Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 24

 

ХААН банкны Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01769/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх шүүгч С.О-цэцэг даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б- овогтой Л-гийн Б-,

Хариуцагч Б- овогтой Р-гийн О- нарт холбогдох

          “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 18.596.405,42  төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбараас:

Л.Б- нь тус банкны Орхон жимс ногоо тооцооны төвөөс 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ/548 тоот гэрээ байгуулж 18.191.986 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 2.970.899,54 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.834.790,50 төгрөг нийт 4.805.690,04 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Г/548 тоот зээлийн гэрээг цуцлах, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр гаргуулах, үндсэн зээлийн төлбөр 15.221.086,02 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.052.012,70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7.482.24 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 770.00 төгрөг нийт 16.280.580,97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

            Зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Б-аас зээлийн төлбөрийг нэхэмжилсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээлдэгч нас барсантай холбоотойгоор тухайн барьцаат зээлийн гэрээнүүдэд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж гарын үсэг зурсан хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрээс нь хүлээсэн үүргийн хэмжээнд зээлийн төлбөрийг доорх байдлаар шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа бөгөөд мөн нэмэгдүүлж байна. Учир нь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ-3400 дугаар бүхий барьцаат зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээр Р.О-хүү, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Р.О- нар орж 16.390.325 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ-548 дугаар бүхий барьцаат зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээр Р.О-хүү, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Л.Б- нар орж 5.000.000 төгрөгийн зээлийг тус тус авсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хамтран үүрэг гүйцэтгэгч нар болох Л.Б-, Р.О- нарт холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн нийт 16.280.580,97 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү өдрийн байдлаар нэхэмжлэлийн үнийн дүнг дараах байдлаар нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Үүнд: 2016 оны 12 дугаар сарын 12-оос 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт Л.Б-аас зээлийн хүү 786.470,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.113,53 төгрөг нэмж нэхэмжилсэн нийт зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 796.583,99 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 12-оос 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг Р.О-аас нэмж гаргуулах зээлийн хүү 1.789.535,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24.561,31 төгрөг, нотариатын төлбөр 5000 төгрөг нийт 1.819.096,47 төгрөг, Л.Б-, Р.О- нараас 2016 оны 12 дугаар сарын 12-оос 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн хүү 2.576.005,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34.674,84 төгрөг, нотариатын төлбөр 5000 төгрөг нийт 2. 615.680,46 төгрөгийг тус тус 2017 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар нэхэмжилж байна. Мөн Л.Б-аас үндсэн зээлийн төлбөр 4.153.092 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.107.612,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11.783,77 төгрөг нийт 5.272.488,34 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар Р.О-аас үндсэн зээлийн төлбөр 10.769.963,31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.518.580,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 30.373,31 төгрөг, нотариатын төлбөр 5000 төгрөг, нийт 13.323.917,08 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлмаагаас:

Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр 402.800 төгрөгийг төлж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 4.000.000 төгрөгний нэмэлт зээлийг 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай үндсэн зээлдэгч Р.О-хүү, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Р.О- нар гарын үсэг зурж зээлийн гэрээ байгуулж авсан. Ингээд зээлийн төлөлтөө хийж байгаад зээлийн үлдэгдэл 13.390.425 төгрөг дээр нэмж 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөгийг 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай үндсэн зээлдэгчээр Р.О-хүү, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Р.О- нар авсан. Энэ зээлийн үлдэгдэл 13.191.986 төгрөгний үлдэгдэлтэй байхдаа нэмэлт 5.000.000 төгрөгийг 19.2 хувийн хүүтэй, 36 сарын  хугацаатай үндсэн зээлдэгчээр Р.О-хүү, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Л.Б- нар зээлийн гэрээ байгуулж сар болгон 671.000 төгрөг төлөхөөр график тогтоож өрхийн хэрэглээндээ зориулж цалингийн зээл авсан. 2016 оны 12 сарын 12-ны өдөр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 16.280.580 төгрөгийг Л.Б-аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж анхан шатны шүүхэд шийдвэрлэсэн. 2015 оны 01 дүгээр сарын 14-ны 548 тоот зээлийн гэрээний дагуу 16.280.580 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 2.615.680 төгрөг, нийт 18.596.405,42 төгрөг болж байна. Үүнээс хариуцагч Л.Б-аас 5.272.488 төгрөг, Р.О-аас 13.323.917 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

        Хариуцагч Л.Б-аас:  

Манайх 0,5 га газар түрээслэж ногоо тарьдаг. ХААН банкнаас жил бүр 3 сая төгрөгийн зээл авдаг. 2016 оны 01 дүгээр сарын 14-нд ээжийн дүү Р.О-хүү утсаар ярьж банкин дээр ирж цалингийн зээлд 2-р гарын үсэг зураад өгөөч гэж хэлсэн. Би гарын үсэг зурсан. 6 жилийн өмнө нөхөр нь нас барж эгч маань 2 охинтойгоо үлдсэн юм. 2016 оны 07 дугаар сарын 24-нд эгч маань нас барсан.Энэ ажил явдлаас хойш 9-р сар гарснаар цалингийн зээл яригдаж эхэлсэн. Орхоны Хаан банкны эдийн засагч нь цалингийн зээлийн талаар ярьж, эвлэрлийн гэрээ, бас хүүг зогсоох талаар ярьж байсан. Би ХААН банкны зээлээр ногоо тарьдаг ч ашиг багатай. Манай гэр бүлийн тогтмол орлого болох 4 хүүхдийн халамжийн мөнгө 80.000 төгрөгөөр амьдардаг. Тарьсан ногоогоор зээлээ төлж, амьдралаа зохицуулахад маш хүнд. Банк, ажилтан хоёрын итгэлцлээс болж би хэлмэгдэх гэж байна. Тэр 15.000.000 төгрөгийг эгч маань 10 гаруй жил ажил амьдралдаа хэрэглээд л ирсэн. Хамтран үүрэг гүйцэтгэгч гэх миний хувьд хамтран үүрэг гүйцэтгэхэд шууд боломжгүй юм.Иймд шүүх үнэн зөвийг шүүж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн Л.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнээс:

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Л.Б-аас нийт 16.288.000 төгрөг гаргуулахаар ХААН банк тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ХААН банкнаас Л.Б-аас 2.858.191.39 төгрөгийг төлүүлэх хүсэлт гаргасан. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ХААН банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж 5.272.488 төгрөг болж өссөн байдаг. 1 дүгээр сарын дараа нэхэмжлэлийн шаардлагаа 3.000.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа талаар хуулийн хүрээнд шалгаж үзэхэд 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн ЗГ/548 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу нэхэмжилсэн байдаг. Зээлийн гэрээг өмгөөлөгчийн зүгээс хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Учир нь зээл олгож байгаа бол зээлийн мөнгө хариуцагчид шилжиж очсноор гэрээ байгуулсанд тооцох ёстой. Гэтэл бодит байдал дээр 5.000.000 төгрөг шилжиж орсон. Зээлийн дансанд 18.191.000 төгрөг ороогүй учраас хууль зөрчиж хийгдсэн хэлцэл гэж үзэж байгаа учраас Л.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнхөөс:

Р.О- ХААН банктай 3 удаагийн зээлийн гэрээ байгуулсан гэж байгаа боловч зээлийн гэрээнд тусгагдсан эд хөрөнгө буюу мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэсэн Иргэний хуулийн зохицуулалттай  нийцүүлээгүй. Учир нь зээл байгуулсан гэж яриад байгаа хэдий ч Р.О-д зээлийн гэрээнд тусгагдсан мөнгийг шилжүүлж өгөөгүй. Үүнээс үзэхэд Р.О- ХААН банкны өмнө үүрэг гүйцэтгэх эрх зүйн үр дагавар бий болоогүй гэж үзэж байна. Анх шүүхэд нэхэмжлэлийг Дархан ХААН банкны Салбарын захирал С.Энхсувд гаргасан байсан. Гэтэл С.Энхсувд нэхэмжлэл гаргах эрх зүйн субъект биш. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т зааснаар итгэмжлэлийг гуравдагч этгээдэд шилжүүлэх бүрэн эрх нь олгогдоогүй. Мөн Р.О-д ХААН банкны зүгээс мөнгийг шилжүүлж өгөөгүй учраас Р.О- нь ХААН банкны өмнө үүрэг хүлээх үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Батлан даалтын гэрээ”-г бичгээр байгуулна гэж заасан байхад ХААН банкны шүүхэд гаргаж өгсөн нь гэрээ нь “барьцаат зээл”-ийн гэрээ гэж байгаа. Зээлийн гэрээ гэж үзэх үү? гэдэг нь ойлгомжгүй байна. Барьцаат зээлийн гэрээгээр хуульд заасан гэрээний стандарт нөхцөлийг ойлгох уу эсвэл манай зээл олгосон гээд дайраад байгааг ойлгохгүй байна. Гэтэл Р.О- тэтгэвэрт байдаг. Тэтгэвэр нь ХААН банкны барьцаанд байгаа. Иймд ХААН банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль эрх зүйн үндэслэлтэй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг баримтлан хариуцагч Л.Б-аас 5.272.488 төгрөг, хариуцагч Р.О-аас 13.323.917 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296.153 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар давж заалдсан гомдолдоо:

ХААН банкны зүгээс хуульд заасан шаардлагын дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн гэрээний хүлээсэн үүргийг бүрэн хариуцах нөхцлийг харилцан тохиролцож зээлийн гэрээг байгуулдаг. Р.О-, Л.Б- нарын хувьд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохгүй, гарын үсэг зурахгүй эрх нь байсан өөрөө үр дагаврыг ойлгож харилцан тохиролцож зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан. ХААН банк нь зээлдэгч нас барсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Б-, Р.О- нараас хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан тул зээлдэгч Л.Б-, Р.О- нар нь гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн тул зээлийн гэрээний үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбар хариуцагч Р.О-, Л.Б- нарт холбогдуулж тус банктай байгуулсан 4 удаагийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон тул тэдгээр гэрээний дагуу Л.Б-аас 5.272.488 төгрөг, Р.О-аас 13.323.917 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Л.Б-, Р.О- нар  тэрхүү гэрээний дагуу олгогдсон мөнгийг хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой  байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон болсон үйл баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийж байна.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн иргэн Р.О-хүү 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ХААН банктай ЗГ-3049 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 14.500.000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 16.8 хувийн хүүтэй, цалин барьцаалж, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ-3121 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөг нэмж, нийт 16.771.890 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 16.8 хувийн хүүтэй цалин барьцаалж, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэмж 2.000.000 төгрөг нэмж 16.390.325 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй цалин барьцаалж, 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ-548 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж зээлийн үлдэгдэл 13.191.986 төгрөг дээр нэмж 5.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй цалин барьцаалж тус тус зээлсэн байх бөгөөд эдгээр зээлүүд нь үндсэн зээлдэгч Р.О-хүүгийн эзэмшлийн ХААН банк дахь  5056054965 дугаарын дансанд шилжин орсон байна.

Эдгээр зээлийн гэрээнүүдийн эхний 3 удаагийн зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Р.О-, хамгийн сүүлийн зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр Л.Б- нар оролцож, гарын сгээ зурж баталгаажуулсан байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Эдгээр 4 удаагийн зээлийн гэрээний барьцаалбар нь зээлдэгчийн цалин байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар түүний хөдөлмөрлөж олж байгаа орлого мөн бөгөөд зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг гэж үзнэ.

Зээлдэгч Р.О-хүү 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нас барсан.

Үүрэг гүйцэтгүүлэгч ХААН банк Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй боловч  зээлдэгч Р.О-хүү нас барснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд... нас барсан...” тохиолдолд үүрэг дуусгавар болохоор заасан байх тул ХААН банк зээлдэгч Р.О-хүү нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсон байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах эрх зүйн үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. ХААН банкны Дархан-Уул аймаг салбарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323.880 төгрөгийг Төрийн сангийн орлогд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                ШҮҮГЧИД                                        С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                        Л.АМАРСАНАА