Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2019/ДШМ/67

 

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 27 өдөр                        

2019/ДШМ/67                                                 Зуунмод

Б.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Б.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж, Ю.Энхмаа, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 16 дугаар шүүхийн тогтоолтой Б.Нд холбогдох 1832000020253 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Гал овгийн Балжиннямын Нямсамбуу, 1994 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой зжилгүй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг Зүүн баян уулын 13 дугаар гудамжны 41 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1-д тус тус зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:УП94040352.

Шүүгдэгч Б.Н нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Халзангийн даваа гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн орчим иргэн О.Ууганбаярыг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 16 дугаар шүүхийн тогтоолоор:

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Гал овгийн Балжиннямын Нямсамбууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1832000020253 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Гал овгийн Балжиннямын Нямсамбууд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт 2 ширхэг CD хураагдан ирснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: “...1. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэх эрхийг хязгаарласан байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Баянзулыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн байх ба тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гэж чухам юуг хэлээд байгаа нь ойлгомжгүй байдлаар шүүхийн шийтгэх тогтоолд заасан байна. Гэтэл амь хохирогч Ууганбаяр нь тодорхой эрхэлсэн тодорхой ажилгүй байсан талаар гэрчүүд мэдүүлдэг, хаанаас ямар нөхцөл байдлаар тэтгэмжийн зөрүү үүсээд байгаа нь тодорхойгүй байна. Түүнчлэн Баянзул нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хохирогчоор тогтоогдохгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байдаг.

Прокурорын яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг гэрчүүдийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн анхны мэдүүлгийн цаг хугацааг үндэслэн тогтоосон бөгөөд хэрвээ шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацааг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн яллах дүгнэлтэнд бичигдсэн цаг хугацаанаас өөрөөр тогтоох үндэслэл байна гэж үзвэл шийтгэх тогтоолд тэр талаар нарийвчлан тусгаж шийдвэрлэх бүрэн боломжтой.

Прокуророос Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 626 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг улсын яллагч өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлж яллах талын нотлох баримт болгосон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байгаа тохиолдолд дахин шинжилгээ хийлгэхээр даалгаж болно гэж заасан байдаг тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахгүйгээр шүүх 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргуулахаар шинжилгээний байгууллагад даалгаж болно.

Прокурор хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байх ба, амь хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр үйлдэл хийсэн байдаг боловч тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн талаар хэрэг учралын газар байсан гэрчүүд мэдүүлсэн байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 626 дугаартай 5 бүрэлдэхүүнтэй дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний өгсөн мэдүүлгээр амь хохирогчийн үхлийн шалтгааныг тодорхойлсон байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хүндрүүлэх болон хөнгөрүүлэх бүхий л нөхцөл байдлыг бүрэн тогтоож нотолсон.

В.Викторийн үйлдэл нь гэрч Б.Сүхбат, Д.Бат-Амгалан, Э.Амангүль, Н.Энхбат, П.Дэлгэрцэцэг, Б.Нямсүрэн, Б.Дамдин, Б.Одгэрэл, Д.Баасансүрэн, М.Алдархүү, Л.Даваа, Л.Эрдэнэсан, Б.Н нарын мэдүүлэг, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 626 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Энхцолмонгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд В.Викторт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт 2 ширхэг сиди хураагдаж очсон байх ба энэ нь задлан шинжилгээ хийх явцыг бэхжүүлсэн байх ба шинжээчийн дүгнэлтэнд хавсаргаж ирүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд заасан "Эд мөрийн баримт" гэдэг ойлголтонд хамаарахгүй байх тул эд мөрийн баримтаар тооцох үндэслэлгүй юм.

Иймд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор И.Мөнхцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг, хугацаа тогтоогддог. Мөн хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар амь хохирогчийн үхлийн шалтгааныг нэгбүрчлэн шалгаж тогтоосон. 2 ширхэг СД хураагдаж ирсэн. Задлан шинжилгээний бичлэг учир эд мөрийн баримтаар тооцоогүй. Шүүхийн тогтоол нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан тайлбартаа: Шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Насанд хүрээгүй хүүхдийн эх Ч.Баянзулыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох ёстой. Хохирогчийн нүүрлүү Нямсамбуу өшиглөсөн, цохьсон талаар хэн ч гэрчилдэггүй. Өмгөөлөгчийн зүгээс 7-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулж өгнө үү гэсэн хүсэлийг гурван удаа тавьж байсан. Викторын хэргийг тусгаарлаж шийдсэн нь буруу. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Н гаргасан тайлбартаа: Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Нд холбогдох эрүүгийн 1832000020253 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан шүүгдэгч Б.Нд холбогдох эрүүгийн 1832000020253 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, мөрдөн байцаалт явуулж, хийгдэх ажиллагаануудаас зарим ажиллагааг нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Үүнд:

-Амь хохирогч О.Ууганбаярын хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн дүү Б.Отгонбаярыг тогтоохоос гадна түүний төрсөн охин 10 настай У.Энххүслэнгийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зөрүүг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонбаяр нэхэмжлэх эрхгүй бөгөөд амь хохирогчийн төрсөн охин У.Энххүслэнгийн төрсөн эх Ч.Баянзул нэхэмжлэх эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

-Прокурор гэмт хэрэг хэзээ гарсан талаар яллах дүгнэлтэндээ тодорхой тусгасан гэсэн тайлбар гаргаж байх боловч яллах дүгнэлтэнд дурдсан гэрч нар гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны талаар тодорхой мэдүүлээгүй байна. Иймд шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 2, 3 дахь хэсэгт заасан ажиллагааг хийх шаардлагатай байна.

-Талийгаач О.Ууганбаярт учирсан шарх, гэмтэл, үхлийн шалтгааныг тогтоосон 2018 оны 1 сарын 23-ний өдрийн 08, 2018 оны 5 сарын 01-ний өдрийн 495, 2018 оны 6 сарын 21-ний өдрийн 626 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд гарчээ. Эдгээр дүгнэлтүүдэд тогтоогдсон талийгаач О.Ууганбаярын гэмтлийн зэрэг, үхлийн шалтгаан нь өөр хоорондоо зөрүүтэй,  талийгаачид учирсан зарим гэмтлийг гэмтлийн ямар зэрэгт хамаарах болохыг тогтоогоогүй зэрэг шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт нь бүрэн биш, тодорхойгүй гарсан байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

-Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 5, 6-д заасан ажиллагааг явуулах шаардлагагүй байна гэж үзлээ. Учир нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 4-т заасан ажиллагаа буюу талийгаач О.Ууганбаярт учирсан шарх, гэмтэл, үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтээс шалтгаалж шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 5, 6-д заасан мөрдөн шалгах ажиллагааг явуулах эсэхийг прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу шийдвэрлэх боломжтой байна.

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч а/х Б.Мөнхсүх 2018 оны 01 сарын 12-ны өдөр хэргийн газрын үзлэг хийж, тэмдэглэл үйлджээ /1хх-ийн 4-5-р хуудас/. Мөн үзлэгийг 14 кадр гэрэл зураг, 02 минут 28 секундын бичлэг хийж бэхжүүлжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч а/х Т.Батзаяа 2018 оны 01 сарын 01-ний өдөр цогцост үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байна. Үзлэгийн явц байдлыг гэрэл зураг, дуу дүрсний бичлэгээр бэхжүүлж тэмдэглэлд тусгажээ /1хх-ийн 72-73-р хуудас/. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан 2 ширхэг СД нь нотлох баримт болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч уг 2 ширхэг СД-г нотлох баримтаар цуглуулж, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлсэн байх тул шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 7-д заасан 2 ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцон тогтоол үйлдэж, хураан авч тэмдэглэл үйлдэж ирүүлэх гэснийг хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж үзлээ.  

Иймд анхан шатны шүүхийн  тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 сарын 15-ны өдрийн 16 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Прокурор И.Мөнхцэцэгийн гаргасан эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

           

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                                            Г.БОЛОРМАА

ШҮҮГЧИД                                                                    Т.ЭНХМАА

   Р.МӨНХ-ЭРДЭНЭ