Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2017/00273

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Г-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: “ЭТТ” ХК -д холбогдох

            Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, гэрч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.

                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Г миний бие нь “ЭТТ” ХК-д үйлдвэрийн захирлын албан тушаалд томилогдож ажиллаж байсан. 2016 оны 07 дугаар сард би ээлжийн амралтаа авсан бөгөөд ээлжийн амралттай байхад ажил олгогч Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б/283 тоот “ажлаас чөлөөлөх” тушаал гарсан.

Энэ тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг төлөөлөгч Б.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Миний бие нь ямар зөрчил гаргаж ажлаас халагдсан шалтгаанаа одоог хүртэл мэдэхгүй, ажлаас халсан зөрчлийн талаар танилцуулаагүй байгаа тул үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна. Ажлаас чөлөөлөх тухай тушаал дээр гаргасан зөрчлийг тодорхой бичээгүй байгаа тул ямар нэг зөрчилд үндэслээгүй, компанийн удирдлага надтай хамтран ажиллах боломжгүй, ажлаас халах зорилготой байсан гэж үзэж байна. Иймд урьд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Б.Г 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн “ЭТТ” ХК-ийн уурхайн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс уурхайн захирлаар ажиллах болсон. Ингээд 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллах болж 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан. Энэ үед нь ажил олгогч “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/283 тоот “ажлаас чөлөөлөх” тушаал гарсан. Б/283 тоот тушаалд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Б.Гд уг тушаалыг огт танилцуулаагүй байсаар байгаад 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр танилцуулж, уг тушаалыг гардан авсан. Ажил олгогчоос Б/283 тоот тушаалыг удаа дараа авахыг шаардаж байсан боловч, “захирал байхгүй, захирал шинээр томилогдох” гэж байна гэсээр байгаад энэ өдрийг хүргэсэн.

            Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэснийг зөрчсөн. Нэхэмжлэгч Б.Г нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ээлжийн амралттай байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан цагийн бүртгэлээр нотлогдоно. 2016 оны 07 дугаар сарын цаг бүртгэлд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ээлжийн амралттай байна гэж бүртгэгдсэн байна. Мөн  Б.Г нь  2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өвчтэй байсан нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байна. Энэ нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар нотлогдоно.

Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3, 40 дүгээр зүйлийн 40.3 дах заалтыг зөрчиж, тушаал гаргасан. Тушаалын үндэслэх хэсэгт ... ноцтой зөрчил гаргасан нь ажлаас халсан байдаг боловч, хавтаст хэрэгт зөрчлийг тогтоосон үйл баримтгүй, хэзээ ямар зөрчилд гаргасан талаар баримтгүй, тушаалд энэ талаар заагаагүй болно. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.10-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, албаны машиныг хувьдаа хэрэглэсэн, зохих зөвшөөрөлгүй авч явсан...” гэж заасан зөрчлийг гаргасан гэдэг боловч Б.Г энэ хугацаанд ээлжийн амралттай болон өвчтэй байсан. Иймд Б.Гыг “ЭТТ” ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байна.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батласан “Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар тооцвол сарын дундаж цалин  хөлс  8 877 239 төгрөг гарч байна. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын 134 хоногийн хугацааны цалин хөлсөнд 56 110 850 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч “ЭТТ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т  шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/283дугаар тушаалаар үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт  ажлаас нь чөлөөлсөн. Б.Г нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.2.10, 4.2.5-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцласан.

Нэхэмжлэгч Б.Г нь уурхайн үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллаж байхдаа өөртөө ээлжийн амралтын зөвшөөрөл олгож, ээлжийн амралтаа авсан байдаг. Манай компанийн хувьд ээлжийн амралт авахдаа салбарын захирлууд нь гүйцэтгэх захирлаас зөвшөөрөл авдаг. Үүнийг нотлохын тулд “ээлжийн амралтын хуудас” гаргаж өгсөн байгаа. Ээлжийн амралт авах өргөдөл дээр захиргааны мэргэжилтэн цохолт хийсэн байсан. Захиргааны ажилтан бол ээлжийн амралт олгох эрх бүхий этгээд биш.

            Мөн ажлын цагийн бүртгэлд Б.Гыг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан гэж, харин ээлжийн амралт олгох тухай өргөдөлд  2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан гэж бичигдсэн  байдаг. Б.Г нь 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өөртөө чөлөө олгож, эрх мэдлээ хэтрүүлсэн. 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажил тасалсан. Мөн Б.Г нь ажиллаагүй байх хугацаандаа албаны унааг хувьдаа хэрэглэсэн, зохих зөвшөөрөлгүйгээр авч явсан.

Иймд Б.Г нь хөдөлмөрийн гэрээний 4.2.5, 4.2.10-д заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн болно. Б.Гын гаргасан эдгээр зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-зааснаар  хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдоно. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу Б.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/283 дугаар тушаал нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч “ЭТТ” ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх  олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /х.х-ийн 1-2 тал/

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Зохигчид нэхэмжлэгч Б.Гыг эрхэлж байсан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэх асуудлаар маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэлээ 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр  шүүхэд гаргажээ. /х.х-ийн 1-2 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан байх ба тэрээр “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/283 дугаартай тушаалын хувийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр авсан болох нь зохигчдын тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 73 тал/

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх хугацаанд гомдлын шаардлагаа гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч Б.Г нь өөрийгөө бүх шатны шүүхэд төлөөлөх, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, эвлэрэх зэрэг бусад эрхийг Ц.Мд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэлээр олгосон, итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 56 тал/

Нэхэмжлэгч Б.Г нь “ЭТТ” ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирлаар 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс ажиллах болсон нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дотоод журам зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 22-51, 74-77 тал/

“ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/283 дугаар тушаалаар Б.Гыг үйлдвэрлэл хариуцсан захирлын  ажлаас чөлөөлөхдөө Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.10, 4.19, 4.22, 11.5.3, 11.5.4, Компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.11.10, Хөдөлмөрийн гэрээний 4.2.5, 4.2.10 дах заалтуудыг тус тус үндэслэжээ. /х.х-ийн 37-51 тал/

Ажил олгогчийн дээрх тушаалд нэхэмжлэгчийг ажлаас халсан тухай үндэслэл, түүний гаргасан ноцтой зөрчлийн талаар нэрлэн заагаагүй байх ба “... Б.Гыг  2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажил тасалсан, албаны унааг хувьдаа хэрэглэсэн, зохих зөвшөөрөлгүйгээр авч явсан...” гэж нэхэмжлэгчийг буруутган тайлбарлаж байгаа болно.

Б.Гыг ажлаас халсан тушаалын үндэслэлийг хариуцагч “ЭТТ” ХК нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх агуулгаар тайлбарлаж байгаа болно. /х.х-ийн 33-35, 73 тал/

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2016/291 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг, мөн 4 дүгээр зүйлийн 4.2.1-4.2.15-т  нэрлэн заасан зөрчлийг сахилгын ноцтой зөрчилд тооцох, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлүүдийг тус тус тохиролцжээ. /х.х-ийн 33-35 тал/    

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгоно.

            Түүнчлэн ажилтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

Нэхэмжлэгч  Б.Гыг  Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.10-т нэрлэн заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, албаны машиныг хувьдаа хэрэглэсэн, зохих зөвшөөрөлгүй авч явсан...” гэх зөрчлүүдийг гаргасан гэх нөхцөл байдал зохигчдын тайлбар, гэрч М.Мөнхбаярын мэдүүлэг болон хэргийн баримтаар нотлогдоогүй, тодорхой бус байх ба улмаар ажлаас халсан тушаалд бичигдээгүй, тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн  Б/283 тушаалаас өөр баримтгүй байна.

Өөрөөр хэлбэл ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч Б.Г нь  хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан бол энэ нь зохигчдын тайлбар, гаргаж өгсөн баримтаар нотлогдох, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдох, сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулах нь Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.3, 5.3.3, 5.3.4, “ЭТТ” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.17, 4.19, 4.22, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.5 дах зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан заалтуудтай нийцсэн байх ёстой.

Мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Гыг ээлжийн амралттай болон өвчтэй байхад нь ажил олгогч “ЭТТ” ХК нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3, 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. /х.х-ийн 70-73, 80-83 тал/

            Хариуцагч “ЭТТ” ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, тайлбар татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.

Ажил олгогчийн зүгээс үндэслэлгүйгээр халаагүй бол ажилтны ажилласан хугацаа, цалин хэвээр үргэлжлэх байсан тул ажлаас үндэслэлгүйгээр халснаас хойш ажилд эгүүлэн тогтоох хүртэлх хугацааг “ажилгүй байсан бүх хугацаа” гэж үзнэ.

Нэхэмжлэгч Б.Гыг “ЭТТ” ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 53 263 433 төгрөг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Б.Гын ажилгүй байсан хугацаа /2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал байна.

Б.Г нь 2016 оны 03 дугаар сард 9 891 717 төгрөг, 2016 оны 04 дүгээр сард 8 040 000 төгрөгийн, 2016 оны 05 дугаар сард 8 700 000 төгрөгийн, цалин, хөлс авч байсан нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 74-77 тал/

            Нэхэмжлэгч Б.Гын урьд авч байсан сарын дундаж цалин хөлсийг 8 877 239 төгрөгөөр тооцсон болно. /х.х-ийн 72, 74-77 тал/

Хариуцагч “ЭТТ” ХК-иас нотлох баримтаар гаргаж өгсөн “ЭТТ” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар тогтоол, “ЭТТ” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар зөвлөлийн тогтоол, хавсралтын хамт, “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/01 тоот тушаал, хавсралтын хамт, “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сары 27-ны өдрийн А/17 тоот тушаал, хавсралт зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх маргаанд хамааралгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. /х.х-ийн 91-99 тал/

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нэхэмжлэгч Б.Гыг “ЭТТ “ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч “ЭТТ” ХК-иас 53 263 433 /тавин гурван сая хоёр зуун жаран гурван мянга дөрвөн зуун гучин гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч “ЭТТ” ХК нь нэхэмжлэгч Б.Гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч “ЭТТ” ХК-иас 424 267 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                     

           

 

                                  ДАРГАЛАГЧ                             Ж.ЦЭНГЭЛ