Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01571

 

“Х Т”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00714 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1315 дугаар магадлалтай,

“Х Т”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Т Б”ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 43 325 450 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 9 856 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Чулуунцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Чулуунцэцэг, түүний өмгөөлөгч Ш.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хаяг, реклам, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Т Б”ХХК-тай 2013 оноос хамтран ажиллаж байна. Улмаар “Т Б”ХХК-тай 2016 оны 3 сарын 10-ны өдөр 10/238 тоот хаяг хийж нийлүүлэх гэрээ, 2016 оны 10 сарын 27-ны өдөр 12/1081 тоот Да хүрээ тооцооны төвийн гадна гэрлэн хаягийг буулгах, зөөвөрлөх, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 12/1209 тоот Төрийн банкны топ харилцагчдын гарын бэлэг нийлүүлэх гэрээг тус тус байгуулсан. Дээрх гэрээнүүдийн дагуу Өвөрхангай аймгийн салбарт хийх ёстой байсан хаягийг Да хүрээ салбарт шилжүүлж хийсэн. Дараагийн гэрээ болох Да хүрээ салбарын тооцооны төвийн гадна хаягийг зөөвөрлөх, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээгээр 2 давхарт байсан хаягийг буулгаж зөөвөрлөх, 4 давхарт байсан хаягийг зөөвөрлөх, буулгах ажлыг хийсэн. Да хүрээ тооцооны төвийн хуучин хаягийг буулгаснаар нэг дэх ажил нь дууссан. Шинэ хаягийг байрлуулснаар хоёр дахь ажил нь дууссан. Үүнээс гадна буулгасан хаягийг 4 давхарт байрлуулах нэмэлт ажлыг хийхийг Да хүрээ салбарын захирал хүссэний улмаас хүсэлтийн дагуу 4 давхарт нь самбар байршуулсан. Ингэхээр нийт энэ гэрээгээр 3 төрлийн ажил гүйцэтгэсэн. Тэгэхээр нэг нь 280 000 төгрөгийн, нөгөө нь 300 000 төгрөгийн, үлдсэн нь салбарын захирлын хүсэлтийн дагуу 100 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Бид гэрээний хугацаанд Орхон аймагт гадна гэрлийн 7 000 000 төгрөгийн самбар, дотор үсгэн хаяг 2 ширхэг, Өвөрхангай аймагт дотор үсгэн хаяг 450 үгийн самбар 1 ширхэг, 350 үгийн самбар 1 ширхэг гэх мэт самбаруудыг гэрээний хугацаанд хийж өгсөн. Хариуцагч хийсэн самбар, хаягийг хэзээ, хаана хүлээж авах тухайгаа мэдэгдэхгүй байсаар гэрээний хугацаа дуусах үед буюу 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Т Б”ХХК-руу албан бичиг хүргүүлж, түүндээ хийсэн самбаруудыг хэрхэн авах тухай болон 7 300 000 төгрөгийн бүтээгдэхүүний төлбөрийг төл гэсэн шаардлагыг гаргаж байсан. “Т Б”ХХК-ийн топ харилцагчдын гарын бэлэг нийлүүлэх гэрээний дагуу пауэр банк нь гэрээнд заасан үзүүлэлт бүхий шаардлага хангаж байгаа. “Т Б”ХХК нь энэ ажлыг тендерийн журмаар шалгаруулсан бөгөөд гэрээний хавсралтад заасан 800 ширхэг, 10400 ампер, саарал өнгөтэй, цэнэглэх чадвар, өнгө, сав баглаа, боодол зэрэг үзүүлэлтийг тусгасан. “Т Б”ХХК-иас тухайн үед нь 800 ширхэг пауэр банкыг хүлээж аваад акт үйлдсэн байдаг. Тус актад гэрээний зүйлд өөрсдөө үзлэг хийж хүлээн авсан нь үзлэгийн тэмдэглэл дээр тусгагдсан байгаа. Анх “Х Т”ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 14 784 000 төгрөгийг “Т Б”ХХК өгөх ёстой гэсэн акт явуулахад танай байгууллага 6 хоног хэтрүүлсэн гэж алданги тооцоод хассан тухай актыг манайх руу имэйлээр илгээсэн байдаг. Иймд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 10/238 тоот хаяг хийж нийлүүлэх гэрээний төлбөрт 16 000 000 төгрөг, алдангид 6 608 100 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10/1081 тоот Да хүрээ тооцооны салбарын гадна гэрлийн хаяг зөөвөрлөх, суурилуулах гэрээнд 580 000 төгрөг, алдангид 290 000 төгрөг, тус салбарын захирлын хүсэлтээр нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын төлбөр 100 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12/209 тоот “Т Б”ХХК-ийн топ харилцагчдын гарын бэлэг нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 044 800 төгрөг, алдангид 5 477 550 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21/751 тоот хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 225 000 төгрөг, нийт 43 325 450 төгрөгийг ”Т Б”ХХК-иас гаргуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Да хүрээ салбарт суурилуулсан гадна гэрлийн самбарын үндсэн төлбөрт 7 300 000 төгрөг, алдангид 3 241 200 төгрөг, нийт 10 041 200 төгрөгийг гаргуулах гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Да хүрээ салбарт гадна гэрлийн самбар байрлуулах гэрээг “Х Т”ХХК-тай байгуулаагүй. Нэхэмжлэгч 2016 оны 3 дугаар сарын 10-нд байгуулсан 10/238 тоот хаяг хийж нийлүүлэх гэрээнд энэ ажил тусгагдсан гээд энэ гэрээг үндэслэдэг. Гэтэл тус гэрээний хавсралтад Да хүрээ салбарт гадна гэрэл суурилуулах гэсэн ажил огт байхгүй. Нэхэмжлэгч энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж байгаа боловч гэрээний 7.4-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг талууд заавал бичгээр тохиролцож, гэрээнд хавсаргана гэж заасан байтал гэрээнд бичгээр хавсаргасан зүйл байхгүй, өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан “Т Б”ХХК-ийн гүйцэтгэх захирал болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдсан ямар нэгэн нэмэлт гэрээ байхгүй. Да хүрээ салбарт гадна гэрлийн самбар суурилуулах ажил гэрээнд тусгагдаагүй ажил учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т зааснаар анзын гэрээг бичгээр хийгдээгүй тул гадна гэрлийн самбарт суурилуулсан ажлын төлбөр 7 300 000 төгрөгөөс алданги тооцох үндэслэлгүй. “Т Б”ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд тендер шалгаруулалтын журмын дагуу холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, уг ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцоогүй тул үндсэн төлбөрийг мөн адил төлөхгүй. Орхон салбарын гадна гэрлийн хаяг 7 000 000 төгрөг, дотор үсгэн хаяг 900 000 төгрөг, Өвөрхангай салбарын дотор үсгэн хаяг 800 000 төгрөг, алдангитай нийлээд нийт 12 066 900 төгрөгийг мөн төлөх үндэслэлгүй. Учир нь энэ гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний холбогдох заалтыг баримталсан. Худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзэж байгаа. Талуудын байгуулсан 10/238 тоот гэрээний 2.3, 2.5 зэрэг холбогдох заалтуудаар бүтээгдэхүүнийг заавал холбогдох этгээдүүдэд актаар хүлээлгэж өгнө гэж заасан. Гэтэл дээр дурдсан Орхон болон Өвөрхангай салбаруудын гэрлэн хаягийг холбогдох акт, баримтуудаар хүлээлгэн өгөөгүй учраас “Т Б”ХХК холбогдох төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй гэж тайлбарлаж байна. Дараагийн ажил нь Да хүрээ салбарт гадна гэрлийн хаяг буулгах, зөөвөрлөх ажлын хөлс 580 000 төгрөг, агуулахаас зөөх байсан гадна самбарыг 4 давхарт суурилуулсан 100 000 төгрөг гээд нийт 680 000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнд нэг ойлгомжгүй зүйл байгаа бөгөөд үүнд гэрээгээр 4 давхарт байсан самбарыг буулгаад агуулахад хүргэж өгөх ёстой бөгөөд үүний ажлын хөлс нь 200 000 төгрөг юм. Гэтэл нэхэмжлэгч нь энэ ажлыг хийсэн гээд акт үйлдээд ажлын хөлсөнд 300 000 төгрөг нэхэмжилж байгаа атлаа дээр суурилуулсан самбараа агуулахад хүргэж өгсөн гээд дахиад нэмээд 100 000 төгрөг нэхэмжилсэн. Дээд давхарт суурилуулсан уу, эсхүл агуулахад хүргэж өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Талууд 2016 оны 12 дугаар сарын 09-нд “Т Б”ХХК-ийн топ харилцагчийн гарын бэлэг нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний хавсралтаар тухайн пауэр банкны чанарын үзүүлэлт, тоо хэмжээг нарийвчлан тохирсон байдаг. “Х Т”ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 20-нд нийлүүлэх ёстой байтал 26-ны өдөр нийлүүлж, хугацаа хэтрүүлсэн. Нийлүүлсэн пауэр банкыг бид хүлээж авсан акт үйлдээд салбарууддаа тараасан. Гэтэл зарим нэг харилцагчдаас пауэр банк утас цэнэглэхгүй байна, цэнэгээ удаан барихгүй байна, нэг асахаараа унтрахгүй байна, халж байна гэсэн гомдлууд ирсэн. Тэгээд бидний зүгээс дотооддоо шалгахад дээрх зөрчлүүд илэрсэн бөгөөд ердийн хэрэглээний шаардлага хангахгүй байсан тул салбаруудаар буюу нэмж харилцагчдад тараагаагүй байгаа. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь чанарын шаардлага хангахгүй учраас Иргэний хуулийн 243.1, 254, 255, 225 дугаар зүйлүүдийн холбогдох заалтын дагуу “Т Б”ХХК нь мөнгө төлөх үүрэг үүсэхгүй. 225 000 төгрөгийн шаардлагын хувьд тайлбар байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т Б”ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл нь хариу тайлбартай адил үндэслэлээр гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12/1209 тоот гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй байх тул “Т Б”ХХК-ийн зүгээс уг гэрээнээс татгалзаж, урьд өгсөн урьдчилгаа төлбөр болох 9 856 200 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хуралдсан хуралдаанаар манай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Тийм болохоор дээрх гэрээний үүрэгт 9 586 200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хариуцагч нь тухайн гэрээний зүйл болох пауэр банкыг доголдолтой гэдгийг нотлох ёстой. Гэрээний зүйл нь доголдолгүй тул гэрээний зүйл бүрэн биелэгдсэн. Тухайн үедээ пауэр банкыг үзэж шалгаж хүлээн авсан, бид хавсралтад заасан бүх шаардлагыг нь биелүүлж, Бээжингээс захиалан хийлгүүлж ирүүлсэн. Пауэр банк үйлдвэрлэгчээс манайх руу илгээсэн бүх баримтуудыг орчуулуулж хэрэгт өгсөн. Утас цэнэглэх бүрэн чадвартай гэж шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон. Мөн хариуцагч “Т Б”нь маргааны зүйл болох пауэр банкнаас 400 ширхэгийг тараасан гэдгийг гүйцэтгэх захирал н.Цэндсүрэн хэлсэн бөгөөд энэ нь хурлын тэмдэглэлээр батлагдсан байгаа тул гэрээнээс татгалзаж байгаа байдал нь хэрэгжих боломжгүй болсон. Тухайн үед хурал хийхэд би бүтээгдэхүүнүүдийг аваад устгая гэж хэлсэн нь үнэн. Гэвч бидэнд пауэр банкуудыг буцаагаад өгөөч гээд өгөхгүй байна. Манай хаяг байршуулсан ажлын мөнгийг өг, өмнөх хийсэн байгаа хаягийг ав, тэгээд өгсөн мөнгөө суутгаад цаашдаа хамтран ажиллъя гэхэд үгүй, тийм боломж байхгүй, энэ өрөөнөөс гар гээд намайг хөөж гаргаж байсан шүү дээ. Ийм асуудал болсон болохоос би гэрээгээ буцааж, гэрээнээс татгалзсан асуудал огт байхгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00714 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дүгээр зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Т Б”ХХК-иас нийт 31 211 682 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х Т”ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12 113 768 төгрөгийн шаардлагыг, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч “Х Т”ХХК-иас 9 856 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч “Т Б”ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 404 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгийн хураамжид төлсөн 172 646 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 314 008 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар ... шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1315 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00714 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “Т Б”ХХК-иас 11 717 500 төгрөг болон 800 ширхэг пауэр банкийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х Т”ХХК-д олгож, нэхэмжлэлээс 31 607 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Х Т”ХХК-иас 9 856 000 төгрөг гаргуулж хариуцагч “Т Б”ХХК-д олгосугай гэж, 2 дахь заалтын ... хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 314 008 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэснийг хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 202 430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 172 646 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 768 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Чулуунцэцэг хяналтын гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч ИХШХШ тухай хуулийн 172-р зүйлийн 172.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт шинжээчийн дүгнэлт болон МУИС-ын хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Электроник холбооны инженерчлэлийн тэнхимын багш Б.Зоригийн гаргасан дүгнэлтүүдээр гэрээний зүйл нь дээрх гэрээгээр тохиролцсон чанар буюу 10400 mah хүчин чадалгүй болох нь тогтоогджээ” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 12/1209 тоот “Төрийн банкны топ харилцагч нарын гарын бэлэг нийлүүлэх гэрээ”-ний хавсралт ёсоор нэхэмжлэгч “Х Т” ХХК нь 10400 mgh power bank хүчин чадалтай, хөнгөн цагаан материалтай. саарал өнгөтэй, i phone 6-г 3,5 удаа, Ipad mini-г 1 удаа цэнэглэх чадалтай, USB оролттой, батерэйний заалттай, цэнэглэгчийн оролттой. асах унтрах товчтой, цэнэглэгч буюу USB залгууртай байх 800 ширхэг пауэр банк нийлүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд уг шаардлагад нийцсэн пауэр банкыг 2016 оны 12 сарын 26-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн байдаг. Хариуцагч нь манай компанийн нийлүүлсэн пауэр банкыг гэрээнд заасан шаардлагад нийцээгүй эд хөрөнгө нийлүүлсэн гэж маргадаг боловч Пауэр банкыг хүлээлгэн өгснөөс хойш 800 ширхэг пауэр банкны хэдэн ширхэг нь гэрээнд заасан шаардлагад нийцэж байгаа, хэдэн ширхэг нь гэрээнд заасан шаардлагад нийцээгүй доголдолтой пауэр банк нийлүүлсэн талаар хариуцагч баримтаар нотлож чадаагүй. Түүнчлэн нийт 800 ширхэг пауэр банкнаас 381 ширхэгийг нь хэрэглэгчдэдээ тарааж. 419 нь тараагдаагүй үлдсэн байгаа талаар 2017 оны 2 сарын 9-ний өдрийн талуудын уулзалтын тэмдэглэлд тодорхой дурдсан байх бөгөөд эдгээр 381 ширхэг пауэр банкыг хүлээн авсан харилцагч нарынх нь хэд нь пауэр банкны талаар гомдол гаргасан талаар мөн нотлох баримтаар нотлоогүй. Хавтаст хэрэгт авагдсан МУИС-ын хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Электроник холбооны инженерчлэлийн тэнхимын багш Б.Зоригийн дүгнэлт гэх баримт нь хариуцагчийн захиалгаар хийгдсэн бөгөөд шинжилгээнд яг манай нийлүүлсэн пауер банкийг нийлүүлсэн эсэх, пауер банк яг аваачиж өгсөн эсэх, хэрэглээгүй шинэ байсан эсэх нь тодорхойгүй байхад уг дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үнэлж шийдвэрээ гаргаж байгаад гомдолтой байна. аваачиж өгсөн эсэх, хэрэглээгүй шинэ байсан эсэх нь тодорхойгүй байхад уг дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үнэлж шийдвэрээ гаргаж байгаад гомдолтой байна. Уг дүгнэлтээр манай компанийн нийлүүлсэн бүтээгдэхүүнийг “Miбрендийн 10000 mah пауер банктай харьцуулан дүгнэхдээ “...темпратурын хамгаалалт байхгүй, хэт халалт гүйдлийн хамгаалалт байхгүй, ижил загварын төхөөрөмжийн 70%-тай ижил цэнэг хуримтлуулдаг, 1А, 2В цэнэглэгчээр 8 цаг цэнэглэгдсэн 20% хурдан цэнэглэгддэг, хэт халалт явагдахад төхөөрөмж унтрах боломжгүй, үүнээс үүдэн төхөөрөмж тодорхойгүй үйлдвэрлэгч бүхий батерейгаас хамааран дэлбэрэх, гал гарах боломжтой, хэлхээний гүйдэл ихсэхэд унтрах схем байхгүй..” гэж үзсэн ба энэ үндэслэлүүдээр болон гэрээнд заагаагүй брендийх байх шаардлагыг хангаагүй гэж хариуцагч “Т Б”пауер банкыг доголдолтой гэж үзсэн. Гэтэл талуудын маргааны гол үндэслэл болсон хэт халалт явагдахад унтрах боломжгүй, тэсэрч дэлбэрэх аюултай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 02 сарын 09-ний өдрийн талуудын уулзалт ярилцлагад яригдсан дээрх үндэслэлүүдэд дүгнэлт өгөөгүй байна. Түүнчлэн, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийг дүгнэлт гаргахад хүргүүлсэн гэх 3 ширхэг пауэр банкыг Төрийн банкнаас гаргаж өгсөн бөгөөд /мөн л манай нийлүүлсэн пауер банк эсэх нь эргэлзээтэй/ манай зүгээс пауэр банкыг шинжилгээнд өгөх гэсэн боловч аваагүй. Уг шинжээчийн дүгнэлтээр шинжээч өөрийн хувийн 8000 mah бүхий пауэр банктай харьцуулан шинжилгээ хийхдээ“Шинжилгээнд ирүүлсэн №3 гэж дугаарласан пауэрбанкыг iphone6S гар утсыг 3 удаа бүрэн цэнэглэж байна” гэж дүгнэсэн байдаг ба Пауэр банк нь зөөврийн цэнэг хураагуурын зориулалтаар ашиглагддаг бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар манай компанийн нийлүүлсэн пауэр банк нь гар утсыг зориулалтын дагуу цэнэглэх боломжтой болох нь нотлогдсон атал шинжилгээнд өгсөн 3 ширхэг пауэр банкинд хийсэн дүгнэлтийг үндэслэн манай нийлүүлсэн бүхэл бүтэн 800 ширхэг пауэр банкыг бүхэлд нь доголдолтой гэж үзсэн нь үндэслэлгүй. Дээрх үйл баримтуудаар 800 ширхэг пауэр банк нь бүхэлдээ зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэдэг нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагч ИХШХШ тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2 дах хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 251-р зүйлийн 251.3-д “Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй.” гэж заасны дагуу манай компанийн нийлүүлсэн пауэр банк нь бүхэлдээ буюу 800 ширхэг нь бүгд гэрээнд заасан шаардлагад нийцээгүй гэдэг нь тогтоогдоогүй, харин ч зориулалтын дагуу ашиглах боломжтой болох нь тогтоогдож байх тул энэ нь үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй болох нь тодорхой байна. шийдвэрлэсэнд гомдолтой байх ба давж заалдах шатны шүүх хуулийн энэ заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагчийн хариу тайлбар, түүний сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа энэхүү иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлт, МУИС-ын хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Электроник холбооны инженерчлэлийн тэнхимын багш Б.Зоригийн дүгнэлтүүдээр “Х Т” ХХК-ийн 800 ширхэг пауэр банкны доголдолтой эсэх талаар бүхэлд нь дүгнэлт өгсөн зүйлгүй, эдгээр баримтаар нотлогдохгүй байхад шүүх ийнхүү дүгнэж хэргийг шийдвэрлэж байгаа нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй. Мөн хариуцагч нь нийт 800 ширхэг пауэр банкнаас 381 ширхэгийг топ харилцагч нартаа тараасан байх бөгөөд гэрээг цуцалсан тохиолдолд 800 ширхэг пауэр банкийг хэрхэн буцаан өгөх, тараагдсан гэх пауэр банкны элэгдэл, хорогдол зэргийг хэрхэн тооцож өгөх нь тодорхойгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х Т”ХХК нь хариуцагч ”Т Б”ХХК-д холбогдуулан  ажил гүйцэтгэх гэрээ, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 43 325 450 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 9 856 000 төгрөгийг буцаан  гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

“Х Т”ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу ажлын хөлс 16 000 000 төгрөг, алданги 6 608 100 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн  гэрээний дагуу ажлын хөлс 580 000 төгрөг, алданги 290 000 төгрөг, нэмж гүйцэтгэсэн ажлын хөлс 100 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний дагуу худалдсан эд зүйлийн үнэ 14 044 800 төгрөг, алданги 5 477 550 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний үүрэгт 225 000 төгрөг нийт 43 325 450 төгрөгийг хариуцагчаас шаарджээ.

Анхан шатны шүүх  хариуцагчаас 31 211 682 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх  сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зохигч талуудын хооронд байгуулагдсан хаяг хийж нийлүүлэх гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Да хүрээ тооцооны төвийн гадна гэрлэн хаягийг буулгах, зөөвөрлөх, суурилуулах гэрээ,  2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрлэн хаяг, доторх үсгэн хаяг үйлдвэрлэж, суурилуулах  гэрээг тус тус ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Төрийн банкны топ харилцагчдын гарын бэлэг нийлүүлэх гэрээг  худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-т нийцжээ.

Хоёр шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний агуулгыг зөв тайлбарлаж, талуудын тооцоо нийлсэн баримт, 2016 оны 10 дугаар сарын 29, 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн акт зэрэг баримтад тулгуурлан   2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний дагуу ажлын хөлс 7 300 000 төгрөг, алданги 3 322 500 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн  гэрээний дагуу ажлын хөлс 580 000 төгрөг, алданги 290 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний үүрэгт 225 000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна.

Үүнээс гадна анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу цэнэглэгчийн үнэ 14 044 800 төгрөг, алданги 5 449 382 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан зохицуулалтын дагуу сөрөг нэхэмжлэлийн үндэслэл буюу гэрээнээс татгалзах талаар үндэслэлтэй дүгнэсэн боловч гэрээний зүйл бүрэн байгаа эсэх, буцааж өгөх боломжтой эсэх талаар хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцүүлэн дүгнэж чадаагүй байна. Уг гэрээний дагуу нийлүүлсэн  цэнэглэгч нь гэрээний хавсралтад заасан ...10400 mah хүчин чадалтай, Iphone-6-г 3,5 удаа, ipad mini-г 1 удаа цэнэглэх чадалтай...байх шаардлагыг хангаагүй болох нь шинжээчийн дүгнэлт болон МУИС-ын Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш Б.Зоригийн гаргасан дүгнэлтүүдээр тогтоогдсон, худалдан авагч “Т Б”гэрээнээс татгалзах эрхтэй, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй бол өгсөн авснаа харилцан буцаах үр дагавартай байна.

2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн “Төрийн банкинд цэнэглэгч бэлтгэн нийлүүлэгч байгууллагатай уулзсан тэмдэглэл” гэсэн баримтаас үзвэл /хх-95-99/ 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн нэг бүрийн үнэ нь 30 800 төгрөг, 800 ширхэг цэнэглэгчээс 419 ширхэг нь тараагдаагүй, нэхэмжлэгчээс шилжүүлсэн байдлаар байгаа, үлдэх хэсэг нь гэрээнд заасан зориулалтаар бусдад тараагдсан болох нь тогтоогджээ. Иймд хариуцагч нь 419 ширхэг цэнэглэгчийг буцааж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэглэсэн 381 ширхэг цэнэглэгчийн үнийг төлөх ёстой гэж үзнэ. Хариуцагч нь 381 ширхэг цэнэглэгчийн үнэд 11 734 800 төгрөг төлөхөөс урьдчилан төлсөн 9 856 000 төгрөгийг хасвал 1 878 800 төгрөгийг төлөх, 419 ширхэг цэнэглэгчийг биетээр нь буцааж өгөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч нь ажил гүйцэтгэх нийт гурван гэрээний дагуу 11 717 500 төгрөгийг төлөх, худалдах-худалдан авах гэрээний дагуу 1 878 800 төгрөг, 419 ширхэг цэнэглэгчийг буцаан өгөх үүрэгтэй тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. “Т Б”ХХК нь хэрэглэсэн 381 ширхэг цэнэглэгчийн үнийг төлөх ёстой тул урьдчилан төлсөн 9 856 000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1315 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...11 717 500 төгрөг болон 800 ширхэг пауэр банкийг... гэснийг 13 596 300 төгрөг болон 419 ширхэг цэнэглэгчийг... гэж,...31 607 500..гэснийг 29 729 150...гэж, ...нэхэмжлэгч “Х Т”ХХКомпаниас 9 856 000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Т Б”ХХК-д олгосугай... гэснийг ...нэхэмжлэгч “Х Т”ХХКомпаниас 9 856 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн хариуцагч “Т Б”ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, ...202 430 гэснийг 225 931 ...гэж тус тус өөрчилж магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304 710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА