 1 шил архи хувааж уусан. Н- У- ахыг цохиж унагаагаад байсан” гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 18-49 дүгээр хуудас/,

 

7. Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би найз Э-аар ахлуулсан самрын бригадад орж 2017 оны 12 дугаар сарын дунд үед самарт явсан. 2017 оны 12 дугаар сарын 24-нд хүнс дуусч Э- эхнэр А- болон Д- нарын хамт Улаанбаатар хот руу хүнсэнд явсан. Манай самрын бригад хоёр отогт хуваагдаж нийт 16 хүн үлдсэн. Э- нар хүнсэнд яваад 2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө биднийг унтаж байхад ирсэн. Ингээд отог дотор Э- 2 шил 750 граммын архи гаргаж, У-, Э-, Г- бид тавуулаа хувааж уусан. Би дээд отогт буцаж очиж эхнэрээсээ дахин нэг шил 750 граммтай архи авч дээд отгийнхонтой уугаад унтаж амарсан. Тэгээд өглөө 10.00 цагийн үед сэрээд В-тай хамт Э-ын отог руу очиход У- явчихсан байна араас нь С-, Н- хоёр явчихлаа гэж ярьж байсан. Би Э-аас шинэ жилийн архи авчирсан юм уу гэж асуусан чинь авчраагүй гэсэн. Үүнээс болоод би Э-тай муудалцаад за тэгвэл би явлаа гээд гараад явсан. Тэгсэн чинь В-, И- хоёр хамт явъя гэсэн. Ингээд бид гурав доошоо алхаад явж байсан чинь С-, У-, Н- замд байсан. Миний урд И-, В- нар явж байсан. Тэр гуравт дөхөж очоод В- нь Н-г өшиглөөд С-ыг цохиод авсан. Би араас нь очиход В- “та хоёр энэ У-ыг юу болгоод хаячихав аа” гээд байсан. У- нь зам дээр хөндлөн байдлаар дээш харсан нүүр ам нь хавдаад цус болчихсон, танигдахын аргагүй хоёр гар нь алга хүртлээ цайчихсан, юу ч дугарахгүй байсан. Н- түүний дээр мордоод суучихсан байсан юм байна лээ. Тэгээд В- тэр хоёрыг ганц нэг цохиж авсан юм байна лээ. Тэгээд би шууд машин асаагаад ирье гээд отог руу өгссөн. Араас И- ирэхээр нь асуухад “Ууганаа ахын амьсгаа нь тасалдаад байна” гэж хэлсэн. Ингээд бид хоёр отогт ирээд харсан зүйлээ хэлэхэд Э-ын эхнэр А- гүйгээд явсан. Бид нар машинаа асаагаад доош уруудаж очиход У- дөнгөж нэг муухан амьсгаатай байсан. Түүнийг машинд өргөж оруулаад дээш отог руу явсан. Замд машин эвдрээд У-ыг машинаас буулгаад В- үүрээд А-тай хамт явсан. Намайг машин дээрээ байж байтал Э- хүрч ирээд У- нас барчихлаа гэж хэлсэн. У- нас барсны дараа өдрийн өглөө Н- надаас У-ыг яасан талаар асуухад би юу болсон талаар хэлээгүй. Тэгэхээр Н- өөрийнхөө юу хийснийг мэдэхгүй байх шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг /1хх-н 27-28 дугаар хуудас/,

 

8. Гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө нөхөр Э-, жолооч Д.Б-гын эхнэр Д- нарын хамт Халзан даваа гэх газар байрлаж байгаа самрын отог дээрээ Улаанбаатар хотоос хүнс аваад очсон. Тухайн үед шөнийн 02.00 цаг өнгөрч байсан. Биднийг хүнсэнд явахад самарт явсан У- ах шинэ жилийн архи авчраарай гээд захисан. Тэгээд захисан юмыг нь авчирсан болохоор У- ахад өгсөн. Нийт 7 шил архитай очсон. Ууганаа ах отог дотор архиа задлаад манай нөхөр болон Батсүмбэр сумаас ирж самарт явж байсан хүмүүстэй хамт уусан. Тэр үед С- гэх залуу архи уугаагүй, Н- архи уугаагүй. Эхний нэг шил архийг ууж дууссаны дараа би 0.5 литрийн 3 шил архийг гаргаж өгсөн. Б- эхнэр Д-ийн хамт мөн В- нар нөгөө отогоос орж ирж архинаас уусан. ...дахин 750 граммын 2 шилтэй архи гаргаж өгсөн. Архи уусан хүмүүс бүгд л согтоод Б-, Д-, В- нар отог руугаа явсан. Отог дотор У- ах В-г нөхөр бид хоёрт муугаар хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр одоо халуун дээр нь учрыг нь олно гээд дээд отог руу В-тай уулзана гээд явсан. Би Ууганаа ахад та юу яриад байгаа юм бэ араас нь очиж учрыг нь олооч гэсэн чинь явахгүй гээд хөнжилөө нөмрөөд хэвтээд өгсөн. Би нөхрөө 5 орчим минут хүлээгээд ирэхгүй байхаар нь араас нь очсон. Тэгэхэд Монхоо, Дамдин хоёроос бусад нь нилээд согтчихсон, манай нөхөр Д-тэй маргалдчихсан байж байсан. В- хэзээ ч гараад явчихсан юм бүү мэд намайг эргээд отог дээр ирэхэд Ууганаа ахын дээр гараад мордчихсон зодож байсан. Хажуунаас нь Н-, С- хоёр салгах гээд зууралдаж байсан. Би отогоос гараад Э-аа энэ В- чинь Ууганаа ахыг зодоод байна шүү дээ гэж хашгирснаар Д- гүйж ирсэн. Д- В-г салгах гээд дундуур нь ороод доор нь дарагдаад унасан. Тэгсэн чинь В- чи миний эгчийг яаж байнаа гээд Ууганаа ахыг далим гаргаад хэд хэдэн удаа цохиж аваад байсан. ...нэг харахад Н- Ууганаа ахыг цохиж байх шиг харагдаж байсан. Би салгаж холдуулаад загнасан чинь би салгаж байхад энэ Ууганаа ах чинь миний чихийг хазчихлаа шүү дээ гэсэн. Ингээд зодоон салж Ууганаа ах доошоо хараад сууж байхад В- Ууганаа ахад “чи яасан их хор цацдаг юм. Хорондоо ингээд унаж байгаа юм” гэж хэлэх үедээ Ууганаа ахын нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Энэ үед Д- В-г аваад отогоос гарсан. Харин Ууганаа ахын хамар амнаас цус гарсан байсан, урагдсан фудволкоороо арчиж цэвэрлээд хөнжил гудсаа хуйлаад явах гээд зэхээд байсан. Хаашаа явах гэж байгааг асуусан чинь доод отог дээр манай хуурай дүү байгаа би дүүгээрээ та нарыг алуулна гэж хэлж байгаад гараад явсан. Би араас нь жижиг Н-г явуулсан. Удалгүй жижиг Н- хүргээд өгчихлөө гээд ирсэн. Өглөө үүр цайгаад гэгээ орчихсон байхад би сэрээд отогоос гарч бие засаад явж байхад Ууганаа ах доороос отог руу ирж явсан. Би түрүүлж отог руу ороход араас орж ирээд хувцсаа давхарлаж өмсөөд байсан. Тэгэхээр нь самрандаа гарах гэж байгаа юм байна даа гэж бодсон. Тэр үед Ууганаа ахын нүүр нь хөхрөөд хавдаад эвгүй болчихсон байсан. Би тэгээд нэг хэсэг унтчихсан байсан. Хүн хөлнөөс татахаар нь сэрсэн чинь С-, Н- хоёр Ууганаа ах гэр рүүгээ явна гээд явсан гэдгийг доод отогийн тогооч эгч ирээд хэллээ бид хоёр араас нь яваад ирэх үү гэхээр нь тэг гэж хэлсэн. Удалгүй Б- ирээд надаас архи нэхээд байсан. Э- сэрээд мөн архи байхгүй гэж хэлээд тэр хоёр жоохон маргалдаж байгаад Б- гараад явсан. Удаа ч үгүй отогын гадаа самар цайруулах чимээ гарахаар нь гараад харсан чинь И-, В-, Б- самар цайруулаад зогсож байсан. Тэд нар түнхэл орж самраа зараад архи авч ууна гэж сонссон. Би отогоос гаралгүй байж байхад 1 цаг орчмын дараагаар Б-, И- хоёр амьсгаадан гүйж орж ирээд Н- С- хоёр чинь нөгөө У-ыг чинь нийлж байгаад зодоод алчихсан байна шүү дээ, машинаа асаа очъё гэсэн. Тэгэхээр нь би хаана байгааг нь асуухад доошоо улаан зам дээр 3 киллометр орчмын зайд байгаа гэхээр нь очихоор тэр чигээрээ гүйж явах замд В- зогсож байсан. Түүний цаана 10 орчим метрийн зайд Н- С- хоёр хоёулаа зам дээр өвдөглөөд суучихсан, Н-гийн нүүр, хувцас, гутал нь цус болчихсон байсан. Хажууд нь Ууганаа ахыг гудсан дээр хэвтүүлээд хөнжлөөр нь дээгүүр нь нөмрөгчихсөн байсан. Би хөнжлийг нь сөхөхөд У- ахын нүүр ам нь цусаар битүү бохирлогдсон, чихнээс нь цус гарчихсан, унтаж байгаа хүн шиг хурхирах чимээтэй ухаан мэдрэлгүй шахуу хэвтэж байсан. Мөн түүний гарын хуруунууд хөлдчихсөн юм шиг цайчихсан байсан. Би юу болныг асуухад Н- миний буруу гээд уйлаад байсан. Н- тэр үед согтуу байсан. Харин С- эрүүл байсан. Ингээд би Ууганаа ахыг осгоочихгүйн тулд С-, Н- хоёртой ойр хавиас мод цуглуулж гал асаасан. Гал асаад дуусч байхад Н- аниа би куртика, цамцаа шатаачихъя гээд тайлаад гал руу хийчихсэн. Гал унтрах гээд байсан учраас Ууганаа ахын куртикийг бас галд шатаасан. Машин хүлээгээд ирэхгүй байхаар нь би Ууганаа ахын гарыг цасаар үрсэн. Энэ үед нөгөө хэд машинтайгаа ирсэн. Ууганаа ахыг шууд эмнэлэг бараадуулъя гэсэн. Эхлээд осгосон байдлыг нь сэргээе гээд машинд өргөж оруулаад отог руугаа явсан. Гэтэл Ууганаа ах отог руу явж байх замд нас барчихсан юм. Ууганаа ахын нүүр рүү В- өшиглөсөн болохоор хавдчихсан байсан. Өглөө отогт орж ирээд байж байхад хавдсанаас өөр байдал ажиглагдаагүй. Гэхдээ 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үед самарт явах өдөр Ууганаа ах эхнэртэйгээ уулзаад ирлээ, эхнэртэйгээ муудалцсан, том бандид нь зодуулчихлаа гээд ирсэн. Ирэх үед нь түүний нүүр ам нь хөхөрчихсөн, хөмсөг нь сэтэрсэн ирсэн. Мөн хавирга хугарчихлаа гээд надаас эм тариа лент авч хэрэглээд байсан. Хичнээн хавирга хугарсан талаар хэлээгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-н 29-30 дугаар хуудас/,

-Гэрч А-ийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:

“...Бид нар хамгийн түрүүнд өөрсдийн харъяа газар авчрах хэрэгтэй гэж бодоод талийгаачийг нас барсны дараа шууд явахаар болоод отгоо буулгасан. Энэ үед манай нөхөр Зил-131 маркийн 58-40 СЭА улсын дугаартай машин нь эвдрээд машинаа засаад 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 11 цагт талийгаачийн цогцосыг аваад хөдөлсөн. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлэгт талийгаачийг авч ирсэн. Талийгаачийг нас барсан байдалтай хүргэгдэж ирсэн талаар эмнэлэг цагдА-н байгууллагад мэдэгдсэн. Талийгаач самарт явахаас өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 23, 24-ний орчим надаас 30.000 төгрөг эхнэртээ өгнө гэж авч яваад, тэр мөнгөөрөө архи уугаад маргааш нь ирэхдээ эхнэрийнхээ том бандид зодуулсан гээд ирж байсан. Би талийгаачаас юу болсон талаар асуухад би гэртээ очиход эхнэрийн хүүхэд ирчихсэн байсан, тэгээд муудалцсан гэсэн. Талийгаач зүүн хавирганы хэсгээ гэмтээсэн гэж байсан. Би түүний зүүн хавирга хэсэгт нөхөр Э-ын өвчин намдаах наалтыг нааж өгч байсан. Талийгаач бага насны нэг охинтой,  эхнэрийнх нь дагавар хүүхдүүд гэж хоёр залуу, нэг охин байдаг. Талийгаач самарт явахаасаа хэд хоногийн өмнө манайд ирж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 102 дугаар хуудас/ болон дахин өгсөн мэдүүлэг /3хх-н 177 дугаар хуудас/,

 

9. Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын дундуур өөрийнхөө “ЗИЛ-131” маркийн машинаар нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй самранд явсан. ...Төв аймгийн Халзангийн даваа гэх газарт 2017 оны 12 дугаар сарын 20-ны орчим очиж байрласан. Тухайн газарт очиход бензин, хүнс багсаад ирсэн учир би уулнаас машинтайгаа бууж Улаанбаатар хотоос хүнс цуглуулахаар болсон. Намайг Улаанбаатар явах үед Б-, Б-ийн найз охин Отгоо, Д-, Дарьрагчаа, Ганзориг, Баярмагнай нар хамт явж самарт явахаа болилоо уулнаас буулаа гэж хэлээд буусан. Бас Улаанбаатар хот руу явахад надтай манай эхнэр А-, танил Д- нар явсан. Халзангийн даваагаас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 10 цагт гараад орой 19 цагийн орчим Тэрэлжид ...машинаа хашаанд тавьж орхиод Улаанбаатар хот руу Старикс машинаар очиж хүнс бэлдээд 2017 оны 12 дугаар сарын 29-ны үдээс хойш 14 цагийн орчим Тэрэлжээс Халзангийн даваа руу явж 2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчимд очсон. Халзангийн даваанд манай машины хүмүүс хоёр отог барьж байрлаж байсан. Биднийг хотоос ирэхэд бүгд сэрсэн. Талийгаач У- намайг хот руу явахад 1 шил архи, 1 блок тамхи захисан. Тэгээд талийгаач захисан зүйлээ авъя гэхэд хотоос авчирсан 8 шил архиныхаа 3 шилийг нь гаргаж өгөөд за даврахгүй ууна шүү гэсэн. ...би архи ууж байх дундуур нь хажуу талын отог руу явж очсон чинь Б-, Д-, В-, Баасансүрэн нар нилээд согтчихсон сууж байсан. Намайг ороход В- ганцаараа надтай зөрөөд гарсан. Би энэ отог дээр 5-10 минут суусан. В- эргэж орж ирээд У- дургүй хүргээд байна гэж ярих шиг болсон. Би эргээд өөрийнхөө отог дээр ирэхэд У- байхгүй байсан. У- өөр хүмүүсийн отог руу явсан тэнд таньдаг дүү нь байдаг гэж манай отогын хүмүүс хэлсэн. Ингээд манай отогын хүмүүс уусан архиндаа халуураад эхнэр бид хоёроос архи нэхээд байхаар нь дахиад 3 шил архи өгсөн. ... үүрээр 06 цагийн орчим эхнэр бид хоёр унтаж, 07 цагийн орчим сэрэхэд У- отог дотор ороод зогсчихсон нүүр ам нь тэгшрээд хавдчихсан цүнх саваа ухаад суугаад байх шиг байсан. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 01 цагийн орчим манай эсмен жолооч Б- намайг унтаж байхад сэрээгээд “танай дүү Н- чинь хүн алчихлаа. У- осгоод үхэж байна шүү дээ” гэж хэлсэн. Б- миний машиныг асаагаад У-ыг авч ирэхээр явсан. Эргээд явган гүйж ирээд машины чинь туслах кроп тасарчихлаа, У- нас барчихлаа гэж хэлсэн. Би У-ыг зодож байхыг хараагүй. Миний сонссоноор У-ын нүүрийг нь В- өшиглөж гэмтээсэн юм шиг байна лээ. У- отогоос буугаад явж байхад нь С-, Н- хоёр араас нь явж зодсон юм шиг байна. ...” гэх мэдүүлэг /1хх-н 31-32 дугаар хуудас/,

 

-Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 30-ны өглөө ...У- нөгөө отогоос ирээд хувцсаа өмсөж байхыг нь би унтаж сэрээд хальт харсан. ...Тэгээд би буцаад унтсан, ...нэг мэдэхэд манай отог дотор хүмүүс орж ирээд У- доошоо явж байсан гэж ярьж байсан. Миний зүгээс Н-, С- нарыг талийгаачийн араас нь яв гэж хэлээгүй. Би өөр отогт байрлаж байсан тогооч гэх эмэгтэйг танихгүй. ...Би тэр эмэгтэйг таньдаг гэж Н-д огт хэлж байгаагүй. ...Мөн би өөр отогны хүмүүсээс нэгийг нь ч танихгүй.  ...Талийгаачтай хамгийн сүүлд би 2017 оны 12 дугаар сарын 29-ний шөнө очиж уулзахад тэрээр зүгээр л надтай уулзаад цай хоол хийж өгсөн. Маргааш нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өглөө түүний нүүр амыг хальт харахад усан хаван гүйгээд нүд нь бүлцийсэн байсан. Хүмүүсийн яриаг сонсоход шөнө нь В-, Н-, С- нартай маргаж зодолдсон гэж сонссон. ...” гэх мэдүүлэг /1хх-н 99-100 дугаар хуудас/,

 

10. Гэрч П.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би А-ь, Э- болон 9 хүний хамт 2017 оны 12 дугаар сарын 25-нд самарт явж байсан газраасаа Улаанбаатар хот руу хүнс цуглуулахаар Зил-131 машинаар явсан Бусад хүмүүс хотод үлдээд Э-, А- бид гурав хүнс бэлдээд 2017 оны 12 дугаар сарын 29-нд Тэрэлжээс 16.00 цагийн үед самрын отог руугаа гарч шөнөдөө отог дээр очсон. ...Хоолоо идээд Э- амарч байсан хүмүүсээ сэрээгээд 0,5 литрийн 3 шил архи гаргасан. У- уг архийг хундаглаж, олуулаа ууж эхэлсэн. Би хоёр дахь шил архиа задлаж байх үед нь дээд отог руугаа амархаар явсан. Дээд отог руу очоод хотоос авчирсан 750 граммын архиа отгыхондоо гаргаж өгсөн. Манай нөхөр Б- нөгөө отогоос хүрч ирээд уг архийг ууж дуусгасны дараа 0,5 литрийн Соёрхол архийг В- гаргаж ирээд хувааж уусан. Тэр үед Э-, Н- нар орж ирсэн. Н- У- ах хэрэгтэй, хэрэггүй юм яриад байна гэсэн. Энэ үед В- гараад явсан юм байна лээ. Би гараад явсныг нь мэдээгүй. Харин нөгөө отогоос А- Э-аа энд зодоон болоод байна гэж хашгирсан. Очиход В- У-тай зууралдаад орон дээр байж байсан. В- зууралдаж байх үедээ У-ын нүүр рүү гараараа нэг удаа цохиод авсан. Н- тэр хоёрыг салгахаар дундуур нь ороод энэ У- ах миний чихийг хазчихлаа шүү дээ гээд У-ын нүүр рүү нь гараараа самардаж цохисон. Би В-г салгаж аваад дээд талын отог руу очсон. В-г гараад явахаар нь араас нь харсан чинь доод отогийн тэнд У-тай юм яриад зогсож байсан. Би Даваа ахын хамт очоод В-г отогтоо авчраад унтсан. У- ах пүүгээ дэвсгэрээ аваад доошоо явсан юм. Түүнээс хойш унтаж байгаад сэрсэн манай нөхөр Б- гэр рүүгээ харина гэчихсэн байж байсан. Яасан юм бол гээд асуусан чинь Э-тай маргалдсан гэсэн. Тэгээд дахин унтаж байхад Б- орж ирээд доор У- ахыг зодчихсон байна. Машинаа асааж очиж авчиръя гэсэн. Би босоод ...машинтай доош уруудсан. Отогоос уруудаад модноос гараад тал дээр очих хүртэл 10 орчим минут явахад зам дээр гал түлчихсэн байсан. А-, Н- хоёр У- ахын гарыг бүлээцүүлэх гээд цасаар үрээд байж харагдсан. Машинаас буухад тэр хавиар цасан дээгүүр цус цацарсан, У- ахын хамраас цус гарчихсан, нүүр нь хоёр тийш хавдчихсан, амьсгалж байх боловч дуугарахгүй, нилээн эвгүй харагдаж байсан. Бид нар У- ахыг осгочихсон юм байна. Отог руу авч очоод яаралтай тусламж үзүүлье гээд машинд өргөж оруулаад машинтай дээш өгсөж байтал машин эвдрээд У- ахыг В- үүрээд отог руу явсан. Н-гийн 2 хөлийн шилбэ хайрагдаад хөхөрчихсөн байсан тул Н-г А- аваад түрүүлээд явсан. Удалгүй манай нөхөр Б- хүрч ирээд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн У- ах нас барчихлаа гэсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-н 33-34 дүгээр хуудас/

 

11. Гэрч Б.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 01 цаг орчмын үед хүнсэнд явсан “Зил-131” машинтай Э-, А-, Д- эгч нар самрын отог дээр ирсэн. Тэгээд хотоос архи авчирсан гээд 4 шил архи гаргаад У- ах болон отог дотор байсан хүмүүс хувааж уусан. Тэгээд байж байхад У- ах энэ В- ер нь даам гарчихсан юм байна гэж яриад байсан. Э- ахыг хүнсэнд явахад У- ах бид хэдийг ахалж үлдсэн. Ингээд архи дууссаны дараа Э- ах, Н- хоёр дээд отог руу В-тай уулзахаар явсан. Удалгүй В- орж ирээд та яагаад хөгийн хөгийн юм яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Би болон бусад зарим нэг хүмүүс тухайн үед унтаж байсан юм л даа. Би хүмүүс орж гарах чанга чанга ярих үед сэрсэн. Нэг мэдэхэд Н- ёоо энэ Ууганаа ах чинь чих хазчихлаа шүү дээ гэж орилж байсан. Тэгээд В-г гараад явсаны дараа У- ахын 2 нүд нь хөхөрчихсөн байсан. У- ах босоод С-ыг чи намайг доод отог руу хүргээд өгчих гэхэд С- явахгүй байхаар нь би У- ахыг хүргэж өгөхөөр болсон. Доод отог руу явж байхад У- ах би согтоод байна, В- намайг зодож байхад “чи яагаад намайг өмөөрөөгүй юм бэ” гэж асууж байсан. Би ч тэгсгээд их юм ярилгүй доод отогт хүргэж өгчихөөд буцаж ирсэн. Тухайн үед 04.00 цаг болж байсан. Ингээд би унтаж амарсан. Өглөө гэгээ орж байхад сэрсэн чинь хэн ч билээ У- ахыг орж ирээд цүнхээ аваад доошоо хөл тавьсан, араас нь Н-, С- хоёр явсан гэж хэлж байсан. Тэгээд байж байтал Б- ах ирээд У- ах тэр доор бараг хөлдчихсөн байна. Гар нь цайчихсан байна лээ машин асаагаад очихгүй бол болохгүйнээ гээд машин асаагаад явсан. Түүнээс хойш 1 цагийн дараагаар У- ах нас барсан гэдгийг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-н 35 дугаар хуудас/,

 

12. Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Э- гэх ахын бригадтай цуг самранд явахаар гарсан. ...Халзангийн давааны доор ...байрлаад 10 гаруй хоносон. Бид нар хоол хүнсгүй болчихоод Э- ах эхнэртэйгээ цуг хүнсний зүйл авахаар Улаанбаатар хот руу явсан. 2017 оны 12 дугаар сарын 29-ний орой 23 цаг өнгөрч байхад ирсэн. Би хойд отог дээр Эрдэнэсан, Одноо бид хэд унтаж амарч байхад гаднаас Б- ахын эхнэр Д- орж ирэхээр нь сайн явж ирсэн үү гэхэд сайн, сайн гээд бүгдэнд нь нэг шил архи өгчихөөд доод отог руу яваад өгсөн. Би нэг хэсэг унтаж байгаад сэртэл Б- эгч, В-, Д-, Одноо эгч, Эрдэнэсан нар байсан. ...унтаж амарлаа гээд унтаад өгсөн. ...нар нэлээн дээр хөөрч байхад Б- Д- нар архи нь сайн гараагүй хүүхдээ яриад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би С-ыг ажилдаа гарсан болов уу гэж асуусан. С-, Н- хоёр У-ын хойноос явсан юм байгаа биз гэж нэг нь хэлсэн. ...Сүүлд Игориос сонсоход В-, Н- хоёр урд отог дээр архи ууж байгаад У- ахыг зодсон гэж хэлсэн. Б- ах И-, В- нар ерөөсөө явлаа гээд явсан. Удалгүй Б- ах У- У- гээд л гүйгээд ороод ирсэн. Яасан бэ гэтэл Н- С- нар У- ахыг чинь зодсон байна, гар хөл нь хөлдсөн байна гэсэн. Удалгүй тэнд байгаа хүмүүс машин асаагаад У- ахын байгаа газар руу явсан, би бас очсон. Тэгэхэд А- эгч Н- нар У- ахын хажууд байсан. …А- эгч түрүүлж мэдээд очсон юм байна лээ, Очиход Н- шал согтуу цамц шатаагаад У- ахыг тэврээд сууж байсан. У- ах амьсгаатай байсан. Бид нар машиндаа суулгаад явах гэтэл машины туслах ажиллахгүй байсан. Тэгэхээр нь отог дээр аваачихаар болоод В- ах У- ахыг үүрээд явж байсан. Намайг дуудахаар нь би яваад очтол амьсгал хураасан байна гэж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 36-37 дугаар хуудас/,

 

13. Гэрч С.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Манай дүү Эрдэнэсан самранд явах гэж байгаа та хамт явах уу гэхээр нь зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр явсан. Халзангийн даваа гэх газар байрлаад 10 гаруй хоносон. Э- эхнэрийн хамт хоол хүнс цуглуулахаар Улаанбаатар хот руу яваад 2017 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 23 цаг өнгөрч байхад ирсэн. Манай бригад 2 отог болоод байрласан. Э-, А-, Д- өөрийн отог дээрээ ирсэн. Би дээд талын отог дээр байсан юм. Тэгтэл Д- хотоос ирсэн гээд 1 шил архи гаргасан. Маргааш нь 12 дугаар сарын 30-ны өдрийн өглөө босоход уусан хүмүүс бүгд шартаад орондоо хэвтээд байсан. Би унтаж байсан чинь гаднаас Б- билүү Вика нарын нэг нь орж ирээд У- ахыг нас барсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-н 38 дугаар хуудас/,

 

14. Гэрч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Э-ын бригадтай уул руу самранд явсан. ...Халзангийн даваа гэх газар байрласан. 10 гаруй хоносны дараа Э- эхнэртэйгээ Улаанбаатар хот руу хоол хүнс авчрахаар яваад 2017 оны 12 дугаар сарын 29-ны шөнө 23 цаг өнгөрч байхад ирсэн. Бид хоёр отог болж байрласан. Би дээд талын отогт байсан. Манай отог дээр Д- эгч нэг шил архи авчирч өгөөд манай отгынхон буюу В-, Д- болон түүний нөхөр Б-, Одгэрэл нар уусан. Г- доод талын отог дээр очиж уусан юм байна лээ. Надад нэг шил архи авчирсныг гаргаад нийтдээ 2 шил архи уусан. Маргааш өглөө нь буюу 12 дугаар сарын 30-ны өдөр хоолоо хийж байтал Б-, И-, В- нар ар араасаа орж ирээд доор У- дээр Н- гараад цохиод байна. Нэлээд цус нөж гарсан байна. Хажууд нь С- байна. Бүгдээрээ одоо машин тэргээ асаагаад эмнэлэг бараадуулъя гэж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 39 дүгээр хуудас/,

 

15. Гэрч М.Алдархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын эхээр байх, ...Э- гэх залуу самранд явна гэхээр нь явахаар болоод эхнэрийнхээ дүү нартай тавуулаа Зил-131 тээврийн хэрэгсэлд дайгдаад ууланд отог дээр очсон. ...Ууланд очоод 20 гаруй хоносон....Э- эхнэртэйгээ Улаанбаатар хот руу хүнсэнд яваад 2017 оны 12 дугаар сарын 29-ний шөнө ирсэн. Ирээд 3-4 шил архи гаргаж өгөхөөр нь манай отгынхон бүгд сууж байгаад уусан. Би ганц нэг уугаад унтсан. Өглөө нь доод отгын тогооч ирээд танай отгын нэг залуу доор явж байна шүү гэсэн. Тэгээд араас нь С-, Н- хоёр У-ыг авчирна гээд явсан. Удалгүй У-ыг нас барсан гэж сонссон. ...С- уусан эсэхийг мэдэхгүй. Харин Н- уучихсан явж байсан. Гэхдээ согтчихсон биеэ хянах чадваргүй байгаагүй. ...” гэх мэдүүлэг /1хх-н 41 дүгээр хуудас/,

 

16. Гэрч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“…2017 оны 11 дүгээр сарын 27-28-ны үед байх. Мандал сумаас самарт явахаар болоод Э- гэх залуугийн бригадад орж явсан. ... Э- эхнэртэйгээ Улаанбаатар хот руу яваад хэдэн шуудай самар тушаагаад хоол хүнсний зүйл аваад 12 дугаар сарын 29-ний шөнө 23 цаг өнгөрч байхад ирсэн. Урд талын отог дээр ирчихлээ гээд намайг дуудуулсан. Очтол хоол хүнс, 2 шил архи авчирсан байсныг задалсан. Э-, У-, Н-, Сүлдээ, Баттогтох бид нар тойрч суусан. Тэрийгээ ууж дуусаад одоо хаашаа самранд явах уу гээд ярилцсан. Тэгээд би өөрөө байрлаж байсан хойд талын отог дээрээ очсон чинь Б- гэх залуугийн эхнэр Улаанбаатар хотоос ирсэн баярын юм гээд нэг шил архи задалсан байсныг хувааж уугаад амарсан. Маргааш нь 12 дугаар сарын 30-ны өглөө нилээн унтаж байгаад боссон. Урд отог дээр хоол идэх гээд очтол У- хөнжил пүүгээгээ аваад явсан гэж Н- хэлж байсан. Би хоолоо идчихээд отог дээрээ ирээд эргээд урд отогоос сүх авахаар очтол И-, Б- нар нилээн сандарсан ирсэн. Яав гээд асуутал У- гар хөл нь хөлдөж байна гээд бөөн юм болсон. Тэгэхээр нь бид нар машинаа асаахаар болоод арай гэж асаагаад араас нь А- гэх эмэгтэй И-, Б- нарыг дагуулаад очсон. Тэгсэн удалгүй У-ыг нас барсан гэж хэлсэн. У-, В-, И- нар нэг бригад юм. Н- гэх залуу бид нарыг авч явсан. ...У-, В- нар маргалдаад У- хөнжил пүүгээгээ аваад явсан гэж хоол идэх гээд очиход урд отгынхон ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 42-43 дугаар хуудас/,

 

17. Гэрч Л.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“... 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Э- гэх хүнтэй уул руу самранд явсан. ...Халзангийн даваа гэх газар буугаад 10 гаруй хонож байсан юм. Э- эхнэртэйгээ Улаанбаатар хот руу хүнс цуглуулахаар явсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 23 цаг өнгөрч байхад ирсэн. Э- ах урд талын отог дээр хүмүүстэй архи уусан. Би хойд талын отог дээр байрладаг юм. Би бол уугаагүй унтаж амарсан. Манай отог дээр хэрүүл маргаан болоогүй. Урд талын отог дээр хэрүүл маргаан болсон юм шиг байна лээ. 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр В- урд отог дээр очоод ирье гэж явсан. Нэлээн удаан байж байгаад ирэхдээ У- нас барчихлаа гэж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 44 дүгээр хуудас/,

 

18. Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Төв аймгийн Батсүмбэр сумаас Э-тай уул руу самарт явсан. ...12 дугаар сарын 20-ны орчим Халзангын даваа гэдэг газар очоод хоёр тусдаа отог бариад байрласан. ...12 дугаар сарын 25-ны өдөр Э-, Д-, А- гурав Улаанбаатар хот руу хүнс цуглуулахаар явсан. ...Э-, А-, Д- гурав 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 01 цаг жаахан өнгөрөөгөөд Улаанбаатар хотоос буцаж ирсэн. Э- ирээд ...3 шил архи гаргаж ...хувааж уусан. Бид архиа уугаад отог дотроо байж байтал хажуу талын отогын В- талийгаачид хандаж “та хүнд намайг шургаж мууллаа, шургуундаа өөрөө уналаа” гээд отог дотор талийгаачтай зодолдож нүүр ам руу нь цохисон. Манай отог дотор байсан хүмүүс Векторыг салгаад отог руу нь аваад явсан. В-ыг салгаад авч явсны дараа талийгаачийн нүүр ам нилэнхүйдээ цус болчихсон байсан. У- согтуудаа манай хоёр дүү доод отогт байгаа тэр хоёр дүүдээ хэлж тэр хоёрыг алуулна гэж яриад явах гээд өнхөрч унаад байхаар нь манай дүү Нямсүрэн У-ыг хөнжил пүүгээтэй нь хүргэж өгчихөөд гүйгээд ирсэн. ...Шөнө 05.00 цаг орчимд унтсан. Маргааш нь 12 дугаар сарын 30-ны өглөө Э-ын эхнэр А- нөгөө У- чинь нөгөө отогоос гараад явчихсан юм шиг байна, энэ болохгүй шүү , эргүүлээд аваад ир гэж хэлээд С- Н- хоёрыг явуулсан. Тэр хоёр таг чиг болчихсон. ...Удалгүй Б- гүйж ирээд У-, Н-, С- нар бүгдээрээ хөлдчихсөн, согтуу байж байна, машинаа асаа гэж хэлсэн. Тэгээд машинаа асаах гэж цаг гаран болсон. Машинаа асааж нэг цаг орчмын дараа И-, Вектор, Б- нар У- нас барчихлаа гээд уйлаад буцаад хүрээд ирсэн. Ингээд бид нар 2017 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн орчим У-ын цогцсыг ачаад Зүүнхараа руу явж 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 07 цагийн орчим Зүүнхараад ирсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-н 45-46 дугаар хуудас/,

 

19. Гэрч З.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 01.00 цаг орчмын үед хүнсэнд явсан. Зил-131 машин ирж хотоос архи авчирсан гээд 3-4 шил архи гаргаж ирснийг отог дотор байсан хүмүүс хувааж уусан. Би согтоод дээд отог руу явсан. Дээд отог дээр байхдаа 750 граммтай архийг тухайн отгыхонтой хувааж уусан. Тэгээд буцаад отогтоо ирээд унтаад өгсөн. Шөнө юу болсныг мэдээгүй. Маргааш өглөө нь манай отгынхон У-ыг нас барсан байна” гээд байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 47 дугаар хуудас/,

 

20. Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би О.У-тай 2007 оны 8 дугаар сард албан ёсоор гэр бүл болсон. Түүнээс хойш 2008 онд охин Энххүслэн төрсөн. О.У- бид хоёр 2017 онд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болоод гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан. У- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхээс 6 сарын хорих ял шийтгүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын сүүлчээр ирээд ...цаашид дахин гэр бүл болж амьдаръя гэж надаас гуйснаар бид хоёр хамтран амьдарч эхэлсэн. О.У- миний хамтран амьдрагч нөхөр минь байсан. Архи дарс уудаг, уусан үедээ миний дагавар охин, мөн надад агсам тавьдаг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 25-нд агсам согтуу тавьсан, тэгээд самарт явсан. Харин эрүүлдээ бол муу зан гаргадаггүй байсан. Муу ч сайн ч миний хань нөхөр минь байсан юм. ...” гэх мэдүүлэг /1хх-н 23 дугаар хуудас/,

 

-Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:

 “...Э- гэх хүн тухайн үед архи авчирж өгөөгүй байсан бол өнөөдөр миний нөхөр амьд сэрүүн байх байсан. Би энэ талаар хамт явж байсан Б- гэх эмэгтэйгээс сонссон. Б-гийн хэлж байгаагаар Э- талийгаачийн араас нөгөө хоёр залууг явуулахдаа наад муу чинь шорон оронд орж байсан хатуухан гараар авч ирэхгүй бол болохгүй шүү гэж хэлсэн гэж байсан. ...Миний бага охиныг У-ын Энххүслэн гэдэг, 2008 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Одоо 4 дүгээр ангид суралцдаг. ...Талийгаачид төрөл садангийн холбоотой хүн Отгонбаяраас өөр хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-н 112-113 дугаар хуудас/,

 

21. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Н-, гэрч Б.С- нарыг  нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт:

Асуулт:

“...Гэрч Б.С- 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн Н- Ууганаа ахыг шанаадахад Ууганаа ах газарт атирч унаад гараараа нүүрээ дарсан. Энэ үед Н- түүнийг толгой дагз хэсэг рүү нь 2 удаа хүчтэй өшиглөсөн. Тэгээд бас дээр нь гарч толгой нүүр рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод байсан. Би түүнийг салгасан боловч сиймхийгээр нь очоод нүүр ам руу нь цохиод байсан. Ууганаа ах Н-д зодуулаад тэр дороо бараг ухаангүй болчих шиг болсон. Би хэрэндээ л салгах гэж их оролдсон. Н- надад “чи Э- ахад очоод дүү чинь хүн алчихлаа гээд хэлээдэх” гээд байсан. ...Мандал сум руу ирж байхад Н- надад “би эхнэр хүүхэдтэйгээ амьдармаар байна, чи Ууганаа ахыг осгочихсон байсан гээд хэлээрэй, намайг алсан гэж битгий хэлээрэй, ер нь чи энэ хэргийг даачих би ар гэрт чинь мөнгө өгч туслаж байя” гэсэн ...” гэх мэдүүлэг,

Яллагдагч Б.Н- нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн “...Талийгаачийг зодож цохисон нь үнэн боловч талийгаачийн нүүр хэсэгт нь би хоёр удаа цохисон. Энэ нь үхэлд хүргээгүй байх гэж бодож байна. Надтай хамт байсан С- миний санаж байгаагаар талийгаачийг алаад хаячихъя гэж хэлээд дээрээс нь хөлөөрөө өшиглөөд дэвсэж байсныг санаж байна. С- 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ууланд байхад надад би ээж, нялх дүүтэйгээ амьдардаг, хэрэв би байхгүй бол манай амьдрал хэцүүд нь гээд байхаар нь би тухайн үед С-ыг өрөвдөөд Сэлэнгэ аймгийн цагдА-н мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө энэ талаар хэлээгүй юм...” гэх мэдүүлэг нь хоёр өөрөөр мэдүүлсэн байна энэ нь ямар учиртай юм бэ? гэхэд

 

-Яллагдагч Б.Н-гийн хариулт:

Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн. ...С- хэрэг болсны дараа надад хандаж би ээж дүүгийн хамт ядруу хэцүү амьдардаг, ээж дүү хоёртоо санаа зовж байна гэж ярьж байсан. Би Сэлэнгэ аймгийн Зүүнхараа ортлоо энэ талаар их бодсон. Тэгээд очоод С-ыг байцаалт дээрээ хамгаалж өгсөн. Тэгээд миний сэтгэл хувираад бүх үнэнг ярьж хэлсэн. Оршуулгын үеэр С-тай холбогдоод талийгаачийн ар гэрт туслах гэсэн юм чамд мөнгөний боломж байвал мөнгө өгөөч гэхэд надад 250.000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгээд би Э- ахтай холбогдож байгаад данс руу нь шилжүүлчих гэж хэлсэн. С- за гэж хэлээд түүнээс хойш утсаа аваагүй. Бид хоёр огт уулзаагүй, холбогдож чадаагүй. Ер нь миний санаж байгаагаар талийгаачийг алаад хаячихъя гэж хэлээд дээрээс нь өшиглөөд цохиж байсныг санаж байна. С- талийгаачтай өмнө нь маргалдаж зодолдож байсан түүх байгаа. Сэлэнгэ аймгийн цагдаа дээр мэдүүлэг өгчихөөд бүгд Э- ахын гэрт очоод хоол идэх үед С- нэг л зовиуртай, санаа зовсон байдалтай байсан. Тэгээд би С-ад хандаж битгий санаа зовоо, одоо бүх юм ард хоцорсон гэж хэлсэн. Би өөрөө хүнд байдалтай байсан хэдий ч С-ын сэтгэлийг засах гэж худлаа хүртэл ярьж байсан. Тэгээд сүүлд нь намайг илүү муугаар хэлж байсан. С-ыг энэ хэрэгт батлах олон хүн байгаа. Энэ хэргийн талаар В-, Э-, Г-, Дамдин нар мэдэж байгаа. С- өөрийн найз Дамдинд хандаж би хүн алчихлаа гэхдээ нээх их юм бодогдоогүй юм байна гэж хэлсэн байсан.

 

Гэрч Б.С-ын хариулт:

Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би мэдүүлгээсээ буцсан зүйл огт яриагүй. Сая Н-гийн хэлж ярьсан зүйлийг сонслоо. Ер нь голдуу худал зүйл хэлж байна. Би хэрэг болдог өглөө Зүүнхараа явах гээд отгоо ачиж байхдаа Н-тай уулзаад одоо яах вэ гэхэд Н- “осгож үхсэн гээд хэлчих, би ар гэрт чинь мөнгө өгье, ажил хийж байгаад ч гэсэн би мөнгө олно сар бүр мөнгө өгье” гэж хэлсэн. Тэгээд өөр онц зүйл ярилгүй, Зүүн хараа руу орж ирсэн. Би тухайн үед ээж, дүү, охин, ахтайгаа амьдардаг байсан. Энэ талаараа Н-д хэлж байгаагүй. Хүн амьтнаас сонссон байж магадгүй. ...Би талийгаачийг огт цохиж зодсон зүйл байхгүй. Бид хоёр талийгаач Ууганаа ахын хойноос хөөж байхад “би очоод эхлээд уулзана, болохгүй бол хэдэн үг хэлнэ, чи зүгээр байж байгаарай, намайг салгаж болохгүй, би зүгээр ганц хоёр цохино” гэж хэлээд байсан. Би зүгээр аргалаад явж болохгүй юм уу гэхэд Н- ийм хүмүүст үг хэлээд нэмэргүй хатуухан хэлэхэд зүгээр байдаг юм гэж хэлсэн. Н- уулзаад отог руу явъя гэж хэлсэн боловч би отог руу очихоос ичээд байна явахгүй гээд байсан. Тэр үед Н- цохиж зодож байсан. Сүүлдээ аймар зодоод байхаар нь хэд хэдэн удаа очиж салгасан. Отгоос авсан 0,75 литрийн нэг шил архийг Н- талийгаач У- нар хувааж уусан. Архи нь талаас доогуур үлдсэн. Тэр хоёр согтсон. Би архийг нь аваад шидсэн. Тэгээд дахиад зодолдож Н- У-ыг зодсон, би мөн салгаж байсан. Сүүлдээ У- зодуулаад босож ирэхгүй суугаад байсан. Би Н-д хандаж “чи энэ хүнийг отог руу авч явж чадахгүй юм байна, чи өөрөө отог руу яваад байж бай, би араас чинь аргалаад аваад очъе” гэхэд Н- зам руу ороод явах гээд цасанд бүдэрч унаад нэг хэсэг хэвтэж, мөлхөж босох гэж нэг хэсэг хэвтэж байгаад цааш явсан. Би нөгөө хүний хөнжлийг үүрээд нөгөө гараараа түүнийг босгож тулаад явах гэхэд явж чадахгүй байсан. Тэгээд үлдээгээд Н- дээр араас нь очиход өмнө нь гуйваад байснаа бодоход арай дээр болсон байсан. Хоёулаа Ууганаа ахыг хамт аваад явья. Би ганцаараа дийлэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд буцаад очих үед Ууганаа ах хөнжил гудасныхаа завсраар толгойгоо хийгээд хэвтэж байсан. Тэр үед Н- чи яагаад байшлаад байгаа юм бэ гэж хэлээд эхлээд нуруу хэсэгт нь хэд хэдэн удаа өшиглөж татсан. Тэр хүний хөлийг нь холдуулаад цасан дээр нь унагааж, нүүрээр нь доош цасан дээр дарж цохиж зодсон. Би Н-г тайвшруулаад болиулаад байж байхад В- Б- нар ирсэн. Түүнээс хойш талийгаачийг өөр хүн огт зодож цохиогүй байсаар байгаад нас барсан.

 

-Асуулт: Тухайн үед та хоёр хир согтолттой байсан бэ?

Яллагдагч Б.Н-гийн хариулт:

Би нилээн согтуу талийгаачтай хамт архи уусан. Сүүлдээ өөрийгөө авч явах чадваргүй болсон. С- архи уугаагүй байсан.

Гэрч С-ын хариулт:

Н- сүүлд талийгаачтай архи уусаны дараа нилээд согтоод цасан дээр унаад босч чадахгүй арай гэж тэмцэж босч байсан. Явахдаа гуйваж байсан.

 

Асуулт: Та нар Э-, Дамдин нартай ямар холбоотой юм вэ?

Яллагдагч Н-гийн хариулт:

Би Э- ахтай төрөл садангийн холбоотой. Э- ах манай авга ах байгаа юм. Дамдин бид хоёр 2017 оны 12 дугаар сард самарт яваад танилцсан найз нөхдийн холбоотой байдаг.

Гэрч С-ын хариулт:

Э- ахтай самарт яваад танилцсан. Дамдинтай 7 дугаар ангиасаа хойш самарт явж байсан.

 

Асуулт: Яллагдагч Н- мэдүүлэхдээ “Дамдин надад хандаж С- би хүн алчихлаа гэхдээ нээх юм боддоггүй юм байна” гэж мэдүүлсэн байна энэ талаар тайлбар хийнэ үү?

Яллагдагч Б.Н-гийн хариулт:

Дамдин надад 2018 оны хавар 4-5 дугаар сарын үед Фэйсбүүк чатаар харилцахад тэгж хэлж байсан. Нилээд хэд хоногийн өмнө миний чат руу хэн орсон нь мэдэгдэхгүй ороод бүх зургийг устгасан байсан. Мөн нууц үгийг нь сольсон байсан. Би тэгээд Төв аймаг руу аавыг гуйгаад ирэх явцдаа Дамдинтай уулзаад аавын утсыг өгөхөд найз охинтойгоо ярьж байгаад С-тай холбогдсон байсан. Хоорондоо юу ярьсан талаар нь мэдэхгүй.

Гэрч С-ын хариулт:

2018 оны 4-5 дугаар сард миний гар утсанд төрөл гээд мэдүүлгээ буцаачихлаа шүү гэж мессэж ирсэн байсан. Тэгээд би буцааж залгахад өөр эрэгтэй хүн утас авсан. Би Дамдинтай яръя гэхэд Дамдин утсаар яриад завгүй байна. Дараа яръя гээд утсаа салгасан. Дараа нь мөрдөгч Авирт Дамдин надад ийм мессеж бичлээ гэхэд наадах чинь Н-гийн аавынх нь дугаар байна. Дахин битгий залгаарай гэж хэлсэн. Дамдин надтай төрөл садангийн холбоо байхгүй.

 

Өмгөөлөгч Ц.Хүрэлбаатараас тавьсан асуулт: Анх та хоёрыг талийгаач дээр хамт очих үед талийгаач ямар байдалтай байсан юм бэ. Нүүрэнд нь ямар гэмтэл байсан бэ?

Яллагдагч Н-гийн хариулт:

Ер нь бол бие нь зовиуртай байсан. Баруун нүд нь тагларсан, бараг юм харахааргүй хавдартай байсан.

Гэрч С-ын хариулт:

Цасан дээр суугаад амарч байсан. Түүний баруун талын нүд нь юм харахааргүй хавдартай таглагдсан байсан. Хамар амнаас нь цус гарсан зүйлгүй байсан. ... гэх мэдүүлэг /2хх-н 72-74 дүгээр хуудас/,

 

22. Яллагдагч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд:

 яллагдагчаар дахин өгсөн “...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талийгаачийг зодож цохисон нь үнэн боловч би талийгаачийн нүүр хэсэгт нь хоёр удаа цохисон. Энэ нь үхэлд хүргээгүй гэж бодож байна. Надтай хамт байсан С- миний санаж байгаагаар талийгаачийг алаад хаячихъя гэж хэлээд дээрээс нь хөлөөрөө өшиглөөд дэвсэж байсныг санаж байна. Үүнийг батлах хүмүүс гэвэл Г-, Ганзориг, Баяраа, Дамдин болон өөр отогын тогооч эмэгтэй хүн байгаа. Тэр тогооч эмэгтэйг Э- ах таньдаг юм.

С- 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ууланд байхад надад би ээж, нялх дүүтэйгээ амьдардаг, хэрэв би байхгүй бол манай амьдрал хэцүүд нь гээд байхаар нь би тухайн үед С-ыг өрөвдөөд Сэлэнгэ аймгийн цагдА-н мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө энэ талаар хэлээгүй юм. С- тухайн үед талийгаачийн цээжин болон нүүр хэсэгт цохисон. Өөр ямар нэгэн зүйлээр цохисон асуудал байхгүй. Тоог нь сайн мэдэхгүй, нилээд цохисон. Талийгаачийг эхэлж би нүүр хэсэгт нь хоёр удаа цохьсон, отог руугаа буцаж явъя гэж хэлээд ноцолдсон. Тэгээд С- талийгаач бид гурав архи хувааж уугаад ерөнхийдөө тасарсан байсан. Нэг санахад С- талийгаачийг алаад хаячихъя гэж хэлээд зодож байсныг санаж байна. ...Би урьд өмнө нь талийгаачийг таньдаггүй байсан, өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Талийгаач нас барахынхаа өмнө шөнө нь буюу 2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө В-тай муудалцсан. В- талийгаачийг орны буланд чихээд дээрээс нь дэвсэж, цохиод байхаар нь В-той нэлээд зууралдаж байж салгасан. Гаднаас Э- ах эхнэртэйгээ орж ирээд одоо больцгоо гэж байсан. Талийгаач В-т зодуулсныхаа дараа 2 нүд, дух болон уруул нь хавдсан байсан. Талийгаач зодуулсныхаа дараа өөр отог руу явсан. Талийгаачийг С- бид хоёр отог руугаа авч очих гээд очиход тэрээр би одоо ийм байдалд орсон юм чинь отог руу яаж буцах юм бэ гэж хэлээд явахгүй байхаар нь би маргалдсан. Талийгаач өөрөө архинд дуртай хүн байсан болохоор бид хоёр түүнийг архиар аргадах гээд хамт хувааж уусан. Би сүүлд гарсан шинжээч нарын дүгнэлтэнд цусандаа хахаж үхсэн гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл А- эгч ирээд бид хоёр гал түлээд гарыг нь цасаар үрж байхад талийгаач амьсгалж байсан. Тухайн үед А- эгч ирээд талийгаачийн гарыг цасаар үрсэн. Гал түлээд байж байхад нөгөө гал нь унтрах гээд байсан болохоор миний куртикийг тайлаад шатаасан. ...” гэх мэдүүлэг /1хх-н 179-180 дугаар хуудас/,

 

            23. Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 08 тоот актын дүгнэлтэд:

 

            1.Талийгаач О.У-ын цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр баруун 5, 6-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн 5,6,7,11,12-р хавирганы хугарал, дээд уруулын дотор талд язарсан шарх, дух, хөмсөг, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зүүн чих, дээд уруул, эрүү, хүзүү, зүүн гарын тохойн үе, шуу, алганы ар, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт. Баруун зүүн чамархайн булчин, баруун зүүн нүдний дээд доод зовхи, цээжний болон нурууны булчин давхарга, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

            2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удА-н үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун 5, 6-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн 5,6,7,11,12-р хавирганы хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар хүнд гэмтэлд хамаарна. Дээд уруулын дотор талд үүссэн язарсан шарх, гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

-Дух, хөмсөг, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зүүн чих, дээд уруул, эрүү, зүүн гарын тохойн үе, шуу, алганы ар, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, цээжний болон нурууны булчин давхарга, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

            3. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

            4. Талийгаач нь дээрх гэмтлүүд болон хүнд зэргийн согтолтын улмаас биеэ авч явах чадваргүй болж улмаар нам хэмийн ерөнхий үйлчлэлээр осгож нас баржээ. /шинжээч эмч Г.Ган-Эрдэнэ/ ...” гэсэн дүгнэлт /1хх-н 68-70 дугаар хуудас/,

 

24. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын  10-ны өдрийн 885 дугаартай дүгнэлтэд:

 

- “Шинжилгээнд ирүүлсэн “Оюунцэцэгийн У-, 42 нас, эрэгтэй, Сэлэнгэ аймаг Мандал ЦагдА-н хэлтэс” гэж хаягласан цус, “Ходоодны агууламж, “О.У-, 42 нас, эрэгтэй, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын ЦагдА-н хэлтэс” гэж хаягласан элэгний эд нь шинжилгээнд тэнцэж байна.

 - Шинжилгээнд ирүүлсэн “Оюунцэцэгийн У-, 42 нас, эрэгтэй, Сэлэнгэ аймаг Мандал ЦагдА-н хэлтэс” гэж хаягласан цусанд 3,2 промилли, “Ходоодны агууламж, “О.У-, 42 нас” гэж хаягласан ходоодны агууламжинд 3,4 промилли спиртийн агууламж илэрч байна.

 - Цусанд илэрсэн 3,2 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

 - Шинжилгээнд ирүүлсэн “Оюунцэцэгийн У-, 42 нас, эрэгтэй, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын ЦагдА-н хэлтэс” гэж хаягласан элэгний эдэд гликоген илэрч байна. ...” гэсэн дүгнэлт /1хх-н 65-66 дугаар хуудас/,

 

25. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн биологийн шинжилгээний 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 886 дугаартай дүгнэлтэд “...О.У- гэж хаягласан цус нь О/I/ Бүлгийн харьяалалтай байна. ...” гэсэн дүгнэлт /1-хх-64-хуудас/

 

 

26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжилгээний 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 921 дугаартай дүгнэлтэд:

-Амь хохирогч О.У-ын хувцаснуудад цус байгаа эсэх, ямар бүлгийн харьяалалтай эсэх.

Дүгнэлт: Саарал өнгийн куртик, улаан өнгийн цамц дээр цус илэрчээ. Уг хувцаснууд дээр илэрсэн хүний цуснууд нь 0/I/ бүлгийн харьяалалтай байна. 2018.01.09-ны өдрийн биологийн шинжилгээгээр “О.У- нь 0/I/ бүлгийн цустай байна” шинжээч Өнөржаргал гэжээ. Иймд саарал өнгийн куртик, улаан өнгийн цамц дээр илэрсэн цуснууд нь О.У-ын цусны бүлэгтэй тохирч байна. Шинжилгээнд материал хүрэлцэхгүй тул хар хөх өнгийн өмдөн дээр илэрсэн цусны ул мөрөнд бүлгийн харьяалал тогтоох боломжгүй болно гэсэн дүгнэлт. ...”  /1хх-н 127 дугаар хуудас/,

 

27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №495 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд:

 

1. Урьд гаргасан №08 дугаартай шинжээчийн дүгнэлтийн баруун 5,6-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн 5,6,7,11,12-р хавирганы хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар хүнд гэмтэлд хамаарна гэснээс бусад нь үндэслэлтэй байна.

2. Талийгаачид учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Баруун 5,6-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн 5,6,7,11,12-р хавирганы хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээд уруулын язарсан шарх, дух, хөмсөг, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зүүн чих, дээд уруул, эрүү, зүүн гарын тохойн үе, шуу, алганы ар, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, цээжний болон нурууны булчин давхарга, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан байна. Хэдий хугацаанд амьд явах эсэхийг тогтоох боломжгүй.

4. Баруун 5,6-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн 5,6,7,11,12-р хавирганы хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх болон осголтоос урьдчилан сэргийлсэн тохиолдолд амь нас аврах боломжтой. /1хх-н 134-136 дугаар хуудас/,

 

28. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр прокурорын зөвшөөрлөөр прокурор, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн болон шинжээч эмч нарын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр цогцсыг оршуулсан газраас гарган үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 152-156 дугаар хуудас/,

 

29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №626 дугаартай хавтаст хэргийн материалаар гаргасан дүгнэлтэд:

 

1. Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн акт №08 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №495 тоот шинжээчийн дүгнэлтийн талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан байна гэснээс бусад нь үндэслэлтэй байна.

2. Талийгаач О.У-ын цогцост хэргийн материалд авагдсан материалуудтай танилцан, шарилд дахин шинжилгээ хийхэд хамрын дээвэр яс уг хэсгээрээ, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хананууд цөмөрч хугарсан нийлмэл хугаралууд, өвчүү ясны 2-р нугалам хэсэгт хөндлөн хугарал, цээжний баруун талын 5-р хавирга эгэмний дунд шугамаар, 6-р хавирга өвчүүний хажуугийн шугамаар, 8-р хавирга суганы урд шугамаар, 9-р хавирга суганы урд шугамаар, 10-р хавирга далны шугамаар, зүүн талын 6-р хавирга эгэмний дунд шугамаар, 7-р хавирга эгэмний дунд шугамаар, 5-р хавирга эгэмний дотор шугамаар, 11-р хавирга нурууны хажуугийн шугамаар, 12-р хавирга далны шугамаар тус тус хугаралын тэгш ирмэг гадна талдаа, шүдлэг ирмэг нь дотор талдаа шууд хугаралууд зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

 

3. Талийгаачид учирсан дээрхи гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх ба тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Шүүх эд эсийн шинжилгээгээр уушгины гялтан нимгэн, цулцангийн таславч жигд бус тэлж тасарсан, капилляр нь цус дүүрэлттэй, ихэнхи цулцангийн хөндий хоосон, цөөн цулцан хавантай, гялтан доорх эдэд сийрэг лимфоциттэй, венийн судсууд цус дүүрэлт, улаан эсийн тромботой, зарим гуурсан хоолой авчсан, хөндийдөө цустай байх ба талийгаач нь хамрын дээвэр яс уг хэсгээрээ, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хананууд цөмөрч хугарсан нийлмэл хугарлуудаас цус алдаж улмаар амьсгалын замд орж гадны биет /цус/ орж сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ.

4. Талийгаачийн цогцост өвчүү ясны 2-р нугалам хэсэгт хөндлөн хугарал, цээжний баруун талын 5-р хавирга эгэмний дунд шугамаар, 6-р хавирга өвчүүний хажуугийн шугамаар, 8-р хавирга суганы урд шугамаар, 9-р хавирга суганы урд шугамаар, 10-р хавирга далны шугамаар, зүүн талын 6-р хавирга эгэмний дунд шугамаар, 7-р хавирга эгэмний дунд шугамаар, 5-р хавирга эгэмний дотор шугамаар, 11-р хавирга нурууны хажуугийн шугамаар, 12-р хавирга далны шугамаар тус тус хугаралын тэгш ирмэг гадна талдаа, шүдлэг ирмэг нь дотор талдаа шууд хугаралууд учирсан байх ба уг хугарал гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрхи олон хавирганы хугарал нь цээжний хавхлаас шинж үүссэн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

5. Талийгаачид эмнэлэгийн яаралтай тусламж яаралтай үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байжээ.

6. Талийгаачийн цогцосноос авсан ходоодны агууламжинд 3,4 промилли, цусанд илэрсэн 3,2 промилли спиртийн агууламж нь үхэлд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /1хх-н 143-147 дугаар хуудас/,

 

30. Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Хамрын дээвэр яс уг хэсгээрээ, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хананууд цөмөрч хугарсан нийлмэл гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа ч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан өвчүү ясны 2-р нугалам хэсэгт хөндлөн хугарал, цээжний баруун талын 5-р хавирга эгэмний дунд шугамаар, 6-р хавирга өвчүүний хажуугийн шугамаар, 8-р хавирга суганы урд шугамаар, 9-р хавирга суганы урд шугамаар, 10-р хавирга далны шугамаар, зүүн талын 6-р хавирга эгэмний дунд шугамаар, 7-р хавирга эгэмний дунд шугамаар, 5-р хавирга эгэмний дотор шугамаар, 11-р хавирга нурууны хажуугийн шугамаар, 12-р хавирга далны шугамаар тус тус хугаралын тэгш ирмэг гадна талдаа, шүдлэг ирмэг нь дотор талдаа шууд хугаралууд нь гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр гэмтэлд хамаарна. ...” гэсэн мэдүүлэг /1хх-н 157-158 дугаар хуудас/,

 

31. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Дээрх хавирганы хугарлууд шинэ бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ямар нэг байдлаар хуучин хугарсан, бороолсон хавирга байгаагүй. Хугарал орчим булчин, зөөлөн эдэд цус хуралт үүссэн нь амьд ахуйдаа үүссэн шинэ гэмтлүүд юм. Дээрх гэмтлүүдийг авсан хүн амьд явах боломжтой ба, өвчин зовиур ихтэй эмнэлгийн тусламж хэрэгтэй болно. Ерөнхийдөө хавирганы хугарал нь 1 сараас дээш хугацаанд улаан эсийн болон ялтас эсүүд бороололтын явцад ...цусан бороо, ясан бороо зэргээр эдгэрэлтийн явц явагддаг. Талийгаачид үүссэн дээрх хавирганы хугарлууд нь бороололт үүсээгүй шинэ хугарал бөгөөд булчинд нь зөөлөн эдийн цус хуралт үүссэн болох нь шинэ гэмтэл гэдгийг харуулж байгаа ба уг цус хуралт нь эмчилгээ, хувь хүний хувийн онцлог, хугарлын байрлал зэргээс шалтгаалан янз бүрээр эдгэдэг, ерөнхийдөө 8-7 хоногийн хугацаанд уг зөөлөн эд, цус хуралт нь шимэгдэж эхэлдэг ба талийгаачид үүссэн гэмтэлд хүрэн улаан өнгийн цус хуралт, булчин, зөөлөн эдэд хурсан байсан бөгөөд бороололт үүсээгүй байгаа нь шинэ гэмтэл юм. ...” гэх мэдүүлэг /1хх-н 246-248 дугаар хуудас/,

 

32. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №7 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1105 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

-2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 495 дугаартай дүгнэлт талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан байна гэснээс бусад нь үндэслэлтэй байна. 2018 оны 06 дугаар сарын 21-ний 626 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

-Талийгаач О.У-ын биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

-Талийгаачид учирсан хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана, /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хананы цөмөрсөн нийлмэл хугарлаас үүссэн амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр нь гэмтлйин зэрэг тогтоох журмын 3.3.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, өвчүү ясны хөндлөн хугарал, баруун талын 5,6,8,9,10 дугаар хавирга, зүүн талын 5,6,7,11,12 дугаар хавирганы хугаралууд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Талийгаач нь хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханануудын цөмөрсөн нийлмэл хугаралуудаас цус алдаж амьсгалын замд цус орсноос амьсгал бүтэлтэд орж нас баржээ.

-Амьсгалын дээд замд цус сорогдож орсон даруйд амьсгал бүтэж түргэн зуур үхэлд хүрнэ.

-Талийгаач О.У-ын биед учирсан өвчүү ясны хөндлөн хугарал, баруун талын 5,6,8,9,10 дугаар хавирга, зүүн талын 5,6,7,11,12 дугаар хавирганы хугаралууд байх бөгөөд хоёр талын олон хавирганы хугарал гэж ойлгож болох боловч хавирганы хавхлаас шинж үүсгээгүй байна.

-Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.

-Талийгаачийн ходоодны агууламжинд 3,4 промилли, цусанд илэрсэн 3,2 промилли спиртийн агууламж нь үхэлд нөлөөлөхгүй.

-Нүүрэнд учирсан гэмтлүүд нь дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

-Талийгаачийн нүүрэнд учирсан гэмтлүүд нүүрний хэсэгт өшиглөх үед үүсэх боломжтой.

-Нүүрний гэмтэл үүсмэгц цус алдаж улмаар амьсгалын замд цус орж сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтийн шинж үүсэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт /3хх-н 160-164 дүгээр хуудас/,

 

33. Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч М.Э-ын өгсөн:

“...Тухайн талийгаачид үүссэн хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс /зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханануудын цөмөрсөн нийлмэл хугаралууд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд дээрх гэмтлүүдээс үүдэн гарсан цус нь амьсгал бүтэлт үүсгэж байгаа нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа юм. Энэ талаар бид дүгнэлтэнд тусгаагүй юм байна. Амьсгал бүтэлтэнд орсон хүн 5-6 минутын дотор нас барах боломжтой байдаг юм. Талийгаач урьд өдөр нь бас дээрх хамрын хугаралуудын аль нэгийг нь авсан байж болно. Гэхдээ хамрын олон нийлмэл хугарал үүссэн байгаа нь талийгаачийн нас барах цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл бөгөөд тухайн цаг хугацаанд дээрх гэмтлүүдээс үүдсэн цус алдалт нь амьсгал бүтэлтэнд оруулж нас барсан гэж үзэж байна. Талийгаач нь амьсгал бүтэлтэнд ороход хүртэл цус алдаж байгаагаа мэдэхгүй ухаангүй согтуу, эсхүл ухаан алдатлаа зодуулсан нөхцөлд л үүсэх бөгөөд дээрх гэмтлийг аваад хэрэв ухаан санаа нь эрүүл биээ авч явах чадвартай байсан бол амьд үлдэх магадлалтай байсан гэж үзэж байна. Талийгаачийн ходоод болон цуснаас илэрсэн спиртийн агууламж нь орчиндоо харилцаагүй болох хэмжээний хүнд зэргийн согтолтонд хамаарна гэж үзэж байна. ...” гэх мэдүүлэг /3хх-н 166-169 дүгээр хуудас/,

 

-Шинжээч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:

“....Талийгаач У- нь ухаантай байсан бол амьсгалын замд цус орсныг мэдрээд ямар нэг байдлаар зайлхийх бөгөөд, шууд цусаар амьсгалахаас амьсгал бүтэлт нь үүснэ. Талийгаачийн олон хавирга гэмтсэн боловч үүнээс болж шууд ухаан алдаагүй, харин талийгаач хүнд зэргийн согтолттой байсан ба, согтолтын улмаас тухайн үед ухаангүй болсоныг тогтоох боломжгүй. Шинжээч бид нүүрний гэмтэлтэй шууд шалтгаант холбоотойгоор амьсгал бүтэлтэнд орж нас барсан гэдгийг тогтоосон. Нүүрнийн гэмтэл авах үед ухаан алдаж унасан. Тухайлбал нүүр толгой цохих үед тархины доргилт үүснэ. Тархины доргилтын үед түр зуур ухаан алддаг. Үүнийг нас барсан хүний задлан шинжилгээгээр тархи доргисон, ухаан алдсаныг тогтоох боломжгүй боловч ухаан алдсаныг илтгэх гол шинж нь амьсгал бүтэлт байгаа юм. Талийгаач У-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тус тусдаа зовиур шаналал үүсгэнэ. Гэхдээ дээрх гэмтлүүд нь учрах үедээ ямар зовиур шаналал үүсгэснийг задлан шинжилгээгээр тогтоох боломжгүй. ...Эрүүл согтуу хүнд дээрх олон тооны гэмтэл үүсэхэд зовиур шаналал адилхан үүсэх боловч согтуу хүн арай бага мэдрэх тал байдаг. ...” гэх мэдүүлэг /3хх-н 73-74 дүгээр хуудас/,

 

34. Төв аймгийн Шүүх сэтгэц гэм судлалын гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан дүгнэлтэд:

“...Б.Н- нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчин үгүй.

-Б.Н- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

-Б.Н- нь хэрэг хариуцах чадвартай. ...” гэсэн дүгнэлт /1хх-н 160-162 дугаар хуудас/

 

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нотлох баримтууд:

            35. Хохирогч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...Би 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн үед найз МаралА-н машинаар халтуур хийгээд Улсын их дэлгүүрийн урьд явж байхад миний хуучин зүс таних Н- гэх залуу утасдаад хаана байна гэж асуухаар нь Их дэлгүүрийн энд хүн буулгачихаад явж байна гэсэн. Н- 19-ийн үйлчилгээний төв дээр хүрээд ирээч гээд байсан. Мөн манай найз МаралА-н утас руу залгаж яриад байсан. Ингэхээр нь Маралаа бид хоёр 19-ийн үйлчилгээний төв рүү очиж Н-тай очиж уулзчихаад явъя гэж яриалцаад очсон. Очиход Н- үйлчилгээний төвийн “Хос мандах” гэх караокеноос гарч ирж тосч авсан. Бид хоёрыг дагуулж караокений нэг өрөө рүү оруулсан. Тэр өрөөнд ороход Н-гийн найз гээд нэг танихгүй залуу сууж байсан. Тэр хоёр нэг нэг шил пиво ууж байгаа бололтой байсан. Биднийг суусаны дараа Н-гийн найз гарч яваад буцаж орж ирэхдээ 0.5 литрийн Соёрхол нэртэй архи, жүүсний хамт авч орж ирсэн. Оруулж ирээд архиа хундаглаад ...бид хоёр машинтай явж байгаа уухгүй гэхэд Н- ядаж амсчихаа гэсэн. Ингээд Маралаа бид хоёр уухгүй 1, 2 тойрсоны дараа шахаад байхаар нь Маралаа би дуудлагын жолооч дуудчихая би гурав уучихъя гээд хийж өгсөн архинаас нь тойруулахад 3 ууж байсан. Би архинаас нь уухгүй жүүснээс нь хийж уучихаад сууж байсан. Н- арай том өрөөнд орьё гээд өрөөгөө сольж орсон. Ингээд авсан архиа дуусгаад дахин нэг шил архи аваад уусан. Би архинаас нь уулгүй амсаад доошоо тавиад байсан. Ингээд сүүлийн архи дундаасаа доошоо орсон байхад Н-гийн найз өрөөнөөс гараад орж ирэхдээ Соёрхол дуусчихсан байна, Экс архи авчихлаа гээд нэг шил 0,5 литрийн архи барьж орж ирсэн. Би одоо наад архиа болиочээ, наад архиа ууж дуусаагүй байж согтлоо гэхэд Н-гийн найз зүгээрээ бид нар уучихнаа гээд байсан. Би  тэгвэл бид хоёр явлаа гэхэд Н- нэг мөсөн дуусгачихаад яваач гэж уурлахаар нь би анхнаасаа явна гэж хэлээ биз дээ, чи согтчихоод байгаа юм бишүү гэхэд Н- би эрүүл зүгээр байна гэж маргалдаж байхдаа Н- уурлаж ширээн дээр байсан архины хоосон шилийг аваад миний зүүн нүдний хажуу хэсэгт цохисон. Миний нүүр рүү цус урсаад ирсэн. Би гараараа дарсан. Энэ үед Н-гийн найз хөөе чи хүн аллаа шүү дээ гээд татаад авсан. Н-гийн цамц руу цус үсэрсэн харагдсан. Ингэтэл нэг залуу орж ирээд надад хурууны лент, спирттэй хөвөн авчирч өгсөн. Би тэр залуутай бие засах газар орж цусаа угаагаад лент наачихаад, эргэж караокений өрөө рүү орж юмаа авахдаа Н-д “миний нүүрийг ийм болгочихоод уучлалт гуйдаггүй юм уу” гэж уурлаад Н-г хоёр удаа алгадсан. Н- тэгэхэд би юу ч санахгүй байна гээд байсан. Ингээд би найз Маралааг дагуулаад гарахдаа ширээн дээр байсан архийг нь авч гараад машинд суухдаа хаясан. Ингээд л тэндээс гарч би гэмтлийн эмнэлэг орж шархандаа косметик оёдол тавиулсан. Гомдолтой байна. Хоёр долоо хоногийн ажлын хөлсийг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /3хх-н 39-40 дүгээр хуудас/ болон хохирогчийн гэмтлийг харуулсан зураг /3хх-н 73 дугаар хуудас/

           

            36. Гэрч Д.Батзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...Би 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байтал 19 цагийн үед найз Тэнгистэй нэг цэргийн алба хаасан Н- гэх залуу утсаар залгаж яриад Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо 19-ийн үйлчилгээний төвийн паб дээр уулзая гэхээр нь би зөвшөөрч очсон. Очих үед Н- надтай зэрэгцээд ирсэн. Н-тай уулзаад хоёулаа караокед оръё гэж ярилцаад, 19-ийн үйлчилгээний төвийн “Хос мандах” караоке пабад орсон. Ингээд ганц нэг пиво уугаад сууж байгаад Н- гараад буцаж орж ирэхдээ 2 эмэгтэй дагуулаад ороод ирсэн. Орж ирсэн 2 эмэгтэйн нэг нь болох Ари нь вип өрөөнд орцгооё гээд вип өрөөнд  орсон. Тэнд ороод 2 шил 0,5 литрийн Соёрхол архи, 0,5 литрийн Экс архи ундаа, хоёр шил пиво уугаад сууж байгаад, би тасарсан байсан. Н- дагуулж орж ирсэн эмэгтэйн нэгтэй муудалцсан эсэхийг мэдэхгүй байна. Шил шидсэн зодсон цохисон эсэхийг нь мэдэхгүй. Нэг сэрэхэд би Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэх байранд сэрсэн. Баарны тооцоо хийгдээгүй гээд намайг баарнаас цагдаа дуудаж өгсөн юм шиг байна лээ. Н- миний халааснаас гэрийн түлхүүр гар утас хоёрыг аваад явчихсан байсан. Н-тай дахиж уулзаагүй. ...” гэх мэдүүлэг /3хх-н 43 дугаар хуудас/,

 

            37. Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            “... 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найз Батзулын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хос мандах бааранд архи ууж суугаад Хишигжаргалыг дуудсан. Хишигжаргал нь Маралаатай хамт ирээд архи ууж байгаад маргалдан ширээн дээр байсан пивний пакалыг гараараа цохих үед уг пивний пакал нь Хишигжаргалын баруун хөмсөг орчим онож цус гарсан. Ингээд Хишигжаргалыг Гэмтлийн эмнэлэгт авч очиж хөмөгт оёдол тавиулсан. Иргэн Хишигжаргалыг зодож хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /3хх-н 53-56 дугаар хуудас/,

 

            38. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14076 дугартай дүгнэлтэд:

            -А.Х-ын биед зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удА-н үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт /3хх-н 46 дугаар хуудас/,

 

            39. Шүүхээс шүүгдэгч Б.Н-д яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрүүд:

            -2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 1 сарын хугацаагаар /2хх79-80/

            -2019 оны 3 дугаар сарын 19-ны өдрөөс 1 сарын хугацаагаар 2хх-н 22-123/,

            -2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 1 сарын хугацаагаар /2хх-н150-151 дүгээр хуудас/,

            -2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс яллагдагчаар /2хх175-178/,

            -2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хэргийг прокурорт очтол шүүгдэгчээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /2хх237 дугаар хуудас/,

            -2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн тухай магадлал /2хх-н 19 дугаар хуудас/,

            -2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс яллагдагчаар үргэлжлүүлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ /3хх-25-27 дугаар хуудас/,

            -2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс яллагдагчаар 1 сарын хугацаагаар /3хх-н 113-114 дүгээр хуудас/,

            -2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс яллагдагчаар 1 сарын хугацаагаар /3хх154-155 дугаар хуудас/,

            -2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс яллагдагчаар 1 сарын хугацаагаар /3хх-н 189-190 дүгээр хуудас/ тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай,

            -2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамж /3хх-н 191-193 дугаар хуудас/,

 

            40. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

            Иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг тухай хаягийн тодорхойлолт /1хх-н 184-185 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-н 193 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар, ялтны зан байдлын тодорхойлолт /1хх-н 228-230 дугаар хуудас/, шүүгдэгчийн нэр дээр хөдлөх хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /1хх-198 дугаар хуудас/, Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2хх-н 42 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Н-д холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Н-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Хүнийг алах гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 07 цаг 30 минутын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуулын 3 дугаар багийн нутагт "Халзангийн Даваа" гэх газарт “отог руугаа буцаж явсангүй” гэх тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас амь хохирогч О.У-ын биед цохих, өшиглөх зэргээр халдаж түүний биед хамрын дээвэр яс, хамрын ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хананы цөмөрсөн нийлмэл хугаралаас үүссэн амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, өвчүү ясны хөндлөн хугарал, баруун талын 5,6,8,9,10 дугаар хавирга, зүүн талын 5,6,7,11,12 дугаар хавиргыг хугалан хүний биед олон тооны шарх гэмтлийг учруулж, өвтгөн шаналгаж онц хэрцгийгээр санаатай алсан үйл баримт нь:

            -2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 4-9 дүгээр хуудас/,

            -Цогцост болон хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлтүүд /1хх-н 72-77 дугаар хуудас/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх-н 95-96, 2хх-н101 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/

-Гэрч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /1хх-н 25-26, 108-109 дүгээр хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх-н 29-30, 102, 3хх-н 177 дугаар хуудас/ болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Мөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч В.В- /1хх-н 50-51 дүгээр хуудас/, гэрч Б.И- /1хх-н 18-49 дүгээр хуудас/, гэрч Д.Б- /1хх-н 27-28 дугаар хуудас/, гэрч Н.Э-/1хх-н 99-100 дугаар хуудас/, гэрч П.Д- /1хх-н 33-34 дүгээр хуудас/, Гэрч Б.Нямсүрэн /1хх-н 35 дугаар хуудас/, гэрч Б.Д- /1хх-н 36-37 дугаар хуудас/, гэрч С.О- /1хх-н 38 дугаар хуудас/, гэрч Д.Б- /1хх-н 39 дүгээр хуудас/, гэрч М.Алдархүү /1хх-н 41 дүгээр хуудас/, гэрч Ц.Г- /1хх-н 44 дүгээр хуудас/, гэрч Л.Б- /1хх-н 45-46 дугаар хуудас/, гэрч З.С- /1хх-н 47 дугаар хуудас/ нарыг мэдүүлэг,

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Н-, гэрч Б.С- нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /2хх-н 72-74 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч Б.Н-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-н 179-180 дугаар хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 885 дугаартай дүгнэлт /1хх-127 дугаар хуудас/,

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй хавтаст хэргийн материалаар гаргасан 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №626 дугаартай дүгнэлт /1хх-н 143-147 дугаар хуудас/, 

-Шинжээч Н.Энхцолмон /1хх-н 157-158 дугаар хуудас/, шинжээч Ц.Оюун-Эрдэнэ /1хх-н 246-248 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1105 дугаартай дүгнэлтийн:

“...2018 оны 06 дугаар сарын 21-ний 626 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач О.У-ын биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

-Талийгаачид учирсан хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана, /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хананы цөмөрсөн нийлмэл хугарлаас үүссэн амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, өвчүү ясны хөндлөн хугарал, баруун талын 5,6,8,9,10 дугаар хавирга, зүүн талын 5,6,7,11,12 дугаар хавирганы хугаралууд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-Талийгаач нь хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханануудын цөмөрсөн нийлмэл хугаралуудаас цус алдаж амьсгалын замд цус орсноос амьсгал бүтэлтэд орж нас баржээ. Амьсгалын дээд замд цус сорогдож орсон даруйд амьсгал бүтэж түргэн зуур үхэлд хүрнэ. ...Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. ...Нүүрэнд учирсан гэмтлүүд нь дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Талийгаачийн нүүрэнд учирсан гэмтлүүд нүүрний хэсэгт өшиглөх үед үүсэх боломжтой. Нүүрний гэмтэл үүсмэгц цус алдаж улмаар амьсгалын замд цус орж сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтийн шинж үүсэх боломжтой. ... гэсэн дүгнэлт /3хх-н 160-164 дүгээр хуудас/,    

-шинжээч эмч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн /3хх-н 73-74, 166-169 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатараас хэргийн үйл баримт, зүйлчлэлд, шүүгдэгч гэм буруугийн талаар тус тус маргасан ба өмгөөлөгч дүгнэлтдээ “...хэрэгт нотолбол зохих ажиллагааг тогтоогоогүй, гэмт хэрэг гарсан цаг хугацаа, хохирогчийг яаж алсан, үхлийн шалтгаант холбоо, хамрын дээвэр яс, нүдний ухархайн хана цөмөрсөн гэмтлийг хэн учруулсан, хэдэн цагийн үед дээрх гэмтлийг авсан эсэх зэргийг тогтоогоогүй, мөн хэргийн зүйлчлэл тохирохгүй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж мэтгэлцсэн ба, шүүх дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар, тухайн хэргийн газар байсан гэрч нарын мэдүүлгээр “...амь хохирогч О.У- нь хэрэг үйл явдлын өмнөх өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 29-ний орой иргэн В.В-той маргалдсан, В.В- нь амь хохирогчийн толгой, нүүрэнд цохисон, амь хохирогчийн хамраас цус гарсан нүүр нь хавдсан байсан үйл баримт тогтоогдож байгаа хэдий боловч энэхүү маргааны дараа амь хохирогч отог гэх газраа очиж унтсан байна. Тодруулбал амь хохирогч нь В.В-т зодуулсаны дараа цус алдаагүй, тухайн өдрөө отогтоо очиж унтсан, маргааш өглөө нь босоод явсан, идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийсэн байна. Харин энэхүү асуудлын дараа 2017 оны 12 дугаар сарын 30-ны өглөө амь хохирогч О.У- нь байрлаж байсан отгоосоо явсаныг мэдэж гэрч Б.С-, Б.Н- нар түүний араас очсон, улмаар Б.С-, Б.Н-, амь хохирогч О.У- нар нь архи ууж согтуурсан, энэ үед амь хохирогч О.У- самар түүхээр байрласан отог руугаа буцахгүй гэх асуудлаас болж О.У-, Б.Н- нар нь маргалдан, Б.Н- нь амь хохирогчийг толгой руу нь алгадах, өшиглөх, нуруу руу нь цохих зэргээр зодсон, Б.Н-д зодуулсаны дараа амь хохирогч О.У- нь босож яваагүй,  ухаангүй болж, түүнийг хамт байсан хүмүүс нь отог руугаа авч явах замд нас баржээ.

Амь хохирогчийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7 шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1105 дугаартай дүгнэлтээр “...амь хохирогчид "...хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана, /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хананы цөмөрсөн нийлмэл хугарлаас үүссэн амьсгал бүтэлт, өвчүү ясны хөндлөн хугарал, баруун талын 5,6,8,9,10 дугаар хавирга, зүүн талын 5,6,7,11,12 дугаар хавирганы хугаралууд гэмтлүүд учирсан байна. ...Нүүрэнд учирсан гэмтлүүд нь дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Талийгаачийн нүүрэнд учирсан гэмтлүүд нүүрний хэсэгт өшиглөх үед үүсэх боломжтой. Мөн талийгаач нь хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханануудын цөмөрсөн нийлмэл хугаралуудаас цус алдаж амьсгалын замд цус орсноос амьсгал бүтэлтэд орж нас барсан...” талаар дүгнэсэн.

 

Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээчдийн багийн шинжээч М.Э- мэдүүлэхдээ "... амьсгал бүтэлтэд орсон хүн 5-6 минутын дараа нас барах боломжтой. Талийгаач урьд өдөр нь бас дээрх хамрын хугарлуудын гэмтлийг авсан байж болно. Гэхдээ хамрын олон нийлмэл хугарал үүссэн байгаа нь талийгаач нас барах цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл бөгөөд тухайн цаг хугацаанд дээрх гэмтлүүдээс үүдсэн цус алдалт нь амьсгал бүтэлтэд оруулж нас барсан. ...нүүрний гэмтэлтэй шууд шалтгаант холбоотойгоор амьсгал бүтэлтэнд орсон. Нүүрнийн гэмтэл авах үед ухаан алдаж унасан. ...ухаан алдсаныг илтгэх гол шинж нь амьсгал бүтэлт...” гэж мэдүүлсэн. Шинжээчид дүгнэлтийг өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргахдаа түүнд хамааралтай бүх асуудлыг хамруулан, ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодруулж энэ талаараа мэдүүлэг өгсөн гэж шүүх үзсэн болно.

Хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг ба, шүүх дээрх нөхцөлд байдлаас дүгнэн үзэхэд амь хохирогч О.У- нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр авсан шинэ гэмтлийн улмаас нас барсан, энэхүү нас барсан шалтгаан нөхцөл нь тухайн өдөр Б.Н-д зодуулж авсан гэмтлийн улмаас босоогүй, ухаан алдсан, тухайн цаг хугацаанд цус алдаж, амьсгалын замд цус  орж, амьсгалт бүтэлтэд орж нас барсан байх тул амь хохирогчийн үхлийн шалтгаан шүүгдэгч Б.Н-гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоогоогүй гэж маргах боловч хэргийн газар байсан гэрч нараас 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 07 цагийн орчим амь хохирогч нас барж, түүнийг 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр эмнэлэгт хүргэсэн талаар мэдүүлсэн бөгөөд энэ талаар прокурорын яллах дүгнэлтэд тодорхой тусгагдсан байна.

Мөн амь хохирогч О.У- нь тухайн хэрэг үйл явдал болохоос өмнө 2017 оны 11 дүгээр сарын 20-доор гэртээ очоод ирэхдээ өөрийн дагавар хүүд зодуулж хавирга нь хугарсан байсан гэх талаар маргах боловч 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 626 дугаартай дүгнэлтийг гаргасан шинжээч Ц.Оюун-Эрдэнээс мэдүүлсэн “... амь хохирогчид учирсан хавирганы хугаралууд шинэ бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг  хугацаанд үүссэн байх боломжтой. Ямар нэг байдлаар хуучин хугарсан, бороолсон хавирга байгаагүй. Хугарал орчим булчин, зөөлөн эдэд цус хуралт үүссэн нь амьд ахуйдаа үүссэн шинэ гэмтлүүд юм. ... Талийгаачид үүссэн дээрх хавирганы хавирганы хугарлууд нь бороололт үүсээгүй шинэ хугарал бөгөөд булчинд нь зөөлөн эдийн цус хуралт үүссэн болох нь шинэ гэмтэл гэдгийг харуулж байгаа...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “онц харгис хэрцгийгээр” гэдэг нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон бол онц харгис хэрцгий аргаар үйлдсэнд хамааруулан ойлгоно. Тус хэрэгт амь хохирогч О.У-т олон тооны гэмтэл учирсан болох нь шинжээчдийн 1105 тоот дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шинжээч М.Э-аас “...Талийгаач У-ын биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа зовиур шаналал үүсгэнэ. ...Эрүүл согтуу хүнд дээрх олон тооны гэмтэл үүсэхэд зовиур шаналал адилхан үүснэ. ...” гэж мэдүүлсэн /3хх-н 73-74 дүгээр хуудас/, мөн шинжээч Ц.Оюун-Эрдэнийн... гэмтлүүдийг авсан хүн ...өвчин зовиур ихтэй эмнэлгийн тусламж хэрэгтэй болно. ...” гэж мэдүүлсэн /1хх-н 246-248 дугаар хуудас/ бөгөөд шүүгдэгч Б.Н-г онц харгис хэрцгийгээр амь хохирогч О.У-ыг алсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчлөх тухай өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй юм.

 

Иймд шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүнийг алах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тус хэрэгт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүний олонхи байгаа газарт буюу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх харьяалалыг тогтоосон шийдвэр байгаа боловч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүхэд гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус эрүүгийн хэргийг шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Н-гийн сүүлийн үйлдсэн гэмт хэрэг нь 2018 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан тус шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н- нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Хос мандал” караокед иргэн А.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд “зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            -Хохирогч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн үед ...Н-тай очиж уулзаад явъя гэж ярилцаад очсон. Н- үйлчилгээний төвийн “Хос мандах” гэх караокеноос гарч ирж ...караокений нэг өрөө рүү... оруулж ирээд архиа хундагласан.  ...Би архиа болиочээ, архиа ууж дуусаагүй байж согтлоо, ...чи согтчихоод байгаа юм бишүү гэхэд Н- ...уурлаж ширээн дээр байсан архины хоосон шилийг авч миний зүүн нүдний хажуу хэсэгт цохисон. Миний нүүр рүү цус урсаад ирсэн. ...Н-гийн найз хөөе чи хүн аллаа шүү дээ гээд татаад авсан. Ингээд би гэмтлийн эмнэлэг орж шархандаа косметик оёдол тавиулсан. ...” гэх мэдүүлэг /3хх-н 39-40 дүгээр хуудас/ болон хохирогчийн гэмтлийг харуулсан зураг /3хх-н 73 дугаар хуудас/           

            -Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...ширээн дээр байсан пивний пакалыг гараараа цохих үед уг пивний пакал нь Хишигжаргалын баруун хөмсөг орчим онож цус гарсан. Ингээд Хишигжаргалыг Гэмтлийн эмнэлэгт авч очиж хөмөгт оёдол тавиулсан. Иргэн Хишигжаргалыг зодож хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /3хх-н 53-56 дугаар хуудас/,

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14076 дугаартай дүгнэлт /3хх-н 46 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч хохирогч А.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Шүүгдэгч Б.Н-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас О.У-ын амь нас хохирсон, иргэн А.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт,  эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” талаар мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- нь оршуулгын зардалд гарсан 3.534.216 төгрөгийн баримтыг нэхэмжилж хэрэгт баримтыг ирүүлсэн байна. /1хх-14-20 дугаар хуудас/  

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Н-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа хохирол нөхөн төлөх шалтгаанаар завсарлага авсан боловч хууль ёсны төлөөлөгч болон хохирогч нарт хохирлыг нөхөн төлөөгүй байна.

            Иймд шүүгдэгч Б.Н-гаас оршуулгын зардал 3.534.216 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т олгож шийдвэрлэв

            Хохирогч А.Х-ы гомдол саналгүй, нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

           

   2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, нийт ялыг нэмж нэгтгэн 12 жил 1 сарын хугацаагаар тогтоох дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналд мэтгэлцэхгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Н- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар 2013 онд ял шийтгэгдэж байсан байх ба, ялыг эдэлж дууссан байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Төв аймгийн Шүүх сэтгэц гэм судлалын гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Н- нь хэрэг хариуцах чадвартай талаар дүгнэсэн байна. /1хх-н 160-162 дугаар хуудас/

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Н-г Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан нөгөө талаас гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 12 жилийн хорих ял дээр нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 30 хоногийн буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 12 жил 1 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг /3хх-н 191-193/, хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Б.Н- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үйлдсэн байх ба, Б.Н-г гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дээрх хэрэгт яллагдагчаар татсан байна.

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан ба УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

 

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа”-г тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй гэж үзэв. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн болохыг дурдав.

Бусад асуудлаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тус хэрэгт шүүгдэгч Б.Н-гийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 251 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, тус хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хоёр ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн;

-мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Н-г:

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 12 (арван хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 12 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-гийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 21, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 251 (хоёр зуун тавин нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-гаас 3.534.216 (гурван сая таван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун арван зургаа) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т олгосугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоёр ширхэг компакт диксийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргасугай.

8. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Н-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч А.Х-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Н-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх хорих ялыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ДОРЖСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Б.БАТБОЛОР

                                                                                                Д.АЛТАНЖИГҮҮР