Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 873

 

 

Б.Гантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 182/ШШ2017/00273 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Б.Гантулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох

 

            Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                    Ц.Мөнхбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                       Т.Төгсбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа:

Би "Эрдэнэс таван толгой" ХК-д үйлдвэрийн захирлын албан тушаалд томилогдож ажиллаж байсан. Намайг ээлжийн амралттай байхад ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б/283 тоот ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Энэ тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг төлөөлөгч Б.Гантулгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Миний бие нь ямар зөрчил гаргаж ажлаас халагдсан шалтгаанаа одоо хүртэл мэдэхгүй, ажлаас халсан зөрчлийн талаар танилцуулаагүй байгаа тул үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна. Ажлаас чөлөөлөх тухай тушаал дээр гаргасан зөрчлийг тодорхой бичээгүй байгаа тул ямар нэг зөрчилд үндэслээгүй, компанийн удирдлага надтай хамтран ажиллах боломжгүй, ажлаас халах зорилготой байсан гэж үзэж байна. Иймд урьд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Б.Гантулга 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн "Эрдэнэс таван толгой" ХК-ийн уурхайн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс уурхайн захирлаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан. Энэ үед нь ажил олгогч "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/283 тоот ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Б/283 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Б.Гантулгад уг тушаалыг огт танилцуулаагүй байсаар байгаад 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр танилцуулж, уг тушаалыг гардан авсан. Нэхэмжлэгч Б.Гантулга нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ээлжийн амралттай байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан цагийн бүртгэлээр нотлогдоно. 2016 оны 7 дугаар сарын цаг бүртгэлд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл ээлжийн амралттай байна гэж бүртгэгдсэн байна. Мөн Б.Гантулга нь 2016 оны 7 дугаар сарын      25-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр өвчтэй байсан нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байна. Энэ нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар нотлогдоно. Иймд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3, 40 дүгээр зүйлийн 40.3 дах заалтыг зөрчиж, тушаал гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.10-т "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, албаны машиныг хувьдаа хэрэглэсэн, зохих зөвшөөрөлгүй авч явсан..." гэж заасан зөрчлийг гаргасан гэдэг боловч Б.Гантулга энэ хугацаанд ээлжийн амралттай болон өвчтэй байсан. Иймд Б.Гантулгыг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг бодохдоо Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батласан "Дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар тооцвол сарын дундаж цалин хөлс 8 877 239 төгрөг гарч байна. 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажлын 134 хоногийн хугацааны цалин хөлсөнд 56 110 850 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч "Эрдэнэс таван толгой" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгсбаяр шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбартаа:

 Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. "Эрдэнэс таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/283 дугаар тушаалаар үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Гантулгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Б.Гантулга нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.2.10, 4.2.5-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч Б.Гантулга нь уурхайн үйлдвэрлэл хариуцсан захирлаар ажиллаж байхдаа өөртөө ээлжийн амралтын зөвшөөрөл олгож, ээлжийн амралтаа авсан байдаг. Манай компанийн хувьд ээлжийн амралт авахдаа салбарын захирлууд нь гүйцэтгэх захирлаас зөвшөөрөл авдаг. Үүнийг нотлохын тулд "ээлжийн амралтын хуудас" гаргаж өгсөн байгаа. Ээлжийн амралт авах өргөдөл дээр захиргааны мэргэжилтэн цохолт хийсэн байсан. Захиргааны ажилтан бол ээлжийн амралт олгох эрх бүхий этгээд биш. Мөн ажлын цагийн бүртгэлд Б.Гантулгыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан гэж, харин ээлжийн амралт олгох тухай өргөдөлд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан гэж бичигдсэн байдаг. Б.Гантулга нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн өөртөө чөлөө олгож, эрх мэдлээ хэтрүүлсэн. 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажил тасалсан. Мөн Б.Гантулга нь ажиллаагүй байх хугацаандаа албаны унааг хувьдаа хэрэглэсэн, зохих зөвшөөрөлгүйгээр авч явсан. Иймд Б.Гантулга нь хөдөлмөрийн гэрээний 4.2.5, 4.2.10-д заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн болно. Б.Гантулгын гаргасан эдгээр зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцогдоно. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу Б.Гантулгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нэхэмжлэгч Б.Гантулгыг "Эрдэнэс таван толгой” ХК-ийн үйлдвэрлэл хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоосугай. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Эрдэнэс таван толгой” ХК-аас 53 263 433 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гантулгад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Эрдэнэс таван толгой” ХК нь нэхэмжлэгч Б.Гантулгын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай хийх үүрэгтэй болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч "Эрдэнэставан толгой" ХК-аас 424 267 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд олгож шийдвэрлсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгсбаяр давж заалдах гомдолдоо: …"Эрдэнэс таван толгой" ХК-аас Б.Гантулгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.5 "Ажилтан нь компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүйгээр авч явсан...", мөн гэрээний 4.2.10 "хүндэтгэх шалтгаангүйгээр 2 өдөр дараалан ажил таслах" болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан" зэрэг заалтуудыг тус тус үндэслэн чөлөөлсөн. "Эрдэнэс таван толгой" ХК-ийн зүгээс Б.Гантулгын хөдөлмөрийн гэрээний 4.2.5 дахь заалтыг зөрчснийг гэрчлэх "Жолоочийн тооцооны хуудас"-ыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. Тус жолоочийн тооцооны хуудаст тэмдэглэгдснээр Б.Гантулга нь 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд компанийн 23-97 УНИ дугаартай автомашиныг хэрэглэсэн байдаг. Мөн нэхэмжлэгч талын зүгээс 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралттай болон эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсан гэх боловч энэ хугацаанд компанийн 23-97 УНИ дугаартай автомашиныг хэрэглэсэн нь дээрх "Жолоочийн тооцооны хуудас"-аар нотлогдох төдийгүй Б.Гантулгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.5-д заасан ноцтой зөрчлийг гаргасан болохыг илтгэнэ.

Шүүхээс "Эрдэнэс таван толгой" ХК нь Б.Гантулгыг 2016 оны 7 сарын 25-ны өдөр өвчтэй гэдгийг мэдсэн атлаа ажлаас чөлөөлсөн мэт хийсвэрээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талын хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс анхан шатны шүүхэд ирүүлсэн 4 хуудас нотлох баримтын хуулбарууд нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу нотариатаар гэрчлүүлээгүй байхад шүүх түүнийг хүлээн авч үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт "Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй", 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт "... хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах ... эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдод шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" хэмээн заасныг тус тус зөрчиж, эдгээр баримтыг нотлох баримтаас хасах тухай шүүгчийн захирамж гаргаагүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Б.Гантулгыг "үйлдвэрлэл эрхэлсэн захирал"-ын ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргасан нь мөн үндэслэлгүй байна. Учир нь "Эрдэнэс таван толгой" ХК-аас шүүхэд гарган өгсөн гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/17 дугаар "Уурхайн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай тушаалын 2 дугаар  хавсралтад уурхайн албан тушаал, орон тоог баталсан. Энэхүү бүтцээр “Эрдэнэс таван толгой" ХК-ийн уурхайд "үйлдвэрлэл эрхэлсэн захирал" гэх албан тушаал байхгүй болох нь тодорхой харагддаг. Иймд шүүхээс Б.Гантулгыг “үйлдвэрлэл эрхэлсэн захирал"-ын ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Гэтэл шүүгч эдгээр баримтыг хасах тухай шүүгчийн захирамж гаргалгүйгээр, шүүхийн шийдвэрт дурьдаж орхисон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Ийнхүү анхан шатны шүүх нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн үнэлэлгүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Гантулга нь хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.  

 

Ажил олгогч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын  2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Б/34 тоот тушаалаар Б.Гантулга 2016 оны 2 дугаар сарын 4-ны өдрөөс Уурхайн  Ерөнхий захирлаар томилогдон ажилласан байна.                          /хх 26/

 

Ажил олгогчийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/283 дугаар тушаалаар үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Гантулгатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн цуцалжээ                                                          . /хх5/   

 

Ажил олгогч “Эрдэнэс таван толгой” ХК нь ажилтан Б.Гантулгыг хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэсэн тайлбар гаргаж, “...салбарын гүйцэтгэх захирлаас зөвшөөрөл авалгүйгээр өөртөө ээлжийн амралтын зөвшөөрөл олгож 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 22 хүртэл амарсан тул уг хугацаанд шалтгаангүйгээр ажил тасалсан, мөн ажиллаагүй байх хугацаандаа албаны унааг хувьдаа хэрэглсэн” гэсэн үндэслэл заасан байна.

           

Хэрэгт нэхэмжлэгч Б.Гантулга нь “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ажлын албанд “2016 оны ээлжийн амралтыг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс авах хүсэлтэй” байгаагаа илэрхийлсэн өргөдөл гаргасан, ээлжийн амралтын мэдэгдэх хуудсаар түүнийг 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажлын 22 хоног амрахаар тооцсон, нэхэмжлэгч 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 29 өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсныг нотолсон ажлын цагийн бүртгэл хэрэгт бичгийн баримтаар авагдсан байна.                                                             /хх 71-78/

 

Хөдөлмөрийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно…” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч  Б.Гантулгын ажил олгогч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ажлын албанд 2016 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ээлжийн амралтаа эдлэхийг хүссэн өргөдөл гаргаж, уг өргөдлийг тус байгууллагын эрх бүхий албан тушаалтан болох үйлдвэрийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн нар цохолт хийж ээлжийн амралтаа эдэлсэн байгааг хуулийг зөрчсөн, ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй юм.  

 

Ажил олгогч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа нэг үндэслэлээ “… нэхэмжлэгчийг албаны машиныг хувьдаа хэрэглэсэн” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн гаргасан тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.    

 

Анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагч байгууллагын хүсэлтээр М.Мөнхбаяр гэрчээр асуугдсан байх бөгөөд “…2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийн жолоочоор ажилласан” гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

Ажил олгогчийн гаргаж буй тушаал нь эрх зүйн акт болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд улмаар ажилтанг ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу үндэслэлтэй тохирч уг хуульд нийцэх юм. Харин ажил олгогч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гантулгыг ажлаас халсан тушаалдаа ямар нэгэн зөрчил гаргасан болохыг дурьдаагүй байна.

 

Иймд анхан шатны шүүх ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Б.Гантулгыг хөдөлмөрийн гэрээгээ ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэн нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

          Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар “…ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацаанд бодож нийт 53 263 433 төгрөг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

           Хариуцагч давж заалдах гомдолдоо …нэхэмжлэгч талын зүгээс 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай болон эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсан гэх боловч албаны автомашиныг хэрэглэсэн нь хөдөлмөрийн гэрээгээ ноцтой зөрчсөн,  уурхайн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай тушаалаар үйлдвэрлэл эрхэлсэн захирлын албан тушаал байхгүй болсон байхад шүүх түүнийг урьд эрхлэж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй болсон, шүүх зарим баримтыг шүүгчийн захирамж гаргалгүйгээр нотлох баримтаас хассан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. 

 

                  Хариуцагч талын хүсэлтээр асуулгасан гэрчийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгчийг амралттай буюу эмнэлгийн чөлөөтэй байх хугацаандаа албаны автомашин хэрэглэсэн гэх байдал нотлогдоогүй,

 

                  Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, алба тушаалд ажиллуулах үүрэг хүлээдэг тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал байхгүй болсон нь шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох асуудлыг шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

                  Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт зарим нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралгүй болохыг дурьдаж байгаа нь тухайн баримтуудыг нотлох баримтаас хассан асуудал биш бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй болно.

 

                  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 182/ШШ2017/00273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Төгсбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа “Эрдэнэс таван толгой” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 268 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэ магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ 

                                                                                                                                                                                                                                                                     Ц.ИЧИНХОРЛОО