Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 714

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ХТ” ХХК-ийн нэмжлэлтэй,

Хариуцагч: “Т банк” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт нийт 43 325 450  төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн, нэхэмжлэгчээс 9 856 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг  2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ХТ” ХХК-ийн захирал Ц.Чулуунцэцэг, өмгөөлөгч Ш.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.                                                                                                                     

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ХТ” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон   шүүх хуралдаанд захирал Ц.Чулуунцэцэгээс гаргасан тайлбартаа: 

1/.2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10/238 тоот “Хаяг хийж нийлүүлэх гэрээ”-ний  төлбөрт 16 000 000 төгрөг, алдангид 6 608 100 төгрөг, нийт 22 608 100 төгрөгийг, 2/.2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10/1081 тоот “Да хүрээний тооцооны салбарын гадна гэрлийн хаяг зөөвөрлөх, суурилуулах” гэрээнд 580 000 төгрөг, алдангид 290 000 төгрөг, нийт 970 000 төгрөг, тус салбарын захирлын хүсэлтээр 100 000 төгрөгийн ажил нэмэлтээр гүйцэтгэсэн тул нэхэмжилж байгаа. 3/.2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12/209 тоот “Т банк ХХК-ийн топ харилцагчдын гарын бэлэг нийлүүлэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 14 044 800 төгрөг, алдангид 5 477 550 төгрөг, нийт 19 522 350 төгрөгийг,  4/.2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21/751 тоот “Хамтран ажиллах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 225 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 43 325 450 төгрөгийг “Т банк” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна.

 Нэхэмжлэлээ тодруулж хэлбэл, “Да хүрээ” салбарт тавигдсан хаяг гэдэг нь 10/238 тоот гэрээний дагуу Өвөрхангай аймгийн салбарт хийх ёстой байсан хаягийг “Да хүрээ салбарт хийе” гээд энэ ажлыг хариуцаж байсан, гэрээнд оролцсон ажилтан н.Мэндсайхан ажлын цахим шуудангаар гэрээгээ явуулсан байдаг. Бид үүнийг нь зөвшөөрөөд хийсэн боловч мөнгийг төлөөгүй.  Өвөрхангай аймгийн салбар болон Орхон аймагт хийгдэх ёстой байсан хаяг хийгдээгүй шалтгаан нь  “Т банк” өөрөө хаяг байрлах барилгыг бариагүй байсантай холбоотой хийгдээгүй. Тийм учраас Өвөрхангайд хийх ёстой байсан хаягийг “Да хүрээ” рүү шилжүүлсэн. Орхоны хаягийг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байсан бөгөөд уг гэрээний хугацаа дуусах гээд байсан учир бид 12  дугаар сард  албан бичиг өгсөн.

Дараагийн гэрээ болох  “Да хүрээ” салбарын тооцооны төвийн гадна хаягийг зөөвөрлөх, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээгээр 2 давхарт байсан хаягийг буулгаж зөөвөрлөх, 4 давхарт байсан хаягийг зөөвөрлөх, буулгах ажлыг хийсэн. Да хүрээ тооцооны төвийн хуучин хаягийг буулгаснаар нэг дэх ажил нь дууссан. Шинэ хаягийг байрлуулснаар хоёр дахь ажил нь дууссан. Үүнээс гадна буулгасан хаягийг 4 давхарт байрлуулах нэмэлт ажлыг хийхийг “Да хүрээ” салбарын захирал хүссэний улмаас хүсэлтийн дагуу 4 давхарт нь самбар байршуулсан. Ингэхээр нийт энэ гэрээгээр 3 төрлийн ажил гүйцэтгэсэн. Тэгэхээр нэг нь 280 000 төгрөгийн, нөгөө нь 300 000 төгрөгийн, үлдсэн нь салбарын захирлын хүсэлтийн дагуу 100 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. 100 000 төгрөгийн ажил нь гэрээнд тусгагдаагүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг үндэслэлээр шаардаж байгаа.  Захиралд нь нэмэлт ажлын хөлс 100 000 төгрөг болсон шүү гэдгийг мэдэгдсэн, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12/395  албан тоотоор “Т банк” ХХК-д өгсөн. Дээрх зүйлүүдийг нотлох баримтууд нь хэрэгт байгаа.

10/238 тоот гэрээгээр 13 төрлийн дотор, гадна хаягийг хийж гүйцэтгэхээр тохирч үүрэг хүлээн, гэрээний хугацаанд өгөх үүргийг бид биелүүлсэн. Өвөрхангай аймгийн барилгад захиалсан самбарыг хийсний дараа “Т банк” ХХК нь уг хаягийг  “Да хүрээ” салбарт хийлгэхээр тохиролцон, гэрээ байгуулагдсан. Бид гэрээний хугацаанд Орхон аймагт гадна гэрлийн 7 000 000 төгрөгийн самбар, дотор үсгэн хаяг 2 ширхэг, Өвөрхангай аймагт дотор үсгэн хаяг 450 үгийн самбар 1 ширхэг, 350 үгийн самбар 1 ширхэг гэх мэт самбаруудыг гэрээний хугацаанд хийж өгсөн. Хариуцагч хийсэн самбар, хаягийг хэзээ, хаана хүлээж авах тухайгаа мэдэгдэхгүй байсаар гэрээний хугацаа дуусах үед буюу 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Т банк” ХХК-руу албан бичиг хүргүүлж, түүндээ хийсэн самбаруудыг хэрхэн авах тухай болон 7 300 000 төгрөгийн бүтээгдэхүүний төлбөрийг төл гэсэн шаардлагыг гаргаж байсан. 12/209 тоот “Т банк ХХК-ийн топ харилцагчдын гарын бэлэг нийлүүлэх гэрээ”-ний дагуу пауэр банк нь гэрээнд заасан үзүүлэлт бүхий шаардлага хангаж байгаа. “Т банк” ХХК нь энэ ажлыг тендерийн журмаар шалгаруулсан бөгөөд  гэрээний хавсралтад заасан 800 ширхэг, 10400 ампер, саарал өнгөтэй, цэнэглэх чадвар, өнгө, сав баглаа, боодол зэрэг үзүүлэлтийг тусгасан. Гэрээнд заасан журмын дагуу нийлүүлсэн. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиас гаргасан дүгнэлт энэ хэрэгт хамааралгүй байна. Энэ нь уг пауэр банктай ижил биш  “Mi Powerbank 10000”-тай харьцуулсан нь үндэслэлгүй.  Мөн шүүхийн журмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн пауэр банкны гаралт, оролтын хүч, ампер вольтууд нь шаардлагад нийцэж байна гэсэн нь гэрээний үзүүлэлт хангагдаж байна. Шинжээч дүгнэлт гаргахдаа бусад асуудлуудад шинжилгээ хийх боломжгүй гэсэн. Гэрээнд дурдагдсан 10400 амперын үзүүлэлт бүхий багтаамжтай гэдгийг ижил төрлийн пауэр банктай харьцуулах байдлаар дүгнэлт хийж чадаагүй байх тул 10400 амперийн пауэр банк биш гэдгийг нотлоогүй байна. “Т банк” ХХК-иас тухайн үед нь 800 ширхэг пауэр банкыг хүлээж аваад акт үйлдсэн байдаг. Тус актад гэрээний зүйлд өөрсдөө үзлэг хийж хүлээн авсан нь үзлэгийн тэмдэглэл дээр тусгагдсан байгаа. Анх “ХТ” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 14 784 000 төгрөгийг “Т банк” ХХК өгөх ёстой гэсэн акт явуулахад танай байгууллага 6 хоног хэтрүүлсэн гэж алданги тооцоод хассан тухай актыг манайх руу имэйлээр илгээсэн байдаг. Үүнийг шүүхээс шаардахад  хариуцагчид эх хувиар нь байгаа боловч гаргаж өгөхгүй байгаа. Гэхдээ үзлэгээр талуудын хооронд акт үйлдсэн болох нь тогтоогдсон гэдгийг баталгаажуулсан. Пауэр банкыг доголдолтой гэж үзэхгүй бөгөөд үүнийг нотолж чадаагүй тул үндсэн төлбөр 14 044 800 төгрөг, алдангид 5 477 500 төгрөг нэхэмжилж байгаа байгаа гэв.

 

 Хариуцагч “Т банк” ХХК-иас шүүхэд болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзулаас гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч тал нь 4 гэрээний үүрэгт 43 325 450 төгрөг нэхэмжилж байна. Гэрээ тус бүрээр задалбал,

1/. Эхний ажил нь дотроо 2 хуваагдаж байгаа. Үүнд: “Да хүрээ” салбарт суурилуулсан гадна гэрлийн самбарын үндсэн төлбөрт 7 300 000 төгрөг, алдангид 3 241 200 төгрөг, нийт 10 041 200 төгрөгийг гаргуулах гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. “Да хүрээ” салбарт гадна гэрлийн самбар байрлуулах гэрээг “ХТ” ХХК-тай байгуулаагүй. Нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 10-нд байгуулсан 10/238 тоот хаяг хийж нийлүүлэх гэрээнд энэ ажил тусгагдсан гээд энэ гэрээг үндэслэдэг. Гэтэл тус гэрээний хавсралтад “Да хүрээ” салбарт гадна гэрэл суурилуулах гэсэн ажил огт  байхгүй. Нэхэмжлэгч энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж байгаа боловч гэрээний 7.4-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг талууд заавал бичгээр тохиролцож, гэрээнд хавсаргана гэж заасан байтал гэрээнд бичгээр хавсаргасан зүйл байхгүй, өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан “Т банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдсан ямар нэгэн нэмэлт гэрээ байхгүй. Гэрээний 5.3-д захиалагч нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол 0,1 хувийн алданги төлнө гэсэн зохицуулалт байгаа. “Да хүрээ” салбарт гадна гэрлийн самбар суурилуулах ажил гэрээнд тусгагдаагүй ажил  учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн  232.3.-т зааснаар анзын гэрээг бичгээр хийгдээгүй тул гадна гэрлийн самбарт суурилуулсан ажлын төлбөр 7 300 000 төгрөгөөс алданги тооцох үндэслэлгүй.

“Т банк” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу заавал тендер зарлагдаж, сонгон шалгаруулалтын журмаар явагддаг. Тус процессоор явагдаж байж гэрээнд нэмэлт өөрчлөлт хийгддэг. Үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь “Т банк” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд тендер шалгаруулалтын журмын дагуу холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, уг ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцоогүй тул үндсэн төлбөрийг мөн адил төлөхгүй. Үүнээс дүгнэвэл “Да хүрээ” салбарт суурилуулсан гадна гэрлэн самбарын ажилд нэхэмжилж байгаа 10 541 200 төгрөгийг дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

2/. 10/238 дугаар гэрээний дагуу нэхэмжилж байгаа Орхон салбарын гадна гэрлийн хаяг 7 000 000 төгрөг, дотор үсгэн хаяг 900 000 төгрөг, Өвөрхангай салбарын дотор үсгэн хаяг 800 000 төгрөг, алдангитай нийлээд нийт 12 066 900 төгрөгийг мөн төлөх үндэслэлгүй. Учир нь энэ гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээний холбогдох заалтыг баримталсан. Худалдах худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.-д хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно. Гэрээгээр тохиролцсон журмаар талууд эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн тохиолдолд гэрээний үүргийг биелүүлсэн, холбогдох төлбөрийг нэхэмжилнэ гэж заасан.   Талуудын байгуулсан 10/238 тоот гэрээний 2.3, 2.5 зэрэг холбогдох заалтуудаар бүтээгдэхүүнийг заавал холбогдох этгээдүүдэд актаар хүлээлгэж өгнө гэж заасан. Гэтэл дээр дурдсан Орхон болон Өвөрхангай салбаруудын гэрлэн хаягийг холбогдох акт, баримтуудаар хүлээлгэн өгөөгүй учраас “Т банк” ХХК холбогдох төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй гэж тайлбарлаж байна.

3/. Дараагийн ажил нь “Да хүрээ” салбарт гадна гэрлийн хаяг буулгах, зөөвөрлөх ажлын хөлс 580 000 төгрөг, агуулахаас зөөх байсан гадна самбарыг 4 давхарт суурилуулсан 100 000 төгрөг гээд нийт 680 000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнд нэг ойлгомжгүй зүйл байгаа бөгөөд үүнд гэрээгээр 4 давхарт байсан самбарыг буулгаад агуулахад хүргэж өгөх ёстой бөгөөд үүний ажлын хөлс нь 200 000 төгрөг юм. Гэтэл нэхэмжлэгч нь энэ ажлыг хийсэн гээд акт үйлдээд ажлын хөлсөнд 300 000 төгрөг нэхэмжилж байгаа атлаа дээр суурилуулсан самбараа агуулахад хүргэж өгсөн гээд дахиад нэмээд 100 000 төгрөг нэхэмжилсэн. Дээд давхарт суурилуулсан уу, эсхүл агуулахад хүргэж өгсөн эсэх нь тодорхойгүй байна. Тэгэхээр нэг ажил хийчихээд 2 ажил хийсэн гэж нэхэмжилж байна. Гэрээний дагуу 300 000 төгрөгийн ажил хийх ёстой бөгөөд 4 давхарт байсан самбарыг буулгаад агуулахад хүргэж өгсөн, үүний хөлс нь 100 000 төгрөг болсон гэж нэхэмжилж байгаа бол гэрээний дагуу тохирсон ажлаа хийгээгүй, 100 000 төгрөгөөр тохиролцсон ажлыг хийсэн гэвэл 300 000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй болно. Хүлээж авсан акт буюу баримт нь байгаа тул 300 000 төгрөгийн ажлыг хийсэн юм байна гэж үзээд хүлээн зөвшөөрч нэмэлтээр хийсэн 100 000 төгрөгийн ажил нь гэрээнд тусгагдсан ажил биш, нөгөө талаар өмнө хийсэн ажлыг нь үгүйсгэж байх тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

4/. 12/1209 тоот гэрээий үндсэн төлбөрт 14 044 800 төгрөг, алдангид 5 477 550 нийт 19 522 350 төгрөг нэхэмжилж байгаа. Талууд 2016 оны 12 дугаар сарын 09-нд “Т банк ХХК-ийн топ харилцагчийн гарын бэлэг нийлүүлэх гэрээ”-г байгуулсан. Гэрээний хавсралтаар тухайн пауэр банкны чанарын үзүүлэлт, тоо хэмжээг нарийвчлан тохирсон байдаг. “ХТ” ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 20-нд нийлүүлэх ёстой байтал 26-ны өдөр нийлүүлж, хугацаа хэтрүүлсэн. Нийлүүлсэн пауэр банкыг бид хүлээж авсан акт үйлдээд салбарууддаа тараасан. Гэтэл зарим нэг харилцагчдаас пауэр банк утас цэнэглэхгүй байна, цэнэгээ удаан барихгүй байна, нэг асахаараа унтрахгүй байна, халж байна гэсэн гомдлууд ирсэн. Тэгээд бидний зүгээс дотооддоо шалгахад дээрх зөрчлүүд илэрсэн бөгөөд ердийн хэрэглээний шаардлага хангахгүй байсан тул салбаруудаар буюу нэмж харилцагчдад тараагаагүй байгаа. Энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Гэрээний зорилго нь шинэ жилийн үеэр харилцагч нарт өгөх бэлэг байсан тул бүтээгдэхүүнүүдийг солих боломж байгаагүй. Тэгээд гэрээнд заасан чанарын үзүүлэлтүүдийг хангасан эсэх талаар тодруулах нь зүйтэй гэж үзээд МУИС-ийн Хэрэглээний Инженерчлэлийн сургуулийн мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт гаргуулахад гэрээнд заасан 10400 гэсэн чанарын үзүүлэлт хангахгүй байна, батарейнд нь гал хамгаалагч байхгүй тул дэлбэрэх аюултай гэх мэт чанарын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүний үндсэн дээр 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “ХТ” ХХК-тай уулзалт хийхэд Ж.Чулуунцэцэг захирал бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар хэлсэн бөгөөд гэрээнээс татгалзсан. Энэ тухай буюу нэхэмжлэгч тал пауэр банкыг буцааж аваад устгалд оруулъя гэдгийг тохиролцсон. Энэ тухай хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Тэгэхээр нэгэнт гэрээнээс татгалзсан байж одоо бүтээгдэхүүний үлдэгдэл үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь чанарын шаардлага хангахгүй учраас Иргэний хуулийн 243.1., 254., 255., 225. дугаар зүйлүүдийн холбогдох заалтын дагуу “Т банк” ХХК нь мөнгө төлөх үүрэг үүсэхгүй. 225 000 төгрөгийн шаардлагын хувьд тайлбар байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “Т банк” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл нь хариу тайлбартай адил үндэслэлээр гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12/1209 тоот гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй байх тул “Т банк” ХХК-ийн зүгээс уг гэрээнээс татгалзаж, урьд өгсөн урьдчилгаа төлбөр болох 9 856 200 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хуралдсан хуралдаанаар манай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Тийм болохоор дээрх гэрээний үүрэгт 9 586 200 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “ХТ” ХХК-ийн захирал Ц.Чулуунцэцэгээс сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хариуцагч нь тухайн гэрээний зүйл болох пауэр банкыг доголтой гэдгийг нотлох ёстой. Гэрээний зүйл нь доголдолгүй тул гэрээний зүйл бүрэн биелэгдсэн. Тухайн үедээ пауэр банкыг үзэж шалгаж хүлээн авсан, бид хавсралтад заасан бүх шаардлагыг нь биелүүлж, Бээжингээс захиалан хийлгүүлж ирүүлсэн. Пауэр банк үйлдвэрлэгчээс манайх руу илгээсэн  бүх баримтуудыг орчуулуулж хэрэгт өгсөн. Утас цэнэглэх бүрэн чадвартай гэж шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон. Мөн хариуцагч “Т банк” нь маргааны зүйл болох пауэр банкнаас 400 ширхгийг тараасан гэдгийг гүйцэтгэх захирал н.Цэндсүрэн хэлсэн бөгөөд энэ нь хурлын тэмдэглэлээр батлагдсан байгаа тул гэрээнээс татгалзаж байгаа байдал нь хэрэгжих боломжгүй болсон.  Тухайн үед хурал хийхэд би бүтээгдэхүүнүүдийг аваад устгая гэж хэлсэн нь үнэн. Гэвч бидэнд пауэр банкуудыг буцаагаад өгөөч гээд өгөхгүй байна.  Манай хаяг байршуулсан ажлын мөнгийг өг, өмнөх хийсэн байгаа хаягийг ав, тэгээд өгсөн мөнгөө суутгаад цаашдаа хамтран ажиллъя гэхэд үгүй, тийм боломж байхгүй, энэ өрөөнөөс гар гээд намайг хөөж гаргаж байсан шүү дээ. Ийм асуудал болсон болохоос би гэрээгээ буцааж, гэрээнээс татгалзсан асуудал огт байхгүй. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “ХТ”  ХХК нь хариуцагч “Т банк” ХХК-д холбогдуулан  гэрээний үүрэгт  болон хугацаа хэтрүүлсэний алдангид нийт 43 325 450  төгрөг гаргуулыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нь үл зөвшөөрч, тус банкны “Да хүрээ” салбарт гэрлэн хаяг байрлуулах тухай гэрээ байхгүй, гэрээнд зааснаар нэмэлт гэрээ байгуулаагүй тул 10 541 200 төгрөг төлөх ёсгүй, “Орхон”, “Өвөрхангай” салбарт 8 700 000 төгрөгийн гэрлэн хаяг самбарыг гэрээнд заасны дагуу актаар хүлээлгэж өгөөгүй тул энэ 12 066 900 төгрөгийг төлөх үүрэг хүлээхгүй, 12/1081 тоот гэрээнээс 300 000 төгрөг, 280 000 төгрөгийн ажлуудыг хийсэн атлаа 100 000 төгрөгийн ажлын нэмж хийсэн гэдэг нь үндэслэлгүй, “Да хүрээ” тооцооны төвийн 4 дүгээр давхарт самбар байрлуулах ажлыг 300 000 төгрөгөөр хийсэн гэдэг атлаа дахиад 100 000 төгрөг нэхээд байгаа нь ойлгомжгүй, 12/1209 тоот гэрээгээр 800 ширхэг пауэр банкыг шилжүүлсэн боловч энэ нь гэрээний хавсралтад заасан чанарын үзүүлэлтүүдийг  хангаагүй,  доголдолтой эд зүйл шилжүүлсэн нь нотлогдсон, энэ талаар нэхэмжлэгчтэй уулзалт хийж гэрээнээс татгалзаж зөвшөөрсөн атлаа 19 522 350 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж,  улмаар 12/1209 тоот  худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаанд шилжүүлсэн 9 856 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “ХТ” ХХК нь нийт 14 ширхэг гадна гэрлэн хаяг, доторх үсгэн хаяг үйлдвэрлэн 9 байрлалд угсарч суурилуулж өгөхөөр 40 175 000 төгрөгийн дүн бүхий 10/238 тоот “Хаяг хийж нийлүүлэх гэрээ”-г 2016 оны 03 дугаар сарын 10-нд,

“Да хүрээ” тооцооны төвийн 2 давхрын гадна гэрлэн хаягийг буулгах, зөөвөрлөх, суурилуулах, 4 давхрын гадна гэрлэн хаягийг буулгах, зөөвөрлөх, агуулахад хүлээлгэн өгөхөөр 580 000 төгрөгийн дүн бүхий “Да хүрээ тооцооны төвийн  гадна гэрлэн хаягийг буулгах, зөөвөрлөх, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г 2016 оны 10 дугаар сарын 27-ноос 2 хоногт багтаан гүйцэтгэхээр 12/1081 тоот гэрээг,

Банкны хэвлэмэл реклам сурталчилгааг 2016 оны 06 дугаар сарын 08-наас 2017 оны 06 дугаар сарын 08-ны хооронд хийж хүлээлгэн өгөхөөр 21/751 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г 2016 оны 06 дугаар сарын 17-нд  тус тус нэхэмжлэгч “Т банк” ХХК-тай байгуулжээ.

Дээрх гэрээнүүдээр нэхэмжлэгч тал нь гэрлэн хаяг, хэвлэмэл реклам сурталчилгааны самбар зэргийг хийж гүйцэтгэн хариуцагчийн тодорхойлсон газарт угсарч суурилуулах, буулгах, зөөвөрлөх, агуулахад хүлээлгэн өгөх, хариуцагч тал нь уг ажлуудын хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулагдсан байна.

2.Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10/238 тоот “Хаяг хийж нийлүүлэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч тал нь 24 175 000 төгрөгийн дүн бүхий ажлуудыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн, ажлын хөлсийг хүлээн авсан талаар зохигчид маргаагүй байна.

Талууд ажил гүйцэтгэх явцад 10/238 тоот “Хаяг хийж нийлүүлэх гэрээ”-ний хавсралтад зааснаар “Т банк” ХХК-ийн “Өвөрхангай” салбарт зөөвөрлөж  суурилуулах ёстой байсан 12 м-ийн хэмжээтэй 1 ширхэг гадна гэрлэн хаягийг  “Да хүрээ” тооцооны төвд суурилуулахаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл захиалагч буюу хариуцагч “Т банк” ХХК-иас “...Гэрээний дагуу “Да хүрээ” тооцооны төвд гадна гэрлэн хаяг бэлтгэн суурилуулж, бараа ажил хүлээлцэх актын дагуу  хүлээлгэн өгнө үү. /Жич: Өвөрхангай салбарт хуваарьтай гадна гэрлэн хаягийг “Да хүрээ” тооцооны төвд шилжүүлэн бэлтгүүлж байгаа болно/...Баянзүрх дүүрэг, “Монгол хотхон” орон сууцны цогцолборын 66Ж байр, дээвэр дээр суурилуулах...холбоо барих /хаяг тогтоогдох үед ...байршлыг хянаж шалгах, хүлээн авах/ Да хүрээ тооцооны төвийн захирал Болдсайхан...” гэсэн цахим захидлаар  “Өвөрхангай” салбарт суурилуулах гэрлэн хаягийг “Да хүрээ” тооцооны төвд угсруулахаар өөрчилсөн тухай хүсэл зоригоо илэрхийлж, гүйцэтгэгч “ХТ” ХХК-д мэдэгдсэн нь [email protected]  хаягаас  Khosdezign@yahоо.com  хаяг руу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр илгээсэн цахим захидалд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.

Үүнээс үзэхэд Иргэний хуулийн  43 дугаар зүйлийн 43.1.1., 43.1.3-д заасны дагуу болон 10/238 тоот гэрээний 7.4-т “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулах замаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу талууд гэрээнд гэрээний зүйл болох 1 ширхэг гадна гэрлэн хаягийг байрлуулах газрыг өөрчлөх талаар харилцан тохиролцож хэлцэл хийсэн байх бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч тал нь 2016 оны 11 дүгээр сарын 01-нд “LED“ гэрэлтэй, 8121 кодтой, хуулгатай акрилан хаягийг, цагийн релей, тог бууруулагчийн хамт хариуцагчийн тодорхойлсон газарт тогтоон суурилуулсан болох нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн талуудын үйлдсэн “Бараа, ажил үйлчилгээ хүлээлцсэн акт”-аар нотлогдсон.

Иймд уг ажлын хөлс болох 7 300 000 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., гэрээний 3.1.1-д заасны дагуу хариуцагч төлөх үүрэгтэй.

Харин хариуцагчийн захиалсан “Орхон” салбарт байрлуулах 1 ширхэг гадна гэрлэн хаяг, “Орхон”, “Өвөрхангай” салбаруудад байрлуулах 4 ширхэг дотор үсгэн хаягуудыг нэхэмжлэгч гэрээний дагуу захиалагч буюу хариуцагчид актаар хүлээлгэн өгөөгүй байна.

Нэхэмжлэгч талаас дээрх хаягуудыг хүлээлгэн өгөхөөр хариуцагч талд  2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/385 тоот албан бичгээр мэдэгдсэнийг “Т банк” ХХК  хүлээн авсан болох нь “Т банк” ХХК-ийн 22 дугаартай “Ирсэн бичиг бүртгэх дэвтэр”-ийн 14377-рт бүртгэгдсэнээр нотлогдоно гэж тайлбарлаж байх боловч 10/238 тоот гэрээний 2.3-т “Нийлүүлэгч нь ...захиалга өгсөн бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлж актаар хүлээлгэн өгнө” гэж заасны дагуу дээрх 8 700 000 төгрөгийн үнэ бүхий ажлын үр дүнг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар акт үйлдээгүй байна.

Нөгөө талаар талууд гэрээний 7.7-д “нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг зөвхөн ажлын өдрүүдэд  09:00-18:00 цагийн хооронд агуулахад хүлээн авна” гэж, түүнчлэн уг гэрээний 1 дүгээр хавсралтад “...Барааг хүргэж өгөх, ачиж буулгах ажлыг нийлүүлэгч тал хариуцна” гэж тус тус зааснаас үзэхэд  хариуцагч талд гэрээний  зүйл болох гэрлэн хаягуудыг хүргэж өгөх, хүлээлгэн өгөх үүргийг нэхэмжлэгч тал хүлээж, талууд  үүрэг гүйцэтгэх газрыг хариуцагчийн тодорхойлсон газар байхаар тохиролцсон гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч нь  дээрх ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй байх тул 10/238 тоот гэрээний  дагуу 8 700 000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцон, мөн алдангийг  тус тус нэхэмжлэх эрхгүй болно.

3.Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 12/1081  тоот  “Да хүрээ” тооцооны төвийн  гадна гэрлэн хаягийг буулгах, зөөвөрлөх, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г  байгуулсан ба уг гэрээгээр  нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч нь “Да хүрээ” тооцооны төвийн 2 давхрын гадна гэрлэн хаягийг буулгах, зөөвөрлөх, суурилуулах, мөн 4 давхрын гадна гэрлэн хаягийг буулгах, зөөвөрлөх, агуулахад хүлээлгэн өгөх ажлыг 2 хоногт багтаан гүйцэтгэхээр,  хариуцагч буюу захиалагч нь ажлын хөлсөнд  580 000 төгрөг төлөхөөр тус тус үүрэг хүлээсэн ба нэхэмжлэгч нь гэрээнд заасан дээрх ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 10 дугаар сарын 29-нд ажлын үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь мөн өдрийн “Бараа, ажил, үйлчилгээ хүлээлцэх акт”-аар нотлогдсон.

Иймд хариуцагч нь гэрээний дагуу ажлын хөлсийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул 580 000 төгрөгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар  шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч тал нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/395 тоот тус компанийн “Т банк” ХХК-д явуулсан гэх албан бичгийг нотлох баримтаар гарган, “Да хүрээ” тооцооны төвийн захирлын хүсэлтээр буулгасан хаягийг 4 дүгээр давхарт дахин байрлуулсан, гэрлэн хаягны гэрлийг засварлах ажлын нэмэлтээр хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлан 100 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, 12/1081 тоот  гэрээнд зааснаас гадна уг ажлуудыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн тухай баримт байхгүй байх тул 100 000 төгрөгийг ажлын хөлс гэж тооцон төлөх үүргийг хариуцагч тал хүлээх боломжгүй байна.

4. Зохигчид, 2016 оны 06 дугаар сарын 08-наас 2017 оны 06 дугаар сарын 08-ныг хүртэл 1 жилийн хугацаатай, энэ хугацаанд нэхэмжлэгч нь банкны хэвлэмэл реклам, сурталчилгааны зориулалтаар хэвлэмэл бүтээгдэхүүн хийж гүйцэтгэхээр 21/751 тоот “Хамтран ажиллах гэрээ” гэсэн нэртэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээний дагуу 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 4х2,5 м-ийн хэмжээтэй, модон рамтай даавуун хаяг, 4х2,5 м-ийн хэмжээтэй, тогтоолттой хулдаасан хаяг хийж хариуцагчид хүлээлгэн өгсөн нь мөн өдрөөр огноологдсон “Бараа, ажил, үйлчилгээ хүлээлцэх акт”, нэхэмжлэх, зарлагын баримт зэргээр  нотлогдож байх тул хариуцагчаас “Т банк” ХХК нь 225 000 төгрөгийн ажлын хөлсийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

5.Нэхэмжлэгч “ХТ” ХХК нь хариуцагч “Т банк” ХХК-тай харилцан тохиролцож 800 ширхэг цэнэг хуримтлагч буюу пауэр банк /power bank/ нийлүүлэхээр 2016 оны 12 дугаар сарын 09-нд 12/1209 тоот  “Т банкны топ харилцагчдын гарын бэлэг нийлүүлэх гэрээ”-г байгуулжээ.

Уг гэрээний хавсралтад зааснаар хөнгөн цагаан материалтай, 10400 mah хүчин чадалтай, “Iphone-6”-г  3,5 удаа,  “ipad mini”-г 1 удаа цэнэглэх чадалтай, usb  оролттой, батарейны заалттай, цэнэглэгчийн оролттой, асах унтрах товчтой,  цэнэглэгч буюу usb  залгууртай, их бие болон гаднах хайрцаг дээр “Т банк”-ны лого хэвлэгдсэн   байх гэсэн  шаардлагыг хангасан 800 ширхэг  цэнэг хуримтлагч буюу пауэр банк /power bank/-ыг нэхэмжлэгч тал хариуцагчид шилжүүлэх, хариуцагч тал нь 1 ширхэг пауэр банк /power bank/-ыг  30 800 төгрөгөөр үнэлж, нийт 24 640 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах  гэрээ байгуулагдаж, гэрээ хүчин төгөлдөр  болжээ.

6.Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 2.1, 2.2-т зааснаар нэхэмжлэгч тал нь  гэрээний зүйл болох 800 ширхэг цэнэг хуримтлагч буюу пауэр банк /power bank/-ыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор хариуцагчид шилжүүлж, актаар хүлээлгэн өгөх үүргийг, гэрээний 2.4.1, 2.4.2-т зааснаар хариуцагч тал нь 24 640 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үндсэн үүргийг тус тус хүлээн,  нэхэмжлэгч тал нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 800 ширхэг цэнэг хуримтлагч буюу “M4 Power bank”-ыг худалдан авагчид хүлээлгэн өгч, хариуцагч талаас урьдчилгаа төлбөр болох 9 856 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь зохигчдын тайлбар, дээрх “Т банкны топ харилцагчдын гарын бэлэг нийлүүлэх гэрээ”, [email protected] хаягаас Khosdezign@yahоо.com  хаяг руу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Гэрээ дүгнэсэн акт”  илгээсэн тухай  цахим захидалд шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, “Power bank /цэнэг хадгалагч/-ны тоон үзүүлэлт” гэсэн баримт зэргээр нотлогдож, талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

 7. Хариуцагч тал нь  800 ширхэг пауэр банк нь гэрээний хавсралтад заасан чанарын үзүүлэлтүүдийг  хангаагүй,  доголдолтой эд зүйл шилжүүлсэн нь нотлогдсон, утас цэнэглэх хүчин чадал муу, 1 удаа цэнэглэдэг, халалт өгдөг гэх зэргээр харилцагч байгууллагаас гомдол гаргасан   гэж тайлбарлан, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Т банкинд повер банк бэлтгэн нийлүүлэгч байгууллагатай уулзсан тэмдэглэл”, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш Б.Зоригийн гаргасан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Т банкны power bank-ны ажиллагааг шалгаж гаргасан дүгнэлт” гэх баримт,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны  03 дугаар сарын 23-ны өдрийн 1850 тоот шинжээчийн дүгнэлт зэргийг  үндэслэн худалдах худалдан авах гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг татгалзах үндэслэлээ болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргасан.

МУИС-ын Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш Б.Зоригийн гаргасан 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Т банкны power bank-ны ажиллагааг шалгаж гаргасан дүгнэлт” гэх баримтад “...Т банкаас илгээсэн 4 ширхэг тэжээлийн банкны ажиллагаанд үзэж дараахь дүгнэлтийг гаргаж байна. Энэхүү тэжээлийн банкны эх загвар болох “Mi Powerbank 10000”-тай харьцуулж шалгав...Батарейны талаар ямар ч мэдээлэл байхгүй... “Mi Powerbank 10000” нь температурын хамгаалалттай  байхад шалгаж байгаа төхөөрөмжид байхгүй байгаа нь батарейн ажиллагаанаас үүдэн хэт халалт явагдахад төхөөрөмж унтрах боломжгүй. Үүнээс үүдэн ...дэлбэрэх, гал гарах боломжтой...Мөн хэлхээний гүйдэл ихсэхэд унтраах схем байхгүй. Усны хамгаалалт байхгүй...Дүгнэлт: Аюулгүй байдал: Температурын хамгаалалт байхгүй, хэт гүйдлийн хамгаалалт байхгүй.

Өөрөө цэнэглэгдэх хэмжээ: Ижил загварын төхөөрөмжийн 70 хувьтай ижил цэнэг хуримтлуулдаг. Хэмжилтээр 10000 мАц байхаас 7000 мАц цэнэг авсан.

Цэнэглэгдэх хугацаа: 1А  5В цэнэглэгчээр 8 цаг цэнэглэгдсэн, 20 хувь хурдан цэнэглэгддэг. Бага багтаамжтай учраас...” гэжээ.

Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны  03 дугаар сарын 23-ны өдрийн 1850 тоот шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн №3 гэж дугаарласан пауэр банк дээр туршилт, хэмжилтийн шинжилгээг хийх боломжтой байна...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн №3 гэж дугаарласан пауэр банкны багтаамж нь 10400 mah биш байна...№3 гэж дугаарласан пауэр банк нь “Iphone-6s” гар утсыг  3 удаа бүрэн цэнэглэж байна. Шинжилгээнд ирүүлсэн  пауэр банкыг температурын хамгаалалттай эсэх, температурын хамгаалалт байхгүйгээс үүдэн халалт явагдахад төхөөрөмж унтрах боломжтой эсэх, хэлхээний гүйдэл ихсэхэд унтраах схем байгаа эсэх, усны хамгаалалт байгаа эсэх, тодорхойгүй үйлдвэрлэгч бүхий батарейнаас үүдэн дэлбэрэх, гал гарах боломжтой эсэх гэсэн асуулт тус бүрт ...хариулах боломжгүй...№3 гэж дугаарласан пауэр банкны тоон үзүүлэлтэд тусгагдсан гаралтын хүч  5 вольт-1А, оролтын хүч 5 вольт-1А  гэдэгтэй нийцэж байна. Гаралтын хүч 5 вольт-1А, оролтын хүч 5 вольт-1А  гэдэг нь “Iphone-6”-г  3,5 удаа,  “ipad min”i-г 1 удаа цэнэглэх хүчин чадалтай эсэх гэдэг асуултанд хариулах боломжгүй. ...10400 mah   үзүүлэлт бүхий ижил төрлийн бүтээгдэхүүний чанартай дүйцэж чадахгүй байна... гэжээ.

Нэхэмжлэгч талаас гаргасан, 1 дүгээр хавтаст хэргийн 145-159 дүгээр талд авагдсан, гэрээний зүйл болох пауэр банкыг үйлдвэрлэгч  буюу БНХАУ-ын Дунг Гуан хотын Ниэн Ган Жөн Хунг аж үйлдвэрийн бүсэд байрлах,  Шөн Жөн хотын Данг Чөнг Да технологийн ХХК-иас  ирүүлсэн  “Ингэмэл эрхэс” ХХК-ийн орчуулсан гадаад хэл дээрх баримтууд, “Power bank /цэнэг хадгалагч/-ны тоон үзүүлэлт” гэсэн баримтад “...бүтээгдэхүүний нэр: “M4 Power bank, хэмжээ: 91х77х22 мм, жин: 0,25 кг, тоон үзүүлэлт: Гаралтын хүч-5 вольт-1А, оролтын хүч: 5 вольт-1А,  стандарт,  usb оролт, материалын чанар: хөнгөн цагаан, агууламж- 10400 mah, баталгаат хугацаа: 1 жил...” гэжээ.

Эдгээрээс үзэхэд гэрээний зүйл болох пауэр банкны цэнэглэх багтаамж нь 10400 mah гэсэн үзүүлэлтэд хүрээгүй, 7000 мАц цэнэг авдаг гэсэн байх боловч  уг пауэр банк нь “Iphone-6s”  маркийн утсыг 3 удаа бүрэн цэнэглэх чадалтай болохыг, мөн үйлдвэрлэгчээс тодорхойлсон гаралтын хүч: 5 вольт-1А, оролтын хүч: 5 вольт-1А гэсэн үзүүлэлттэй тохирч байгааг  шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон байна.

Пауэр банк  буюу цэнэг хуримтлагч нь утас цэнэглэх гол зориулалттай төхөөрөмж бөгөөд талуудын хооронд байгуулсан 12/1209 тоот “Т банкны топ харилцагчдын гарын бэлэг нийлүүлэх гэрээ”-ний зүйл болох “M4 Power bank”-ийг, “Mi Powerbank 10000”-тай харьцуулсан  2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Т банкны power bank-ны ажиллагааг шалгаж гаргасан дүгнэлт”-ийг үндэслэн дээрх зориулалтаар ашиглах боломжгүй, үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэх  нөхцөл байдалтай гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл  нэхэмжлэгчээс хариуцагчид худалдсан 800 ширхэг пауэр банк нь бүхэлдээ утас цэнэглэх боломжгүй, энэ зориулалтаар нь ашиглах боломжгүйг нотолсон баримтгүй ба  түүнчлэн хэдэн ширхэг пауэр банк нь гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон, хэдэн харилцагчаас пауэр банкны доголдлын талаар хариуцагч байгууллагад гомдол ирүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2.-т “...Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ”,  251.3.-т “үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол ...эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид  гэрээний  үүргийн дагуу шилжүүлсэн 800 ширхэг пауэр банкыг  доголдолтой  эд зүйл гэж үзэх боломжгүй юм.

8.Талуудын хооронд  2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн  “Гэрээ дүгнэсэн акт”-аар хариуцагч буюу худалдан авагч тал нь худалдагчийг гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлээгүй гэж  үзэн 6 хоногийн хугацаа хэтрүүлсний хариуцлага болох  алдангид 739 200 төгрөгийг суутган, төлөх төлбөрөөс хасч тооцохоор тооцоо нийлсэн байх ба нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрч талууд хариуцагчийн төлөх үүргийг 23 900 800 төгрөг байхаар тодорхойлж,  гэрээний 2.4.1-д зааснаар пауэр банкны урьдчилгаа үнэд  хариуцагчаас төлсөн 9 856 000 төгрөгийг хасч 14 044 800 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасантай нийцэж байх бөгөөд  хариуцагчийн, худалдан авсан пауэр банкны үнээс үлдсэн  14 044 800 төгрөгийг төлөх үүрэггүй гэх нэхэмжлэлийг үл зөвшөөрч татгалзсан тайлбар үндэслэлгүй болно.

 

9.Дээр дурьдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д заасан худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдолыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Т банк” ХХК нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар  гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 9 856 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардах эрхгүй байна.

 

 10.Зохигчдын хооронд  2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 12/1081 тоот “Да хүрээ тооцооны төвийн  гадна гэрлэн хаягийг буулгах, зөөвөрлөх, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.1.2-д “Захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож гүйцэтгэгчид төлнө” гэж,

2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн  10/238 тоот “Хаяг хийж нийлүүлэх гэрээ”, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 12/1209 тоот  “Т банкны топ харилцагчдын гарын бэлэг нийлүүлэх гэрээ”-ний  5.3-т “Захиалагч нь гэрээнд заасан бүтээгдэхүүний төлбөрийг нийлүүлэгчид төлөөгүй бол төлөөгүй төлбөрийн дүнгээс хоног тутамд 0,1 хувийн алданги нийлүүлэгчид төлнө” гэж тус тус заасан байх ба энэ нь Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн байна.

Иймд  10/238 тоот “Хаяг хийж нийлүүлэх гэрээ”-ний 2.5.2-т зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 04-нөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ныг хүртэл 443 хоногийн алдангид төлөгдөөгүй гэрээний үүрэг болох 7 300 000 төгрөгөөс хоногт 0,1 хувиар тооцон 3 322 500 төгрөг, 12/1081 тоот “Да хүрээ тооцооны төвийн  гадна гэрлэн хаягийг буулгах, зөөвөрлөх, суурилуулах ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.1.1-д заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ныг хүртэл 449 хоногийн төлөгдөөгүй үүрэг болох 580 000 төгрөгийн алданги болох 290 000 төгрөг, 12/1209 тоот  “Т банкны топ харилцагчдын гарын бэлэг нийлүүлэх гэрээ”-ний 2.4.2-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 29-нөөс 2018 оны 01 дүгээр сарын 22-ныг хүртэл 388 хоногт хариуцагчийн төлөх ёстой үүрэг болох 14 044 800 төгрөгөөс хоног тутамд 0,1 хувиар тооцож 5 449 382 төгрөг,  нийт 9 061 882 төгрөгийг хариуцагч “Т банк” ХХК-иас гэрээний хугацааг хэтрүүлэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн хариуцлагад нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн хариуцагчаас гэрээнүүдийн үүрэгт болон алдангид нийт 31 211 682 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 404 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгийн хураамжид төлсөн 172 646 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 314 008 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3.,  116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

         1.Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1., 343 дугаар зүйлийн 343.1. дүгээр зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч “Т банк” ХХК-иас нийт 31 211 682 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХТ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12 113 768 төгрөгийн шаардлагыг, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар нэхэмжлэгч “ХТ” ХХК-иас 9 856 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч “Т банк” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 404 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгийн хураамжид төлсөн 172 646 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 314 008 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 05369 дугаартай захирамжаар хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр,  2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 09419 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн эд хөрөнгө буюу мөнгийг сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр тус тус битүүжилсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь шийдвэр хүчин төлөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

                                     ДАРГАЛАГЧ                             Ж.БАЙГАЛМАА