Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01177

 

З ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар        

             Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03448 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 645 дугаар магадлалтай,

                                                                                                           

            З ийн нэхэмжлэлтэй,

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

         2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 09/13 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолыг хүчингүй болгуулах, 20,000,000 төгрөг гаргуулан Ариг банкинд олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 09 сарын 13-ны өдрийн дуудлага худалдаа зарласан тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Дуудлага худалдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтуудыг зөрчсөн. Иргэний хэрэг үүсгэсэн захирамж гарсан байхад дуудлага худалдааг зохион байгуулсан. Иймд 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 09/13 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолыг хүчингүй болгуулах, 20,000,000 төгрөг гаргуулан Ариг банкинд олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 29-ний өдрийн 02/790 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу н.Эрдэнэ-Очир, З  нараас 54,646,932 төгрөг гаргуулан Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж З ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол Төмөр замын 26-р байрны 32 тоот 54 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж дуудлага худалдаанд оруулсан. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт 2016 оны 09 сарын 19-ний өдрийн 3/29549 тоот албан мэдэгдлээр хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаа 2016 оны 10 сарын 28-ны өдөр үнэлэгдсэн үнэ болох 80,630,000 төгрөгийн 70 хувь болох 56,441,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул 2017 оны 09 сарын 28-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг зарлан дуудлага худалдаанд оруулахад 42,800,000 төгрөгөөр орон сууц зарагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03448 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З ийг төлөөлж гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гантуяагийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 09/13 дугаар албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, 20,000,000 төгрөг гаргуулан Ариг банкинд олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.                                  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 645 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03448 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3448 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба гомдлыг хангахгүй орхисон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны өдрийн 645 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Маргаан бүхий орон сууц нь газар төлөвлөлтөд орж байрны үнэ өссөн байхад 2016.08.19-нд “Хөрөнгийн үнэлгээний төв” 80,630,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний 50 хувиар хоёр дахь дуудлага худалдааг 2 дахь удаагаа явуулж, үнийн саналыг төлбөр төлөгчөөс аваагүй, “хоёр дахь дуудлага худалдааны үнийг харилцан тохиролцож тогтоосон” гэсэн Иргэний хуулийн 177.4-т заасан хуулиар эдлэх эрхийг хязгаарлаж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5 дахь заалт, 72 дугаар зүйлийн 72.2, Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.2, 176.2.1, 176.2.2 дахь заалтыг тус тус зөрчиж өмчлөгчийн эрх ашгийг хэтэрхий дордуулж, орон сууцыг үнэгүйдүүлж, дуудлага худалдаанд гуравдагч этгээдээр Д.Санчир гэгч төлбөр авагч банкны төлөөлөгч орон сууцыг нь авахаар оролцсон нь дуудлага худалдааны явцад эд хөрөнгийн зарагдах үнэ үнэлгээнээсээ дээш гарах боломж байхыг үгүйсгэхгүй байтал энэ боломж нөхцөлийг хааж, дуудлага худалдааг богино хугацаанд яаран сандран явуулсан зэргээр хариуцагч бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж, талуудын хуулийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдсөн. Сүүлийн хоёр дахь дуудлага худалдааны талаар ШШГАлбанд төлбөр төлөгчөөс гомдол гаргаж, түүний хариуг дуудлага худалдаа болдог өдөр буюу 2017.09.28-ны өдөр өгч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах хугацааг олгоогүй тухайгаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гомдолдоо удаа дараа дурдаж байхад шүүх энэ талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэсэн дүгнэлт өгсөнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд нэгэнт иргэний хэрэг үүсгэсэн учраас холбогдох нотлох баримтаа гаргаж өгөхийг тайлбарлан өгөх нь хууль зөрчсөн үйл ажиллагаа биш гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлууд нь хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал хариуцагчид шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх боломж байгааг анхаарч аль ч шатанд эвлэрүүлэх боломжийг урьтал болгоогүй, төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх журам, хууль хэрэглээ зөрчигдсөн байтал анхаарч үзээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй.

 Нэхэмжлэгч З  нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “...үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хуульд заасан хугацаанд нь, доод үнийг харилцан тохиролцож тогтоолгүйгээр, гаргасан гомдлыг шийдвэрлэлгүйгээр явуулсан гэсэн үндэслэлээр тус албаны дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Гантуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг   “...2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/13 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолыг хүчингүй болгуулах, төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулан Ариг банкинд олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулах”-аар өөрчилсөн байна. /хх-18-19/

2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 02790 дугаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч З , Б.Эрдэнэ-Очир нараас 54,746,932 төгрөг гаргуулан Ариг банк ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 2 хороо, 2 хороолол, Төмөр зам 26 байр 32 тоот 54 м.кв бүхий 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018707 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000009831 тоот гэрчилгээтэй орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс 54,746,932 төгрөгийн шаардлагыг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хэрэгт авагдсан ба шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудас 2016 оны 03 сарын 23-ны өдөр бичигдсэн байна. /хх-37-44/

Хэрэг авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь  2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/411 дүгээр анхны албадан дуудлага худалдааг явуулах тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байна. /хх-60-68/

Дээрх шийдвэр магадлал, тогтоолд төлбөр төлөгчийн төлбөр гаргуулахаар шийдвэрт заасан хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол Төмөр замын 26 дугаар байрны 32 тоот 54 м.кв талбай бүхий, өмчлөх эрхийн Ү-2205018707 дугаар бүртгэлтэй 3 өрөө орон сууцны үнэлгээг 80,630,000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээчний дүгнэлтийг хууль зөрчөөгүй гэж үзсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар түүнийг дахин нотлох үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Үнэлгээчний тогтоосон үнэ болох 80,630,000 төгрөгийн 70 хувь 56,441,000 төгрөгөөр хоёр дахь удаагийн албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсгийг зөрчихгүй бөгөөд үнэлгээг дахин хийлгэх талаарх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан баримтгүй байх тул доод үнийг харилцан тохиролцож тогтоогоогүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Анхны албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг хэлэлцэх хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гарсан тул хоёр дахь албадан дуудлага худалдааг хуульд заасан хугацаанд явуулалгүй Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсгийг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09/13 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх мөн оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэрт хамаарахгүй тул 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр явагдсан албадан дуудлага худалдаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/ -ийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль ёсны байх шаардлагыг хангажээ.

“...төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулан Ариг банкинд олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулах” тухай шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэр  үндэслэл бүхий байх бөгөөд “...хариуцагч байгууллага төлбөр барагдуулах хүсэлтийг хүлээж аваагүй, 20,000,000 төгрөг байршуулсныг харгалзаагүй” гэж нэхэмжлэгч тайлбарласан хэдий ч хэргийн баримтаар уг мөнгө дуудлага худалдаа явагдсанаас хойш 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газрын дансанд байршсан байх тул хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа хангуулахаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/03448 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 645 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Нэхэмжлэгч З ээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ЦАГААНЦООЖ

  ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН